2010–2019
Бурханы хүч, эрх мэдлээр тохинуулах нь
2018 оны 4-р сар


Бурханы хүч, эрх мэдлээр тохинуулах нь

Бид Түүний нэрээр, Түүний хүч, эрх мэдэл, хайр, нинжин сэтгэлээр тохинуулах болно.

Хайрт ах нар минь, Их Эзэнд болон Түүний ариун ажилд зүрх сэтгэлээ зориулдагт тань би талархаж байна. Би та бүхэнтэй хамт байгаадаа үнэхээр баяр баяслыг мэдэрч байна. Шинэ Тэргүүн Зөвлөлийн хувьд бид та бүхний залбиралд болон дэмжин баталж буй хичээл зүтгэлд талархаж байна. Бид та нарын амьдрал, Их Эзэнд үйлчлэх үйлчлэлийн төлөө талархаж байна. Та бүхний үүрэг хариуцлагадаа зүрх сэтгэлээ зориулж, амин хувиа үл хичээн үйлчлэх үйлчлэл бол бидний дуудлагадаа үйлчилж байгаатай адил чухал юм шүү. Энэ Сүмд би бүхий л амьдралынхаа турш үйлчилснээр хүн хаана үйлчилж байгаа нь хамаагүй юм байна гэдгийг ойлгож ухаарсан юм. Хүн хэрхэн үйлчилж байгаа нь л Их Эзэнд чухал байдаг.

50 гаруй жилийн турш миний үлгэр жишээ байсан ерөнхийлөгч Томас С.Монсонд би гүн талархал илэрхийлж байна. Мөн би түүний зөвлөх ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф хоёрыг гүнээ хүндэтгэж явдгаа илэрхийлье. Би тэднийг Их Эзэнд болон Түүний бошиглогчид үйлчилснийх нь төлөө магтан сайшааж байна. Энэ хоёр үнэнч үйлчлэгч хоёулаа шинэ ажил үүрэг хүлээн авсан. Тэд эрч хүчтэй, чин үнэнчээр үргэлжлүүлэн үйлчилж байгаа. Би тэднийг хоёуланг нь хүндэтгэн, хайрладаг.

Их Эзэний үнэн бөгөөд амьд сүмд Түүний эрх мэдэл, хүчээр үйлчлэх нь гайхалтай адислал юм. Бурханы санваар, санваарын түлхүүрийн сэргээлт нь зохистой хожмын үеийн гэгээнтнүүдэд бүхий л сүнслэг адислалын хамгийн агууг нээж өгдөг. Эдгээр адислал дэлхий даяарх эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хүүхдүүдийн дээр асгарч байгааг бид хардаг.

Бид өөрсдийн дуудлага, хувийн хишиг хүртэх болон ариун сүмийн бусад ёслолын салшгүй хэсэг болох хүчийг ойлгож ухаардаг итгэлтэй эмэгтэйчүүдийг хардаг. Эдгээр эмэгтэй нөхөр, хүүхдүүд болон хайртай хүмүүсээ хамгаалж, хүчирхэгжүүлэхийн тулд тэнгэрийн хүчийг хэрхэн дуудахыг мэддэг. Тэд бол Бурханы хүч, эрх мэдлээр дуудлагадаа чин зоригтойгоор тохинуулж мөн удирдаж, зааж байдаг сүнслэг байдлын хувьд хүчирхэг эмэгтэйчүүд билээ!1 Би тэдэнд хэчнээн их талархдаг гээч!

Үүнтэй адил бид санваартны хувьд онцгой эрх мэдэлдээ нийцэхүйц зохистой амьдарч байгаа итгэлтэй эрэгтэйчүүдийг хардаг. Тэд Их Эзэний арга замаар хайр, нинжин сэтгэл, тэвчээр гарган, золиослол хийн үйлчилж, удирддаг. Тэд өөрсдийн атгадаг санваарын хүчээр бусдыг адисалж, удирдаж, хамгаалж, хүчирхэгжүүлдэг юм. Тэд өөрсдийн гэрлэлт, гэр бүлийг аюулгүй байлгахын зэрэгцээ үйлчилдэг хүмүүстээ гайхамшгийг авчирдаг. Мөн тэд хилэнцийг зайлуулдаг Израилийн агуу ахлагчид билээ.2 Би тэдэнд хамгийн их талархдаг.

Одоо би нэгэн асуудлын талаар яримаар байна. Юу вэ гэвэл, ах, эгч нараас маань маш олон нь санваарын хүч, эрх мэдлийн талаар бүрэн ойлгодоггүй. Тэд Бурханы хүчийг хүүхдүүдийг нь адислахад ашиглахын оронд өөрсдийн аминч хүсэл, сонирхлыг хангахыг илүүд үздэг мэт үйлдэл гаргадаг.

Ах, эгч нараас маань дэндүү олон нь өөрсдийнх нь байж болох онцгой эрх мэдлийг ойлгодоггүй гэдгээс би эмээж байна.3 Тухайлбал, ах нарын зарим нь санваар гэж юу болох, энэ нь тэдэнд юуг хийхэд боломжтой болгож өгдгийг ойлгодоггүй мэт байдаг. Би хэдэн тодорхой жишээ дурдъя.

Саяхан би нярай хүүхдэд нэр өгөх эцгийн адислал болж байсан нэгэн ариун ёслолын цуглаанд оролцсон юм. Залуу эцэг эрдэнэт бяцхан үрээ гартаа барьж, нэр өгөн, гайхалтай залбирал хэлэв. Гэвч тэр хүүхдэдээ адислал өгөөгүй. Тэр бяцхан хөөрхөн охин нэр авсан боловч, адислал авсангүй! Тэрхүү эрхэм ахлагч залбирал, санваарын адислал хоёрын ялгааг мэдэхгүй байсан. Тэр өөрийн санваарын эрх мэдэл, хүчээр дамжуулан бяцхан үрээ адислах боломжтой байсан боловч адислаагүй. Би “Энэ боломжийг тэр алдлаа даа” гэж бодсон!

Би хэдэн жишээ дурдъя. Бид эгч нарыг Хүүхдийн хэсэг, Залуу эмэгтэйчүүд эсвэл Халамжийн нийгэмлэгийн удирдагч, багш байхаар онцгойлон томилдог боловч тэднийг дуудлагаа гүйцэтгэх хүчээр адисалдаггүй ах нарыг мэднэ. Тэд зөвхөн зөвлөмж, удирдамж өгдөг. Бид санваарын адислал чухам хэрэгтэй байгаа эхнэр, хүүхдүүддээ адислал өгдөггүй зохистой аавуудыг мэднэ. Санваарын хүч энэ дэлхий дээр сэргээгдсэн ч жинхэнэ санваарын адислалыг хэзээ ч хүлээж авалгүй амьдралын хүнд хэцүү бэрхшээлийг туулж яваа дэндүү олон ах, эгч байдаг. Ямар эмгэнэлтэй хэрэг вэ! Гэхдээ энэ нь бидний засаж залруулах боломжтой эмгэнэл шүү дээ.

Ах нар аа, бид Бурханы ариун санваарыг атгадаг. Түүний хүмүүсийг адислах эрх мэдэл бидэнд бий. Их Эзэний хэлсэн “Чи хэнийг ч адислалаа гэсэн би адислах болно”4 хэмээх гайхалтай баталгааг бод. Энэ нь Бурханы хүүхдүүдийг тэдний төлөөх Түүний хүслийн дагуу адислахын тулд Есүс Христийн нэр дээр үйлдэх онцгой боломж юм. Гадасны ерөнхийлөгчид болон бишопууд аа, та бүхний удирдлаган доор байдаг чуулгуудын бүх гишүүнийг Бурханы хүчийг бүрэн дуудахад шаардлагатай сүнслэг бэлтгэл, хувийн зохистой байдал, түүнчлэн санваарын адислалыг хэрхэн өгөхийг мэддэг байхад нь анхаарна уу.5

Бүх санваартан ахад хандан хэлэхэд, би та бүхнийг гишүүдийг Бурханы эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хувьд гэрээгээ сахиж, мацаг барин залбирч, судраас суралцан, ариун сүмд шүтэн биширч, итгэлтэйгээр үйлчлэхэд нь сүнслэгээр урамшуулахыг урьж байна. Бид дуулгавартай, зөв шударга байх нь Есүс Христтэй илүү ойртуулж, Ариун Сүнстэй нөхөрлөн баясах боломжийг олгож, амьдралын баяр баясгаланг мэдрүүлдэг гэдгийг итгэлийн нүдээр олж харахад нь бүх хүнд тусалж чадна.

Их Эзэний үнэн бөгөөд амьд сүмийн таних тэмдэг үргэлж Бурханы хүүхдүүд тус бүрд болон тэдний гэр бүлүүдэд тохинуулах зохион байгуулалттай, чиглүүлсэн хүчин чармайлт байх болно.6 Энэ нь Түүний сүм учраас бид Түүний үйлчлэгчдийн хувиар Түүний хийснээр тэрхүү нэгэнд тохинуулах болно.7 Бид Түүний нэрээр, Түүний хүч, эрх мэдэл, хайр, нинжин сэтгэлээр тохинуулах болно.

60 гаруй жилийн өмнө Бостонд тохиолдсон нэгэн туршлага маань надад нэг нэгээр нь тохинуулах онцгой эрх хэчнээн хүчирхэг болохыг заасан. Тэгэхэд би Массачусэттсын Нэгдсэн эмнэлэгт дадлагын мэс засалч байсан бөгөөд ээлжинд өдөр бүр гардаг, нэг шөнө ажиллаж, нэг шөнө амраад, амралтын өдрүүдэд мөн ээлжилж ажилладаг байлаа. Эхнэр, дөрвөн хүүхдэдээ мөн Сүмийн үйл ажиллагаандаа зарцуулах цаг хязгаартай байв. Гэсэн хэдий ч, манай салбарын ерөнхийлөгч намайг Вилбур болон Линора Кокс ах, эгчийнд айлчлан очуулахаар томилсон ба Кокс ахыг Сүмийн үйл ажиллагаанд эргэн ирээсэй хэмээн найдаж байв. Линора тэр хоёр ариун сүмд лацдан холбуулсан байсан.8 Гэвч Вилбур олон жилийн турш сүмд ирээгүй байлаа.

Хамтрагч бид хоёр тэднийд очив. Биднийг ороход Кокс эгч найрсгаар угтан авсан9 боловч Кокс ах шуудхан өөр өрөө рүү орж, хаалгаа хаасан.

Би хаалга руу очоод, тогшлоо. Хэсэг хугацааны дараа “Ороод ир” гэх бүдэгхэн дуу сонсов. Би хаалгыг нээн, богино долгионы радио хэрэгслийн дэргэд сууж буй Кокс ахыг олж харлаа. Тэр жижиг өрөөнд тэрээр тамхи гарган асаав. Миний айлчлал тийм ч таатай зүйл биш байгаа нь тодорхой байлаа.

Би гайхалтай зүйлсээр дүүрэн өрөөг ажиглан хараад, “Кокс ах аа, би богино долгионы радионы талаар илүү ихийг мэдэж авахыг үргэлж хүсдэг байсан. Та надад энэ талаар зааж өгч ярьж болох уу? Би өнөө орой тийм ч удаан байж чадахгүй, гэхдээ өөр өдөр ирж болох уу?” гэж асуулаа.

Тэр хэсэг хугацаанд эргэлзэж байснаа тэгье гэв. Энэ нь гайхалтай нөхөрлөлийн эхлэл байсан юм. Намайг буцаж очиход тэр надад заав. Би түүнийг хайрлаж, хүндэлж эхлэв. Дараа дараагийн айлчлалаар тэр хүний сайн чанарууд тодорсоор байлаа. Бид болон мөнхийн ханиуд маань маш сайн найзууд болов. Цаг хугацаа өнгөрөхөд манай гэр бүл тэндээс нүүсэн юм. Тэндхийн удирдагчид Кокс ахын гэр бүлийг үргэлжлүүлэн анхаарч, халамжилсаар байв.10

Тэрхүү анхны айлчлалаас хойш найман жилийн дараа Бостоны гадас байгуулагдсан.11 Анхны гадасны ерөнхийлөгч хэн байсныг таа даа? Тийм ээ! Кокс ах байсан! Түүнээс хойш тэр номлолын ерөнхийлөгчөөр бас ариун сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилсэн юм.

Хэдэн жилийн дараа Арван хоёрын чуулгын гишүүний хувиар би Ютагийн Санпит гүнлэгт шинэ гадас байгуулахаар томилогдов. Ердийн ярилцлагын үеэр би хайрт найз Кокс ахтайгаа дахин санамсаргүй таарч, баяртайгаар уулзалдаж билээ. Би түүнийг гадасны шинэ патриархаар дуудах сүнслэг өдөөлтийг мэдэрсэн. Түүнийг томилсны дараа бид тэврэлдэн уйлцгаав. Өрөөнд байсан хүмүүс энэ том болсон хоёр хүн яагаад уйлаад байгаа юм бол гэж гайхсан байх. Гэвч бид мэдэж байлаа. Кокс эгч ч мэдэж байв. Бидний нулимс бол баярын нулимс байсан юм. Бид 30 гаруй жилийн өмнө нэгэн орой тэдний гэрт эхэлсэн хайр, наманчлалын гайхамшигт аяллыг дуугүйхэн санацгаав.

Энэ түүх үүгээр дуусаагүй. Кокс ах, эгчийн гэр бүл 3 хүүхэд, 20 ач зээ, 54 ачинцар, зээнцэртэй өнөр өтгөн гэр бүл болсон. Үүн дээр хэдэн зуун номлогч, ариун сүм дэх мянга мянган гишүүн болон Вилбур Коксын гараас патриархын адислалаа хүлээн авсан хэдэн зуун хүнд үзүүлсэн нөлөөг нэмээрэй. Линора тэр хоёрын нөлөө дэлхий даяар олон үе дамжин давалгаалах болно.

Вилбур, Линора Кокс хоёрынхтой адилхан туршлага энэ сүмд долоо хоног тутам, бүр өдөр тутам тохиолдож байгаа гэж би найдаж байна. Их Эзэн Есүс Христийн үнэнч шавь нар Түүний ажлыг Түүний хүч, эрх мэдлээр гүйцэлдүүлж байдаг.

Ах нар аа, бидний нээж чадах хаалга, өгч чадах санваарын адислал, эдгээж чадах зүрх, хөнгөлж чадах ачаа, хүчирхэгжүүлж чадах гэрчлэл, аварч чадах амь, хожмын үеийн гэгээнтнүүдийн гэрт авчирч чадах баяр баясгалан гэж байдаг бөгөөд бид Бурханы санваартан учраас энэ бүхэн боломжтой юм. Бид энэхүү ажлыг хийхээр “Бурханы зөгнөх мэдлэгийн дагуу [бидний] үлэмжийн итгэл[ээс] … үндэслэн дэлхийн үүслээс дуудагдсан мөн бэлтгэгдсэн билээ.”12

Өнөө орой би та бүхнийг агуу мөнхийн ахан дүүсийн хувиар надтай хамт өндийн босохыг урьж байна. Намайг та бүхний санваарын албыг дуудахад босоод, зогсож байгаарай. Диконууд босно уу! Багш нар босно уу! Пристүүд босно уу! Бишопууд босно уу! Ахлагчид босно уу! Дээд пристүүд босно уу! Патриархууд босно уу! Далынхан босно уу! Төлөөлөгчид босно уу!

Ах нар аа, одоо та бүхэн босож зогссон чигээрээ манай найрал дуучидтай хамт “Rise Up, O Men of God” дууллын бүх гурван бадгийг дуулна уу?13 Дуулж байхдаа Бурханы агуу армийн хувьд Их Эзэний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд туслах үүрэг хариуцлагынхаа тухай бодоорой. Энэ бол бидний үүрэг хариуцлага. Энэ бол бидний онцгой эрх. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Рассэлл M.Нэлсон, “Эгч нараасаа гуйх гуйлт,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85-ыг үзнэ үү.

  2. Рассэлл М.Нэлсон, “Санваарын хүчний үнэ цэн,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 53–56-г үзнэ үү мөн Aлмa 13:7–8; Сургаал ба Гэрээ 84:17–20, 35–38; Moсе 1:33, 35-ыг үзнэ үү.

  3. Сургаал ба Гэрээ 84:19–22; 107:18–19 болон Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 14:30–31 (Судруудын удирдамж)-ийг үзнэ үү.

  4. Сургаал ба Гэрээ 132:47.

  5. Санваарын хүч, хувийн зөв шударга байдлын хоорондын холбоог Рассэлл М.Нэлсоны хэлсэн “Санваарын хүчний үнэ цэн (х. 53–56) хэмээх үгсэд илүү бүрэн дүүрэн харуулсан.

  6. Хувь хүн, гэр бүлүүдэд тохинуулах зохион байгуулалттай, чиглэсэн хүчин чармайлтын гол үүрэг бол Есүс Христийн сүм байгуулагдсан хаана ч, хэзээ ч ил тод байдаг. Тухайлбал, Лук 10:1–20; Үйлс 6:1–6; Eфес 4:11–14; Moзая 18:9, 18–19, 27–29; Сургаал ба Гэрээ 20:42, 51, 57-г үзнэ үү.

  7. 3 Нифай 17:9–10, 20–21-ийг үзнэ үү.

  8. Ютагийн Мантай ариун сүм, 1937 оны 6-р сарын 14.

  9. Линора олон жилийн турш даваа гараг бүр мацаг барин залбирч байсан нь гарцаагүй сайн сайхны хүчтэй нөлөөг үзүүлсэн юм.

  10. 1954 онд салбарын ерөнхийлөгч Тэрри салбарын Ням гаргийн ангийн удирдагчаар Вилбурыг дууджээ. Вилбур дуудлагыг хүлээн авч, мэргэн ухааны үгийг зөрчиж байсан бүх зуршлаа үүрд хаясан байна. Тэр үлдсэн амьдралаа Аврагчийн ажил дахь үйлчлэлд зориулсан билээ.

  11. 1962 онд.

  12. Алма 13:3.

  13. “Rise Up, O Men of God,” Hymns, no. 324.