2010–2019
Цэвэр хайр бол Есүс Христийн үнэнч шавь бүрийн бодит шинж тэмдэг юм
2018 оны 4-р сар


Цэвэр хайр бол Есүс Христийн үнэнч шавь бүрийн бодит шинж тэмдэг юм

Есүс Христийн сайн мэдээ Эцэгийн болон Аврагчийн биднийг гэсэн хайранд төдийгүй Тэднийг мөн нэг нэгнээ гэсэн бидний хайранд төвлөрсөн байдаг.

Бид ерөнхийлөгч Монсонд хайртай бөгөөд түүнийг санаж байна. Бид бас ерөнхийлөгч Нэлсонийг хайрлаж, дэмжиж байна. Ерөнхийлөгч Нэлсон миний зүрх сэтгэлд онцгой байр суурийг эзэлдэг.

Намайг залуухан аав байхад бага хүү маань нэг өдөр сургуулиасаа ирээд, ээжээсээ “Миний аав ямар төрлийн ажил хийдэг вэ?” гэж асуужээ. Шинэ ангийнхан нь аавуудынхаа ажлын талаар ам булаалдан ярьсан тухай тэр тайлбарлав. Нэг нь аавыгаа хотын цагдаагийн газрын дарга гэхэд нөгөө нь өөрийнхөө аавыг том компанийн захирал хэмээн бахдалтай гэгч нь хэлсэн гэнэ.

Тэгээд аавынх нь талаар асуухад хүү маань “Миний аав оффист компьютер дээр ажилладаг” гэж энгийн хариулжээ. Хариулт нь шинэ бяцхан найзуудынх нь сэтгэлийг тийм ч их хөдөлгөөгүйг анзаараад, хүү маань “Түүнээс гадна, миний аав бол энэ ертөнцийн дарга” гээд нэмээд хэлчихэж.

Энэ нь уг ярианд цэг тавьсан байх гэж би таамаглаж байна.

“Одоо бид түүнд авралын төлөвлөгөөний тухай илүү дэлгэрэнгүй зүйлийг зааж өгч, хэн гол хариуцаж буй нэгэн болохыг хэлж өгөх цаг иржээ” гэж би эхнэртээ хэлсэн.

Бид хүүхдүүддээ авралын төлөвлөгөөний тухай зааж өгч, тэд үүнийг хайрын төлөвлөгөө болохыг ойлгож мэдсэнээр Тэнгэрлэг Эцэгийг болон Аврагчийг улам илүү хайрлах болсон. Есүс Христийн сайн мэдээ Эцэгийн болон Аврагчийн биднийг гэсэн хайранд төдийгүй Тэднийг мөн нэг нэгнээ гэсэн бидний хайранд төвлөрсөн байдаг.

Ахлагч Жэффри Р.Холланд “Үүрд мөнх оршихуйн хамгийн эхний агуу зарлиг бол Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаар хайрлах ёстой гэсэн тушаал байдаг. Гэхдээ мөнх оршихуйн хамгийн эхний агуу үнэн бол Бурхан биднийг бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаар хайрладаг явдал юм. Энэ хайр бол мөнх оршихуйн суурь бөгөөд бидний өдөр тутмын амьдралын ч суурь болох ёстой”1 гэж хэлжээ.

Өдөр тутмын амьдралын маань суурийн чулуу болсон цэвэр хайр бол Есүс Христийн үнэнч шавь нараас шаардагдах зүйл мөн.

Бошиглогч Моронай “Иймийн тул, хайрт ах дүүс минь, та нар түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр цутгасан хайраар, энэрлээр дүүргэгдэж болохын төлөө зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун”2 хэмээн бидэнд заасан.

Хайр бол үнэхээр Есүс Христийн үнэнч шавь бүрийн бодит шинж тэмдэг мөн.

Үнэнч шавь нар үйлчлэх дуртай байдаг. Үйлчлэл бол үнэн хайрын илэрхийлэл бөгөөд баптисм хүртэхдээ байгуулсан гэрээ гэдгийг тэд мэддэг.3 Сүмийн дуудлага эсвэл нийгэмд эзэлж буй байр сууринаасаа үл хамааран, тэд Их Эзэнийг хайрлан үйлчлэх, нэг нэгнээ хайрлах хүсэл нь улам бүр ундарсаар байдгийг мэдэрдэг.

Үнэнч шавь нар бусдыг уучлах дуртай. Тэд Аврагчийн Цагаатгал бидний хүн нэг бүрийн үйлдсэн бүх алдаа, гэм нүглийг хамруулсан байдаг гэдгийг мэддэг. Тэд Түүний төлөөсийг “бүх зүйлийг оруулсан үнэ” болохыг мэднэ. Гэм нүгэл, алдаа дутагдал, буруу зүйл үйлдсэнтэй холбогдох сүнслэг татвар, төлбөр, хөлс, хураамж бүгд үүнд хамрагдсан байна. Жинхэнэ шавь нар уучлахдаа ч хурдан, уучлал гуйхдаа ч түргэн байдаг.

Хайрт ах, эгч нар минь, хэрвээ та нар хэн нэгнийг уучлах сэтгэлийн хүч олохын төлөө тэмцэж байгаа бол бусад хүн танд юу хийснийг бүү сана. Харин Их Эзэн таны төлөө юу хийснийг л бод. Тэгвэл та бүгд Түүний Цагаатгалын гэтэлгэгч адислалуудыг болон амар амгаланг олж авах болно.

Үнэнч шавь нар зүрх сэтгэлдээ амар амгалангаар дүүрэн байж, Их Эзэнд өөрийгөө өргөн барих дуртай байдаг. Тэд Түүнд хайртай учраас даруухан бөгөөд дуулгавартай байдаг. Тэд Түүний хүсэл тааллыг хүлээн зөвшөөрөхдөө зөвхөн юу хийж байгааг нь төдийгүй хэрхэн, хэзээ хийхийг нь хүртэл хүлээн зөвшөөрөх итгэлтэй байдаг. Үнэнч шавь нар жинхэнэ адислал бол үргэлж тэдний хүсэж буй зүйлс байдаггүй, харин Их Эзэний тэдний төлөө хүсэж буй зүйлс байдаг гэдгийг мэддэг.

Үнэнч шавь нар дэлхийгээс илүү Их Эзэнийг хайрладаг бөгөөд итгэлдээ тууштай, гуйвшгүй байдаг. Өөрчлөгдөж буй, ээдрээтэй энэ дэлхийд тэд бат бөх, хүчирхэг зогсож чаддаг. Үнэнч шавь нар Сүнсний болон бошиглогчдын дуу хоолойг сонсох дуртай бөгөөд дэлхийн дуу хоолойд автан төөрч, будилдаггүй. Үнэнч шавь нар “ариун газруудад зогсож”4, байгаа байгаа газраа ариун болгох дуртай байдаг. Хаа ч явсан тэд Их Эзэний хайр, амар амгаланг бусдын зүрх сэтгэлд авчирдаг. Үнэнч шавь нар Их Эзэний зарлигуудад дуулгавартай байх дуртай, яагаад гэвэл тэд Их Эзэнд хайртай. Хайрлаж, гэрээгээ сахих тусам тэдний зүрх шинэчлэгдэж, жинхэнэ мөн чанарууд нь өөрчлөгддөг.

Цэвэр хайр бол Есүс Христийн үнэнч шавь бүрийн бодит шинж тэмдэг юм.

Би цэвэр хайрын тухай ээжээсээ анх суралцаж билээ. Тэр Сүмийн гишүүн биш байв.

Олон жилийн өмнө би нэгэн өдөр хорт хавдартайгаа тэмцэж байсан ээж дээрээ очсон. Би нас барна гэдгийг нь мэдэж байсан ч маш их зовж, шаналж байгаад нь сэтгэл зовниж байлаа. Би юу ч хэлээгүй. Харин намайг дэндүү сайн мэддэг ээж минь “Чиний санаа зовж байгааг би харж байна” гэв.

Тэгээд намайг бүр гайхтал тэр сулхан дуугаар “Чи надад яаж залбирахыг заагаад өгөөч? Би чиний төлөө залбирах гэсэн юм. Эхлээд ‘Хайрт Тэнгэрлэг Эцэг минь,’ гэж хэлдгийг би мэднэ, гэвч дараа нь юу гэж хэлэх ёстой байдаг билээ?” гэв.

Би орных нь дэргэд сөхрөн суугаад, түүнийг миний төлөө залбирсны дараа урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй тийм их хайрыг мэдэрсэн. Энэ бол энгийн бөгөөд жинхэнэ, цэвэр ариун хайр байлаа. Ээж минь хэдийгээр авралын төлөвлөгөөний талаар мэддэггүй байсан ч түүний зүрх сэтгэлд өөрийнх нь хайрын төлөвлөгөө, хүүгээ гэсэн эхийн хайрын төлөвлөгөө байсан юм. Тэрээр маш их өвдөн шаналж, залбирах хүчийг олох гэж тэмцэж байсан. Би түүний дуу хоолойг арай гэж сонсож байсан ч хайрыг нь баттай мэдэрсэн юм.

“Ийм их өвчин зовуурьтай байгаа хүн яаж өөр хүний төлөө залбирч чаддаг байна аа? Тусламж хэрэгтэй хүн нь ээж маань өөрөө шүү дээ” гэж бодож байснаа би санадаг.

Оюун бодолд маань энэ асуултын хариулт маш тодоор орж ирсэн. Хариулт нь цэвэр хайр байсан юм. Тэр намайг үнэхээр их хайрладаг байсан болохоор өөрийгөө умартсан байлаа. Өөрийнхөө хамгийн хүнд цаг мөчид тэр намайг өөрөөсөө илүү хайрлаж байв.

Ах, эгч нар аа, энэ нь Их Эзэний хийсэн тэр зүйл биш гэж үү? Мэдээж, үүнийг мөнхийн болон илүү өргөн хэтийн төлөвт авч үзэх хэрэгтэй. Гэсэн ч тэр шөнө цэцэрлэгт, бидний ойлгож төсөөлөхийн аргагүй тийм их зовж шаналан, асар их өвдөлтийг мэдэрч байхад нь Түүнд тусламж хэрэгтэй байсан. Гэвч эцэст нь Тэр Өөрийгөө мартаж, төлөөсийг бүрэн төлөх хүртлээ бидний төлөө залбирсан юм. Тэр үүнийг яаж хийж чадсан бэ? Өөрийг нь илгээсэн Эцэгээ мөн биднийг гэсэн хайр нь цэвэр ариун учраас Тэр үүнийг хийж чадсан. Тэрээр Бурхан Эцэгийг болон биднийг Өөрөөсөө илүү хайрласан билээ.

Тэрээр хийгээгүй зүйлийнхээ төлөөс нь болсон. Тэрээр хийгээгүй нүглийнхээ төлөөсийг төлсөн. Яагаад? Цэвэр хайрынхаа улмаас. Тэр өр төлөөсийг бүрэн төлснөөрөө биднийг наманчилсан үед Өөрийнхөө төлсөн төлөөсийн адислалуудыг бидэнд өгөх боломжтой болсон юм.Яагаад Тэр үүнийг хийсэн бэ? Хариулт нь дахиад л мөн үргэлж цэвэр хайр байх болно.

Цэвэр хайр бол Есүс Христийн үнэнч шавь бүрийн бодит шинж тэмдэг юм.

Ерөнхийлөгч Томас С.Монсон “Бид гэр бүлийн гишүүн, найз нөхөд, танил, бүр огт танихгүй хүн байсан ч ялгаагүй яг одооноос, өнөөдрөөс эхлэн Бурханы бүх хүүхдэд хайраа харуулж эхлэх болтугай. Бид өглөө бүр сэрэхдээ бидэнтэй тааралдаж болох хэн нэгэнд хайр, нинжин сэтгэлээ харуулахаар шийддэг байх хэрэгтэй”5 гэж хэлсэн билээ.

Ах, эгч нар аа, Есүс Христийн сайн мэдээ бол хайрын сайн мэдээ юм. Хамгийн агуу тушаал бол хайрын тухай тушаал. Миний хувьд энэ тушаал бүхэлдээ хайрын тухай юм. Бидний төлөө Өөрийн Хүүг золиосолсон Эцэгийн хайр. Бидний төлөө бүхнээ золиосолсон Аврагчийн хайр. Хүүхдүүддийнхөө төлөө юугаа ч өгөхөд бэлэн эх, эцгийн хайр. Бидний ихэнх нь мэдээгүй, зөвхөн Их Эзэний л сайн мэдэх, чимээгүйхэн үйлчилж байгаа тэр хүмүүсийн хайр. Бүгдийг үргэлж уучилж байдаг хүмүүсийн хайр. Хүлээн авснаасаа илүүг өгдөг хүмүүсийн хайр.

Би Тэнгэрлэг Эцэгтээ хайртай. Би Аврагчдаа хайртай. Би сайн мэдээнд хайртай. Би энэ Сүмд хайртай. Би гэр бүлдээ хайртай. Би энэ гайхалтай амьдралд хайртай. Миний хувьд энэ бүхэн хайрын тухай юм.

Аврагчийн Амилалтыг дурсан санах энэ өдөр бидний хүн нэг бүрийн хувьд сүнслэг шинэчлэлтийн өдөр байх болтугай. Энэ өдөр "бидний өдөр тутмын амьдралын суурийн чулуу" болсон хайраар дүүрэн амьдралын эхлэл болох болтугай.

Бидний зүрх сэтгэл Есүс Христийн үнэнч шавь бүрийн шинж тэмдэг болсон Христийн цэвэр хайраар дүүрэн байх болтугай. Энэ бол Есүс Христийн нэрээр хэлэх миний залбирал юм, амен.