Ерөнхий чуулган
Итгэлээр үргэлжлүүл
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Итгэлээр үргэлжлүүл

Би та бүгдийг амар амгалан, Их Эзэнд итгэх илүү их итгэлээр адисалж байна.

Хайрт ах, эгч нар аа, энэхүү түүхэн чуулган өндөрлөх энэ мөчид бид Их Эзэнд талархлаа илэрхийлж байна. Захиасууд нь сүнслэгээр өдөөсөн, дуу хөгжим нь гайхалтай сайхан байлаа.

Бид энэ чуулганаар олон онцгой зүйл үзлээ. Энэ хоёр зуун жилийн ойгоор бид Есүс Христийн сайн мэдээ бүрэн байдлаараа сэргээгдсэнийг тунхагласан тунхгийг танилцууллаа.

Бид Хосанна магтаалыг өргөж Сэргээлтийг тэмдэглэлээ.

Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг маань төлөөлсөн, Сүмийн албан ёсны мэдээлэл, материал гэдгийг таниулах шинэ бэлгэ тэмдгийг танилцууллаа.

Одоогийн өвчний тархалтыг хяналтдаа авч, эмчилж, асарч буй хүмүүсийг хамгаалж, эдийн засгийг хүчирхэгжүүлэн, амьдралыг хэвэнд нь оруулахын төлөө бид дэлхий даяар мацаг барин залбирахад уриалсан. Уг мацаг барилт 4-р сарын 10-ны Сайн баасан гарагт болох болно. Тэр баасан гараг ямар гайхалтай өдөр байх бол оо!

Дараагийн ням гараг бол Аврагчийн амилсны баярын ням гараг бөгөөд бид Их Эзэн Есүс Христийн Цагаатгал, Амилалтыг тэмдэглэнэ. Түүний Цагаатгалын ачаар амилуулалтын бэлгээс дэлхий дээр амьдарч байсан бүх хүн хүртэх болно. Түүний ариун сүмд үйлдсэн ёслол, гэрээнүүддээ үнэнч байснаар зөв зохистойгоо харуулсан хүмүүс мөнх амьдралын бэлгээс нь хүртэх болно.

2020 оны 4-р сарын энэхүү Ерөнхий чуулганы болон бидний одоо эхлүүлж буй ариун долоо хоногийн сүнсээр өдөөгдсөн олон хэсгийг “Түүнийг сонс”1 хэмээн Бурханы тунхагласан хоёрхон үгээр тоймлон хэлж болно. Энэ үгсийг айлдсан Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хайрт Хүү, Есүс Христ хоёр дээр анхаарлаа төвлөрүүлсэн явдал маань, болж өнгөрсөн бүх зүйлээс бидний дурсамжинд хамгийн тод томруун үлдээсэй хэмээн бид залбирч байна. Та бүхнийг Аврагчийн үгсийг дахин шинээр, чин сэтгэлээсээ сонсож, анхаарч, бүр чих тавин сонсож эхлээсэй хэмээн бид залбирч байна.2 Ийнхүү үйлдвэл айдас багасаж, итгэл нэмэгдэнэ гэдгийг би амлаж байна.

Гэр орноо Их Эзэний Сүнс оршиж болох итгэлийн жинхэнэ өргөө байлгах хүсэлтэй байгаад тань талархаж байна. Манай Ирээд, Намайг дага сайн мэдээний суралцах хөтөлбөр та бүхний амьдралыг үргэлжлүүлэн адислах болно. Та нар тийм ч сайн амжилт гаргахгүй байна даа гэж бодогдох цаг мөчдөө ч гэсэн энэ үйл хэрэгт тууштай хичээл зүтгэл гаргах юм бол энэ нь таны, танай гэр бүлийн амьдралыг мөн дэлхийг өөрчлөх болно. Бид хаана ч байсан Их Эзэний талд зогсож, Түүнийг төлөөлөн ярьж, илүү зоригтой шавь болох юм бол хүчирхэгжих болно.

Одоо ариун сүмийн талаар ярья. Одоогийн байдлаар бидэнд дэлхий даяар онцгойлон адислагдсан 168 ариун сүм байна. Бусад нь төлөвлөлт, барилгын үе шатан дээрээ явж байгаа. Шинэ ариун сүм барих төлөвлөгөөг танилцуулахад энэ нь бидний ариун нандин түүхийн нэгэн хэсэг болдог.

Бүх ариун сүм хэсэг хугацаагаар хаагдсан байгаа үед шинэ ариун сүм зарлах нь хачирхалтай санагдаж болох юм.

Зуу гаруй жилийн өмнө 1893 онд ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф Солт Лэйк ариун сүмийг онцгойлон адисалж байхдаа, бидний одоогийн нөхцөл байдлыг урьдаас харсан. Та нарын зарим нь уг гайхалтай залбирлын хэсгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээс харсан байх.

Бурханы хүчит бошиглогчийн дараах гуйлтыг сонсоно уу. “Таны хүмүүс энэ ариун өргөөнд орох боломжгүй … хавчлага дарамтад өртөж, зовлон бэрхшээлээр хүрээлэгдэх үед … Таны энэхүү ариун өргөөний зүг нүүрээ харуулан, Танаас аврал, тусламж болон өөрсдийнх нь төлөө хүчээ өгөхийг гуйхад, Та ариун оршихуйгаасаа нигүүлсэнгүйгээр доош харан … тэдний уйлан гуйхыг сонсооч хэмээн бид Танаас гуйж байна. Харин олон жилийн дараа Таны хүмүүсийн үр сад ямар нэгэн шалтгаанаар энэ газраас тусгаарлагдах юм бол, … мөн тэд зовлон шаналал, уй гашуугийнхаа гүн ёроолоос Танд хандан аврал, тайтгарал өгөхийг уйлан гуйхад, … Та тэдний гуйлтыг анхааран сонсож, тэдний хүссэн адислалуудыг өгөхийг бид танаас даруухнаар гуйж байна.”3

Ах, эгч нар аа, ариун сүмүүд хаагдсан энэ хүнд бэрх цагт та бүхэн гэрээгээ эрхэмлэн дээдэлснээр ариун сүмийн гэрээ болон хувийн хишгийн хүчээсээ хүртэх боломжтой. Ариун сүмүүд хаагдсан энэ цаг мөчийг та бүхэн үргэлжлүүлэн ариун сүмд орохуйц зохистой амьдрахад эсвэл зохистой болоход зарцуулаарай.

Гэр бүл, найз нөхөдтэйгөө ариун сүмийн талаар яриарай. Ариун сүм дотор үйлддэг бүх зүйлийн төвд Есүс Христ байдаг тул та нар ариун сүмийн талаар хэдий чинээ их бодно, төдий чинээ Түүний талаар бодох болно. Хувийн хишгээр өгөгдсөн буюу өгөх тэрхүү хүч, мэдлэгийн талаар илүү ихийг сурч мэдэхийн тулд судалж, залбираарай.

Өнөөдөр бид дараах байршлуудад найман шинэ ариун сүм барих төлөвлөгөөг танилцуулах гэж байгаадаа баяртай байна: Аргентины Бахиа Бланка; Флоридагийн Таллахасси; Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Лубумбаши; Пенсильванийн Питтсбург; Нигерийн Бенин Сити; Ютагийн Сиракус; Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай; Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай.

Энэ найман байршилд Сүмийн архитекторууд орон нутгийн эрх мэдэлтнүүдтэй хамтран ажилласнаар, уг ариун сүмүүд тухайн газартайгаа зохицохоос гадна өнгө үзэмж нэмэх болно.

Дубайд баригдах ариун сүмийн төлөвлөгөөг найрсгаар тавьсан хүсэлтийн хариуд гаргасан гэдгийг талархалтайгаар хэлмээр байна.

Шанхайд ариун сүм барих төлөвлөгөөтэй холбоотой нөхцөл байдал тун чухал асуудал юм. Хорь гаруй жилийн турш Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ариун сүмд орох зохистой гишүүд Хятадын Хонконг ариун сүмээр үйлчлүүлж ирсэн. Гэвч удаан төлөвлөсөн, нэн шаардлагатай их засварын улмаас тус ариун сүм 2019 оны 7-р сард хаагдсан.

Шанхай дахь энгийн, олон зориулалт бүхий цуглааны газар нь хятад гишүүдэд БНХАУ-д өөрсдийнхөө төлөө мөн өвөг дээдсийнхээ өмнөөс ариун сүмийн ёслолуудад үргэлжлүүлэн оролцох боломжийг олгоно.4

Энэ Сүм бүх улс оронд буй гишүүддээ хуулийг хүндлэн дээдэлж, дагаж мөрдөж, дэмжихийг заадаг.5 Бид гэр бүл ба сайн эцэг эх байх мөн үлгэр жишээ иргэд байхын ач холбогдлыг заадаг. Бид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хууль дүрмийг хүндэлдэг учраас Сүм шашны сургаал заах номлогчдыг тийш илгээдэггүй мөн цаашид илгээхгүй.

Гадаадын иргэдийн болон хятад иргэдийн цуглаанууд үргэлжлүүлэн тус тусдаа зохион байгуулагдана. Сүмийн хууль ёсны статус өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ. Байгууламжийг ашиглах эхний үе шатанд зөвхөн урьдчилан цаг товлож байж орох болно. Шанхай дахь Их Эзэний өргөө бусад улсаас ирэх жуулчдын зорьж очих газар болохгүй.

Энэ найман шинэ ариун сүм үхлийн хөшигний хоёр талд байгаа олон хүний амьдралыг адислах болно. Ариун сүм бол Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлтийн оргил нь билээ. Бурханы сайн сайхан, өгөөмөр сэтгэлээр Тэрээр газар бүрд байх хүүхдүүддээ ариун сүмийн адислалуудыг ойртуулж байна.

Сэргээлт үргэлжлэхийн хэрээр, Бурхан дэлхий дээрх Өөрийн хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг цаашид илчилсээр байх болно гэдгийг би мэднэ.6 Тэрхүү хаант улс бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм билээ.

Хайрт ах, эгч нар аа, би та нарт хайртай гэдгээ илэрхийлье. Энэхүү түгшүүртэй, тодорхой бус цаг үед мөн өөрт олгогдсон эрх мэдлээр би та бүгдийг төлөөлөгчийн хувиар адислахыг хүсэж байна.

Би та бүгдийг амар амгалан, Их Эзэнд итгэх илүү их итгэлээр адисалж байна.7

Би та нарыг наманчилж, өдрөөс өдөрт Түүнтэй илүү адилхан болох хүслээр адисалж байна.8

Түүнчлэн бошиглогч Иосеф Смит бол Есүс Христийн сайн мэдээг бүрэн бүтнээр нь сэргээсэн бошиглогч юм гэдгийг мэдэх боломжоор би та нарыг адисалж байна.

Та болон таны хайртай хүмүүс өвдвөл Их Эзэний тааллын дагуу эдгэрэх адислалыг би үлдээж байна.

Ийнхүү адислахын хамт би та нарын хүн нэг бүрийг хайрладгаа дахин илэрхийлье. Есүс Христийн ариун нэрээр, амен.