Ерөнхий чуулган
Бурхан ялах болтугай
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Бурхан ялах болтугай

Та амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн үү? Та Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгоход бэлэн үү?

Хайрт ах, эгч нар аа, энэхүү чуулганы гайхалтай мэдэгдлүүдэд болон та бүхэнд хандан ярих боломжтой байгаадаа би хэчнээн талархаж байна вэ.

36 гаруй жил төлөөлөгч байх хугацаанд маань Израилыг цуглуулах тухай сургаал миний анхаарлыг ихэд татсан.1 Энэ тухай бүх зүйл, тухайлбал, тохинуулал, Абрахам, Исаак, Иаков гурвын нэр, тэдний амьдрал ба эхнэрүүд2, Бурханы тэдэнтэй байгуулсан, удам угсаагаар нь дамжиж ирсэн гэрээ,3 арван хоёр омгийг тараах болсон нь мөн өнөө үед тэднийг цуглуулахын тулд өгөгдсөн олон бошиглол миний сонирхлыг татсан.

Би цугларалтын талаар судалж, залбиран, холбогдох судар болгон дээр найрлаж, Их Эзэнээс ойлголтыг минь нэмэгдүүлж өгөхийг гуйж байв.

Тэгээд саяхан шинэ мэдлэг олж авсандаа би ямар их баярласныг төсөөл дөө. Хоёр еврей эрдэмтний тусламжтайгаар би Израил хэмээх үгийн еврей хэлний нэг утга нь “Бурхан ялах болтугай”4 гэсэн утгатай болохыг мэдэж авсан. Тиймээс Израил гэх энэ нэр амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн хүнийг хэлдэг гэсэн үг юм. Энэ ойлголт бодгалийг минь үнэхээр хөглөсөн!

Бэлэн гэдэг үг Израил гэдэг үгийн орчуулгад нэн чухал.5 Бид бүгдэд сонгох эрх бий. Бид Израилынх байх эсэхээ сонгох боломжтой. Бид Бурханыг амьдралдаа ялуулах эсэхээ сонгож болно. Бид бас Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгох эсэхээ сонгож болно.

Одоо бүгдээрээ Абрахамын ач хүү болох Иаковын амьдралыг өөрчилсөн чухал цаг үеийг эргэн санацгаая. Иаковын Пениел (энэ нь “Бурханы царай” гэсэн утгатай)6 гэж нэрлэсэн газарт Иаков ноцтой сорилттой тулгарчээ. Түүний сонгох эрх соригдсон юм. Ийн соригдсоноор Иаков өөрт нь юу хамгийн чухал болохыг баталжээ. Тэр амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн байгаагаа харуулсан. Хариуд нь Бурхан Иаковын нэрийг “Бурханыг ялуулах болтугай” гэсэн утгатай Израил7 болгон өөрчилсөн билээ. Бурхан дараа нь Абрахамын дээр буулгасан бүх адислалаа Израилд бас амлав.8

Харамсалтай нь, Израилын үр удмынхан Бурхантай байгуулсан гэрээнүүдээ зөрчжээ. Тэд бошиглогчдыг чулуугаар хөнөөж, Бурханыг амьдралдаа ялуулахад бэлэн бус байв. Улмаар Бурхан тэднийг дэлхийн дөрвөн зүгт тараасан юм.9 Хожим нь Тэрээр тэднийг нигүүлсэж, Исаиагийн хэлснээр “Би чамайг эгшин зуур орхисон боловч Агуу өршөөл энэрлээр чамайг цуглуулна”10 хэмээн амласан.

Израил гэдгийг еврей тодорхойлолтын хүрээнд авч үзвэл, Израилын цугларалт гэдэг нь илүү олон утгыг илэрхийлдэг. Бурханыг амьдралдаа ялуулахад бэлэн хүмүүсийг Их Эзэн цуглуулж байна. Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөлөл байлгахыг сонгосон хүмүүсийг Их Эзэн цуглуулж байна.

Олон зууны туршид бошиглогчид энэ цугларалтын тухай зөгнөн хэлсэн байдаг11 ба яг одоо ид өрнөж байна! Их Эзэний Хоёр дахь ирэлтийн өмнөх нэн чухал оршил үйл явдлын хувьд энэ нь дэлхий дээрх хамгийн чухал ажил билээ!

Энэхүү мянган жилийн өмнөх цугларалт олон сая хүний итгэл болоод сүнслэг эр зоригийг өргөжүүлэн тэлэх хувь хүний баатарлаг үйлийн дууль юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн буюу “хожмын үеийн гэрээт Израилын”12 хувьд бид Их Эзэний энэ чухал ажилд туслах үүрэг хүлээсэн.13

Бид хөшигний хоёр талд Израилыг цуглуулах ажлын талаар ярихдаа мэдээж номлол, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын тухай ярьдаг. Бид мөн хамт амьдардаг, ажилладаг, үйлчилдэг хүмүүсийнхээ зүрх сэтгэлд итгэл, гэрчлэлийг нь бататгах тухай ярьдаг. Бид ямар ч үед хөшигний аль аль талд байгаа хэнд ч болов Бурхантай гэрээ байгуулж, түүнийгээ сахихад нь туслахдаа Израилыг цуглуулахад тусалж байдаг.

Саяхан манай нэг ач хүүгийн эхнэр сүнслэг байдлын хувьд бэрхшээлтэй тулгарсан юм. Би түүнийг “Жилл” гэж нэрлэе. Мацаг барьж, залбирч, санваарын адислал авсан ч Жиллийн аавын амьдрах хугацаа дуусаж байлаа. Тэр аавыгаа болон гэрчлэлээ хоёуланг алдана гэхээс айж байсан юм.

Нэгэн үдэш миний эхнэр Вэнди Нэлсон эгч надад Жиллийн нөхцөл байдлын тухай хэлэв. Маргааш өглөө нь намайг сүнслэг байдлын хувьд бэрхшээлтэй байгаа Жиллд туслах ганцхан үгийг түүнтэй хуваалцах нь зүйтэй гэсэн бодол Вэндид төржээ. Тэр нь миопи гэсэн үг байв.

Намайг анх энэ үгийг хэлэхэд маш их цочирдсон гэж Жилл дараа нь Вэндид хэлж билээ. Тэр “Өвөө маань миний аавын талаар гайхамшигт амлалт өгнө гэж би найдаж байсан. Яагаад түүнд миопи гэсэн ганц үгийг хэл гэсэн мэдрэмж төрсөн юм бол гэж би их бодсон” гэдгээ хэлсэн юм.

Жиллийн аавыг нас барсны дараа миопи гэсэн үг түүний санаанаас гарахгүй байжээ. Тэр үүнийг илүү сайн ойлгохыг хүсэж, зүрх сэтгэлээ нээн, миопи гэдэг нь ойрын бодолтой, алсын хараагүй гэсэн үг байсныг мэдэж авав. Энэ нь түүний бодол санааг өөрчилсөн юм. Жилл дараа нь “миопи гэдэг үг надад амсхийх, эргэцүүлэн бодох, эдгэрэх сэдэл өгсөн. Одоо энэ үг намайг амар амгалангаар дүүргэдэг. Энэ нь надад алсын хараагаа тэлж, мөнхийн зүйлсийг эрэлхийлэхийг сануулдаг болсон. Энэ нь надад тэнгэрлэг төлөвлөгөө байгаа мөн аав минь амьд хэвээрээ бөгөөд намайг хайрлаж, харж ханддаг гэдгийг сануулдаг болсон. Миопи гэх энэ үг намайг Бурханд авчирсан” гэж хэлсэн.

Би хайртай, эрхэм нандин бэр охиноороо маш их бахархаж байна. Зүрх сэтгэлийг нь эмтэлсэн хамгийн хэцүү зүйл тохиолдсон энэ цаг үед хайрт Жилл маань аавынхаа талаарх Бурханы тааллыг мөнхийн талаас нь харж, хүлээн авч сурч байна. Бурханыг ялуулахад бэлэн байх сонголтыг хийснээр тэр амар амгаланг олж байгаа.

Хэрэв бид ийм боломж олгох аваас еврей хэлэнд хэрэглэгддэг Израил гэсэн үгийн тайлбар бидэнд олон арга замаар тус болж болно. Энэ ойлголтын хүрээнд авч үзвэл, номлогчдынхоо төлөө мөн Израилыг цуглуулахын тулд гаргаж байгаа хичээл зүтгэлийнхээ төлөө залбирах залбирал маань хэрхэн өөрчлөгдөхийг төсөөлөөд үзээрэй. Бид Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний үнэнийг хүлээн авахад бэлэн хүмүүс рүү биднийг болон номлогчдыг маань чиглүүлж өгнө үү хэмээн байнга залбирдаг. Амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн хүмүүсийг олоход тусална уу хэмээн гуйхад биднийг хэн рүү чиглүүлэх бол гэж би гайхан боддог.

Бурханд юм уу Есүс Христэд итгэж байгаагүй ч одоо Тэдний талаар болон аз жаргалын төлөвлөгөөнийх нь талаар мэдэхийг хүсэж байгаа хүмүүс рүү ч хөтөлж магадгүй. Зарим нь “гэрээнд төрсөн”14 байж болох ч гэрээний замаасаа холдсон байж болно. Тэд одоо наманчлан, эргэн ирж, Бурханыг ялуулахад бэлэн болсон байж болох шүү дээ. Бид тэднийг гараа дэлгэн, зүрх сэтгэлээ нээн хүлээн авч, дэмжин тусалж болно. Мөн бидний хөтлөгдөн очсон зарим хүн маань амьдралд нь ямар нэгэн зүйл дутагдаж байгааг үргэлж мэдэрдэг байсан байж болно. Тэд ч гэсэн амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн хүмүүст ирдэг сайн сайхан, баяр баясгаланг хүсэж байж болох юм.

Тараагдсан Израилыг цуглуулах сайн мэдээний тор өргөн цар хүрээг хамардаг. Есүс Христийн сайн мэдээг бүрэн дүүрэн хүлээн авах хүн бүрд орон зай бий. Хөрвөгч бүр төрж эсвэл үрчлэгдэх замаар Бурханы гэрээт хүүхдүүдийн нэг15 болдог. Тэдний хүн нэг бүр Израилын итгэлтэй хүүхэд бүрдээ Бурханы өгөхөөр амласан бүхнийг хүлээн авах өв залгамжлагч болдог!16

Бидний хүн нэг бүр Бурханы хүүхэд тул тэнгэрлэг чадавх хүн бүрд бий. Хүн бүр Түүний мэлмийн өмнө эрх тэгш юм. Энэхүү үнэн гүн гүнзгий үр дагавартай. Ах, эгч нар аа, миний хэлэх гэж байгаа үгийг чих тавин сонсоно уу. Бурхан нэг үндэстэн ястныг нөгөөгөөс илүүд үздэггүй. Энэ талаарх Түүний сургаал маш тодорхой. Тэрээр “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм”17 бүх хүнийг Өөр дээрээ ирэхэд урьдаг.

Бурханы өмнө эзлэх байр суурийг тань арьсны өнгөөр тодорхойлдоггүй гэдгийг би баталж байна. Бурханы тааллыг олох, алдах нь таны арьсны өнгөөс биш, харин Бурханд болон Түүний зарлигуудад хэр үнэнч байгаагаас хамаардаг.

Дэлхийн хар арьстан ах, эгч нар маань арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж, ад үзэгдэж ирсэнд би харамсдаг. Өнөөдөр би бүхий л газарт байгаа гишүүддээ хандан ялгаварлан гадуурхах хандлага, үйлдлээс салах тал дээр манлайлахыг уриалж байна. Би Бурханы бүх хүүхдийг хүндлэх үзлийг дэмжихийг та нараас гуйж байна.

Бидний хүн нэг бүрд тавих асуулт арьс өнгөөс үл хамааран нэг л байдаг. Та амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн үү? Та Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгоход бэлэн үү? Та Түүний үгс, зарлиг, гэрээнүүдэд өдөр бүр үйлддэг зүйлдээ нөлөөлөх боломж олгох уу? Түүний дуу хоолойг бусдаас чухалд тавихыг та хүлээн зөвшөөрөх үү? Түүний танаар хийлгэх гэсэн зүйлийг бусад бүх амбицаасаа дээгүүр тавихад та бэлэн үү? Та өөрийн хүслийг Түүний таалалд нийцүүлэхэд бэлэн үү?18

Ийнхүү бэлэн байх нь таныг хэрхэн адисалж болохыг та бодоод үзээрэй. Хэрэв та гэрлээгүй, мөнхийн ханиа хайж байгаа бол “Израилынх” байх таны хүсэл хэнтэй, хэрхэн болзохоо шийдэхэд тань тусална.

Хэрэв та гэрээнүүдээ зөрчсөн хамтрагчтай гэрлэсэн бол Бурханыг амьдралдаа ялуулахад бэлэн байгаа тань Бурхантай байгуулсан гэрээгээ хэвээр авч үлдэх боломжийг танд олгоно. Аврагч таны харууссан зүрхийг эдгээнэ. Таныг цаашид хэрхэн амьдрахаа мэдэхийг хүсэх үед тэнгэрийн үүд хаалга нээгдэх болно. Та хэрэн хэсүүчилж эсвэл төөрөлдөх хэрэггүй.

Хэрэв танд сайн мэдээний тухай болон Сүмийн талаар үнэхээр мэдэхийг хүссэн асуулт байвал Бурханыг амьдралдаа ялуулах сонголтыг хийснээр та амьдралын тань замыг зааж, гэрээний зам дээрээ баттай зогсоход тань туслах өөрчлөгдөшгүй, мөнхийн үнэнийг олж, ойлгоход чиглүүлэгдэх болно.

Та уруу татагдахдаа, тэр бүү хэл туйлдаж, ганцаардаж эсвэл буруугаар ойлгогдсон үед тань уруу таталтууд ирэх үед Бурханыг амьдралдаа ялуулах сонголтыг хийж, Түүнээс өөрийгөө хүчирхэгжүүлэхийг хүсэн гуйхад ямар их зориг шаардагдахыг төсөөлөөрэй.

Хэрвээ та Бурханыг ялуулах, Израилын нэгэн хэсэг байхыг хамгийн их хүсэж байвал олон шийдвэрийг гаргахад амар хялбар байх болно. Маш олон асуудал асуудал байхаа болино! Та өөрийгөө хэрхэн хувцаслахаа мэдэх болно. Та юу үзэх, юу унших, чөлөөт цагаа хаана, хэнтэй хамт өнгөрүүлэхээ мэднэ. Та юунд хүрэхийг хүсэж байгаагаа ч мэднэ. Та үнэндээ яг ямар хүн болохыг хүсэж байгаагаа мэддэг болно.

Хайрт ах, эгч нар аа, Бурханыг ялуулахад итгэл, зориг хоёрын аль аль нь шаардлагатай. Наманчилж, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан эгэл хүнээ орхиход тууштай, нэлээн шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай.19 Сайн мэдээнээс суралцах, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай илүү сайн судлах, хувийн илчлэлт эрэлхийлэх, хариу үйлдэх зэрэг хувийн дадал хэвшлийг суулгахын тулд тасралтгүй, өдөр тутам хүчин чармайлт гаргах шаардлагатай.

Төлөөлөгч Паулын бошиглосон энэ хүнд хэцүү цаг үед20 Сатан Бурханы төлөвлөгөөг дайрч давшилж байгаагаа нуухыг оролдохоо ч больсон байна. Хилэнцтүүд энд тэндгүй хүчээ авчээ. Тиймээс сүнслэг байдлын хувьд амьд гарах цорын ганц арга зам бол Бурханыг амьдралдаа ялуулж, Түүний дуу хоолойг сонсож суран, Израилыг цуглуулахад өөрсдийн эрч хүчийг зарцуулахад шийдвэр төгс байх явдал юм.

Тэгэхлээр, Бурханыг ялуулахад бэлэн хүмүүсийн талаар Их Эзэн ямар бодолтой байдаг вэ? Нифай “[Их Эзэн] өөрийг нь Бурханаа болгогч тэднийг хайрладаг. Болгоогтун, тэрээр бидний эцэг өвгөдийг хайрлаж, тийм ээ, бүр Абрахам, Исаак мөн Иаковыг, мөн тэрээр тэдэнтэй гэрээ хийсэн билээ; мөн тэрээр өөрийн хийсэн гэрээнүүдийг санасан буюу; иймийн тул, тэрээр тэднийг Египет газраас гарган авчирсан бөлгөө”21 хэмээн үүнийг сайхан дүгнэж хэлсэн байна.

Тэгэхлээр, Их Эзэн Израилын төлөө юу хийхэд бэлэн байдаг вэ? Их Эзэн “[бидний] тулалдаануудад, мөн [бидний] хүүхдүүдийн тулалдаануудад, тэдний хүүхдүүдийн хүүхдүүдийнхэд ч мөн адил, гурав дахь мөн дөрөв дэх үедээ [бидний төлөө] байлдах болно”22 хэмээн амласан!

Таныг ирэх 6 сарын турш судраас суралцахдаа Их Эзэн гэрээт Израилын төлөө юу хийхээр амласныг жагсаан бичихэд уриалж байна. Та нар гайхах болно! Тэдгээр амлалтын талаар тунгаан бодоорой. Энэ тухай гэр бүл, найз нөхөдтэйгөө ярилцаарай. Харин дараа нь амьдралд тань энэ амлалтууд хэрхэн биелэхийг хараарай.

Хайрт ах, эгч нар аа, та амьдралдаа Бурханыг ялуулах сонголтыг хийснээр Бурхан бол “гайхамшгийн Бурхан”23 болохыг өөрийн биеэр мэдэж авах болно. Хүмүүс бид Түүний гэрээт хүүхдүүд бөгөөд бид Түүний нэрээр дуудуулах болно. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. Би 36 жил төлөөлөгч байхдаа 800 гаруй захиас өгсний хамгийн багадаа 378-д нь Израилын тухай ярьсан байдаг.

  2. Еврей хэлэнд Абрам гэдэг нь “өргөмжлөгдсөн эцэг” гэсэн утгатай хүндтэй нэр ажээ. Харин Бурхан энэ нэрийг Абрахам болгон өөрчлөхөд уг нэр илүү агуу, “үй түмний эцэг” гэсэн утгыг илэрхийлэх болсон. Үнэндээ, Абрахам “олон үндэстний эцэг” болох байлаа (Эхлэл 17:5; Нехемиа 9:7-г үзнэ үү.)

  3. Энэ дэлхийн Аврагч Абрахамын үр удмаар дамжин төрнө, Абрахам тодорхой заасан газрыг өвлөж авна мөн бүх үндэстэн ястан түүний удам угсаагаар дамжин адислагдах болно гэсэн гэрээг Их Эзэн Бурхан Иехова Абрахамтай байгуулсан (Bible Dictionary, “Abraham, covenant of”-ийг үзнэ үү).

  4. Bible Dictionary, “Israel”-ийг үзнэ үү.

  5. Судруудад Израил хэмээх үг мянга гаруй удаа гардаг. Энэ нь арван хоёр хүүгээс гадна олон охинтой Иаковын (Израилын) гэр бүлд бас хамаатай (Эхлэл 35:23–26, 46:7-г үзнэ үү). Өнөө үед энэ нь Дэлхий хэмээх гараг дээрх газар зүйн байршилд хамаатай. Харин судар дахь хэрэглээ нь Бурханыг амьдралдаа ялуулахад бэлэн хүмүүст хамаатай юм.

  6. Эхлэл 32:30-ийг мөн Эхлэл 32:31Пенуел гэж бичсэн хэсгийг үзнэ үү.

  7. Эхлэл 32:28-ыг үзнэ үү.

  8. Эхлэл 35:11–12-ыг үзнэ үү.

  9. Илүү дэлгэрэнгүй мэдэж авахын тулд Судруудын удирдамжаас “Израилын тараагдалт”-ыг үзнэ үү.

  10. Исаиа 54:7.

  11. Исаиа 11:11–12; 2 Нифай 21:11–12; Мозая 15:11-ийг үзнэ үү.

  12. Encyclopedia of Mormonism (1992), “Solemn Assemblies,” 1:330–331-ийг үзнэ үү.

  13. Бид Израилын цугларалтад оролцохдоо Их Эзэн цугларч буй хүмүүсийг нэгэн гайхалтай үгээр дүрсэлснийг мэдэх болно. Тэрээр тэднийг нийтэд нь Өөрийнхөө “үнэт өмч” (Гэтлэл 19:5, Дуулал 135:4), “эрдэнэс” (Малахи 3:17; Сургаал ба Гэрээ 101:3), “ариун үндэстэн” (Гэтлэл 19:6; мөн Дэд хууль 14:2; 26:18-ыг үзнэ үү) хэмээн дурдсан байдаг.

  14. Бурхан “Чиний үр удмаар газар дэлхийн бүх үндэстэн адислагдах болно” (3 Нифай 20:27) хэмээн айлдаж, энэхүү гэрээг Абрахамтай байгуулсан. “Гэрээнд төрөх” гэдэг нь тухайн хүнийг төрөхөөс өмнө эцэг эх нь ариун сүмд лацдан холбогдсон гэсэн үг юм.

  15. Дараах амлалтыг Бурхан Абрахамд заасан байдаг. “Сайн мэдээг хүлээн авах болгон нь чиний нэрээр дуудагддаг байх болно, мөн чиний үр удам хэмээн тооцогддог байх болно, мөн босч зогсоод, тэдний эцгийн хувьд, чамайг магтан дуулах болно” (Абрахам 2:10-ыг мөн Ром 8:14–17, Галат 3:26–29-ийг үзнэ үү).

  16. Итгэлтэй гишүүн бүр патриархын адислал авахыг хүсэж болно. Ариун Сүнсний сүнслэг удирдамжаар патриарх нь тухайн хүний Израилын угсаанд эзлэх удам угсааг тунхагладаг. Энэхүү тунхаглал нь заавал түүний арьсны өнгө, яс үндэс, генийн удамшлыг тодорхойлдоггүй. Харин тунхагласан удам угсаа нь уг хүний Израилын ямар овгоор дамжуулан адислалаа авахыг тодорхойлдог.

  17. 2 Нифай 26:33.

  18. Мозая 15:7-г үзнэ үү. Израилынх байна гэдэг нь зүрх сэтгэлээр ядмаг хүмүүст таарахгүй. Абрахамын үр удамд хадгалсан Бурханы бүх адислалыг хүртэхийн тулд бидний онцлогт таарсан “Абрахамын сорил” хүн бүрд ирнэ гэдэгт бэлтгэлтэй байх ёстой. Бошиглогч Иосеф Смитийн зааснаар Бурхан зүрх сэтгэлийн маань хүсэл бодлыг сорих болно. (Жон Тэйлорын дурсамжийг Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], х. 260-аас үзнэ үү.)

  19. Moзая 3:19-ийг үзнэ үү.

  20. 2 Тимот 3:1–13-ыг үзнэ үү.

  21. 1 Нифай 17:40, тодотгол нэмэгдсэн.

  22. Сургаал ба Гэрээ 98:37-г мөн Дуулал 31:23; Исаиа 49:25; Сургаал ба Гэрээ 105:14-ийг үзнэ үү.

  23. Moрмон 9:11.