Ерөнхий чуулган
Дайснуудаа хайрла
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Дайснуудаа хайрла

Бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд гэдгээ мэдэх нь бусдын үнэ цэнийг олж харах мэлмийг болон ялгаварлан гадуурхах үзлээс салах чадварыг бидэнд өгдөг.

Их Эзэний сургаал мөнх оршихуйд болон Бурханы бүх хүүхдэд зориулагдсан юм. Энэхүү захиасдаа би Нэгдсэн Улсын хэдэн жишээг татах ч миний заах зарчмууд хаана ч тохиромжтой.

Бид улс төрийн харилцаа, бодлоготой холбоотой уур бухимдал, үзэн ядалтын цаг үед амьдарч байна. Энэ зун зарим хүн тайван жагсаал цуглааныг хэтрүүлсэн хорлон сүйтгэх ажиллагаанд оролцоход бид үүнийг мэдэрсэн. Төрийн албаны сонгуулийн зарим сурталчилгаанаас бид үүнийг мэдэрдэг. Энэ нь бүр манай Сүмийн цуглаан дээр зарим төрийн мэдэгдлийг болон хахир хатуу үг хэлээр дурдах маягаар илэрсэн.

Ардчилсан засгийн газарт бид санал болгосон нэр дэвшигчид, бодлого зэргийн талаар үргэлж санал зөрөх нь гарцаагүй. Гэсэн ч, Христийг дагагчдын хувьд бид олон өөр орчин нөхцөлд улс төрийн аль нэгэн сонголтын талаар мэтгэлцэхдээ эсвэл тэдгээрийг буруушаахдаа уур хилэн, үзэн ядалтаас татгалзах ёстой.

Зураг
Sermon on the Mount

Аврагчийн маань сургаалуудаас хүмүүсийн сайн мэддэг ч магадгүй ховорхон хэрэгжүүлдэг нэгэн сургаалыг энд дурдъя.

“Хөршөө хайрла, дайснаа үзэн яд гэж хэлснийг та нар сонссон.

Харин Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг үзэн ядагчдад сайныг үйлд. Та нарыг хараагсдыг ерөө, та нарыг доромжлогсдын төлөө залбир” (Maтай 5:43–44). 1

Олон үеийн турш иудейчүүдэд дайснуудаа үзэн ядахыг заадаг байсан ба тэр үед тэд Ромын эзлэн түрэмгийллийн эрхшээл, харгислал доор зовж байсан юм. Гэсэн ч Есүс тэдэнд “дайснуудаа хайрла, та нарыг хорсолтойгоор ашигладаг тэдэнд сайныг үйлд” хэмээн заасан.

Зураг
Есүс Америкт очиж заав

Хувийн болон улс төрийн харилцаанд эргэлт хийх ямар гайхалтай сургаал вэ! Гэхдээ үүнийг бидний Аврагч зарлигласаар байгаа. Мормоны Номоос “Учир нь үнэнээр, үнэнээр би та нарт хэлнэ, зөрчилдөөний сүнстэй тэр нь надаас бус, харин зөрчилдөөний эцэг болох чөтгөрөөс болой, мөн тэрбээр хүмүүний зүрх сэтгэлийг нэг нэгэндээ уурлан зөрчилдөхөд өдөөн хатгадаг” (3 Нифай 11:29) хэмээн бид уншдаг.

Дайснууд, эсэргүүцэгчдээ хайрлах нь амаргүй. Ерөнхийлөгч Хинкли “Бидний ихэнх нь нинжин сэтгэл, хайр, уучлалын тэр түвшинд хүрээгүй байгаа бөгөөд энэ нь бараг л бидний чадахаас илүү хувийн сахилга баттай байхыг шаарддаг” 2 болохыг ажиглажээ. Гэвч энэ нь амин чухал байх ёстой. Учир нь энэ бол Аврагчийн “Бурхан Эзэнээ хайрла,” “хөршөө өөрийн адил хайрла” (Maтай 22:37, 39-ийг үзнэ үү) гэсэн агуу хоёр зарлигийн нэг хэсэг юм. Мөн Тэрээр “Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно” (Maтай 7:7) 3 хэмээн заасан учир ийн хайрлах нь боломжтой.

Хүмүүний хуулийг ч мөн адил дагах ёстой энэ дэлхийд бид тэнгэрийн зарлигуудыг хэрхэн сахих вэ? Золоор бидэнд Өөрийнх нь мөнхийн хуулийг хүмүүний гаргасан хуулийн хэрэгжилттэй хэрхэн тэнцвэржүүлэхийг үзүүлсэн Аврагчийн жишээ бий. Эсэргүүцэгчид иудейчүүд Ромд татвар төлөх ёстой юу хэмээх асуултаар Түүнийг унагаахыг эрэлхийлэхэд Тэрээр тэдэнд Цезарийн зурагтай зоос үзүүлж, “Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдав” (Лук 20:25). 4

Зураг
Цезарийн юмыг Цезарьт өг

Тиймээс бид иргэний засаглал дор амар амгалан амьдрахын тулд хүмүүний хуулийг (Цезарийн юмыг Цезарьт өгөх) дагаж, мөнх оршихуй дахь зорьсон газар луугаа очихоор Бурханы хуулийг дагах хэрэгтэй. Гэвч бид үүнийг хэрхэн хийх вэ? Ялангуяа эсэргүүцэгчид, дайснуудаа бид хэрхэн хайрлаж сурах вэ?

“Уурлан зөрчилдөхгүй” байхыг заасан Аврагчийн сургаал бол эхний сайн алхам юм. Чөтгөр бол зөрчилдөөний эцэг бөгөөд хүмүүнийг уурлан зөрчилдөхөд уруу татдаг. Тэр хувь хүмүүс, бүлгүүдийн дунд дайсагнал, үзэн ядалт бүхий харилцааг өдөөн дэмждэг. Ерөнхийлөгч Томас С.Монсон уур хилэн бол “Сатаны зэвсэг,” учир нь “уурлах нь Сатаны нөлөөнд автагдсаны шинж. Хэн ч биднийг уурлуулж чадахгүй. Энэ бол бидний сонголт юм” 5 хэмээн заасан. Уур хилэн бол хагарал, дайсагналд хүргэдэг зам юм. Бид санаа нийлдэггүй хүмүүстээ өс хонзон санаж, уурлан хилэгнэхээс зайлсхийснээр дайснаа хайрлахад дөхөмтэй болдог. Тэднээс суралцахад бэлэн байвал мөн тус болно.

Бусдыг хайрлах хүчийг хөгжүүлэх өөр бусад арга зам байдгаас нэгэн энгийн арга зам олон жилийн өмнөх дуут жүжигт дүрслэгдсэн байдаг. Бид өөр соёл уламжлалтай хүмүүсийг ойлгож, тэдэнтэй харилцах гэж байгаа бол тэдэнтэй сайн танилцах хэрэгтэй. Тоо томшгүй нөхцөл байдалд танихгүй хүмүүсийн хувийн харилцаа холбоо нь харилцан ойлголцол, хүндлэлийг төрүүлэхэд хардалт, тэр ч бүү хэл дайсагнал нь нөхөрлөл, хайр болон хувирдаг. 6

Эсэргүүцэгчдийг болон дайснуудаа хайрлаж сурахад үүнээс ч илүү туслах зүйл бол хайрын хүчийг ойлгохыг эрэлхийлэх явдал юм. Энэ талаар дурдсан бошиглолын олон сургаалаас гурвыг нь дурдъя. Үүнд:

Бошиглогч Иосеф Смит “Хайраас хайр төрдөг хэмээх хуучны үг бий. Бүх хүн төрөлхтөнд сайхан сэтгэлээр хандаж, хайрыг түгээцгээе” 7 хэмээн заасан.

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр “Хэрэв газар газрын эрэгтэй, эмэгтэй хүмүүс эелдэг, даруу, хүлцэнгүй Христийн цэвэр хайрыг үзүүлбэл бидний амьдардаг дэлхийд асар их тус нэмэр болно. Үүнд атаархал, бардамнал гэж үгүй. … Энэ нь хариуд нь юу ч нэхдэггүй. … Үүнд гадуурхал, үзэн ядалт, хүчирхийлэл шургах орон зай байхгүй. … Энэ нь янз бүрийн хүмүүсийг шашны итгэл үнэмшил, арьсны өнгө, үндэс угсаа, санхүүгийн байдал, боловсрол эсвэл соёлоос үл хамааран Христийн хайранд хамтдаа амьдрахыг урамшуулан дэмждэг” 8 хэмээн заасан.

Мөн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг “хайрын хүрээгээ тэлэн бүхий л хүн төрөлхтний гэр бүлийг хамруулах” 9 -ыг шамдуулсан.

Дайснуудаа хайрлахын амин чухал хэсэг бол олон улс орны хуулийг дагах замаар Цезарийн юмыг Цезарьт өгөх явдал юм. Хэдийгээр Есүсийн сургаал эрс өөр байсан ч Тэрээр хувьсгал хийх эсвэл хууль зөрчих талаар заагаагүй. Тэрээр үүнээс илүү сайн арга замыг заасан. Орчин үеийн илчлэлт мөн адил зүйлийг заадаг.

“Уг нутгийн хуулиудыг хэн ч үл зөрчиг, учир нь Бурханы хуулиудыг сахьдаг тэрээр уг нутгийн хуулиудыг зөрчих шаардлагагүй билээ.

Иймийн тул, … байх ёстой хүчнүүдэд захирагдагтун” (Сургаал ба Гэрээ 58:21–22).

Эхэн үеийн гэгээнтнүүд Миссуригийн захиргаанаас болж асар хүнд хавчлага дарамт үзсэний дараа бошиглогч Иосеф Смитийн бичсэн итгэлийн тунхагт маань “Хаад, ерөнхийлөгчид, удирдагчид, мөн шүүгчдэд захирагдаж хуулийг дуулгавартай дагаж, хүндлэн дээдэлж, мөн дэмжих ёстой гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:12) хэмээн тунхагладаг.

Энэ нь бид хууль хүчнийхэнтэй хамт, хийсэн бүх зүйлтэй нь санал нийлдэг гэсэн үг биш юм. Энэ нь бид одоогийн хуулийг дуулгавартай дагаж, тайван арга замаар үүнийг өөрчилдөг гэсэн үг. Мөн энэ нь бид сонгуулийн үр дүнг тайван байдлаар хүлээн зөвшөөрдөг гэсэн үг. Үр дүнд нь сэтгэл дундуур байгаа хүмүүсийн заналхийлсэн хүчирхийлэлд бид оролцохгүй гэсэн үг. 10 Ардчилсан нийгэмд дараагийн сонгууль хүртэл амар тайван байдлаар үргэлжлүүлэн амьдрах боломж, үүрэг хариуцлага бидэнд үргэлж байдаг.

Дайснуудаа хайрла хэмээх Аврагчийн сургаал нь бүх мөнх бус хүн Бурханы хүүхдүүд гэсэн бодит байдал дээр тулгуурладаг. Тэрхүү мөнхийн зарчим болон хуулийн зарим үндсэн зарчим Америкийн олон хотод сүүлийн үед болсон жагсаал цуглааны үеэр туршигдсан.

Зураг
Тайван замаар хийсэн жагсаал

Нэг талаас авч үзэхэд, Нэгдсэн Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт өөрчлөлтөөр “аливаа асуудлаар Засгийн газарт хандан гомдол гаргаж, тайван замаар жагсаал цуглаан хийх хүмүүсийн эрх”-ийг баталгаажуулсан байдгийг зарим нь мартсан бололтой. Энэ бол олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, хуулийн агуулга, хүрээнд шударга бус байдалд анхаарлаа хандуулах зөвшөөрөгдсөн арга зам юм. Шударга бус байдал байсаар ирсэн. Олон нийтийн болон хувийн харилцаандаа бид арьс өнгөөр ялгаварлах үзэл, үүнтэй холбоотой дургүйцэлтэй тулгарч байсан. Өнгөт Арьстай Хүмүүсийг Хөгжүүлэх Үндэсний Холбооны (ӨАХХҮХ) санваартан Тэрэса А.Дийр хувийн шүүмжлэлт нийтлэлдээ “арьс өнгөөр ялгаварлах үзэл нь үзэн ядалт, дарангуйлал, идэвхгүй, хайхрамжгүй, дуугүй байдалд цэцэглэн дэвждэг” 11 болохыг сануулсан. Иргэний хувиар мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний хувьд бид арьс өнгөөр ялгаварлах үзлийг үндсээр нь устгахад илүү сайн оролцож туслах ёстой.

Зураг
Хууль бус бослого

Нөгөө талаас авч үзэхэд, эдгээр эсэргүүцлийн жагсаал цуглаанд болон тэдгээрийн дараа гарсан хууль бус үйлдэлд оролцож, дэмжсэн цөөхөн хэдэн хүн тайван замаар хийсэн жагсаал Үндсэн хуулиар хамгаалагдсан байдгийг мартсан бололтой. Жагсаалд оролцогчид эд хөрөнгийг устгах, сүйтгэх, хулгайлах эсвэл төрийн хууль ёсны цагдаагийн хүчинд халдах эрхгүй. Үндсэн хууль болон бусад хууль журамд хувьсгал, эмх замбараагүй байдлыг уриалсан ямар ч зүйл байдаггүй. Цагдаа, жагсагч, дэмжигч, ажиглагчийн хувьд бид бүгдээрээ өөрсдийн эрхийн хязгаарыг болон одоогийн хуулийнхаа хүрээнд байх үүрэг хариуцлагынхаа чухал ач холбогдлыг ойлгосон байх хэрэгтэй. “Ямар ч гомдлыг танхай бүлэглэлийн хуулиар шийдвэрлэх боломжгүй” хэмээн Абрахам Линкольн оновчтой хэлсэн байдаг. Гомдлоо танхай балмад байдлаар шийдвэрлэнэ гэдэг нь хууль бус арга замаар шийдвэрлэж байгаа хэрэг. Тэр бол эмх замбараагүй буюу хүчтэй засаг төр, цагдаагийн байгууллагагүй, хувь хүний эрх ашгийг хамгаалахын оронд үгүйсгэдэг байдал юм.

Нэгдсэн Улсад саяхан болсон эсэргүүцлийн жагсаалууд олон хүнийг цочирдуулсан нэг шалтгаан бол олон улс оронд өрнөсөн үндэстэн ястан хоорондын дайсагнал, хууль бус үйлдлүүд Нэгдсэн Улсад болох ёсгүй гэдгийг харуулсан явдал юм. Энэ улс сүүлийн үеийн жагсаал цуглаанаар хамгийн тод томруун илэрсэн, хар арьст америкчуудаас гадна латин, ази болон өөр бусад бүлэг хүнийг ялгаварлан гадуурхах үзлийг үгүй болгохдээр илүү сайн ажиллах ёстой. Энэ үндэстний арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн түүх харамсалтай бөгөөд бид үүн дээр илүү анхаарах ёстой.

Зураг
Эллис<nb/>арал
Зураг
Цагаачид

Нэгдсэн Улс бол өөр өөр үндэстэн, ястан цагаачдын байгуулсан улс билээ. Үүний нэгдсэн зорилго бол тодорхой нэг шашныг байгуулах эсвэл олон соёл, омгийн харилцаа дундаас аль нэгнийг нь мөнхжүүлэн авч үлдэх явдал байгаагүй. Манай улсыг байгуулсан үеийнхэн шинэ үндсэн хууль, хууль журмаар нэгдэхийг эрхэмлэсэн. Үүгээр би биднийг нэгтгэсэн баримт бичиг эсвэл энэ талаарх тухайн үеийн ойлголт төгс байсан гэж хэлэх гээгүй. Нэгдсэн Улсын эхний хоёр зууны түүх эмэгтэйчүүдэд сонгуульд санал өгөх эрх олгох, ялангуяа боолчлолыг халах, үүнд боолчлолд байсан хүмүүсийг эрх чөлөөтэй байлгах бүх нөхцөлөөр хангахыг баталсан хуулиуд гэх мэт засаж сайжруулах хэрэгтэй олон зүйл байсныг харуулдаг.

Йелийн Их сургуулийн хоёр эрдэмтэн:

“Хэдийгээр олон алдаа дутагдалтай ч гэсэн Нэгдсэн Улс бол олон янзын, хуваагдмал нийгмийг нэгтгэхээр онцгойлон бэлтгэгдсэн газар юм. …

Иргэд нь үндэстний харьяалал, олон соёлт байдал хоёроос аль нэгийг нь сонгох шаардлагагүй. Америкчууд аль алинтай нь байж болно. Гэвч гол түлхүүр нь үндсэн хуульдаа үнэнч захирагдах явдал юм. Бид үзэл суртлын хувьд санал зөрж болох ч Үндсэн хуулиар нэгдмэл хэвээр байх ёстой” 13 гэж саяхан бидэнд сануулсан.

Олон жилийн өмнө Их Британийн гадаад харилцааны нарийн бичгийн дарга Иргэдийн хурлын мэтгэлцээн дээр дараах чухал зөвлөгөөг өгсөн байдаг. Тэрээр “Бидэнд мөнхийн холбоотон гэж байхгүй мөн насан туршийн дайсан гэж үгүй. Бидний ашиг сонирхол мөнхийн, насан туршийнх бөгөөд тэрхүү ашиг сонирхлоо дагах нь бидний үүрэг юм” 14 гэжээ.

Энэ нь улс төрийн асуудлаар “мөнхийн, насан туршийн” ашиг сонирхлыг дагах шашны бус сайхан шалтгаан юм. Үүнээс гадна, Их Эзэний Сүмийн сургаалд биднийг удирдах бас нэгэн мөнхийн ашиг сонирхлын талаар заадаг. Энэ нь Нэгдсэн Улсын Үндсэн хуулийг болон олон улс орны үндсэн хуулийг өдөөсөн Аврагчийн маань сургаал юм. Түр зуурын “холбоотнуудын” оронд тогтсон хуульд үнэнч байх нь эв нэгдлийг эрэлхийлэх явцдаа эсэргүүцэгч, дайснуудаа хайрлах хамгийн шилдэг арга юм.

Бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд гэдгээ мэдэх нь бусад бүх хүний үнэ цэнийг олж харах бурханлаг мэлмийг болон бардамнал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс салах хүсэл, чадварыг бидэнд өгдөг. Олон жилийн турш энэ улсын олон мужид амьдарч байсан хүний хувьд, Их Эзэн надад улсынхаа хуулийг дагаж, сайжруулахыг эрэлхийлэхийн зэрэгцээ эсэргүүцэгч, дайснуудаа хайрлах боломжтой гэдгийг заасан. Хэдийгээр энэ нь амаргүй ч гэлээ бидний Их Эзэн Есүс Христийн тусламжтайгаар ийн үйлдэх боломжтой. Тэрээр бидэнд хайрлахыг зарлигласан ба үүнд дуулгавартай байхыг эрэлхийлэх юм бол тусална гэдгээ амласан. Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр бидэнд хайртай. Тэд бидэнд тусална гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Мөн Лук 6:27–28, 30-ийг үзнэ үү.

  2. Gordon B. Hinckley, “The Healing Power of Christ,” Ensign, Nov. 1988, 59; мөн Teachings of Gordon B. Hinckley (1997), 23-ийг үзнэ үү.

  3. Мөн Сургаал ба Гэрээ 6:5-ыг үзнэ үү.

  4. Мөн Матай 22:21; Марк 12:17-г үзнэ үү.

  5. Tомас С.Монсон, “Зүрх сэтгэлээ захираач, Ай ах минь ээ,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 74.

  6. Becky and Bennett Borden, Moving Closer: Loving as the Savior Did,” Ensign, Sept. 2020, 24-ийг үзнэ үү.

  7. Joseph Smith, in History of the Church, 5:517. Үүнтэй адил, Мартин Лүтэр Кинг (1929-1968) “Хүчирхийллийг хүчирхийллээр хариулах нь хүчирхийллийг үржүүлж, одгүй шөнийг улам харанхуй болгодог. Харанхуйг харанхуй биш, зөвхөн гэрэл л шахан гаргаж чадна. Үзэн ядалтыг үзэн ядалт биш, зөвхөн хайр л үгүй хийж чадна” (Where Do We Go from Here: Chaos or Community? [2010], 64-65) гэж хэлсэн.

  8. Teachings of Presidents of the Church: Howard W. Hunter (2015), 263.

  9. Russell M. Nelson, Blessed Are the Peacemakers,” Liahona, Nov. 2002, 41; мөн Teachings of Russell M. Nelson (2018), 83-ыг үзнэ үү.

  10. “A House Divided,” Economist, Sept. 5, 2020, 17–20-ийг үзнэ үү.

  11. Theresa A. Dear, “America’s Tipping Point: 7 Ways to Dismantle Racism,” Deseret News, June 7, 2020, A1.

  12. Abraham Lincoln, address at the Young Men’s Lyceum, Springfield, Illinois, Jan. 27, 1838, in John Bartlett, Bartlett’s Familiar Quotations, 18th ed. (2012), 444.

  13. Amy Chua and Jed Rubenfeld, “The Threat of Tribalism,” Atlantic, Oct. 2018, 81, theatlantic.com.

  14. Henry John Temple, Viscount Palmerston, remarks in the House of Commons, Mar. 1, 1848; in Bartlett, Bartlett’s Familiar Quotations, 392; тодотгол нэмэгдсэн.