Ерөнхий чуулган
Зоригтой бай
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Зоригтой бай

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний сургаалд итгэх ганхашгүй итгэл маань биднийг залж, баяр баясгалан өгдөг.

Есүс Христ мөнх бус амьдралынхаа сүүлийн өдрүүдэд төлөөлөгчдөдөө өөрсдөд нь тохиолдох хавчлага дарамт, бэрхшээлийн талаар хэлсэн. 1 Тэрээр төгсгөлд нь “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” (Иoхан 16:33) хэмээх гайхалтай баталгааг өгсөн. Энэ бол Аврагчийн Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд хандан өгсөн захиас юм. Энэ нь мөнх бус амьдралд байгаа бид бүгдэд юу юунаас илүү сайхан мэдээ юм.

Зоригтой бай гэдэг нь амилсан Христийн төлөөлөгчдөө илгээсэн энэ дэлхийд хэрэгтэй баталгаа байв. Төлөөлөгч Паул хожим нь коринтчуудад хандан “Бид бүх талаар дарамтлагдавч няцардаггүй, сандарсан ч цөхөрдөггүй, хавчигддаг ч хаягддаггүй, цохигддог ч мөхдөггүй” (2 Коринт 4:8–9) хэмээн хэлсэн.

Зураг
Есүс нэг нэгээр нь үйлчилдэг

Эдүгээ 2000 жилийн дараа ч гэсэн бид “бүх талаар няцарсаар байгаа” бөгөөд цөхрөхгүй, зоригтой байх захиас бидэнд ч гэсэн хэрэгтэй байна. Их Эзэн Өөрийн эрхэм охидыг онцгой их хайрлаж, санаа тавьдаг. Тэр та нарын хүсэл, хэрэгцээ, айдсыг мэднэ. Их Эзэн бүхнээс хүчтэй. Түүнд итгэж найд.

Бошиглогч Иосеф Смитэд “Бурханы ажлууд хийгээд төслүүд, мөн зорилгууд хясагдаж болохгүй, мөн тэдгээр нь юу ч биш болж болохгүй” (Сургаал ба Гэрээ 3:1) хэмээн заасан. Их Эзэн Өөрийн зовж шаналж буй хүүхдүүдийг ийн тайтгаруулсан юм.

“Болгоогтун, энэ бол та нарт өгсөн Их Эзэний амлалт юм, Ай үйлчлэгчид минь.

Иймийн тул, зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн та нарын дэргэд зогсч байх болно; мөн та нар миний тухай бүр Есүс Христийг, би бол амьд Бурханы Хүү гэдгийг гэрчлэх ёстой” (Сургаал ба Гэрээ 68:5–6).

Их Эзэн бидний дэргэд байдаг бөгөөд Тэрээр мөн ийн хэлсэн.

“Би нэгд хэлснээ бүгдэд хэлдэг гэдгийг үнэнээр би та нарт хэлдэг, зоригтой байгтун, бяцхан хүүхдүүд минь; учир нь бибээр та нарын дунд байна, мөн бибээр та нарыг орхих нь үгүй” (Сургаал ба Гэрээ 61:36).

“Учир нь их гай зовлонгийн дараа адислалууд ирдэг болой” (Сургаал ба Гэрээ 58:4).

Эгч нар аа, хавчлага дарамт, хувийн эмгэнэлт үйл явдлын үеэр өгсөн эдгээр амлалт өнөөгийн хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа та бүхэнд ч бас хамаатай гэдгийг би гэрчилж байна. Эдгээр нь мөнх бус амьдралын зовлон бэрхшээл дундуур урагшлах үедээ сайн мэдээний бүрэн байдалд зоригтой, баяр хөөртэй байх ёстойг бидэнд сануулдаг, үнэт амлалт юм.

Зовлон, зүдгүүр нь мөнх бус амьдралд тохиолддог ердийн зүйл юм. Сөрөг тал нь өсөж хөгжихөд бидэнд тусалдаг тэнгэрлэг төлөвлөгөөний нэгэн чухал хэсэг 2 бөгөөд мөнхийн талаас нь харах юм бол сөрөг тал нь уг үйл явцад биднийг ялан дийлж чадахгүй хэмээх Бурханы баталгаа бидэнд бий. Түүний тусламж, өөрсдийн итгэл мөн тэвчээрээр бид ялан дийлж чадна. Бүх зовлон зүдгүүр нь мөнх бус амьдралын нэг хэсгийн хувьд зуурдынх юм. Хөнөөлт дайны өмнө өрнөсөн маргалдааны үеэр Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Абрахам Линкольн “Энэ ч гэсэн болоод л өнгөрнө” 3 гэсэн эртний мэргэн үгийг өөрийг нь сонсож суусан хүмүүст ухаалгаар сануулж байсан.

Та нарын мэдэж байгаачлан, миний ярьж байгаа зоригтой байхад хүндрэл учруулдаг мөнх бус амьдралын зовлон бэрхшээлүүд нь олон сая хүн КОВИД-19 цар тахлын аймшигт үр нөлөөний улмаас зовж шаналж байгаатай адил заримдаа нийтийг хамарсан байдлаар бидэнд тохиолдож болно. Үүнтэй адил Нэгдсэн Улсын олон сая иргэн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр үргэлж өрнөдөг дайсагнал, зөрчилдөөний улмаас зовж байна. Харин энэ удаагийнх нь манай хамгийн өндөр настнуудын санаж байгаагаар хамгийн хурц хэлбэрээр илэрч байх шиг байна.

Хувь хүний хувьд бидний хүн нэг бүр ядуурал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, эрүүл мэндийн асуудал, ажлын байраа алдах эсвэл урам хугарах, буруу замаар явах болсон хүүхдүүд, бүтэлгүй гэрлэлт юм уу гэрлэхгүй байх, өөрийн болон бусдын нүглийн үр дагавар гэх мэт мөнх бус амьдралын олон бэрхшээлийн заримтай тулгардаг.

Гэхдээ энэ бүхний дунд бидэнд зоригтой байж, сайн мэдээний зарчим, амлалтуудаас болон хөдөлмөрийнхөө үр жимснээс баяр баясгаланг олж ав хэмээх тэнгэрлэг зөвлөгөө өгсөн. 4 Энэ зөвлөгөө бошиглогчдод болон бид бүхэнд үргэлж байсаар ирсэн билээ. Бид үүнийг өмнөх хүмүүсийнхээ туршлага, Их Эзэний тэдэнд хэлсэн үгээс мэддэг.

Зураг
Иосеф ах

Бошиглогч Иосеф Смитийн нөхцөл байдлыг санацгаая. Зовлон бэрхшээлийн нүдээр харвал түүний амьдрал ядуу тарчиг, хавчлага дарамт, урам хугалсан үйл явдал, гэр бүлийн эмгэнэлт явдал, эцэс сүүлд нь амиа алдсан ийм л нэгэн амьдрал байв. Шоронд хоригдож байхад нь эхнэр, хүүхдүүд нь болон бусад гэгээнтэн Миссуригээс хөөгдөхдөө асар их хүнд бэрхийг туулсан байв.

Иосефыг тайтгарал эрэн гуйхад Их Эзэн ийн хариулжээ.

“Хүү минь, сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно;

Мөн тэгээд, хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно; чи бүх дайснаа ялах болно” (Сургаал ба Гэрээ 121:7–8).

Энэ бол бошиглогч Иосефыг төрөлхийн хөгжилтэй ааш зан, өөрийн хүмүүсийг гэсэн хайр, үнэнч байдлаа хадгалж үлдэхэд нь тусалсан хувийн, мөнхийн зөвлөгөө байв. Эдгээр зан чанар нь дараа дараагийн удирдагч, анхдагчдыг хүчирхэгжүүлж байсан бөгөөд таныг ч мөн хүчирхэгжүүлж чадна.

Зураг
Анхны номлогчид гүнзгий цасанд алхаж байгаа нь

Эдгээр эхэн үеийн гишүүдийн талаар бодож үзээрэй! Тэд нэг газраас нөгөө рүү ахин дахин хөөгдсөөр байв. Эцэст нь тэд гэр орон, Сүмээ цөл газар барих хүндхэн сорилттой тулгарсан. 5 Анхдагчдын эхний хэсэг Их Солт Лэйк хөндийд ирээд хоёр жил болсон ч тэд тэрхүү үржил шимгүй газар нутагт амьдралаа тохинуулж чадаагүй хэвээр л байв. Ихэнх гишүүн хээр талаар аялсаар байсан ба заримд нь ийн аялах нөөц бололцоо байхгүй, хэцүү байлаа. Гэсэн ч удирдагч, гишүүд итгэл найдвар тээн, зоригтой хэвээр байв.

Хэдийгээр гэгээнтнүүд гэр орондоо төвхнөж амжаагүй байсан ч 1849 оны 10-р сарын Ерөнхий чуулганаар Скандинавиа, Франц, Герман, Итали, Өмнөд Номхон далайн орнууд руу шинэ номлогчдын давалгааг илгээсэн юм. 6 Тэднийг шалдаа буулаа гэж бодож болох байсан ч анхдагчид шинэ өндөрлөгт гарсан билээ. Гуравхан жилийн дараа дахин 98 хүнийг тараагдсан Израилыг цуглуулах ажлыг эхлүүлэхээр дуудав. Сүмийн нэгэн удирдагч эдгээр номлол нь “ерөнхийдөө тийм ч удаан биш, 7-оос 9 орчим жил гэрээсээ хол байхаар байсан” 7 хэмээн тайлбарласан байдаг.

Эгч нар аа, Тэргүүн Зөвлөл та нарын асуудалд анхаарлаа хандуулдаг. Бид та нарт хайртай, та нарын төлөө залбирдаг. Үүний зэрэгцээ газар хөдлөлт, гал түймэр, үер ус, хар салхи зэргийг эс тооцвол бидний бие махбодын бэрхшээлүүд өмнөх үеийнхэнд маань тохиолдож байснаас хөнгөн байгаад бид талархаж явдаг.

Хүнд хэцүү цаг үед “зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно. Хаант улс та нарынх болой, мөн үүн дээрх адислалууд та нарынх билээ, мөн үүрд мөнхийн баялгууд та нарынх бөлгөө” (Сургаал ба Гэрээ 78:18) хэмээх бурханлаг баталгаа байсаар байх болно. Энэ хэрхэн тохиолдсон бэ? Энэ нь анхдагчдад хэрхэн тохиолдсон бэ? Энэ нь өнөөдөр Бурханы эмэгтэйчүүдэд хэрхэн тохиолдох вэ? Бид 1830 оны 4-р сард илчлэлтээр дамжуулан хэлсэн Их Эзэний бошиглолын удирдамжийг дагаснаар “тамын үүд [биднийг] дийлэх нь үгүй. Тэрээр “Тийм ээ, Их Эзэн Бурхан чиний өмнөөс харанхуйн хүчийг зайлуулж, чиний сайн сайхан, өөрийн нэрийн алдар суугийн төлөө тэнгэрийг сэгсрэх болно” (Сургаал ба Гэрээ 21:6). “Бүү ай, бяцхан сүрэг; сайныг үйлдэгтүн; дэлхий хийгээд там та нарын эсрэг нэгдэг, учир нь хэрэв та нар миний хадан дээр баригдсан байх аваас тэд дийлэх нь үгүй” (Сургаал ба Гэрээ 6:34) хэмээн хэлсэн.

Их Эзэний амлалтаар бид “баяр хөөртэй зүрх сэтгэл хийгээд, дүр төрхтэйгөөр” (Сургаал ба Гэрээ 59:15) “зүрх сэтгэлээ өргөж мөн баяса[ж]” (Сургаал ба Гэрээ 25:13), гэрээний зам дээр урагшлах болно. Бидний ихэнх нь гэрээ орхин үл мэдэх газрыг эзэмшихээр анхдагч болж явах асар том шийдвэртэй тулгардаггүй. Бид өдөр тутмын амьдралдаа ихэнх шийдвэрээ гаргадаг учраас Их Эзэний хэлснээр “сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь та нар агуу ажлын суурийг тавьж байна. Мөн агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг” (Сургаал ба Гэрээ 64:33).

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний сургаалд хэмжээлшгүй их хүч агуулагддаг! Энэ сургаалдаа гуйвшгүй итгэлтэй байх нь бидний алхмыг удирдан чиглүүлж, баяр баяслыг өгдөг. Энэ нь бидний оюун санааг гэгээрүүлж, үйлдэх хүч чадал, итгэлийг өгдөг. Энэхүү удирдамж, гэгээрэл, хүч нь бидний Тэнгэрлэг Эцэгээсээ хүлээн авсан амлагдсан бэлгүүд юм. Бид энэ сургаалыг, тухайлбал наманчлалын бурханлаг бэлгийг ойлгож, үүнд амьдралаа нийцүүлснээр мөнхийн хувь тавилан руу маань хөтлөх—тэнгэрлэг хайрт эцэг эхтэйгээ дахин уулзаж, өргөмжлөгдөх замаар явахдаа зоригтой байж чадна.

Ахлагч Ричард Г.Скотт: “Танд дааж давшгүй том бэрхшээл тулгарч магадгүй. Заримдаа эдгээр нь их анхаарал шаардсан, хайр найргүй байх тул та тэднийг хянах боломжгүй гэж бодож байж магадгүй юм. Дэлхийтэй ганцаараа бүү нүүр тул. “Бүх зүрхээрээ Их Эзэнд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ” (Сургаалт Үгс 3:5). … Амьдрал өөрөө сорилт бөгөөд энэ нь алдахын нэр биш, харин үүнийг даван туулснаараа онох тавилантай юм” 8 гэж заасан.

Энэ бүхэн Бурхан Эцэг ба Түүний Хүү, Есүс Христийн төлөвлөгөөний хэсэг бөгөөд бид бүгдээрээ тэнгэрт, хүрэх газраа хүрэх болтугай хэмээн залбиран, энэ бүхнийг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Иохан 13–16-г үзнэ үү.

  2. 2 Нифай 2:11-ийг үзнэ үү.

  3. Abraham Lincoln, address to the Wisconsin State Agricultural Society, Milwaukee, Sept. 30, 1859; in John Bartlett, Bartlett’s Familiar Quotations 18th ed. (2012), 444.

  4. Сургаал ба Гэрээ 6:31-ийг үзнэ үү.

  5. Lawrence E. Corbridge, “Surviving and Thriving like the Pioneers,” Ensign, July 2020, 23-24-ийг үзнэ үү.

  6. See “Minutes of the General Conference of 6 October 1849,” General Church Minutes Collection, Church History Library, Salt Lake City.

  7. George A. Smith, in Journal History of The Church of Jesus Christ of Latter-day Saints, Aug. 28, 1852, 1, Church History Library, Salt Lake City.

  8. Richard G. Scott, Finding Peace, Happiness, and Joy (2007), 248–249.