Ерөнхий чуулган
Христ дотор баяр баясгаланг олох
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Христ дотор баяр баясгаланг олох

Энэ амьдралд баяр баясгаланг олох хамгийн найдвартай арга зам бол бусдад туслахад нь Христтэй нэгдэх явдал юм.

Их Эзэн Аароны санваартай өсвөр үеийнхнээс бүх зүйлийг хийхийг хүсдэггүй, гэхдээ Түүний тэднээс асуудаг зүйл гайхал төрүүлэм байдаг.

Хэдэн жилийн өмнө, унасан энэ дэлхийн олон гэр бүлд тулгардаг зүйлийг манай жижиг гэр бүл туулж билээ. Манай хамгийн бага хүү Таннэр Кристиан Ланд хорт хавдар туссан юм. Есөн настай хүүхдүүдийн адилаар тэр маань гайхалтай бодгаль байлаа. Хүү маань маш сэргэлэн, залирхаг бас сүнслэг байдлын хувьд гайхмаар мэдрэмтгий хүүхэд байсан. Бяцхан чөтгөр ч гэмээр эсвэл тэнгэрийн элч ч гэмээр мөн сахилгагүй мөртлөө найрсаг гээд л янз янз болдог байв. Жаахан байхдаа энэ дэггүй зангаараа өдөр болгон биднийг гайхшируулж байх тэр үед, бид түүнийг том болоод, бошиглогч болох байх эсвэл бүр банкны дээрэмчин болох юм биш биз гэж гайхан боддог байж билээ. Аль нь ч байлаа гэсэн, тэр энэ дэлхийд мөрөө үлдээх гэж байгаа мэт санагддаг байсан юм.

Тэгтэл тэр маань гэнэт маш хүндээр өвдсөн. Дараагийн гурван жилийн туршид түүнд сүүлийн үеийн эм эмчилгээний амь дүйсэн арга хэмжээнүүдийг авч, хоёр удаагийн чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн бөгөөд тэр үед хүү минь уушгины хатгалгаа тусан, 10 долоо хоногийн турш ухаангүй байсан төдийгүй түүнийг хиймэл амьсгалын аппаратаар амьсгалуулахад хүрсэн юм. Гайхамшигт зүйл тохиож, хүү маань богино хугацаанд эдгэрсэн боловч удалгүй түүний хорт хавдар эргэж дахисан.

Таннэрыг нас барахын өмнөхөн хорт хавдар нь яс руу нь тархсан байсан бөгөөд хүчтэй өвчин намдаах эм хэрэглэсэн ч өвчин нь дарагддаггүй байв. Тэр орноосоо арайхийн босдог байлаа. Нэгэн ням гаргийн өглөө гэр бүлээрээ сүмд явахаас өмнө хүүгийн маань ээж Каллийн түүнийг ямархуу байгааг шалгахаар өрөөнд нь оржээ. Хүү нь яаж ийгээд хувцаслачихсан, орныхоо ирмэг дээр суугаад, цамцныхаа товчийг товчлох гэж өвчнөө тэвчин оролдож байхыг ээж нь хараад маш их гайхжээ. Каллийн хүүгийнхээ хажууд суугаад, “Таннэр, чи сүм рүү явж чадна гэж бодож байна уу? Өнөөдөр зүгээр л гэртээ байж, амарвал зүгээр байх” гэж хэлэв.

Тэр шал руу ширтжээ. Tэр дикон байсан. Тэр чуулгад хамаарагддаг байв. Бас тэр үүрэг даалгавар хүлээн авсан байсан.

“Би өнөөдөр ариун ёслол түгээх ёстой.”

“Өөр хэн нэгэн чиний өмнөөс хийж чадна гэдэгт би итгэлтэй байна.”

Таннэр тэгэхэд нь “Тийм ээ, гэхдээ … намайг ариун ёслол түгээх үед над руу хүмүүс яаж хардгийг би мэднэ. Энэ нь хүмүүст тусалдаг гэж би боддог” гэж хэлжээ.

Тиймээс Каллийн түүнд товчоо товчлон, зангиагаа зангидахад туслаад, тэд сүм рүү машиндаа суун явсан юм. Ямар нэгэн маш чухал зүйл тохиож байгаа нь тодорхой байлаа.

Би өглөөний хурал тараад, сүмд орж ирэхдээ Таннэрыг диконуудын эгнээнд сууж байхыг хараад гайхав. Каллийн түүний яагаад энд байгааг болон “энэ нь хүмүүст тусалдаг” гэж хэлснийг надад аяархан хэлсэн юм.

Диконуудыг ариун ёслолын ширээ рүү дөхөж зогсохыг би ажиглаж байв. Пристүүдийг тэдэнд ариун ёслолын талхны тавиурыг дамжуулан өгөх хооронд тэр өөр диконыг зөөлнөөр налан зогсож байлаа. Тэгээд Таннэр томилогдсон газартаа хөлөө чирэн очоод, эгнээний үзүүрээс барин, тэнцвэрээ олох зуур өмнөө байгаа хүнд ариун ёслолыг түгээв.

Түүний энэ энгийн зүйлийг хийхдээ хэчнээн их өвдөж байгааг нь мэдэрч, сэтгэл нь хөдөлсөн сүм дэх бүх хүний харц зөвхөн түүн дээр тусаж байгаа мэт санагдаж байлаа. Аврагчийг төлөөлөн диконуудын хэв маягаар үйлдэж, халзан болсон толгой нь хөлсөндөө нэвчин, эгнээнээс эгнээ рүү арай гэж ядруухан алхахдаа Таннэр чимээгүй ёслолыг хүндэтгэлтэйгээр гүйцэтгэсэн. Нэгэнтээ номхотгошгүй омголон байсан энэхүү диконы бага зэрэг хөхөрсөн, гэмтсэн, өвчтэй бие Есүс Христийн Цагаатгалын бэлгэдлийг хүмүүсийн амьдралд авчрахаар үйлчлэхдээ өвчин шаналлаа ийнхүү өөрийн хүслээр тэвчжээ.

Түүний дикон хүн ямар байх талаарх бодол биднийг ариун ёслолын талаар болон Аврагчийн талаар мөн дикон, багш, пристүүдийн талаар өөрөөр боддог болоход хүргэсэн.

Үйлчлэх нам гүм чимээгүй дуудлагадаа тэгтлээ эр зоригтой хандахад нь түүнд ямар гайхамшиг нөлөөлсөн юм бол гэж би гайхдаг. Түүнчлэн би Бурханы батальонд болон аврал, өргөмжлөлийн ажилд нэгдэх бошиглогчийн дуудлагад хариулахыг хичээж байгаа бүх өсвөр үеийнхнийхээ хүч чадал, чадавхыг гайхан бахаддаг.

Диконыг ариун ёслолын тавиурын бариулаас барих болгонд энэ нь Сүүлийн зоогийн болон Гетсеманийн мөн Калварийн бас булшны цэцэрлэгийн ариун нандин түүхийг бидэнд сануулдаг билээ. Аврагч төлөөлөгчдөдөө хандан, “Намайг дурсаж үүнийг үйлд” 1 хэмээн айлдахдаа маш олон үеийнхэнд, тэр тусмаа бидний хүн нэг бүрд хандан хэлсэн. Тэр ирээдүйн дикон, багш, пристүүдийн хувьд Түүний хүүхдүүдийг Аврагчийн бэлгэдлийг түгээн, хязгааргүй Цагаатгалын бэлгийг хүлээн авахад урих үедээ хангах тэрхүү гайхамшгийн талаар ярьж байсан билээ.

Ариун ёслолын бүх бэлгэ тэмдэг биднийг уг бэлэг рүү удирдан залдаг. Бид нэгэн цагт Их Эзэний хуваан бэлдсэн талхны тухай цэгнэн боддог байсан бол бидний өмнө зогсож байгаа пристүүд маань харин одоо талхыг хуваан бэлдэж байна. Залуу пристүүдийг ариун ёслолын залбирлын үгсийг хүндэтгэлтэй хэлэх үед тэдгээр үг бидний зүрхэнд төдийгүй тэнгэрт хүрч, биднийг Христийн авралын бодит хүчтэй холбодог гэрээнүүдийг шинэчилдэг ба бид тухайн цаг үед онцгойлон ариулсан, одоо ч онцгойлон ариулаад байгаа усны утга учрыг тунгаан боддог. Тэр үеэр бид, хэрэв Есүс тэнд байсан бол бидний хувийн ачааг өргөн, өвдөлтийг маань намжаахыг санал болгож, Өөрийнх нь зогсох байсан газарт зогсож байгаа диконуудаар дамжуулан ариун нандин бэлгэдлийг түгээж байгаа нь ямар утгатай талаар боддог байж болох юм.

Аз болоход, залуу эрэгтэй, эмэгтэйчүүд маань Аврагчид үйлчлэх баяр баясгаланг болон зорилгоо олохын тулд заавал өвчин тусах шаардлагагүй.

Ахлагч Дэвид А.Бэднар, бид номлогчидтой адил болж, өсөж хөгжихийн тулд номлогчдын хийдэг зүйлийг хийх хэрэгтэй бөгөөд тэгэх аваас “аажмаар Аврагчийн хүсэн хүлээж байгаа номлогч … шат шатаар, дүрэм дүрмээр болж чадна” 2 гэж заасан.

Хэрэв бид “Есүстэй адил” 3 байхыг хүсэх аваас Есүсийн хийдэг зүйлийг хийх ёстой. Их Эзэн Өөрийн юу хийдэг талаар “Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” 4 хэмээн ганц өгүүлбэрээр гайхамшигтай тайлбарлажээ.

Эцэгийнхээ хүүхдүүдийг аврахаар Эцэгтээ үйлчлэх нь үргэлжид мөн мөнхөд Аврагчийн зорилго байсаар ирсэн.

Энэ амьдралд баяр баясгаланг олох хамгийн найдвартай арга зам бол бусдад туслахад нь Христтэй нэгдэх явдал юм.

Энэ бол Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийг санаачлан үүсгэхэд хүргэсэн энгийн үнэн билээ.

Хүүхэд, өсвөр үеийнхний бүх үйл ажиллагаа, хичээл Түүний аврал, өргөмжлөлийн ажилд Түүнтэй нэгдсэнээр Есүстэй илүү адилхан болоход нь залуу хүмүүстээ туслах зорилготой.

Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр бол Хүүхдийн хэсгийн бүх хүүхдэд болон өсвөр үеийнхэнд шавь байх байдалдаа өсөн хөгжиж мөн аз жаргалтай амьдралд хүрэх арга зам нь юу болох талаар итгэлээр дүүрэн ойлголтыг олж авахад туслах хэрэгсэл юм. Тэд Христтэй адил үйлчлэл үзүүлснээр бусдад туслахын баяр баясгаланг мэдрүүлдэг чуулга, Залуу эмэгтэйчүүдийн ангид удалгүй харьяалагдаж, гэрээний зам дээр гарч, баптисм хүртэж, гишүүнээр батлуулан, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авснаар замын зогсоол, тэмдэгтүүдийг ойлгон, хүсэн хүлээдэг болно. Тэд Аврагчтай илүү адил болох явцдаа амьдралаа тэнцвэртэй байлгах том жижиг зорилгуудыг тавих болно. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө чуулган, Найз сэтгүүл, Gospel Living аппликэйшн зэрэг нь Христ дотор баяр баясгаланг олоход анхаарахад нь тэдэнд тусална. Тэд ариун сүмийн хязгаартай ашиглах зөвшөөрлийн бичгийг авч явснаар ирэх адислалуудыг хүсэн хүлээх болно. Бас олон нь ариун сүм, гэр бүлийн түүхийн адислалуудыг авахдаа, Ариун Сүнсний нөлөөгөөр дамжуулан Елиагийн сүнсийг мэдрэх болно. Тэд патриархын адислалаараа удирдуулна. Цаг нь болохоор тэд хишгийн хүчийг хүртэхийн тулд мөн ямар ч нөхцөл байдал тохиосон байлаа ч гэсэн гэр бүлтэйгээ мөнхөд холбогдон, баяр баясгалантай болохын тулд ариун сүм рүү явах болно.

Цар тахал, гамшгийн өмнөхөн эхлүүлсэн, Хүүхэд, өсвөр үеийнхний шинэ хөтөлбөрийн бүрэн амлалтыг улируулан тохиолгох ажил ид явагдаж байгаа бөгөөд үүнийг яаравчлуулах хэрэгтэй байна. Өсвөр үеийнхэн маань Аврагчийг мэддэг болохоосоо өмнө дэлхийг өөрөө өөрийгөө зөв зохистой болгохыг хүлээгээд сууж байж чадахгүй. Зарим хүн өөрсдийн болон Их Эзэний жинхэнэ мөн чанарыг ойлгодог байсан бол гаргахгүй байх байсан тийм шийдвэрийг гаргаж байна.

Тиймээс шийдвэр гаргах сургуулилт хийж байгаа Бурханы батальоныг “бүгд ажилдаа гар!” хэмээн яаралтай уриалан дуудаж байна.

Аав, ээжүүд ээ, өмнө нь таны хүүхдэд скаутын зүүлт, тэмдэг зэрэг жижиг зүйлс хэрэгтэй болоход та нар дуртайяа тусалдаг байсан шиг тэдэнд та нарын дэмжлэг хэрэгтэй байна. Аав, ээжүүд, санваарын болон Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид аа, хэрвээ өсвөр үеийнхэн маань асуудалтай хэцүү байгаа бол Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр тэднийг Аврагч руу ирэхэд нь туслах ба Аврагч тэдэнд амар амгаланг авчрах болно. 5

Чуулгын болон ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөнд хэлэхэд, өндийн босоод Их Эзэний ажилд оногдсон байр сууриа эзлээрэй.

Бишопууд аа, та нар чуулгын ерөнхийлөгч, чуулгын гишүүдтэйгээ санваарын түлхүүрээ холбон нэгтгэ. Танай тойрог үүрд өөрчлөгдөх болно.

Өсөж буй үеийнхэн та нарт хандан хэлэхэд, та нар бол Бурханы хайрт охид, хөвгүүд гэдгийг мөн та нарт зориулсан ажил Түүнд байгааг мэддэг гэдгээ би өөрөө мэддэг хүний хувиар гэрчилж байна.

Та нар бүх зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа өөрсдийн сүр жавхлант дуудлагыг эрхэмлэн босох үед өөрсдийн гэр орноос эхлэн бусдыг адислахаар хөдөлмөрлөхдөө Бурханыг хайрлаж, гэрээгээ сахидаг мөн Түүний санваарт найддаг болох болно.

Та нар үйлчилж, итгэлээ хэрэгжүүлж, өдөр бүр өсөж хөгжин, ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад мөн зөвхөн Есүс Христийн сайн мэдээгээр дамжин ирдэг дуусашгүй баяр хөөрийг хүлээн авахад тэнцэхүйц байхын тулд энэ үед зохистой байж, хоёр дахин их эрч хүчээр хичээгээсэй хэмээн би залбирч байна. Та нарыг хичээнгүй номлогч, үнэнч нөхөр, эхнэр, хайраар дүүрэн эцэг эх болоход өөрсдийгөө бэлтгээсэй хэмээн би залбирч байна. Та нар Есүс Христийн үнэнч шавь байснаар эцэст нь үүнд хүрч чадна хэмээх амлалтыг авсан билээ.

Бүх хүнийг Христэд ирж, Түүний Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад урьснаар та нар Аврагчийг эргэн ирэхэд дэлхийнхнийг бэлтгэхэд туслах болтугай. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Лук 22:19

  2. Дэвид A.Бэднар, “Becoming a Missionary,” Liahona, 2005 оны 11-р сар, 46.

  3. “Би Есүс шиг байхыг хичээнэ; Би Түүний замыг дагана. Би хийх болон хэлэх бүх зүйлдээ Түүний хайрласан шиг хайрлахыг хичээнэ” (Би Есүс шиг байхыг хичээнэ,” Хүүхдийн дууны ном, 78–79).

  4. Moсе 1:39

  5. Бидний түүхэнд өсвөр үеийнхэнд өсч хөгжихөд нь ийм зоригтойгоор тусалж ирсэн үнэнч эцэг эх, удирдагчдадаа хувиасаа талархал илэрхийлье. Хүүхэд, өсвөр үеийнхний шинэ хөтөлбөр нь өмнөх үеийн үйл ажиллагаа, амжилттай хөтөлбөр бүрийн үр дүн гэдгийг би хүлээн зөвшөөрч байна.