Судрууд
Мормоны Ном


Иаковын НомНИФАЙН ДҮҮ

Бүлэг 5

Иаков таримал болон зэрлэг чидуны моддын ёгтлолтой холбож Зиносоос иш татав—Тэдгээр нь Израил болон харийнхантай адилтгагдсан аж–-Израилын тараагдалт мөн цугларалт зөгнөгдөв—Нифайчууд болон леменчүүд мөн бүх Израилын угсааг ёгтлон хэлсэн ажгуу—Харийнхан Израилд залгагдах болно—Эцэст нь жимсний талбай шатаагдах болно. Ойролцоогоор мэө 544–421 он.

1Болгоогтун, ах дүү нар минь, Израилын угсаанд түүний ярьсан бошиглогч Зиносын үгсийг уншсанаа та нар санахгүй байна уу, өгүүлсэн нь:

2Анхаарагтун, Ай Израилын угсаа та нар, мөн Их Эзэний бошиглогч, миний үгсийг сонс.

3Учир нь болгоогтун, Их Эзэн ийн хэлжээ, Ай Израилын угсаа, би чамайг усан үзмийн талбайдаа нэгэн хүний авч арчилсан, чидуны таримал модтой адилтгана; мөн энэ нь ургаж, мөн өтлөөд, мөн өмхөрч эхэлсэн буюу.

4Мөнхүү улиран тохиох дор талбайн эзэн гарч, мөн тэрээр чидуны мод өмхөрч эхэлснийг харав; мөн тэрээр хэлэв: энэ нь залуу болон туяхан мөчрүүдийг гаргаж, мөн үхэхгүй байж болохын тулд би үүнийг тайрч, мөн эргэн тойронд нь сийрүүлж, мөн үүнийг арчилна.

5Мөнхүү улиран тохиох дор тэр өөрийн үгийн дагуу үүнийг тайрч, мөн эргэн тойрныг нь сийрүүлж, мөн арчилсан аж.

6Мөнхүү улиран тохиох дор олон өдрийн дараа энэ нь бага зэрэг цөөн хэдэн, залуу бас туяхан мөчрүүдийг гаргаж эхлэв; гэвч болгоогтун, үүний гол үхэж эхлэв.

7Мөнхүү улиран тохиох дор талбайн эзэн үүнийг хараад, мөн тэрээр зарцдаа: би энэ модыг алдах ёстой болсон нь намайг гонсойлгож байна; иймийн тул, яваад мөн зэрлэг чидуны модноос мөчрүүдийг нь тайрч мөн тэдгээрийг нааш авчир, мөн бид эдгээр хувхайрч эхэлсэн тэр гол мөчрүүдийг тасдаж авна, мөн бид эдгээр нь шатаагдаж болохын тулд эдгээрийг галд хаях болно.

8Мөн болгоогтун, талбайн Эзэн хэлэв, би эдгээр залуу бөгөөд туяхан мөчрүүдээс олныг нь салган авч мөн эднийг хүссэн газартаа залган суулгах болно; мөн энэ модны үндэс эрсдэх нь хамаагүй, би үр жимсийг нь өөртөө хадгалан үлдээж болно; иймийн тул, би эдгээр залуу мөн туяхан мөчрүүдийг авах болно, мөн би эдгээрийг хүссэн газраа залгах болно.

9Чи зэрлэг чидуны модны мөчрүүдийг ав, мөн тэднийг эдний оронд байранд нь залга; мөн эдгээр нь миний талбайд зай эзлэхгүй байхын тулд би тасдаж авсныгаа галд хаяж мөн шатаах болно.

10Мөнхүү улиран тохиох дор талбайн Эзэний зарц, талбайн Эзэний үгийн дагуу үйлдэж, мөн зэрлэг чидуны модны мөчрүүдийг залган суулгав.

11Мөн талбайн Эзэн орчныг нь сийрүүлж, мөн засаж тайраад, мөн арчил хэмээгээд зарцдаа хэлсэн нь: Би энэ модыг алдах нь намайг гонсойлгоно; иймийн тул, эдгээр нь мөхөхгүй байж, би түүний үндсүүдийг хадгалан үлдээж болно хэмээн, би эдгээрийг өөртөө хадгалан үлдээж болох магад хэмээн би энэ зүйлийг хийсэн бөлгөө.

12Иймийн тул, замаараа одогтун; миний үгсийн дагуу модыг харагтун, мөн үүнийг арчлагтун.

13Мөн эдгээрийг би талбайнхаа хамгийн алсын хэсэгт хүссэн газраа байрлуулна, хаана гэдэг нь чамд хамаагүй; мөн би модны унаган мөчрүүдийг өөртөө хадгалан үлдээж болохын тулд би үүнийг хийнэ; мөн түүнчлэн, би өөртөө эдгээрийн үр жимсийг ирэх улиралд нөөцөлж болохын тулд хэмээв; учир нь би энэ модыг мөн үүний үр жимсийг алдах болсон нь намайг гонсойлгох бөлгөө.

14Мөнхүү улиран тохиох дор талбайн Эзэн замаараа явж, мөн талбайн алсын хэсгүүдэд таримал чидуны модны унаган мөчрүүдийг, өөрийн таалал мөн хүслийн дагуу заримыг нь нэгэнд мөн заримыг нь нөгөөд нууцалсан болой.

15Мөнхүү улиран тохиох дор урт хугацаа өнгөрөн одож, мөн талбайн Эзэн зарцдаа: Ир, бид талбайд хөдөлмөрлөж болохын тулд, талбай уруу явцгаая хэмээв.

16Мөнхүү улиран тохиох дор талбайн Эзэн, мөн түүнчлэн сайхь зарц хөдөлмөрлөхөөр талбай уруу явцгаав. Мөнхүү улиран тохиох дор зарц эзэндээ: Болгоогтун, үүнийг хараач; модыг болгоо хэмээв.

17Мөнхүү улиран тохиох дор талбайн Эзэн зэрлэг чидуны мөчрүүд залгагдсан мөнөөх модыг үзэж мөн болгоов; мөн энэ нь нахиалан үр жимс өгч эхэлсэн байв. Мөн энэ нь сайн байсныг тэрээр болгоов; мөн жимс нь унаган жимсний адил байсан бөлгөө.

18Мөн тэрээр зарцдаа хэлэв: Болгоогтун, зэрлэг модны мөчрүүд үндэснээсээ чийг авсан тул үндэс нь их хүч гаргажээ; мөн тэдний үндэс нь их хүчирхэг учир зэрлэг мөчрүүд таримал жимс авчирсан ажээ. Эдүгээ, хэрэв бид эдгээр мөчрүүдийг залгаагүй байсан бол, тэр мод үхэх байсан. Мөн эдүгээ, болгоогтун, би уг модны авчирсан тэр их жимсийг хадгалах болно; мөн түүний жимсийг би өөртөө улирлын тулд нөөцлөх болно хэмээв.

19Мөнхүү улиран тохиох дор талбайн Эзэн зарцад: Ирэгтүн, талбайн алсын хэсэг тийш явцгаая, мөн би үүний жимсийг дараагийн улиралд өөртөө нөөцөлж болохын тулд уг модны унаган мөчрүүд түүнчлэн их жимс өгсөн эсэхийг үзэцгээе гэв.

20Мөнхүү улиран тохиох дор тэд явж эзэн уг модны унаган мөчрүүдийг нуусан тийш очиж мөн тэрээр зарцдаа: Эдгээрийг болгоогтун гэв; мөн тэр эхлээд анхных нь их үр жимс өгснийг үзэв; мөн түүнчлэн энэ нь сайн байсныг үзэв. Мөн тэрээр зарцад: Үүний жимсийг түү, мөн үүнийг би өөртөө хадгалахын тулд улиралд нь зориулан нөөцөл гэв; учир нь болгоогтун, тэрээр хэлрүүн, энэ удаан хугацаанд би үүнийг арчилсан, мөн энэ нь их үр жимс өглөө гэв.

21Мөнхүү улиран тохиох дор зарц эзэндээ: Та энэ модыг, өөрөөр хэлбэл уг модны энэ мөчрийг тарихаар энд яахан ирсэн билээ? Учир нь болгоогтун, энэ нь таны талбайн бүх газраас хамгийн шимгүй хэсэг нь байсан хэмээв.

22Мөн талбайн Эзэн түүнд, надад битгий зөвлө; энэ нь газрын шимгүй нь байсныг би мэдэж байсан; иймийн тул, би чамд хэлсэн, би үүнийг ийм удаан хугацаанд арчилсан, мөн чи энэ нь их үр жимс өгснийг харж байна шүү дээ хэмээв.

23Мөнхүү улиран тохиох дор талбайн Эзэн зарцдаа: Нааш харагтун; би түүнчлэн уг модны өөр нэгэн мөчрийг тарьсныг үз; мөн газрын энэ хэсэг нь эхнийхээс илүү шимгүй байсныг чи мэднэ. Гэвч, модыг үзэгтүн. Би үүнийг ийм удаан хугацаанд арчилсан, мөн энэ нь их үр жимс өглөө; тиймийн тул, үүнийг хурааж мөн би үүнийг өөртөө хадгалж болохын тулд улиралд нь нөөцөл хэмээв.

24Мөнхүү улиран тохиох дор талбайн Эзэн зарцдаа дахин хэлэв: Нааш харагтун, мөн түүнчлэн миний тарьсан, өөр нэгэн мөчрийг үзэгтүн; би үүнийг түүнчлэн арчилсныг, мөн энэ нь үр жимс гаргасныг үзэгтүн.

25Мөн тэрээр зарцад: Нааш харагтун мөн эцсийнхийг нь үзэгтүн. Болгоогтун, үүнийг би газрын сайн хэсэгт тарьсан; мөн би үүнийг энэ урт хугацаанд арчилсан, мөн уг модны зөвхөн хэсэг нь л таримал жимс өгч мөн уг модны бусад хэсэг нь зэрлэг жимс өгчээ; болгоогтун, би энэ модыг бусдын адил арчилсан хэмээв.

26Мөнхүү улиран тохиох дор талбайн Эзэн зарцад: сайн жимс өгөөгүй мөчрүүдийг тайрагтун, мөн тэднийг галд хаягтун хэмээв.

27Гэвч болгоогтун, зарц түүнд хэлэв: Энэ нь танд сайн үр жимс өгч, та үүнийг улиралд нь зориулан нөөцөлж магадгүй учир үүнийг тайрч, мөн орчныг нь сийрүүлж, мөн үүнийг бага зэрэг дахин арчилцгаая.

28Мөнхүү улиран тохиох дор талбайн Эзэн, мөн талбайн Эзэний зарц талбайн бүх жимсийг арчилсан бөлгөө.

29Мөнхүү улиран тохиох дор урт хугацаа улиран одов, мөн талбайн Эзэн зарцдаа: Ирэгтүн, бид талбайд дахин хөдөлмөрлөж болохын тулд талбай уруу очицгооё. Учир нь болгоогтун, цаг нь ойртож, мөн төгсгөл удахгүй ирнэ, иймийн тул, би өөртөө зориулж улирлынх нь тулд жимс нөөцлөх ёстой хэмээв.

30Мөнхүү улиран тохиох дор талбайн Эзэн мөн зарц талбайд уруудан ирэв; мөн тэд унаган мөчрүүд нь хугалагдсан мөн зэрлэг мөчрүүд залгагдсан тэрхүү модонд ирэв; мөн болгоогтун, бүх төрлийн жимс уг модыг бөхийлгөсөн байв.

31Мөнхүү улиран тохиох дор талбайн Эзэн жимснээс амсаж үзэв, төрөл бүрийнх нь тоогоор болой. Мөн талбайн Эзэн хэлэв: Болгоогтун, энэ урт хугацаанд энэ модыг бид арчилсан, мөн би өөртөө улиралд нь зориулан их жимс нөөцөлсөн болой хэмээв.

32Гэвч болгоогтун, энэ удаа энэ нь их жимс өгсөн байв, мөн тэнд нэгээхэн ч сайн нь үгүй бөлгөө. Мөн болгоогтун, муу жимсний бүх төрлүүд байв; бидний бүх хөдөлмөрөөс үл хамааран, мөн надад ямар ч ашгийг үл өгөв, мөн эдүгээ би энэ модыг алдах нь намайг гонсойлгож байна.

33Мөн талбайн Эзэн зарцад: Би дахин үүний сайн үр жимсийг өөртөө авч болохын тулд, бид уг модонд юу хийх билээ? хэмээв.

34Мөн зарц Эзэндээ: Болгоогтун, эдгээрийн үндсүүдийг арчлахын тулд та чидуны зэрлэг модны мөчрүүдийг залгасан учир, эдгээр нь амьд мөн эдгээр нь эрсдээгүй байна; иймийн тул эдгээр нь одоохондоо сайн хэвээр байгааг та болгоож байна хэмээв.

35Мөнхүү улиран тохиох дор талбайн Эзэн зарцдаа: Энэ мод надад ямар ч ашиггүй, мөн энэ нь олиггүй муу жимс өгөх аваас мөн түүний үндэс ч надад ашиггүй хэмээв.

36Гэсэн хэдий ч, үндсүүд нь сайн гэдгийг би мэднэ, мөн өөрийнхөө зорилгын тулд би эдгээрийг хадгалсан бөлгөө; мөн эдний их хүчний учир тэдгээр нь өмнө нь зэрлэг мөчрүүдээс сайн үр жимс өгсөн бөлгөө.

37Гэвч болгоогтун, зэрлэг мөчрүүд ургаж мөн түүний үндэснүүдийн хэрээс хэтэрчээ; мөн зэрлэг мөчрүүд үндсээ давж гарсан учир энэ нь олиггүй муу жимс ихээр өгчээ; мөн энэ нь маш ихээр муу үр жимс авчирсны учир энэ нь үхэж эхэлснийг та болгоож буй; мөн бид үүнийг хадгалахаар үүний төлөө ямар нэгэн зүйл хийхгүй бол, энэ нь удахгүй боловсрон галд хаягдаж магадгүй болжээ.

38Мөнхүү улиран тохиох дор талбайн Эзэн зарцдаа: Талбайн хамгийн алсын хэсгүүдэд уруудан очицгооё, мөн унаган мөчрүүд түүнчлэн олиггүй муу үр жимс өгсөн эсэхийг үзье хэмээв.

39Мөнхүү улиран тохиох дор тэд талбайн хамгийн алсын хэсгүүдэд уруудан очицгоов. Мөнхүү улиран тохиох дор унаган мөчрүүд ч гэсэн түүнчлэн өмхөрсөн байхыг тэд харав; тийм ээ, эхнийх мөн дараагийнх мөн түүнчлэн эцсийнх нь; мөн тэдгээр нь бүгд өмх болсон байв.

40Мөн эцсийнх нь зэрлэг жимс нь модны сайн үр авчирсан тэр хэсгийг, бүр уг мөчрийг өгөрч мөн үхмэл болтол нь давамгайлсан байлаа.

41Мөнхүү улиран тохиох дор талбайн Эзэн уйлж, мөн зарцдаа: Талбайнхаа төлөө би өөр юу хийж чадах сан билээ? гэв.

42Болгоогтун, талбайн эдгээрээс бусад бүх үр жимс, өмхөрч муудсаныг би мэдэв. Мөн эдүгээ сайн үр жимс нэгэнтээ өгсөн тэдгээр нь түүнчлэн өмхөрч муудсан ажээ; мөн эдүгээ миний талбайн бүх мод тас цавчаад галд хаяхаас өөрөөр юунд ч хэрэггүй болжээ.

43Мөн би газрын сайн хэсэгт тарьсан ч мөчир нь өмхөрч муудсан энэ эцсийнхийг тийм ээ, бүр миний талбайн газрын бусад бүх хэсгээс дээгүүрт сонгогдсон үүнийг үзэгтүн.

44Мөн би энэ модыг оронд нь тарьж болохын тулд газрын энэ хэсэгт байсан саад болох зүйлийг би түүнчлэн тайрч хаясныг чи харсан шүү дээ.

45Мөн үүний нэг хэсэг нь сайн үр жимс өгч мөн нөгөө хэсэг нь зэрлэг үр жимс өгснийг чи харсан; мөн би үүний мөчрүүдийг тасдан авч мөн галд хаяагүйн учир, болгоогтун, тэд гээр нь сайн мөчрийг даван гарсан учир энэ нь хатсан ажгуу.

46Мөн эдүгээ, болгоогтун, бидний талбайд минь зориулсан тэр бүх арчилгаанаас үл хамааран үүний модод өмхөрсөн учир тэд сайн үр жимс өгөхгүй болжээ; мөн би эдгээрийг хадгалж, өөртөө зориулан улиралд нь үр жимсийг нь нөөцөлж болно гэж найдсан бөлгөө. Гэвч, болгоогтун, эдгээр нь зэрлэг чидуны модтой адил болж мөн эдгээрийг тас цавчаад мөн галд хаяхаас өөрөөр тусгүй болжээ; мөн би эдгээрнийг алдах болсон нь намайг гонсойлгож байна.

47Гэвч талбайдаа би өөр юу хийж чадах байсан билээ? Би үүнийг арчлахгүйн тулд гараа амраасан гэж үү? Үгүй, би үүнийг арчилсан, мөн орчныг нь сийрүүлсэн, мөн би үүнийг тайрсан, бас би үүнийг бордсон; мөн бараг л бүх өдрийн турш би гараа сунгаж байсан, мөн төгсгөл ойртож байна. Тэгээд талбайнхаа бүх моддыг тас цавчиж, мөн эдгээрийг шатаагдахын тулд галд хаях нь, энэ нь намайг гонсойлгож байна. Миний талбайг хэрэгцээгүй болгох тэр нь хэн билээ

48Мөнхүү улиран тохиох дор зарц эзэндээ: Энэ нь таны талбайн сүрлэгээс бус уу—үүний мөчрүүд тэр сайн үндсүүдээ давсан бус уу? Мөн мөчрүүд нь үндсүүдээ давамгайлсны учир болгоогтун, тэд гээр нь үндэснүүдээс илүүтэй хурдан ургаж, өөрсдөдөө хүч чадлыг авчээ гэв. Болгоогтун, би хэлнэ, энэ нь таны талбайн модод өмхөрч байгаагийн шалтгаан уу

49Мөнхүү улиран тохиох дор талбайн Эзэн зарцад хэлэв: Явж мөн талбайн модыг тас цавчицгаая, мөн тэдгээр нь талбайн минь хөрсийг хэрэгцээгүй болгохгүйн тулд тэдгээрийг галд хаяцгаая, учир нь би бүгдийг хийсэн шүү дээ. Би талбайнхаа төлөө өөр юу хийж чадах байсан билээ

50Гэвч, болгоогтун, зарц талбайн Эзэнд: Үүнийг дахин бага зэрэг түдгэлзээч хэмээв.

51Мөн Эзэн хэлэв: Тийм ээ, би дахин бага зэрэг хүлээе, учир нь талбайнхаа моддыг алдах нь намайг гонсойлгож байна.

52Иймийн тул, талбайнхаа хамгийн алслагдсан хэсгүүдэд миний тарьсан эдгээрийн мөчрүүдээс авцгаая, мөн эдгээрийг авчирсан тэр модондоо залгацгаая; мөн жимс нь хамгийн гашуун мөчрүүдийг модноос нь тайрч авъя, мөн тэдгээрийн оронд модны унаган мөчрүүдийг залгая.

53Мөн үүнийг би уг модыг эрсдүүлэхгүй байж болохын тул хийх болно, магадгүй, би үүний үндсүүдийг өөрийнхөө зорилгын тулд өөртөө хадгалж болохын тулд буюу.

54Мөн, болгоогтун, хүссэн газартаа тарьсан тэр модны унаган мөчрүүдийн үндсүүд одоохондоо амьд байгаа; иймийн тул, тэдгээрийг би түүнчлэн миний өөрийнхөө зорилгын төлөө хадгалж болохын тулд, би энэ модны мөчрүүдийг тайрч мөн эднийг тэдгээрт залгах болно. Тийм ээ, тэдгээр нь хангалттай хүчтэй болохоороо надад сайн жимс өгч магадгүйн тул, мөн би талбайнхаа үр жимсэнд сүр жавхлантай байхын тулд, би түүнчлэн өөртөө уг үндсүүдийг ч хадгалж болохын тулд би тэдгээрт өөрсдийнх нь эх модны мөчрүүдийг залгах болно.

55Мөнхүү улиран тохиох дор зэрлэг болсон унаган модноос тэд авч мөн түүнчлэн зэрлэг болсон унаган моднуудад залгав.

56Мөн тэд түүнчлэн зэрлэг болсон унаган моддоос авч мөн тэдгээрийн эх модонд нь залгасан ажээ.

57Мөн талбайн Эзэн зарцдаа: Уг модноос тэдгээр нь хамгийн гашуун биш аваас зэрлэг мөчрүүдийг бүү тайр; мөн миний хэлсний дагуу чи тэдгээрт залгах болно хэмээв.

58Мөн бид талбайн моддыг дахин арчлах болно, мөн бид үүний мөчрүүдийг тайрах болно; мөн үхэх ёстой, өгөрсөн мөчрүүдийг уг моднуудаас бид таслан авч, мөн тэдгээрийг галд хаях болно.

59Мөн түүний үндсүүд сайныхаа учир хүчийг авч магадгүйн учир би үүнийг хийх болно; мөн мөчрүүдийг сольсны учир сайн нь муугаа давамгайлж магадгүйн тулд буюу.

60Мөн би унаган мөчрүүд мөн тэдгээрийн үндсүүдийг хадгалсан учир, мөн би унаган мөчрүүдийг тэдний эх модонд дахин залгасан учир, мөн талбайнхаа уг модод дахин сайн үр жимс авчирч магад хэмээх тул эх модных нь үндсүүдийг хадгалж үлдээв; мөн би талбайнхаа үр жимсэнд дахин баясаж болохын тулд би анхны үр жимсний үндсүүдийг мөн мөчрүүдийг хадгалсандаа үлэмж баясаж болохын тулд буюу—

61Иймийн тул, би унаган үр жимсийг, сайн мөн бусад бүх жимснээс хамгийн эрхэм унаган үр жимсийг авчирч болох замыг бэлтгэж болно хэмээн бид талбайд өөрсдийн хүчээр шаргуу хөдөлмөрлөж болохын тулд очиж зарц нарыг дуудагтун.

62Иймийн тул, энэхүү эцсийн удаа бид очиж мөн чадлаараа хөдөлмөрлөцгөөе, учир нь болгоогтун, төгсгөл ойртож буй, мөн энэ нь би талбайгаа засаж тайрах эцсийн удаа болой.

63Мөчрүүдийг залгагтун; тэд эхнийх байж, мөн эхнийх нь эцсийнх байж болохын тулд эцсийнх дээр нь эхлэгтүн, мөн моддын эргэн тойрныг хөгшин болон залуу, эхний болон эцсийнх аль алиныг нь сийрэгжүүл; мөн эцсийнх болон эхнийх нь дахин нэгэнтээ эцсийн удаа арчлагдаж болохын тулд буюу.

64Иймийн тул, тэдгээрийн орчныг сийрүүл, мөн тэдгээрийг тайрч зас, мөн тэдгээрийг дахин нэгэнтээ эцсийн удаа борд, учир нь төгсгөл ойртож буй. Мөн хэрэв эдгээр эцсийн залгалтууд ургаж мөн унаган үр жимс өгөх аваас, тэдгээр нь ургаж болохын тулд та нар тэдгээрт замыг бэлтгэх болно.

65Мөн тэдгээр нь ургаж эхлэхээр сайны хүч мөн үүний хэмжээний дагуу та нар гашуун үр жимс өгөх мөчрүүдийг цэвэрлэн зайлуулах болно; мөн үүний үндсүүд залгагдсандаа дэндүү хүчирхэг болж, мөн тэдгээрийг мөхөөж, мөн би талбайнхаа моддыг алдах болуузай хэмээн та нар үүний мууг бүгдийг нэгмөсөн цэвэрлэн зайлуулахгүй.

66Учир нь талбайнхаа моддыг алдах нь намайг гонсойлгож байна; иймийн тул, үндэс болон дээд хэсэг нь адил хүчтэй байхын тулд та нар сайныг ургуулахын хамтаар сайн нь муугаа давамгайлж мөн тэд талбайн минь хөрсийг хэрэгцээгүй болгохгүйн тул муу нь тас цавчигдан мөн галд хаягдах болтол буюу мууг зайлуулан цэвэрлэх болно; мөн тийн би мууг талбайгаасаа гарган шүүрдэж зайлуулах болно.

67Мөн би унаган модны мөчрүүдийг дахин унаган модонд нь залгах болно;

68Мөн унаган модны мөчрүүдийг би дахин модны унаган мөчрүүдэд нь залгах болно; мөн тийн тэд унаган үр жимс өгөхийн тулд би тэдгээрийг дахин хамтатгаж, мөн тэдгээр нь нэг байх болно.

69Мөн муу нь, тийм ээ, бүр миний талбайн бүх нутаг дэвсгэрээс зайлуулагдах болно; учир нь болгоогтун, зөвхөн энэ нэг л удаа би талбайгаа тайрч засах болно.

70Мөнхүү улиран тохиох дор талбайн Эзэн зарцаа илгээв; мөн зарц явж мөн Эзэн түүнд зарлигласанчлангаар үйлдэв, мөн бусад зарц нарыг авчрав; мөн тэд цөөн байлаа.

71Мөн талбайн Эзэн тэдэнд: Яв, мөн өөрсдийн хүчээр талбайд хөдөлмөрлө. Учир нь болгоогтун, энэ бол би талбайгаа эцсийн удаа арчлах болно; учир нь төгсгөл ойрхон байна, мөн улирал нь хурдан ирэх бөлгөө; мөн хэрэв та нар өөрсдийн хүчээр надтай хамт хөдөлмөрлөх бөгөөс удахгүй ирэх тэр цагт зориулж би өөртөө нөөцлөх жимсэнд та нар баясах болно гэв.

72Мөнхүү улиран тохиох дор зарц нар явж мөн хүч чадлаараа хөдөлмөрлөв; мөн талбайн Эзэн тэдэнтэй түүнчлэн хөдөлмөрлөжээ; мөн тэд талбайн Эзэний зарлигуудыг бүх зүйлд дуулгавартай дагасан болой.

73Мөн талбайд дахин унаган жимс нь бий болж эхлэв; мөн унаган мөчрүүд нь ургаж бас үлэмж өтгөрч эхлэв; мөн зэрлэг мөчрүүд тайрагдаж басхүү зайлуулагдаж эхлэв; мөн тэд үндэс болон үүний дээд хэсгийг хүчнийх нь дагуу адил тэгш байлгасан бөлгөө.

74Мөн тэд ийн бүхий л идэвхээрээ, талбайн Эзэний зарлигуудын дагуу, бүр муу нь талбайгаас зайлуулагдтал хөдөлмөрлөв, мөн Эзэн моддын дахин өгч эхэлсэн унаган жимсийг өөртөө хадгалсан болой; мөн тэдгээр нь нэгэн биеийн адил болов; мөн үр жимс нь адил тэгш болов; мөн талбайн Эзэн түүнд эхлэлээс аваад хамгаас үлэмж эрхэм байсан унаган жимсийг өөртөө хадгалсан бөлгөө.

75Мөнхүү улиран тохиох дор талбайн Эзэн өөрийнх нь жимс сайн байсныг харж мөн түүний талбай дахин муудаагүй байгааг харж тэрээр зарц нараа дуудаж мөн тэдэнд хэлэв: Болгоогтун, учир нь энэ эцсийн удаа бид талбайг минь арчилсан билээ; мөн би тааллынхаа дагуу үйлдсэнийг та нар харлаа; мөн би бүр унаган жимсийг хадгалсан тул тэр нь сайн байна, бүр эхлэлд байсны адил бөлгөө. Мөн та нар адислагдсан болой; учир нь та нар надтай хамт миний талбайд шаргуугаар хөдөлмөрлөж байлаа, мөн миний зарлигуудыг дагасан, мөн талбай минь дахин муудаагүйн учир, надад унаган жимсийг дахин авчирлаа, мөн муу нь зайлуулагдсан, болгоогтун та нар надтай хамт талбайн минь үр жимсний учир баясах болно.

76Учир нь болгоогтун, хурдан ирэх тэр улиралд зориулж би өөртөө талбайнхаа жимсийг удаан хугацаанд нөөцлөх болно; мөн би талбайгаа эцсийн удаа арчилсан мөн үүнийг тайрч зассан, мөн орчныг нь сийрэгжүүлсэн, мөн үүнийг бордсон билээ; иймийн тул, би ярьсныхаа дагуу, удаан хугацаагаар уг жимснээс өөртөө нөөцлөх болно.

77Мөн олиггүй жимс талбайд минь дахин ирэх цаг болоход би сайныг бас мууг нь цуглуулах болно; мөн сайныг нь би өөртөө хадгалах болно, мөн мууг нь би үүнийг өөрийнх нь байранд нь зайлуулах болно. Мөн тэгээд улирал бас төгсгөл ирнэ; мөн талбайгаа би галд шатаагдахаар болгоно.