Ерөнхий чуулган
Хариултыг өөртөө үлдээ
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Хариултыг өөртөө үлдээ

Есүс Христээр дамжин бидэнд байнга өөрчлөлт хийх хүч чадал өгөгддөг. Биднийг Түүн рүү даруухнаар хандах үед Тэр бидний өөрчлөгдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Эгч нар аа, та бүхэнтэй хамт байхад үнэхээр баяр баясалтай гоё байдаг.

Зураг
Зах дээр мөнгө төлж байгаа нь

Нэг хүн дэлгүүр яваад бараа худалдан авч байна гэж төсөөлөөрэй. Хэрэв барааны дүнгээс илүү ихийг төлбөл кассын ажилтан хариулт мөнгө өгнө.

Зураг
Хариулт мөнгөө авч байгаа нь

Хаан Бенжамин эртний Америк дахь өөрийн хүмүүст Аврагч Есүс Христээс бидний хүлээн авдаг агуу их адислалын тухай заасан байдаг. Тэрээр тэнгэр, газрыг бүтээсэн бөгөөд бидний таашаадаг хамаг сайхан зүйлийг бүтээсэн. 1 Тэрээр хайраар дүүрэн Цагаатгалаараа дамжуулан биднийг нүгэл, үхлээс гэтэлгэгдэх арга замаар хангасан. 2 Түүний зарлигуудын дагуу хичээнгүйлэн амьдарснаар Түүнд талархлаа илэрхийлэх үед Тэр биднийг даруй адисалдаг бөгөөд бид Түүнд үргэлж өртэй үлддэг.

Түүнд буцааж өгч чадахаас илүү их үнэ цэн бүхий зүйлийг Тэрээр бидэнд өгдөг. Тэгэхээр, бидний нүглийн төлөө үнэлж баршгүй үнийг төлсөн Түүнд бид юу өгч чадах вэ? Бид Түүнд хариулт мөнгө өгч чадна. Бид Түүнд өөрсдийнхөө өөрчлөлтийг өгч болно. Энэ нь бодол санаа, дадал хэвшил эсвэл бидний зорьж буй чиглэлийн өөрчлөлт байж болно. Их Эзэн бидний төлөөх хязгааргүй төлөөсийнхөө хариуд биднээс зүрх сэтгэлээ өөрчлөхийг хүсдэг. Түүний биднээс хүсдэг өөрчлөлт нь Түүний төлөө бус зөвхөн бидний сайн сайхны төлөө юм. Бидний өгөх хариулт мөнгийг авах дэлгүүр дээрх худалдан авагчтай адилгүй нь өгөөмөр Аврагч маань биднээс хариултыг өөртөө үлдээхийг хүсдэг.

Хаан Бенжамины хэлсэн үгсийг сонсоод, түүний хүмүүс “Бидэнд хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх болгон, бидэнд, … хүчирхэг өөрчлөлтийг үйлдсэн Төгс Хүчит Их Эзэний Сүнсний учир” хэмээн зүрх сэтгэл нь өөрчлөгдсөнийг нэгэн дуугаар хашхиран тунхагласан байдаг. 3 Судрууд тэднийг тэр даруй төгс болсон гэж хэлдэггүй, харин өөрчлөгдөх хүсэл нь тэднийг үйлдэл хийхэд хүргэсэн гэсэн байдаг. Тэдний зүрх сэтгэлийн өөрчлөлт нь эгэл эрэгтэй, эмэгтэй хүмүүст байх чанараа орхиж, Есүс Христтэй илүү адилхан болохын тулд Сүнсэнд дуулгавартай байх явдал байсан юм.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн заажээ. “Жинхэнэ хөрвөлт нь хүслийнхээ дагуу итгэлтэйгээр гаргах агуу хичээл зүтгэл мөн хэсэгхэн зовлонгоос хамаардаг. Үүний дараа ирэх өөрчлөлт, цэвэршилтийн гайхамшгийг соёрхож чадах тэр нь Их Эзэн юм” 4 гэжээ. Өөрсдийнхөө хичээл зүтгэлийг Аврагчийн биднийг өөрчлөх чадвартай хослуулснаар бид шинэ бүтээлүүд болдог.

Би залуу байхдаа өөрийгөө мөнх амьдралын зорилгод маань хүргэх дээш чиглэсэн, босоо замаар алхаж байна гэж төсөөлдөг байв. Буруу зүйл хийх эсвэл хэлэх бүрдээ би тэр замаар уруудан гулгаж, аяллаа бүр эхнээс нь эхлүүлж байгаа мэт санагддаг байсан. Энэ нь яг л тоглоомын орой хэсгээс эхлэл хэсгийн дөрвөлжин рүү уруудан газарддаг “Хоолой ба шат” гэдэг хүүхдийн хөлөгт тоглоомтой төстэй санагддаг байлаа. Ингэх нь урам хугармаар байдаг байсан! Гэвч би Христийн сургаалыг 5 мөн үүнийг өдөр тутмынхаа амьдралд хэрхэн хэрэгжүүлэхийг ойлгож эхлэхдээ найдварыг олсон юм.

Зураг
Өөрчлөгдөх үйл явцад тэвчих багтдаг

Есүс Христ бидэнд байнгын өөрчлөлтийн загварыг өгсөн. Тэр “зүрх сэтгэлийн өөрчлөлтийг авчрах тэрхүү итгэл хийгээд наманчлал” 6 болох Түүнд итгэх итгэлийг хөгжүүлэхэд урьж, биднийг наманчлахад сүнслэгээр өдөөдөг. Бид наманчилж, зүрх сэтгэлээ Түүн рүү эргүүлснээр ариун нандин гэрээнүүдийг байгуулж, үүнийхээ дагуу амьдрах илүү агуу хүсэлтэй болдог. Бид эдгээр зарчмыг амьдралынхаа туршид хэрэгжүүлэн, Их Эзэнийг биднийг өөрчлөхөд урьснаар эцсээ хүртэл тэвчдэг. Эцсээ хүртэл тэвчих гэдэг нь эцсээ хүртэл өөрчлөгдсөөр байхыг хэлнэ. Би бүтэлгүйтсэн оролдлого тутамдаа дахин эхлээгүй, харин оролдох бүрдээ өөрчлөгдөх үйл явцаа үргэлжлүүлж байгаа гэдгээ одоо ойлгодог болсон.

Залуу эмэгтэйчүүдийн урианд “Би наманчлалын бэлгийг хүндлэн дээдэлж, өдөр бүр сайжрахыг эрэлхийлнэ” 7 гэсэн сүнслэг өдөөлт бүхий үг хэллэг байдаг. Бид энэ гайхалтай бэлгийг хүндлэн дээдэлж, өөрчлөлтийг эрэлхийлэхдээ хүсэл зоригтой байгаасай хэмээн би залбирч байна. Заримдаа бидний хийх хэрэгтэй өөрчлөлтүүд ноцтой гэм нүгэлтэй холбогдсон байдаг. Гэвч ихэвчлэн бид Есүс Христийн мөн чанартай өөрсдийгөө нийцүүлэхийн тулд зан чанараа цэвэршүүлэхийг хичээдэг. Өдөр тутмын сонголтууд маань бидний хөгжлийг урагшлуулдаг эсвэл саад тотгор болдог. Бага боловч тогтмол, хичээнгүй өөрчлөлт нь биднийг сайжрахад туслах болно. Сэтгэлээр бүү унаарай. Өөрчлөлт бол насан туршийн үйл явц юм. Өөрчлөгдөхийн тулд хийх тэмцэлд маань Их Эзэн бидэнд тэвчээртэй ханддагт би талархдаг.

Есүс Христээр дамжин бидэнд байнга өөрчлөлт хийх хүч чадал өгөгддөг. Биднийг Түүн рүү даруухнаар хандах үед Тэр бидний өөрчлөгдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Аврагчийн Цагаатгалын өөрчлөгч хүчээс гадна, Ариун Сүнс биднийг хичээл зүтгэл гаргахад дэмжин чиглүүлэх болно. Тэр биднийг ямар өөрчлөлт хийх ёстой гэдгээ мэдэхэд хүртэл тусалж чадна. Түүнчлэн бид санваарын адислал, залбирал, мацаг мөн ариун сүмд орох зэргээр дамжуулж тусламж, урам зориг олж авч чадна.

Мөн гэр бүлийн маань итгэлтэй гишүүд, удирдагчид болон найзууд бидний өөрчлөгдөхийн тулд гаргаж буй хүчин чармайлтад тусалж чадах юм. Би 8 настай байхдаа том ах Лий болон найзуудын хамт гэрийнхээ ойролцоо байдаг модны мөчир дээр тоглож цагийг өнгөрөөдөг байв. Тэр модны сүүдэрт найзуудтайгаа хамтдаа байх нь бидэнд сайхан санагддаг байлаа. Нэг өдөр Лий тэр модноос унаж гараа хугалсан юм. Хугархай гартай мод руу авирахад түүнд хэцүү байдаг байв. Түүнгүйгээр тэр модон дээрх амьдрал яагаад ч өмнөх шигээ байсангүй. Тиймээс, бидний зарим нь эрүүл гараас нь дээш татан, бусад нь араас нь түлхэж өгөхөд Лий нэг их хүч гаргалгүй модон дээр буцаад гарч чадсан. Түүний гар эдгээгүй байсан ч тэр эдгэрэх хүртлээ бидэнтэй хамт байж, нөхөрлөлийн сайхныг дахин мэдэрсэн юм.

Би модон дээр тоглож байсан туршлагаа Есүс Христийн сайн мэдээний нэг төрлийн үйл ажиллагаатай адилтган, байн байн бодож ирсэн. Сайн мэдээний мөчрүүд дээр байгуулсан гэрээнүүдтэйгээ холбогдох олон адислалыг бид мэдэрдэг. Зарим хүн гэрээнүүдийнхээ аюулгүйн бүсээс унасан байж болох бөгөөд сайн мэдээний мөчрүүдийн аюулгүй байдал руу буцаж авирахын тулд бидний тусламж хэрэгтэй байж магадгүй. Тэдэнд өөрсдийнхөө чадлаар буцаж ирэхэд хэцүү байж болно. Тэднийг бидэнтэй нөхөрлөх явцад бид тэдэнд эдгэрэхэд нь туслахын тулд эндээс нь бага зэрэг аажуухан татаж, тэндээс нь бага зэрэг өргөж болох уу?

Хэрэв та унасны улмаас гэмтээд шаналж байгаа бол гэрээнд болон түүнээс ирдэг адислалуудад буцаж ирэхэд тань туслахыг бусад хүнд зөвшөөрөөрэй. Таныг хайртай хүмүүсээрээ хүрээлүүлсэн байхад Аврагч танд эдгэрч, өөрчлөгдөхөд тусалж чадна.

Би удаан хугацаагаар уулзаагүй найзуудтайгаа хааяа таардаг. Заримдаа тэд “Чи огтхон ч өөрчлөгдөөгүй байна!” гэдэг. Ингэж хэлэхийг сонсох болгондоо би өөрийгөө өөрчлөгдсөн гэж найддаг учраас бага зэрэг санал нийлдэггүй юм. Би өөрийгөө өчигдөр байснаасаа өөрчлөгдсөн гэдэгт найддаг. Би өөрийгөө арай илүү эелдэг, бусдыг бага шүүмжилдэг, илүү нинжин сэтгэлтэй болсон гэдэгт найддаг. Би өөрийгөө бусдын хэрэгцээнд илүү хурдан хариулж, арай илүү тэвчээртэй болсон гэдэгт найддаг.

Би гэрийнхээ ойролцоох уулсаар алхах дуртай. Намайг нарийн жимээр алхах үед гутал руу жижигхэн чулуу орчихдог юм. Тэр үед би зогсоод, гутал доторхоо сэгсрэн гаргадаг. Би зогсож, хөлийг минь хатгаад байгаа зүйлийг гаргахаасаа өмнө ийм зовуурьтай удаан алхаж чадаад байгаагаа гайхдаг.

Гэрээний замаар аялахдаа бид заримдаа буруу зуршил, нүгэл, муу хандлагын хэлбэртэй чулуунуудыг гутландаа оруулсан байдаг. Тийм зүйлийг бид амьдралаасаа хэр хурдан сэгсэрч гаргана, тэр хэмжээгээр мөнх бус аялал маань илүү баяр баясгалантай байх болно.

Өөрчлөлт хийсээр байх нь хичээл зүтгэл шаарддаг. Түрүүхэн сэгсэрч гаргасан тээртэй, зовуурьтай хайрга чулууг буцааж гутландаа хийхийн тулд л нарийн жим дээр зогсохыг би төсөөлж чадахгүй байна. Гоёмсог эрвээхэй буцаад хүр хорхойн үүрэндээ орохыг хүсэхгүйтэй адил би ч гэсэн тийм зүйл хийхийг хүсэхгүй.

Есүс Христ байгаа учраас бид өөрчлөгдөж чадна гэдгийг би гэрчилж байна. Түүнтэй илүү адилхан болохын тулд бид дадал зуршлаа засаж, бодол санаагаа өөрчилж, зан чанараа сайжруулж чадна. Түүний тусламжтайгаар бид хариултыг өөртөө үлдээж чадна. Есүс Христийн нэрээр, амен.