2017 оны онцгой цугларалтууд
Бошиглогчид ба удирдлага мөн тэнгэрлэг хууль


Бошиглогчид ба удирдлага мөн тэнгэрлэг хууль

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонтой хамт нэгэн үдэш

Залуучуудад зориулсан дэлхий дахины онцгой цугларалт • 2017 оны 1-р сарын 8 • Бригам Янгийн Их Сургууль

Хайрт ах, эгч нар аа, би Тэргүүн Зөвлөлийн болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын хайр болон мэндчилгээг та бүхэнд уламжилж байна. Өнөө орой бидэнтэй хамт байж, сүнсээр суралцахаар зүрх сэтгэл, оюун санаагаа бэлтгэсэнд тань бид талархаж байна.1

Би 2016 оны 1-р сарын дэлхий дахины онцгой цугларалт дээр та нарт хандан үг хэлснээсээ хойш Япон, Филиппин, Хятад, Канад, Англи, Уэльс, Герман, Итали, Испани болон Нэгдсэн Улс даяар аялахдаа та нарын олонтой нь биечлэн уулзсан.

Өнгөрсөн есдүгээр сард би гамшигт үер болсны дараа Луйзианагийн Батон Роуж руу хүмүүстэй уулзахаар явахдаа ахлагч М.Рассэлл Баллард, Сүмийн бусад удирдагчтай хамт мартагдашгүй туршлага хуримтлуулсан юм. Нэгэн ням гарагт бид дөрвүүлээ тус бүрдээ томоохон ариун ёслолын цуглаануудыг удирдан явуулж билээ. Цуглаануудын нэгийг гамшигт өртөгсдөд, нөгөө гурвыг цэвэрлэгээний ажилд туслахаар өөр өөр мужаас ирсэн сайн дурынханд зориулсан байв. Энэ зурагнууд мормон тусламжийн гар гэсэн цамц өмссөн олон зуун хүн бүхий Хүндэтгэлийн өдрийн цуглаан ямар байдгийг харуулж байна.

Хүндэтгэлийн өдөр Их Эзэнийг шүтэн бишрэхэд цаг гарган, Луйзианагийн зуны аагим халуунд үл таних хөршүүддээ туслахаар гэр орноо орхин ирсэн залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн аз жаргалтай төрхийг ажиглаарай. Тэдгээр чин хүсэлтэй гайхамшигт хөдөлмөрлөгчдийг харахад ихэнх нь та нарын насных байсан бөгөөд тун удалгүй Сүмийн удирдагчид болох эрэгтэй, эмэгтэйчүүдийг харж байгаа мэт гайхамшигт сэтгэгдэл надад төрж билээ.

Тиймээс би өнөө орой дэлхий даяар цугларсан та бүхний талаар төсөөлөн бодохдоо өөрт төрсөн уг сэтгэгдлийг онцолж ярихыг хүслээ. Та нар бол Их Эзэний Сүмийн ирээдүйн удирдагчид. Та нар удирдлагын үүрэг хариуцлагыг гартаа авахад бэлэн байна уу?

Би нэг жилийн өмнө та бүхэнд хандан үг хэлэхдээ, жинхэнэ мянган жилийнхэн байхаар төрсөн хувь заяагаа даган өндийн босоход уриалсан. Та нар дэлхийн дөрвөн зүгээс сонгогдогсдыг цуглуулахад тусалснаар Аврагчийн мянган жилийн хаанчлалд дэлхийг бэлтгэхэд туслах ёстой. Ингэснээр та нарыг хүлээн авах хүн бүр Есүс Христийн сайн мэдээг болон үүний бүх адислалыг хүлээн авч чадна. Өнөөдөр би та бүхэнд хандан үүнд хэрхэн бэлтгэх тухай яримаар байна.

Нэгдүгээрт, гэрлэлт болон гэр бүлдээ анхаар. “Авга эгч Вэндигийн” хайр, гэрлэлтийн талаарх дөрвөн үнэнийг сонсох үед төрсөн мэдрэмжийнхээ дагуу үйлд.

Өөрсдийн өдрүүдэд сонгогдогсдыг ёс суртахууны төөрөгдөл, хүрээлэн буй асар их нүглээс нь гарган цуглуулахад Их Эзэнд туслах үүрэг хариуцлага тань өчүүхэн зүйл биш юм. Люсифер дагагчидтайгаа хамт технологи, харилцаа холбооны бүхий л хэлбэрийг ашиглан, амьдралын талаар мөн аз жаргалын жинхэнэ эх үүсвэрийн талаар худал хуурмагийг түгээж байна. Иймээс дэлхийд хийхээр ирсэн зүйлээ хийхийн тулд танай үеийнхний эзэмшиж болох хамгийн сайн удирдлагын чадваруудыг та нараас шаардана.

Бидэнд даган дуурайх гайхамшигтай жишээ байгаа нь талархууштай юм. Дэлхийнхэн Наполеон, Жанна д’Арк, Жорж Вашингтон, Махатма Ганди, Тереза эх нарын болон өөр олон эрэгтэй, эмэгтэй хүний удирдлагын чухал ур чадваруудыг чухалчилж үздэг бол харин би дэлхий дээр байсан хамгийн сайн удирдагчид Бурханы бошиглогчид байсан гэдэгт итгэдэг.

Өнөөдрийг хүртэл 16 эрэгтэй дэлхийн түүхийн хамгийн сүүлийн эрин үе буюу энэ эрин үед сэргээгдсэн Их Эзэний Сүмийн ерөнхийлөгч байхаар сонгогдсон. Би эдгээр 16 эрэгтэйн 10-ыг нь сайн танина. (Энэ нь намайг хэд насалсныг хэнээс ч илүү хэлээд өгнө. Надад хэр хугацаа үлдсэнийг би мэдэхгүй байна гэж хэлэх нь л хангалттай байх.)

Хэрэв та нар жинхэнэ мянган жилийнхэн шиг өсөж өндийхийг хүсэж байгаа бол би та нарыг Бурханы энэ 16 бошиглогчийн амьдрал, сургаалаас суралцахыг уриалж байна.2 Энэ нь та нарын амьдралыг өөрчлөх болно. Би тэднээс сурсан удирдлагын цөөн хэдэн зарчмыг та бүхэнтэй хуваалцъя.

Сүмийн арав дахь ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит миний хүүхэд байхдаа амьдардаг байсан гэрээс хэдхэн байшингийн цаана амьдардаг байв. Түүний хоёр бага хүү миний найзууд байсан юм. Тэд намайг байнга л гэртээ урьдаг байлаа.

1971 онд намайг Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчөөр дуудагдах үед ерөнхийлөгч Смит Сүмийн ерөнхийлөгч байв. Миний талийгаач эхнэр Данзэл бид хоёр тэр жилийн сүүлээр Английн Манчестерт болсон бүсийн чуулганд түүнтэй хамт явахдаа ерөнхийлөгч Смитийг чуулганы өмнө жижигхэн өрөөнд цуглараад байсан ерөнхий эрх мэдэлтнүүдээс тайлан хүсэх үед нэгэн чухал зүйлийг сурч билээ.

Тэднийг тайлангаа тавьсны дараа ерөнхийлөгч Смит захирангуй тушаал буулгахын оронд ерөнхийлөгчийн эрх мэдэлтэйгээр босож зогсоод, тэднийг 94 насных нь мэргэн ухаанаас суралцахад урихын сацуу тэдэнд хэчнээн хайртайгаа мөн туслах чин сэтгэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Энэ удирдагч өөрийнхөө хүмүүсийг хайрлаж, тэдэнд итгэдгээ ямар их хүчтэй илэрхийлж байгааг хараад би гайхсан. Биднийг бүсийн чуулганы дараа ерөнхийлөгч Смитийг сайхан захиас хэлсэнд нь баярлан талархах үед тэрээр “Би энд бүтэлгүйтэх гэж ирээгүй”3 гэж тун энгийн хариулт өгч билээ.

Ерөнхийлөгч Смит Их Эзэний ажлыг урагшлуулахын тулд чадах бүхнээ хийх үедээ тэдгээр үйл хэргийг удирдана гэдэгт итгэлтэй байсан. Итгэл, залбирал, судалгаа, шаргуу хөдөлмөр хамтдаа амжилт авчрах болно. Ерөнхийлөгч Смит Англи руу бүтэлгүйтэхээр яваагүйтэй адил бидний Эцэг та нарыг энэ эцсийн эрин үед бүтэлгүйтүүлэх гэж биш, харин ч амжилттай, баяр баясгалантай байлгах гэж энэ дэлхий рүү илгээсэн.

1945 оны 12-р сард Дэлхийн II дайны дараа ерөнхийлөгч Жорж Албэрт Смит ахлагч Бэнсонг Европын номлолыг тэргүүлүүлэхээр дуудахад ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн болоод дөнгөж хоёр жил болж байлаа. Тэндхийн нөхцөл байдал аймшигтай байв. Дайны үр нөлөөнд амьдрал нь устаж сүйрсэн гишүүдийг хайрлан халамжилсан 10 сарын номлолынхоо үеэр ахлагч Бэнсон Герман, Польш, Чехословак, Скандинав руу аялж, зовж зүдэрсэн гэгээнтнүүдэд хоол хүнс, хувцас хунар, хөнжил гудас тараасан билээ.4 Тэрээр дааж давшгүй хүнд хэцүү сорилттой олон дахин тулгарсан ч сорилт бэрхшээлийг давахын тулд Их Эзэний хүчинд итгэх шийдэмгий итгэлийг ахин дахин харуулсан юм.5

40 жилийн дараа, 1985 оны 11-р сард Сүмийн ерөнхийлөгчөөр дөнгөж томилогдсон ерөнхийлөгч Бэнсон Арванхоёрын залуу гишүүн намайг коммунизмын дарангуйлалд байсан Зүүн Европт сайн мэдээг түгээх хаалгыг нээлгүүлэхээр томилсон билээ.

Надад энэхүү хүндхэн үүрэг даалгаврыг гүйцэтгэхэд бэлэн биш байгаа мэт санагдсан ч ерөнхийлөгч Бэнсон энэ ажлыг надаас түрүүлээд эхлүүлчихсэн байв. Би түүний хийсэн зүйлийг хийхгүй байж яаж чадах билээ дээ? Залбирч, чадах бүхнээ хийн, эцэст нь Их Эзэний гайхамшигт мутрыг харуулдан хүлээхэд түүний үлгэр жишээ намайг урамшуулсан юм.6

Аливаа зүйлээс зүрхшээсэн хэн ч бай, ерөнхийлөгч Бэнсоноос олон зүйлийг сурч чадна. Тэрээр найман жилийн турш төлөөлөгчөөр ажиллахын сацуу Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Дуайт Д.Эйзенхаурын засгийн газрын үед хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайдаар үйлчлэх давхар үүрэг хариуцлагатай байсан.

Тэр энэ бүхнийг хэрхэн зохицуулдаг байсан юм бол? Тэр “Би чадах чинээгээрээ хөдөлмөрлөж, хийж чадах бүхнээ хийдэг. Мөн би зарлигуудыг сахихыг хичээдэг. Эцэст нь Их Эзэнд үлдсэнийг нь хийх орон зайг гаргаж өгдөг”7 гэж хэлсэн.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли эрч хүчтэй удирдагч байсан бөгөөд Сүмийн удирдлагад онцгой хувь нэмэр оруулсан билээ. Сүмийн 15 дахь ерөнхийлөгчөөр үйлчлэхээсээ өмнө тэрээр өмнөх гурван ерөнхийлөгчийн зөвлөх нь байв. Тэрээр Англид номлолоо дуусгаад, эргэж ирсний дараа Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын удирдлаган доор өөр өөр албан тушаалд үйлчилж байсан. Түүнээс олон удаа чухал асуудал шийдвэрлэхийг хүсэж байжээ. Жишээлбэл, ерөнхийлөгч Дэвид О.Маккэй өсөн тэлж буй Сүм дэх орчуулгын хэрэгцээг хангахын тулд хувийн хишгийн ёслолыг хэрхэн бичил хальсанд буулгаж болох талаар судлах даалгаврыг Хинкли ахад өгчээ.

Ерөнхийлөгч Хинкли хэнээс ч илүү чадварлаг илтгэгч байсан. Тэр туршлагатай сэтгүүлчээс эхлээд дэлхийн удирдагчид гээд бүх хүнд сайн мэдээний талаар итгэл төгс ярьдаг байв. Ерөнхийлөгч Хинкли өөрийнх нь албан өрөөнд уулзахыг хүссэн урилгаас татгалзсан Зөвлөлт Холбоот Улсын ерөнхийлөгч асан Михаил Горбачёвийн зүрх сэтгэлийг хэрхэн зөөллөснийг би мэднэ. Ноён Горбачёв ерөнхийлөгч Хинклитэй зочид буудлынхаа өрөөнд уулзахыг хүсжээ. Гэхдээ тэд Сүмийн удирдах газар уулзах үед Ерөнхийлөгч Хинкли Тэргүүн Зөвлөлийн зөвлөгөөний өрөөн дэх үзэсгэлэнт чекресийн самрын модон нарийн хийцтэй ханын хавтанг онцлон, энэ модыг хаанаас авчирсныг хэлэхэд Ноён Горбачёв гайхширч орхив. Уг мод Орос дахь төрсөн газрынх нь мод байжээ.8 Түүний хандлага тэр даруй зөөлөрсөн гэдэг.

Ерөнхийлөгч Хинкли Их Эзэнд бүрэн дүүрэн итгэж найддаг байсны дүнд үргэлж өөдрөг байдаг байв. Тэр 13 жил ерөнхийлөгчөөр үйлчлэхдээ жижиг ариун сүмүүдийн загвар, Чуулганы төвийн барилга болон 79 шинэ ариун сүм барих тухай зарласан, тэр үед үйл ажиллагаагаа явуулж байсан 124 ариун сүмийн 95-ыг онцгойлон адисалсан, дахин онцгойлон адисалсан зэрэг шинэлэг зүйлсээр дүүрэн он жилүүдэд Сүмийг удирдсан. Ерөнхийлөгч Хинклигийн алсын хараа болон үүнээс үүдэлтэй өөртөө тавих шаардлага үнэхээр хэмжээ хязгааргүй байв.

Ерөнхийлөгч Хинкли Сүмийн түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Тэр мөн үзмэрч байсан бөгөөд ирээдүйг ямар ч айдасгүйгээр зөгнөн хэлдэг байв. Түүний хэлсэн үгийг сонсоцгооё. “[Христийн] уг учир шалтгаан гайхамшигтай мөн хүчтэйгээр дэлхийг дүүргэх болно. Сайн мэдээнд хаалттай байсан хаалганууд нээгдэнэ. Бүхнийг Чадагч тэднийг даруусгаж, амьд Бурханы үйлчлэгчдийн үгийг сонсгож болохын тулд шаардлагатай бол үндэстнүүдийг сэгсрэх болно. Шаардлагатай бүх зүйл улиран тохиох болно.”9

Одоо ерөнхийлөгч Томас С.Монсон бол дэлхий дээрх Их Эзэний амьд бошиглогч билээ. Бид түүнийг хэчнээн их хайрлаж, дэмжиж, залбирдаг гээч. Бид мөн түүнээс ямар их зүйлийг сурдаг гэж санана аа! Түүний тухай бодоод үзээрэй. Тэр 22 настайдаа бишопоор дуудагдсан бөгөөд түүний тойрогт 80 бэлэвсэн эмэгтэй байсан. Тэр 36-хан насандаа төлөөлөгчөөр дуудагдсан бөгөөд “хэрэв Их Эзэн ямар нэгэн зүйлийг гүйцэлдүүлэх шаардлагатай байвал Томас С.Монсонд итгэж болно гэдгийг Түүнийг мэдээсэй гэж би хүсэж байна”10 гэдэг уриатай амьдарч ирсэн билээ.

Тэрээр хэрхэн нэг нэгэндээ хүрч туслахыг харуулсан. Хүмүүст тавих анхаарал халамж бол цаг хугацаа, хурал цуглаан, цагийн хуваарь зэргээс ямагт илүү чухал байдаг гэдгийг тэр үлгэр жишээгээрээ заасан юм.

Ерөнхийлөгч Монсон амьдралынхаа турш урт ажлын өдрийн дараа хэн нэгэн дээр айлчилж очих цаг зав гаргадаг байлаа. Зарим үед тэр зовж буй нэгнийг тайвшруулахын тулд эмнэлгээр ороод гарах мөн бусад үед тодорхой айлуудад очихоор удирдагддаг байсан. Ихэнх тохиолдолд түүнийг хаалгыг нь гэнэт тогшиход хүмүүс нүдэндээ нулимстайгаар “Та охины минь нас барсан өдөр гэдгийг яаж мэдэв ээ?” эсвэл “Та өнөөдөр миний төрсөн өдөр гэдгийг яаж мэдсэн юм бэ?” гэхчилэн хэлж, угтаж авдаг байв.

Ерөнхийлөгч Монсон амьдралынхаа туршид Бурханы бошиглогчдыг онцгой удирдагчид болгодог хоёр үндсэн чухал зан чанарыг батлан харуулсаар ирсэн. Нэгдүгээрт, тэрээр Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлахыг мөн хөршөө болон Бурханы хүүхдүүдийг өөрсдийгөө хайрладаг шиг хайрлах хамгийн эхний бөгөөд удаах агуу зарлигийг үлгэр жишээгээрээ харуулсан билээ. Хоёрдугаарт, бошиглогч бүр илчлэлт хэрхэн хүлээн авахыг мөн илчлэлт ирэх үед тэр даруй хэрхэн хариу үйлдэхийг мэддэг. Ерөнхийлөгч Томас С.Монсон зөв шударга удирдагчийн амьд жишээ.

Бурханы бошиглогчдод олон төстэй зан чанар байдаг. Тэдний нэг нь бошиглогч бүр тэнгэрлэг хуулийн ач холбогдлыг ойлгодог явдал билээ. Тэнгэрлэг хуулийн тухай мэдлэг үр дүнтэй, зөв шударга удирдлагатай гар нийлэн ажилладаг. Хамгийн чухал нь Бурханы хуулийг хэдий чинээ мэднэ, төдий чинээ тэдгээрийн дагуу амьдарч, үр дүнтэй удирдагч байх болно.

Би анагаахын залуу оюутан байхдаа хүний бие махбодыг судлах хүндхэн даалгавар авсан. Энэ нь Бурхан амьд гэдэгт намайг үнэмшүүлсэн юм. Би бие махбод бол Бурханы бүтээл гэдгийг мэдээд, бие махбодын бүтэц, үйл ажиллагааг захирдаг Бурханы хуулиудыг илүү их сонирхох болсон. Лабораторийн өргөн хүрээтэй судалгааны үр дүнд би зүрхний цохилтыг хянадаг хуулийн тухай мэдэж авав. Мөн би нарийн ажилбартай мэс засал хийхийн тулд зүрхний цохилтыг түр хугацаанд зогсоож болдог гэдгийг мэдэж авсан. Зүрхэнд шахаж буй цусан дахь кали, натрийн хэмжээг өөрчилснөөр үүнийг хийж болдог. Дараа нь зүрх рүү кали, натрийн хэвийн хэмжээ бүхий цусыг шахсанаар зүрхийг дахин тэжээж, хэвийн ажиллуулах боломжтой болдог. Эдгээр нээлтийг урьдчилан тааварлах болон олон дахин давтах боломжтой, үнэн бодит гэдгийг баталсан.

Надад саяхан энэ тухай анагаахын их сургуулийн ангид тайлбарлах боломж олдов. Нэгэн боловсролтой профессор надаас “Хэрэв энэ арга үр дүнгээ өгөхгүй бол яах вэ?” гэж асуухад би “үргэлж үр дүнгээ өгдөг. Энэ нь тэнгэрлэг хуулинд захирагддаг” гэж хариулсан.

Тэнгэрлэг хууль няцаашгүй, маргашгүй байдаг. Тэнгэрлэг хуулийг үгүйсгэх, эсэргүүцэх боломжгүй. Бурханы хуулиудыг дагасан цагт холбогдох адислал нь үргэлж ирдэг юм. Холбогдох хуульд дуулгавартай байснаар адислал үргэлж ирдэг.11

Экзистэнциалист болон рэлативист үзэлтнүүд үнэн гэдэг нь ердөө субъектив зүйл хэмээх бодит байдлын талаарх хязгаарлагдмал үзэл бодлоо зөвтгөн тайлбарлаж болох юм. Хууль нь хууль хэвээрээ байх болно. Бурханы үнэн бол үнэхээр үнэн билээ. Бурханы зөв гэж хэлсэн зүйл зөв л байх болно. Мөн Түүний буруу гэж хэлсэн зүйл буруу л байх болно.

Иймээс Бурханы хуулиудыг мэддэг байх нь нэн чухал билээ. Тэдгээр нь энэ дэлхий ертөнцийг төдийгүй өөр түм буман ертөнцийг захирдаг. Тэнгэрлэг хуулийг зөрчсөн үед үр дагавар нь ирнэ. Бид Бурханы хуулиудыг зөрчигчдийн төлөө сэтгэл зовнин, шаналдаг ч төлөөс нь төлөгдөх ёстой. Тэнгэрлэг хууль дагаж мөрдөгдөх ёстой.

Би үүнийг ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын мэс засалч эмчийн хувьд мэдэж авсан. Түүний зүрхэнд суулгасан электрон төхөөрөмж гэнэт ажиллахаа болих үед ерөнхийлөгч Кимбалл надаас тусламж хүсэн ирсэн юм. Гэхдээ тэр эхлээд надаас санваарын адислал өгөхийг хүсээд, суулгасан төхөөрөмжийг буцааж засаж хийх болно гэдгийг амласан адислалын дараа “Чи одоо энэ адислалыг бодитой болгоход шаардлагатай бүх зүйлийг хийж болно” гэж хэлж билээ.

Би мэс заслыг эхлүүлж, зүрхний электрон төхөөрөмжөөс зүрх рүү цахилгаан дамжуулдаг төмөр утсанд завсар гарсан байхыг олж мэдэв. Намайг тэр гэмтсэн утсыг сольсны дараа уг төхөөрөмж тэр даруй дахин ажиллаж эхэлсэн бөгөөд ерөнхийлөгч Кимбаллын зүрх хэвийн цохилж эхэлсэн. Бурханы бошиглогч дээр ч гэсэн цахилгаан дамжуулахтай холбоотой хууль хэрэгжихгүй байж чадаагүй.

Ерөнхийлөгч Кимбалл үнэхээр Бурханы бошиглогч байсан. Түүнийг янз бүрийн өвчнийг даван туулах үед анхааралтай ажиглаж байсны хувьд илчлэлт эрэлхийлэхдээ гаргадаг хүч, хичээл зүтгэлийг нь би ажиглаж мэдсэн. Тэр миний зөвлөгч байсан бөгөөд түүнийг хайрлах хайр маань хязгааргүй билээ.

Дэлхий эргэлзээ төөрөгдлөөр дүүрсэн энэ цаг үед юу үнэн мөн юу үнэн биш болох талаар зүрх сэтгэл, оюун санаандаа төөрөлдөх шаардлагагүй. Эргэлзээ төөрөгдөл нь төгс бус эсвэл дутуу дулимаг мэдээллээс үүдэлтэй. Төлөөлөгчийн хувьд би та бүхнээс Бурханы үл өөрчлөгдөх хуулиудыг судлаасай гэж хүсэж байна. Тэдгээрийг судалж мөн итгэлээр суралц. Энэ нь өөр бусад зүйлийн хажуугаар “Бурханы амнаас урагш гардаг үг бүрээр амьдрах ёстой”12 гэсэн үг юм.

Бурханы хуулиудыг мөн хүмүүний мэргэн ухаан, тэр дундаа дайсны башир худал хуурмагийг ялган танихын төлөө залбир. Люсифер цаг хугацаа өнгөрөх тусам өөрийнхөө ур чадварыг төгөлдөржүүлсээр байгаа. Тэр замбараагүй байдал үүсгэж, гажуудуулж, хууран мэхэлж, төөрөгдүүлэхдээ гарамгай. Би та бүхнийг түүний башир уруу таталтаас өвчин тахлаас хэрхэн зайлсхийдэг шигээ зайлан гараасай гэж хүсэж байна.

Сатаны бүтээсэн урхи зөвхөн зовлон шаналал, сүнсний боолчлол, үхлийг л авчирч чадна.13 Энэ нь бүх цаг үед адил байдаг. Люсиферийн урхинд орсноор ирдэг гунигт үр дагавар нь урьдчилан тааварлах боломжтой, үнэн бодит, ахин дахин ирж болох мөн харамсалтай зүйл юм.

Үүнтэй адил та нар Бурханы зарлигуудыг дагаснаар мөн Түүний хуулиудыг дагаж амьдарснаар улам бүр эрх чөлөөтэй болно гэдгийг би амлаж байна. Энэ эрх чөлөө танд бурханлаг мөн чанарыг тань харуулж, хувь хүний хувьд өсөж хөгжих боломжийг олгоно. Та нар нүглийн боолчлолоос чөлөөлөгдөнө. Та нар өөрөөрөө байхаар буюу үр дүнтэй, зөв шударга удирдагч байхаар чөлөөлөгдөх болно. Та нар шаардлагатай үед зарчмуудыг даган, үлгэр жишээгээр удирдуулахад бэлтгэгдэх болно. Бурханы зарлигуудыг дагаснаар ирэх адислал ч мөн урьдчилан тааварлах боломжтой, үнэн бодит, ахин дахин авч болох нь үнэхээр баярлууштай зүйл юм.

Бид Түүний сэргээгдсэн Сүмийн гишүүдийн хувьд Есүс Христ бол бидний Эзэн мөн удирдагч гэдгийг мэддэг. Та нар жинхэнэ мянган жилийнхний хувьд Есүс Христийн жинхэнэ шавь нар байхаар төрсөн. Үнэндээ жинхэнэ мянган жилийнхэн байх цорын ганц арга зам бол Түүний жинхэнэ шавь байх явдал юм.

Та нар хэрхэн илүү сайн шавь болох вэ? Би та нарт нэг урилга өгмөөр байна. Хэрэв та нар үүнийг хүлээн авбал үүрэг даалгаварт тань тус болох болно. Есүсийг Хуучин Гэрээний Иеховагийн хувьд Хуучин Гэрээнд цэдэглэсэн бөгөөд хэлсэн, хийсэн зүйл бүрийг нь өнөө оройноос эхлэн долоо хоног бүр судлах цаг зав гаргаарай. Мөн Түүнийг Шинэ Гэрээний Христийн хувьд Шинэ Гэрээнд цэдэглэсэн хуулиудыг нь судал. Есүсийн номлол, тохинууллыг илүү тодорхой илчилсэн өөр ном байхгүй учраас Мормоны Номонд цэдэглэсэн Түүний сургаалыг судал. Мөн Тэрээр энэ эрин үед Өөрийн хүмүүст заасаар байгаа учраас Сургаал ба Гэрээн дэх үгсийг нь судал.

Энэ нь хүнд үүрэг даалгавар мэт санагдаж болох ч би та бүхнийг үүнийг хүлээн аваарай гэж урамшуулан дэмжиж байна. Хэрэв та нар Есүс Христийн тухай олж мэдэж болох бүхнийг судлах юм бол Түүнийг болон Бурханы хуулиудыг хайрлах хайр тань төсөөлж байгаагаас тань ч илүү өсөх болно гэдгийг би амлаж байна. Мөн би нүглийг эсэргүүцэх чадвар тань өснө гэдгийг амлаж байна. Зарлигуудыг сахих хүсэл тань ч агуу ихээр өснө. Та нар өөрсдийгөө Есүс Христийн дагалдагчдыг гутаан доромжилдог үзвэр үйлчилгээ, үймээн самуунаас хол байх илүү чадвартай болсноо ойлгох болно. Судруудын удирдамжаас “Есүс Христ”14 гэсэн сэдвээр эшлэлүүдийг эрэлхийлэх нь та нарт тус болно.

Есүс Христийн цол хэргэм, нэр бүр хувь хүний тань хувьд ямар утга учиртайг ойлгохоор залбирч, хичээнгүйлэн эрэлхийлснээр Есүс Христийн талаарх бүх зүйлийг судал. Жишээлбэл, Тэрээр Эцэгийн өмнө та нарын өмгөөлөгч юм. Тэр та нарын талд орох болно. Тэр та нарыг өмгөөлөх болно. Та нарыгӨөртэй нь илүү адилхан болохыг сонгох бүрд Тэр та нарын сайн сайхны төлөө ярих болно .15

Түүний амьд бошиглогч, төлөөлөгчдөөрөө дамжуулан заасаар байгаа бүх зүйлийг судалснаар Түүнийг таньж мэд. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг судал. “Амьд Христ”-ийг судал. Энэ хоёр илчлэлтээр ирсэн юм. Тэдгээрийг онлайнд болон өдөр бүр харж болох газарт байрлуул.

Энэ илчлэгдсэн үгс бол жинхэнэ хожмын үеийн гэгээнтнүүдийн итгэдэг зүйл юм. Эдгээр үнэн нь тэнгэрлэг хуулийг төлөөлдөг гэдэг гэрчийг хүлээн авахын төлөө залбир. Тэдгээр үнэнийг өөрийн үг хэлээр илэрхийлэхэд суралц. Дадлага хий. Дараа нь итгэдэг зүйлээ ярих боломж гарахын төлөө залбирч, уг боломжийг эрэлхийл. Та нар үүнийг хийснээр зөв шударга нөлөөг удирдан, харуулах чадвараа өсгөнө.

Нэгэн өдөр та нар Аврагчийн өмнө өөрсдийгөө танилцуулаад, Түүний оршихуйд байгаагийнхаа төлөө нулимс дуслуулан мэлмэрэх болно. Та нарын гэм нүглийн төлөөсийг төлж, бусдад хандсан эелдэг бус зан байдлуудыг өршөөн, энэ амьдралын гарз хохирол, шударга бус байдлаас эдгээж өгсний төлөө Түүнд хэрхэн талархахаа ч та бүхэн мэдэхгүй байх болно.

Боломжгүй зүйлсийг хийх хүч чадал өгч, сул дорой талуудыг тань хүчирхэг болгон, Түүнтэй болон гэр бүлтэйгээ үүрд хамт амьдрах боломжийг олгосны төлөө та нар Түүнд талархах болно. Түүний зан чанар, Цагаатгал, шинж төрх та нарынх болж, бодитой болно.

Гэхдээ тэр мөчийг хүлээх шаардлагагүй. Яг одоо Түүний жинхэнэ шавь байхыг сонго. Түүнийг үнэн сэтгэлээсээ хайрлан, Түүнтэй адил үйлчилж, удирдах чин хүсэлтэй бай.16

Бид Түүний хүмүүс! Бид бүх үндэстэн, ястан, хэлтэн, хүмүүст сайн мэдээний захиасыг хүргэх гэрээг хийсэн. Бид зөв шударга удирдагч байхаар санаачилга гарган хөдөлмөрлөснөөр нэгэн зүрх сэтгэлээр “Эзэний үйлийг бүгд хамтдаа үргэлжлүүлцгээе”17 хэмээн дуулах болтугай.

Түүний нэгэн төлөөлөгчийн хувьд би та нарын дээр адислалаа үлдээхээр санваарын түлхүүрийг дуудаж байна. Та нарыг Бурханы хуулиудыг судалж, тэдгээрийн дагуу амьдрахаар адисалж байна. Та нарыг Есүс Христийн жинхэнэ шавийн үлгэр жишээг үг, үйлдлээрээ үзүүлэхээр адисалж байна. Мөн нүглээс ангид байж, өөрөөсөө цацарч буй гэрлийн эх үүсвэрийг мэдэж, мэдрэхийг хүсэхэд бусдад нөлөөлөхийн тулд сайн сайхан, гэрэл гэгээг түгээхээр адисалж байна. Би та бүхнийг боловсрол мэдлэгтээ болон ажил мэргэжилдээ амжилттай байхаар адисалъя. Зөв шударга хамтрагчаа олж, түүнийгээ халамжилж хайрлахаар би та нарыг адисалъя. Мөн та нарын хүн нэг бүрийг гэр бүл, нийгэм, улс орон, Сүмдээ зөв шударга удирдагч байхаар адисалж байна.

Бурхан амьд. Есүс бол Христ. Энэ бол Түүний Сүм гэдгийг би тунхаглаж байна. Би энэ бүхнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчиллээ, амен.

Эшлэлүүд

  1. Үйлс 17:11; Алма 32:6-г үзнэ үү.

  2. See LDS.org. Судалгаанд тань туслах олон эх сурвалж Сайн мэдээний номын санд байгаа.

  3. Спэнсэр Ж.Кондий, Рассэлл М.Нэлсон: Father, Surgeon, Apostle (2003), 165-ыг үзнэ үү.

  4. Шэри Л.Дью, Ezra Taft Benson: A Biography (1987), 197–227-г үзнэ үү.

  5. Эзра Тафт Бэнсонд бичсэн Харолд Б.Лийгийн захидал, in Dew, Ezra Taft Benson,, 224-ийг үзнэ үү.

  6. 2 Нифай 27:20–21-ийг үзнэ үү.

  7. Эзра Тафт Бэнсон, in Dew, Ezra Taft Benson, viii-г үзнэ үү.

  8. See Condie, Russell M. Nelson, 279.

  9. Гордон Б.Хинкли, “Look to the Future,” Ensign, 1997 оны 11-р сар, 68-ыг үзнэ үү.

  10. Ерөнхийлөгч Томас С.Монсонтой хийсэн ярилцлага

  11. Сургаал ба Гэрээ 130:20–21-ийг үзнэ үү.

  12. Сургаал ба Гэрээ 84:44-ийг үзнэ үү.

  13. 2 Нифай 2:27-г үзнэ үү.

  14. Судруудын удирдамжийн “Есүс Христ”-ийг үзнэ үү. Гол гарчгийн доорх сэдвээс гадна Түүний тухай 57 дэд гарчиг бий. Судруудын англи биш хувилбаруудын хувьд Судруудын удирдамжийг үзнэ үү. Энэ эх сурвалжийг хувийн сургалтын чухал хөтөлбөр болго.

  15. 3 Нифай 27:27-г үзнэ үү.

  16. Abinadi warned his unrighteous captors: “Ye have not applied your hearts to understanding” (Мозая 12:27). Та нар өөрсдийнхөө үед ч гэсэн эдгээр эсэргүүцэгчийн зан чанар байгааг ажигласан байх.

  17. “Let Us All Press On,” Hymns, д. 243.