Ерөнхий чуулган
Сионы эгч нар
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Сионы эгч нар

Та бүхэн Израилын цугларалтын болон Сионы иргэдийг бүрдүүлэх ажлын чухал хүчин байх болно.

Хайрт эгч нар аа, дэлхийн түүхэн дэх гайхамшигт энэ цаг мөчид үг хэлэх боломжоор адислагдсандаа би талархаж байна. Өдөр өнгөрөх тусам бид Аврагч Есүс Христийн дэлхийд дахин ирэх гайхамшигт цаг мөчид ойртсоор байна. Түүний ирэлтээс өмнө тохиох аймшигт үйл явдлуудын талаар бид мэдэх ч Түүнийг ирэхийн өмнө гүйцэлдэх гайхамшигт амлалтуудыг мэдсэнээр бидний зүрх сэтгэл баяр баясгалан, итгэл найдвараар дүүрдэг.

Тэнгэрлэг Эцэгийн хайртай охид мөн Их Эзэн Есүс Христийн хаант улсын охидын хувьд 1 та нар ирж буй агуу цаг үед чухал үүрэг гүйцэтгэнэ. Енохын хотын иргэд шиг цугларсан бөгөөд бэлтгэгдсэн хүмүүс дээр Аврагч ирнэ гэдгийг бид мэднэ. Тэндхийн хүмүүс Есүс Христэд итгэх итгэлээрээ нэгдмэл, туйлын цэвэр ариун байсан тул тэнгэр өөд аваачигдсан.

Енохын хүмүүст юу тохиолдох тухай мөн энэхүү цаг хугацааны бүрэн байдлын эцсийн эрин үед юу болох талаар Их Эзэний илчилсэн тайлбарыг харцгаая.

“Мөн дэлхий амрах тэр өдөр ирэх болно, гэвч тэр өдрийн өмнө тэнгэр харанхуйлж, мөн харанхуйн хөшиг дэлхийг бүрхэх болно; мөн тэнгэр хийгээд дэлхий сэгсрэгдэх болно; мөн хүмүүний үрсийн дунд агуу гай зовлон байх болно, гэвч өөрийн хүмүүсийг би хамгаалан үлдэх болно;

Мөн зөв шударга ёсыг тэнгэрээс доош би илгээх болно; мөн миний Төрсөн Ганцын тухай гэрчлэхээр дэлхийгээс үнэнийг би илгээх болно; нас барагсдаас түүний амилуулалтыг; тийм ээ, мөн тэрчлэн бүх хүмүүний амилуулалтыг; мөн миний хүмүүс бүсээ бүсэлж, мөн миний ирэлтийн цагийг урагш ширтэн хүлээж болохын тулд миний бэлтгэх тэр газар, Ариун Хотод миний сонгогдсон хүмүүсийг дэлхийн дөрвөн зүгээс цуглуулахын тулд миний илгээх зөв шударга ёс хийгээд үнэн нь дэлхийг үер мэт арчих болгоно би; учир нь тэнд миний асар байх болно, мөн энэ нь Сион, Шинэ Иерусалим хэмээн нэрлэгдэх болно.

Мөн Их Эзэн Еноход хэлэв: Тэгээд чи болон чиний бүх хот тэдэнтэй тэнд уулзах болно, мөн бид тэднийг цээжиндээ хүлээн авах болно, мөн тэд биднийг үзэх болно, мөн бид тэднийг тэвэрч, мөн тэд биднийг тэврэх болно, мөн бид бие биенээ үнсэх болно;

Мөн тэнд миний өргөө байх болно, мөн энэ нь миний бий болгосон бүх бүтээлтүүдээс урагш гарч ирэх Сион байх болно; мөн мянган жилийн хугацаанд дэлхий амрах болно.” 2

Эгч нар аа, та, таны охид, таны ач, зээ мөн өсгөн хүмүүжүүлсэн эмэгтэйчүүд Аврагчийг гайхамшигтайгаар угтан авах хүмүүсийн нийгмийг бүтээх ажлын төвд нь байх болно. Та нар Израилын цугларалтын болон Шинэ Иерусалимд оршин суух Сионы иргэдийг бүрдүүлэх ажлын чухал хүчин нь байх болно.

Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан та нарт амлалт өгсөн. Халамжийн нийгэмлэгийг байгуулсан эхний үед бошиглогч Иосеф Смит эгч нарт хандан “Хэрэв та нар өөрсдийн онцгой эрхийн дагуу амьдрах аваас тэнгэрийн элч нар та нарын туслагч байхыг хэн ч хорьж чадахгүй” 3 хэмээн хэлсэн.

Энэхүү ер бусын чадавх та нарт байдаг бөгөөд та нар үүнд бэлтгэгдсэн.

Ерөнхийлѳгч Гордон Б.Хинкли ингэж хэлжээ.

“Эгч нар аа, та нар Тэнгэрлэг Эцэгийн үр хүүхдүүдийнхээ мөнхийн аз жаргалд зориулсан төлөвлөгөөнд хоёрдогч байр суурь эзэлдэггүй. Та нар тэр төлөвлөгөөний амин чухал хэсэг юм.

Та наргүйгээр төлөвлөгөө явахгүй. Та наргүйгээр төлөвлөгөө бүхэлдээ нурах болно. …

Та нарын хүн нэг бүр төрөхөд тань олгогдсон тэнгэрлэг эрхтэй Бурханы охид билээ.” 4

Бидний одоогийн бошиглогч ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Аврагчийн ирэлтэд бэлдэхэд та нарын гүйцэтгэх үүргийн талаар ийн тайлбарласан.

“Эмэгтэйчүүд бол эхнэр, ээж, эмээ, эгч, авга эгч, багш, удирдагч, үлгэрлэн дагуулагчид бөгөөд итгэлээ хамгаалагчдынх нь хувьд тэдний гэр бүлдээ төдийгүй Их Эзэний Сүмд үзүүлдэг нөлөөг хэмжих боломжгүй юм.

Энэ нь Адам, Ева хоёрын үеэс эхлэн сайн мэдээний эрин үе бүрд ийм байсаар ирсэн. Манай эрин үеийн эмэгтэйчүүд бусад үеийн эмэгтэйчүүдээс ялгаатай. Учир нь бидний эрин үе бусад эрин үеэс нэн өвөрмөц юм. Энэ өвөрмөц онцлог нь онцгой эрх, үүрэг хариуцлагыг авчирдаг.” 5

Их Эзэн Енохын хотынх шиг болоход бэлдэхэд туслахаар биднийг удирдах тул энэ эрин үе бусдаасаа өөр юм. Сионы хүмүүс болж өөрчлөгдсөний үр дагавар юу болох талаар Тэрээр төлөөлөгч, бошиглогчдоороо дамжуулан тайлбарласан.

Ахлагч Брүс Р.Макконки ийн заажээ.

“[Енохын] өдөр бол ёс бус явдал болон хилэнцийн өдөр, харанхуй болон бослогын өдөр, дайн болон сүйрлийн өдөр, дэлхий усаар угаагдан цэвэршихийн өмнөх өдөр юм.

“Енох харин итгэлтэй байсан. Тэр ‘Их Эзэнийг харж,’ нэг хүн нөгөөтэйгөө ярьдгийн адил ‘нүүр тулан’ харьцсан. (Мoсе 7:4.) Их Эзэн түүнийг дэлхийд наманчлалыг тунхаглаж, ‘Эцэгийн болон ач ивээл хийгээд үнэнээр дүүрэн Хүүгийн нэрээр мөн Эцэгийн тухай мөн Хүүгийн тухай гэрчилдэг Ариун Сүнсээр баптисм хүртээхээр илгээсэн билээ.’ (Moсе 7:11.) Енох гэрээнүүдийг байгуулж, үнэн итгэгчдийг цуглуулсан бөгөөд тэд бүгд туйлын итгэлтэй болцгоосон учир ‘Их Эзэн ирж мөн өөрийн хүмүүстэй хамт оршин сууж байв, мөн тэд зөв шударга ёсонд оршин сууж байсан’ бөгөөд дээрээс адислагдсан байв. ‘Мөн Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв, учир нь тэд нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай байлаа, мөн зөв шударга ёсонд оршин сууж байлаа; мөн тэдний дунд ядуус байсангүй.’ (Moсе 7:18.) …

Их Эзэнийг хүмүүсээ Сион хэмээн нэрлэсний дараа, сударт Енох ‘Ариун Хот, бүр Сион хэмээн нэрлэгдсэн хот байгуулав’ хэмээн гардаг. Тэрхүү Сион ‘тэнгэр өөд авагдав,’ учир нь Бурхан үүнийг өөрийн цээжинд дээш нь хүлээн авсан юм; мөн тэр цагаас хойш Сион Явчихсан хэмээх үг урагш гарч ирсэн ажгуу.’ (Moсе 7:19, 21, 69.) …

Тэрхүү тэнгэр өөд авагдсан Сион нь эргэн ирэх бөгөөд … Их Эзэн Сионыг ахин авчрахад оршин суугчид нь тэр үед байгуулагдсан байх шинэ Иерусалимтай нэгдэнэ.” 6

Өнгөрсөн түүх нь Аврагчийн ирэлтийн оршил юм бол, Бурхантай байгуулсан гэрээгээ үнэнчээр сахидаг охид Түүнийг ирэхэд угтан авахаар бэлтгэгдсэн хүмүүсийн талаас илүү нь байх болно. Гэвч тоо нь хэд ч байсан, тэрхүү Сионд бэлтгэгдсэн хүмүүсийн дунд эв нэгдлийг бүрдүүлэхэд та нарын оролцоо талаас хавьгүй илүү байх нь гарцаагүй.

Би яагаад үүнд итгэж байгаагаа та нарт хэлье. Сионы хүмүүсийн талаар Мормоны Номд цэдэглэсэн байдаг. Тэднийг амилсан Аврагчаар заалгуулж, хайрлуулж, адислагдсаны дараа “Хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайрын учир, уг нутагт зөрчилдөөн огт байсангүй” 7 хэмээснийг та нар санаж байгаа байх.

Тэнгэрлэг Эцэгийн охид өөрсдийн Бурханыг гэх хайраар болон үйлчилдэг хүмүүстээ үзүүлдэг Бурханы хайраараа зөрчилдөөнийг зөөлрүүлж, зөв шударга байдлыг дэлгэрүүлэх чадалтай гэдгийг миний туршлага надад заасан.

Үүнийг би өсвөр насандаа, манай гэрт цуглардаг байсан жижиг салбараасаа харсан. Ах бид хоёр хоёулханаа Аароны санваартан, аав минь цорын ганц Мелкизедек санваартан байсан юм. Тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч нь хөрвөгч байсан бөгөөд нөхөр нь Сүмд үйлчлэхэд нь дургүйцдэг байв. Салбарын гишүүд маань бүгдээрээ гэртээ санваартангүй настай эгч нар байж билээ. Ээж болон тэдгээр эгч бие биенээ үргэлж хайрлаж, өргөж дэмжин, харж халамжлахыг би харсан. Одоо бодоход, би Сион ямар байхыг зэрвэсхэн харснаа ухаарч байна.

Итгэлтэй эгч нарын нөлөө ямар байдгийг үзэх завшаан Альбукурки, Нью Мексико дахь Сүмийн салбарт үргэлжилсэн юм. Салбарын ерөнхийлөгчийн эхнэр, дүүргийн ерөнхийлөгчийн эхнэр мөн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч шинээр ирсэн болон хөрвөн орсон хүн бүрийн зүрх сэтгэлийг хайраараа дулаацуулж байхыг би харсан. Тэндхийн эгч нарын үйлчлэлийг хоёр жил ажиглан харах завшаан олдсоны дараа Альбукуркиг орхин явсан уг ням гарагт тэнд анхны гадас байгуулагдсан юм. Одоо Их Эзэн тэнд ариун сүм босгосон.

Би Бостон хавьд нүүж очоод, тэнд хоёр мужийн газар нутгаар тархсан жижиг салбаруудыг тэргүүлэн удирддаг дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилсэн юм. Хайрлаж, уучилж чаддаг, бусдын зүрх сэтгэлийг зөөлрүүлэхэд тусалсан эмэгтэйчүүд нэг бус удаа тэнд үүссэн зөрчил маргааныг шийдвэрлэж чадсан билээ. Намайг Бостоноос явсан тэр ням гарагт Тэргүүн Зөвлөлийн гишүүн Массачусетс дахь анхны гадсыг зохион байгуулсан юм. Одоо тэнд, дүүргийн ерөнхийлөгчийн амьдардаг байсан газартай ойрхон ариун сүм боссон. Түүнийг итгэлтэй, хайртай эхнэр нь Сүмд авчирсан бөгөөд хожим нь тэрээр гадасны, улмаар номлолын ерөнхийлөгчөөр үйлчилсэн билээ.

Эгч нар аа, та нар онцгой чадвартай Бурханы охид байхаар адислагдсан. Та энэхүү мөнх бус амьдралд бусдыг тэтгэж, Сионы нийгэмд хамт амьдрахад шаардагдах хайр болон цэвэр ариун байдалд бусдыг өргөн аваачих сүнслэг чадавхыг өөртөө авсан байдаг. Халамжийн нийгэмлэгийн буюу Тэнгэрлэг Эцэгийн охидод зориулсан Сүмийн анхны байгууллагын уриа “Энэрэл хэзээ ч дуусдаггүй” гэсэн байдаг нь тохиолдлын хэрэг биш юм.

Энэрэл бол Христийн цэвэр хайр. Түүнд болон Түүний хязгааргүй Цагаатгалын үр дүнд итгэх итгэл тань танд болон таны хайрлаж үйлчилдэг хүмүүст тэрхүү эрт дээр үеэс хүсэн хүлээсэн, амлагдсан Сионы нийгэмд амьдрах эрхэм дээд бэлгийг хүртэх эрхийг олгох болно. Тэнд та нар Их Эзэнээр болон өөрсдийн адисалсан хүмүүсээр хайрлуулах Сионы эгч нар байх болно.

Та нар бол Их Эзэний дэлхий дээрх хаант улсын иргэд гэдгийг би гэрчилж байна. Та нар бол Тэнгэрлэг Эцэгийн хайрт охид бөгөөд Тэрээр та нарыг бусдыг адислахад ашиглана хэмээн амласан өвөрмөц бэлэгтэй тань энэ дэлхийд илгээсэн. Их Эзэн Ариун Сүнсээр дамжуулан гараас тань хөтөлнө гэдгийг би амлаж байна. Өөрийнх нь хүмүүсийг амласан Сион нь болоход туслахаар явахад Тэрээр та нарын өмнө явах болно. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.