Ерөнхий чуулган
Амар амгалан байг
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Амар амгалан байг

Догшин салхи биднийг үлээж, хүчит давалгаа итгэл найдварыг маань живүүлэхээр заналхийлэх үед Аврагч бидэнд хэрхэн амар амгаланг мэдрэхийг заадаг.

Манайх гэр бүлээрээ хүүхдүүдээ бага байхад нэгэн үзэсгэлэнтэй нуурын эрэгт хэдэн өдрийг өнгөрүүлсэн юм. Нэгэн өдөр үдээс хойш зарим хүүхэд тавцан дээрээс ус руу үсрэхийнхээ өмнө аврах хантааз өмсөцгөөв. Бага охин маань ах, эгч нараа эргэлзсэн, болгоомжилсон байртай ажиглаж байснаа хамаг зоригоо чангалан, нэг гараараа хамраа чимхээд ус руу үсрэв. Тэрээр тэр дороо уснаас цухуйн, сандарсан хоолойгоор “Туслаарай!” Туслаарай!” хэмээн хашхирав.

Тэр аминд нь хүрэх аюулд ороогүй л дээ. Аврах хантааз нь үүргээ гүйцэтгэж, тэрээр аюулгүй хөвж байлаа. Бид ч төвөггүйхэн татаад, тавцан дээр гаргаж болох байсан ч түүний хувьд тусламж үнэхээр хэрэгтэй байв. Магадгүй усны хүйтнээс ч юм уу туршлагагүйгээс нь болсон байх. Гэсэн ч бид түүнийг тавцан дээр гарч ирэхэд хуурай алчуураар ороон авч, зоригтой байсанд нь магтав.

Хөгшин, залуу гэлтгүй бидний дунд олон хүн хүнд байдалд орохдоо “Туслаарай!” “Авраарай!” эсвэл “Миний залбиралд хариулаач!” гэсэн үгсийг сандран хэлж байсан.

Есүсийн мөнх бус тохинууллын үед ч шавь нарт нь иймэрхүү үйл явдал тохиолдож байсан. Бид Есүс “нуурын дэргэд дахин сургаал зааж эхлэв. Түүн уруу асар олноороо хуран цугласан байв”1 хэмээн Маркийн номоос уншдаг. Цугларагсдын тоо асар их болсон тул Есүс “завин дээр гарч суун”2 тавцан дээрээс нь ярив. Нуурын захаар сууж байхад нь Тэрээр өдөржин сургаалт зүйрлэлээр хүмүүст заав.

“Тэр өдрийн орой” Тэрээр шавь нартаа хандан “Цөмөөрөө нуур гатлан нөгөө тал уруу явцгаая гэв. Тэд хурсан олныг орхин”3 эргээс холдож, Галил нуурыг гатлан явав. Есүс завины арын хэсэгт зай олоод, хэвтмэгцээ унтав. Удалгүй “их салхи босож, давалгаа завийг цохин, завь хэдийнээ усанд автжээ.”4

Есүсийн ихэнх шавь туршлагатай загасчид байсан бөгөөд шуурганд завийг хэрхэн залуурдахаа мэддэг байсан. Тэд гарцаагүй түүний итгэмжит, хайртай шавь нар байв. Тэд гэр бүл, ажил, хувийн ашиг сонирхлоо орхин, Есүсийг дагасан. Завин дээр түүнтэй хамт байгаагаас нь Түүнд итгэдэг нь илт харагдаж байв. Хүчит салхи завийг нөмөрч, тэдний завь живэх дөхжээ.

Тэднийг шуурганд завиа живүүлэхгүйн тулд хэр удаан тэмцсэнийг бид мэдэхгүй ч тэд бага зэрэг сандарсан хоолойгоор

“Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?”5

“Эзэн авраач, бид сүйрлээ” 6 гэсээр Есүсийг сэрээжээ.

Тэд Түүнийг “Багшаа” хэмээн дуудсан бөгөөд Тэр багш юм. Мөн Тэр бол “Есүс Христ, Бурханы Хүү, тэнгэр ба газрын Эцэг, эхлэлээс бүх зүйлийг Бүтээгч”7 билээ.

Зураг
Чимээгүй, намд.

Есүс завин дээр байсан газраасаа босож, салхийг зандарч, оволзох давалгаат нууранд хандан “Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов.”8 Хамгийн шилдэг Багш, Есүс дараа нь шавь нартаа энгийн боловч хайр мэдрүүлсэн хоёр асуултаар дамжуулан заасан. Тэрээр

“Юунд айцгаана вэ?”9

“Итгэл чинь хаана байна?”10 хэмээн асуужээ.

Бидэнд сорилт бэрхшээл, саад тотгор, зовлон зүдгүүртэй тулгарсан үедээ “Багшаа, миний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү? Намайг авраач” хэмээн орилох эгэл зан, уруу таталт ч байдаг. Иосеф Смит ч мөн “Ай Бурхан минь, Та хаана байна вэ, мөн таны байгаа газрыг бүрхэгч тэрхүү асар хаана байна вэ?”11 хэмээн аймшигт шоронгоос цөхрөн гуйсан.

Дэлхийн Аврагч бидний мөнх бус амьдралын хязгаарлагдмал байдлыг ойлгодог нь тодорхой. Учир нь догшин салхи биднийг үлээж, хүчит давалгаа итгэл найдварыг маань живүүлэхээр заналхийлэх үед Тэр бидэнд хэрхэн амар амгаланг мэдрэхийг заадаг.

Баттай итгэлтэй, хүүхэд шиг итгэлтэй эсвэл хамгийн өчүүхэн хумхын тоос мэт итгэлтэй тэднийг ч12 Есүс “Над дээр ир,”13 “миний нэрэнд итгэ,”14 “Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун”15 хэмээн урьдаг. Тэрээр “Наманчилж мөн миний нэрээр баптисм хүрт”16, “Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар бие биенээ хайрлагтун”17 мөн “намайг үргэлж дурсан сана”18 хэмээн зөөлнөөр тушаадаг. Есүс “Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан”19 хэмээн батлан, тайлбарласан.

Есүсийн шавь нар шуурганд өртсөн завин дээрээ тавцанг нь цохих давалгааг харж, хувин хувингаар ус шавхан байсныг би төсөөлж байна. Тэд дарвуулаа тогтоон барьж, жижигхэн завиа бага зэрэг ч болтугай хяналтдаа байлгахаар оролдож байсан нь надад харагдаж байна. Тэдний гол зорилго тэрхэн мөчийг даван гарах байсан бол гуйлт нь чин сэтгэлийнх байсан юм.

Өнөө үед бидний олонх нь үүнээс ялгаагүй билээ. Дэлхий дахинд, улс орон, нутаг ус, гэр бүлд маань сүүлийн үед учраад байгаа үйл явдлууд бидэнд урьд өмнө нь тохиож байгаагүй сорилт бэрхшээл, хүнд цохилтыг ар араасаа өгсөөр байна. Энэхүү үймээн сануунтай цаг үед итгэл маань ойлголт болон тэвчээрийн хязгаарынхаа туйлд хүрч байгаа мэт санагдаж болох юм. Айдсын давалгаа бидний анхаарлыг сарниулж, Бурханы сайн сайхныг мартахад хүргэдэг учраас бидний алсын харааг богиносгож, чиг шугамаа алдахад хүргэдэг. Гэвч бидний аяллын эдгээр хүнд ширүүн хэсэгт итгэл маань соригдохын зэрэгцээ бэхжиж байдаг.

Нөхцөл байдлаас үл хамааран бид өөрсдийн зүгээс зориуд Есүс Христэд итгэх итгэлийг олж, өсгөн нэмэгдүүлэх хүчин чармайлт гаргаж болох юм. Бид Бурханы хүүхдүүд гэдгээ мөн Тэрээр бидэнд хайртай гэдгийг дурсан санаж байгаа үед энэ нь хүчирхэгждэг. Биднийг Христийн сургаалыг хамгийн сайнаараа дагахыг хичээж, Бурханы үгийг найдвар, хичээл зүтгэлтэйгээр туршин шалгах үед итгэл маань өсөж байдаг. Эргэлзэхээс илүүтэй итгэж, шүүхээс илүүтэй уучилж, эсэргүүцэхээс илүү наманчилснаар бидний итгэл өсдөг. Биднийг тэвчээртэйгээр Ариун Мессиагийн сайн үйл, нигүүлсэл, ач ивээлд найдах үед итгэл маань хүчирхэгждэг.20

“Итгэл бол төгс мэдлэг биш,” “харин төгс мэдлэгтэй Бурханд гүн гүнзгий итгэх итгэлийг авчирдаг”21 хэмээн ахлагч Нийл А.Максвэлл хэлсэн. Түгшүүртэй цаг үед ч Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл бат бөх бөгөөд гуйвшгүй байдаг. Энэ нь бидэнд анхаарлыг сарниулах чухал биш зүйлсийг шүүн тунгаахад тусалж, гэрээний замаар үргэлжлүүлэн тууштай явах урам зориг өгдөг. Итгэл бидэнд цөхрөлийг даван гарах хөшүүрэг болж, ирээдүйгээ шийдвэр төгс, нүүр бардам угтах боломжийг өгдөг. Энэ нь биднийг Тэнгэрлэг Эцэгт хандан Есүс Христийн нэрээр аврал, халамжийг эрэлхийлэн залбирахад сүнслэгээр өдөөдөг. Залбиран гуйсан гуйлтын маань хариу ирэхгүй байвал Есүс Христэд итгэх тууштай итгэл маань тэвчээр, даруу байдал, “Таны таалал биелтүгэй”22 хэмээх үгсийг хүндэтгэлтэйгээр хэлэх чадварыг өгдөг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон заахдаа

“Бид итгэлээ айдсаар орлуулах ёсгүй. Бид итгэлээ хүчирхэгжүүлэх замаар тэдгээр айдастайгаа тэмцэх ёстой.

Хүүхдүүдээсээ эхлээрэй. … Та нар дээр ирэх гашуун зовлон зүдгүүрийг туулахдаа ч тэдэнд өөрийн итгэлийг харуул. Бидний хайртай Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү, Их Эзэн Есүс Христ дээр итгэлээ төвлөрүүл. … Эрхэм нандин охид, хөвгүүдэд тэднийг Бурханы хүүхэд, Түүний дүр төрхөөр бүтээгдсэн бөгөөд ариун зорилго, чадвар чадамжтай гэдгийг нь зааж өгөөрэй. Тэд бүгдээрээ даван туулах сорилт бэрхшээл, хөгжүүлэх итгэлтэй төрдөг билээ”23 хэмээжээ.

Би саяхан 4 настай хоёр хүүхэд Есүс Христэд итгэх итгэлийнхээ талаар “Есүс Христ та нарт хэрхэн тусалдаг вэ?” гэсэн асуултад хариулахыг сонссон юм. Эхний хүүхэд “Есүс надад хайртай гэдгийг би мэднэ. Яагаад гэвэл Тэр миний төлөө нас барсан. Тэр том хүмүүст ч бас хайртай” гэв. Хоёр дахь хүүхэд “Намайг ууртай, гунигтай байхад Тэр надад тусалдаг. Тэр бас намайг живж байхад тусалдаг” гэж хэлсэн юм.

Есүс “Тиймийн тул, наманчилж мөн бяцхан хүүхдийн адил надад ирэх хэнийг боловч, би түүнийг хүлээн авах болно, учир нь Бурханы хаант улс бол ийм хүмүүсийнх юм.”24

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно”25 хэмээн тунхагласан.

Саяхан ерөнхийлөгч Нэлсон бидэнд “Аврагчийн үгсийг дахин шинээр, чин сэтгэлээсээ сонсож, анхаарч, бүр чих тавин сонсож эхэлбэл” “айдас багасаж, итгэл нэмэгдэнэ”26 хэмээн амласан.

Зураг
Есүс нуурыг намдааж буй нь

Ах, эгч нар аа, бидний өнөөгийн хүнд хэцүү нөхцөл байдал бол бидний зорьж буй мөнх амьдралын эцсийн зогсоол биш ээ. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид гэрээгээр дамжуулан Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авсан. Бидэнд Түүний гэтэлгэлийн хүчинд итгэх итгэл, ариун нандин, агуу амлалтад нь найдах найдвар бий. Бидэнд баясах бүхий л шалтгаан байна. Учир нь Их Эзэн Аврагч маань бидний зовлон бэрхшээл, санааг чилээж буй зүйлс, харуусал гунигийг Өөрийн юм шиг ойлгож мэддэг. Есүс эрт үеийн шавь нартайгаа хамт байсан шигээ бидний завин дээр байгаа. Та биднийг устгуулахгүйн тулд Тэр амиа өгсөн гэдгийг би гэрчилж байна. Бид Түүнд итгэж, зарлигуудыг нь дуулгавартай дагаж, Түүнийг “Амар амгалан байг”27 хэмээн хэлэхийг итгэлтэйгээр сонсох болтугай. Есүс Христийн ариун бөгөөд эрхэм нандин нэрээр, амен.