Ерөнхий чуулган
Хүүгийн үлэмж хурц бэлэг
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Хүүгийн үлэмж хурц бэлэг

Есүс Христээр дамжуулан бид ёс суртахууны алдаанаасаа болж хүртэх ёстой зохих зовлон шаналлаас мултарч, мөнх бус амьдралын оногдох ёсгүй зовлон зүдгүүрийг даван гарч чадна.

Өнгөрсөн зун Ирээд, Намайг дага хичээлд зориулан Мормоны Номоос уншиж байхдаа би Алмаг өөрийн нүглийг бүрэн ухаарах үед юу ч “[түүний] шаналал шиг үлэмж хурц мөн гашуун 1 байгаагүй хэмээн өгүүлсэн байсныг хараад, гойд цочирдсон юм. Тэр долоо хоногт 7 миллиметр бөөрний чулуунаас болсон өвдөлт энэ үгийг миний анхааралд авчирсан гэдгийг би хүлээн зөвшөөрье. Хэзээ ч нэгэн хүмүүн ийм “өчүүхэн мөн энгийн зүйлүүд” “улиран авчрагд[ахад]” ийнхүү “агуу их зүйлүүд[ийг]” 2 мэдэрч байсангүй.

Үлэмж хурц гэсэн үгийг Мормоны Номын англи хэл дээрх орчуулгад ихэвчлэн ер бусын гоо үзэсгэлэнтэй эсвэл юутай ч харьцуулшгүй сүр жавхлант зүйлсийг дүрслэхэд ашигладаг тул Алмагийн хэлсэн үг миний анхаарлыг бас татсан юм. Жишээлбэл, тэнгэр элч Моронайн өмссөн орхимж түүний харж байсан “газар дэлхийн бүхнээс үлэмжийн цагаан” 3 байсныг Иосеф Смит тэмдэглэжээ. Гэвч үлэмж гэсэн үгээр муу муухай зүйлсийн туйлыг мөн илэрхийлж болно. Тиймээс, Алма болон хамгийн сайн толь бичигт үлэмж хурц зовлон шаналлыг “тарчлагдаж,” “тамлагдах”-тай болон “хамгийн их хэмжээгээр тарчлагдах” 4 -тай холбодог.

Алмагийн дүрслэл бид хэзээ нэгэн цагт үйлдсэн нүгэл бүрийнхээ тэсвэрлэшгүй гэм бурууг бүрэн дүүрэн мэдрэх ёстой гэсэн гашуун бодит үнэнийг тусган харуулдаг. Шударга ёс үүнийг шаарддаг бөгөөд Бурхан Өөрөө ч үүнийг өөрчлөх боломжгүй юм. 5 Алмаг өөрийн “бүх” нүглийг, ялангуяа бусдын итгэл үнэмшлийг устгаснаа санахад зовлон шаналал нь давж дийлшгүй байсан ба Бурханы өмнө зогсоно гэсэн бодол нь түүнийг “илэрхийлэхийн аргагүй аймш[гаар]” дүүргэжээ. Тэр “сүнсээрээ мөн биеэрээ үл оршиж чаддаг” 6 болоосой хэмээн хүсэмжилсэн.

Гэсэн хэдий ч түүнийг “дэлхийн нүглүүдийг цагаатгахаар, … Есүс Христ гэгч нэгний ирэлтийн талаар” бошиглосныг “дуулснаа сана[хад]” бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн талаар Алма хэлсэн бөгөөд тэрээр “Ай Есүс, Бурханы Хүү та, … намайг нигүүлсээч” хэмээн хашхирсан. Энэ ганцхан бодол, ганцхан гуйлт “ямархуу шаналалд байсан лугаа адил тийм үлэмжийн” 7 баяр баясгалангаар Алмаг дүүргэжээ.

Наманчлалын жинхэнэ зорилго бол ямар нэгэн зовлон шаналлыг цэвэр баяр баясгалан болгон өөрчлөх явдал юм гэдгийг бид мартаж болохгүй. Түүний “эн тэргүүний сайн сайхны” 8 ачаар Христэд итгэдгээ мөн зүрх сэтгэлээсээ үнэхээр өөрчлөгдсөнөө харуулах замаар Христэд ирэх яг тэр мөчид нүглийн маань хүнд ачаа бидний нуруунаас Түүнийх рүү шилжиж эхэлдэг. Нүгэлгүй Нэгэн болох Түүний Өөрийн бүтээсэн орчлон ертөнц дэх бүтээсэн бүхнийхээ нүгэл бүрийн төлөө үүрсэн “зовлон шаналал хязгааргүй бөгөөд илэрхийлэхийн аргагүй,” асар их байсан тул сүв бүрээс нь цус шүүрч байжээ. 9 Аврагч Өөрийн биеэр туулсан, хувийн туршлагаасаа үүдэн, хэрэв бид наманчлахгүй бол “зовлон шаналал” маань ямар “үлэмж” байх талаар бидэнд ямар ч төсөөлөл байхгүй гэдгийг орчин үеийн судар дээр сэрэмжлүүлсэн. Гэхдээ Тэрээр бас “хэрэв тэд” Алмагийн “амссан” “үлэмж баяслыг” мэдрэх боломж олгодог зүйлийг хийх буюу “наманчлах аваас, тэд зовохгүй байж болохын тулд Бурхан, бибээр бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амс[ана]” 10 гэдгээ өгөөмрөөр тодотгосон. 11 Зөвхөн энэ сургаалд л гэхэд “Би гайхшир[даг].” 12 Гэсэн хэдий ч Христ үүнээс ч ихийг өгдөг.

Заримдаа үлэмж хурц зовлон шаналал нүглээс биш, харин санамсаргүй алдаа, бусдын үйлдлээс эсвэл бидний хянаж чаддаггүй хүчин зүйлийн улмаас ирдэг. Ийм цаг үед та нар Дуулал номын зөв шударга бичигчийн адил:

“Миний дотор зүрх минь дэлсэж, Үхлийн айдас намайг нөмөрчээ.

… Би аймшигт автжээ.

… Би тагтаа шиг жигүүртэй ч болоосой! Тэгвэл нисэн одож, амрахсан” 13 хэмээн уйлах байсан биз ээ.

Анагаахын шинжлэх ухаан, мэргэжлийн зөвлөгөө эсвэл хуулийн залруулга ийм зовлон шаналлыг нимгэлэхэд тусалж болох юм. Гэхдээ эдгээр болон бүх сайн бэлэг Аврагчаас ирдэг гэдгийг анхаарна уу. 14 Хамгийн аймшигтай өвдөлт, зовлонгийн учир шалтгаан юу байхаас үл хамааран, тусламжийн хамгийн цаад эх үүсвэр нь нэг л зүйл байдаг буюу энэ нь Есүс Христ юм. Ганцхан Түүнд л алдаа бүрийг засаж, бурууг зөв болгож, төгс бус бүхнийг тааруулж тохируулан, шарх бүрийг эдгээж, саатсан адислал бүрийг өгөх бүрэн хүч чадал, эдгээгч гавар байдаг. Эрт цагийн гэрч нарын адил “бидэнд байгаа нь бидний мөхөсдлийг өрөвдөж эс чадах тэргүүн тахилч бус,” 15 харин тэнгэр дэх сэнтийгээсээ бууж ирэн, “өөрийн хүмүүсийг … хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд” урагш яван, “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвч[сэн]” 16 Гэтэлгэгч гэдгийг би гэрчилж байна.

Өнөөдөр хэн нэгний зовлон шаналал хэр их бөгөөд бусдынхаас хэр өөр байснаас үүдэн тэдгээрийг өөр хэн ч бүрэн ойлгохгүй мэт санагдаж байгаа нь зарим талаараа та нарын зөв байж болох юм. Таны сайн сайхны төлөө гэсэн бодолтой байж болох ч танд яг юу мэдрэгдэж байгааг мэдэх эсвэл эдгэрэлтийг олоход тань туслах, яг таарч тохирсон үгийг хэлэх мэдрэмж сайтай гэр бүлийн гишүүн, найз нөхөд, санваарын удирдагч байхгүй байж ч мэднэ. Гэхдээ “бүхий л дэлхийнхнээс илүү чадалтай” 17 мөн “гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай” 18 Түүнээс илүү та нарыг төгс ойлгох өөр хэн ч байхгүй гэдгийг мэдээрэй. Энэ үйл явц Христийн арга замаар Түүний хуваарийн дагуу өрнөх ч Тэрээр таны зовлон шаналлыг бүхий л талаар, өчүүхэн хэсгийг ч үлдээлгүй эдгээхэд үргэлж бэлэн байдаг.

Та нар Түүнд ийн үйлдэх боломж олгосноор зовлон шаналал тань дэмий хоосон зүйл байгаагүйг олж мэдэх болно. Төлөөлөгч Паул Библийн хамгийн агуу баатрууд, тэдний гуниг зовлонгийн талаар дурдахдаа, “Бурхан… [зовлонгоор нь дамжуулан тэдний] төлөө илүү сайн [зүйлсийг өгсөн]. Тийм болохоор тэд [зовлонгүйгээр] төгс болгогдох ёсгүй юм” 19 хэмээн хэлсэн. Бурханы мөнхийн чанар болон дэлхий дээрх оршин тогтнох зорилго бол аз жаргал юм. 20 Гэхдээ заримдаа бүх хүч чадал, нөөц бололцоог маань шавхан сорьдог туршлагагүйгээр бид бурханлаг баяр баясгалант төгс хүмүүс болж чадахгүй. Тэр ч бүү хэл Паулын хэлснээр Аврагч Өөрийгөө мөнхөд “зовлонгоор төгс [буюу бүрэн] болго[жээ].” 21 Тиймээс та нар сайн хүн байсан бол ийм сорилт ирэхгүй байх байсан хэмээх сатаны шивнээнээс болгоомжил.

Мөн үүнтэй холбоотой учирсан зовлон тань нэг адислалаас нөгөө рүү төвөггүй явах мэт харагддаг Бурханы сонгогдсон хүмүүсийн хүрээллээс гадна байгааг тань хэлж өгч байна гэсэн худал үгэнд та нар автахгүй байх ёстой. Үүний оронд, илчлэгч Иохан хожмын өдрүүдийн тухай гайхамшигт илчлэлтдээ та нарыг харсны адил өөрсдийгөө хараарай. Учир нь Иохан “Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй” 22 байхыг харав.

“Цагаан дээлтэй энэ хүмүүс хэн бэ? Тэд хаанаас ирсэн бэ?” гэж асуухад нь Иохан “Эдгээр нь асар их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд дээлээ Хурганы цусаар угааж цагаан болго[сон бай]жээ” 23 хэмээн хариултаа авчээ.

Ах, эгч нар аа, зөв шударга байдалд зовж шаналах нь та нарыг Бурханы сонгогдсон хүмүүсийн дундаас ялгах гэж биш, харин тавигддаг шаардлагад нь нийцэхэд тусалдаг. Энэ нь тэдний амлалтыг та нарын амлалт болгож байгаа юм. Иоханы тунхагласнаар, та “цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. [Та] наранд шарагдах ч үгүй, ямар ч халуунд халахгүй. Яагаад гэвэл, сэнтийн голд байгаа Хурга [таныг] хариулах бөгөөд амийн усны булгууд өөд хөтлөх болно. Бурхан [таны] нүднээс урсах нулимс бүрийг арчих болно.” 24

“Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно.” 25

Есүс Христийн гайхамшигтай сайн үйлс болон Түүний хэмжээлшгүй Цагаатгалаар дамжуулан бид ёс суртахууны алдааныхаа хүртэх ёстой зовлон шаналлаас салж, мөнх бус амьдралын оногдох ёсгүй зовлон зүдгүүрийг ч даван гарч чадна гэдгийг би гэрчилж байна. Түүний чиглүүлснээр, та нарын бурханлаг хувь заяа юутай ч харьцуулшгүй сүр жавхлантай, баяр баясгалантай байх ба баяр баясгалан нь зөвхөн танд зориулсан, өвөрмөц, “үнс” тань “газар дэлхийн бүхнээс илүү” 26 үзэсгэлэнтэй байх болно. Би та нарыг энэ аз жаргалыг одоо амсаж мөн үүгээр мөнхөд дүүрэн байхын тул Алмагийн үйлдсэнчлэн, Өөрийн сайн мэдээг энэхүү Өөрийн үнэн бөгөөд амьд Сүмд илчилсэн Бурханы Хүүгийн үлэмж хурц бэлгээс оюун ухаандаа тогтоон барихад урьж байна. Есүс Христийн нэрээр, амен.