Ерөнхий чуулган
Христийн соёл
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Христийн соёл

Бид дэлхийн соёлуудаас хамгийн шилдгийг нь эрхэмлэн хадгалахын зэрэгцээ Eсүс Христийн сайн мэдээнээс ирсэн мөнхийн соёлыг бүгдийг нь хэрэгжүүлэгчид байж чадна.

Бид арвин баялаг соёл бүхий зуу зуун улс орон, мянга мянган бүлэг нэгдэл өргөн тархсан, хоорондоо асар их ялгаатай ард түмэн, хэл, уламжлал, түүхийн гэр орон болсон дэлхийд хамтдаа амьдарч байгаа нь ямар гайхамшигтай вэ! Хүн төрөлхтөнд бахархах, баярлан тэмдэглэх маш их зүйл бий. Гэвч бидний өсөж торнисон соёлын нөлөөгөөр, нэгэнт олж авсан бидний зан байдал амьдралд гайхалтай хүчтэй тал болж болох ч нөгөө талаараа зарим үед ноцтой саад бэрхшээл болж болно.

Соёл нь бидний бодол, зан байдалд өөрчлөгдөх боломжгүй гүн гүнзгий шингэсэн байдаг мэт санагдаж болох юм. Энэ нь эцсийн эцэст бид өөрсдийгөө хэн гэж харах мөн юу биднийг тодорхойлж байгаа гэдгийг харахтай маш их холбоотой. “Эцгүүдийнхээ уламжлал”-ын заримаас салахад хүмүүний гаргасан алдааг юм уу өөрсдийнхөө соёл дахь дутагдлыг олж харахгүй байх нь маш том нөлөө үзүүлж болно. Хэн нэгний соёлыг хэт засах явдал дэлхий нийтийн, бүр бурханлаг үзэл санаа, онцлог байдал, зан хандлагыг эсэргүүцэхэд хүргэж болох юм.

Хэдхэн жилийн өмнө дэлхий нийтэд түгээмэл байдаг соёлын харалган байдлын зарчмын талаар тайлбарлахад тусалсан нэгэн гайхалтай эрхмийг би таньж мэддэг болсон. Түүнтэй би анх Сингапурт түүний гэрийн багшаар томилогдох үедээ танилцаж билээ. Тэрээр Энэтхэгийн өмнөд нутгаас ирсэн, санскрит болон тамил хэлний нэртэй профессор байв. Түүний гайхалтай эхнэр, хоёр хүү Сүмийн гишүүд байсан хэдий ч тэр огт нэгдээгүй бөгөөд сайн мэдээний сургаалуудыг тийм ч их сонсоогүй байлаа. Тэр эхнэр, хөвгүүдийнхээ өсөж хөгжиж буйд баярлаж, Сүмийн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь бүрэн дэмжлэг үзүүлдэг байв.

Намайг түүнд сайн мэдээний зарчмуудыг заан, итгэл үнэмшлээсээ хуваалцахыг санал болгоход тэр эхэндээ татгалзсан. Тэгэхгүй л бол өнгөрснөөсөө болон ард түмнээсээ мөн түүхээсээ урвасан хэрэг болно гэж түүний мэдэрч байсны учрыг ойлгоход надад хэсэг хугацаа шаардагдсан юм. Түүний бодож байгаагаар, тэр өөрийн хэн байсныг болон гэр бүл нь түүнд хэн байх ёстойг заасан бүхнийг, түүнчлэн жинхэнэ энэтхэг өв соёлоо бүгдийг үгүйсгэсэн хэрэг болох байв. Дараагийн хэдэн сарын турш бид эдгээр асуудлын талаар ярилцах боломжтой байсан. Есүс Христийн сайн мэдээ хэрхэн түүний нүдийг нээж, өөр өнцгөөс харахад нь нөлөөлснийг хараад би биширч билээ (гэхдээ гайхаагүй).

Хүмүүний бүтээсэн ихэнх соёлд сайн, муу болон бүтээгч, сүйрүүлэгч зүйлсийн аль аль нь байдаг.

Манай дэлхийн асуудлуудын олон нь тэдгээр соёлоос үүссэн өөр өөр ёс заншил, үзэл санааны хоорондох зөрчил сөргөлдөөний шууд үр дүн байдаг. Үнэндээ, тийм ч эрт бус цагт бид бүгдэд байсан “анхдагч соёл”-ыг дэлхий ертөнц хүлээн зөвшөөрсөн бол бүх зөрчил, эмх замбараагүй байдал замхран алга болох байв. Энэ соёл нь мөнх бус амьдралын өмнөх оршихуйд байсан. Энэ нь Адам, Енохын соёл байсан. Энэ нь цаг хугацааны голчид Аврагчийн сургаал дээр суурилсан соёл бөгөөд үүнийг бидний үед бүх эрэгтэй, эмэгтэй хүн дахин хүлээн авах боломжтой байгаа билээ. Энэ бол онцгой. Энэ нь “бүх соёлын дундаас хамгийн агуу соёл” бөгөөд Бурханы зохиож, Есүс Христийн хамгаалсан аз жаргалын агуу төлөвлөгөөнөөс гарч ирсэн юм. Энэ нь тараан бутаргадаггүй, харин нэгдмэл болгодог. Энэ нь гэмтээдэггүй, харин эдгээдэг.

Есүс Христийн сайн мэдээ нь амьдралд зорилго байдаг талаар бидэнд заадаг. Бидний энд байгаа нь зүгээр нэг сансар огторгуйд болсон ямар нэг гэнэтийн осол, алдааны улмаас биш юм! Бид нэг учир шалтгаанаар энд байгаа.

Энэхүү соёл бидний Тэнгэрлэг Эцэг оршин байдаг, Тэр бодит бөгөөд бидний хүн нэг бүрийг хайрладаг хэмээх гэрчлэлд шингэсэн байдаг. Бид бол Түүний “ажил бөгөөд алдар суу бөлгөө.” 1 Энэ нь ижил тэгш үнэ цэнийн талаарх ойлголтыг бий болгодог. Зэрэг зиндаа, анги давхаргын ялгаварлал гэж үгүй. Эцсийн эцэст, бид бүгд ах эгч дүүс бөгөөд тэнгэрлэг эцэг эхийнхээ сүнсэн хүүхдүүд билээ. “Бүх соёлын дундаас хамгийн агуу соёл”-д ямар ч гадуурхал эсвэл “бидний эсрэг тэд” гэсэн ойлголт байдаггүй. Бид бүгдээрээ “бид” юм. Бид бүгдээрээ “тэд” юм. Бид өөрсдийнхөө болон нэг нэгнийхээ төлөө, Сүмийнхээ болон дэлхийнхээ төлөө үүрэг хүлээж, гарах үр дүнг хариуцдаг гэдэгт итгэдэг. Үүрэг хүлээх, гарах үр дүнг хариуцах гэдэг хоёр зүйл бидний өсөлт хөгжилд чухал нөлөөтэй.

Христийнхтэй адил чин сэтгэлийн анхаарал халамж болох энэрэл нь энэ соёлын үндэс суурь юм. Бид анд нөхрийнхөө материаллаг болон сүнслэг хэрэгцээг бодитоор мэдэрч, тэрхүү мэдрэмж дээр үйлддэг. Энэ нь гадуурхал, үзэн ядалтыг алга болгодог.

Бошиглогчдын (мөн Ариун Сүнсээр дамжуулан бидний хүн нэг бүрд хувь хувьд нь баталгаа өгөгдөх боломжтой) хүлээн авсан Бурханы үгэнд төвлөрсөн илчлэлтийн соёлд бид баясдаг. Бүх хүн төрөлхтөн Бурханы оюун бодол, хүсэл зоригийг мэдэж болно.

Энэхүү соёл сонгох эрхийн зарчмыг хамгаалан зогсдог. Сонгох чадвар бидний аз жаргал, өсөлт хөгжилд маш чухал. Мэргэн сонголт хийх нь амин чухал билээ.

Энэ бол судалж, суралцдаг соёл. Бид мэдлэг, мэргэн ухааныг болоод бүх зүйлээс хамгийн сайныг эрэлхийлдэг.

Энэ бол итгэл, дуулгавартай байдлын соёл юм. Есүс Христэд итгэх итгэл бидний соёлын анхдагч зарчим байдаг бол Түүний сургаал, зарлигуудад дуулгавартай байх нь үүнээс гарч болох үр дүн мөн. Эдгээр нь бидэнд өөрсдийгөө бүрэн дүүрэн хянах чадварыг өгдөг.

Энэ бол залбирах соёл. Бурхан биднийг сонсоод зогсохгүй, тусалдаг гэдэгт бид итгэдэг.

Энэ нь гэрээ, ёслолуудын болон ёс суртахууны өндөр жишгүүдийн мөн золиос, өршөөл, наманчлалын болон бие махбодынхоо ариун сүмийг халамжлах соёл юм. Эдгээр нь бүгд Их Эзэний өмнө хүлээсэн бидний амлалтыг гэрчилдэг.

Энэ нь Бурханы хүүхдүүдээ адислах хүч, Түүний нэрээр үйлдэх эрх мэдэл, санваараар удирдагддаг соёл юм. Энэ нь хувь хүмүүсийг илүү сайн хүн, удирдагч, эх, эцэг, хамтрагч болгож гэгээрүүлдэг ба гэр орныг ариусгадаг.

Энэхүү хамгийн эртний соёлд элбэг орших үнэн гайхамшгууд нь Есүс Христэд итгэх итгэл, санваарын хүч, залбирал, хувийн өсөлт хөгжил, жинхэнэ хөрвөлт, өршөөл уучлалаар бий болсон.

Энэ бол номлолын ажлын соёл юм. Бодгалийн үнэ цэн агуу.

Христийн соёлд эмэгтэйчүүд өөрсдийн зохих ёсны, мөнхийн байр сууринд өргөгддөг. Тэд өнөө цагийн дэлхийн олон соёлд байдаг шиг эрэгтэйчүүдэд захирагддаггүй, харин энд хийгээд ирэх дэлхийд бүрэн, ижил тэгш эрхтэй, дэмжигч хамтрагч нь байдаг.

Энэ соёл гэр бүлийн халдашгүй байдлыг дээдэлдэг. Гэр бүл бол мөнх амьдралын үндсэн нэгж. “Гэр бүл дэх бүтэлгүйтлийг өөр ямар ч амжилт нөхөж чадахгүй” 2 гэж заасан байдаг тул гэр бүлийн төгөлдөржилт ямар ч золиосыг шаардахуйц үнэ цэнтэй. Гэр орон бол бидний хамгийн сайн хөдөлмөрөө зориулж, хамгийн агуу аз жаргалаа олж авах газар юм.

Христийн соёлд хэтийн төлөв буюу мөнхийн анхаарал хандуулах зүйлс, удирдамж гэж бий. Энэ соёл нь урт хугацааны туршид орших зүйлстэй холбогддог. Энэ нь Есүс Христийн мөнхийн сайн мэдээнээс гарч ирсэн бөгөөд бидний оршихуйн “яагаад” “яаж” “хаашаа”-г тайлбарладаг. (Энэ нь бүхнийг хамарсан болохоос тусгайг биш.) Энэхүү соёл Аврагчийн сургаалуудыг хэрэгжүүлснээр ирдэг учир бидний ертөнцөд тун их дутагдаж байгаа эдгээгч гаврыг түгээхэд тусалдаг.

Амьдралын энэхүү агуу хийгээд эрхэм замналын нэг хэсэг байх нь ямар их адислал гээч! Бүх соёлын дундаас хамгийн агуу соёлын нэг хэсэг байхын тулд өөрчлөлт хэрэгтэй. Христийн соёлтой нийцэхгүй өөрсдийн хуучин соёл дахь бүх зүйлийг орхих зайлшгүй шаардлагатай хэмээн бошиглогчид заасаар ирсэн. Гэхдээ энэ нь бид бүгдийг орхих ёстой гэсэн үг биш юм. Бошиглогчид бидний хүн нэг бүрийг төдийгүй бид бүгдийг өөрсдийн соёлыг болон амьдралд буй сайн болох бүхий л итгэл үнэмшил, авьяас, мэдлэгийг хамтад нь авчрахаар уригдсан бөгөөд Сүм сайн мэдээний захиасуудаар дамжуулан эдгээр дээр “нэмэн өгөх” 3 болно хэмээн тодруулан хэлсэн.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд “барууны нийгмийн буюу Америкийн соёлын хэв шинж бараг байхгүй. Энэ бол олон улсын сүм бөгөөд үргэлж тийм байсаар ирсэн. Үүнээс илүүгээр, энэ нь тэнгэрийн хаант улсынх юм. Дэлхийн өнцөг булан бүрийн шинэ гишүүд тасралтгүй өнөр өтгөн болж буй бидний гэр бүлд өөрсдийн баялаг, онцлог чанар, баяр хөөрийг авчирдаг. Газар бүрийн хожмын үеийн гэгээнтнүүд одоо ч өөрсдийн өвийг болон баатруудаа хүндэтгэн, тэмдэглэсээр ирсэн ба тэд одоо илүү агуу зүйлийн нэг хэсэг болсон. Христийн соёл өөрсдийгөө бодитоор харахад бидэнд тусалдаг бөгөөд зөв шударга байдалд даруусан, мөнх байдлын томруулдаг шилээр харах үед аз жаргалын агуу төлөвлөгөөг гүйцэлдүүлэх бидний чадварыг нэмэгдүүлдэг.

Тэгэхээр, манай найзыг яасан гэж бодож байна? Тэр хичээл заалган, Сүмд нэгдсэн. Үүний дараа түүний гэр бүл Австралийн Сидней ариун сүмд үүрд мөнхөд лацдан холбуулсан. Тэр багахан зүйлээ орхиод, бүх зүйлд боломжийг олж авсан. Түүхээ баярлан тэмдэглэж; өвөг дээдэс, дуу хөгжим, бүжиг, уран зохиол, хоол хүнс, газар нутаг, ард түмнээрээ бахархаж болно гэдгийг тэр ухаарч ойлгосон. Тэр төрөлх нутгийнхаа соёлоос хамгийн шилдгийг нь бүх соёлын доторх хамгийн агуу соёлтой нэгтгэхэд асуудалгүй гэдгийг олж мэдсэн юм. Тэр хуучин амьдралаасаа үнэн, зөв шударга байдалд зохицох соёлыг шинэ амьдралдаа авчирснаар гэгээнтнүүдтэй нөхөрлөх нөхөрлөлөө хүчирхэгжүүлж, тэнгэрийн нийгэмд биднийг нэгдмэл болгоход тусална гэдгийг ойлгосон.

Бид үнэхээр дэлхийн соёлуудаас хамгийн шилдгийг нь эрхэмлэн хадгалахын зэрэгцээ тэдгээрээс бүр эртнийх болох Eсүс Христийн сайн мэдээнээс ирсэн, анхдагч соёлыг мөн эцсийн хийгээд мөнхийн соёлыг бүгдийг нь хэрэгжүүлэгчид байж чадна. Ямар гайхалтай өв бид бүгдэд байна вэ. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Moсе 1:39

  2. J. E. McCulloch, in Teachings of Presidents of the Church: David O. McKay (2011), 154.

  3. Teachings of Presidents of the Church: George Albert Smith (2011), xxviii; Gordon B. Hinckley, “The Marvelous Foundation of Our Faith,” Liahona, Nov. 2002, 78–81-ийг үзнэ үү.