2010–2019
Их Эзэнийг эргэн ирэхэд бэлтгэх нь
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Их Эзэнийг эргэн ирэхэд бэлтгэх нь

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Их Эзэний Хоёр дахь ирэлтэд шаардлагатай бэлтгэл ажлыг хийх онцгой хүч болоод үүргийг авсан билээ.

Хоёр долоо хоногийн дараа бид Христийн амилсны баярыг тэмдэглэнэ. Амилалт нь Есүс Христийн тэнгэрлэг байдлыг мөн Бурхан Эцэг бодит гэдгийг баталдаг. Бид бодол санаагаа Аврагч руу чиглүүлж, “Түүний зүйрлэшгүй амьдрал болон агуу их цагаатгах золиослолын хязгааргүй ач тусын”1 талаар тунгаан боддог. Түүнчлэн бид “Тэрээр хаадын Хаан … эздийн Эзэнээр хаанчилж, засаглах[аар]”2 ирэх талаар боддог байх гэж би найдаж байна.

Би хэдэн жилийн өмнө Аргентины Буэнос Айрес хотод болсон чуулганд олон шашны удирдагчидтай хамт оролцсон юм. Тэдний бусдыг хайрладаг хайр нь илт байсан. Тэд хүн ардыг зовлонгоос салгаж, хавчлага дарамт, ядуурлаас гаргах хүсэлтэй байв. Би Сүмийнхээ хүмүүнлэгийн ажлын талаар, тэр тусмаа энэхүү чуулганд оролцож буй хэд хэдэн шашны бүлэгтэй хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн талаар эргэцүүлэн бодсон. Би Христийнхтэй адил ийм үйлчлэлийг хийх боломжийг олгодог Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн өгөөмөр сэтгэлд гүнээ талархаж байлаа.

Тэр мөчид Ариун Сүнс надад хоёр зүйлийг бататгасан юм. Нэг дэх нь, материаллаг хэрэгцээг хангахын тулд хийдэг тохинууллын ажил амин чухал бөгөөд цааш үргэлжлэх ёстой. Хоёр дахь нь санаанд оромгүй бөгөөд хүчтэй, тодорхой зүйл байв. Энэ нь амиа үл хайрлан хийх үйлчлэлээс илүү, эрхэм чухал зүйл буюу Их Эзэн Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлдэх явдал юм.

Түүнийг ирэхэд дарангуйлал болон шударга бус явдал багасаад зогсохгүй бүрмөсөн устаж алга болно.

“Чоно хургатай түүнчлэн нэг дор орших болно, мөн ирвэс ишигтэй, мөн тугал болон залуу арслан мөн төл мал хамтдаа зэрэгцэн хэвтэх болно; мөн бяцхан хүүхэд тэднийг хариулах болно. …

Тэд Миний бүх ариун ууланд гэмтэхгүй, устгахгүй. Учир нь далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана.”3

Ядуурал болон зовлон шаналал багасаад зогсохгүй, үгүй болох болно.

“Тэд цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. Тэд наранд шарагдах ч үгүй, ямар ч халуунд халах ч үгүй.

Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно.”4

Түүнчлэн үхлийн уй гашуу хүртэл эцэс болно.

“Тэр өдөр нялх балчир тэр нь хөгшрөх хүртлээ наснаас халихгүй байх болно; мөн түүний амьдрал модны нас адил байх болно;

Мөн тэр наснаас халихдаа, дэлхийд хэлдгийн адил нойрсох нь үгүй, харин нүдээ анивчихад өөрчлөгдөх болно, мөн дээш аваачигдаж мөн амралт нь гайхамшигтай байх болно.”5

Тийм ээ, одоо бүгдээрээ зовлон шаналал, уй гашууг арилгахын төлөө мөн өвчин шаналал, гэм нүгэл ул мөргүй алга болж, “Христ дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах болно гэдэгт; мөн дэлхий шинэчлэгдэж мөн диваажингийн алдар суугаа хүлээн авах өдөрт бэлдэхийн”6 тулд чадах бүхнээ хийцгээе. Энэ нь гэтэлгэлийн мөн шүүлтийн өдөр байх болно. Дурхамын Англикан Сүмийн бишоп, доктор асан Н.Т.Врайт Христийн Цагаатгал, Амилалт, Шүүлт бол шударга бусыг ялж, бүх зүйлийг зөв болгох ач тустай талаар зохих ёсоор тодорхойлсон байдаг.

“Бурхан Өөрийн томилсон хүнээр дамжуулан дэлхийг шударгаар шүүх өдрийг товлосон ба үүнийг бүгдэд батлахын тулд уг хүнийг үхлээс амилуулан босгосон. Назарын Есүсийн талаарх, тэр тусмаа түүний үхлээс амилсан тухай баримтууд нь дэлхий бол тохиолдлын зүйл биш гэдэгт итгэх итгэлийн суурь юм. Энэ бүхэн эмх замбараагүй зүйл биш бөгөөд бидний яг одоо үйлдсэн шударга үйлдэл салхи шиг хийсээд өнгөрөхгүй. Энэ нь нурах гэж байгаа байшинг тогтоон барих юм уу хог дээр хаягдах машиныг засах гэж байгаа оролдлого биш юм. Бурхан Есүсийг үхлээс босгосон явдал бичил үйл явдал байсан ч үүн дотор шүүлт хэмээх асар том ертөнцийг тэр чигээр нь хамарсан том үйл явдлын буюу эцсийн найдварын үр, … самрын ясан доторх үр адил байсан юм. Назарын Есүс бол үнэхээр Мессиа байсныг Бурхан хэний ч төсөөлж байгаагүй хамгийн хүчирхэг байдлаар тунхагласан билээ. … Түүхэнд болсон хамгийн хачирхалтай зүйл бол [Есүс] өөрөө харгис, шударга бус шүүлтэд орж, түүхийн бүхий л харгислал, шударга бус зүйл цугларсан, үүний бэлгэ тэмдэг болсон газарт эмх замбараагүй, харанхуй байдал, харгислал, шударга бус явдлыг Өөр дээрээ авч, үүний хүчийг эцэслэсэн юм”7 хэмээн тэр хэлжээ.

Дээр дурдсан Буэнос Айрест болсон чуулганы үеэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Их Эзэний Хоёр дахь ирэлтэд шаардлагатай бэлтгэл ажлыг хийх онцгой хүч болоод үүргийг авсан бөгөөд энэ зорилгын тулд сэргээгдсэн болохыг Сүнс надад тодорхой хэлсэн билээ. Бурханы “бүх юмсыг Христ дотор нэгтгэх”8 зорилго бүхий бошиглогдсон “цагийн дүүрлийг гүйцэлдүүлэх” эрин үе хэмээн хүлээн авдаг хүмүүсийг та өөр хаанаас олох вэ? Хэрвээ та тэрхүү өдөрт амьд болон нас барагсдын аль алиныг бэлдэхийн тулд хийвэл зохих ажлыг гүйцэтгэх хүсэлтэй хүмүүсийг мөн Их Эзэнийг хүлээн авахад бэлэн гэрээт хүмүүсийг цуглуулж, бэлдэхэд асар их хэмжээний цаг хугацаа, хөрөнгө мөнгө гаргахад бэлэн хүмүүсийг эндээс олж чадахгүй бол та өөр хаанаас ч үүнийг олохгүй.

1831 онд Их Эзэн Сүмд хандан ийн тунхагласан.

“Бурханы хаант улсын түлхүүрүүд дэлхий дээр хүмүүнд итгэмжлэгдсэн болой, мөн тэндээс сайн мэдээ өвч дэлхийг дүүргэх хүртлээ … түгэх болно.

Түүний хаант улс дэлхий дээгүүр урагш одож болохын тулд, үүний оршин суугчид үүнийг хүлээн авч болохын тулд Их Эзэнийг дуудагтун, мөн Хүний Хүү алдар суугийнхаа гялбаанд хувцаслагдан, дэлхий дээр бий болох Бурханы хаант улсыг угтахаар тэнгэрт доош бууж ирэх тэрхүү өдрүүдэд бэлтгэгдэгтүн.”9

Энэ өдөрт бэлдэхийн тулд бид одоо юу хийж болох вэ? Бид хувь хүнийхээ хувьд өөрсдийгөө бэлдэж, Их Эзэний гэрээт хүмүүсийг цуглуулж, “бидний эцгүүдэд” өгсөн авралын амлалтын дагуу өвөг дээдсээ гэтэлгэж чадна.10 Энэ бүхэн Их Эзэнийг дахин ирэхээс өмнө ямар нэгэн хэмжээнд хийгдсэн байх ёстой.

Нэгд, Их Эзэнийг ирэхээс өмнө Түүнийг угтан авахад бэлтгэгдсэн хүмүүс дэлхий дээр байх нь нэн чухал юм. Уг өдөр дэлхий дээр үлдэх хүмүүсийн талаар Тэр ийн тунхаглажээ. “Бүр хамгийн дордоосоо хамгийн агууг хүртэл үлдэх тэд бүгд намайг мэдэх хүртэл мөн Их Эзэний тухай мэдлэгээр дүүргэгдэж мөн нүдээр үзэх болно, мөн дуу хоолойгоо өргөх болно, мөн тэрхүү дуу хоолойгоор энэхүү шинэ дууг хамтдаа дуулж, хэлэх нь: Их Эзэн Сионыг дахин авчирлаа. … Их Эзэн бүх зүйлийг нэгд цуглууллаа. Их Эзэн Сионыг дээрээс доош аваачлаа. Их Эзэн Сионыг доороос дээш аваачлаа.”11

Эрт цагт Бурхан Сионы зөв шударга хотыг Өөртөө авсан.12 Харин эцсийн өдрүүдэд Сион Их Эзэнийг ирэхэд нь угтан авах болно.13 Сион болон цэвэр ариун зүрх сэтгэлт, зөв шударга ёсонд оршин сууж нэг зүрх сэтгэл мөн нэг оюун ухаантай байсан хүмүүс бөгөөд тэдний дунд ядуус байсангүй.14 Бошиглогч Иосеф Смит “Бид Сионыг барьж байгуулах ажлыг хамгийн чухал зорилгоо болгох ёстой”15хэмээн хэлсэн. Бид Сионыг гэр орондоо болон тойрог, салбар, гадсандаа нэгдмэл байж, бурханлаг байдал, энэрлээр дамжуулан барьж байгуулдаг.16

Сионыг барьж байгуулах ажил хэцүү цаг үед өрнөж байгааг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй буюу “хилэгнэлийн өдөр, шатаалтын өдөр, эзгүйрлийн, уйлааны, гашуудлын мөн уй гашуугийн өдөр; мөн энэ нь хуй салхи лугаа адил дэлхийн бүх гадаргуу дээр ирэх болно хэмээн Их Эзэн хэлж байна.”17 Тиймээс гадаснуудад цугларах нь “батлан хамгаалалтын тулд, мөн шуурганаас, мөн энэ нь хольцгүйгээр бүхэл дэлхий дээр юүлэгдэх үед хилэгнэлээс хоргодох газар” болохын тулд юм.”18

Эрт дээр үед амьдарч байсан хүмүүсийн адил бид “мацаг барихаар мөн залбирахаар, мөн өөр хоорондоо бодгалиудынхаа аз жаргалын талаар ярихаар ойр ойрхон цуглардаг. Мөн … Их Эзэн Есүсийг дурсан санаж талх, [уснаас] хүртэхийн тулд цуглан ойр ойрхон цугладаг.”19 Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өнгөрсөн 10-р сарын Ерөнхий чуулган дээр “Сүмийн урт хугацааны зорилго бол Их Эзэн Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлж, Бурхантай гэрээ байгуулж, уг гэрээгээ сахихад нь бүх гишүүнд тусалж мөн гэр бүлүүдийг хүчирхэгжүүлж, лацдан холбогдоход нь туслах явдал юм”20 гэдгийг тайлбарласан. Үүнтэй холбогдуулан тэрээр ариун сүмийн гэрээний ач холбогдол, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын ач холбогдол, Сүмийн нэгдсэн суралцах хөтөлбөр зэргийн тусламж дэмжлэгтэйгээр сайн мэдээн дээр өдөр бүр гэртээ найрлах зэргийг онцолсон. Бид Их Эзэний талаар мэдэж авч, Түүнийг таньж мэдэхийг хүсдэг.21

Сионыг барьж байгуулах ажлын суурь бол Их Эзэний олон жилийн тэртээ тархсан гэрээт хүмүүсийг цуглуулах явдал юм.22 “Израил жинхэнэ ёсоор нэгдэж, мөн Арван овог дахин сэргэнэ гэдэгт бид итгэдэг.”23 Нүглээ наманчлан, Христэд итгэж, баптисм хүртсэн бүх хүн Түүний гэрээт хүмүүс болой.24 Их Эзэн “Израилын угсаа болох өөрийнхөө хүмүүсийг эргүүлэн олж авахын тулд”26 сайн мэдээ дэлхий дахинаа тунхаглагдах25 бөгөөд дараа нь төгсгөл ирэх болно27 хэмээн Өөрөө бошиглосон. Иеремиагийн бошиглол биеллээ олж байна:

“Эзэн тунхаглаж байна ‘Тиймээс үзэгтүн, «Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гаргасан ЭЗЭН амьд» гэж хэлэгдэхгүй.

Харин Израилийн хөвгүүдийг хойд зүгийн нутгаас болон Өөрөө тэднийг хөөн зайлуулж аваачсан бүх газраасаа буцаан авчирсан ЭЗЭН амьд» гэж хэлэгдэх өдрүүд ирж болно. Учир нь тэдний эцэг өвгөдөд Миний өгсөн нутагт тэднийг эргүүлэн авчрах болно.”28

Ерөнхийлөгч Нэлсон “[Израилын] ... цугларалт өнөөдөр дэлхий дээр болох хамгийн чухал зүйл юм. Хэр хэмжээ, ач холбогдол, сүр жавхлангийн хувьд юутай ч харьцуулшгүй. Хэрэв та нар сонговол … үүний нэгэн томоохон хэсэг байж чадна”29 гэдгийг ахин дахин цохон тэмдэглэсэн. Хожмын үеийн гэгээнтнүүд үргэлж номлол хийсээр ирсэн. Сэргээлт эхэлснээс хойш зуу зуун мянган номлогч номлолын дуудлага хүлээн авч, одоо хэдэн арван мянган номлогч үйлчилж байна. Ахлагч Квинтин Л.Күкийн саяхан зааснаар, бид бүгд энгийн, ердийн арга замаар, хайраар бидэнтэй хамт сүмд нэгдэн, гэрт маань айлчлахад мөн бидний нэг хэсэг болоход бусдыг урьж болно. Мормоны Номыг хэвлэн гаргасан нь цугларалт эхэлсний дохио байсан.30 Мормоны Ном өөрөө цуглуулан, хөрвүүлэх зэмсэг юм.

Мөн Хоёр дахь ирэлтэд бэлдэхэд өвөг дээдсийнхээ өмнөөс гэтэлгэлийн агуу ажлыг хийх зайлшгүй шаардлагатай. Их Эзэн Хоёр дахь ирэлт буюу “Эзэний агуу, аймшигт өдөр”31 ирэхээс өмнө “Санваарыг илчлэх[ээр]” мөн “эцгүүдэд нь хийгдсэн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах[аар]”32 бошиглогч Елиаг илгээнэ хэмээн амласан. Елиа ч амласны дагуу ирсэн. Ирсэн өдөр нь 1836 оны 4 сарын 3, ирсэн газар нь Огайо Көртландын ариун сүм байсан юм. Тухайн газар, тухайн цаг мөчид тэрээр амлагдсан санваарыг буюу нас барагсдыг гэтэлгэх, эхнэр нөхөр, гэр бүлүүдийг үе үеэр нь болон мөнхөд холбох түлхүүрүүдийг хүртээсэн нь үнэн билээ.33 Үүнгүйгээр бүтээлтийн зорилго алдагдаж, тэр ч утгаараа дэлхий хараагдах буюу “бүрмөсөн устгагдах” байв.34

Италийн Ром ариун сүмийн онцгойлон адислах ёслолын өмнөх өсвөр үеийнхний онцгой цугларалтад ирсэн зуу зуун залуу эрэгтэй, эмэгтэй өвөг дээдсийнхээ нэр бүхий картуудыг ерөнхийлөгч Нэлсонд харуулсан. Тэд ариун сүм нээгдмэгц тэрхүү нас барагсдынхаа өмнөөс баптисм хүртэхэд бэлэн байв. Энэ нь маш сэтгэл хөдлөм мөч байсан төдийгүй бидний өмнөх үеийнхэнд Сионыг байгуулах ажлыг яаравчлуулж байгаагийн нэг жишээ болсон юм.

Сионыг барьж байгуулахын төлөө, үүний дотор Их Эзэний сонгосон хүмүүсийг цуглуулж, нас барагсдыг гэтэлгэх ажлын өөрт ноогдсон хэсгийг гүйцэлдүүлэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөхдөө энэ бол Их Эзэний ажил бөгөөд Тэрээр энэ ажлыг хийж байгаа гэдгийг бид санах хэрэгтэй. Тэр бол талбайн Эзэн бөгөөд бид Түүний үйлчлэгчид юм. Тэрээр биднийг хүчээ дайчлан талбайд “эцсийн удаа” хөдөлмөрлөхийг хүссэн бөгөөд бидэнтэй цуг хөдөлмөрлөж байгаа.35 Тэр бидэнд Өөртэй нь цуг ажиллах боломж олгосон гэж хэлэх нь бодит байдалд илүү нийцэх байх. Паулын хэлснээр, “Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан.”36 Тэр Өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулж байгаа билээ.37 Бидний төгс бус хичээл зүтгэл болон бидний “өчүүхэн арга замаар” Их Эзэн агуу хэргийг тохиолгон авчирдаг.38

Аврагч сүр жавхлантай ирснээр дээрээс ирэх Сионтой дэлхий дээрх Сион нэгдэх энэхүү агуу бөгөөд эцсийн эрин үеийн төгсгөл ойртсоор байна. Есүс Христийн Сүм дэлхийг тэр өдөрт бэлтгэх үүрэгтэй мөн бэлтгэж ч байна. Иймээс энэхүү Христийн амилсны баяраар Есүс Христийн амилсныг болон Түүний амар тайван мянган жилийн турш хаанчлахаар эргэн ирэхийг мөн энэ дэлхий дээр амьдарч байсан бүхий л мөнх бус хүмүүний төлөөх зөв шударга шүүлт, төгс зөв шударга ёс, мөнх амьдралын амлалт зэргийг бэлгэдсэн бүхнийг жинхэнэ утгаар нь тэмдэглэн өнгөрүүлцгээе. Христийн амилалт бол эцэстээ бүх зүйл зөв болгогдох болно гэсэн баталгаа юм. Тэрхүү өдрийг яаравчлуулахын тулд Сионыг барьж байгуулцгаая. Есүс Христийн нэрээр, амен.