Ерөнхий чуулган
Урагш тэмүүлэх нь
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Урагш тэмүүлэх нь

Их Эзэний ажил зогсолтгүй урагшилсаар байна.

Хайрт ах, эгч нар аа, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хагас жил тутмын 190 дэх Ерөнхий чуулганыг та нартайгаа хамт эхлүүлж байгаа маань ямар их баяр баясгалан бэ. Та нар орон гэртээ эсвэл хаа ч цугласан байсан та нартайгаа хамт бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн болон Сүмийн бусад удирдагчийн захиасыг сонсох би дуртай.

Есүс Христийн шавь нарын дэлхий даяарх агуу том цугларалтад холбогдох боломжийг олгодог технологид бид үнэхээр их талархалтай байна. Өнгөрсөн 4-р сарын Ерөнхий чуулганыг урьд урьдынхаас илүү олон хүн үзсэн бөгөөд энэ удаа ч бас илүү олон хүн үзнэ гэж бид найдаж байна.

Өнгөрсөн хэдэн сард дэлхий даяар тархсан цар тахал, дүрэлзэн ассан хээрийн түймэр, бусад байгалийн гамшиг дэлхийг маань орвонгоор нь эргүүллээ. Энэ цаг үед хайртай нэгнээ алдсан та нартай хамт би гашуудаж, яг одоо зовж байгаа бүх хүний төлөө би залбирч байна.

Энэ хооронд Их Эзэний ажил зогсолтгүй урагшилсаар байна. Зай барих, амны хаалт зүүх, Zoom хуралд оролцох зэргээр зарим зүйлийг бид өөрөөр хийж сурсан ба заримыг нь илүү үр дүнтэй хийж сурсан. Онцгой цаг үе онцгой шагналуудыг авчрах боломжтой.

Манай номлогчид мөн номлолын удирдагчид нөөц бололцоогоо ашиглаж, цаг үедээ зохицон, үнэхээр гайхамшигтай байсаар ирсэн. Ихэнх номлогч ажлаа шинэ, бүтээлч арга замаар хийх шаардлагатай болсон ч олон номлол урьд урьдынхаасаа илүү их зааж байна гэж тайлагнаж байна.

Бид ариун сүмүүдийг хэсэг хугацаанд хаах шаардлагатай болж, зарим барилгын ажил бага зэрэг хойшлогдсон боловч одоо бүгд ажиллаж байна. Хуанлийн 2020 оны төгсгөл гэхэд бид 20 шинэ ариун сүмийн газар хөндөх ёслолыг хийхээр байна.

Гэр бүлийн түүхийн ажил хэд дахин нэмэгдсэн. Олон шинэ гадас, тойрог зохион байгуулагдсан. Сүм дэлхийн 150 улсад хэрэгжүүлж буй 895 төслөөр цар тахлын эсрэг хүмүүнлэгийн туслалцаа үзүүлснийг тайлагнахад таатай байна.

Сайн мэдээг гэртээ илүү их судалдаг болсноор гэрчлэл болон гэр бүлийн харилцаа хүчирхэгжиж байна. Нэгэн ээж “Бид ням гараг бүр Zoom-ээр хүүхдүүд, ач зээ нартайгаа уулздаг болсноос хойш тэдэнтэй их ойр болсон. Ирээд, Намайг дага гарын авлагаас бүгд ээлжлэн бодлоо хуваалцдаг. Тэдэнд юу хэрэгтэй байгааг илүү ойлгодог болсон учраас тэдний төлөөх залбирал маань өөрчлөгдсөн” гэж бичжээ.

Энэхүү онцгой цаг үеийг бид бүгдээрээ сүнслэг байдлаараа өсөж хөгжих боломж болгон ашиглаасай хэмээн би залбирч байна. Бид Есүс Христийг сонгож, тогтмол наманчлан, сурч, өсөж хөгжих эсэхээ харуулахын тулд соригдохоор энэ дэлхий дээр байгаа билээ. Бидний сүнс өсөж хөгжихийг хүсэж байдаг. Бид гэрээний зам дээр гуйвшгүй байснаараа үүнийг хамгийн сайн хийдэг.

Энэ бүх явцад бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ биднийг хайрладаг. Тэд бидний төлөө санаа тавьдаг! Тэд болон Тэдний ариун тэнгэр элч нар биднийг харж хамгаалж байгаа. 1 Би үүнийг үнэн гэдгийг мэднэ.

Их Эзэний үйлчлэгчдээрээ дамжуулан бидэнд хүргэхийг хүссэн үгсийг та нар сонсохдоо Их Эзэний өгсөн амлалтыг тунгаан бодоорой хэмээн би уриалж байна. Тэрээр “Чөтгөрийн бүх башир аргыг мөн урхи мөн арга залийг нь тасчин хуваах, амьд бөгөөд хүчирхэг, … давчуу бөгөөд нарийн замаар Христийн [шавийг] удирдах, Бурханы үгэн дээр тулгуурлахыг хүсэх хэн боловч тулгуурлаж” 2 болно хэмээн тунхагласан.

Энэхүү ерөнхий чуулганы туршид тунхаглагдсан Бурханы үгээс та нар зууран барихыг сонгоосой хэмээн би залбирч байна. Та бүхэн Их Эзэний та нарыг гэсэн төгс хайрыг мэдрэх болтугай хэмээн би залбирч байна. 3 Есүс Христийн ариун нэрээр, амен.