2010–2019
Бурханы эн тэргүүний сайн сайхан
2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Бурханы эн тэргүүний сайн сайхан

Бид Их Эзэнийг тэвчээртэйгээр хүлээж байхад хүртэл зарим адислал тэр даруй бидэнд ирдэг.

Хэдэн жилийн өмнө таван настай хүү маань над дээр ирээд “Аав аа, би нэг зүйлийг олж мэдлээ. Таны хувьд удахгүй гэдэг нь миний хувьд маш удаан цаг хугацаа юм байна гэдгийг би ойлголоо” гэж хэлсэн юм.

Их Эзэний эсвэл Түүний үйлчлэгчдийн хэлдэг “Үүнээс олон бус өдрийн дараа” эсвэл “Тэрхүү цаг тийм ч холгүй болжээ” гэх мэт үгс нь амьдрах хугацаа эсвэл түүнээс ч урт гэсэн утгатай байж болдог.1 Түүний цаг хугацаа ихэвчлэн биднийхээс өөр байдаг. Тэвчээр бол чухал зүйл. Үүнгүйгээр бид амьдрал болон аврал руу хөтөлдөг Бурханд итгэх итгэлийг хөгжүүлж бас харуулж ч чадахгүй. Гэхдээ өнөөдрийн миний захиас бол бид Их Эзэнийг тэвчээртэйгээр хүлээж байхад хүртэл зарим адислал тэр даруй бидэнд ирдэг тухай юм.

Алма болон түүний хүмүүс леменчүүдэд олзлогдсон байх үедээ чөлөөлөгдөхийн тулд залбирсан билээ. Тэд тэр даруй чөлөөлөгдөөгүй боловч тэд чөлөөлөгдөхийг тэвчээртэйгээр хүлээж байх үедээ Их Эзэн Өөрийнхөө сайн сайхныг тэр даруй өгсөн тодорхой адислалуудаараа үзүүлсэн. Тэрээр леменчүүдийн зүрх сэтгэлийг тэр даруй зөөлрүүлсэн бөгөөд ингэснээр леменчүүд тэднийг алаагүй. Тэрээр түүнчлэн Алмагийн хүмүүсийг хүчирхэгжүүлж, тэдний ачааг хөнгөлсөн.2 Тэд эцэстээ чөлөөлөгдөн, Зарахемла руу аялсан бөгөөд алмайрч гайхширсан сонсогчидтой өөрсдийн туршлагыг хуваалцжээ. Зарахемлагийн хүмүүс гайхширч, “Бурханы эн тэргүүний сайн сайхны талаар мөн Алмаг болон түүний ах дүүсийг … боолчлолоос чөлөөлсөн түүний хүчний тухай бодохдоо, тэд дуу хоолойгоо өргөн мөн Бурханд талархал илэрхийлэв.”3

Бурханы эн тэргүүний сайн сайхан Түүний нэрийг үнэн хүсэлтэйгээр, бүх зүрх сэтгэлээрээ дууддаг хэн бүхэнд ирдэг. Үүнд чөлөөлөгдөлт нь маш хол, зовлон зүдгүүр нь уртассан, бүр нэмэгдсэн мэт санагдах үед чин сэтгэлээсээ залбирдаг хүмүүс багтдаг.

Залуу бошиглогч яг л ийм байсан ба тэрээр чийгтэй хүйтэн гянданд зовж, бараг л үхэх шахахынхаа алдад “Ай Бурхан минь, та хаана байна вэ? … Таны гар хичнээн удаан хүлцэн тэвчих юм бэ …? Тийм ээ, Ай Их Эзэн минь, хичнээн удаан …?”4 гэж залбирсан. Хариуд нь, Их Эзэн Иосефыг тэр даруй чөлөөлөөгүй ч тэр даруй амар амгаланг ярьсан.5

Бурхан түүнчлэн эцсийн чөлөөлөлтөд итгэж найдах эн тэргүүний найдварыг өгдөг.6 Юу ч болсон бай мөн хаана ч байсан хамаагүй, Христэд мөн Христээр дамжин найдвар үргэлж бидний өмнө тод гэрэлтдэг.7 Найдвар тэр даруй бидний өмнө байх болно.

Үүнээс гадна, “Энэрэл хайр минь чамаас салахгүй”8 хэмээн Тэрээр амласан.

Юу юунаас ч илүү, Бурханы хайр бол эн тэргүүний юм. Юу ч “бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй”9 гэдгийг би Паулын хамт гэрчилж байна. Хэдийгээр хийсэн нүгэл маань Түүний Сүнснээс биднийг хэсэг хугацаагаар салгадаг ч гэсэн энэ нь Түүний тэнгэрлэг эцэгийн хайрын өөрчлөгдөшгүй, эн тэргүүний байдлаас биднийг салгаж чадахгүй.

Эдгээр нь “тэрээр [биднийг] тэр даруй адисалдаг”10 зарим арга зам юм. Одоо эдгээр зарчмыг амьдралд ойр болгохын тулд би хоёр хүний туршлагаас та нартай хуваалцах бөгөөд энэ хүмүүсийн амьдрал Бурханы эн тэргүүний сайн сайхны гэрчлэл болдог.

Эмили өсвөр наснаасаа эхлээд мансууруулах бодис хэрэглэдэг байжээ. Туршилт нь зуршил, зуршил нь эцэстээ донтолт болж, хэдийгээр үе үе сайжирдаг ч энэ нь түүнийг олон жилийн турш зовоодог байж. Эмили ялангуяа эхнэр, ээж болсныхоо дараа өөрийнхөө энэ асуудлыг тун сайтар нуусан байв.

Түүний чөлөөлөлтийн эхлэл огтхон ч чөлөөлөлт мэт санагдаагүй аж. Нэгэн удаа Эмили эрүүл мэндийн үзлэгт орж байснаа гэнэт хэвтэн эмчлүүлэхээр түргэний тэргээр эмнэлэгт хүргэгджээ. Хүүхдүүдээсээ болон нөхрөөсөө мөн гэрээсээ холдоно гэж бодсон тэрээр сандарч эхлэв.

Тэр орой хүйтэн, харанхуй өрөөнд ганцаархнаа байхдаа Эмили орондоо атиралдан хэвтээд, цурхиран уйлжээ. Түүний бодох чадвар багассаар эцэстээ сэтгэлийн түгшүүр, айдаст автаж, түнэр харанхуй өрөөг нь болон түүний бодгалийг дарангуйлах үед Эмили үнэндээ тэр шөнө үхнэ гэж боджээ. Гав ганцаархнаа.

Ийм цөхөрсөн нөхцөл байдалд орсон Эмили хүчээ шавхан, арай ядан орноос өнхөрч буугаад, өвдөглөн суулаа. Эмили өмнө нь зарим залбирлуудад нь илэрдэг байсан ямар нэгэн дүр эсгэх явдалгүйгээр Их Эзэнд өөрийнхөө амьдралыг бүрэн дүүрэн даатган, “Бурхан минь, Та надад хэрэгтэй байна. Надад туслаач. Би ганцаараа байхыг хүсэхгүй байна. Энэ шөнийг давахад надад туслаач” хэмээн аминчлан гуйжээ.

Хуучны Петрт үйлдсэн шиг, Есүс тэр даруй гараа сунган, түүний живж буй бодгалиас зууран авав.11 Эмилид гайхалтай тайвшрал, зориг, баталгаа, хайрын мэдрэмж төрөв. Өрөө нь хүйтэн байхаа больж, тэрээр ганцаараа биш төдийгүй 14 наснаасаа хойш анх удаа Эмили бүх зүйл зүгээр байх болно гэдгийг мэдэж авчээ. Эмили “Бурханы хувьд сэрсэн”12 ба тайван амгалан унтжээ. “Хэрэв та нар наманчилж зүрх сэтгэлээ хатууруулахгүй аваас, гэтэлгэлийн агуу их төлөвлөгөө тэр даруй та нарт үйлчлэх болно”13 гэдгийг бид ийнхүү харж байна.

Зураг
Ариун сүмд буй гэр бүл

Эмилигийн эдгэрэлд болон эцсийн чөлөөлөлтөд шаардагдсан олон сарын эмчилгээ, сургалт, зөвлөгөөний урт хугацааны турш Түүний сайн сайхан Эмилиг дэмжиж, заримдаа өргөж байсан билээ. Мөн уг сайн сайхан нь түүнийг нөхөр, хүүхдүүдтэйгээ ариун сүмд орж, хамтдаа үүрд лацдан холбогдох үед хамт байсаар байсан. Зарахемлагийн хүмүүсийн нэгэн адил, Эмили өөрийг нь боолчлолоос чөлөөлсөн Бурханы эн тэргүүний сайн сайхны тухай болон хүчний талаар эргэцүүлэн бодохдоо талархдаг.

Одоо, өөр нэгэн зоригтой итгэгчийн амьдралаас хуваалцъя. 2013 оны 12-р сарын 27-нд Алишиа Шрёдер гэрт нь гэнэт ирсэн дотнын найзууд болох Шон, Шарла Чилкот нарыг баяр хөөртэй угтан авав. Шон Алишиагийн бишоп байсан бөгөөд өөрийнхөө гар утсыг түүнд өгөөд, чин сэтгэлээсээ “Алишиа, бид чамд хайртай. Чи энэ хүнтэй ярих хэрэгтэй” гэж хэлжээ.

Алишиагийн нөхөр Марио утасны цаана байв. Нөхөр нь алслагдсан газар хүүхдүүдийнхээ заримтай нь хүсэн хүлээсэн цасны моторт чаргатай аялал хийж байсан бөгөөд тэнд аймшигтай осол болсон байлаа. Марио маш хүнд гэмтсэн ба тэдний 10 настай хүү Калэб нь нас барсан байв. Марио Алишиад Калэбын үхлийн талаар уйлан байж дуулгахад тэрээр бидний цөөхөн хэдэн хүн л мэдэх гэнэтийн цочролд орсон юм. Энэ нь түүнийг унахад хүргэсэн. Асар их зовлон шаналлаасаа болж Алишиа хөдөлж ч бас ярьж ч чадахгүй болсон байв.

Бишоп, Чилкот эгч хоёр хурдхан түүнийг түшиж аваад өргөв. Тэд уйлалдан, хамтдаа хэсэг хугацаанд тун их гашууджээ. Тэгээд бишоп Чилкот Алишиад адислал санал болгосон байна.

Дараа нь болсон зүйлийг Есүс Христийн Цагаатгал, Бурханы эн тэргүүний сайн сайхны тухай ойлголтгүйгээр ухаарах боломжгүй. Бишоп Чилкот Алишиагийн толгой дээр гараа зөөлхөн тавиад, чичирсэн хоолойгоор ярьж эхлэв. Алишиад Бурхан Өөрөө ярьж байгаа мэт санагдан, хоёрхон зүйлийг л сонссон ажээ. Эхлээд, тэрээр Алишиа Сюзан Шрёдер хэмээх өөрийнхөө нэрийг сонссон. Дараа нь, Бүхнийг Чадагч Бурханы эрх мэдлийг урин дуудаж байгааг сонссон. Яг тэр үед, түүний нэрийг болон Бурханы хүчийг дурдах төдийд Алишиа дүрсэлж ч чадахааргүй амар амгалан, хайр, тайтгарлыг мэдэрснээс гадна, яагаад ч юм баяр баяслаар дүүрсэн байна. Мөн энэ мэдрэмж нь түүнд мэдрэгдсээр байв.

Мэдээж, одоо Алишиа, Марио хоёр болон тэдний гэр бүл Калэбыг үгүйлэн санаж, гашуудсан хэвээрээ байгаа. Энэ үнэхээр хэцүү! Намайг түүнтэй ярих болгонд Алишиагийн нүдэнд нулимс дүүрч, бяцхан хүүдээ ямар их хайртайгаа мөн хэчнээн их санадаг тухайгаа хэлдэг. Агуу Чөлөөлөгч түүнийг хамгийн их шаналж, цөхөрч байх үед эхлээд Өөрийнхөө эн тэргүүний сайн сайхнаар дэмжин тэтгэж, зовлон бэрхшээлээ туулахад нь хэрхэн тусалсан мөн үргэлжлүүлэн “үүнээс олон бус өдрийн дараа” тохиох гайхалтай дахин уулзалтын гэгээлэг найдварыг өгсөн тухай нүдэндээ нулимстайгаар ярьдаг.

Амьдралын туршлага заримдаа Эмили, Алишиа нарт ирсэн тусламжийг хүлээн авах эсвэл таних эсвэл хадгалж үлдэхийг ярвигтай болгодог эргэлзээ, хүндрэл бэрхшээл үүсгэдэг гэдгийг би ойлгодог. Би иймэрхүү цаг үеүдийг үзсэн. Иймэрхүү үед бид хамгаалагддаг нь Бурханы эн тэргүүний сайн сайхны жинхэнэ ба хүчирхэг илэрхийлэл гэдгийг би гэрчилж байна. Эртний Израил өдрөөс өдөрт “тэднийг хамгаалсан мөнхүү тэр Бурханаар”14 эцэстээ чөлөөлөгдсөн гэдгийг сана.

Есүс Христ бол Агуу Чөлөөлөгч бөгөөд хэрвээ та нар Түүнд үнэн хүсэлтэйгээр, бүх зүрх сэтгэлээсээ хандвал Тэрээр амьдрал, баяр баяслыг тань багасгах юм уу устгахаар заналхийлдэг бүх зүйлээс та нарыг чөлөөлөх болно гэдгийг би Түүний нэрээр амлан, гэрчилж байна. Тэрхүү чөлөөлөлт та нарын хүсэж байгаагаас удаан, магадгүй нэг насны амьдрал эсвэл түүнээс ч урт хугацаанд ирж магадгүй. Тиймээс, эцсийн чөлөөлөлтийн өдөр хүртэл та нарыг тайтгаруулж, зоригжуулж, найдвар өгч мөн та нарыг дэмжиж, хүчирхэгжүүлэхийн тулд би Бурханы эн тэргүүний сайн сайхныг Есүс Христийн нэрээр магтаж мөн гэрчилж байна, амен.