Ерөнхий чуулган
Бид сэтгэл нэгтэй байж Бурханы хүчийг олж авдаг
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Бид сэтгэл нэгтэй байж Бурханы хүчийг олж авдаг

Бид сэтгэл нэгтэй байхыг эрэлхийлснээр өөрсдөө бүрэн хүчин чармайлт гаргахын тулд Бурханы хүчийг дуудах болно.

Гордоныг гэрийн ажлаа хийж дуусгавал, бялуу хийж өгнө гэж ээж нь хэлжээ. Түүний идэх дуртай бялууг зөвхөн түүнд зориулж хийнэ гэв. Гордоныг гэрийн ажлуудаа хийхээр явахад ээж нь бялуугаа хийжээ. Түүний эгч Кэти найзынхаа хамт гэртээ ирэв. Тэр бялууг хараад, найзынхаа хамт нэг зүсмийг авч болох эсэхийг асуув.

Гордон “Үгүй, энэ бол миний бялуу. Ээж надад зориулж хийсэн. Би үүний төлөө ажил хийсэн” гэж хэллээ.

Кэти уурлаж, дүүгээ загнажээ. Тэр амиа бодсон бас харамч. Тэр яаж бүгдийг нь ганцаараа идэж чадаж байна аа?

Хэдэн цагийн дараа Кэтиг найзыгаа гэрт нь хүргэж өгөхөөр машиныхаа хаалгыг онгойлготол суудал дээр нь хоёр тавганд хоёр том зүсэм бялуу мөн гоёмсгоор эвхсэн хоёр амны цаас, хоёр сэрээ тавьсан байлаа. Хүртэх гавьяагүй хүмүүст ч тэр өгөөмөр хандаж, өөрчлөгдөхөд бэлэн байдаг байсныг нь харуулахын тулд Кэти энэ түүхийг Гордоны оршуулга дээр ярьсан юм.

1842 онд гэгээнтнүүд Наувугийн ариун сүмийг барихаар шаргуу ажиллаж байлаа. Бошиглогч Иосеф Смит 3-р сард Халамжийн нийгэмлэгийг байгуулсныхаа дараа ариун сүм дотор удахгүй байгуулах нандин, эв нэгдлийн гэрээнүүдэд бэлтгэхээр тэдний цуглаан дээр үргэлж ирдэг байв.

6-р сарын 9-нд бошиглогч “нигүүлслийг номлох гэж байна гэж хэлжээ[.] Есүс Христ болон [түүний] тэнгэр элч нар өчүүхэн жижиг зүйлст л бидэнд дургүйцдэг байсан бол бидэнд юу тохиолдох вэ? Бид нигүүлсэнгүй байж, жижиг сажиг зүйлсийг анзаарахгүй байх ёстой. Ерөнхийлөгч Смит “сэтгэл нэгтэй байж Бурханы хүчийг олж аван, нэг гишүүнээ зовоход бүгд тэрийг нь мэдрэхээс илүү бүрэн дүүрэн нөхөрлөл байдаггүйд би харамсдаг” 1 гэж үргэлжлүүлэн хэлжээ.

Энэ богинохон өгүүлбэр надад тун их нөлөөлсөн. Бид сэтгэл нэгтэй байж Бурханы хүчийг олж авдаг. Энэ дэлхий миний хүссэнээр байдаггүй. Надад өөрчилж, сайжруулахыг хүсдэг олон зүйл бий. Шулуухан хэлэхэд, миний найддаг зүйлст олон эсэргүүцэл тулгардаг мөн заримдаа надад ямар ч хүч нөлөө байхгүй мэт санагддаг. Сүүлийн үед би өөртөө нухацтай асуултууд тавьж байгаа. Би хэрхэн эргэн тойрныхоо хүмүүсийг илүү сайн ойлгож чаддаг болох вэ? Хүн бүхэн хоорондоо маш их ялгаатай байхад би яаж “сэтгэл нэгтэй” болох вэ? Хэрэв би бусадтай арай илүү нэгдмэл байвал Бурханаас ямар хүчийг авч болох вэ? Эргэцүүлж бодсон зүйлээсээ би гурван зүйлийг санал болгоё. Танд тус болж мэдэх юм.

Нигүүлсэнгүй бай

Иаков 2:17 дээр “Өөрсдийнхөө нэгэн адил [ах эгч дүүсээ] бод, мөн тэд та нарын адил баян байж болохын тулд бүгдтэй нөхөрсөг, бас хөрөнгөөрөө өгөөмөр сэтгэлтэй бай” гэдэг. Хөрөнгөөрөө гэдэг үгийг нигүүлслээр гэж орлуулъя. Тэд та нарын адил баян байж болохын тулд нигүүлслээр өгөөмөр бай.

Бид ихэнхдээ хөрөнгө гэдгийг хоол хүнс эсвэл мөнгө гэдэг утгаар нь боддог. Гэтэл бидний тохинуулалд бидэнд илүү их хэрэгтэй зүйл бол нигүүлсэл юм.

Манай Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч саяхан ингэж хэлсэн. “Миний амлах … зүйл бол … би таны нэрийг цэвэр байлгах болно. … Би таныг хамгийн сайнаар тань харах болно. … Би таны тухай таныг дорд үзсэн ямар нэгэн таагүй зүйл хэзээ ч хэлэхгүй. Нуулгүй хэлэхэд, би таныг гомдоохоос айдаг учраас та ч гэсэн миний төлөө адилхан зүйл хийгээсэй гэж би хүсэж байна. …

Иосеф Смит 1842 оны 6-р сарын тэр нэгэн өдөр эгч нарт ийн хэлжээ.

“Хүмүүс надад жаахан ч атугай сайхан сэтгэл, хайрыг үзүүлэхэд энэ нь миний оюунд ямар их хүчтэй нөлөөлдөг гээч. …

Бид Тэнгэрлэг Эцэгт хэдий чинээ ойртох тусам, мөхөж буй бодгалиудыг төдий чинээ өрөвч сэтгэлээр харах хүсэлтэй болж; тэднийг мөрөн дээрээ авч явмаар бас нүглүүдийг нь арагш авч хаямаар [санагддаг]. [Би хэлэх үгээ] энэ бүх Нийгэмлэгт [хандуулсан билээ]—Хэрэв та Бурханы нигүүлслийг хүсвэл бие биедээ нигүүлсэнгүй ханд.” 2

Энэ бол Халамжийн нийгэмлэгт онцгойлон өгсөн зөвлөгөө байсан. Нэг нэгнээ шүүмжлэхгүй, гомдоох зүйл хэлэхгүй байцгаая. Бие биенийхээ нэрийг цэвэр байлгаж, нигүүлслийн бэлэг өгцгөөе. 3

Завиа савлуул

1936 онд Вашингтоны их сургуулийн олонд танигдаагүй сэлүүрт завины баг Герман руу Олимпийн тэмцээнд оролцохоор аялжээ. Тэр үе бол Их уналтын хүнд үе байв. Тэд ажилчин ангийн хөвгүүд байсан бөгөөд уул уурхай, модны үйлдвэрийн жижиг хотууд тэднийг Берлин рүү аялуулахын тулд мөнгө хандивласан байв. Тэмцээний бүхий л үзүүлэлтэд тэдэнд түрүүлэх боломж байхгүй мэт санагдсан ч уралдааны үеэр нэгэн явдал тохиов. Сэлүүрт завины ертөнцөд үүнийг “савлуур” гэж нэрлэдэг. [Завин доторх хөвгүүд] гэдэг ном дээр үндэслэсэн дараах тодорхойлолтыг сонсоорой.

Хааяа нэг тохиолддог хэрэгжүүлэхэд хэцүү, тодорхойлоход бэрх зүйл байдаг. Үүнийг “савлуур” гэж нэрлэдэг. Энэ нь бүх хүн нэг ч хөдөлгөөн зөрөхгүйгээр төгс нэгэн жигд сэлүүрдэх үед тохиолддог.

Сэлүүрчид чанд бие даасан байхын зэрэгцээ хувь хүний чадавхдаа итгэлтэй байх ёстой. Нэг нэгтэйгээ яг адил тамирчидтай баг тэмцээнд ялдаггүй. Сайн багууд нь сайн холилдсон байдаг буюу нэг нь хариуцаж удирддаг, нөгөө нь ямар нэг зүйлээ цагт нь тааруулж нөөцөлдөг, өөр нэг нь тулаанд ордог, нөгөө нэг нь энх тайвныг тогтоодог. Нэг ч сэлүүрчин нөгөөгөөсөө илүү үнэ цэнтэй биш, тэд бүгд завины хэсгүүд. Гэхдээ тэд хамтдаа сайн сэлүүрдье гэвэл богино гартай хүн нь гараа арай урт сунгаж, урт гартай хүн нь гараа татасхийж, бие биенийхээ хэмжээ, чадварт нийцүүлэн ажиллаж сурах хэрэгтэй болдог.

Ялгаатай зүйлсээ сул тал биш, давуу тал болгон өөрчлөх хэрэгтэй. Зөвхөн ингэсэн үед л завь өөрөө урагшилж байгаа юм шиг санагдана. Зөвхөн тэр үед л өвдөлт баяр баясгалан руу бүрэн шилжинэ. Сайн “савлуулбал” яруу найраг шиг л санагдана. 4

Сүндэрлэх саад бэрхшээлүүдийн эсрэг уг баг төгс савлуулж, ялалт байгуулав. Олимпийн алтан медаль сэтгэлийг нь баясгасан ч сэлүүрчин бүрийн мэдэрсэн эв нэгдэл тэдний бүх амьдралын туршид хоногшин үлдсэн ариун нандин мөч байв.

Сайныг ургуулахын хамтаар мууг аль болох хурдан зайлуул

Иаков 5-ын уран зүйрлэлд усан үзмийн талбайн Эзэн сайн газарт нэг сайн мод тарьсан ч тэр нь цаг хугацааны явцад ялзарч, зэрлэг үр жимс ургуулдаг. Усан үзмийн талбайн Эзэн “модыг алдах нь намайг гонсойлгож байна” гэж найман удаа хэлдэг.

Зарц усан үзмийн талбайн Эзэнд: “[Энэ модыг] дахин бага зэрэг түдгэлзээч хэмээв. Мөн Эзэн хэлэв: Тийм ээ, би дахин бага зэрэг хүлээе” 5 гэж хэлдэг.

Дараа нь өөрсдийнхөө жижиг усан үзмийн талбайгаас сайн үр жимс хайж олохоор ухах гэж хичээж буй бидэнд хэрэгжүүлж болохуйц “Та нар сайныг ургуулахын хамтаар мууг зайлуулан цэвэрлэх болно” 6 гэсэн зааврыг өгдөг.

Нэгдмэл байдал ид шидээр бий болдоггүй. Энэ нь хамтын ажлаар бий болдог. Энэ нь эмх замбараагүй, заримдаа таагүй байдаг ч бид сайныг ургуулахын хамтаар мууг аль болох хурдан зайлуулах үед аяндаа бий болдог.

Эв нэгдэлтэй болгох хүчин чармайлтдаа бид хэзээ ч ганцаараа байдаггүй. Иаков 5 дээр “Зарц нар явж мөн хүч чадлаараа хөдөлмөрлөв; мөн талбайн Эзэн тэдэнтэй түүнчлэн хөдөлмөрлөжээ” 7 гэж цааш үргэлжилдэг.

Хэзээ ч тохиолдох ёсгүй мэт тийм гүн шарх бидний хүн нэг бүрд ирэх болно. Хүн нэг бүр янз бүрийн цаг үед бардам, ихэмсэг зангаасаа болж өөрийн ургуулдаг үр жимсийг ялзруулах тохиолдол ч гарна. Гэхдээ Есүс Христ бүх зүйл дээр бидний Аврагч байдаг. Түүнийг дуудахад Түүний хүч хамгийн хүнд хэцүү цаг үед ч хүрдэг бөгөөд бидэнд найдвар төрүүлдэг. Бид бүгд гэм нүгэл, бүтэлгүйтлийнхээ төлөө нигүүлслийг гуйдаг. Тэрээр дуртайяа нигүүлсдэг. Мөн Тэр биднээс нэг нэгэндээ үүнтэй адил нигүүлслийг үзүүлэхийг хүсдэг.

Есүс “Нэг байгтун; мөн хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой” 8 гэж шулуухан хэлсэн. Харин бид нэг байж, амтат бялуунаасаа ганц зүсмийг хуваалцах юм уу завийг төгс нэгдлээр савлуулахын тулд хувь хувийн авьяас чадвараа нэгтгэн тааруулбал бид Түүнийх байх болно. Мөн Тэрээр сайныг ургуулахын хамтаар мууг аль болох хурдан зайлуулахад туслах болно.

Бошиглогдсон амлалтууд

Бид хүссэн газраа хараахан хүрээгүй мөн байх ёстой газраа хараахан байхгүй байж магад. Бидний өөрсдөдөө болон харьяалагддаг бүлэгтээ авчрахыг хүсдэг өөрчлөлт нь улс төрийн идэвхтэй байдлаас бус харин өдөр бүр нэг нэгнээ ойлгохын тулд идэвхтэй хичээснээс илүү их шалтгаалдаг гэдэгт би итгэдэг. Яагаад? Яагаад гэвэл, бид “нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай” 9 хүмүүс болох Сионыг байгуулж байна.

Гэрээт эмэгтэйчүүд бид ихээхэн нөлөөтэй. Тэрхүү нөлөө нь найзтайгаа суралцах, хүүхдээ оронд нь оруулах, автобусанд хажуу дахь хүнтэйгээ ярих, хамт ажилладаг хүнтэйгээ танилцуулга бэлдэх зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгждэг. Бидэнд ялгаварлалыг арилгаж, эв нэгдлийг бий болгох хүч бий.

Халамжийн нийгэмлэг ба Залуу эмэгтэйчүүд нь зүгээр нэг ангиуд биш юм. Эдгээр нь олон янзын эмэгтэйчүүд бүгд нэгэн завин дээр суугаад, төгс савлуулж чадталаа сэлүүрддэг мартагдашгүй туршлага бас байж болно. Дэлхийг сайнаар өөрчлөх хамтын хүчний нэг хэсэг байгаач гэж би урьж байна. Бидний гэрээт үүрэг бол тохинуулах, сульдсан гарыг дээш өргөх, зүдэрч буй хүмүүсийг нуруун дээрээ үүрээд явах билээ. Юу хийхээ мэдэх нь тийм ч төвөгтэй биш, харин энэ нь бидний амиа бодсон ашиг сонирхолтой тэрсэлддэг болохоор бид хичээх хэрэгтэй болдог. Энэ Сүмийн эмэгтэйчүүд нийгмийг өөрчлөх хязгааргүй хүч чадалтай. Бид сэтгэл нэгтэй байхыг эрэлхийлэхдээ өөрсдөө бүрэн хүчин чармайлт гаргахын тулд Бурханы хүчийг дуудах болно гэдэгт би сүнслэг итгэлээр дүүрэн байна.

Сүмийг 1978 оны санваарын тухай илчлэлтийг дурсан тэмдэглэх үед ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Би үүнийг сонсож байгаа хүн бүрийг аливаа гадуурхлын ачаанаасаа салж, Бурхантай болон бие биетэйгээ төгс амар амгалан, эв нэгдэлд алхах болтугай хэмээн өөрийн залбирал болон адислалаа үлдээе” 10 хэмээн хүчирхэг бошиглогдсон адислалыг өгсөн.

Бид энэхүү бошиглогдсон адислалд тулгуурлан, дэлхий дахины эв нэгдлийг нэмэгдүүлэхэд өөрсдийн болон хамтын хүчин чармайлтаа ашиглах болно. Би Их Эзэн Есүс Христийн даруухан бөгөөд үүрдийн залбирлын үгсээр гэрчлэлээ үлдээж байна. “Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгд нэг байхын тулд билээ.” 11 Есүс Христийн нэрээр, амен.