Ерөнхий чуулган
Залбирч, ямагт сэргэг байгтун
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Залбирч, ямагт сэргэг байгтун

Өнөөдөр би дэлхий даяарх бүх улс орны хүмүүсийг залбирахад уриалж байна.

Хайрт ах, эгч нар аа, мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа сүүлчийн долоо хоногт Есүс шавь нартаа “Харин Хүний Хүүгийн өмнө зогсох мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун1 гэж сургасан.

Түүний Хоёр дахь ирэлтийн өмнө “дайн ба дайны сураг чимээ[,] … энд тэндгүй өлсгөлөн хийгээд газар хөдлөлт болно.”2

Сургаал ба Гэрээнд Аврагч “Мөн бүх зүйл үймээнд байх болно, учир нь бүх хүмүүс дээр айдас ирэх болно”3 хэмээн хэлсэн.

Үнэндээ бүх зүйл ороо бусгаа байгаа цаг үед бид амьдарч байна. Олон хүн ирээдүйгээс айж, олон зүрх сэтгэл Бурханд болон Түүний Хүү Есүс Христэд итгэхээ больж хөндийрсөн байна.

Хэвлэл мэдээлэл хүчирхийллийн тухай мэдээгээр дүүрчээ. Ёс суртахууныг уландаа гишгэсэн зүйлсийг онлайнаар нийтэлж байна. Оршуулгын газар, сүм, масчид, синагог болон шашны ариун шүтээнүүдийг сүйтгэж байна.

Дэлхий дахиныг хамарсан цар тахал дэлхийн бараг өнцөг булан бүрд хүрч, улмаар олон сая хүн халдвар авч, сая гаруй хүн нас барлаа. Сургуулийн төгсөлт, сүмийн шүтлэг бишрэлийн үйлчлэл, гэрлэлт, номлолын үйлчлэл ба амьдралын бусад чухал үйл явдал бүгд тасалдахад хүрлээ. Түүнээс гадна тоо томшгүй олон хүн ганц ганцаараа тусгаарлагдсан байна.

Эдийн засгийн хямрал олон хүнд, нэн ялангуяа Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хамгийн эмзэг бүлгийнхэнд том сорилт болов.

Бид хүмүүсийг тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж байгааг мөн түрэмгий танхайрагчид үймээн самуун дэгдээхийг ч харлаа.

Үүний зэрэгцээ дэлхий даяар зөрчилдөөн үүсэж буйг бид харсаар байна.

Би зовж шаналан, санаа зовж, айн, ганцаардаж байгаа хүмүүсийн тухай байнга боддог. Их Эзэн таныг мөн шаналж, санаа зовж буй зүйлсийг тань мэднэ. Тэр танд дотно байдлаар, ганцаарчлан ханддаг ба таныг гүн гүнзгий, үүрд мөнхөд хайрладаг гэдгийг би та нарын хүн нэг бүрд батлан хэлье.

Би орой болгон залбирахдаа Их Эзэнээс уй гашуу, зовлон шаналал, ганцаардал, уйтгар гунигт автсан бүх хүнийг адисална уу хэмээн гуйдаг. Сүмийн бусад удирдагч яг ингэж залбирдгийг би мэднэ. Зүрх сэтгэл минь та нартай хамт байж, та бүхний өмнөөс Бурханд залбирдаг.

Би өнгөрсөн жил олон өдрийг Нэгдсэн Улсын зүүн хойд хэсэгт өнгөрүүлж, Америкийн болон Сүмийн түүхэн газруудаар очиж, гишүүд, номлогчдынхоо хамт цуглаанд оролцон, засгийн газрын болон бизнесийн удирдагчидтай уулзсан.

10 сарын 20-ны ням гарагт би Бостоны Массачусеттсын ойролцоо нэгэн томоохон цуглаан дээр үг хэлсэн юм. Би ярьж байхдаа “Энэ улс орны төлөө буюу Бурханы байгуулсан энэхүү агуу үндэстэн дотор амьдарч буй бидний удирдагчид, ард түмэн, гэр бүлүүдийн төлөө залбирахыг … би та нараас гуйж байна”4 гэж хэлэх сүнслэг өдөөлтийг мэдэрч билээ.

Би бас Америкийн төдийгүй дэлхийн олон үндэстэн өмнөх үеүд шигээ дахин чухал уулзвар дээр ирээд байгаа бөгөөд бид залбирах хэрэгтэй байна гэж хэлсэн.5

Миний гуйлт бэлдсэн үгийн маань тэмдэглэлд ороогүй байв. Эдгээр үг намайг Сүнсийг мэдрэхэд орж ирсэн бөгөөд тэнд цугласан хүмүүсийг улс орон, удирдагчдынхаа төлөө залбиралд урихад өдөөсөн юм.

Өнөөдөр би дэлхий даяарх бүх улс орны хүмүүсийг залбирахад уриалж байна. Таны хэрхэн, хэний тухай залбирдгаас мөн таны ямар итгэл үнэмшилтэйгээс үл хамааран та итгэлээ хөгжүүлэн, улс, үндэстнийхээ удирдагчдын төлөө залбираарай. Миний өнгөрсөн 10-р сард Массачусеттст хэлсэнчлэн, бид эдүгээ түүхэн чухал уулзвар дээр ирээд байгаа бөгөөд дэлхийн улс үндэстнүүдэд тэнгэрлэг, сүнслэг удирдамж зайлшгүй хэрэгтэй болоод байна. Энэ бол улс төрийн тухай эсвэл бодлогын тухай зүйл биш. Энэ бол хувь хүмүүсийн болон улс орон, тэдний хот, тосгодын сүр сүлдэнд Энх Амгалангийн Ханхүү, бүх эдгээлтийн үндэс болох Их Эзэн Есүс Христээс ирж болох энх тайван, эдгээлтийн тухай асуудал юм.

Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд надад төрсөн сүнслэг мэдрэмж бол дэлхийд одоо нүүрлээд байгаа асуудалд туслах хамгийн сайн арга бол бүх хүн Бурханд илүү их найдаж, чин сэтгэлээсээ залбирснаар зүрх сэтгэлээ Түүн рүү хандуулах явдал юм гэсэн мэдрэмж байсан. Өмнөө тулгарсан бүхнийг тэсэж эсвэл ялан гарахын тулд өөрсдийгөө даруусган, тэнгэрлэг өдөөлтийг эрэлхийлэх нь энэ түгшүүртэй цаг үеийг туулан урагшлах аюулгүй бөгөөд баталгаатай арга зам юм.

Судруудад Есүсийн хэлсэн залбирлыг, тухайлбал Түүний мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр залбирлын тухай заасан зүйлсийг онцлон тэмдэглэсэн байдаг. Та Их Эзэний залбирлыг санаж байгаа.

“Тэнгэрт дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай.

Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэрт шигээ газарт бас биелтүгэй.

Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач.

Бид өртөнгүүдээ уучилсан адил өөрсдийн минь өрийг уучлаач.

Биднийг уруу татлагад бүү автуулаач, ёрын муугаас гэтэлгээч. Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен.”6

Энэхүү төвлөрсөн сайхан залбирал Христийн шашинтнууд дунд олон удаа давтагдсан байдаг бөгөөд биднийг түгшээж буй зүйлсэд хариулт авах залбирлыг “Тэнгэр дэх, бидний Аав аа” хэмээн гуйвал зохилтой гэдгийг тодорхой харуулж байна. Тиймээс, тэнгэрлэг удирдамж авахын төлөө залбирцгаая.

Би та бүхнийг байнга залбираасай гэж урьж байна.7 Гэр бүлийнхээ төлөө залбир. Улс үндэстнийхээ удирдагчдын төлөө залбир. Дэлхийн баян, хоосон, хөгшин, залуу, бүх хүнийг хамарсан нийгэм, байгаль орчин, улс төр, биологийн тахлын эсрэг одоо хийгдэж буй тэмцлийн тэргүүн эгнээнд яваа зоригтой хүмүүсийн төлөө залбир.

Аврагч бидэнд хэний ч төлөө залбирч болно хэмээн заасан. Тэрээр “Дайснуудаа хайрла, чамайг зүхэх тэднийг адисал, чамайг үзэн ядах тэдэнд сайныг үйлд, мөн чамайг хүнлэг бусаар ашиглах мөн чамайг хавчин гадуурхах тэдний төлөө залбир”8 гэсэн.

Голгот дээрх загалмай дээр Есүс бидний төлөө үхсэн юм. Тэрээр залбирч байхдаа хүртэл “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна”9 хэмээн зааж байсан зүйлсээ хэрэгжүүлсэн.

Бидний дайсан гэж тооцогдож болох тэдний төлөө чин сэтгэлээсээ залбирах нь Бурханд өөрсдийн болон бусдын зүрх сэтгэлийг өөрчилж чадна гэдэгт итгэдгээ харуулдаг. Ийм залбирал нь өөрсдийн амьдрал, гэр бүл, нийгэмд шаардлагатай аливаа өөрчлөлт гаргах шийдвэрийг маань хүчирхэгжүүлдэг.

Таны хаана амьдарч, ямар хэлээр ярьж эсвэл ямар сорилттой тулгарч байгаагаас үл хамааран, Бурхан таныг Өөрийн арга замаар, Өөрийнхөө цаг хугацаанд сонсож хариулдаг. Бид Түүний хүүхдүүд учраас Түүнээс тусламж, тайтгарал хүсэн мөн дэлхийд эерэг өөрчлөлт хийх шинэ хүсэлтэй болохын төлөө Түүнд хандаж болно.

Шударга ёс, энх тайвны төлөө мөн ядуу зүдүү, өвчтэй хүмүүсийн төлөө залбирах нь ихэнх тохиолдолд хангалтгүй. Бид өвдөг сөхрөн залбирсныхаа дараа өөрсдөдөө болон бусдад туслахын тулд хийж чадах зүйлээ хийхээр босох хэрэгтэй байдаг.10

Судруудад залбирлаа үйлдэлтэйгээ хослуулж, өөрсдийн болон бусдын амьдралыг өөрчилж чадсан итгэлтэй хүмүүсийн жишээ дүүрэн бий. Мормоны Номд, жишээ нь бид Иносын тухай уншдаг. “Энэ богинохон номын гуравны хоёр орчимд залбирал эсвэл дараалсан залбирлуудын тухай тайлбарласан байдаг бол үлдсэн хэсэгт нь хариулт авсныхаа дараа түүний юу хийсэн тухай гардаг”.11

Залбирал манай Сүмийн түүхэнд өөрчлөлт авчирсан олон жишээ байдгийн нэг нь эцэг эхийнхээ дүнзэн байшингийн ойролцоох модонд 1820 оны хавар анх ам нээн залбирсан Иосеф Смитийн залбирал юм. Өршөөл, сүнслэг удирдамж эрэлхийлсэн Иосефын залбирал тэнгэрийг нээсэн билээ. Өнөөдөр бид бүгд бошиглогч Иосеф болон бусад итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн эрэгтэй, эмэгтэй хүн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг байгуулахад туслахын төлөө залбирч, үйлдэл хийсний үр шимийг хүртэж байна.

Би итгэлтэй эмэгтэйчүүдийн нэг болох Мэри Фийлдинг Смитийн залбирлуудын талаар байнга боддог. Тэрээр Бурханы тусламжтайгаар гэр бүлээ Иллиноист дэгдэж байсан хавчлагаас гарган, гэр бүл нь сүнслэг болон материаллаг байдлаар дэгжих болсон энэ хөндий рүү удирдан чиглүүлж, аюулгүй авчирсан. Тэр өвдөг сөгдөн, чин сэтгэлээсээ залбирсны дараа сорилтуудаа давж, гэр бүлээ адислахын тулд шаргуу хөдөлмөрлөжээ.

Залбирал биднийг хувь хүн, гэр бүл, Сүмийн хувьд төдийгүй дэлхийн хэмжээнд нэгтгэдэг. Залбирал эрдэм шинжилгээний ажилтнуудад нөлөөлж, уг цар тахлыг эцэс болгох вакцин, эм бэлдмэлийг гаргаж авахад нөлөөлөх болно. Залбирал хайртай нэгнээ алдсан хүмүүсийг тайтгаруулах болно. Энэ нь биднийг өөрсдийгөө хамгаалах юуг хийх ёстойгоо мэдэхэд удирдах болно.

Ах, эгч нар аа, би та бүхнийг өмнөхөөсөө хоёр дахин их залбираасай гэж хүсэж байна. Би та бүхнээс гонхондоо орохдоо болон өдөр тутам явахдаа мөн гэр орон, тойрогтоо төдийгүй үргэлж зүрх сэтгэлдээ залбирч байхыг хүсэж байна.12

Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчдын өмнөөс та бүхнийг бидний төлөө залбирдагт талархаж явдгаа илэрхийлье. Би та бүхнээс энэ хүнд хэцүү цаг үед Сүмийг удирдан чиглүүлэх Сүнсний удирдамж, илчлэлт хүлээн авч болохын тулд бидний төлөө үргэлжлүүлэн залбирахыг хүсэж байна.

Залбирал бидний амьдралыг өөрчилж чадна. Чин сэтгэлээсээ залбирснаар бид сайжирч мөн бусдыг сайжрахад тусалж чадна.

Би өөрийн туршлагаас залбирлын хүчийг мэднэ. Би саяхан оффис дээрээ ганцаараа байсан ба гартаа эмнэлгийн мэс ажиллабар хийлгүүлсэн байв. Гар минь харлаж хөхрөн, хавдаж, зовуурьтай байсан. Би ширээнийхээ ард суугаад, өвдөлтөөсөө болж анхаарал сарниж, онцгой, чухал асуудлууд дээр төвлөрч чадахгүй байлаа.

Би Их Эзэнээс ажлаа хийж гүйцэтгэхийн тулд анхаарлаа төвлөрүүлэхэд минь туслахыг гуйв. Би босоод, ширээн дээр овоорсон цааснууд дээрээ очлоо. Бараг тэр даруй оюун санаа минь цэлмэж, төвлөрч эхлэн, би яаралтай ажлуудаа дуусгаж чадав.

Олон асуудал, бэрхшээлийг бодохоор бидэнд дэлхийд одоо тохиолдож буй эмх замбараагүй байдал аймшигтай санагдаж байж болох юм. Гэвч хэрэв бид залбиран, шаардлагатай адислал, удирдамжийг Тэнгэрлэг Эцэгээс гуйвал гэр бүл, хөршүүд болон орон нутгийн нийгэмлэгээ, тэр тусмаа амьдарч байгаа улс орноо хүртэл хэрхэн адисалж болохыг мэдэж авах болно гэдгийг би чин сэтгэлээсээ гэрчилж байна.

Аврагч залбираад, дараа нь ядуу нэгнийг хооллож, гачигдалтай хүмүүсийг зоригжуулан мөн дэмжиж, Өөрт нь ирэх тэд бүгдэд хайр, өршөөл, амар амгаланд хүрч үйлчлэн, “сайныг үйлдэж явсан.”13 Тэр одоо ч бидэнд үргэлжлүүлэн хүрч үйлчилсээр байна.

Би Сүмийн бүх гишүүнийг болон дэлхий даяарх өөр итгэл үнэмшилтэй хөршүүд болон найз нөхдөө Аврагчийн шавь нартаа зөвлөсөнчлөн амар амгалан, тав тухтай, аюулгүй байж, бие биедээ үйлчлэх боломжтой байхын тулд “Залбирч, ямагт сэргэг байгтун14 хэмээн урьж байна.

Залбирлын хүч юутай агуу вэ. Бидний Бурханд болон Түүний Хайрт Хүүд итгэх итгэлийн залбирал өнөөдөр дэлхийд хэчнээн их хэрэгтэй байна вэ! Бүгдээрээ залбирлын хүчийг санаж, талархацгаая. Есүс Христийн нэрээр, амен.