2010–2019
Бурханы бошиглогч
2018 оны 4-р сар


Бурханы бошиглогч

Бошиглогч Аврагч болон бидний хооронд зогсдоггүй. Харин тэр бидний хажууд зогсон, Аврагч руу очих замыг заадаг.

Би ахлагч Гэррит Гонг болон ахлагч Улиссэс Соарэс нарыг Арван хоёрын Чуулгын хосгүй ахан дүүсийн нэгдэлд халуун дулаанаар угтан авч байна.

Бид ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонийг Их Эзэний бошиглогч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч хэмээн дэмжин батлахдаа тэнгэрээс зарлигласан онцгой ариун хуралдайны нэгээхэн хэсэг болсон билээ. Онцгой ариун гэж хэлсэн шалтгаан нь өнгөрсөн нэг цагийн турш болсон үйл явдлуудыг дэлхийн үүслээс өмнө тэнгэрт зөгнөсөн байсан юм. Их Эзэн Есүс Христ Өөрийн ажлыг удирдан чиглүүлдэг бөгөөд өнөөдөр ерөнхийлөгч Айрингаар дамжуулан Өөрийнхөө бошиглогч, тослогдсон удирдагчийг Өөрийн гэрээт хүмүүс болох бидэнд танилцууллаа. Мөн бидэнд бошиглогчийг дэмжиж, зөвлөгөөг нь дагахад бэлэн байгаагаа олон нийтэд батлан харуулах боломж олдлоо.

Энэхүү Чуулганы төвд байхгүй байгаа хэдэн сая хүнд хандан хэлэхэд, ерөнхийлөгч Нэлсонийг дэмжин батлах үеэр энэ байранд Их Эзэний Сүнс та нарын бодож төсөөлж байсантай яг адил сүнслэг хүч дүүрэн байсан гэдгийг мэдээсэй хэмээн хүсэж байна. Бидний тэнгэрлэгээр чиглүүлэгдсэн хуралдай нь зөвхөн Чуулганы төвд бус, Ази, Африк, Хойд Америк дахь сүмийн байруудад болон Төв Америк, Өмнөд Америк, Европ дахь айл гэрүүдэд мөн Номхон далайн орнууд болон далайн арлууд дахь дээвэр бүхий талбайнуудад гээд дэлхий даяар явагдаж байгаа. Энэхүү хуралдай нь ухаалаг утсаараа зөвхөн аудио бичлэг сонсох боломжтой та нарын байгаа дэлхийн аль ч хэсэгт болж байгаа. Бидний дэмжин баталж, өргөсөн гарыг бишопууд тоолдоггүй ч Бурхантай гэрээ байгуулсны хувьд ямар ч байсан энэ нь тэнгэрт тэмдэглэгдэж, үйлдэл маань амийн номонд цэдэглэгддэг юм.

Их Эзэн бошиглогчоо сонгодог

Их Эзэн бошиглогчоо Өөрөө сонгодог бөгөөд ямар нэгэн кампанит ажил, мэтгэлцээн, албан тушаалын төлөөх жүжиг, санал зөрөлдөөн, үл итгэлцэл, эргэлзээ, үймээн самуун болдоггүй. Ариун сүмийн дээд давхрын өрөөнд бид ерөнхийлөгч Нэлсонийг залбирч хүрээлэн, Их Эзэн түүнийг эргэлзээгүй хүлээн зөвшөөрч байгааг мэдрэх үед тэнгэрийн хүч бидэнтэй хамт байсан гэдгийг би мөн баталж байна.

Ерөнхийлөгч Нэлсон Бурханы бошиглогчоор үйлчлэхээр аль эрт сонгогдсон. Их Эзэний Иеремиад хэлсэн дараах үгс ерөнхийлөгч Нэлсонд ч мөн хамаатай. “Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө би чамайг мэдсэн бөгөөд төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, чамайг үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон томилсон.”1 Ердөө 3 жилийн өмнө ахлагч Нэлсон 90 насандаа хамгийн ахлах төлөөлөгчийн дөрөвт багтаж байсан бөгөөд ахлах гурван төлөөлөгчийн хоёр нь түүнээс насаар залуу байсан юм. Амьдрал, үхлийг захирдаг Их Эзэн Өөрийн бошиглогчийг сонгодог. 93 настай ерөнхийлөгч Нэлсоны эрүүл мэндийн байдал үнэхээр сайн байгаа. Тэр бидэнтэй дахиад 10 эсвэл 20 жил байна гэж бид найдаж байна. Гэхдээ бид түүнийг уулын цанаас л хол байгаарай хэмээн ятгах гэж хичээж байгаа.

Бид бошиглогчийг Их Эзэний тослогдсон нэгний хувьд дэмжин баталдаг хэдий ч зөвхөн Бурхан, Тэнгэрлэг Эцэг, Түүний тэнгэрлэг Хүүг шүтэн биширдэг гэдгээ тодруулж хэлмээр байна. Бид Аврагч, Есүс Христийн сайн үйлс, нигүүлсэл, ач ивээлээр дамжуулан нэгэн өдөр Тэдний оршихуйд дахин орж чадна.2

Бид яагаад бошиглогчийг дагадаг вэ?

Гэхдээ Есүс бидэн рүү илгээдэг үйлчлэгчдийнхээ талаарх чухал үнэнийг бидэнд заахдаа, “Та нарыг хүлээн авсан хүн Намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авсан хүн Намайг илгээсэн Түүнийг хүлээн авсан хэрэг юм”3 гэж хэлсэн байдаг.

Их Эзэний бошиглогчийн хамгийн чухал үүрэг нь Аврагчийн тухай зааж, биднийг Түүн рүү хөтлөх явдал юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг дагах олон логик учир шалтгаан бий. Дэлхийн хүмүүс хүртэл түүнийг маш их ухаантай гэж хэлдэг. Ахлагч Стивэнсоны тайлбарласнаар, тэр 22 насандаа эмч болж, улмаар нэр хүндтэй зүрхний мэс засалч, зүрхний нээлттэй мэс заслын олонд танигдсан анхдагч болсон юм.

Бусад хүн түүний мэргэн ухаан, шүүн тунгаах чадварыг хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, тэрээр 90 жилийн турш амьдрал, үхлийн талаар суралцаж, амин хувиа үл хичээн амьдарч, дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрд байгаа Бурханы хүүхдүүдийг хайрлаж, зааж сурган мөн 10 хүүхэд, 57 ач зээ, 118 ачинцар, зээнцэрээ төлөвшүүлэх ажилд туршлагажсан хүн юм (Энэ сүүлд байгаа тоо байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд өнгөрсөн лхагва гарагт нэг ачинцар нэмж мэндэлсэн).

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ачинцар хүүтэйгээ хамт

Түүнийг сайн мэдэх хүмүүс ерөнхийлөгч Нэлсонийг амьдралын бэрхшээлтэй тулгарахдаа итгэлтэй, зоригтой байсан талаар ярих байх. 37 настай охин Эмили нь хорт хавдраар нас барж, хайрт нөхөр, таван бяцхан хүүхдээ орхиж явах үед “Би түүний аав, эмч мөн Их Эзэн Есүс Христийн төлөөлөгч байсан ч толгойгоо бөхийлгөн ‘Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэг’ гэж хэлэх ёстой болсон”4 гэж хэлэхийг нь би сонссон.

Цамхаг дээрх харуул

Хэдийгээр бид түүний энэ бүх журамт зан чанарыг гайхан биширдэг ч яагаад бошиглогч Нэлсонийг дагадаг вэ? Бид яагаад бошиглогчийг дагадаг вэ? Яагаад гэвэл Их Эзэн Есүс Христ Рассэлл М.Нэлсонийг дуудаж, цамхаг дээрх харуулаа болгосон.

Зураг
Франц, Каркасон

Каркасон бол Францын алдарт цайз бүхий хот бөгөөд дундад зуунаас хойш оршин тогтнож байна. Бэхлэгдсэн ханануудаасаа давж харагдах өндөр цамхгууд нь ирж буй дайсныг холоос өдөр, шөнөгүй ажиглах цамхгууд дээр зогсох харуулуудад зориулан баригдсан юм. Харуул дайсан ирж явааг хараад, сэрэмжлүүлгийн дуу хоолойгоороо Каркасоны хүмүүсийг өөрсдөд нь харагдахгүй байгаа аюулаас хамгаалдаг байсан.

Бошиглогч бол бидэнд харагдахгүй байгаа сүнслэг аюулаас биднийг хамгаалах цамхаг дээрх харуул юм.

Их Эзэн Езекиелд “Би чамайг Израилийн гэрийн төлөө харуул болгон томилсон. Тиймээс чи Миний амнаас гарах үгийг сонсоод, Надаас өгөх сэрэмжлүүлгийг тэдэнд өгөх болно”5 хэмээн хэлжээ.

Бид ихэнхдээ бошиглогчийг дагах хэрэгцээ шаардлагын талаар ярьдаг. Гэхдээ Их Эзэний Өөрийн бошиглогчид үүрүүлсэн дараах хүнд ачааг бодоод үз дээ. “Чи тэр хорон муу хүнд … , сануулан хэлэхгүй бол тэр хорон муу хүн өөрийн хууль бус үйлсийн дотор [үхнэ]; … харин түүний цусыг Би чиний гараас нэхэх болно.”6

Илүү агуу хувийн гэрч

Бид Петр эсвэл Мосегийн үед тэднийг дэмжих байсны адилаар ерөнхийлөгч Нэлсонийг дэмждэг. Бурхан Мосед “Би Өөрөө чиний амтай хамт байж, чиний юу хэлэхийг чамд заана”7 гэж хэлсэн байдаг. Бид Их Эзэний бошиглогчийг сонсохдоо түүний үгсийг “[Их Эзэний] амнаас”8 гарсан гэдэгт итгэдэг.

Энэ сохор итгэл гэж үү? Үгүй ээ, тийм биш. Бид бүгдэд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн үнэн зөв байдлын талаар сүнслэг гэрч бий. Бид өөрсдийн хүсэл, сонголтоор энэ өглөө гараа өргөн, Их Эзэний бошиглогчийг өөрсдийн “итгэл найдвар, итгэл бас залбирлаар”9 дэмжин баталж, зөвлөгөөг нь дагах хүслээ тунхаглан зарласан. Бид хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд ерөнхийлөгч Нэлсоний дуудлага Бурханаас ирсэн гэдэг хувийн гэрчийг хүлээж авах эрхтэй. Эхнэр Кати минь ерөнхийлөгч Нэлсонийг бараг 30 жилийн өмнөөс мэддэг бөгөөд түүний тэнгэрлэг нөмрөг, онцгойлон адислалд эргэлздэггүй ч өнгөрсөн 34 жилд түүний хэлсэн Ерөнхий чуулганы бүх үгийг судалж, түүний бошиглолын үүргийн талаар илүү гүн гүнзгий нотолгоо авахаар залбирч эхэлсэн. Та даруухнаар мөн зохистойгоор үүнийг эрэлхийлэх аваас энэ илүү агуу гэрч танд ирнэ гэдгийг би амлаж байна.

Бид яагаад бошиглогчийнхоо дуу хоолойг дагах тийм их хүсэлтэй байдаг юм бэ? Бошиглогчийн дуу хоолой мөнх амьдралыг идэвхтэй эрэлхийлдэг тэднийг энэ ороо бусгаа цагт сүнслэг аюулгүй байдлаар хангадаг юм.

Сая сая дуу хоолойгоор биднийг олон өөр зүйлийг хийхэд нөлөөлдөг шуугиантай гараг ертөнц дээр бид амьдарч байна. Интернэт, ухаалаг утас, олон янзын үзвэр үйлчилгээ бүгд л биднийг бүтээгдэхүүнүүдийг нь худалдан авч, жишгийг нь хүлээн зөвшөөрөх байх гэж найдан, анхаарлыг маань татахыг хүсэж, бидэнд нөлөөлөх гэж оролдож байна.

Дуусашгүй мэт санагдах мэдээ мэдээлэл, үзэл суртлын талбар нь “давалгаанд энд тэнд шидэгдэн,”10 “салхиар туугдан,”11 “зальхай хуйвалдааны башир арганд туугдах” хүмүүсийн “ов мэхэнд” 12 ороогдох тухай судар дээрх сэрэмжлүүлгийг бидэнд сануулдаг.

Их Эзэн Есүс Христийг итгэлтэйгээр дагах нь Түүний илгээсэн хүмүүсийг сонсохыг биднээс шаарддаг. Үймээн самуунтай дэлхийд бошиглогчийг дагах нь тэсгэм хүйтэн өдөр дулаахан хөнжил рүүгээ шургаж орохтой адил юм.

Бид шалтаг шалтгаан, маргаан, мэтгэлцээн, тайлбараар дүүрэн дэлхийд амьдарч байна. “Яагаад?” гэж асуух нь бидний амьдралын олон талбарт эерэг нөлөөтэй бөгөөд өдөр бүр тулгардаг олон сонголт, шийдвэрийг бие даан гаргах боломжийг оюун ухааны маань хүчинд олгодог.

Гэхдээ Их Эзэний дуу хоолой ихэнхдээ ямар ч тайлбаргүй ирдэг.13 Эрдэмтдийг итгэж найддаг хань ижил, үр хүүхдүүдийнхээ итгэлийг эвдэх явдлаас үүдэлтэй үр нөлөөг судлахаас ч өмнө Их Эзэн “Чи бүү завхайр”14 гэж тунхагласан байдаг. Бид ганц оюун ухаанд найдахаас гадна Ариун Сүнсний бэлгийг эрхэмлэдэг.

Бүү гайхаарай

Зураг
Ноа номлож байгаа нь

Бошиглогчдын эелдэг зөөлөн дуу хоолой ихэнхдээ биднийг өөрчлөгдөж, наманчлахыг мөн Их Эзэн рүү эргэж очихыг хүссэн дуу хоолой байдаг. Хэрвээ засаж залруулах хэрэгтэй байгаа бол бүү хойшлуул. Бошиглогчийн анхааруулах дуу хоолой өнөө үеийн нийтлэг үзэл бодлыг үгүйсгэх үед бүү санаа зов. Уур бухимдалтай үл итгэгчид бошиглогчийг үгээ дөнгөж хэлж эхлэхэд л шүүмжилж эхэлдэг. Та нар Их Эзэний бошиглогчийн зөвлөгөөг дагахдаа даруу байх юм бол аюулгүй байдал, амар амгалангийн нэмэлт адислал та бүхэнд ирнэ гэдгийг би амлаж байна.

Зураг
Лемен үндэстэн Самуел бошиглосон нь

Заримдаа та нарын үзэл бодол Их Эзэний бошиглогчийн сургаалуудтай эхлээд бүрэн дүүрэн нийцэхгүй байвал битгий гайх. Энэ нь суралцах, даруусах, өвдөг сөхрөн залбирах мөч билээ. Бид цаг хугацаа өнгөрөх тусам Тэнгэрлэг Эцэгээс илүү сүнслэг тодорхой байдлыг хүлээн авна гэдгийг ойлгон, Бурханд найдаж, итгэлтэйгээр урагшилдаг. Нэг бошиглогч Аврагчийн зүйрлэшгүй бэлгийг “Хүүгийн таалал Эцэгийн таалалд багтах”15 явдал гэж тодорхойлсон байдаг. Өөрсдийн хүслийг Бурханы хүсэлд багтаана гэдэг нь үнэндээ ялагдал огтхон ч биш, харин гайхамшигт ялалтын эхлэл юм.

Зарим хүн бошиглогчийн дуу хоолойг хэт их шинжлэн судлахыг хичээж, аль нь бошиглолын дуу хоолой, аль нь хувийн бодол санаа болохыг тодорхойлох гэж зовдог.

1982 онд Рассэлл М.Нэлсон ах ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдахаасаа хоёр жилийн өмнө “Би хэзээ ч ‘Бошиглогч хэзээ бошиглогчийн хувиар эсвэл хувь хүнийхээ хувьд ярьдаг бол?’ гэж өөрөөсөө асууж байгаагүй. ‘Би хэрхэн түүнтэй илүү адил болох вэ?’ гэдэгт л санаа тавьдаг байсан” гэж хэлж байсан. Тэрээр “Би бошиглогчдын хэлсэн үг сургаал мөн эсэхийг асуухаа больж, тэднийг дагахад л анхаарлаа хандуул гэсэн зарчмыг баримталдаг”16 гэж нэмж хэлсэн билээ. Энэ бол даруу бөгөөд сүнслэг хүн амьдралаа хэрхэн зохион байгуулахаа сонгосон арга зам юм. 36 жилийн дараа, одоо бол тэр Их Эзэний бошиглогч.

Аврагчид итгэх итгэлээ нэмэгдүүл

Бурханы бошиглогчийн үгийг залбирч судлан, түүний сүнслэг өдөөлтөөр ирсэн сургаалтай өөрийн хүслийг анхааралтай, тэвчээртэй, сүнслэгээр нийцүүлэх юм бол Их Эзэн Есүс Христэд итгэх бидний итгэл үргэлж өсдөг гэдгийг би амьдралаасаа олж мэдсэн билээ.17 Хэрэв бид түүний зөвлөгөөг үл тоомсорлож, өөрсдийгөө илүү дээр мэдлэгтэй гэж бодвол итгэл маань шаналж, мөнхийн хэтийн төлөв маань тодорхой бус болно. Та нар бошиглогчийг дагах шийдвэр төгс хэвээр байснаар Аврагчид итгэх та нарын итгэл өсөн нэмэгдэнэ гэдгийг би амлаж байна.

Аврагч “Бүх бошиглогч … миний тухай гэрчилсэн”18 хэмээн хэлсэн юм.

Бошиглогч Аврагч болон бидний хооронд зогсдоггүй. Харин тэр бидний хажууд зогсон, Аврагч руу очих замыг заадаг. Бошиглогчийн хамгийн агуу үүрэг хариуцлага, бидэнд өгдөг хамгийн үнэ цэнтэй бэлэг нь Есүс бол Христ гэсэн түүний баттай гэрч, тодорхой мэдлэг юм. Эртний Петрийн адил бошиглогч маань “[Тэр бол] Христ, амьд Бурханы Хүү”19 хэмээн тунхагладаг.

Ирээдүйн нэгэн өдөр, бид мөнх бус байдлаа эргэн хараад, амьд бошиглогчийн үед амьдарч байсандаа баясан цэнгэх болно. Тэр өдөр бид ийнхүү хэлж залбираасай.

Бид түүнийг сонссон.

Бид түүнд итгэсэн.

Бид түүний үгсийг итгэлтэй бас тэвчээртэй судалсан.

Бид түүний төлөө залбирсан.

Бид түүний хажууд зогссон.

Бид хангалттай даруу байж, түүнийг дагасан.

Бид түүнийг хайрласан.

Есүс бол Христ, бидний Гэтэлгэгч бөгөөд Аврагч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол Түүний энэ дэлхий дээрх тослогдсон бошиглогч гэсэн ариун гэрчлэлээ өгье. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Иеремиа 1:5.

  2. 2 Нифай 2:8-ыг үзнэ үү.

  3. Матай 10:40.

  4. Personal memory; мөн Spencer J. Condie, Russell M. Nelson: Father, Surgeon, Apostle (2003), 235-ыг үзнэ үү.

  5. Езекиел 33:7.

  6. Езекиел 33:8.

  7. Египетээс гарсан нь 4:12.

  8. Сургаал ба Гэрээ 21:5.

  9. Сургаал ба Гэрээ 107:22.

  10. Ефес 4:14.

  11. Иаков 1:6.

  12. Ефес 4:14.

  13. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

    “1988 онд хийсэн нэгэн ярилцлагадаа … би тэнгэрлэг илчлэлтийн тухай мөнх бус хүмүүний шалтгаан тоочих олон оролдлогын талаарх үзэл бодлоо тайлбарласан юм.

    ‘Хэрэв та нар судруудыг “Их Эзэн яагаад энэ зарлигийг эсвэл тэр зарлигийг өгсөн бэ” гэсэн асуултыг оюундаа тунгаан уншвал зууд ганцаас ч бага шалтгаан тоочсоныг олж мэдэх болно. Шалтгаануудыг өгөх нь Их Эзэний загвар биш юм. [Мөнх бус] бид л илчлэлтүүдэд шалтгаануудыг өгдөг. Бид зарлигуудад шалтгаануудыг гаргадаг. Бид тэгвэл өөрсдөө л үлдэх болно. Зарим хүн бидний энд ярьж байгаа зарим зүйлд шалтгаануудыг өгсөн бөгөөд тэдгээр нь үнэхээр буруу болж таарсан. Энэ нь сургамж болсон. … Би аль эрт зарлигуудад итгэж, харин үүнд санал болгосон шалтгаануудад итгэхгүй гэж шийдсэн.’

    Шалтгаанууд нь бүхэлдээ надад шаардлагагүй эрсдлийг авчирч байгаа юм шиг санагдсан. … Энд болон бусад хэсэгт илчлэлтүүдэд шалтгаан өгөх гэсэн өнгөрсөнд хийгдэж байсан алдаануудыг давтахгүй байцгаая. Шалтгаанууд нь их хэмжээгээр хүнээр зохиогдсон байж таардаг.Илчлэлтүүдийг бид Бурханы хүсэл гэж үзэн дэмждэг бөгөөд энд л аюулгүй байдаг’ (Life’s Lessons Learned [2011], 68–69).

  14. Египетээс гарсан нь 20:14

  15. Мозая 15:7

  16. Russell M. Nelson, in Lane Johnson, “Russell M. Nelson: A Study in Obedience,” Tambuli, Jan. 1983, 26.

  17. Ерөнхийлөгч Хэнр Б.Айринг “бошиглогчийн зөвлөгөөг хүлээн авах, эс авах нь сайн зөвлөгөөг хүлээн авч, ашиг тусыг нь хүртэх эсвэл байгаа газраа үлдэхийг сонгохоос илүү зүйл биш гэсэн өөр нэгэн буруу ойлголт байдаг. Гэвч бошиглолын зөвлөгөөнд анхаарал тавихгүй байх сонголт нь бидний зогсож буй байрыг өөрчилж, илүү аюултай болгодог. Бошиглолын зөвлөгөөнд анхаарал тавихгүй байх нь ирээдүйд сүнслэг зөвлөгөө хүлээн авах хүчийг сулруулдаг. Ноад хөвөгч авдар барихад нь туслахаар шийдэх хамгийн зөв цаг бол түүнийг анх асуухад байсан юм. Түүний дараа нь асууж, хариулт хүлээн аваагүй тохиолдол бүр Сүнсийг мэдэрч сонсох мэдрэмжийг нь бууруулах байсан. Бороо орох хүртэл түүний хүсэлтүүд улам мунхаг санагдах байсан. Тэгээд бүх зүйл оройтох байлаа” (“Finding Safety in Counsel,” Ensign, May 1997, 25).

  18. 3 Нифай 20:24.

  19. Матай 16:16 мөн Иохан 6:69-ийг үзнэ үү.