Ерөнхий чуулган
Бурхан төсөөлөхийн аргагүй зүйлийг хийх болно
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Бурхан төсөөлөхийн аргагүй зүйлийг хийх болно

Бурхан Өөрийн хүүхдүүдийг болон Өөрийн Сүмийг энэ цаг үед зориулан бэлтгэсэн.

Хожмын үеийн гэгээнтнүүд Солт Лэйкийн хөндийд ирээд удаагүй байхдаа ариун сүм барьж эхэлжээ. Тэд одоо л нэг Бурханыг амар тайван, хавчлага дарамтгүй шүтэн биширч болох газраа оллоо гэж бодсон байх.

Гэтэл ариун сүмийн сууриа яг тавьж дуусах гэж байхад нь Нэгдсэн Улсын армийн цэргүүд шинэ захирагчаа хүчээр томилохоор ойрхон ирж байв.

Энэ армийг хэр их хор хохирол учруулахыг Сүмийн удирдагчид мэдэхгүй байсан тул Бригам Янг гэгээнтнүүдийг нүүлгэн шилжүүлж, ариун сүмийн суурийг булах заавар өгчээ.

Сүмийн зарим гишүүн Бурханы хаант улсыг барих оролдлогууд нь яагаад байнга тасалддагт гайхаж байсан нь гарцаагүй.

Эцэст нь аюул ард үлдэж, ариун сүмийн суурийг ухаж гарган, шалгаж үзэв. Тэгээд анхдагч барилгачид анхны элсэн чулуунуудын зарим нь цуурч, суурь болох боломжгүй болсныг тогтоов.

Ингээд Бригам тэднээр суурийг засуулж, энэ нь сүр жавхлант Солт Лэйк ариун сүмийн боржин чулуун1 ханануудыг хангалттай хэмжээнд дэмжиж чадахаар болжээ.2 Эцэст нь, гэгээнтнүүд “Бат бөх суурь”3 дууллыг дуулах боломжтой болж, ариун сүм нь олон үе дамжин уламжлах бат бөх суурин дээр баригдсаныг мэддэг болсон.

Зураг
Солт Лэйк ариун сүмийн суурь

Энэ түүх бидэнд Бурхан Өөрийн зорилгуудыг улируулан тохиолгохын тулд хэрхэн саад бэрхшээлийг ашигладаг талаар зааж чадна.

Дэлхий нийтийн цар тахал

Хэрэв өнөө үед бидэнд тохиолдож байгаа нөхцөл байдлууд танил сонсогдож байгаа бол энэ бүхэн бүх хүнд тохиолдож байгаагийнх юм.

Миний үгийг сонсож эсвэл уншиж байгаа хүмүүсээс дэлхий дахины энэ цар тахлын нөлөөнд ороогүй хүн бараг үгүй байх.

Гэр бүл, найз нөхдөө алдсандаа гашуудаж буй хүмүүст хандаж хэлэхэд бид та бүхэнтэй хамт гашууддаг. Бид Тэнгэрлэг Эцэгээс та нарыг тайтгаруулж, тайвшруулахыг гуйдаг.

Энэ вирусийн урт хугацааны үр дагавар нь зөвхөн эрүүл мэндээр зогсохгүй. Олон гэр бүл амин зуулгагүй болж, тэднийг өлсгөлөн, тодорхойгүй байдал, айдас заналхийлж байна. Энэ өвчнийг тархахаас урьдчилан сэргийлэхэд өөрсдийгөө үл хайхран хүчин зүтгэж байгаа олон хүнээр бид бахархдаг. Гачигдалтай хүмүүст тусалж, эдгээж мөн дэмжихийн тулд өөрсдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулж буй хүмүүсийн чимээгүй золиос, ариун нандин хичээл зүтгэлийн тухай сонсоод, бид даруусаж байна. Бидний зүрх сэтгэл та бүхний сайн сайхан, нигүүлсэлд талархах талархлаар дүүрэн байна.

Бурхан тэнгэрийн цонхыг нээж, мөнхийн адислалуудаараа амьдралыг тань дүүргээсэй хэмээн бид чин сэтгэлээсээ залбирч байна.

Бид үр билээ

Энэ вирусийн талаар тодорхойгүй зүйл олон байна. Гэвч энэ вирус Тэнгэрлэг Эцэгт гэнэтийн зүйл байгаагүй гэдгийг би лавтай мэднэ. Түүнд тэнгэр элч нарын нэмэлт батальон байгуулах, яаралтай хурал зарлах эсвэл гэнэтийн хэрэгцээг шийдэхийн тулд дэлхийн бүтээлтийн хэлтсээс нөөц шилжүүлэн авах шаардлага тулгараагүй.

Хэдийгээр энэ цар тахал бидний хүсэн хүлээсэн зүйл биш ч Бурхан Өөрийн хүүхдүүдийг болон Өөрийн Сүмийг энэ цаг үед зориулан бэлтгэсэн байсан тухай би өнөөдөр ярина.

Бид үүнийг тэвчин гарна аа, тийм ээ. Гэвч бид зүгээр л шүд зуун, тэвчихээс мөн бүх зүйл эргээд хэвэндээ ортол хүлээж суухаас илүү ихийг хийх болно. Бид урагшилж, үр дүнд нь илүү сайжрах болно.

Нэг талаараа бид бол үр юм. Үр ургаж гүйцэхийн тулд соёолохоосоо өмнө газар доор булагдах ёстой. Заримдаа бидэнд амьдралын сорилт бэрхшээлд нухлагдан, сэтгэл санааны харанхуйд автагдах үе байдаг ч Бурханы хайр болон Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний адислалууд төсөөлөхийн аргагүй ямар нэг зүйлийг дэлбээлүүлэх болно гэдгийг би гэрчилж байна.

Хүнд хэцүү сорилтоос адислал ирдэг

Эрин үе бүрд сорилтын болоод хүнд хэцүү цаг үе тулгарч байсан.

Енох болон түүний хүмүүс ёс бус, дайн дажин, цус урсгасан цаг үед амьдарч байсан. “Гэвч Их Эзэн ирж мөн өөрийн хүмүүстэй хамт оршин сууж байв,” Түүнд тэдэнд зориулсан төсөөлөхийн аргагүй ямар нэгэн зүйл байв. Тэр тэдэнд Сионыг—“зөв шударга ёсонд оршин суудаг, нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай”4 хүмүүсийг байгуулахад тусалсан.

Иаковын хүү залуу Иосеф нүхэнд шидэгдэж, боолчлолд худалдагдаж, урвалттай нүүр тулж, хаягдан үлдсэн юм.5 Бурхан өөрийг нь мартсан юм болов уу гэж Иосеф бодож байсан байх. Иосефт зориулсан төсөөлөхийн аргагүй ямар нэгэн зүйл Бурханд байв. Тэрээр энэ сорилтын цаг үеийг Иосефын зан чанарыг хүчирхэгжүүлэхдээ ашиглаж, түүнийг гэр бүлээ аврах албан тушаал дээр тавьсан.6

Зураг
Иосеф Либерти шоронд

Бошиглогч Иосеф Смит Либертийн шоронд хоригдож байхдаа, зовж буй гэгээнтнүүдийг тайтгаруулахын төлөө хэрхэн гуйж байсныг санацгаая. Тэрээр Сион яаж ийм нөхцөлд байгуулагдах юм бол гэж гайхаж байсан байх. Гэвч Их Эзэн түүнд амар амгаланд ярьж, үүний дараа ирсэн гайхамшигт илчлэлт гэгээнтнүүдэд амар амгаланг авчирсан бөгөөд энэ нь одоо ч гэсэн та бидэнд амар амгаланг авчирсаар байна.7

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн эхний хэдэн жилд гэгээнтнүүд хэчнээн удаан цөхөрч, Бурхан өөрсдийг нь мартсан эсэхэд эргэлзэж байсан бол? Гэвч хавчлага дарамт, аюул, устгах аюулаар дамжуулан Израилын Их Эзэн Бурханд, Өөрийн бяцхан сүрэгт зориулсан төсөөлөхийн аргагүй ямар нэгэн зүйл байсан. Төсөөлөхийн аргагүй ямар нэгэн зүйл.

Бид эдгээр болон судрууд дээрх өөр бусад олон зуун жишээнээс юу мэдэж сурч болох вэ?

Нэгдүгээрт: Зөв шударга байдал нь харанхуйн хөндийгөөс зугтах боломжийг тэдэнд олгодог үнэгүй паспорт биш юм. Бид бүгдээрээ хүнд хэцүү цаг үеийг туулах ёстой. Учир нь яг ийм хүнд хэцүү цаг үед бид зан чанараа хүчирхэгжүүлж, Бурханд илүү ойртоход хүргэдэг зарчмуудыг сурч мэддэг.

Хоёрдугаарт: Бидний Тэнгэрлэг Эцэг бидний зовж шаналж байгааг мэддэг бөгөөд бид Түүний хүүхдүүд учраас Тэр биднийг орхихгүй.8

Өвчтэй, ганцаардсан, эргэлзэж тээнэгэлзсэн, цөхрөнгөө барсан хүмүүст тохинуулахад Өөрийн амьдралыг зориулсан нигүүлсэнгүй Нэгэн болох Аврагчийн талаар бодоод үзээрэй.9 Тэгвэл Тэр өнөөдөр танд санаа тавихгүй гэж үү?

Хүндэт найзууд минь, хайрт ах, эгч нар аа, Бурхан энэ тодорхой бус хийгээд айдас эргэлзээтэй цаг үед та нарыг харж хандаж, та нарыг хариулах болно. Тэр таныг хэн болохыг мэддэг. Тэр та нарын гуйлтуудыг сонсдог. Тэр итгэлтэй, найдвартай билээ. Тэр Өөрийн амлалтуудыг гүйцэлдүүлэх болно.

Бурханд та нарын хувь хүн бүрд болон Сүмд бүхэлд нь зориулсан төсөөлөхийн аргагүй ямар нэгэн гайхамшигтай ажил, гайхалтай зүйл байгаа.

Бурхан минь бошиглогч илгээсэн танд талархъя

Бидний хамгийн сайхан өдрүүд бидний ард үлдээгүй, харин бидний амьдралд тохиох болно. Энэ бол Бурханы бидэнд орчин үед илчлэлт өгдөг шалтгаан юм! Илчлэлтгүй бол амьдрал аюулгүй газардахын тулд хөөрч, буух зурвасаа тойрон эргэлдсээр, мананд өргөгдөхийг хүлээж байгаатай адил байх болно. Их Эзэний бидэнд зориулсан зорилгууд үүнээс хамаагүй өндөр билээ. Энэ нь амьд Христийн Сүм учир, Тэрээр Өөрийн бошиглогчдыг удирддаг учир бид өмнө нь хэзээ ч байж үзээгүй газар, бараг төсөөлж ч чадахгүй өндөр лүү урагшилсаар, ахисаар байгаа билээ!

Энэ нь бид мөнх бус амьдралын замаар нисэх үедээ үймээн самуунтай тулгарахгүй гэсэн үг биш юм. Энэ нь багаж хэрэгслийн гэмтэл, механик эвдрэл, цаг агаарын ноцтой бэрхшээл гэнэт гарахгүй гэсэн үг биш юм. Үнэндээ, эдгээр нь сайжрахаасаа өмнө улам дордож болно.

Би сөнөөгч онгоцны нисгэгч, агаарын тээврийн ахмадын хувьд нислэгийн үеэр тулгарах бэрхшээлийг сонгож чадахгүй ч өөрийгөө хэрхэн бэлдэж, хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ сонгож чадна гэдгээ мэддэг болсон. Хямралын үед хамгийн хэрэгтэй зүйл бол тайван байж, ухаалгаар найдах явдал юм.

Бид үүнийг хэрхэн хийх вэ?

Бид бодит байдалтай эвлэрч, үндсэн суурь, сайн мэдээний үндсэн зарчмууд, хамгийн чухал зүйлс дээр эргэж ирдэг. Та залбирах, судар судлах, Бурханы зарлигуудыг сахих гэх мэт шашны хувийн зан үйлээ бэхжүүлдэг. Та хамгийн сайнаар туршигдсан дадал хэвшил дээр тулгуурлан шийдвэрээ гаргадаг.

Хийж чадахгүй зүйл дээр бус, хийж чадах зүйл дээрээ төвлөр.

Та итгэлээ ашигладаг. Таныг аюулгүй газар луу удирдах Их Эзэний болон Түүний бошиглогчийн удирдамжийн үгсийг та олж сонсох болно.

Энэ бол Есүс Христийн Сүм бөгөөд Түүний удирдлаган доор явагддаг гэдгийг сана.

Зөвхөн сүүлийн арван жилд гарсан сүнслэгээр өдөөгдсөн олон ахиц дэвшлийг бодож үзэцгээе. Зөвхөн цөөн хэдийг дурдахад:

  • Ариун ёслолыг бидний Хүндэтгэлийн өдрийн шүтлэг бишрэлийн гол хэсэг болгон дахин тодотгосон.

  • Ирээд, Намайг дага сургалтын материалыг хувь хүн, гэр бүлүүдийг дэмжих үүднээс гэрт төвлөрсөн, Сүмээс дэмжигдсэн хэрэгсэл болгон гаргасан.

  • Бид хүн бүрд хандсан илүү өндөр, илүү ариун тохинууллын арга замыг эхлүүлсэн.

  • Сайн мэдээг хуваалцах, Их Эзэний ажлыг хийх зэрэгт техник технологийн хэрэглээг Сүм даяар нэвтрүүлсэн.

Техник технологийн гайхамшигт хэрэгслүүд байгаагүй бол Ерөнхий чуулганы хуралдаанууд хүртэл боломжгүй байх байсан.

Ах, эгч нар аа, Христийн удирдлаган доор аливаа юмс зөвхөн зөвт байгаад зогсохгүй төсөөлөхийн аргагүй байх болно.

Израилыг цуглуулах ажил урагшилсаар байна.

Эхэндээ дэлхий дахиныг хамарсан цар тахал Их Эзэний ажилд садаа болж байгаа мэт санагдаж байсан байж болох юм. Жишээ нь, сайн мэдээ хуваалцдаг уламжлалт аргууд боломжгүй болсон. Гэвч цар тахал нь зүрхэндээ чин үнэнч хүмүүст хүрэх шинэ бөгөөд улам бүтээлч арга замуудыг нээн илрүүлж байна. Израилыг цуглуулах ажил хүчтэй, урамтай урагшилсаар байна. Үүнтэй холбоотой олон зуу, олон мянган түүх бий.

Үзэсгэлэнт Норвеги улсад амьдардаг нэгэн сайн найз маань бидэнд баптисм сүүлийн үед өсөж байгаа тухай Харрит бид хоёрт бичсэн байв. “Жижиг Сүмтэй газруудад жижиг салбарууд өргөжиж, том салбарууд тойрог болно” гэж тэр бичжээ.

Латвид интернэтийн зар дээр дарж, Сүмийг олсон эмэгтэй Есүс Христийн сайн мэдээний тухай олж мэдээд, баяртай байсан болохоор товлосон цагаасаа цагийн өмнө очиж, номлогчдыг эхний хичээлээ дуусахаас өмнө баптисм хүртэх өдрөө товлож болох уу гэж асуужээ.

Зүүн Европт номлогчдын утсаар залгаж холбогдсон эмэгтэй “Эгч нар аа, та нар яагаад эртхэн ярьж болоогүй юм бэ? Би ямар их хүлээсэн гээч” хэмээн уулга алджээ.

Манай олон номлогч урьд урьдынхаасаа илүү завгүй болсон. Олон номлогч урьд урьдынхаасаа илүү олон хүнд зааж байна. Гишүүд, номлогчдын хоорондын харилцаа холбоо сайжирч байна.

Өмнө нь бид уламжлалт арга замууддаа хэт баригдмал байсан болохоор цар тахлаар бидний нүд нээгдсэн байх. Бид боржин чулуугаар барих боломжтой байхад элсэн чулуугаар барилгаа барьсаар байсан байх. Мэдээж хэрэг, хүмүүсийг ирээд харж, ирээд тусалж, ирээд харьяалагдахад ердийн болон уламжлалт аргаар урихдаа технологийг оролцуулаад янз бүрийн арга замуудыг ашиглахад бид суралцсаар байна.

Түүний ажил, Түүний арга зам

Энэ бол Их Эзэний ажил. Тэр Өөрийнхөө ажлыг хийхдээ Түүний арга замуудыг олоосой хэмээн биднийг урьдаг. Эдгээр нь бидний өмнөх туршлагуудаас өөр байж болно.

Энэ нь Симон Петрт болон Тиберийн далайд загасчлахаар явсан бусад шавь нарт тохиолдсон.

“Тэр шөнө тэд юу ч барьсангүй.

Үүр цайх үед Есүс эрэг дээр зогсож байлаа. …

Есүс тэдэнд—Завиныхаа [нөгөө] талд тороо хая. Тэгвэл та нар олз олно гэв.

Тэд тороо нөгөө талд нь хаясанд, маш их загас торонд нь орсон тул тэд тороо ч татаж чадахааргүй болжээ.”10

Бурхан бүхнийг чадагч хүчит мутраа илчилсэн бөгөөд илчилсээр байх болно. Бид эргэн хараад, энэ сорилтын цаг үед Бурхан Өөрийн хаант улсыг бат бөх суурин дээр барихад Түүний арга зам болох илүү сайн арга замуудыг олоход бидэнд тусалж байсныг олж мэдэх тэрхүү өдөр тохиох болно.

Энэ бол Бурханы ажил бөгөөд Тэр Өөрийн хүүхдүүд, Өөрийн хүмүүсийн дунд төсөөлөхийн аргагүй олон зүйлийг хийсээр байх болно гэдгийг би гэрчилж байна. Тэр биднийг Өөрийн халамжлагч, нигүүлсэнгүй мутраар тэвэрдэг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол бидний цаг үеийн Бурханы бошиглогч гэдгийг би гэрчилж байна.

Их Эзэний төлөөлөгчийн хувьд, би та нарыг “өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр [хийцгээ]хэд урьж мөн адисалж байна; мөн тэгээд бид бат итгэлтэйгээр бат зогсож Бурханы авралыг харна, мөн учир нь түүний гар илчлэгдэх болно.11 Их Эзэн таны зөв шударга хөдөлмөрийн үр дүнд төсөөлөхийн аргагүй зүйлсийг бий болгоно гэдгийг би амлаж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Хотоос зүүн урагш 20 милийн зайд (32 км) орших Литтл Коттонвуд хавцлын аманд байрлах уурхайгаас авсан боржин чулуу шиг харагддаг кварц монзонит.

  2. Түүхийн энэ цаг үеийг илүү сайн олж мэдэхийг хүсвэл Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 2, No Unhallowed Hand, 1846–1893 (2020), 17, 19, 21-р бүлгийг үзнэ үү.

  3. “Бат бөх суурь,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 6-г үзнэ үү.

    Энэхүү агуу сүлд дууллын бадгууд нь бидний цаг үеийн сэдэв болж, дууны үгсийг шинэ чихээр сонсох нь бидэнд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар ойлголттой болоход тусалдаг:

    Өвчин эмгэгт автсан ч, эрүүл энх байсан ч

    Өнчин өрөөсөн, ядуу, баян байсан ч

    Орон гэртээ, орон нутгаар аялах үед

    Чамд хэрэгтэй бол би тайвшруулан тусална.

    Бүү ай! Бүү зов! Би чамтай хамт байх болно.

    Чиний Бурхан би чамайг энэрэн ивээнэ.

    Чамайг би ивээн, тусалж, зоригжуулна.

    Миний шударга хүчит гараас хөтлөөрэй.

    Миний хэлсэн гүн усыг гатлах тэр цагт

    Чамайг зовлонгийн голд би живүүлэлгүй

    Хажууд чинь байж адислах болно, би

    Хэцүү шаналал, зовлонг би туулахад тусална.

    Тэр дүрэлзэн шатах галт замыг туулахад

    Чамайг би ивээн, энэрч, хайрлан тусална.

    Тэр дүрэлзэн шатан, гал ноцох замаар 

    Чамайг буруу бүхнээс ариусгасан юм.

    Нэг хүн, бие бодь Есүс дээр хүрч ирэх цагт

    Түүнийг би дайснуудынх нь гарт орхихгүй.

    Нэг биеийг там эс орхин, тарчлаан, зовоовч

    Түүнийг хэзээ ч, үгүй хэзээ ч орхихгүй!

  4. Moсе 7:13–18-ыг үзнэ үү.

  5. Иосефыг ах нар нь боолчлолд худалдах үед тэр 17-той залуухан байсан байх (Эхлэл 37:2-ыг үзнэ үү). Тэр Фараонд үйлчилж эхлэхдээ 30 настай байсан (Эхлэл 41:46-г үзнэ үү). Дөнгөж идэр насандаа яваа залуу эрд урвалттай нүүр тулж, боолчлолд худалдагдаж, хилсээр гүтгэгдэн, шоронд хоригдох нь хэчнээн хэцүү байсныг та төсөөлж чадах уу? Иосеф зөвхөн Сүмийн өсвөр үеийнхэнд төдийгүй загалмайгаа үүрч, Аврагчийг дагах хүсэлтэй эрэгтэй, эмэгтэй, хүүхэд бүрд үлгэр дуурайл болсон.

  6. Эхлэл 45:4–11; 50:20–21-ийг үзнэ үү. Дуулал 105:17–18 дээрээс бид “Үүнээс өмнө Тэрээр нэг хүнийг буюу боол болон худалдагдсан Иосефыг илгээсэн. Хөлийг нь тэд дөнгөнд оруулж, өөрийг нь төмрөөр гинжилсэн” хэмээн уншдаг. Өөр нэг орчуулгын 18-р шүлэг дээр “Тэд хөлийг нь дөнгөлөн зовоож, түүний сүнсэнд төмөр оруулжээ” (Young’s Literal Translation) гэж уншдаг. Миний хувьд энэ нь Иосефын хүнд хэцүү бэрхшээлүүд түүнд төмөр шиг хүчтэй, тэсвэр хатуужлыг бий болгосон гэдгийг харуулж байна. Энэ нь Их Эзэний түүнд бэлдсэн агуу бөгөөд төсөөлшгүй ирээдүйг хүлээн авахад шаардлагатай зан чанар байв.

  7. Сургаал ба Гэрээ 121–123-ыг үзнэ үү.

  8. Хэрэв Бурхан Өөрийн хүүхдүүдэд өлсгөлөн, гачигдалтай, нүцгэн, өвчтэй, зовж шаналж буй хүмүүсийг мэдэж, тэдэнд өрөвч зөөлөн хандахыг зарлигладаг бол Тэр Өөрийн хүүхдүүд болох биднийг ч гэсэн мэдэж, нигүүлсэнгүй хандах болно (Мормон 8:39).

  9. Лук 7:11–17-г үзнэ үү.

  10. Иохан 21:1-6-г үзнэ үү.

  11. Сургаал ба Гэрээ 123:17.