2010–2019
“Ирээд, Намайг дага”
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


“Ирээд, Намайг дага”

Есүс Христ биднийг Тэнгэрлэг эцэг эх рүүгээ гэртээ буцаж очин, хайртай хүмүүстэйгээ хамт байх гэрээний замаар явахыг урьдаг.

Хайрт ах, эгч нар аа, миний эхнэр Вэнди бид хоёр энэ Хүндэтгэлийн өдрийн өглөө та нартай хамт байгаадаа баяртай байна. Өнгөрсөн Ерөнхий чуулганаас хойш маш олон зүйл болж өнгөрлөө. Чилийн Консепсьон, Колумбийн Барранкилья, Италийн Ромд шинэ ариун сүмүүд онцгойлон адислагдлаа. Бид эдгээр ариун үйл явдал дээр Сүнс маш ихээр юүлэгдэн асгарахыг мэдэрлээ.

Саяхан Мормоны Номыг уншиж, үүнээс баяр баясгаланг болон нуугдмал эрдэнэсийг олсон маш олон эмэгтэй (мөн эрэгтэйд) би баяр хүргэмээр байна. Гайхамшгууд тохиолдсон тухай мэдээнээс би урам зориг авсан.

Ням гараг болгон ариун ёслолыг түгээдэг, одоо диконы үүрэг гүйцэтгэдэг 11 настай залуу эрэгтэйчүүдээр би бахархаж байна. Тэд Бийхайв ангид хичээнгүйлэн суралцаж мөн үйлчилж байгаа 11 настай залуу эмэгтэйчүүдтэй хамт ариун сүм рүү явдаг. Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд аль аль нь тодорхой бөгөөд итгэл үнэмшилтэйгээр сайн мэдээг номлож байна.

Гэр оронд төвлөрч, Сүмээc дэмжсэн хөтөлбөрийг дагахаар эцэг эхтэйгээ хамтран ажиллаж, гэртээ сургаалыг заахад тусалж байгаа хүүхдүүд, өсвөр үеийнхэнтэй хамт би баярладаг.

Бямба гаргийн өглөө Сүмийн номоо шүүрч аваад, “Би сүнсээ тэжээх хэрэгтэй байна” хэмээн хашгирч буй дөрвөн настай Блэйкийн энэ зургийг бид хүлээн авсан.

Зураг
Сүнсээ тэжээж буй Блэйк

Блэйк ээ, бид Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний үнэн дээр найрлан, сүнсээ тэжээх сонголтыг хийж буй чамтай болон бусадтай хамт баярлаж байна. Мөн олон хүн ариун сүмд шүтэн биширч, үйлчилж, өөрсдийнхөө амьдралд Бурханы хүчийг хүлээн авч байгааг мэддэгтээ бид баяртай байна.

Гурван сарын өмнө охин Вэнди маань энэ мөнх бус амьдралыг орхих үед манай гэр бүл хүндхэн хагацал амссан гэдгийг та нарын ихэнх нь мэдэж байгаа. Хорт хавдартайгаа тэмцэж байсан сүүлийн өдрүүдэд нь би түүнтэй сүүлчийн удаа аав, охины ёсоор ярилцах боломжоор адислагдсан.

Би охиныхоо гарыг атгаад, маш их хайртайгаа мөн эцэг нь байгаадаа ямар их талархдгаа хэлсэн. “Чи ариун сүмд гэрлэн, гэрээнүүдээ итгэлтэй дээдэлсэн. Чи нөхөртэйгөө хамт долоон хүүхэдтэй болж, тэднийг Есүс Христийн үнэнч дагалдагчид, Сүмийн хүчирхэг гишүүд, оролцоо бүхий иргэд болгон өсгөсөн. Мөн тэд ижилхэн зан чанартай эхнэр, нөхрүүдийг сонгосон. Аав нь чамаар маш их бахархаж байна. Чи надад маш их баяр баяслыг авчирсан шүү!” гэж би хэлсэн.

Охин минь “Баярлалаа, аав аа” гэж аярхан хариулж билээ.

Энэ нь бидний хувьд эрхэм нандин бөгөөд нулимс унагасан үйл явдал байлаа. Түүний 67 жилийн амьдралын туршид бид хамтдаа ажиллан, хамтдаа дуулж, ойр ойрхон хамтдаа цанаар гулгадаг байлаа. Гэвч тэр орой бид хамгийн чухал зүйлс болох гэрээ, ёслол, дуулгавартай байдал, итгэл, гэр бүл, үнэнч байдал, хайр болон мөнх амьдралын талаар ярилцсан.

Бид охиноо маш их үгүйлж байна. Гэвч Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ байгаа учраас түүний талаар бид санаа зовохгүй байна. Бид Бурхантай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн дээдэлж, түүнтэйгээ хамт дахин амьдрах болно гэсэн хүлээлттэй амьдардаг. Тэр болтол бид энд Их Эзэнд үйлчилж, тэр маань диваажинд Түүнд үйлчилж байх болно.1

Эхнэр бид хоёр энэ жилийн эхээр Диваажинд зочилсон шүү. Энэ бол Калифорнид байдаг Диваажин гэдэг газар юм. Охин маань энэ дэлхийг орхиод 40 цаг ч болоогүй байхад бидний тэнд очих хуваарьт айлчлал тохиосон билээ. Бид хоёр мөн ахлагч Кэвин В.Пийрсон, түүний эхнэр Жүүн нар Калифорнийн Чико гадасны гэгээнтнүүдийн ачаар эрч хүчээ сэлбэж авч байсан. Калифорнийн түүхэн дэх хамгийн хор хөнөөлтэй түймрийн улмаас асар их хохирол амсах үед тэдний үзүүлсэн агуу итгэл, тохинуулал, тохиолдсон гайхамшгуудыг бид олж мэдсэн.

Тэнд байхдаа бид анхны тусламж үзүүлсэн олон зоригтой хүмүүсийн нэг болох цагдаагийн залуу албан хаагч Жонтой удаан ярилцсан юм. 2018 оны 11-р сарын 8-нд Парадайс хотыг гүн харанхуй нөмөрч, галын дөл, халуун нурам хотын дундуур маш хурдацтай тархан, өмч хөрөнгө, эд хогшлыг шатаасан ба үнс нурам, хоосон тоосгон яндангаас өөр юу ч үлдээгээгүйг тэрээр дурсан ярив.

Зураг
Гал түймрийн дараах цуглааны байр

15 цагийн турш Жон аймшигт халуун оч үсэрсэн нэвтэлшгүй харанхуйн дундуур машин жолоодон, амиараа дэнчин тавин байж олон хүн, олон гэр бүлд аюулгүй газар руу зугтахад тусалжээ. Гэвч тэр хүнд сорилтуудын үеэр түүнийг хамгийн их айлгасан зүйл бол: “Миний гэр бүлийнхэн хаана байна вэ?” гэсэн асуулт байв. Олон цагийн турш удаан шаналсны эцэст тэрээр гэр бүлийнхнээ аюулгүй нүүлгэн шилжүүлэгдсэнийг олж мэдэв.

Жонын гэр бүлийнхнийхээ төлөө сэтгэл зовнисон түүх өнөөдөр намайг мөнх бус амьдралын төгсгөл ойртоход “Миний гэр бүлийнхэн хаана байна вэ?” гэж асууж магадгүй тэд бүгдэд хандан ярихад хүргэлээ. Та нар өөрсдийн мөнх бус сорилтыг дуусган, сүнсний дэлхий рүү орох тэр өдөр ирэхэд “Миний гэр бүлийнхэн хаана байна?” гэсэн зүрх шимшрэм асуулттай нүүр тулгарах болно.

Есүс Христ мөнхийн гэртээ буцаж очих замыг заадаг. Тэрээр бидний Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн өсөлтийн төлөвлөгөөг бидний хэнээс ч илүү ойлгодог. Тиймээс Тэрээр тулгуур чулуу нь билээ. Тэрээр бидний Гэтэлгэгч, Эдгээгч мөн Аврагч юм.

Адам, Ева хоёрыг Еденийн цэцэрлэгээс хөөгдсөнөөс хойш Есүс Христ Өөрийг нь дагахаар сонгох бүгдэд туслахаар хүчирхэг мутраа сунгасан. Бүх хүн төрөлхтний үйлдсэн ямар ч нүглээс үл хамааран Түүний мутар тэдэн рүү сунгаастай байдгийг судруудад ахин дахин цэдэглэсэн байдаг.2

Бидний хүн нэг бүрийн сүнс гэр бүлийн хайр үүрд үргэлжлээсэй хэмээн жам ёсоороо хүсэн тэмүүлдэг. Хайрын дуунууд хэрвээ үүрд хамт байхыг хүсэж байгаа бол чамд зөвхөн хайр байхад л болно гэсэн худал найдварыг мөнхжүүлдэг. Мөн зарим нь Есүс Христийн Амилалт үхлийн дараа бүх хүн хайртай хүмүүстэйгээ хамт байх амлалтыг өгдөг хэмээн буруу ташаа итгэдэг.

Үнэндээ, Түүний Амилалт амьдарч байсан бүх хүн төрөлхтөнг амилуулагдан, үүрд амьдрахыг баталдаг ч3 хэрвээ бид өргөмжлөлийн агуу эрхийг авахыг хүсвэл өөр илүү зүйлүүд шаардлагатай гэдгийг Аврагч өөрөө маш тодорхой болгосон. Аврал хувь хүмүүсийнх, гэвч өргөмжлөл гэр бүлийнх байдаг.

Их Эзэн Есүс Христийн Өөрийнхөө бошиглогчид хэлсэн дараах үгсийг сонсогтун. “Амлалтын Ариун Сүнсээр...хийгдээгүй мөн ороогүй, мөн лацдагдаагүй бүх гэрээнүүд, хэлцлүүд, үүргүүд, хариуцлагууд, тангаргууд, андгайнууд, гүйцэтгэлүүд, хэлхээ холбоонууд, нийгэмлэгүүд, эсвээс найдлагууд ... нас барагсдаас амилуулагдсаны дараа үр нөлөөгүй, үр дүнгүй буюу хүчгүй юм; учир нь энэ төгсгөлд хийгдээгүй бүх хэлцлүүд хүмүүнийг нас нөгчихөд төгсгөл болдог бөлгөө.”4

Гэр бүл мөнхөд өргөмжлөгдөхөд тэгээд юу шаардлагатай гэж? Бид Бурхантай гэрээ байгуулж, тэдгээр гэрээгээ сахин, шаардлагатай ёслолуудыг хүлээн авснаар тэрхүү эрхийн шаардлагыг хангадаг.

Энэ нь цагийн эхлэлээс үнэн байсаар ирсэн. Адам ба Ева, Ноа ба түүний эхнэр, Абрахам ба Сара, Лихай ба Сариа болон бусад бүх Есүс Христийн үнэнч шавь нар энэ дэлхийн үүслээс эхлэн ижил гэрээг Бурхантай байгуулсан. Их Эзэний сэргээгдсэн Сүмийн гишүүдийн хувьд өнөөдөр баптисм дээр болон ариун сүмд хүлээн авдаг ижил ёслолуудыг тэд хүлээн авсан.

Аврагч Өөрийг нь дагах бүгдийг баптисмын усанд орж, ариун сүмд Бурхантай нэмэлт гэрээнүүдийг байгуулж, цаашлаад шаардлагатай ёслолуудыг хүлээн авч, үүндээ үнэнч байхад урьдаг. Гэр бүлтэйгээ өргөмжлөгдөн, Бурхантай үүрд хамт байхыг хүсэж байвал эдгээр бүх зүйл шаардагддаг.

Миний хайрлаж, бахдан хүндэлдэг олон хүн Түүний урилгаас татгалздагт миний зүрх шаналдаг. “Ирээд, Намайг дага”5 хэмээн Аврагчийг дуудах үед Түүний гуйлтыг тэд хайхардаггүй.

Бурхан яагаад уйлдгийг би ойлгодог.6 Би бас тийм найз нөхөд, хамаатнуудынхаа төлөө уйлдаг. Тэд бол гэр бүл, нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлдэг гайхалтай эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд билээ. Тэд өөрсдийн цаг зав, эрч хүч, эд хөрөнгийг өгөөмрөөр өгдөг. Мөн тэдний хичээл зүтгэлийн улмаас дэлхий маань илүү сайхан байна. Гэвч тэд Бурхантай гэрээ байгуулахыг сонгоогүй. Тэд гэр бүлтэйгээ өргөмжлөгдөж, тэднийг хамтад нь мөнхөд холбох ёслолуудыг хүлээн аваагүй.7

Тэдэнтэй уулзаж, Их Эзэний боломж олгогч хуулиудыг нухацтай авч үзэх талаар урихыг би ямар их хүсэж байна вэ. Аврагч тэдэнд ямар их хайртайг мэдрүүлж мөн би тэдэнд ямар их хайртайгаа мэдүүлж, гэрээг сахигч эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд хэрхэн “бүрэн баяслыг”8 авч болохыг ойлгуулахын тулд би юу хэлж чадах вэ? хэмээн би бодлоо.

Түүнчлэн энэ амьдралын дараа, Бурхантай гэрээ байгуулахыг сонгоогүй гайхалтай эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд зориулсан нэг газар байгаа хэдий ч тэр нь гэр бүлүүд дахин нэгдэн амьдарч, үүрд өсөж хөгждөг газар биш гэдгийг тэд ойлгох хэрэгтэй. Тэр газар бол тэд хэзээ ч төгсөхгүй өсөлт хөгжил, аз жаргал9 ба баяр хөөрийн бүрэн байдлыг мэдрэх хаант улс нь биш юм. Тэдгээр хамгийн агуу адислал зөвхөн Мөнхийн Эцэг Бурхан, Түүний Хүү Есүс Христтэй болон бидний гайхалтай, зохистой, шаардлага хангасан гэр бүлийн гишүүдтэйгээ өргөмжлөгдсөн селестиел газарт амьдарснаар ирдэг.

Би эргэлзсэн найзууддаа хандан, дараах үгсийг хэлэхээр сүнсээр өдөөгдөж байна.

“Энэ амьдралд та нар бүх зүйлд хоёр дахь сайныг хэзээ ч сонгодоггүй. Гэвч Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг бүрэн хүлээн авахыг эсэргүүцэх үед та нар хоёр дахь сайныг сонгож байна.

Аврагч ‘Миний Эцэгийн гэрт орон байр олон бий’10 гэж хэлсэн. Гэвч та нар Бурхантай гэрээ байгуулахыг сонгоогүй болохоор мөнхөд үргэлжлэх амьдралдаа зориулан хамгийн доод түвшний орох оронг өөрсдөө сонгож байна.

Би цаашлаад эргэлзсэн найзууддаа үүнийг учирлан хэлмээр байна.

“Бурханд зүрх сэтгэлээ уудал. Эдгээр зүйл үнэн эсэхийг Түүнээс асуу. Түүний үгсийг судлах цаг гарга. Чин сэтгэлээсээ судал! Хэрвээ та нар үнэхээр гэр бүлдээ хайртай, мөнхөд тэдэнтэйгээ өргөмжлөгдөхийг хүсэж байгаа бол нухацтай судлан, чин сэтгэлээсээ залбирснаар эдгээр мөнхийн үнэнийг мэдэж авч, тэгээд тэдгээрийн дагуу хийх ёстой зүйлүүдээ одоо хий.

“Хэрвээ Бурханд итгэдэг эсэхээ мэдэхгүй байгаа бол яг үүнээс эхэл. Хүн Бурхантай харилцдаггүй болохоор л Түүний байдаг эсэхэд эргэлздэг гэдгийг ойлго. Тиймээс Түүнтэй харилцаатай байх нөхцөл байдалд өөрийгөө байлга. Өөрийгөө даруусга. Өөрийнхөө амьдралд, эргэн тойронд байгаа Бурханы удирдамжийг олж харах хараатай байхаар залбир. Тэрээр чамайг мэддэг эсэхийг мөн Тэрээр үнэхээр байдаг эсэхийг өөрт чинь хэлэхийг Түүнээс гуй. Чиний тухай юу мэдэрдгийг нь Түүнээс асуу. Тэгээд сонс.”

Дотнын нэгэн найз маань Бурхантай харилцсан туршлага багатай байсан юм. Гэвч тэрээр нас барсан эхнэртэйгээ дахин хамт байхыг хүсэж байжээ. Тэгээд тэр надаас туслахыг гуйлаа. Христийн сургаалыг ойлгож, гэрээ, ёслол, адислалуудыг олж мэдэхийн тулд номлогчидтой уулзахад нь би түүнийг дэмжсэн.

Тэр ч үүнийг хийлээ. Гэвч тэдний зөвлөсөн чиглүүлэг түүний амьдралд маш олон өөрчлөлт гаргахыг шаардах юм байна гэж тэр мэдэрчээ. Тэрээр “Тэдгээр зарлиг, гэрээ миний хувьд үнэхээр хэцүү юм байна. Түүнчлэн би аравны нэгийг төлж чадахгүй, Сүмд үйлчлэх цаг зав ч надад байхгүй” хэмээн хэлэв. Тэгээд тэр надаас “Намайг нас барахад шаардлагатай ариун сүмийн ажлыг та эхнэр бид хоёрын төлөө хийнэ үү” гэж гуйсан юм.

Түүний шүүгч нь би биш байгаадаа баяртай байна. Гэвч энэ амьдралд баптисм хүртэх, санваарт томилогдох, мөнх бус амьдралдаа ариун сүмийн адислалыг хүлээн авах боломжтой байсан хэрнээ энэ замналыг эсэргүүцэх шийдвэрийг чөлөөт хүслээрээ гаргасан хэн нэгний өмнөөс ариун сүмийн ажлыг гүйцэлдүүлэх нь үр дүнтэй байдаг эсэхэд би эргэлздэг.

Хайрт ах, эгч нар аа, Есүс Христ биднийг Тэнгэрлэг эцэг эх рүүгээ гэртээ буцаж очин, хайртай хүмүүстэйгээ хамт байх гэрээний замаар явахыг урьдаг. Тэрээр “ирээд, Намайг дага” хэмээн урьдаг.

Одоо Түүний Сүмийн ерөнхийлөгчийн хувьд би Сүмээс өөрийгөө холдуулсан хүмүүсээс болон Аврагчийн Сүм сэргээгдсэн гэдгийг мэдэж авахыг үнэхээрийн эрэлхийлээгүй хүмүүсээс гуймаар байна. Өөрийнхөө төлөө олж мэдэхийн тулд сүнслэг ажлуудыг хий, яг одоо хийгээрэй гэж гуйя. Цаг дуусаж байгаа шүү.

Бурхан амьд хэмээн би гэрчилж байна. Есүс бол Христ. Түүний Сүм, Түүний сайн мэдээний бүрэн дүүрэн байдал бидний амьдралыг одоо төдийгүй энэ амьдралын дараа адислахын тулд сэргээгдсэн. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.