Ерөнхий чуулган
Тогтвортой нийгэм
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Тогтвортой нийгэм

Хэрэв бидэн дундаас хангалттай олон хүн мөн, хангалттай олон хөрш маань Бурханы үнэний дагуу амьдралаа удирдан явуулдаг байвал нийгэм болгонд хэрэгтэй ёс суртахууны ариун журам элбэг байх болно.

Гайхалтай Аврагчаа магтан дуулах найрал дуучид хэчнээн үзэсгэлэнтэй билээ.

Нэгдсэн Үндэсний Байгууллага 2015 онд “2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг баталжээ. Үүнийг “одоогийн болон ирээдүйн хүмүүсийн мөн энэ гаргийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн талаар хуваалцсан төлөвлөгөө” хэмээн тодорхойлдог. Энэхүү Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030 он гэхэд хэрэгжсэн байх зорилгыг буюу ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох, чанартай боловсролыг дэмжих, жендерийн эрх тэгш байдлыг хангах, баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах, баталгаат ажлын байрыг бий болгох гэх зэрэг 17 зорилгыг багтаадаг. 1

Тогтвортой хөгжлийн талаарх ойлголт сонирхолтой бөгөөд чухал зүйл юм. Гэсэн ч түүнээс илүү чухал зүйл бол тогтвортой нийгмийн талаарх илүү өргөн асуудал билээ. Гишүүдийнхээ аз жаргал, хөгжил дэвшил, тайван амгалан байдал, сайн сайхныг хөхиүлэн дэмждэг цэцэглэн хөгжиж буй нийгмийн үндэс суурь юу вэ? Ийм хөгжсөн нийгмийн талаар өгүүлэх ядаж л хоёр судрын цэдэг бидэнд бий. Бид тэдгээрээс юу суралцаж болох вэ?

Эрт дээр үед агуу патриарх, бошиглогч Енох “Ариун Хот, бүр Сион хэмээн нэрлэгдсэн хот байгуулав” 2 хэмээн зөв шударга ёсыг тунхаглажээ. “Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв, учир нь тэд нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай байлаа, мөн зөв шударга ёсонд оршин сууж байлаа; мөн тэдний дунд ядуус байсангүй.” 3

“Мөн Их Эзэн уг нутгийг адислав, мөн тэд уулсын дээр, мөн өндөр газрууд дээр адислагдсан байлаа, мөн цэцэглэн хөгжив” 4 хэмээн цэдэглэгдсэн байдаг.

Нифайчууд, леменчүүд хэмээх нэг, хоёрдугаар зууны үед амьдарч байсан дэлхийн бөмбөрцгийн баруун хэсгийн хүмүүс цэцэглэн хөгжсөн нийгмийн өөр нэгэн гайхалтай жишээг харуулдаг. Амилсан Аврагчийн тэдний дунд хийсэн гайхамшигт тохинууллын дараа “тэд өөрсдийн Их Эзэн мөн өөрсдийн Бурханаас хүлээн авсан зарлигуудын дагуу алхаж, залбирч мөн Их Эзэний үгийг сонсохоор хамтдаа ойр ойрхон цугларахаа, мөн мацаг барилт мөн залбирлыг үргэлжлүүлсээр байв. …

Мөн атаа жөтөө, бас хэрүүл маргаан, бас үймээн, садар самуун ч, худал хэлэх нь ч, аллага ч, ямар ч төрлийн шунал тачаал байсангүй; мөн Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй юм.” 5

Энэ хоёр жишээн дээрх нийгмүүд бол “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла,” “Чи хөршөө өөрийн адил хайрла” 6 хэмээх хоёр агуу тушаалд үлгэр жишээч дуулгавартай байснаар ирсэн тэнгэрийн адислалаар дэмжигдэж байжээ. Тэд хувийн амьдралдаа Бурханд дуулгавартай байж, нэг нэгнийхээ сүнслэг болон материаллаг сайн сайханд анхаарч байв. Сургаал ба Гэрээн дэх үгсийн дагуу эдгээр нь “хүн болгон хөршийнхөө анхаарал тусламжийг эрэлхийлж, мөн бүх зүйлийг Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулан хийх ёстой” 7 гэдгийг дагадаг нийгэм байсан.

Харамсалтай нь, ахлагч Квинтин Л.Күкийн өнөө өглөө цохон тэмдэглэснээр Мормоны Номын 4 Нифайд дүрсэлсэн өв тэгш нийгэм хоёр дахь зуунаасаа цааш үргэлжлээгүй юм. Тогтвортой байдал бол баталгаатай биш бөгөөд хөгжиж буй нийгэм энх тайван, хөгжил цэцэглэлтийг нь тэтгэж байдаг амин чухал ариун журмаа огоорвол хэзээ ч унах аюултай. Энэ тохиолдолд хүмүүс чөтгөрийн уруу таталтад орж, “зиндаагаар хуваагдаж эхлэв; мөн тэд ашиг олохын тулд өөрсдөдөө сүм барьж эхлэв, мөн Христийн үнэн сүмийг үгүйсгэж эхлэв.” 8

“Мөнхүү улиран тохиох дор гурван зуун жил улирч одоход, Нифайн хүмүүс болоод леменчүүдийн аль аль нэг нь нөгөөгийнхээ адилаар үлэмж ёс бус болцгоосон байв.” 9

Өөр нэг зууны төгсгөлд сая сая хүн хоорондоо дайтан, амь үрэгдэж, нэгэн цагт эв найрамдалтай байсан үндэстэн эвлэршгүй овгууд болон цөөрчээ.

Энэхүү жишээ болон нэгэн цагт хөгжин цэцэглэж байсан нийгэм хожим нуран унасан бусад жишээг эргэцүүлэн бодохдоо би хүмүүс Бурханд тайлагнах үүрэг хариуцлагаасаа зугтаж, оронд нь “маханбодийн гарт” найдлага тавих үед гамшиг тохиолддог гэж хэлэхэд буруудахгүй байх гэж бодож байна. Маханбодийн гарт найдах гэдэг нь хүний эрх болон хувь хүний нэр төрийн бурханлаг Зохиогчийг үгүйсгэж, дэлхийн эд баялаг, эрх мэдэл, сайшаал магтаалыг нэн тэргүүнд тавина гэсэн үг юм (ихэвчлэн өөр жишиг дагадаг тэдгээрийг шоолж, хавчдаг). Үүний зэрэгцээ тогтвортой нийгэмд амьдардаг хүмүүс Хаан Бенжаминий хэлсэнчлэн “[тэднийг] бүтээсэн түүний алдар суугийн мэдлэгт, эсвээс шударга бөгөөд үнэн болох түүний … мэдлэгт өсөх[ийг]” 10 эрэлхийлж байна.

Гэр бүл, шашны байгууллагууд тогтвортой нийгмийг дэмждэг ариун журамтай хувь хүн, хамт олонд нэмэр хандив өргөхдөө хариуцлагатай ханддаг. Судар дээр үндэслэсэн эдгээр ариун журамд бусад зарчмаас гадна шударга зан, хариуцлагатай байдал ба хариуцлага хүлээх чадвар, энэрэнгүй сэтгэл, гэрлэлт болон гэрлэлт дэх үнэнч байдал, бусдад болон тэдний өмч хөрөнгөнд хүндэтгэлтэй хандах, үйлчлэл, ажлын хэрэгцээ, ажилдаа нэр хүндтэй байх зэрэг багтана.

Сэтгүүлч, редактор Жэрард Бэйкэр энэ оны эхээр Волл Стрийт сэтгүүлд аав Фрэдрик Бэйкэрийнхээ 100 насны төрсөн өдрийг тохиолдуулаад түүнийг хүндэтгэсэн нэгэн нийтлэл бичжээ. Бэйкэр аавынхаа урт удаан насалж байгаа шалтгааныг эргэцүүлэн бичсэн ба нэмж бодлоо хуваалцжээ.

Тэрээр “Бид бүгдээрээ урт удаан наслахын нууц юу болохыг мэдэхийг хүсдэг ч бидэнд оноосон амьдрах хугацаанд юу сайн сайхан амьдралыг бүтээдэг болохыг олж мэдэхэд илүү их цаг зарцуулсан нь дээр гэж би үргэлж боддог. Энэ тал дээр би аавынхаа нууцыг мэддэг гэдэгтээ итгэлтэй байна.

Тэрээр амьдрал эрх мэдлээр биш, нийгмийн хариуцлагаар, хувийн эрх ямбаар ч биш, харин ёс суртахууны үүрэг хариуцлагаар голчлон тодорхойлогдсон эрин үеийн хүн. Түүний зуун жилийн амьдралын урам зориг сэргээгч гол зарчим нь гэр бүл, Бурхан, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг нь байсаар ирсэн.

Салж хагацсан гэр бүлүүд зонхилсон эрин үед аав минь 46 жил ханилсан эхнэртээ үнэнч нөхөр нь, зургаан хүүхдэдээ ачлалт аав нь байсан. Эцэг, эх хоёр минь үрээ алдахын санаанд ч үл багтам гашуун зовлонг даван туулах үед тэр хэзээ хэзээнээс илүүтэй бүх зүйлд голлон оролцож, дэргэд нь байдаг байсан.

Мөн шашин шүтлэг хүмүүсийн хувьд сонирхол төдий болж байх үед аав минь Христийн амлалтуудад гуйвшгүй итгэлтэй, үнэнч, итгэлтэй католик шашинтан байсан. Үнэндээ, тэр миний уулзаж байсан хэн хүнээс ч илүүтэй үхэлд илүү бэлтгэгдсэн болохоор ийм урт насалж байна гэж би боддог.

Би сайн боловсрол, гайхалтай гэр бүл, миний хүртэх ёсгүй дэлхийн амжилтаар адислагдсан азтай хүн гэж өөрийгөө боддог. Хэдий өөрөөрөө бахархаж, талархаж явдаг ч гэсэн энэ мэдрэмж маань элдэв хэл ам, илүү маяггүй, шагнал урамшуулал, талархлын үг горилдоггүй, одоо зуун жилийн турш энгийн үүрэг даалгавар гүйцэтгэж, хариуцлагатай ханддаг, эцсийн дүнд ариун журамт амьдралын баяр баясал дунд амьдарч байсан энэ хүнд талархах, бахархах сэтгэлээр сүүдэрлэгддэг юм” 11 гэжээ.

Сүүлийн жилүүдэд шашны болон шашны итгэл үнэмшлийн хүлээн зөвшөөрөгдсөн ач холбогдол олон улс оронд багассаар байна. Бурханд итгэх, Түүнд үнэнч байх нь өнөөгийн дэлхийд хувь хүн, нийгмийн ёс суртахууны шударга байдалд хэрэгцээгүй гэж үздэг хүмүүсийн тоо өсөж байна. 12 Шашин шүтлэгийг тоодоггүй хүмүүсийн дунд олон сайн, шударга хүмүүс байдаг гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрөх байх гэж би бодож байна. Гэсэн ч энэ нь бурханлаг нөлөөгүйгээр тохиодог гэдэгтэй бид санал нийлэхгүй. Би үүгээрээ Христийн гэрлийн тухай өгүүлж байна. Аврагч “Би бол дэлхийд ирдэг хүн болгоныг гэрэлтүүлдэг үнэн гэрэл” 13 хэмээн тунхагласан. Үүнийг мэддэг ч бай, үгүй ч бай; итгэл үнэмшил болон газар бүрийн мөн үе үеийн эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд бүр Христийн гэрлээр дүүргэгдсэн байдаг учраас тэдэнд зөв, буруугийн талаарх ойлголт буюу бидний ихэнхдээ нэрлэдэгчлэн ухамсар гэж байдаг. 14

Гэсэн хэдий ч төрөөс сүм хийдийг тусгаарлах явдал нь хувь хүний мөн иргэний ариун журмыг Бурханы өмнө хүлээсэн үүргээс салган тусгаарлах үед энэ нь ургамлыг үндэснээс нь салгаж байгаа хэрэг юм. Нийгэмд зөвхөн соёл, уламжлалд тулгуурлах нь ариун журмыг дэмжихэд хангалттай биш. Хүн өөрөөсөө дээш бурхангүй бол мөн өөрийн хүсэл таашаал, эрхэмлэн дээдэлдэг зүйлийг хангахаас илүү сайн зүйлийг эрэлхийлдэггүй бол үр нөлөө нь зохих цагтаа гарч ирэх л болно.

Жишээ нь, бэлгийн үйл ажиллагааг зөвхөн хувь хүний зөвшөөрлөөр хязгаарладаг цорын ганц хүчин зүйлтэй нийгэм бол илжирч буй нийгэм юм. Садар самуун явдал, бэлгийн харьцааны замбараагүй байдал, гэрлээгүй байхдаа хүүхэд төрүүлэх, 15 өөрийн сонголтоор үр хөндүүлэх зэрэг нь байнгын бэлгийн харьцааны хувьслаас урган гардаг гашуун үр жимс юм. Эрүүл нийгмийн тогтвортой байдлыг дэмжээгүйн улмаас гарах үр дагаварт ядуу тарчиг амьдралд мөн эцгийн эерэг нөлөөгүй нөхцөл байдалд өсөж хүмүүжиж буй хүүхдүүдийн нэмэгдэж буй тоо, заримдаа олон үеийн турш хоёр хүний үүрэг хариуцлагыг ганцаараа үүрч яваа эмэгтэйчүүд, бусад байгууллагын адилаар сургуулиуд гэр орны болохгүй, бүтэхгүйг нөхөх үүрэг хүлээх үед олгогддог дутуу дулимаг боловсрол зэрэг багтана. 16 Эдгээр нийгмийн эмгэг дээр хувь хүний шархалсан зүрх, буруутай, буруугүй талын аль алинд нь ирэх оюун санааны болон сэтгэл зүйн хямралын буюу цөхрөлийн тоолохын аргагүй тохиолдлууд нэмэгдэнэ.

Нифай:

“Хүмүүний зааврыг анхааран сонсдог, мөн Бурханы хүчийг, мөн Ариун Сүнсний бэлгийг үгүйсгэдэг түүнд халаг!

… Мөн чухамдаа, Бурханы үнэний учир уурлах, мөн салгалах тэд бүгдэд халаг!” 17 хэмээн тунхагласан.

Эсрэгээрээ, бидний хүүхдүүддээ болон бүх хүн төрөлхтөнд түгээх баяр баяслын захиас “Бурханы үнэн” илүү дээр зам болох одоо хувийн аз жаргал, нийгмийн сайн сайхан, цаашдаа мөнхийн амар амгалан, баяр баясал руу хөтлөх арга зам руу буюу Паулын хэлснээр “илүү давуу зам” 18 руу заадаг.

Бурханы үнэн нь Өөрийн хүүхдүүдэд зориулсан аз жаргалын төлөвлөгөөний суурийн бүрдүүлдэг үндсэн үнэнүүдийн талаар хэлдэг. Эдгээр үнэн бол Бурхан амьд, Тэр бол бидний сүнсний Тэнгэрлэг Эцэг, Тэрээр Өөрийн хайрын илэрхийлэл болгон Өөртэй нь хамт байх бүрэн дүүрэн баясал руу хөтөлдөг зарлигуудыг бидэнд өгсөн, Есүс Христ бол Бурханы Хүү, бидний Гэтэлгэгч, биднийг наманчилсан тохиолдолд Тэр бидний нүглийг цагаатгахын тулд зовж шаналан мөн үхсэн, Тэрээр бүх хүн төрөлхтний амилуулалтыг авчран үхлээс боссон, бид амьдралаа тайлагнан Түүний өмнө шүүгдэхээр зогсох болно хэмээх үнэнүүд юм. 19

Мормоны Номд “Шүүгчдийн засаглалын” хэмээгдэх ес дэх жилд бошиглогч Алма сүмийг удирдахад цагаа бүрэн зарцуулахын тулд ерөнхий шүүгчийн суудлаасаа буув. Тэрээр хүмүүсийн дунд, ялангуяа сүмийн гишүүдийн дунд нэмэгдэж байсан бардамнал, хавчлага, шуналд анхаарал хандуулах зорилготой байсан. 20 Ахлагч Стивэн Д.Надаулд нэгэн цагт “[Алмагийн] сүнслэгээр өдөөгдсөн шийдвэр нь хүмүүсийнхээ зан байдлыг засах нэмэлт дүрэм журам гаргаж, сахиулахыг хичээхэд илүү цаг зарцуулахад бус, харин тэдэнд хандан, Бурханы үгийг ярьж, сургаалыг зааж, гэтэлгэлийн төлөвлөгөөний талаарх өөрсдийнх нь ойлголтоор зан байдлыг нь өөрчлөхөд тэднийг удирдан чиглүүлэхэд оршиж байсан” 21 хэмээн ажиглажээ.

Бид амьдарч буй нийгмийнхээ тогтвортой байдал, амжилтад хөршийн болон иргэний хувиар хувь нэмрээ оруулахын тулд хийж чадах зүйл маш их байна. Мэдээж хэрэг, хамгийн чухал бөгөөд тогтвортой үйлчлэл бол Бурханы гэтэлгэлийн агуу төлөвлөгөөнд өвлөгдөн ирдэг үнэний дагуу амьдарч, заах явдал билээ. Энэхүү дууллын үгсэд илэрхийлснээр:

Эе эвгүйд бид нөхрөө ч, дайснаа ч

Эцгүүдийн итгэлээр хайрлана.

Найрсаг үг, сайн үйлс, үйлдлээрээ

Нандин үнэнийг бид түгээнэ. 22

Хэрэв бидний дундаас хангалттай олон хүн мөн хангалттай олон хөрш маань Бурханы үнэний дагуу шийдвэр гаргаж, амьдралаа удирдан явуулдаг байвал нийгэм болгонд хэрэгтэй ёс суртахууны ариун журам элбэг байх болно.

Тэр биднийг хайрладаг учраас биднийг мөнх амьтай болгож болохын тулд цорын ганц Хүүгээ өгсөн. 23

“[Есүс Христ] энэ дэлхийн төлөө бус аваас ямар ч зүйлийг эс хийх авай; учир нь тэрээр дэлхийг хайрладаг, бүр тэрээр бүх хүмүүнийг өөртөө ойртуулж болохын тулд тэр амиа өгсөн болой. Иймийн тул, тэрээр хэнд ч өөрийн авралыг бүү хүрт хэмээн үл зарлигладаг билээ.

Болгоогтун, тэрээр нэгээхэнд ч болов хэлрүүн: Надаас холд хэмээн айлдах уу? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй; харин тэр хэлдэг: Дэлхийн хязгаарууд та нар бүгд надад ирэгтүн, мөнгөгүйгээр мөн төлбөргүйгээр, сүү болон бал худалдаж авцгаа.” 24

Энэ бүхнийг бид “зүрх сэтгэлийн чанд байдалд, номхон дөлгөөн байдлын сүнсэнд” 25 Есүс Христийн нэрээр тунхаглаж байна, амен.

Эшлэлүүд

  1. See “The 17 Goals,” United Nations Department of Economic and Social Affairs website, sdgs.un.org/goals.

  2. Moсe 7:19

  3. Moсe 7:18

  4. Moсe 7:17

  5. 4 Нифай 1:12, 16

  6. Maтай 22:37, 39

  7. Сургаал ба Гэрээ 82:19

  8. 4 Нифай 1:26

  9. 4 Нифай 1:45

  10. Мозая 4:12

  11. Gerard Baker, “A Man for All Seasons at 100,” Wall Street Journal, Feb. 21, 2020, wsj.com.

  12. Ronald F. Inglehart, “Giving Up on God: The Global Decline of Religion,” Foreign Affairs, Sept./ -ийг үзнэ үү.Oct. 2020, foreignaffairs.com; see also Christine Tamir, Aidan Connaughton, and Ariana Monique Salazar, “The Global God Divide,” Pew Research Center, July 20, 2020, especially infographic “Majorities in Emerging Economies Connect Belief in God and Morality,” pewresearch.org.

  13. Сургаал ба Гэрээ 93:2-ыг мөн Моронай 7:16, 19-ийг үзнэ үү.

  14. Boyd K. Packer, “The Light of Christ,” Liahona, Apr. 2005, 10; see also D. Todd Christofferson, “Truth Endures,” Religious Educator, vol. 19, no. 3 (2018), 6-г үзнэ үү.

  15. Энэ жишээг авахдаа би хүүхдүүдийн өөрсдийнх нь тухай бус тэдэнд “гашуун үр жимс” болж болзошгүй сөрөг үр дагаврын тухай ярьж байгаа болно. Бурханы хүүхэд бүхэн үнэ цэнтэй бөгөөд тэдний төрсөн нөхцөл байдлаас үл хамааран амьдрал бүхэн үнэлж баршгүй билээ.

  16. See, for example, Pew Research Center, “The Changing Profile of Unmarried Parents,” Apr. 25, 2018, pewsocialtrends.org; Mindy E. Scott and others, “5 Ways Fathers Matter,” June 15, 2016, childtrends.org; and Robert Crosnoe and Elizabeth Wildsmith, “Nonmarital Fertility, Family Structure, and the Early School Achievement of Young Children from Different Race/Ethnic and Immigration Groups,” Applied Developmental Science, vol. 15, no. 3 (July–Sept. 2011), 156–70.

  17. 2 Нифай 28:26, 28

  18. 1 Коринт 12:31

  19. Алма 33:22-ыг үзнэ үү.

  20. Aлма 4:6-19-ыг үзнэ үү.

  21. Stephen D. Nadauld, Principles of Priesthood Leadership (1999), 13; мөн Алма 31:5-ыг үзнэ үү.

  22. “Faith of Our Fathers,” Hymns, no. 84.

  23. Иохан 3:16-г үзнэ үү.

  24. 2 Нифай 26:24–25; мөн 2 Nephi 26:33-ыг үзнэ үү.

  25. Сургаал ба Гэрээ 100:7