2010–2019
Харцгаа! Хааны арми
2018 оны 4-р сар


Харцгаа! Хааны арми

Заах, суралцах, мөр зэрэгцэн үйлчлэх боломжийг хүлээн авах нь бүх Мелкизедек санваартны хувьд хэчнээн баяр хөөртэй зүйл билээ.

Хайрт санваартан ах нар минь ээ, энэ түүхэн үйл явдлын үеэр би хүндэт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонийхээ даалгавраар та нарын өмнө зогсож байгаадаа ихэд даруусаж байна. Би Бурханы энэ гайхалтай хүнийг мөн шинэ Тэргүүн Зөвлөлөө маш ихээр хайрлан хүндэлж, дэмждэг. Ахлагч Д.Тодд Кристоффэрсон болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын бусад ахын өнөө оройн зарласан өөрчлөлтүүд Их Эзэний хүсэл юм гэсэн өөрийн гэрчлэлийг би нэмэх гэсэн юм.

Ерөнхийлөгч Нэлсоний хэлсэнчлэн энэ асуудлыг Сүмийн ахмад Ах нар удаан хугацааны туршид залбиран авч үзэж, хэлэлцсэн. Уг хүсэл Их Эзэний хүслийг эрэлхийлэн, Мелкизедек санваарын чуулгыг хүчирхэгжүүлэх явдал байв. Сүнслэг өдөөлт ирж, өнөө орой бошиглогч маань Их Эзэний хүслийг зарласан билээ. “Үнэхээр Эзэн Бурхан зарц нар, эш үзүүлэгчдэдээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй!”1 Бид өнөөдөр амьд бошиглогчтой байснаар хэчнээн их адислагдсан билээ!

Расбанд эгч бид хоёр амьдралынхаа туршид Сүмийн болон мэргэжлийнхээ ажлаар дэлхийгээр олонтоо аялсан. Би Мелкизедек санваартнуудын тоог нь гарын таван хуруугаараа тоолж болох Оросын жижигхэн салбар, нийт Мелкизедек санваартны тоо нь бага учраас дээд прист, ахлагчид нь нэг бүлэгт нэгдэж уулздаг байсан шинэ, өсөж буй Африкийн тойрог мөн ахлагчдын тоо нь их учраас чуулгаа хоёр хуваахаас аргагүйд хүрсэн хөлөө олсон тойргууд гээд Сүмийн бараг бүх төрлийн нэгжийн хэлбэрийг харж байсан.

Бид хаа ч явсан Их Эзэний мутар Өөрийн үйлчлэгчдийн өмнө байж, бүх хүүхдээ хэрэгцээнийх нь дагуу адисалж болохын тулд хүмүүсийг болон өмнөх замыг нь бэлтгэж байгааг харж байсан. Тэр “[бидний] нүүрний өмнө явах болно” мөн “[бидний] баруун гар талд мөн [бидний] зүүнтээ байх болно” мөн Түүний “Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн [Түүний] тэнгэр элчүүд [бидний] эргэн тойронд байх болно”2 гэж амлаагүй гэж үү?

Та нарын тухай бодох үед надад “Харцгаа! Хааны арми,

Харцгаа! Хааны арми,

Туг, сэлэм, бамбай авч,

Тийн амьдралын агуу их тулаанд

Ялахаар явж байна.

Жагсаал нь цэргүүдээр дүүрч,

Тэд нэгдмэл, хүчтэй юм.

Тэд захирагчаа дагацгаан,

Баярын дуугаа дуулна3 хэмээх дуулал санаанд орж ирдэг.

Ахлагч Кристоффэрсон тойргийн түвшинд дээд пристийн бүлэг ахлагчдын чуулгатай нийлэн, нэгэн нэгдмэл, хүчирхэг Мелкизедек санваартан ах нарын арми болж байгааг зарласантай холбоотойгоор гарцаагүй гарч ирэх зарим асуултад хариулсан.

Эдгээр өөрчлөлт ахлагчдын чуулгад болон Халамжийн нийгэмлэгт ажил үүргээ зохицуулахад нь туслах болно. Мөн эдгээр нь чуулгын бишопын болон тойргийн зөвлөлийн хоорондох уялдаа холбоог хялбарчлах юм. Түүнчлэн эдгээр нь ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчдөд илүү олон ажил үүрэг даалгах боломжийг бишопт олгох бөгөөд ингэснээр бишоп зөвлөхүүдийнхээ хамт өөрсдийн үндсэн үүрэгт буюу залуу эмэгтэйчүүдийг болон Аароны санваартай залуу эрэгтэйчүүдийг удирдан тэргүүлэх ажилдаа анхаарлаа хандуулж чадна.

Сүмийн зохион байгуулалт, үйл ажиллагааг үргэлж өөрчлөөд байдаггүй. 1883 онд Их Эзэн ерөнхийлөгч Жон Тэйлорт хандан “Би та нарт … Өөрийн Сүмийн ирээдүйн өсөлт хөгжилд болон төгөлдөржих явцад шаардлагатай, мөн хаант улсыг нөхцөл байдалд зохицуулан, урагшлуулахын тул томилсон сувгаараа дамжуулан Өөрийн Сүм болон санваарын удирдлага, зохион байгуулалтын талаар цагаас цагт илчилж байх болно”4 хэмээн хэлжээ.

Дээд прист ах нартаа хандан хэлэхэд, бид та нарт хайртай гэдгийг бүү мартаарай. Тэнгэр дэх Эцэг маань ч гэсэн та нарт хайртай. Та нар хааны санваарын армийн томоохон хэсэг бөгөөд бид энэ ажлыг та нарын сайхан сэтгэл, үйлчлэл, туршлага, зөв шударга байдалгүйгээр урагшлуулж чадахгүй. Эрчүүд бусдад заах, тохинуулах үлэмж итгэл, сайн үйлсийнхээ дагуу дээд прист байхаар дуудагддаг хэмээн Алма заасан.5 Энэ туршлага магадгүй одоо хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна.

Манай олон тойрогт дээд пристүүдийг чуулгынх нь ерөнхийлөгчийн хувьд ахлагчид тэргүүлэн удирдах боломжтой байх болно. Бидэнд дээд пристүүдийг ахлагчид тэргүүлж байсан өмнөх туршлага бий. Тухайлбал: одоо дэлхийн зарим хэсэгт дээд пристүүдийн оршин суудаг салбарт ахлагчид салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж байна. Мөн дээд пристүүд байгаа ч гэсэн зөвхөн ахлагчдын чуулга зохион байгуулагдсан салбарууд ч бий.

Тойргийнхоо бүх гишүүнд заах, тэднээс суралцах, тэдэнтэй мөр зэрэгцэн үйлчлэх боломжийг хүлээн авах нь бүх Мелкизедек санваартны хувьд хэчнээн баяр хөөртэй зүйл билээ! Хаана, ямар нөхцөл байдалд байгаагаас тань үл хамааран бид та нарыг удирдах эсвэл удирдуулах мөн санваартан ах нартай нэг болж нэгдэн үйлчлэх шинэ боломжийг залбиралтай, итгэлтэй, баяр баясгалантай хүлээн авна уу гэж урьж байна.

Биднийг ариун санваарын чуулгын зохион байгуулалттай холбоотой Их Эзэний хүслийг гүйцэлдүүлэхээр урагшлах явцад тодруулах шаардлагатай байж болох нэмэлт асуудлуудыг би одоо авч хэлэлцье.

Гадасны дээд пристүүдийн чуулгад ямар ямар өөрчлөлт орсон бэ? Гадасны дээд пристүүдийн чуулга үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасны дээд пристүүдийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлөөр үргэлжлүүлэн үйлчилнэ. Гэхдээ ахлагч Кристоффэрсоны онцолсноор, гадасны дээд пристүүдийн чуулгын гишүүд одоогоор гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байгаа дээд пристүүд, тойргийн бишопын зөвлөлийн гишүүд, гадасны дээд зөвлөлийн гишүүд болон одоо үйлчилж байгаа патриархаас бүрдэнэ. Тойргийн болон гадасны бичиг хэргийн ажилтнууд гадасны дээд пристүүдийн чуулгын гишүүд биш болно. Дээд прист, патриарх, Дал эсвэл төлөөлөгчөөр идэвхтэй үйлчилж байгаа хэн нэгэн аль нэг тойрогт айлчилж, санваарын цуглаанд суухыг хүсвэл ахлагчдын чуулгынхантай уулзана.

Эдгээр дуудлагат ажилд үйлчилж байгаа ах нар чөлөөлөгдөх үедээ гэрийнхээ харьяа нэгжид ахлагчдын чуулгын гишүүд болж эргэн очно.

Гадасны дээд пристүүдийн чуулгын үүрэг юу вэ? Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл дээд пристүүдийн чуулгын гишүүдтэй зөвлөлдөж, гэрчилж мөн сургалт өгөхөөр уулзаж байх юм. Манай гарын авлагуудад тусгаснаар гадасны хурлуудад цаашид хоёр өөрчлөлт хийгдэнэ.

Нэгдүгээрт, тойрог, гадас нь санваарын гүйцэтгэх хорооны хурлыг дахин хуралдуулахгүй. Хэрэв тойрогт гэр бүлийн нарийн түвэгтэй асуудал эсвэл халамжийн өвөрмөц тохиолдол гэх мэт онцгой асуудал гарч ирвэл үүнийг бишопын зөвлөлийн өртгөтгөсөн хурлаар хэлэлцэж болно. Бусад нууц биш асуудлыг тойргийн зөвлөлөөр авч хэлэлцэж болно. Бидний мэдэх гадасны санваарын гүйцэтгэх хорооны хурлыг одооноос эхлэн “дээд зөвлөлийн хурал” гэж нэрлэнэ.

Хоёрдугаарт, гадасны бүх томилогдсон дээд пристийн жил тутмын хурлыг дахин хуралдуулахгүй. Гэхдээ, гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасны дээд пристүүдийн чуулгын жил тутмын хурлыг өнөөдөр зарласан бүтцээр үргэлжлүүлэн хийх болно.

Тойрогт нэгээс дээш ахлагчдын чуулга байж болох уу? Байж болно. Сургаал ба Гэрээ 107-р хэсгийн 89-р шүлэгт дурдсанаар тойргийн идэвхтэй Мелкизедек санваартнуудын тоо хэтэрсэн үед удирдагчид нэгээс дээш ахлагчдын чуулгыг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд чуулга бүр нас, туршлага, санваарын алба, хүчний хувьд аль болох тэнцвэртэй байх ёстой.

Бид тойрог, гадаснууддаа чуулгын энэхүү сүнсээр өдөөгдсөн шинэ зохион байгуулалтыг хийснээр олон адислалыг олж харах болно гэдгийг би гэрчилж байна. Би хэдэн жишээ дурдъя.

Бишопын удирдлаган дахь санваарын олон эх сурвалж авралын ажилд тус болж болно. Үүнд ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан Израилийг цуглуулах, тусламж хэрэгтэй гэр бүл, хувь хүмүүстэй ажиллах, номлогчдод бодгалиудыг Есүс Христэд авчрахад туслах зэрэг нь орно.

Өмнөх тэргүүлэх удирдагчид эргэн ирж, ахлагчдын чуулгатай туршлагаа хуваалцсаны үр дүнд чуулгын гишүүд хүчирхэгжинэ.

Чуулгад олон төрлийн авьяас бэлэг, чадвар байх болно.

Мөн тойрог, чуулгуудын доторх одоогийн болон чухал хэрэгцээ шаардлагыг хангаж чадахуйц, өөрсдийн янз бүрийн тохинуулах үүрэг даалгаврыг гүйцэтгэхдээ илүү уян хатан, боломж бололцоотой болсон байна.

Шинэ ахлагч, туршлагатай дээд прист хоёр чуулгын цуглаан дээр болон үүрэгт ажлаа хийхдээ мөр зэрэгцэн, туршлагаа хуваалцсанаар зааж сургах ажил, эв нэгдэл өсөн нэмэгдэх болно.

Бишопууд болон салбарын ерөнхийлөгчид сүргээ хариулах, тусламж хэрэгтэй хүмүүст тохинуулах зэрэг дуудлагаа эрхэмлэн биелүүлж болохуйц чөлөөтэй болно гэдэгт найдаж байна.

Бид тойрог, гадас бүрийг өөр өөр гэдгийг ойлгож байгаа. Хэдийгээр эдгээр ялгааг ойлгож байгаа ч та нар энэхүү Ерөнхий чуулганы дараа эдгээр өөрчлөлтийг нэн даруй дагана гэдэгт бид итгэж байна. Бидэнд Бурханы бошиглогч удирдамж өглөө. Ямар гайхамшигтай адислал, үүрэг хариуцлага вэ! Үүнийг бүхий л зөв шударга байдлаар хичээнгүйлэн гүйцэтгэцгээе.

Санваарын эрх мэдлийг олгохдоо онцгойлон адисалж мөн томилгоогоор дамжуулан өгдөг ч санваарын жинхэнэ эрх мэдэл буюу Их Эзэн Есүс Христийн нэрээр үйлдэх хүч зөвхөн зөв шударга амьдралаар дамжин ирнэ.

Их Эзэн Сэргээлтийн бошиглогч Иосеф Смитэд

“Болгоогтун, мөн харагтун, та нарын сүргийн төлөө бибээр анхаарал халамж тавих болно, мөн ахлагчдыг бэлтгэж мөн тэдэнд илгээх болно.

Болгоогтун, бибээр өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулах болно”6 хэмээн тунхагласан.

Үнэндээ, энэ бол Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байгаа цаг үе юм.

Бүгдээрээ Түүний үнэнч, итгэлтэй хүмүүст амласан олон адислалыг хүртэж болохын тулд энэ боломжийг ашиглан, Түүний хүсэлтэй улам бүр нийцэхийн тулд амьдралаа эргэцүүлэн тунгааж, сайжруулцгаая.

Ах нар аа, энэ гайхалтай ажлын нэгэн хэсэг байхын тулд та нарын хийж байгаа бүх зүйлд би талархаж байна. Бид энэхүү агуу, нэр хүндтэй үйл хэргийг урагшлуулах болтугай.

Дайн дажин дуусах тэр цагт

Зөрчил тэмцэл дуусан,

Энх амгалангийн талд бүгд

Айх аюулгүй цуглана.

Тэр хүчирхэг сэнтий дэх,

Мөнхийн хааны өмнө

Тэд түүнийг мөнхөд магтана.

Энэ тэдний дуу бөлгөө

Бид ялна, бид ялна.

Тэр биднийг гэтэлгэв!

Бид ялна, бид ялна.

Христ Эзэн тусаллаа.

Бид ялна, бид ялна.

Христ Эзэн тусаллаа!7

Өнөөдөр бид бүгдээрээ Их Эзэн Өөрийн бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонээр дамжуулан хүслээ илчилж байгааг гэрчлэн зогсож байна. Тэр бол энэ дэлхий дээрх Бурханы бошиглогч гэдгийг би гэрчилж байна. Би агуу Гэтэлгэгч, Аврагч Их Эзэн Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцъя. Энэ бол Их Эзэний ажил, хүсэл бөгөөд би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна. Амен.