2010–2019
Мэдлэгийг Сүнсээр эрэлхийлэх нь
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Мэдлэгийг Сүнсээр эрэлхийлэх нь

Бид үнэнийг зөвхөн өөрсдийн логик ухаанаар бус Сүнсний намуухан, зөөлөн дуугаар ялган таньж сурах хэрэгтэй.

Ах, эгч нар аа, Их Эзэн бидэнд “судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэхийг”1 ахин дахин хэлсэн билээ. Бид гэрэл болоод ойлголтыг зөвхөн оюун ухааны логик сэтгэлгээгээрээ бус мөн Ариун Сүнсний удирдамж, өдөөлтөөр хүлээн авдаг.

Мэдлэгийн энэ нэмэлт эх сурвалж үргэлж миний амьдралын нэг хэсэг байгаагүй.

Миний хайрт эхнэр Айрийн бид хоёр 31 жилийн өмнө гэр бүл болоод удаагүй байхдаа Сүмд нэгдсэн. Бид хоёр хоёулаа Колумбид өссөн ч гэрлээд хэдхэн сар болсныхоо дараа ажлаас минь шалтгаалаад Германд амьдрахаар болов. Бид маш залуухан мөн асар их найдвар, хүлээлттэй байсан бөгөөд энэ нь бидний хувьд сэтгэл хөдөлгөм, аз жаргалтай үе байлаа.

Зураг
Хэлд эгч, Хэлд ах хоёр

Намайг ажилдаа анхаарч байх хооронд хэрхэн мөн хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч бид тэнгэрээс ямар нэгэн захиас хүлээн авна гэдгийг Айрийн мэдэрсэн. Тиймээс тэрээр нэвтэрхий толь, тоос сорогч, хоолны ном, гал тогооны хэрэгсэл гэх мэт янз бүрийн зүйлийг айлаас айл дамжин яван борлуулдаг хүмүүсийг гэртээ оруулж эхэлсэн бөгөөд тэр онцгой захиасаа үргэлж хүлээдэг байв.

Нэгэн орой эхнэр маань бараан хослолтой хоёр залуу хөвгүүнийг хаалга тогшиход тэднийг оруул гэсэн тодорхой, онцгой мэдрэмж хүлээн авснаа надад хэлсэн юм. Тэд Бурханы тухай түүнтэй ярилцахыг хүсэж байгаа ч намайг гэртээ ирсний дараа буцаж ирнэ гэж эхнэрт маань хэлсэн байв. Энэ нь хүсэн хүлээж байсан тэр захиас байж болох уу?

Тэд бидэн дээр ирдэг болсон бөгөөд тэдний заавраар бид судраас уншиж, Есүс Христийг бидний Аврагч, Гэтэлгэгчийн хувиар ямар чухал болохыг ойлгосон юм. Удалгүй бид нялх байхдаа баптисм хүртсэндээ харамссан бөгөөд энэ нь өөрсдөө ухамсарлан хийсэн гэрээ байгаагүй. Гэхдээ дахин баптисм хүртэх нь энэ шинэ Сүмийн гишүүд болно гэсэн үг байсан бөгөөд тиймээс бид эхлээд үүний тухай бүгдийг ойлгож авах нь үнэхээр хэрэгтэй байлаа.

Гэвч номлогчдын ярьж байсан Мормоны Ном, Иосеф Смит болон авралын төлөвлөгөө бүгд үнэн бол бид үүнийг хэрхэн мэдэж болох вэ? Үнэндээ “тэднийг үр жимсээр нь таних болно”2 гэдгийг бид Их Эзэний үгээс ойлгож авсан. Тиймээс бид маш шат дараалалтай аргаар өөрсдийн логик ухаанаар тэдгээр үр жимсийг хайн, Сүмийг шинжлэн судалж эхэлсэн юм. Бид юу олж харсан бэ? Бид дараах зүйлийг харсан.

  • Бид энэ амьдралд зовлон, шаналлаас гадна баяр хөөрийг мэдрэх ёстойгоо ойлгосон нөхөрсөг, аз жаргалтай хүмүүс, гайхалтай гэр бүлүүд байдгийг харсан.

  • Сүмд цалин хөлс авдаг шүтлэгтэн байхгүй, харин гишүүд нь даалгавар, үүрэг хариуцлагыг өөрсдөө хүлээн авдгийг харсан.

  • Сүмд Есүс Христ болон гэр бүл бүх зүйлийн төвд байдаг бөгөөд гишүүд нь сард нэг удаа мацаг барин, ядууст болон тусламж хэрэгтэй нэгэнд туслахаар хандив өгдөг мөн эрүүл дадал хэвшлийг дэмжин, хорт бодисоос татгалзахыг заадгийг харсан.

Түүнээс гадна:

  • Бидэнд хувийн өсөлт хөгжил, боловсрол, шаргуу хөдөлмөр болон бие даах чадвар дээр анхаарал тавьдаг нь таалагдсан.

  • Бид гайхалтай хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийн тухай мэдэж авсан.

  • Бас гайхалтай дуу хөгжимтэй, гүн гүнзгий сүнлэг зарчим хуваалцдаг Ерөнхий чуулган нь бидэнд гүн сэтгэдэл төрүүлсэн юм.

Энэ бүх зүйлийг олж хараад, бид Сүмээс ямар нэгэн муу зүйл олж чадсангүй. Харин ч эсрэгээрээ, харсан бүх зүйл маань бидэнд таалагдсан юм. Гэсэн ч бид баптисм хүртэх эсэхээ шийдэж чадахгүй л байв. Учир нь бид баптисм хүртэхээсээ өмнө бүхнийг мэдэхийг хүсэж байв.

Гэвч шийдэмгий бус байдалд маань ч гэсэн Их Эзэн биднийг тэвчээртэй бэлтгэж, биднийг төлөвшүүлж, үнэнийг зөвхөн өөрсдийн логик ухаанаар бус зүрх сэтгэлд маань онцгойлон ярьдаг Сүнсний намуухан, зөөлөн дуугаар ялган таньж сурах хэрэгтэйг ойлгоход тусалсаар байсан.

Биднийг 10 сар сайн мэдээг судалсны дараа нэгэн орой Мозая 18-ын “Мөн нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд … тийм ээ, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, … хэрэв энэ нь та нарын зүрхний хүслэн байх аваас,… Их Эзэний нэрээр баптисм хүртэхэд юу нь та нарт болохгүй байх билээ?”3 гэхийг уншиж байхад тэр дуу хоолой болон үүний үр дүн болох мэдрэмж төрсөн.

Мормоны Номын тэр хэсэг бидний зүрх сэтгэл, бодгаль руу нэвтрэн орж, баптисм хүртэхгүй байх ямар ч шалтгаан байхгүй гэдгийг бид гэнэт мэдэрч мөн мэдсэн юм. Эдгээр шүлэгт дурдагдсан хүсэл бидний зүрх сэтгэлийн гүн дэх хүсэл байсан бөгөөд энэ нь үнэхээр чухал зүйл байсан. Бид аль хэдийн хангалттай мэдэж авсан байсан тул бүх зүйлийг ойлгохоос илүү чухал зүйл бас байв. Бид хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ удирдан залах мутарт үргэлж найдаж байсан бөгөөд Тэр үргэлжлүүлэн биднийг удирдах болно гэдэгт итгэлтэй байлаа.

Тиймээс яг тэр өдөр бид баптисмын өдрөө товлож, удалгүй баптисм хүртсэн юм!

Зураг
Ахлагч Хэлд, Хэлд эгч хоёрын баптисм

Тэр туршлагаас бид юу ухаарсан бэ?

Нэгдүгээрт, хайрт Тэнгэрлэг Эцэгтээ бүрэн дүүрэн итгэж болно гэдгийг бид мэдэж авсан. Тэр бидний ямар хүн болж чадахыг мэддэг тул үргэлж тийм хүн болоход маань бидэнд тусалдаг. Түүний хэлсэн “Учир нь болгоогтун, би хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг өгөх болно; мөн миний дүрмүүдийг анхааран сонсох, мөн миний зааварт чих тавих тэд адислагдсан болой, учир нь тэд мэргэн ухаанд суралцах болно; өөрөөр хэлбэл хүлээн авах түүнд би илүүг өгөх болно …”4 хэмээх үгэнд гүн гүнзгий үнэн байдгийг бид баталсан.

Хоёрдугаарт, өөрсдийн логик ухаанаас гадна мэдлэг олж авах өөр арга зам бидэнд удирдамж, ойлголтыг өгч чадна гэдгийг бид ойлгосон. Энэ нь бидний зүрх сэтгэлээс гадна оюун санаанд ярьдаг Түүний Ариун Сүнсний намуухан, зөөлөн дуу хоолой юм.

Би энэ зарчмыг өөрсдийн харах чадвартай харьцуулах дуртай. Тэнгэр дэх Эцэг маань бидэнд нэг бус, харин хоёрын хоёр нүд заяасан. Бид ганц нүдээр хангалттай сайн харж чадах ч хоёр дахь нүд маань бидэнд өөр талаас харах боломжийг өгдөг. Харин хоёр харах өнцөг хоёулаа нийлж, бидний тархинд очсоноор бидний эргэн тойрны гурван хэмжээст дүрсийг үүсгэдэг.

Үүнтэй адил, биеийн болон сүнслэг хүчин чадавхаар маань дамжуулан мэдээллийн хоёр эх сурвалжийг бидэнд өгсөн. Бидний оюун ухаан бие махбодын мэдрэхүйгээр болон бодох чадвараар дамжуулан нэг ойлголтыг өгдөг. Гэвч Эцэг Ариун Сүнсний бэлгээр дамжуулан бидэнд хоёр дахь харах өнцгийг өгдөг бөгөөд энэ нь Түүнээс шууд ирдэг учраас хамгийн чухал агаад үнэн юм. Гэхдээ Сүнсний шивнээ ихэнхдээ маш намуухан байдаг тул олон хүн тэр нэмэлт эх сурвалжийн талаар ухамсарлан ойлгодоггүй.

Энэ хоёр харах өнцөг бидний бодгальд нэгдсэнээр яливаа зүйлийг яг байгаа бодит байдлаар нь харуулдаг нэгэн бүрэн гүйцэд дүр зургийг бий болгодог. Үнэндээ, Ариун Сүнсний энэхүү нэмэлт өнцгөөр дамжуулан бид оюун санааныхаа ойлголтоор буулган хардаг зарим “бодит зүйлийг” хуурамч эсвэл илт худал болохыг илрүүлэх боломжтой. Моронайн “Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно”5 гэсэн үгийг санаарай.

Сүмийн гишүүн болсон 31 жилийн хугацаанд, хэрвээ бид зөвхөн өөрсдийн логик ухаанд найдаж, Ариун Сүнсний шивнээ, өдөөлтөөр дамжуулан хүлээн авч болох сүнслэг ойлголтыг үгүйсгэх эсвэл үл хайхрах юм бол энэ нь амьдралыг ганцхан нүдтэй туулахтай адил болохыг би олон удаа харсан. Гэвч зүйрлүүлэн хэлбэл, үнэндээ бидэнд “хоёр нүд” заяасан. Зөвхөн хоёр харах өнцгийн нийлбэрээр бид бүх үнэний, бидний амьдралд тохиолдох бүх зүйлийн бүрэн дүр зургийг олж харахын зэрэгцээ амьд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд өөрсдийн мөн чанар, зорилгын талаар бүрэн бүтэн, гүн гүнзгий ойлголтыг авах боломжтой.

“Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулах, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно”6 хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны жилийн өмнө бидэнд заасныг би санаж байна.

Би

  • бидэнд хайрт Тэнгэр дэх Эцэг байдаг бөгөөд бид тэнгэрлэг төлөвлөгөөний нэг хэсэг болох энэ дэлхийд ирэхээр зөвшөөрсөн.

  • Есүс бол Христ; Тэрбээр амьд бөгөөд миний Аврагч, Гэтэлгэгч мөн гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр мэднэ.

  • Даруухан, хөдөөний хүү Иосеф дуудагдаж, хүчирхэг бошиглогч болсон бөгөөд цаг хугацааны бүрэн байдлын энэ эрин үеийг бүх түлхүүр, хүч, Бурханы ариун санваарын эрх мэдлийн хамтаар эхлүүлсэн.

  • Мормоны Ном бол Есүс Христийн хоёр дахь гэрч бөгөөд гэр бүлүүд үүрд хамт байхаар заяагдсан.

  • Мөн бидний Эзэн Есүс Христ Өөрийн сэргээгдсэн Сүмийг бидний амьд бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоноор дамжуулан өнөө үед удирддаг гэдгийг туйлын тодорхой байдлаар мэддэг болсон.

Эдгээр болон бусад олон үнэт үнэн Бурханы хүсэж байгаа тэр хүн нь болоход надад тусалдаг сүнслэг үндсэн орц материал болсон юм. Түүний намайг мөн та нарыг энэ гайхалтай амьдралаар амьдрахдаа мөн “сурахаар мөн тэрчлэн итгэлээр суралц[санаар] … ” хүлээн аваасай хэмээн хүсдэг олон шинэ сургаалыг би тэсэн ядан хүлээж байна.

Би эдгээр нь үнэн гэдгийг мэддэг бөгөөд эдгээрийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.