Ерөнхий чуулган
Бид Христийн тухай ярьдаг
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Бид Христийн тухай ярьдаг

Дэлхий ертөнц Есүс Христийн талаар бага ярих тусам бүгдээрээ Түүний талаар илүү их ярьцгаая.

Хайрт найзууд болон итгэл нэгтнүүд ээ, би та нартаа хайртай. Дэлхийг хамарсан цар тахал бидний амьдралд саад авчирч, гэр бүлийн хайртай хүмүүс, найз нөхдийг маань биднээс аван одсон энэ сүүлийн хэдэн сарын хугацаан дахь та бүхний итгэл, зоригийг би гайхан биширсээр ирлээ.

Тодорхой бус байдал үүссэн энэ цаг хугацаанд би Есүс бол Христ гэдгийг баттай, тодорхой мэддэгтээ ер бусын талархаж буйгаа мэдэрсэн. Танд ийм мэдрэмж төрж байсан уу? Бидний хүн нэг бүрд санаа зовоосон зүйлс байдаг ч “Би бол зам, үнэн, амь мөн” хэмээн даруухнаар тунхагласан Тэрээр үргэлж бидний өмнө зогсож байдаг.1 Хэдийгээр бид өөрсдийгөө бусдаас тусгаарлах шаардлагатай цаг үеийг туулж байгаа ч биднийг “Над руу ир”- хэмээн хайраар дуудах Түүнээс сүнслэг байдлаараа өөрсдийгөө тусгаарлах шаардлага хэзээ ч гарахгүй.

Цэлмэг шөнийн тэнгэрт чиглүүлэгч од шиг Есүс Христ бидний замыг гэрэлтүүлдэг юм. Тэр дэлхий дээр энгийн малын хашаанд ирсэн. Тэр төгс амьдралаар амьдарсан. Тэр өвдсөнийг эдгээж, үхсэнийг амилуулсан. Тэр бол мартагдсан нэгэнд найз байсан. Тэр бидэнд сайн үйлийг хийж, дуулгавартай байж, нэг нэгнээ хайрлахыг заасан. Тэрээр загалмай дээр цовдлогдож, гурван өдрийн дараа сүр жавхлантайгаар амилан, бидэнд болон бидний хайртай хүмүүст булшинд орсны дараа амьдрах боломжийг өгсөн юм. Тэрээр өөрийн зүйрлэшгүй нигүүлсэл, ач ивээлээр бидний нүгэл, зовлонг Өөр дээрээ үүрч, биднийг наманчлах үед уучлал мөн амьдралын шуурган дунд амар амгаланг авчирдаг билээ. Бид Түүнд хайртай. Бид Түүнийг шүтдэг. Бид Түүнийг дагадаг. Тэр бол бидний сэтгэл зүрхний зангуу юм.

Сонирхолтой нь, энэхүү сүнслэг итгэл үнэмшил бидний дотор улам бүр өсөж байгаа ч Есүс Христийн талаар маш бага зүйл мэддэг хүмүүс энэ дэлхийд олон байдаг бөгөөд Түүний нэрийг олон зууны турш тунхаглаж байсан дэлхийн зарим хэсэгт Есүс Христэд итгэх итгэл буурч байна. Европын үнэнч гэгээнтнүүд олон арван жилийн турш өөрсдийн улс оронд итгэл үнэмшил буурч байгааг харсаар байна.3 Харамсалтай нь, энд АНУ-д ч бас итгэх нь багассаар байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ-д 30 сая хүн Есүс Христийн бурханлаг байдалд итгэхээ больсон нь саяхны судалгаагаар тогтоогджээ.4 Дэлхий даяарх өөр нэг судалгаагаар, дараагийн хэдэн арван жилд Христийн шашныг хүлээн авах хүмүүсээс хоёр дахин илүү хүн Христийн шашнаас гарах болно хэмээн таамаглаж байна.5

Мэдээж, бид хүн бүрийн сонгох эрхийг хүндэтгэдэг ч Тэнгэрлэг Эцэг маань “Энэ бол Миний хайрт Хүү. Түүнийг сонсогтун”6 гэж тунхагласан. Өвдөг бүхэн сөхөрч, хэлтэй бүхэн Тэр бол Христ гэдгийг хүлээн зөвшөөрөх өдөр ирнэ гэдгийг би гэрчилж байна.7

Бид өөрчлөгдөж буй ертөнцөд хэрхэн хандах ёстой вэ? Зарим нь итгэлээ үл тоомсорлож байхад зарим нь үнэнийг эрэлхийлж байна. Бид өөрсдийн дээр Есүс Христийн нэрийг авсан. Бид өөр яах хэрэгтэй вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны бэлтгэл

Их Эзэн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг Сүмийн ерөнхийлөгчөөр дуудагдахаас нь хэдэн сарын өмнө хэрхэн зааж сургасныг санавал бидний хариултын нэг хэсэг гарч магадгүй. Ерөнхийлөгч Нэлсон дуудлагаа хүлээн авахаас нэг жилийн өмнө үг хэлж байхдаа сэдэвчилсэн гарын авлагад орсон Есүс Христийн нэрийн 2200 тайлбарыг илүү гүнзгий судлахыг бидэнд уриалсан юм.8

Зураг
Ерөнхийлөгч Нэлсон судар судалж байгаа нь

Гурван сарын дараа 4-р сарын Ерөнхий чуулган дээр тэрээр хэдэн арван жилийн турш үнэнч шавь нь байсан ч Есүс Христийн тухай ийн гүн гүнзгий судлах нь өөрт нь хэрхэн нөлөөлсөн талаар ярьсан. Вэнди Нэлсон эгч түүнээс энэ нь ямар нөлөө үзүүлснийг асуухад, “Би өөр хүн болсон” гэж хариулжээ. Тэр өөр хүн байсан уу? 92 насандаа өөр хүн болсон гэж үү? Ерөнхийлөгч Нэлсон үүнийг ингэж тайлбарласан.

“Бид Аврагчийг болон Түүний цагаатгагч золиосыг судлахад цаг гаргаснаар [Түүнд] ойртдог. …

… Бидний анхаарал Аврагчид болон Түүний сайн мэдээнд бат бэхлэгдсэн [байх] ёстой.”9

Аврагч “Санаа бодол болгондоо над уруу харагтун”10 хэмээн хэлсэн.

Ажил төрөл, санаа зовоодог зүйлс болон сайн үйлс бүхий ертөнцөд бид итгэл найдвар, аврал маань болсон Аврагч дээр зүрх сэтгэл, оюун ухаан, бодол санаагаа төвлөрүүлдэг.

Хэрэв Аврагчийн тухай шинэлэг байдлаар судлах нь ерөнхийлөгч Нэлсонд бэлтгэхэд нь тусалсан бол бидэнд ч бас бэлтгэхэд маань тусалж чадахгүй гэж үү?

Зураг
Ахлагч Рассэлл М.Нэлсон

Ерөнхийлөгч Нэлсон Сүмийн нэрийг онцлон авч үзэхдээ “Хэрэв хувь хүн болон хүмүүс бид өөрсдийг маань цэвэршүүлэх, эдгээх, хүчирхэгжүүлэх, өсгөн нэмэгдүүлэх, цаашлаад өргөмжлөх Есүс Христийн Цагаатгалын хүчинд нэвтрэн орох ёстой бол Түүнийг тэр хүчний эх сурвалж гэдгийг маш тодорхой хүлээн зөвшөөрөх ёстой”11 хэмээн заасан билээ. Жижиг зүйл мэт санагдаж болох ч Сүмийн зөв нэрийг тууштай хэрэглэх нь огтхон ч жижиг зүйл биш бөгөөд дэлхийн ирээдүйд нөлөөлөх болно гэдгийг тэр бидэнд заасан.

Бэлтгэлээ базааснаар ирэх амлалт

Ерөнхийлөгч Нэлсоны адил та нар өөрсдийгөө бэлдэх явцдаа ч бас өөр болох болно. Аврагчийн талаар илүү их бодож, Түүний тухай илүү олон удаа, эргэлзэж тээнэгэлзэлгүй ярихыг би амлаж байна. Түүнийг илүү гүн гүнзгий таньж мэдэн, хайрлах тусам та нар хүүхдүүдийнхээ талаар эсвэл хайртай найзынхаа талаар ярихад тохиолддогтой адил үгс хялбархан урсан орж ирэх болно. Та нарыг сонсож буй хүмүүс мэтгэлцэх эсвэл таныг няцаах нь багасаж, та нараас илүү их суралцаж байх болно.

Та бид Есүс Христийн тухай ярьж байгаа ч үүнийгээ илүү сайжруулж чадна. Хэрэв дэлхий ертөнц Түүний тухай ярих нь багасах юм бол хэн Түүний тухай илүү их ярих вэ? Бид өөрсдөө шүү дээ! Бусад үнэнч Христэд итгэгчдийн хамт!

Гэртээ Христийн тухай ярих нь

Аврагчийн зураг бидний гэр оронд байгаа бил үү? Бид Есүсийн сургаалт үлгэрийн талаар хүүхдүүдтэйгээ байнга ярьдаг уу? “Есүсийн тухай түүх хүүхдүүдийн маань зүрхэн дэх итгэлийн цогийг ноцоох сэвэлзэх салхи нь байж чадна.”12 Хүүхдүүд тань танаас асуухад, Аврагчийн заасан зүйлийг заах талаар ухамсарлаж бодоорой. Жишээлбэл, хэрвээ хүүхэд чинь “Аав аа, бид яагаад залбирдаг юм бэ?” гэж асуувал та “Наадах чинь тун чухал асуулт байна. Есүсийн залбирсныг санаж байна уу? Тэр яагаад залбирсан мөн хэрхэн залбирсан тухай ярилцъя” хэмээн хариулж болно.

“Бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясдаг…”13

Сүмийн удирдлагын зарчмууд

Мөн энэ судар нь “бид Христийн тухай номлодог”14 гэдгийг нэмсэн байдаг. Шүтэн бишрэх үйл ажиллагаандаа Аврагч Есүс Христ болон Түүний цагаатгагч золиосын бэлэгт анхаарлаа хандуулцгаая. Энэ нь бид өөрсдийн амьдралын туршлагаас хуваалцах эсвэл бусдын санаа бодлыг хуваалцах боломжгүй гэсэн үг биш юм. Ярилцах сэдэв маань гэр бүл, үйлчлэлийн тухай эсвэл ариун сүм юм уу саяхны номлолын үйлчлэлийн тухай байж болох ч бидний шүтлэг бишрэлийн бүх зүйл Их Эзэн Есүс Христ рүү хандах ёстой.

Гучин жилийн өмнө ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн хүлээн авсан нэгэн захидалд “[ариун ёслолын] цуглаанд оролцож, Аврагчийн талаар нэг ч үг хэлээгүй арван долоон гэрчлэлийг сонссон” хэмээн нэг хүн бичсэн тухай тэр ярьсан.15 Ерөнхийлөгч Өүкс дараа нь “Магадгүй энэ тодорхойлолт хэтрүүлэгтэй байж магадгүй ч бид бүгдэд тод сануулга өгдөг учраас би үүнийг эш татсан”16 хэмээн хэлжээ. Дараа нь тэр биднийг үг хэлэх болон хичээл дээр ярилцаж байхдаа Есүс Христийн талаар илүү их ярихыг бидэнд уриалсан. Бид Сүмийн цуглаан дээрээ Христэд илүү их анхаарал хандуулж байгааг би ажигласан. Эдгээр сайн ажил хэргийг ухамсартай үргэлжлүүлцгээе.

Бусадтай Христийн тухай ярих нь

Эргэн тойрны хүмүүстэйгээ илүү нээлттэй, Христийн талаар ярих илүү хүсэлтэй байцгаая. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Есүс Христийн жинхэнэ шавь нар босож зогсоод, бодлоо хэлэн, дэлхийн хүмүүсээс өөр байхад бэлэн байдаг”17 гэж хэлсэн.

Заримдаа бид хэн нэгэнтэй ярилцсаныхаа үр дүнд тэднийг сүмд ирэх юм уу номлогчидтой уулзах хэрэгтэй гэж боддог. Их Эзэн тэднийг хүслийнх нь дагуу удирдан чиглүүлдэг. Харин бид Түүний дуу хоолой болох хариуцлагынхаа талаар илүү их боддог, итгэл үнэмшлийнхээ талаар нээлттэй бөгөөд тунгаан боддог байцгаая. Хэн нэгнийг бидний амралтын өдрийн талаар асуухад өөдөөс нь Хүүхдийн хэсгийн хүүхдүүдийн дуулах “Би Есүс шиг байхыг хичээнэ’18 дууг сонсоход сайхан байсан гэж баяртайгаар хэлэхэд бэлэн байх хэрэгтэй хэмээн ахлагч Дийтр Ф.Угдорф заажээ. Христэд итгэх итгэлээ сайхан сэтгэлээр гэрчилцгээе. Хэрэв хэн нэгэн хувийн амьдралдаа тулгарсан асуудлыг хуваалцах юм бол бид “Жон, Мариа, чи намайг Есүс Христэд итгэдэг гэдгийг мэдэж байгаа биз дээ. Чамд тус болох, Түүний хэлсэн нэг зүйлийн талаар бодож байлаа” гэж хэлж болно.

Христэд итгэх итгэлийнхээ тухай ярихдаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр илүү нээлттэй байгаарай. Ихэнх нь таны итгэлийг хүндэтгэх болно, гэхдээ таныг Аврагчийн тухай ярихад хэн нэгэн эсэргүүцэж байгаа бол “Надаас болж та нарыг хүмүүс доромжлоход … та нар ерөөлтэй еэ! Тэнгэр дэх шагнал чинь агуу”19 хэмээх Түүний амлалтаас урам зориг аваарай. Бид өөрсдийн дагагчдад “таалагдах” буюу “Like” авахаасаа илүү Христийн дагалдагч байхад илүү их санаа тавьдаг. Петр “Харин та нарын доторх найдварын талаар хариу өгөхөд ямагт бэлэн бай”20 гэж зөвлөсөн. Христийн тухай ярьцгаая.

Мормоны Ном Есүс Христийг хүчирхэгээр гэрчилдэг. Бараг хуудас бүр нь Аврагчийг болон Түүний бурханлаг номлолыг гэрчилдэг.21 Түүний Цагаатгал, ач ивээлийн талаарх ойлголт хуудаснуудад нь дүүрэн бий. Мормоны Ном Шинэ Гэрээний хамтрагчийн хувьд Аврагч яагаад биднийг аврахаар ирснийг болон бид Түүн рүү хэрхэн гүн хүрч чадахаа илүү сайн ойлгоход тусалдаг.

Зарим нэг Христийн итгэл нэгтнүүдэд маань бидний итгэл үнэмшил болон зорилгод эргэлзэх үе байдаг. Бүгдээрээ Есүс Христэд итгэх итгэлдээ болон Шинэ Гэрээний судруудыг хайрлах хайраараа тэдэнтэй хамт чин сэтгэлээсээ баярлацгаая. Ирэх өдрүүдэд Есүс Христэд итгэдэг хүмүүст бие биенээ гэх нөхөрлөл, дэмжлэг хэрэгтэй байх болно.22

Зураг
Дэлхийн гэрэл

Дэлхий ертөнц Есүс Христийн талаар бага ярих тусам бүгдээрээ Түүний талаар илүү их ярьцгаая. Түүний шавь нарын хувьд бидний жинхэнэ өнгө төрх илчлэгдэх тэр үед эргэн тойронд маань байгаа хүмүүсийн ихэнх нь биднийг сонсоход бэлэн байх болно. Түүнээс хүлээн авсан гэрлээ биднийг бусадтай хуваалцах үед Түүний гэрэл болон ер бусын аврах хүч зүрх сэтгэлээ нээх хүсэлтэй хүмүүс дээр тусах болно. Есүс “Би …дэлхийд гэрэл [болон] ирлээ”23 гэж хэлсэн.

Христийн тухай ярих хүслээ нэмэгдүүлэх нь

Христийн тухай ярих хүслийг маань Түүний дахин ирэхийг төсөөлөх төсөөлөл хамгийн их бадраадаг. Түүний хэзээ ирэхийг бид мэдэхгүй ч Түүний дахин ирэлтийн үйл явдлууд үнэхээр гайхалтай байх болно! Тэрээр бүх ариун тэнгэр элчийнхээ хамт сүр хүч хийгээд агуу алдар суугаар тэнгэрийн үүлэн дотор ирэх болно. Зөвхөн цөөн хэдэн тэнгэр элч ч биш харин бүх ариун тэнгэр элчтэйгээ ирнэ. Энд Валентины картан дээрээ хардаг Рафаэлийн зурсан улаан хацартай херубимын тухай яриагүй байна. Тэд бол олон зуун дамнан арслангуудын амыг тагласан,24 шоронгийн хаалгуудыг нээсэн,25 Түүний удаан хүлээсэн төрөлтийг тунхагласан,26 Түүнийг Гетсеманид тайвшруулсан,27 Түүнийг тэнгэр лүү дээш явах үед Түүний шавь нарт амлалт өгсөн28 мөн сайн мэдээний гайхамшигт сэргээлтийг нээсэн29 тэнгэр элч нар юм.

Зураг
Хоёр дахь ирэлт

Хөшигний энэ эсвэл нөгөө талаас нэгэн цагт Түүнтэй уулзахаар өргөгдөх болно хэмээн та төсөөлж чадах уу?30 Энэ бол зөвт хүмүүст өгөх Түүний амлалт юм. Энэхүү гайхамшигтай үйл явдал бидний бодгалийг мөнхөд өөрчлөх болно.

Аврагчийг хайрлаж, Түүний бурханлаг чанарыг тунхаглах бидний хүсэл эрмэлзлийг өдөөсөн бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонд бид ямар их талархаж байна вэ. Би бол түүний дээр Их Эзэний мутар байгааг мөн түүний хөтлөн удирддаг илчлэлтийн бэлгийг гэрчилдэг гэрч юм. Ерөнхийлөгч Нэлсон, бид таны өгөх зөвлөгөөг тэсэн ядан хүлээж байна.

Дэлхийн дахинд буй хайрт найзууд аа, “Намайг хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрсөн хүн бүрийг Би Эцэгийнхээ өмнө … хүлээн зөвшөөрнө”31 хэмээх Түүний гайхамшигтай амлалтыг хүлээн, Христийн талаар ярьцгаая. Тэр бол Бурханы Хүү гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Иохан 14:6.

  2. Матай 11:28.

  3. Ництан Пэри-Ротэм, “Religion and Fertility in Western Europe: Trends Across Cohorts in Britain, France and the Netherlands”, European Journal of Population, May 2016, 231–265 -г үзнэ үү; www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4875064-аас авсан.

  4. “Шүтдэг шашныг нь асуухад америкчуудын [жаран таван хувь] нь өөрсдийгөө Христэд итгэгч гэж тодорхойлж байгаа нь өмнөх 10 жилээс 12 хувь буурсан үзүүлэлт байна. Үүний зэрэгцээ аливаа шашинд үл хамаарагддаг буюу өөрсдийгөө бурханд итгэдэггүй, ямар нэг шашинд итгэдэггүй гэж тодорхойлсон хүмүүс 2009 онд 17% байснаас 26% болон өсжээ (Pew Research Center, “In U.S., Decline of Christianity Continues at Rapid Pace,” Oct. 17, 2019, pewforum.org).

  5. Pew Research Center, “The Future of World Religions: Population Growth Projections, 2010–2050,” 2015 оны 4-р сарын 2-ыг үзнэ үү.

  6. Maрк 9:7; Лук 9:35; мөн Maтай 01:17; Иосеф Смит—Түүх 03:17ыг үзнэ үү.

  7. Moзая 2:9-11-ыг үзнэ үү.

  8. Russell M. Nelson, “Prophets, Leadership, and Divine Law” (worldwide devotional for young adults, Jan. 8, 2017), broadcasts.ChurchofJesusChrist.org.

  9. Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25–28

  10. Сургаал ба Гэрээ 6:36.

  11. Рассэлл М.Нэлсон, “Сүмийн зөв нэр,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84–87-г үзнэ үү.

  12. Нийл Л.Андэрсэн, “Есүсийн түүхүүдээс яриач,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 106.

  13. 2 Нифай 25:26.

  14. 2 Нифай 25:26.

  15. Dallin H. Oaks, “Another Testament of Jesus Christ” (Brigham Young University fireside, June 6, 1993), 7, speeches.byu.edu.

  16. (Dallin H. Oaks, “Sharing the Gospel,” Ensign, Nov. 1990, 30)

  17. Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25.

  18. Дийтр Ф.Угдорф, “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган;“I’m Trying to Be like Jesus,” Children’s Songbook, 78-ыг үзнэ үү.

  19. Матай 5:11-–12.

  20. 1 Петр 3:15.

  21. “[Мормоны Номын бичээч бошиглогчид] [Бурханы Хайрт Хүүгийн] талаар гэрчлэн бичихдээ түүний нэрийг ямар нэгэн байдлаар дунджаар 1.7 шүлэг бүрд бичсэн байдаг. [Тэд] Есүс Христийг яг 101 өөр янзаар нэрлэсэн байдаг. … Судрын нэг шүлэг ихэвчлэн нэг өгүүлбэрээс бүтсэн байдгийг бодоход бид Христийн нэрийг дунджаар 2 өгүүлбэр тутамд харах болно” (Susan Easton Black, Finding Christ through the Book of Mormon [1987], 5, 15).

    Цагаатгах болон цагаатгал гэсэн үг аль нэг хэлбэрээрээ Кинг Жэймсийн Шинэ Гэрээний орчуулгад ганц л удаа гардаг бол Мормоны Номд 35 удаа бичигдсэн байдаг. Есүс Христийн өөр нэгэн гэрчлэлийн хувьд энэ ном Түүний Цагаатгалыг тайлбарлах үнэтэй хувь нэмэр болдог” (Рассэлл М. Нэлсон, “The Atonement,” Ensign, 1996 оны 11 сар, 35.)

  22. АНУ-д ихэвчлэн залуус Христэд итгэхээ больж байна. “1928-1945 онд төрөгсдийн 10 хүн тутмын 8-аас илүү нь (84%), 1946-1964 онд төрөгсдийн 76% нь өөрсдийгөө Христэд итгэгч гэж тодорхойлсон. Гэтэл 1981-1996 онд төрөгсдийн дөнгөж 49% нь өөрдсийгөө Христэд итгэгч гэдэг бөгөөд 10 хүн тутмын 4 нь юунд ч итгэдэггүй, үлдсэн 10 хувь нь Христээс бусад шашинтай байна (“In U.S., Decline of Christianity Continues,” pewforum.org).

  23. Иохан 12:46.

  24. Даниел 6:22-ыг үзнэ үү.

  25. Үйлс 5:19-ийг үзнэ үү.

  26. Лук 2:2–14-ийг үзнэ үү.

  27. Лук 22:42-43-ыг үзнэ үү.

  28. (Үйлс 1:9-11-ийг үзнэ үү.)

  29. Сургаал ба Гэрээ 13; 27:12–13; 110:11–16; Иосеф Смит—Түүх 1:27–54-ийг үзнэ үү.

  30. 1 Тесалоник 4:16-17; Сургаал ба Гэрээ 88:96-98-ыг үзнэ үү.

  31. Матай 10:32.