Ерөнхий чуулган
Үүгээр бид тэднийг нотлох болно
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Үүгээр бид тэднийг нотлох болно

(Aбрахам 3:25)

Эдүгээ бидэнд Бурхан Эзэнийхээ тушаах бүх зүйлийг хийх хүсэлтэй, чадвартай гэдгээ нотлох, өөрсдийгөө бэлтгэх цаг иржээ.

Энэхүү Ерөнхий чуулганд бэлтгэж байх үед маань оюун ухаан, зүрх сэтгэлд орж ирсэн бодол, мэдрэмжээ та нартай хуваалцахад Ариун Сүнсийг бидэнд туслаасай хэмээн би залбирч байна.

Шалгалтын ач холбогдол

Сүмийн бүрэн цагийн үйлчлэлд дуудагдахаасаа өмнө хорь гаруй жилийн турш би их сургуулийн багшаар мөн удирдах албанд ажиллаж байлаа. Багшийн хувьд миний үндсэн үүрэг бол оюутнууддаа хэрхэн өөрсдөө бие даан суралцах талаар олж мэдэхэд нь туслах явдал байв. Мөн ажлын маань амин чухал хэсэг нь шалгалтын материал зохиох, үнэлэн дүгнэх, оюутнуудын шалгалтын гүйцэтгэлд саналаа өгөх явдал байв. Шалгалт өгөх нь оюутнуудын сурах үйл явцын дуртай хэсэг биш гэдгийг та өөрийн хувийн туршлагаас аль хэдийн мэдэж байгаа байх.

Гэхдээ үе үе өгдөг шалгалт нь сурч мэдэхэд зайлшгүй хэрэгцээтэй зүйл юм. Үр дүнтэй шалгалт нь тодорхой сэдвийн талаарх бидний бодитой мэдлэгийг мэдвэл зохих зүйлтэй харьцуулахад тусалдаг ба энэ нь бидний сурах, хөгжих байдлыг үнэлэх жишгийг тогтоодог.

Үүнтэй адил, мөнх бус байдалд тохиолддог сорилтууд бидний мөнхийн хөгжил дэвшилд амин чухал хэсэг болдог юм. Гэхдээ сонирхолтой нь, Жишиг бүтээлүүдийн англи хэл дээрх судрын эх сэдэвт “шалгалт” гэсэн үг огт байдаггүй. Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн аз жаргалын төлөвлөгөөний талаарх бидний сүнслэг мэдлэг, ойлголт мөн үүнд бүхнээ зориулах байдлыг болон Аврагчийн Цагаатгалын адислалуудыг эрэлхийлэх бидний чадавхыг зохих ёсоор харуулах янз бүрийн хэв маягийг дүрслэхэд “нотлох,” “шалгах,” “сорих” зэрэг үгсийг хэрэглэдэг.

Авралын төлөвлөгөөг бичсэн Тэрээр эртний болон орчин үеийн судруудад “нотлох,” “шалгах,” “сорих” гэсэн үгсийг ашиглан бидний мөнх бус амьдралын сорилтын өдрүүдийн зорилгыг дүрсэлжээ. “Мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно.” 1

Сургаалт үгсийн зохиогч Давидын гуйлтыг бодож үзнэ үү.

“ЭЗЭН, намайг шалгаж, Намайг туршаач! Элэг, зүрхийг минь шалгаач!

Хайр энэрэл тань нүдний минь өмнө буй агаад Таны үнэнээр би явсан.” 2 .

Мөн Их Эзэн 1833 онд “Тиймийн тул, дайснуудаасаа бүү ай, учир нь та нар зохистойгоор олдож болохын тулд би та нарыг миний гэрээнд үлдэх нь үү үгүй юу гэдгийг бүр үхэлд бүх зүйлд нотлох болно гэдгийг зүрх сэтгэлдээ тогтоосон билээ” 3 хэмээн тунхаглажээ.

Өнөө үеийн нотолгоо ба сорилт

Нэг талаар 2020 он биднийг олон талаар дэлхийг хамарсан цар тахлаар нотолж, шалгаж, сорьж үзсэн жил болсноороо онцгойлон тэмдэглэгдсэн. Бид хувь хүн, гэр бүлүүдийн хувьд зөвхөн хүнд хэцүү туршлагуудаас сурч болохуйц үнэ цэнтэй сургамжуудыг олж аваасай хэмээн би залбирч байна. Түүнчлэн бид бүгдээрээ “Бурханы агуу ихийг” болон “тэрээр зовлонгуудыг маань [бидний] өсөлт хөгжлийн тулд ариулан адислах болно” гэсэн үнэнийг илүү бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна. 4

Гаргасан шийдвэрүүдийг маань сорьж буй нөхцөл байдалтай амьдрал дээр тулгарах үед хоёр үндсэн зарчим биднийг удирдан чиглүүлж, хүчирхэгжүүлж чадна. Энэ нь: (1) бэлтгэлтэй байх зарчим, (2) Христэд тууштай итгэн урагш тэмүүлэх зарчим.

Нотлох ба бэлтгэх

Есүс Христийн шавь нарын хувьд бидэнд “хэрэгтэй юм болгоныг бэлтгэ; мөн өргөө, бүр залбирлын өргөө, мацгийн өргөө, итгэлийн өргөө, суралцахын өргөө, алдар суугийн өргөө, дэг жаягийн өргөө, Бурханы өргөө байгуул” 5 хэмээн зарлигласан байдаг.

Бидэнд бас “хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй.

Мөн та нар дайсны хүчнээс зугтааж, мөн толбогүй хийгээд буруугүй зөв шударга хүмүүс болж надад цугларч болохын тулд буюу” 6 хэмээн амласан.

Эдгээр судар бидний амьдрал, гэр орныг материаллаг болон сүнслэг байдлын хувьд цэгцлэх, бэлтгэх төгс үндсэн тогтолцоог хангаж өгдөг. Мөнх бус байдлын биднийг сорьсон туршлагуудад бэлтгэх хүчин чармайлт маань “мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад, Бурханы хийгээд хүмүүний таалалд байсан” 7 мөн оюун ухаан, бие бялдрын мөн сүнслэг болоод нийгмийн бэлэн байдлын нийлмэл тэнцвэрийг хангаж өгсөн Аврагчийн жишээг дагах ёстой.

Хэдэн сарын өмнөх нэгэн өдрийн үдээс хойш Сюзан бид хоёр хүнсний нөөц болон яаралтай тусламжийн хангамж маань хэр байгааг бүртгэж тоолсон юм. Тухайн үед COVID-19-ийн халдвар хурдацтай тархаж байсан бөгөөд Юта дахь гэр маань хэд хэдэн газар хөдлөлтөд өртсөн байлаа. Бид гэрлэснээсээ хойш урьдчилан тооцоолоогүй сорилтуудад бэлтгэх талаарх бошиглолын зөвлөгөөг дагасаар ирсэн тул вирус тархаж, газар хөдлөлт болж буй энэ үед өөрсдийн бэлэн байдлыг “шалгах” нь цаг үеэ олсон сайн зүйл гэж бодсон. Эдгээр гэнэтийн шалгалтад бид ямар дүн авахаа олж мэдэхийг хүссэн юм.

Бид их чухал зүйл мэдэж авсан. Бидний бэлтгэл ажил олон зүйлд зөв явагдаж байсан. Гэсэн хэдий ч, цаг тухайд нь тодорхой хэрэгцээг хангаж, шийдвэрлэж чадаагүйн улмаас сайжруулах шаардлагатай зүйл зарим хэсэгт гарч байв.

Бид бас маш их инээж хөхөрсөн. Жишээлбэл, бид далд буй шүүгээнээс хэдэн арван жилийн турш нөөцөлж хадгалсан хүнсний зүйлсийг олсон. Шулуухан хэлэхэд, бид дэлхий дахиныг хамарсан өөр нэгэн айдсыг ил гаргахаас эмээж, зарим савыг онгойлгож шалгахаас ч айж байлаа! Гэхдээ бид хугацаа нь дууссан хоол хүнсийг зохих ёсоор нь устгаж, дэлхийн эрүүл мэндэд учрах эрсдэлийг үгүй хийсэн гэдгийг мэдээд та нарын санаа амрах байх.

Сүмийн зарим гишүүн яаралтай тусламжийн төлөвлөгөө, хангамж, хүнсний нөөц, 72 цагийн иж бүрдэл цаашид чухал биш гэж үздэг. Учир нь, Ах нар эдгээр болон эдгээртэй холбоотой сэдвүүдийн талаар саяхны Ерөнхий чуулган дээр өргөн цар хүрээтэй яриагүй. Гэхдээ бэлтгэлтэй бай хэмээн давтан хэлж байсан зөвлөмжийг Сүмийн удирдагчид олон арван жилийн турш тунхагласаар ирсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам, бошиглолын зөвлөгөөг тууштай өгч байсан явдал нь хөдөлшгүй тодорхой байдалд хүргэж, ганц удаа хэлснээс илүү далайцтай сэрэмжлүүлгийг өгдөг.

Хүнд хэцүү цаг үеүд цаг зуурын бэлэн байдлын хангалтгүй байдлыг илчилдэгтэй адил сүнслэг хайхрамжгүй байдал болон өөртөө сэтгэл ханасан байдал хүнд хэцүү сорилтын үед хамгийн их хор хөнөөлтэй нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, бид бэлтгэлээ хойшлуулснаар амжилтад хүрдэггүй болохыг нотолдог арван онгон охины талаарх сургаалт үлгэрээс суралцдаг. Таван мунхаг онгон охин сүйт залууг ирэх өдөр тэднээс авсан шалгалтад хэрхэн зохих ёсоор бэлтгэж чадаагүйг эргэн санаарай.

Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй.

Харин ухаалгууд нь савтай тосыг дэнлүүтэй нь хамт авчээ.

Гэтэл шөнө дөлөөр хашхирах дуун гарч “Хараач, хүргэн байна. Түүнийг угтаж авцгаа” гэлээ.

Нөгөө охид бүгдээрээ босож, дэнлүүгээ бэлдэв.

Мунхгууд нь ухаалаг охидод “Бидэнд тосноосоо өгөөч. Бидний дэнлүү бөхөх нь” гэсэнд

ухаалгууд нь “Бидэнд ч, та нарт ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачин руу очиж, тос худалдаж ав” гэжээ.

Тэднийг худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирээд, бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хуримын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ.

Дараа нь бусад охин ирж “Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч” 8 гэхэд

харин Тэр хариуд нь “Үнэнээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй гэв.” 9

Адаглаад энэ шалгалтад таван мунхаг онгон охин өөрсдийгөө зөвхөн сонсогч болохоос үгийг хэрэгжүүлэгч биш гэдгээ батлав. 10

Миний нэг найз хуулийн сургуульд сурч байхдаа хичээнгүй, шаргуу оюутан байсан. Нэг улирлын туршид Сэм өдөр бүр хичээл бүрийнхээ тэмдэглэлийг эргэн харж, нэгтгэн дүгнэж, тэмдэглэлээсээ давтан суралцахад цаг хугацаа зарцуулж байв. Тэрээр долоо хоног бүрийн мөн сар бүрийн эцэст бүх хичээлээ ижил хэв маягаар давтдаг байсан. Энэ хандлага нь түүнд хуулийн талаар зүгээр цээжлэх бус харин сурч эзэмших боломжийг олгосон юм. Улирлын эцсийн шалгалт ойртоход Сэм бэлтгэлтэй байсан. Чухамдаа улирлын эцсийн шалгалтын үе бол түүний хувьд хууль эрх зүйг судалж байх үеийн хамгийн ачаалал багатай хэсэг гэдгийг тэр олж мэдсэн юм. Үр дүнтэй, цаг тухайд нь бэлтгэх явдал бол амжилттай үр дүнд хүрэхийн эхлэл болдог.

Сэмийн хууль эрх зүйн боловсролд хандах хандлага Их Эзэний өсөлт, хөгжлийн үндсэн хэв маягийн нэгийг тодотгож өгдөг. “Их Эзэн Бурхан хэлэв: би хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг өгөх болно; мөн миний дүрмүүдийг анхааран сонсох, мөн миний зааварт чих тавих тэд адислагдсан болой, учир нь тэд мэргэн ухаанд суралцах болно; хүлээн авах түүнд би илүүг өгөх болно.” 11

Би хүн нэг бүрийг “[өөрсдийн] зам мөрийг хянагтун” 12 мөн “итгэлд байгаа эсэхээ [өөрсдөө] шалга; [мөн] [өөрөө] өөрсдийгөө нотол” хэмээн урьж байна. 13 Сүүлийн хэдэн сар амьдралын хэв маягт гарсан өөрчлөлт, хязгаарлалтын явцад бид юу сурч мэдсэн бэ? Бид амьдралдаа сүнслэг болон бие бялдар, нийгэм, сэтгэл хөдлөл, оюун санааны хувьд юугаа сайжруулах хэрэгтэй вэ? Эдүгээ бидэнд Бурхан Эзэнийхээ тушаах бүх зүйлийг хийх хүсэлтэй, чадвартай гэдгээ нотолж, өөрсдийгөө бэлтгэх цаг иржээ.

Нотлох ба урагш тэмүүлэх

Нэг удаа би ослоор амиа алдсан залуу номлогчийн оршуулгад оролцсон юм. Номлогчийн аав энэ оршуулах ёслолд үг хэлэхдээ хайртай үрээсээ гэнэтийн байдлаар мөнх бусаар салсан сэтгэлийн шаналлаа дүрсэлсэн. Тэрээр ийм үйл явдал болсон шалтгаан, цаг хугацааг ойлгохгүй байгаагаа шууд хэлж билээ. Гэхдээ энэ сайн хүн үр хүүхдийнх нь нас барах болсон шалтгаан, цаг хугацааг Бурхан мэддэг гэдгийг мэдэж байсан бөгөөд энэ нь түүнд хангалттай байсан хэмээн мэдэгдсэнийг би үргэлж санах болно. Тэрээр цугласан хүмүүст хандан, өөрөө болон гэр бүлийнхэн нь хэчнээн их гашуудаж, харамсаж байгаа ч энэ нь зүгээр байх болно мөн тэдний гэрчлэл гуйвшгүй, тууштай хэвээр байх болно гэж хэлж билээ. Тэрээр “Есүс Христийн сайн мэдээнд манай гэр бүл бүгд бүрэн тууштай байгаа гэдгийг та бүхнийг мэдээсэй гэж би хүсэж байна. Бид бүгдээрээ бүрэн тууштай байгаа” гэж мэдэгдсэнээр үгээ төгсгөсөн юм.

Хайртай дотнын хүнээ алдсанаар сэтгэл санааны хувьд зүрх шимшрэм, хүнд хэцүү байсан ч энэхүү зоригтой гэр бүлийн гишүүд өөрсдөдөө тохиолдсон зовлонгоор дамжуулан мөнхийн ач холбогдолтой зүйлүүдийн талаар сургамж авахад сүнслэг байдлын хувьд бэлэн гэдгээ нотолсон. 14

Итгэлтэй байх нь мунхаглал эсвэл хэт улайран шүтэх явдал биш. Харин энэ нь Есүс Христэд Аврагчийнх нь хувьд болон Түүний нэрэнд мөн Түүний амлалтуудад итгэж, найдахыг хэлнэ. Бид “найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлснээр” 15 бидний мөнх бус амьдралын хязгаарлагдмал чадавхаас хамаагүй өргөн хүрээг хамардаг мөнхийн төлөвлөгөө болон алсын хараагаар адислагддаг. Ингэснээр бид “хамтдаа цуглаж, мөн ариун газрууд дээр зогсож,” 16 түүнчлэн “Их Эзэний өдөр ирэх хүртэл шилжин нүүлгэгдэхгүй” 17 байх боломжтой болно.

Намайг Айдахо дахь Бригам Янгийн Их Сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхад 1998 оны 12-р сард ахлагч Жэффри Р.Холланд оюутны хотхонд ирж, долоо хоног тутам болдог галын дэргэдэх ярилцлага дээр үг хэлж билээ. Ахлагч Холландыг үгээ хэлэхээс өмнө хэсэг оюутныг түүнтэй уулзахыг Сюзан бид хоёр урьсан юм. Хамт байх хугацаа маань дуусах дөхөж байхад би ахлагч Холландаас “Хэрэв та эдгээр оюутанд ганц л зүйл хэлье гэвэл, юу гэж хэлэх байсан бэ?” гэж асуусан.

Тэрээр ийн хариулсан юм.

Тэрээр “Бид эсрэг туйлуудын хоорондох зай улам илүү холдож байгааг байнга харж байна. Хожмын үеийн гэгээнтнүүд биднээс дундыг баримтлах гэсэн сонголт авагдах болно. Дунд нь байна гэдэг боломжгүй байх болно.

Хэрэв та голын урсгалд хөвж байгаа бол голын урсгал таныг хаа нэг газар луу аваачих болно. Та зүгээр л голын урсгал хаашаа аваачна, тэр зүг рүү явна. Голдрил даган, урсгалд туугдан, нийтээр дагадаг үзэл баримтлалд хөтлөгдөн явж болохгүй.

Сонголтыг заавал хийх ёстой болно. Сонгохгүй байх нь ч гэсэн сонголт юм. Одооноос сонгож сур” гэж хариулсан.

Өсөн нэмэгдэж буй туйлшралын талаар ахлагч Холландын хэлсэн үг түүний миний асуултад хариулснаас хойших энэ 22 жилийн хугацаанд тохиосон нийгмийн чиг хандлага, үйл явдлуудаар батлагдсан юм. Ахлагч Холланд Их Эзэний болон дэлхийн замуудын хоорондох зааг ялгаа улам бүр холдохыг урьдчилан хэлээд, бид нэг хөлөө дэлхийд, нөгөө хөлөө сэргээгдсэн Сүмд тавиад санаа амар зогсох өдрүүд хурдан алга болж байгааг анхааруулсан. Их Эзэний энэ үйлчлэгч залуу хүмүүсийг Аврагчийн үнэнч шавь нар болохыг сонгож, бэлтгэж, эцэст нь тэрхүү зорилгодоо хүрэхийг уриалж байв. Тэрээр тэдэнд өөрсдийн амьдралын туршлагыг нотолж, шалгаж, туршиж үзэх замаар өөрсдийгөө бэлтгэж, урагш тэмүүлэхэд нь тусалж байсан.

Амлалт ба гэрчлэл

Өөрсдийгөө нотлон харуулах үйл явц Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын агуу төлөвлөгөөний үндсэн хэсэг юм. Бид өөрсдийгөө бэлтгэж, Аврагчид итгэн, урагш тэмүүлснээр мөнх бус байдлын дараах эцсийн шүүлтэд бүгдээрээ ижил үнэлгээ авч чадна хэмээн би амлаж байна. “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор.” 18

Мөнхийн Эцэг Бурхан бол бидний Эцэг гэдгийг би гэрчилж байна. Есүс Христ бол Түүний Төрсөн Ганц мөн Амьд Хүү, бидний Аврагч, Гэтэлгэгч юм. Би эдгээр үнэнийг Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.