2010–2019
Есүс Христийн үнэн, цэвэр хийгээд энгийн сайн мэдээ
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Есүс Христийн үнэн, цэвэр хийгээд энгийн сайн мэдээ

Бурханыг болон хөршөө хайрлах нь тохинууллын болон гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн сургаалыг судлахын мөн Хүндэтгэлийн өдрийн сүнслэг шүтлэг бишрэлийн болон авралын ажлын сургаалын үндэс суурь юм.

Ах, эгч нар минь ээ, 71 жилийн өмнө буюу 1948 онд би Англид номлогч байсан мөн 44 жилийн өмнө Канад Торонто Номлолын ерөнхийлөгч болж, эхнэр Барбаратайгаа хамт гэр бүлээ Канад руу авч явж байсан гэдэгтээ итгэхэд бэрх байна. Би тэнд үйлчилж байхдаа 1976 оны 4-р сард Далын нэгдүгээр чуулгад мөн 1985 онд гэнэт Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад дуудагдсан юм. Өмнөх дуудлагуудаасаа буудаг байсан бол харин одоо Арван хоёроос буух боломжгүй. Гэхдээ Их Эзэний надаар хийлгүүлэхээр дуудсан бүх зүйлийг хийж дууссаны дараа л ийн буух өдөр надад ирээсэй хэмээн би залбирч байна.

Сүүлийн 43 жилийн туршид ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилсэн цаг хугацаагаа мөн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд тохинуулах сайхан аз завшаанаа эргэцүүлэн бодох үед Тэрээр Өөрийн бүх хүүхдийг амьдралдаа амар амгалан, баяр баясгалан, аз жаргалыг олоосой хэмээн хүсдгийг илүү бүрэн дүүрэн ухааран ойлгосон юм.

Бошиглогч Лихай “баясгалантай байж болохын тулд [эрэгтэй, эмэгтэй] хүмүүн байх бөлгөө”1 хэмээн заасан. Энэ амьдралд ядуурал, дайн дажин, байгалийн гамшиг тохиолдон, ажлын байр, эрүүл мэнд, гэр бүлийн харилцаанд учрах саад тотгор зэргийг оролцуулаад яагаад амар амгалан, баяр баясгалан, аз жаргал амсдаггүй олон шалтгаан бий.

Гэхдээ бид энэ дэлхий дээрх амьдралд маань нөлөөлдөг энэхүү гаднын хүчин зүйлүүдийг хяналтдаа байлгаж чадахгүй ч тойрон хүрээлэх дэлхийн асуудлуудаас үл хамааран, Их Эзэн Есүс Христийн үнэнч шавь болохыг хичээх үедээ амар амгалан, баяр баясгалан, аз жаргалыг олж чадна.

Нэгэн удаа манай нэг хүүхэд “Аав аа, би селестиел хаант улсад орж чадахгүй байх аа” гэж хэлэв. Би “Тэнгэрлэг Эцэг биднээс өдөр бүр хамгийн сайнаараа хийхийг л хүсдэг” гэж хариулсан юм. Ах, эгч нар аа, өдрөөс өдөрт хамгийн сайнаараа хий. Тэгэх юм бол Тэнгэрлэг Эцэг таны хэн болохыг мэддэг мөн таныг хайрладаг болохыг нэг л мэдэхэд та ухааран ойлгосон байх болно. Харин та үүнийг мэдвэл, үнэхээр мэдэх юм бол таны амьдрал жинхэнэ зорилго, утга учиртай болж, та баяр баясгалан, амар амгалангаар бялхах болно.

Аврагч Дэлхийн Гэрэлийн хувиар “Надад итгэдэг хүн [бүрийг] харанхуйд байлгахгүй”2 хэмээн хэлсэн.

“Есүс Христ бол Эцэгээс өгөгдсөн нэр болой, мөн түүгээр [бид] аврагдаж болох өөр нэр өгөгдсөн нь үгүй;

Иймийн тул, Эцэгээс өгөгдсөн нэрийг бүх хүмүүн өөрсөд дээрээ авах ёстой.”3

Судрууд бидэнд Сатан хүмүүсийг харанхуй руу хөтлөхийг хүсдэг гэдгийг заадаг. Тэр Есүс Христийн үнэнийг болон сайн мэдээний гэрлийг хаахын тулд чадах бүхнээ хийдэг. Лихайн хүүхдүүддээ заасанчлан, чөтгөр “бүх хүмүүн өөрийн адил зовлонт байж болохыг эрэлхийлдэг бөлгөө.”4 Хэрэв “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг [эрэгтэй, эмэгтэй] хүмүүнд тохиолгон авчрах”5 нь Тэнгэрлэг Эцэгийн “ажил мөн …алдар суу” бол, Люсиферийн “ажил” нь Бурханы хүүхдүүдэд зовлон, эцэс төгсгөлгүй уй гашууг авчрах явдал юм. Гэм нүгэл, алдаа зөрчил бидний амьдрал дахь Христийн Гэрэлийг бүдгэрүүлдэг. Тиймээс амар амгалан, баяр баясгалан, аз жаргалыг авчирдаг Христийн Гэрэлд илүү ихээр умбах нь бидний зорилго юм.

Сүүлийн 18 сарын хугацаанд Их Эзэн бошиглогч, төлөөлөгчдөдөө хэд хэдэн гайхалтай өөрчлөлт хийхэд сүнсээр нөлөөлсөн. Гэхдээ эдгээр өөрчлөлтийг хийх болсон сүнслэг зорилгыг өөрчлөлт хийгдэх гэж байгаа явдалд хөөрцөглөж байж алдах вий гэдэгт миний санаа зовж байна.

Жозеф Ф.Смит “Есүс Христийн үнэн, цэвэр хийгээд энгийн сайн мэдээ сэргээгдсэн. Үүнийг дэлхий дээр авч үлдэх нь бидний үүрэг”6 хэмээн хэлсэн билээ. Тэр мөн цааш нь үнэн, цэвэр хийгээд энгийн сайн мэдээ бол “Христийн аврагч сургаал”7 хэмээсэн.

Итгэлийн тунхагт бошиглогч Иосеф Смит “Христийн Цагаатгалаар дамжин Сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана”8 хэмээн заасан.

Сайн мэдээний анхны зарчмууд бол Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, усанд умбуулалтаар баптисм хүртээх, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах болон эцсийг хүртэл тэвчих явдал юм. Түүний ах Хайрум “ Тэдэнд дахин дахин номло: тэдгээрийн талаарх шинэ үзэл санаанууд болон нэмэлт ойлголт та нарт илчлэгдэх болно. Та нар тэдгээрийн тухай ойлголтоо нэмэгдүүлж, тэдгээр нь та нарт илүү тодорхой болно. Тэгвэл та нар [ѳѳрсдийнхѳѳ] зааж байгаа хүмүүст тэдгээрийг илүү тодорхой ойлгуулах боломжтой болно”9 хэмээн заасан.

Бидний хувьд Сүмийн сүнслэг зорилгыг олж харах хамгийн сайн арга зам бол Христийн үнэн, цэвэр хийгээд энгийн сургаалын дагуу амьдарч, Аврагчийн “Чи Их Эзэн Бурханаа бүх зүрх сэтгэлээрээ … хайрлах ёстой. Чи хөршөө өөр шигээ хайрлах ёстой”10 гэсэн хоёр агуу зарлигийг амьдралдаа хэрэгжүүлэх явдал юм.

Энэ хоёр зарлигт дуулгавартай байх нь илүү их амар амгалан, баяр баясгаланг мэдрэх арга замыг өгдөг. Бид Их Эзэнийг хайрлан, Түүнд үйлчилж мөн хөршөө хайрлаж, тэдэнд үйлчлэх юм бол аяндаа өөр хаанаас ч авах боломжгүй аз жаргалыг илүү их мэдэрдэг.

Бурханыг болон хөршөө хайрлах нь тохинууллын болон гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн сургаалыг судлахын мөн Хүндэтгэлийн өдрийн сүнслэг шүтлэг бишрэлийн болон Халамжийн нийгэмлэг, ахлагчдын чуулгын дэмжлэг тусламжтайгаар хөшигний хоёр талд явагдаж буй авралын ажлын сургаалын үндэс суурь юм. Эдгээр нь бүгд Бурханыг болон хөршөө хайрлах тэнгэрлэг зарлигууд дээр үндэслэгддэг. Үүнээс илүү анхан шатны, илүү үндэслэлтэй, илүү энгийн зүйл гэж байх уу?

Үнэн, цэвэр хийгээд энгийн сайн мэдээний төлөвлөгөөний дагуу амьдрах нь бэлэвсэрсэн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, өнчин хүүхдүүд, ганцаардсан, өвдсөн, ядуу хүмүүс дээр очих илүү их цаг завыг бидэнд гаргаж өгөх болно. Бид Их Эзэнд болон хөршдөө үйлчилснээр амьдралдаа амар амгалан, баяр баясгалан, аз жаргалыг олох болно.

Сайн мэдээг гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн арга замаар судалж, суралцахыг онцолсон Хүндэтгэлийн өдрийн өөрчлөлт нь гэрийнхээ хананууд дотор сүнслэг, Бурханд үнэнч байдлаа шинэчлэх боломжийг олгодог. Үүнээс илүү энгийн, хялбар, гүн гүнзгий зүйл юу байх билээ? Ах, эгч нар аа, гэр бүлийнхээ дотор сайн мэдээнээс суралцаж, заах нь амьдралдаа баяр баясгалан, аз жаргалыг олох чухал арга зам гэдгийг та нар харж байна уу?

Аврагч Хүндэтгэлийн өдрийн тухай, “Учир нь үнэнээр энэ бол хөдөлмөрүүдээсээ амрахаар, мөн Бүхний Дээдэд чи бүхнээ зориулахаар чамд өгөгдсөн өдөр юм”11 хэмээн хэлсэн. Тэрээр цааш нь “баяр баясгалан хийгээд залбир[лаар] баяр хөөр чинь дүүрэн байж болохын тулд … эдгээр зүйлүүдийг та нар талархалтайгаар, баяр хөөртэй зүрх сэтгэл хийгээд, дүр төрхтэйгөөр … [мөн] баяртай зүрх сэтгэл хийгээд хөгжил хөөртэй дүр төрхтэйгөөр хий”12 гэж хэлсэн.

Энэ илчлэлтийн зарим түлхүүр үгийг анхаарна уу. Тухайлбал: баяр баясгалан, баяр хөөр, талархалтай, баяр хөөртэй зүрх сэтгэл, баяртай зүрх сэтгэл хийгээд хөгжил хөөртэй дүр төрх. Миний хувьд энэ нь Хүндэтгэлийн өдрийг сахихад нүүр царайнд маань инээмсэглэл тодрох ёстой гэсэн утгатай.

Зураг
Сүм дээр угтаж авах нь

Бид илүү дээд, илүү ариун арга замаар тохинуулахдаа Сүмийн цуглаанд ирсэн хүн нэг бүрийг, ялангуяа шинэ гишүүд, зочдыг мэндчилэн угтах нь ямар чухал болохыг эргэцүүлэн бодоорой. Бид бүгдээрээ дуулал дуулж, ариун ёслолын залбирлын үгийг зүрх сэтгэл, оюун ухаанаа нээж, чих тавин сонсох ёстой.

Манай мацгийн болон гэрчлэлийн цуглааныг бишопын зөвлөлийн гишүүн удирдан явуулдаг бөгөөд тэр аз жаргалын төлөвлөгөөний тухай болон Христийн үнэн, ариун, энгийн сайн мэдээн дээр төвлөрсөн, богинохон гэрчлэлийг хуваалцдаг. Бусад нь ч гэсэн тэр үлгэр жишээг дагах ёстой. Бид түүх юм уу аяллын адал явдлаа хуваалцах өөр бусад зохих газар бий гэдгийг санах нь зүйтэй. Өөрсдийн гэрчлэлийг энгийн бөгөөд Христийн сайн мэдээн дээр төвлөрүүлбэл гэрчлэлээ нэг нэгэнтэйгээ хуваалцах үед Тэрээр биднийг сүнслэг байдлын хувьд шинэчлэх болно.

Үр дүнтэй тохинууллыг биднийг хайрладаг Бурханыг болон хөршөө хайрлах хайрын дурангаар харах хамгийн сайн. Энгийнээр хэлэхэд, бид Тэнгэрлэг Эцэгээ болон Түүний хүүхдүүдийг хайрладаг болохоор тохинуулдаг. Бид тохинууллаа энгийн байлгаж чадах юм бол тохинууллын хүчин чармайлт маань илүү амжилттай байна. Ихэнх баяр баясгалан амьдрал дахь энгийн зүйлсээс ирдэг тул Бурханы хүүхдүүдийн зүрх сэтгэлд итгэл хийгээд хүчирхэг гэрчлэлийг хөгжүүлэхийн тулд хүлээн авсан аль нэгэн өөрчлөлтөд өөр олон зүйл нэмж оруулах хэрэгтэй гэж бодохоос бид болгоомжилбол зохино.

Нэмэлт хурал, хүлээлт, шаардлагыг оруулж, яршиг төвөгтэй болгохгүй байцгаая. Энгийн байлга. Энэхүү энгийн байдлаас та нар миний хэлээд байгаа амар амгалан, баяр баясгалан, аз жаргалыг олох болно.

Гарын авлага 2-т дурдсанчлан, олон жилийн турш Сүмийн удирдлагын зорилго тодорхой бөгөөд энгийн үр дүн байсаар ирсэн. Одоо би үүнээс эш татъя.

Зураг
аравны нэгийн тайлан хэлэлцүүлэгт орж буй гэр бүл

“Гишүүн бүрийг санваарын бүх чухал ёслолыг хүлээн авч, ёслолуудтай холбоотой гэрээнүүдийг сахин, өргөмжлөл, мөнх амьдралд тэнцэхүйц байхад нь удирдагчид дэмжих ёстой.

Зураг
ариун сүмд буй хос

Насанд хүрэгчид: Насанд хүрэгч бүрийг ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахуйц зохистой байхад нь дэмж. Эцэг өвгөдөө олж тогтоон, тэдний төлөө ариун сүмийн орлон гүйцэтгэх ёслолуудыг гүйцэтгэх хэрэгтэйг тэдэнд заа.

Зураг
санваарын томилолт.
Зураг
ариун сүмийн ёслолын картууд барьж буй залуу эмэгтэйчүүд

Өсвөр үеийнхэн: Мелкизедек санваарыг болон ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, бүрэн цагийн номлолд үйлчлэхэд бэлтгэн, зөв зохистой байхад нь залуу эрэгтэй бүрд тусал. Ариун сүмийн гэрээнүүдийг байгуулж, сахин, ариун нандин ёслолуудыг хүлээн авахуйц зохистой байхад нь залуу эмэгтэй бүрд тусал. Ач холбогдолтой үйл ажиллагаануудад оролцуулах замаар өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүл.

Зураг
тойргийн зөвлөл

Нийт гишүүд: Хүмүүсийг аврах, гэр бүлүүдийг болон Сүмийн нэгжүүдийг бэхжүүлэх, санваартнуудын үйл ажиллагааг сайжруулан, хөрвүүлэх болон гишүүдийг идэвхтэй хэвээр байлгах, идэвхжүүлэх замаар Израилийн угсааг цуглуулахын төлөөх санваарын болон туслах бүлгүүдийн удирдагчид, тойргийн зөвлөл, тойргийн болон бүрэн цагийн номлогчид, гишүүдийн хамтын хүч чармайлтыг зохицуулахад тусал. Өөрсдийгөө төдийгүй гэр бүлээ хэрхэн ханган тэтгэхийг мөн ядууст болон тусламж хэрэгтэй хүмүүст Их Эзэний арга замаар хэрхэн туслахыг заа”13 хэмээн олон жилийн туршид Сүмийн удирдлагын зорилгын үр дүн тодорхой бөгөөд энгийн байсан.

Сүмд үйлчилсэн явдал маань намайг олон гайхалтай, онцгой сүнслэг туршлагаар адисалсан. Их Эзэн Өөрийн зорилгыг гүйцэлдүүлэхээр Өөрийн Сүмийг удирддаг гэдгийг би гэрчилнэ. Би өөрийн чадавхаас хол давсан тэнгэрлэг удирдамж зааврыг авч байсан. Миний хувьд сайн мэдээний дагуу амьдардаг амьдралын баяр баясгалан бол Есүс Христийн үнэн, цэвэр, энгийн сургаал хийгээд сайн мэдээн дээр төвлөрч байсан.

Би Спэнсэр В.Кимбаллаас эхлэн Рассэлл М.Нэлсон хүртэлх Сүмийн зургаан бошиглогч, ерөнхийлөгчийн түлхүүр, удирдлаган доор үйлчилсэн. Тэдний хүн нэг бүр Бурханаар сонгогдсон бошиглогч байсныг би гэрчилж байна. Тэд Сүмийн талаар болон Христийн сайн мэдээ, сургаалын талаар нэн чухал зарчмуудыг бидэнд заасан. Ерөнхийлөгч Нэлсон Их Эзэний ажлыг маш хурдацтай урагшлуулж байна. Тэр төлөөлөгчдийн дундаас ганцаараа надаас ахмад настай нь бөгөөд түүнийг гүйцэх нь надад хэцүү байгаа тул би “маш хурдацтай” гэж байгаа юм. Түүнд санваарын түлхүүрүүд, Бурханы бошиглогчийн нөмрөг байгааг би гэрчилж байна. Ерөнхийлөгч Нэлсон Есүс Христийн үнэн, цэвэр хийгээд энгийн сайн мэдээг заадаг. Есүс бол Христ бөгөөд энэ бол Түүний Сүм гэдгийг би Есүс Христийн нэрээр даруухан гэрчилж байна, амен.