2010–2019
Эзэн уучилсны адил та нар ч бас уучил
2018 оны 4-р сар


Эзэн уучилсны адил та нар ч бас уучил

Бусдын бидний “эсрэг үйлдсэн зөрчл[ийг]” өгөөмрөөр уучлан өршөөж сурснаар бид бүгд илэрхийлэхийн аргагүй амар амгаланг хүлээн авч, Аврагчийн хамтран зүтгэгч болох боломжтой.

“Харин долоо хоногийн эхний өдөр эрт үүрээр тэд булш уруу ирэхдээ, бэлдсэн анхилуун үнэртнээ авчрав.

Булшнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг тэд хараад,

дотогш орсон боловч Эзэн Есүсийн цогцсыг олсонгүй.

Үзэгтүн, тийнхүү тэднийг тэвдэн мэгдэж байтал гэрэлтсэн хувцастай хоёр хүн гэнэт тэдний хажууд зогсож байлаа.

Мөнөөх эмэгтэйчүүд айн сандарч, нүүрээ газар хүртэл бөхийлгөсөнд тэд—Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ?

Тэр энд байхгүй, харин Тэр амилсан.”1

Маргааш Христийн амилсны баярын ням гаргаар бид Есүс Христийн бидний төлөө хийсэн зүйлсийг онцгойлон дурсан санана. Учир нь “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.”2 Эцэстээ бид Түүнтэй адил амилж, мөнхөд амьдрах болно.

Хэрэв бид наманчлах боломж, үүрэг хариуцлагаа хүлээн авах юм бол Есүс Христийн Цагаатгалын гайхамшгийн ачаар нүгэл болон буруу үйлийнхээ өршөөлийн бэлгийг мөн адил хүлээн авах боломжтой. Түүнчлэн шаардлагатай ёслолуудыг хүртэж, гэрээнүүдийг сахиж, зарлигуудыг дагаснаар бид мөнх амьдрал болон өргөмжлөлийг хүлээн авах болно.

Өнөөдөр би бидний Аврагч, Гэтэлгэгч, Есүс Христийн бидэнд өгсөн амин чухал, үнэт бэлэг болох өршөөл дээр төвлөрөхийг хүсэж байна.

1982 оны 12-р сарын нэгэн орой миний эхнэр Тэрри бид хоёрыг Айдахо, Покателло дахь гэртээ байх үеэр нэгэн утасны дуудлага сэрээсэн юм. Намайг утсаа авахад зөвхөн уйлж байгаа дуу сонсогдов. Эцэст нь эгч маань “Томми нас барчихлаа” гэж арай хийн хэлэв.

Колорадо мужийн Денвер хотын захад 20 настай согтуу жолооч зогс гэсэн гэрлийн дохиог үл тоомсорлон цагт 85 миль буюу 135 километрийн хурдтай давхиж байгаад миний отгон дүү Томмигийн машиныг мөргөж, дүү маань эхнэр Жоаныхаа хамт хоёулаа газар дээрээ амьсгал хураасан байлаа. Тэд Христийн мэндэлсний баярын үдэшлэг тараад, гэртээ үлдсэн бяцхан охин дээрээ очихоор явж байжээ.

Эхнэр бид хоёр тэр даруй Денвер рүү нисэж очин, цогцос хадгалах байранд ирэв. Бид эцэг эх, ах дүү нартайгаа хамт цугларан, хайрт Томми, Жоан хоёрынхоо хойноос гашуудаж байлаа. Бид тэднийгээ ямар ч утга учиргүй гэмт үйлдлийн улмаас алдсан байв. Бидний зүрх сэтгэл шимширч, хэрэгтэнд уурлах уур хилэн сэтгэл дотор минь асаж эхлэв.

Томми Нэгдсэн Улсын Хууль зүйн хэлтэст хуульчаар ажиллаж байсан бөгөөд уугуул америкчуудын газар нутаг, байгалийн нөөцийг хамгаалах тухайд хүчтэй өмгөөлөгч байсан юм.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа автомашинаар хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгагдсан залуугийн шүүх хурал болов. Уй гашуу, зовлон шаналлын үеэр эцэг эх болон том эгч Кэйти маань уг шүүх хуралд оролцсон юм. Согтуугаар машин жолоодож явсан залуугийн эцэг эх ч тэнд байсан бөгөөд шүүх хурлын дараа тэд сандал дээр суугаад, мэгшин уйлж байв. Аав, ээж, эгч маань тэдэнтэй ойролцоо сууж байсан бөгөөд сэтгэлээ барих гэж хичээж байлаа. Хэсэг хугацааны дараа миний аав, ээж, эгч босоод, жолоочийн эцэг эх дээр очиж, тэдэнд уучилснаа хэлэн тайвшруулжээ. Эрэгтэйчүүд нь гар барилцаж, эмэгтэйчүүд гар гараа атгалцсан байв. Тэд бүгд гашуудан, нулимс урсгаж байсан нь хоёр гэр бүлийнхэн хоёулаа асар их зовлон шаналалд унасан байсныг илтгэж байлаа. Ээж, аав, Кэйти нар сэтгэлийн хат, зүрх зоригоо гарган, манай гэр бүлийнхэнд өршөөл уучлал гэж яг юу болохыг харуулсан юм.

Тэр үед өршөөлийн гараа сунгасан явдал миний зүрх сэтгэлийг зөөлрүүлэн, илаарших үүд хаалгыг нээж өгсөн билээ. Цаг хугацаа өнгөрсөөр би хэрхэн уучлах зүрх сэтгэлтэй болж болох талаар суралцсан юм. Зөвхөн Амар амгалангийн Ханхүүгийн тусламжийг хүлээн авснаар бидний зовлонгийн ачаа хөнгөрнө. Би Томми, Жоан хоёрыг зүрх сэтгэлдээ үргэлж санагалздаг ч өршөөл одоо надад тэднийг хязгааргүй баяр хөөрөөр эргэн дурсах боломжийг олгосон. Бид мөн дахин гэр бүлээрээ хамтдаа байх болно гэдгийг би мэднэ.

Үүгээр би хууль бус үйлдлийг зөвтгөж байгаа юм биш ээ. Хувь хүн өөрийн хийсэн гэмт хэрэг болон нийгэмд үйлдсэн буруу үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх ёстой гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ Бурханы охид, хөвгүүдийн хувьд бид Есүс Христийн сургаалыг дагадаг бөгөөд бусад хүн өршөөл хүлээн авах эрхгүй байж болох ч уучлах ёстой гэдгийг бас мэднэ.

Аврагч ийн заасан байдаг.

“Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна.

Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй.”3

Бусдын бидний “эсрэг үйлдсэн зөрчл[ийг]” өгөөмрөөр уучлан өршөөж сурснаар бид бүгд илэрхийлэхийн аргагүй амар амгаланг хүлээн авч, Аврагчийн хамтран зүтгэгч болох боломжтой. Ийнхүү хамтран зүтгэгч болох нь Аврагчийн хүчийг гарцаагүй, мартахын аргагүй арга замаар бидний амьдралд татан авчирдаг.

Төлөөлөгч Паул

“Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийнхээ хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс.

Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, … Эзэн уучилсны адил та нар бас уучил4 хэмээн зөвлөсөн.

Их Эзэн Өөрөө

“Иймийн тул, та нар бие биенээ уучлах ёстойг та нарт хэлнэ би; учир нь ах дүүгийнхээ зөрчлийг үл уучилдаг тэрээр Их Эзэний өмнө буруушаагдахаар зогсох буюу; учир нь түүнд илүү их нүгэл үлддэг болой.

Их Эзэн, бибээр өршөөх түүнийгээ би өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана”5 хэмээн тунхагласан.

Бидний Аврагч, Гэтэлгэгч Есүс Христийн сургаалууд тодорхой билээ. Хэрэв нүгэлтэн өршөөл хүлээн авахыг хүсэж байвал тэрээр бусдыг уучлах хүсэлтэй байх ёстой.6

Ах, эгч нар аа, зовлон шаналал авчирсан хүмүүс бидний амьдралд байдаг уу? Бид дургүйцэл, уур хилэнгээ бүрэн үндэслэлтэй гэж бодон, дотроо хадгалсаар байгаа юу? Бидний бардамнал бусдыг өршөөж, тавьж явуулахад саад болж байна уу? Би та бүхнийг бүрэн уучлан өршөөж, дотроосоо илааршихад уриалж байна. Хэдийгээр өршөөл өнөөдөр ирэхгүй байж болох ч хэрэв бид өршөөхийг хүсэж, үүний төлөө ажиллах юм бол дүүг минь нас барсны дараа өршөөл надад ирсний адил та нарт ч мөн адил ирэх болно.

Өршөөлийн амин чухал хэсэгт өөрсдийгөө уучилж өршөөх явдал ордог гэдгийг бүү март.

“Нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, бибээр тэдгээрийг нь цаашид санах нь үгүй”7 хэмээн Их Эзэн хэлсэн.

Өнөөдөр Есүс Христийг дурсан санаж, Түүний үлгэр жишээг дагана уу хэмээн би та бүхнийг уриалж байна. Тэрээр Голгот дээрх загалмай дээр зовж шаналж байхдаа “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна”8 хэмээн хэлж байсан.

Өршөөлийн сүнстэй байж, миний аав, ээж, эгчийн адил үйлдсэнээр бид “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай”9 гэсэн Аврагчийн амлалтыг ухааран ойлгох боломжтой.

Бид Есүс Христийн сургаалыг анхааралтай сонсож, Түүний үлгэр жишээг даган бусдыг уучилж, өршөөх юм бол энэхүү амар амгалан бидний амьдралд ирэх болно гэдгийг би гэрчилж байна. Биднийг уучлан өршөөх үед Аврагч биднийг хүчирхэгжүүлж, Түүний хүч, баяр баясгалан амьдралд маань урсан орж ирэх болно гэдгийг би амлаж байна.

Булш хоосон. Христ амьд бөгөөд би Түүнийг мэднэ. Би Түүнд хайртай! Түүний хүчирхэгжүүлэх хүч болох нигүүлсэл нь бүхнийг илааршуулахад хангалттай билээ. Есүс Христийн ариун нэрээр, амен.