Ерөнхий чуулган
Есүс Христийн Эдгээгч хүч
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Есүс Христийн Эдгээгч хүч

Бид Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгож, наманчилж, гэрээнүүд байгуулан, тэдгээрийг сахиснаар Түүнд ирвэл, бидний шарх болон үүний үндэс нь юу ч байлаа гэсэн эдгэрэх боломжтой.

Энэ он гарснаас хойш бид олон гэнэтийн үйл явдлыг тууллаа. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас олон хүн амь насаа алдаж, орлогогүй болсон нь дэлхийн хүн ам, эдийн засагт хүндээр нөлөөлж байна.

Дэлхийн өөр өөр газарт нүүрлэсэн газар хөдлөлт, гал түймэр, үер ус болон цаг ууртай холбоотой өөр бусад гай гамшиг хүмүүсийг арга мухардсан, итгэл найдваргүй, шархалсан зүрх сэтгэлтэй үлдээж, амьдрал нь буцаад өмнөх шигээ болох эсэхэд эргэлзэхэд хүргэлээ.

Би та нарт эвдрэл гэмтлийн талаарх хувийн түүхээсээ ярьж өгье.

Манай хүүхдүүд жаахан байхдаа төгөлдөр хуурын хичээл авахаар шийдсэн юм. Миний нөхөр Рүди бид хоёр хүүхдүүддээ энэ боломжийг олгохыг хүсэж байсан ч манайд төгөлдөр хуур байсангүй. Бид шинэ төгөлдөр хуур авах мөнгөгүй байсан тул Рүди хуучин төгөлдөр хуур худалдаж авахаар хайж эхлэв.

Тэр жилийн Христийн мэндэлсний баяраар нөхөр маань бидэнд төгөлдөр хуур авч өгч, гэнэтийн бэлэг барьсан бөгөөд дараагийн жилүүдэд нь манай хүүхдүүд төгөлдөр хуур тоглож сурсан юм.

Зураг
Хуучин төгөлдөр хуур

Хөвгүүдийг маань том болж гэрээсээ явах үед хуучин төгөлдөр хуур маань хэрэглээнээс гарч, тоосонд дарагдсан учир зарав. Нэлээн хэдэн жил өнгөрч, бид ч жаахан мөнгө хадгалсан байсан. Нэг өдөр Рүди “Одоо шинэ төгөлдөр хуур авах цаг болсон гэж би бодож байна” гэж хэллээ.

“Чи бид хоёр хоёулаа тоглодоггүй, гэтэл шинэ төгөлдөр хуур авах ямар хэрэгтэй юм бэ?” гэж би асууж билээ.

“Өөрөө тоглодог төгөлдөр хуур авч болно шүү дээ. Чи iPad ашиглан төгөлдөр хуураа программчилж, сүмийн дуулал, Табернекл найрал дууны хамтлагийн болон Хүүхдийн хэсгийн бүхий л дуу гэх мэт 4000 гаруй дууг тоглуулах боломжтой” гэж тэр хэлэв.

Үнэнийг хэлэхэд Рүди маш сайн ятгагч л даа.

Зураг
Шинэ төгөлдөр хуур

Бид маш гоё тоглуулагчтай шинэ төгөлдөр хуур худалдан авсан ба хэдэн өдрийн дараа хоёр том биетэй залуу гэрт маань хүргэж ирэв.

Би тэдэнд хаана байрлуулахыг нь хэлээд, зам тавьж өглөө.

Зураг
Төгөлдөр хуурыг зөөж байгаа нь

Тэр төгөлдөр хуур хүнд жинтэй, жижиг гарын төгөлдөр хуур байсан. Хаалгаар багтаахын тулд тэд хөлийг нь салгаад, авчирсан түрдэг тэрэгнийхээ дээр хажуулдуулан байрлуулав.

Манай байшин ялимгүй өндөрлөг газарт байрладаг байсан ба тэр өдрийн өглөө цас орсны улмаас газар шавхайтай, нойтон байлаа. Одоо юу болохыг та нар тааж байгаа биз дээ?

Дээшээ өндөрлөг рүү түрэн явж байтал төгөлдөр хуур гулсан унаж, би тар нярхийн эвдрэх чанга дуу гарахыг сонсов. Төгөлдөр хуур тэрэгнээс гулсан, газарт чанга унаж, манай зүлгэн дээр том гэгчийн хонхорхой үүссэн байв.

Би “Өө, яана аа. Та нар зүгээр үү?” гэлээ.

Азаар хоёр залуу хоёулаа зүгээр байв.

Тэд бие бие рүүгээ сүрхий том харснаа над руу хараад, “Биднийг үнэхээр уучлаарай. Бид дэлгүүр лүүгээ буцаан авч яваад, менежерээ тан руу яриулъя” гэлээ.

Удалгүй менежер нь шинэ төгөлдөр хуур хүргэж өгөх цаг тохирохоор Рүдитэй ярив. Рүди эелдэг өршөөнгүй зангаараа менежерт нь, хэрэв нөгөө төгөлдөр хуурыг засаад буцаагаад авчирвал бид авч болно шүү гэж хэлсэн ч дэлгүүрийн менежер заавал өөр шинийг өгөх ёстой гээд зөвшөөрсөнгүй.

Рүди “Тэгтлээ айхтар эвдрээгүй байлгүй дээ. Зүгээр засаад аваад ир ээ” гэж хариу хэлэв.

Менежер хариуд нь “Мод нь хугарсан байна. Мод хугарсан бол дуугаралт нь өөр болдог. Танд шинэ төгөлдөр хуур авчирч өгнө өө” гэж хэлсэн юм.

Ах, эгч нар аа, бид бүгд энэ төгөлдөр хуур шиг жаахан эвдэрсэн, цуурсан, гэмтсэн, дахин хэзээ ч хуучин хэвэндээ орохгүй мэт мэдрэмжтэй байдаг биш гэж үү? Хэдий тийм ч, бид Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгож, наманчилж, гэрээнүүд байгуулан, тэдгээрийг сахиснаар Түүнд ирвэл бидний шарх болон үүний үндэс нь юу ч байлаа гэсэн эдгэрэх боломжтой. Аврагчийн эдгээгч хүчийг бидний амьдралд авчирдаг энэ үйл явц зүгээр л биднийг өмнө нь ямар байснаар нь бус, харин бүр хавьгүй илүү сайн болгодог. Аврагч Есүс Христээр дамжуулан бид бүгд засагдан, бүтэн болж, гайхалтай сонсогдох цоо шинэ төгөлдөр хуур шиг зорилгоо биелүүлж чадна гэдгийг би мэднэ.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бидэнд хэцүү зовлон бэрхшээл тулгарах үед Бурханд итгэх итгэлээ гүнзгийрүүлж, шаргуу хөдөлмөрлөн, бусдад үйлчлэх цаг болсон байдаг. Тэгээд тэр бидний шархалсан зүрхийг эдгээх болно. Тэр бидэнд хувийн амар амгалан, тайтгарлыг хүртээх болно. Тэдгээр агуу бэлэг бүр үхлээр ч устгагдахгүй” хэмээн заасан. 1

Есүс ийн хэлсэн байдаг.

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.

“Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

Буулга минь аятай, ачаа минь хөнгөн” (Матай 11:28-30).

Зураг
Бидний Аврагч Есүс Христ

Есүс Христэд ирж шархаа эдгээхийн тулд бидэнд Түүнд итгэх итгэл хэрэгтэй. “Есүс Христэд итгэх итгэлтэй байна гэдэг нь Түүнд бүрэн дүүрэн найдах—Түүний хязгааргүй хүч … болон хайранд итгэх гэсэн утгатай юм. Үүнд Түүний сургаалд итгэх итгэл ордог. Энэ нь Түүний ойлгодог бүх зүйлийг бид ойлгохгүй боловч итгэсээр байхыг хэлдэг. Тэр бидний бүхий л өвчин, зовлон зүдгүүр, сул дорой байдлыг мэдрэн, энэ бүхнийг туулсан учраас өдөр тутмын бэрхшээлээ даван гарахад маань хэрхэн туслахаа мэддэг.” 2

Түүнд ирэх үедээ “бид баяр хѳѳр, амар амгалан хийгээд тайтгарлаар дүүрэн байж болно. Амьдралын тухайд [хэцүү, сорилттой] юм бүхэн Есүс Христийн Цагаатгалаар дамжин зѳв болгогдож чадна.” 3 Их Эзэн бидэнд “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай” (Сургаал ба Гэрээ 6:36) хэмээн зөвлөсөн.

Мормоны Номд Алма болон түүний хүмүүс өөрсдийнх нь дээр тавьсан хүнд ачаа дарамтын улмаас үгүй болоход ойрхон байхдаа тайтгарал гуйсан юм. Их Эзэн тэдний ачаа дарамтыг холдуулаагүй ч ийн амласан.

“Мөн та нарын мөрөн дээр тавигдах ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол, бүр та нарыг боолчлолд байх үед би түүнчлэн хөнгөлнө; мөн та нар цаашид миний гэрчлэгчид болон зогсох болно, мөн та нар, Их Эзэн Бурхан би өөрийн хүмүүст тэдний зүдгүүрт үед зочилдгийг та нар гарцаагүй мэдэж болохын тулд би үүнийг хийх болно.

Мөнхүү эдүгээ улиран тохиох дор Aлма болон түүний ах дүүсийн дээр тавигдаж асан ачаанууд хөнгөлөгдсөн байлаа; тийм ээ, тэд ачаагаа амархан дааж чадахын тулд Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлсэн билээ, мөн тэд баяртайгаар мөн тэвчээртэйгээр Их Эзэний бүх тааллуудад захирагдсан болой” (Moзая 24:14–15).

Аврагчийн эдгээх мөн ачаа дарамтыг хөнгөлөх чадварын тухайд ахлагч Тэд Р.Каллистэр ийнхүү заасан.

“Цагаатгалын адислалуудын нэг нь бид Аврагчийн туслан, дэмжих хүчийг хүлээн авч чадах явдал юм. Исаиа Их Эзэний эдгээх, тайвшруулах нөлөөний талаар олон давтан хэлсэн. Тэр Аврагчийг ‘шаналсан ядууст өмөг түшиг болж, шуурганаас хоргодох газар, халуунаас халхлах сүүдэр’ нь хэмээн гэрчилж байв (Исаиа 25:4). Гашуудах тэдний хувьд Аврагч ‘бүх гашуудагчийг тайвшруулах’ (Исаиа 61:2) ба ‘бүх нүүрнээс нулимсыг арчиж’ (Исаиа 25:8-ыг; түүнчлэн Илчлэлт 7:17-г үзнэ үү), ‘сүнсэндээ дарууг нь сэргээх’ (Исаиа 57:15), ‘шаналсан зүрхтэйг нь эдгээх’ (Исаиа 61:1; түүнчлэн Лук 4:18; Сургаалт үгс 147:3-ыг үзнэ үү) хүчийг эзэмшдэг хэмээн Исаиа тунхаглажээ. Түүний туслан тэтгэх хүч асар их байсан тул Тэрээр “үнсний оронд гоёл чимгийг, гашуудлын оронд баяр хөөрийн тосыг, гаслант сүнсний оронд магтаалын хувцас” өгч чадах юм (Исаиа 61:3).

“Тийм ээ, эдгээр амлалт ямар их найдвараар жигүүрлүүлж байгаа билээ! … Түүний Сүнс эдгээж, цэвэршүүлж, тайвшруулан, итгэл найдваргүй зүрх сэтгэлд шинэ амь оруулдаг. Амьдралын бүхий л муу муухай, аймшигтай, үнэ цэнгүй зүйлсийг эрхэм дээд, сүр жавхлант болгон хувиргагч хүч үүнд л оршдог. Түүнд мөнх бус байдлын үнсийг мөнхийн гоо үзэсгэлэн болгон хувиргах хүч бий.” 4

Есүс Христ бол бидний хайрт Аврагч, бидний Гэтэлгэгч, Агуу Эдгээгч, бидний үнэнч анд нөхөр гэдгийг би гэрчилж байна. Бид Түүнд хандвал Тэр биднийг эдгээн, дахин бүтэн болгох болно. Энэ бол Түүний Сүм бөгөөд Тэрээр энэ дэлхийд дахин эргэн ирж, хүч, алдар суунд хаанчлахаар бэлтгэж байгаа гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Russell M. Nelson, “Jesus Christ—the Master Healer,” Liahona, Nov. 2005, 87.

  2. Faith in Jesus Christ,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org.

  3. Preach My Gospel: A Guide to Missionary Service, rev. ed. (2018), 52, ChurchofJesusChrist.org.

  4. Тэд Р.Каллистэр, The Infinite Atonement (2000), 206–207.