Ерөнхий чуулган
Дуусашгүй хүч
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Дуусашгүй хүч

Зөвхөн бидний дотоод сэтгэлийг дүүргэдэг итгэл болон Бурханы үг нь биднийг дэмжин тэтгэхэд хангалттай ба Түүний хүчийг олж авах боломжтой болгодог.

Би хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны сургамж зааврыг судлах үедээ түүний хэлсэн үгийнхээ олонд нь ойр ойрхон хэрэглэсэн нэг үгийг олсон юм. Энэ үг бол хүч.

Tөлөөлөгчөөр дуудагдсаныхаа дараах хамгийн анхны eрөнхий чуулган дээр ерөнхийлөгч Нэлсон хүчийн тухай ярьсан.1 Тэрээр он жилийн явцад хүчийн талаар үргэлжлүүлэн заасаар ирсэн юм. Бид ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг өөрсдийн бошиглогчоор дэмжин баталснаас хойш тэрээр хүчийн зарчмыг, ялангуяа Бурханы хүчийг бoлон бид тэр хүчийг хэрхэн олох талаар заасан. Тэрээр бид бусдад үйлчлэхдээ Бурханы хүчийг хэрхэн ашиглах талаар,2 наманчлал нь Есүс Христийг болон Түүний Цагаатгалын хүчийг бидний амьдралд хэрхэн урьдгийг3 бас Бурханы хүч, эрх мэдэл болох санваар нь Түүнтэй гэрээнүүд байгуулж мөн сахидаг хүн бүгдийг хэрхэн адисалдаг талаар заасан.4 Ариун сүмд хишиг хүртсэн бүх хүнийг гэрээгээ сахих үед Бурханы хүч урсан ирж байдгийг eрөнхийлөгч Нэлсон гэрчилсэн.5

2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр eрөнхийлөгч Нэлсоны өгсөн уриалга миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөсөн. “Хишгээр өгөгдсөн эсвэл өгөгдөх тэрхүү хүч, мэдлэгийн талаар илүү ихийг сурч мэдэхийн тулд судалж, залбирахыг”6 тэр бидэнд заасан юм.

Энэ уриалгын хариуд, би судалж бас залбиран, хишгээр дамжуулан өгөгдсөн эсвэл ирээдүйд өгөгдөх тэрхүү хүч ба мэдлэгийн талаар зарим ашиг тустай зүйлсийг сурч мэдсэн.

Энэ амьдралдаа Бурханы хүчийг олж авахын тулд бид юу хийх ёстойгоо ойлгох нь амархан биш, гэхдээ оюун ухаандаа тунгаан бодож, Ариун Сүнс биднийг сэнхрүүлээсэй хэмээн залбирснаар энэ нь боломжтой гэдгийг би олж мэдсэн.7 Ахлагч Ричард Г.Скотт Бурханы хүч гэдэг нь юу болох талаар “бид өөрсдөө хийж чадахаас илүү ихийг хийх хүч юм”8 хэмээн оновчтой тодорхойлолтыг өгсөн.

Бурханы үгээр болон Есүс Христэд итгэх итгэлийн үндэс сууриар өөрсдийн зүрх сэтгэл, тэр бүү хэл бодгалиа дүүргэх нь энэ хэцүү цаг үед бидэнд туслах Бурханы хүчийг олж авахад амин чухал юм. Бурханы үгийг болон Есүс Христэд итгэх итгэлийг өөрсдийн зүрх сэтгэлд гүн суулгахгүй бол бидний гэрчлэл, итгэл алдагдаж, Бурханы бидэнд өгөхийг хүсэж буй хүчийг авах боломжоо алдаж магадгүй. Нүдэнд ил харагдах өнгөц итгэл нь хангалтгүй юм. Зөвхөн бидний дотоод сэтгэлийг дүүргэдэг итгэл болон Бурханы үг нь биднийг дэмжин тэтгэхэд хангалттай ба Түүний хүчийг олж авах боломжтой болгодог.

Жонсон эгч бид хоёр хүүхдүүдээ өсгөхдөө тэднийг хөгжмийн зэмсэг тоглож сурахад урамшуулсан юм. Гэхдээ тэднийг зөвхөн өөрсдийн зүгээс хийх ёстой зүйлсээ хийж, өдөр болгон зэмсэг дээрээ дадлага хийнэ гэвэл хөгжмийн хичээл авахыг нь зөвшөөрдөг байсан. Нэгэн хагас сайн өдөр манай гурав дахь охин найзуудтайгаа тоглохоор сэтгэл догдлон байсан ч төгөлдөр хуур дээрээ дадлагаа хийгээгүй байв. Тэр дадлага хийх цагаасаа нэг минут ч илүү зарцуулахыг хүсээгүй. Тиймээс 30 минут дадлага хийх ёстойгоо мэдэж байсан болохоор тэр сэрүүлэг тавихаар шийджээ.

Тэр төгөлдөр хуурын зүг алхан, бичил долгионы зуухны хажуугаар өнгөрөхдөө түр зогсон, хэдэн товчлуур дээр даржээ. Гэхдээ тэр сэрүүлэг тавихын оронд, бичил долгионы зуухыг 30 минут дээр тааруулж ажиллаж эхлэх товчийг дарчихаж. 20 орчим минут давтсаныхаа дараа тэр гал тогооны өрөө рүү хэдэн минут үлдсэнийг шалгах гээд ортол бичил долгионы зуух галд автаж буйг харжээ.

Охин маань миний хашаа хорооны ажил хийж байсан байшингийн арын талбайд гүйн ирж, байшин шатаж байна гэж хашхирав. Байшин дотор хар хурдаараа гүйн ороод би үнэхээр бичил долгионы зуух шатаж байгааг харлаа.

Байшингаа галд шатахаас сэргийлэхийн тулд бичил долгионы зуухны арын залгуурыг салган, цахилгааны залгуур утаснаас барин, бичил долгионы зуухыг тавцангаас буулгав. Тэр өдөр баатар болж, гэрээ хамгаална гэж найдан, зуухыг цахилгаан утаснаас нь бариад биеэсээ холуур савлуулсаар арын талбайдаа гарч ирлээ. Тэгээд сүүлийн удаа савлуулаад, зуухыг зүлгэн дээр шидчихэв. Тэнд бид хүчтэй асаж буй галыг усны хоолой ашиглан, унтрааж чадсан юм.

Яагаад ийм юм болсон бэ? Бичил долгионы зууханд энерги сорж авах зүйл хэрэгтэй байдаг. Энерги сорж авах зүйл дотор нь байхгүй тохиолдолд зуух өөрөө энергиэ сорон авч халан, гал авалцаж болдог ба үнс болтлоо өөрийгөө шатаадаг ажээ.9 Бичил долгионы зуух маань галд автан шатсаны учир нь дотор нь юу ч байхгүй байснаас болсон юм.

Үүний адилаар, зүрх сэтгэлийнхээ гүнд итгэлийг болон Бурханы үгийг суулгасан хүмүүс биднийг устгахын тулд илгээх дайсны галт сумнуудыг сөрөн, ялж гарах боломжтой байх болно.10 Ингэхгүй аваас бидний итгэл, найдвар, үзэл бодол тэсэн үлдэж чадахгүй ба бид хоосон бичил долгионы зуух шатсантай адилаар гэмтэж шархдаж болох юм.

Бурханы үгийг мөн Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлийг өөрийн бодгальд гүн гүнзгий суулгах нь дайсныг болон түүний над руу шидэх юуг ч даван гарах Бурханы хүчийг хүртэх боломжийг олгодог гэдгийг би мэдэж авсан. Бэрхшээлтэй тулгарах үедээ бид Паулын заасан Их Эзэний “Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн.”11 хэмээх амлалтад найдаж болно.

Аврагч хүүхэд байхаасаа “өсөж, хүчирхэг болсон бөгөөд мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Бурханы таалал Түүн дээр байсан юм”12 гэдгийг бид мэднэ. Өсөж томрох тусам “Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байсан”13 гэдгийг бид мэднэ. Тохинууллаа эхлүүлэх үед нь Түүнийг сонссон хүмүүс “Түүний сургаал эрх мэдэлтэй байсан тул тэд сургаалыг нь гайхаж байсан”14 гэдгийг бид мэднэ.

Бэлтгэлийн үр дүнд Аврагч хүчинд өсөж, Сатаны бүх уруу таталтыг эсэргүүцэх чадвартай болсон.15 Аврагчийн жишээг даган, Бурханы үгийг судалж мөн итгэлээ гүнзгийрүүлж бэлтгэснээрээ бид уруу таталтуудыг эсэргүүцэх Бурханы хүчийг бас олж чадах болно.

Ариун сүмд тогтмол орох боломжийг хязгаарлаж, хязгаарлагдмал цуглааныг зөвшөөрсөн энэ цаг үед ариун сүмийн гэрээнүүдийг байгуулан мөн тэдгээрийг сахиснаар бидэнд ирдэг Бурханы хүчийн талаар үргэлжлүүлэн илүү ихээр судалж, мэдэхэд би анхаарлаа хандуулсан юм. Көртландын ариун сүмийн онцгойлон адислах залбиралд амлагдсаны дагуу бид ариун сүмээс гарахдаа Бурханы сүр хүчээр зэвсэглэн гардаг.16 Ариун сүмийн гэрээнүүдийг байгуулан мөн тэдгээрийг сахидаг хүмүүсийн хувьд, Бурханы хүчинд дуусах хугацаа эсвэл цар тахлын үед хязгаарлалттай ашиглана гэсэн юм байхгүй. Хэрвээ бид гэрээгээ сахихгүй бол мөн Түүний хүчийг авах шаардлагыг үргэлжлүүлэн хангах боломжийг олгодог амьдралын хэв маягаар амьдрахгүй л бол Түүний хүч бидний амьдралд сулран үгүй болдог.

Тайланд, Лаос, Мьянмар улсуудад номлолын удирдагчаар эхнэртэйгээ хамт үйлчилж байхдаа ариун нандин гэрээнүүдийг ариун сүмд байгуулан, тэдгээрийг сахидаг хүмүүст Бурханы хүч ирдгийг бид өөрсдийн нүдээр харсан. Aриун сүмийн тусламжийн сан энэ гурван улс дахь олон гэгээнтнийг өөрсдийн хийж чадах бүх золиос, бэлтгэл ажлыг хийсний дараа ариун сүмд орох боломжтой болгосон юм. Тайланд улсын нийслэл Бангкок хотын нисэх буудалд Лаос улсаас ирсэн 20 итгэлтэй гэгээнтэнтэй уулзаж, тэднийг Бангкок хотын өөр нэг нисэх буудалд хүргэж өгөн, Хонконг явах онгоцондоо суухад нь тусалснаа би санаж байна. Их Эзэний өргөөнд орохоор явж буй эдгээр гишүүний сэтгэл үнэхээр их хөдөлсөн байв.

Зураг
Тусламж хэрэгтэй гишүүд

Эдгээр сайн гишүүнтэй буцах замд нь уулзах үед ариун сүмийн хишиг хүртсэнээр мөн Бурхантай гэрээ байгуулсны үр дүнд хүч тэдэнд ирж, сайн мэдээнд илүү төлөвшсөн нь илт байв. Эдгээр гишүүн ариун сүмээс гарахдаа “Түүний сүр хүчээр зэвсэглэн”17 гарсан нь илт байв. Өөрсдөө хийж чадахаас илүү ихийг хийх энэхүү хүч нь тэдэнд өөрийн улсад Сүмийн гишүүн байснаар ирэх бэрхшээлийг тэвчин гарах мөн Лаост Их Эзэний хаант улсыг үргэлжлүүлэн байгуулах үедээ “үлэмж агуу хийгээд алдар суут мэдээг үнэнд”18 тунхаглан урагшлах хүчийг өгсөн.

Ариун сүмд орох боломжгүй энэ үед бид өөрсдийн амьдралд тодорхой бас өөрчлөгдөшгүй чигийг олохоор бидний хүн нэг бүр ариун сүмд байгуулсан гэрээнүүддээ найдан түшиглэж байгаа болов уу? Хэрэв сахих аваас эдгээр гэрээ нь бидэнд ирээдүйн талаарх алсын хараа мөн тодорхой хүлээлтийг, түүнчлэн итгэлтэй байдлаар дамжуулан Их Эзэний өгөхөөр амласан бүхнийг авах шийдэмгий байдлыг өгөх болно.

Их Эзэний та нарт өгөхийг хүсэж буй тэр хүчийг эрэлхийлэхэд би та нарыг урьж байна. Энэхүү хүчийг эрэлхийлэхдээ Тэнгэрлэг Эцэгийн бидний төлөөх хайрыг ойлгох илүү гүн ойлголтоор бид адислагдах болно гэдгийг би гэрчилж байна.

Тэнгэрлэг Эцэг та нарт болон надад хайртай учраас Өөрийн хайрт Хүү Есүс Христийг бидний Аврагч, Гэтэлгэгч болгохоор илгээсэн гэдгийг би гэрчилж байна. Бүхий л хүч чадлыг эзэмшигч Есүс Христийг би гэрчилж байна.19 Есүс Христийн нэрээр, амен.