Бид бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм
Сүм бол барилга байгууламж, шашны бүтцээс хавьгүй илүү зүйл юм. Сүм бол Христээр тэргүүлүүлж, Түүний бошиглогчоор төлөөлүүлсэн гишүүд бид өөрсдөө юм.
“Ирээд, хар”1 хэмээх урилгыг хүлээн авсныхаа дараа, би 26 насандаа анх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд очсон юм. Тэр үед би анхны нөхрөөсөө салаад удаагүй, мөн гурван настай хүүгийнхээ хамт амьдардаг байлаа. Айдас хүйдэст автан, ямар ч хүч чадалгүй мэт санагдаж байв. Сүмийн байр луу орох үедээ, тэнд байсан хүмүүсийн итгэлтэй, баяр баясгалантай байдлыг хараад надад халуун дулаан мэдрэмж төрсөн. Энэ бол жинхэнэ “шуурганд хоргодох байр”2 байсан юм. Гурван долоо хоногийн дараа би Тэнгэрлэг Эцэгтэй баптисмын гэрээ байгуулж, Христийн шавийн хувьд аяллаа эхлүүлсэн ч миний амьдрал энэ аяллын туршид шулуун дардан байгаагүй.
Миний хувьд эдгээр мөнхийн адислалыг хүлээн авахын тулд бие махбод, оюун санааны хувьд олон хүчин зүйлийг бэлтгэх шаардлагатай байв. Есүс Христийн сайн мэдээ сэргээгдэж, тунхаглагдсан; цуглааны байр нь баригдаж, засварлагдсан; бошиглогчоос эхлээд орон нутгийн удирдагч хүртэлх бүтэцтэй, гэрээт гишүүдээр дүүрэн нэгэн салбар хүү бид хоёрыг Аврагч дээр авчрагдах үед угтан авахад бэлэн байсан. Тэнд бид “Бурханы сайн үгээр тэжээгдэн,”3 үйлчлэх боломжтой болсон юм.4
Эхлэлээс Бурхан “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг авчрах[ын]”6 тулд Өөрийн хүүхдүүдийг цуглуулж, зохион байгуулахыг5 эрэлхийлсээр иржээ. Ийм зорилготойгоор Тэр бидэнд шүтэн бишрэх газар барихыг зарлигласан.7 Тэнд бид аврал, өргөмжлөлийн мэдлэг, ёслолуудыг хүлээн авч, биднийг Есүс Христтэй холбодог гэрээг байгуулж сахин;8 мөн “бурханлиг чанарын хүч[ээр]” хувийн хишиг хүртэж;9 Есүсийг санаж, Түүн дотор нэг нэгнээ хүчирхэгжүүлэхийн тулд ойр ойрхон цугладаг.10 Сүмийн байгууллагууд болон барилгууд бидний сүнслэг тусын тулд оршдог. “Сүм бол бидний хувьд мөнхийн гэр бүлүүдийг төлөвшүүлэх гол түшиц газар мөн.”11
Хүнд хэцүү үеийг туулж яваа найзтайгаа ярилцаж байхдаа би түүний санхүүгийн байдал хэр байгааг асуув. Тэр нулимс дуслуулан байж, бишоп түүнд мацгийн өргөлийн сангаас тусалж байгаа гэж хариулсан юм. Мөн “Сүм байгаагүй бол манай гэр бүлийнхэн яах байсныг мэдэхгүй” гэж нэмж хэлэв. Тэр үед би “Сүм гэдэг бол гишүүд. Тэд бол тусламж хэрэгтэй нэгэндээ туслахын тулд дуртайяа, баяр хөөртэйгөөр мацгийн өргөл өргөдөг хүмүүс. Та Есүс Христийг дагах тэдний итгэл, шийдэмгий байдлын үр жимсийг хүлээн авч байна” гэж хариулсан.
Христийн шавь нар аа, бидний алдаа дутагдлаас үл хамааран Их Эзэний биднээр буюу Сүмээрээ дамжуулан гүйцэтгэж буй гайхамшигт ажлыг дутуу үнэлэхгүй байцгаая. Бид заримдаа өгөгч, заримдаа хүлээн авагч болдог ч бүгд Христ дотор нэг гэр бүл. Түүний Сүм бол Түүнийг шүтэн биширч, бие биедээ үйлчлэх үед биднийг удирдан чиглүүлж, адислахын тулд Түүний өгсөн бүтэц юм.
Зарим эгч Хүүхдийн хэсэгт эсвэл Залуу эмэгтэйчүүдэд үйлчилдгээсээ болоод Халамжийн нийгэмлэгт идэвхтэй оролцож чадахгүй байгаадаа надаас уучлалт гуйж байсан. Эдгээр эгч бидний эрдэнэт хүүхэд, өсвөр үеийнхнийг Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь тусалдаг тул Халамжийн нийгэмлэгийн хамгийн идэвхтэй гишүүдийн нэг гэсэн үг.
Халамжийн нийгэмлэг зөвхөн байрны нэг өрөө, ням гаргийн хичээл, үйл ажиллагаагаар эсвэл орон нутгийн юм уу ерөнхий түвшний ерөнхийлөгчийн зөвлөлөөр хязгаарлагдахгүй. Халамжийн нийгэмлэг бол Сүмийн гэрээт эмэгтэйчүүд. Энэ бол бидний хүн нэг бүр буюу бид бүгд юм. Энэ бол бидний “энэрэл нигүүлсэл, үйлчлэлийн дэлхийн хэмжээний хамтын нийгэмлэг.”12 Бид дангаараа эсвэл хамтаараа13 “ядуурал, өвчин зовлон, эргэлзээ, мэдлэггүй байдал буюу өсөлт хөгжил, баяр баясгаланд саад болдог бүхий л зүйлсээс ангижрахад туслах”14 замаар Бурханы ажлыг гүйцэлдүүлэх өөрсдийн бурханлаг үүргийг биелүүлэхийг хичээх үедээ хаана ч байлаа гэсэн үргэлж Халамжийн нийгэмлэгийн гишүүн хэвээрээ юм.
Энэ нь манай хүүхэд, өсвөр үеийнхнийг оролцуулаад бүх насны ахлагчийн чуулга, Сүмийн байгууллагуудад ч мөн адил хамаатай. Сүм бол барилга байгууламж болон шашны бүтцээс хавьгүй илүү зүйл юм. Сүм бол гишүүд бид өөрсдөө билээ. Бид бол Христээр тэргүүлүүлж, Түүний бошиглогчоор төлөөлүүлсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм. Их Эзэн бидэнд ингэж хэлсэн.
“Болгоогтун, энэ бол миний сургаал—наманчилж мөн надад ирэх хэн ч болов мөнхүү тэр нь миний сүм мөн. …
Мөн эдүгээ… миний сүмийнх, мөн эцсээ хүртэл тэвчдэг миний сүмийн хэнийг боловч, түүнийг би өөрийн хадан дээр төлөвшүүлэх болно.”15
Ах, эгч нар аа, Есүс Христийн сүмд харьяалагдах нь хэчнээн их аз завшаан болохыг ойлгож ухаарцгаая. Тэнд бид итгэл, зүрх сэтгэл, хүч чадал, оюун ухаан, гараа нэгтгэж, Түүний хүчирхэг гайхамшгийг үйлдэх боломжтой байдаг. “Учир нь [Христийн Сүмийн] биеийн эрхтэн ганц биш, харин олон.”16
Өсвөр насны нэгэн хүү ээждээ “Би багадаа аравны нэгд нэг доллар өгөх бүрдээ, энэ нэг доллараар цуглааны байрыг бүхэлд нь барьдаг гэж боддог байсан. Инээдтэй байна уу?” гэж хэлжээ.
Ээжийнх нь сэтгэл хөдлөн, “Ямар хөөрхөн юм бэ! Чи тэгж төсөөлөн боддог байсан юм уу?” гэж асуухад
Тэр “Тийм ээ!” гэж уулга алдаад, “Би үзэсгэлэнтэй, сая сая цуглааны байрыг төсөөлдөг байсан!”17 гэж хэлэв.
Хайрт найзууд аа, бяцхан хүүхдийнхтэй адил итгэлтэй байж, бидний хийж буй багахан хүчин чармайлт ч Бурханы хаант улсад чухал өөрчлөлт авчирдаг гэдэгт баясацгаая.
Түүний хаант улс дахь бидний зорилго бол бие биеэ Христ рүү авчрах явдал юм. Бидний судраас уншдагчлан, Аврагч нифайчуудад дараах урилгыг илгээжээ.
“Та нарын дунд өвчтөнүүд байна уу? Тэднийг нааш авчрагтун. Та нарын дунд … ямар нэгэн байдалд зовж зүдэрсэн нэгэн байна уу? Тэднийг нааш авчрагтун мөн би тэднийг эдгээх болно, учир нь та нарыг өрөвдөх сэтгэл надад буй; зүрх сэтгэл минь нигүүлслээр дүүрэв.
…Та нарыг эдгээхэд итгэл тань хангалттайг би харж байна.”18
Бид бүгдээрээ Аврагчийн хөлд тавьж болох зовлон зүдгүүртэй биш гэж үү? Бидний зарим нь бие махбодын бэрхшээлтэй тулгардаг бол олон нь сэтгэл санааны зөрчилдөөнтэй тэмцэлдэж, бусад нь нийгмийн харилцаа холбоогоо хөгжүүлэхийн тулд зовж, бидний сүнс соригдсон үед амралтыг эрж хайдаг. Бид бүгд ямар нэгэн байдлаар зовж зүдэрцгээсэн.
“Бүх цугласан олон, нэгэн зэрэг, өвчтэй … мөн ямар нэгэн байдлаар зовж зүдэрсэн тэд бүгдтэйгээ урагшлав; мөн тэрбээр тэднийг түүнд авчрагдахад нэг бүрчлэн эдгээв.
Мөн тэд бүгд, эдгээгдсэн тэд мөн эрүүл байсан тэд аль аль нь, түүний хөлд доош бөхийн мөн түүнийг бишрэв”19 гэж бид уншдаг.
Аравны нэгээ итгэлтэй төлдөг бяцхан хүүгээс эхлээд Их Эзэний хүчирхэгжүүлэгч нигүүлсэл хэрэгтэй байгаа ганц бие ээж; гэр бүлээ тэжээхээр тэмцэж яваа эцэг; аврал, өргөмжлөлийн ёслол хэрэгтэй байгаа бидний өвөг дээдэс гээд Бурхантай долоо хоног бүр гэрээгээ шинэчилдэг бидний хүн нэг бүр бие биедээ хэрэгтэй бөгөөд бид бие биеэ Аврагчийн гэтэлгэгч эдгэрэлд авчирч чадна.
Хайрт ах, эгч нар аа, өөрсдийгөө болон зовлон зүдгүүрээ Түүнд авчир гэсэн Есүс Христийн урилгыг дагацгаая. Бид Түүн дээр ирж, хайртай хүмүүсээ Түүнд авчрах үед Тэр бидний итгэлийг хардаг. Тэр тэднийг мөн биднийг бүтэн болгоно.
“Христийн амгалан дөлгөөн дагалдагчд[ын]”20 хувьд бид “нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай”21 болохын тулд мөн даруухан, хүлцэнгүй, эелдэг, харьцахад амархан, тэсвэр мөн тэвчээрээр дүүрэн, бүх зүйлд биеэ барьж ханддаг, Бурханы зарлигуудыг дагахдаа цаг үргэлж шаргуу, итгэл, найдвар энэрэнгүй байдлаар дүүрэн мөн сайн үйлс хийдэг22 байхын төлөө хичээж байгаа. Бид Есүс Христтэй адил болохоор хичээдэг.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зааснаар, бид Христийн Сүмийн хувьд “бидний Аврагч, Гэтэлгэгч, Есүс Христ одооноос эхлээд Өөрөө дахин ирэх хүртэл гайхамшигт үйлсийнхээ заримыг үйлдэх”23 зэмсэг гэдгийг би гэрчилж байна.
Их Эзэн бидэнд ингэж хэлсэн.
“Болгоогтун, бибээр өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулах болно.
Мөн та нар өөрсдийгөө хамтад нь цуглуул, мөн өөрсдийгөө зохион байгуул, мөн өөрсдийгөө бэлтгэ, мөн өөрсдийгөө ариусга хэмээх зарлигийг энэхүү эцсийн хаант улсын анхны хөдөлмөрлөгчид болох та нарт би өгч байна; тийм ээ, би та нарыг цэвэр ариун болгож болохын тулд зүрх сэтгэлээ цэвэршүүл, мөн миний өмнө гараа мөн хөлөө цэвэршүүлэгтүн.”24
Энэхүү бурханлаг урилгыг хүлээн авч, баяр хөөртэйгөөр цугларч, өөрсдийгөө зохион байгуулж, бэлтгэж, ариусгах болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр даруухнаар залбирч байна, амен.