2010–2019
Дахиад нэг өдөр
2018 оны 4-р сар


Дахиад нэг өдөр

Бид бүгдэд “өнөөдөр” хэмээх өдөр байдаг бөгөөд өөрсдийн энэ өдрийг амжилттай болгох түлхүүр нь золиослол хийхэд бэлэн байх явдал юм.

Хэдэн жилийн өмнө манай найзууд Бригам гэдэг хөөрхөн хүүтэй болсон юм. Бригам төрснийхөө дараа Хантэрын синдром гэдэг ховор өвчинтэй гэж оношлогдсон бөгөөд харамсалтай нь, энэ нь удаан наслахгүй гэсэн үг байв. Нэг өдөр Бригам гэр бүлийнхэнтэйгээ ариун сүмийн талбайгаар явж байгаад “Дахиад нэг өдөр” гэдэг үгсийг хоёр удаа давтан хэлж билээ. Маргааш нь Бригам нас барсан.

Зураг
Бригам
Зураг
Бригамийн гэр бүлийнхэн
Зураг
Бригамийн булш

Би Бригамийн булшийг хэд хэдэн удаа эргэж очсон бөгөөд очих болгондоо “дахиад нэг өдөр” гэдэг үгсийн талаар тунгаан боддог. Хэрвээ би дахиад нэг л өдөр амьд байна гэдгээ мэдэх юм бол энэ нь миний амьдралд ямар утга учиртай, ямар нөлөөтэй байх бол гэж би боддог. Би эхнэр, хүүхдүүдтэйгээ бас бусадтай яаж харьцах бол? Би хэр тэвчээртэй, хэр найрсаг байх бол? Би биеэ хэрхэн анхааран арчлах бол? Би хэрхэн чин сэтгэлээсээ залбирч, судруудаас суралцах бол? Бид бүгдээрээ хэзээ нэгэн цагт “дахиад нэг өдөр” үлдсэн байгаа гэсэн ухаарлыг буюу өөрсдөдөө үлдсэн цагаа ухаалгаар ашиглах ёстой юм байна гэсэн ухаарлыг мэдэрдэг байх гэж би боддог.

Хуучин Гэрээнээс бид Иудагийн хаан Хезекиагийн тухай түүхийг уншдаг. Бошиглогч Исаиа Хезекиад амьдрал нь дуусах гэж байна хэмээн хэлсэн. Хезекиа бошиглогчийн үгсийг сонсоод, залбиран гуйж, асгартал уйлж эхэлдэг. Тэр тохиолдолд, Бурхан Хезекиад 15 жилийн амьдралыг нэмж өгсөн. (Исаиа 38:1–5-ыг үзнэ үү.)

Хэрвээ бидэнд амьд байх богинохон хугацаа үлдсэн гэж хэлэх юм бол бид ч бас хийх ёстой байсан, өөрөөр хийх байсан зүйлсээ дурдан, амьдрах илүү олон өдрийг өгөхийг гуйх байх.

Их Эзэн Өөрийн мэргэн ухаанаар бидний нэг бүрд хэр их хугацаа өгснөөс үл хамааран, бид нэг зүйлд итгэлтэй байж болно. Бид бүгдэд “өнөөдөр” хэмээх өдөр байдаг бөгөөд өөрсдийн энэ өдрийг амжилттай болгох түлхүүр нь золиослол хийхэд бэлэн байх явдал юм.

Их Эзэн “Болгоогтун, Хүний Хүүгийн ирэлтийг хүртэл эдүгээ энэ нь өнөөдөр хэмээн нэрлэгдэх бөлгөө, мөн үнэнээр энэ нь золисололын өдөр бөлгөө” хэмээн хэлсэн (С ба Г 64:23; тодотгол нэмэгдсэн).

Золисолол гэдэг үг нь “ариун нандин” гэдэг утгатай sacer (сэйкэр) мөн “хийх” гэсэн утгатай facere (фасере) гэдэг латин үгсээс гаралтай бөгөөд эдгээр үг нь аливаа зүйлийг ариун нандин болгох, тэдгээрт хүндэтгэл авчрах гэсэн утгатай.

“Тэнгэрээс золиослолыг адислах болно” (“Тэр хүнийг магтъя,” Сүмийн дуулал, х. 50).

Золиослол нь ямар ямар арга замаар бидний өдрийг утга учиртай мөн адислагдсан болгох вэ?

Нэгдүгээрт, хувийн золиослол биднийг хүчирхэгжүүлж, бидний золиосолж байгаа зүйлсийг үнэ цэнтэй болгодог.

Хэдэн жилийн өмнө мацгийн нэгэн ням гарагт нэгэн настай эгч индэр дээр гарч, гэрчлэлээ хуваалцаж билээ. Тэр Перугийн Амазонд байдаг Иквитос гэдэг хотод амьдардаг байжээ. Тэр баптисм хүртсэн цагаасаа хойш Перугийн Лима хотын ариун сүмд ёслолууд хүлээн авах зорилгыг байнга тавьсаар ирсэн хэмээн хэлсэн юм. Тэр олон жилийн турш аравны нэгээ бүрэн дүүрэн итгэлтэй төлсөн бөгөөд жаахан орлогоо хадгалдаг байв.

Тэр ариун сүм рүү явж, ариун нандин ёслолуудыг хүртсэн баяр хөөрөө дараах үгсээр дүрсэлсэн. “Өнөөдөр би эцсийн эцэст хөшигний нөгөө тал руу гарахад бэлэн боллоо гэж хэлж чадна. Би дэлхий дээрх хамгийн аз жаргалтай эмэгтэй. Би ариун сүмд орохоор хэчнээн олон жил мөнгө хадгалсныг та нар мэдэхгүй. Тэгээд долоон өдрийг голоор явж, 18 цаг автобусаар аялсны дараа би эцэст нь Их Эзэний өргөөнд орсон. Би тэр ариун газраас гарч явахдаа өөртөө “би ариун сүмд орох гэж ийм их золиослол гаргасны эцэст хийсэн гэрээ болгондоо хөнгөн хуумгай хандахад хүргэх юуг ч хийхгүй, эс тэгвэл энэ бүхэн нь дэмий хоосон зүйл болох болно. Энэ бол үнэхээр чухал амлалт!” гэж өөртөө хэлсэн юм.

Би энэ эгчээс хувийн золиослол бол бидний шийдвэр, зорилгыг удирддаг үнэлшгүй хүч юм гэдгийг ойлгосон. Хувийн золиослол нь бидний үйл хөдлөл, амлалт, гэрээнд нөлөөлдөг бөгөөд ариун нандин зүйлсийг утга учиртай болгодог.

Хоёрдугаарт, бидний бусдын төлөө, бусдын бидний төлөө гаргадаг золиослолууд бид бүгдэд адислалуудыг авчирдаг.

Намайг шүдний эмчийн сургуульд сурч байхад манай улс орны эдийн засгийн байдал сайнгүй байлаа. Инфляцаас болж мөнгөний ханш өдрөөс өдөрт маш ихээр унаж байсан.

Би мэс заслын дадлага хийх сургалтад орох ёстой байсан жилээ санаж байна. Би тэр улирлын хичээл эхлэхээс өмнө бүх шаардлагатай мэс заслын багаж хэрэгслийг худалдаж авах ёстой байв. Аав, ээж хоёр маань шаардлагатай мөнгийг хурааж, хадгалсан байлаа. Гэтэл нэг орой маш харамсалтай зүйл тохиолдов. Бид мэс заслын багаж хэрэгсэл худалдаж авахаар очтол багаж хэрэгсэл авахаар хадгалсан мөнгө маань мэс заслын ердөө нэг чимхүүрээс өөр юу ч авч хүрэхээргүй болохыг олж мэдсэн юм. Намайг сурч чадахгүй нэг улирал алдах нь дээ гэж санаа зовсон байдалтай бид гэртээ гар хоосон буцаж ирж билээ. Гэтэл гэнэт ээж маань “Тэйлор, надтай хамт явах уу, хоёулаа гаръя” гэж хэлэв.

Бид ээмэг бөгж худалдаж авч, зардаг дэлгүүрүүдийн төв болсон хотын төв хэсэг рүү явсан. Бид нэг дэлгүүр рүү ороход ээж маань цүнхнээсээ нэг бяцхан цэнхэр хамба хилэн уут гаргаж ирсэн ба дотор нь “хайрт охиндоо, ааваас нь” гэсэн бичигтэй маш гоё алтан бугуйвч байсан. Энэ бугуйвчийг өвөө маань ээжийн төрсөн өдрөөр өгсөн байв. Тэгээд, миний нүдний өмнө ээж маань үүнийгээ зарж билээ.

Тэр мөнгөө аваад, надад “Чи шүдний эмч болно гэдгийг би гарцаагүй мэдэж байна. Хэрэгтэй байгаа бүх багаж хэрэгслээ худалдаж ав” гэж хэлсэн. Намайг тэр цагаас хойш ямархуу оюутан болсныг та нар төсөөлж байна уу? Би ээжийнхээ гаргасан золиослолын өндөр үнэ цэнийг мэдэж байсан болохоор хамгийн сайн оюутан байж мөн сургалтаа хурдан дуусгахыг хүсэж билээ.

Хайртай хүмүүсийн минь гаргадаг золиослолууд цөл дунд хүйтэн ус уухтай адил биднийг шинэчилдэг гэдгийг би олж мэдсэн. Ийм золиослол бидэнд найдвар, хөдөлгөгч хүч болдог.

Гуравдугаарт, Бурханы Хүүгийн золиослолтой харьцуулбал бидний хийх ямар ч золиослол тун өчүүхэн юм.

Бурханы Хүүгийн золиослолтой харьцуулбал дурсгалтай алтан бугуйвчийн үнэ цэн ч дэндүү өчүүхэн билээ. Бид тэрхүү хэмжээлшгүй золиослолыг хэрхэн хүндэтгэж чадах вэ? Бид өдөр бүр амьдрах дахиад нэг өдөртэй гэдгээ санаж, үнэнч итгэлтэй байж чадна. Амюлек “Тийм ээ, та нар ирж мөн зүрх сэтгэлээ цаашид бүү хатууруулаасай хэмээнэ би; учир нь болгоогтун, та нарын авралын өдөр мөн үе нь эдүгээ болой; мөн тиймийн тул, хэрэв та нар наманчилж зүрх сэтгэлээ хатууруулахгүй аваас, гэтэлгэлийн агуу их төлөвлөгөө тэр даруй та нарт үйлчлэх болно” хэмээн заасан (Алма 34:31). Өөрөөр хэлбэл, хэрвээ бид харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг золиослол болгон Их Эзэнд өргөх юм бол аз жаргалын агуу төлөвлөгөөний адислалууд бидний амьдралд тэр даруй илэрхий болох болно.

Есүс Христийн золиослолын ачаар гэтэлгэлийн төлөвлөгөө боломжтой болдог. Тэр өөрөө золиослолоо “бүр бүхнээс хамгийн агуу Бурхан намайг өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход хүргэсэн тэрхүү зовлон нь—мөн намайг тэрхүү гашуун аяганаас уухгүй, мөн айснаас эргэн буцахад хүргэж болохоор байсан билээ” хэмээн дүрслэн хэлсэн (С ба Г 19:18).

Бид чин сэтгэлийн наманчлалын үйл явцыг дагасныхаа дараа гаргасан алдаа, хийсэн нүглийнхээ ачааг энэ золиослолоор хөнгөрөхийг мэдэрдэг. Үнэндээ, гэмшил, ичгүүр, харамсал, өөрсдийгөө дорд үзэх байдал маань цэвэр ухамсар, аз жаргал, баяр хөөр, итгэл найдвараар солигддог.

Түүнчлэн бид Түүний золиослолыг хүндэтгэж, талархах үедээ Бурханы илүү сайн хүүхдүүд байж, нүглээс ангид байх мөн гэрээнүүдээ сахих гүн гүнзгий хүслийг агуу ихээр хүлээж авдаг.

Тийнхүү, Иносын адил бид нүглүүдийнхээ өршөөлийг хүлээн авсны дараа өөрсдийгөө золиосолж, өөрсдийн ах, эгч, дүү нарын сайн сайхныг эрэлхийлэх хүслийг мэдэрдэг юм (Инос 1:9-ийг үзнэ үү). Тэгээд бид “дахиад нэг өдөр” ирэх бүрд ерөнхийлөгч Ховард В.Хантэрын дараах урилгыг дагах илүү их хүсэлтэй байх болно. “Маргааныг намжаа. Мартагдсан найзаа хайж ол. Хардлага сэрдлэгээ орхиж, итгэлээр орлуул. … Эелдэг зөөлнөөр хариул. Өсвөр үеийнхнийг урамшуул. Үг, үйлдэлдээ үнэнч байдлаа харуул. Амлалтаа сахь. Өс хонзонгоо март. Дайснаа уучил. Уучлалт гуй. Ойлгохыг хичээ. Бусдад тавих шаардлагаа хянаж үз. Өөр нэгний талаар бод. Найрсаг бай. Эелдэг бай. Илүү их инээ. Талархлаа илэрхийл. Танихгүй нэгнийг дотноор хүлээн ав. Хүүхдийн зүрхийг баясга. … Хайраа илэрхийл, тэгээд дахиад илэрхийл” (Teachings of Presidents of the Church: Howard W. Hunter [2015], 32; “What We Think Christmas Is,” McCall’s, Dec. 1959, 82–83, хэсэгчлэн авав).

Бид өөрсдийн өдрүүдийг хувийн золиослолоор болон өөрсдийн гаргадаг мөн бусдын бидний төлөө гаргадаг золиослолоос ирдэг хүч чадлаар дүүргэж байх болтугай. Мөн бид Төрсөн Ганцын бидэнд өгдөг золиослолын амар амгалан, баяр баяслыг онцгой замаар эдлэх болтугай. Тийм ээ, энэ баяр баясгалан нь Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн та баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө гэж уншихад гардаг баяр баяслын талаар ярьж байгаа юм (2 Нифай 2:25-ыг үзнэ үү). Энэ баяр хөөр нь зөвхөн Аврагч Есүс Христийн Цагаатгал, золиослолын өгч чадах жинхэнэ баяр хөөр юм.

Бид Түүнийг дагаж, Түүнд итгэж, Түүнийг хайрлан, дахиад нэг өдөр амьдрах боломж олдох бүрд Түүний золиослолоор илэрхийлэгдсэн хайрыг мэдрээсэй хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен,