2010–2019
Санваарын хүч
2018 оны 4-р сар


Санваарын хүч

Атгаж буй ариун санваарын үүргээ эрхэмлэн биелүүлнэ гэдэг нь Их Эзэний ажилд болон гэр бүл, Сүмийн дуудлагад тань нэн чухал билээ.

Хайрт ах нар минь ээ, бид ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонээс илчлэлтээр ирсэн зарлалыг сонссон. Бид мөн ахлагч Кристоффэрсон, Расбанд, ерөнхийлөгч Айринг нарын хэлсэн чухал тайлбарыг сонслоо. Өнөөдрийн хэлэх үгс, ялангуяа ерөнхийлөгч Нэлсоний үг Их Эзэний удирдагч, санваартнууд та бүхнийг одоогийн үүрэг хариуцлагынхаа хүрээнд юу хийх талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлах болно. Тус болох үүднээс би та нарын атгадаг санваарыг удирддаг суурь зарчмуудын заримаас дурдъя.

I. Санваар

Мелкизедек санваар бол “мөнх амьдралыг хүмүүнд авчрах” (Мосе 1:39) Бурханы ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Бурханы итгэмжлэн өгсөн тэнгэрлэг эрх мэдэл юм. 1829 онд Аврагчийн төлөөлөгч Петр, Иаков, Иохан нар Иосеф Смит, Оливер Каудери хоёрт энэ эрх мэдлийг хүртээсэн (С ба Г 27:12-ыг үзнэ үү). Энэ нь үгээр тайлбарлахын аргагүй ариун нандин, хүчирхэг зүйл.

Санваарын түлхүүрүүд нь санваарын эрх мэдлийг хэрхэн ашиглахыг удирдан чиглүүлдэг хүч юм. Ийнхүү төлөөлөгчид Иосеф, Оливер хоёрт Мелкизедек санваарыг хүртээснээр үүнийг хэрхэн ашиглахыг удирдан чиглүүлдэг түлхүүрүүдийг мөн адил өгсөн билээ (С ба Г 27:12–13-ыг үзнэ үү). Гэхдээ тухайн үед бүх санваарын түлхүүрийг хүртээгээгүй. “Цаг хугацааны бүрэн байдлын эрин үед” (С ба Г 128:18) шаардлагатай түлхүүр, мэдлэгийг “шат шатаар” (21-р шүлэг) өгсөн. Нэмэлт түлхүүрүүдийг долоон жилийн дараа Көртландын ариун сүмд өгсөн билээ (С ба Г 110:11–16-г үзнэ үү). Нас барагсдын төлөөх баптисм зэрэг тухайн цаг үед өгөгдсөн нэмэлт үүрэг даалгавруудад санваарын эрх мэдлийг удирдан чиглүүлэхээр эдгээр түлхүүрийг өгсөн.

Мелкизедек санваар бол ямар нэгэн хэргэм зэрэг, нэр цол биш. Энэ нь Бурханы хүүхдүүддээ зориулсан ажлыг хийх зорилгоор ашиглахад итгэл даалган өгсөн тэнгэрлэг хүч юм. Санваарыг атгадаг эрчүүд “санваар” биш гэдгийг бид үргэлж санаж байх ёстой. “Санваар ба эмэгтэйчүүд” гэж нэрлэх нь зохисгүй. Бид “санваар атгагчид ба эмэгтэйчүүд” гэж нэрлэх нь зүйтэй.

II. Үйлчлэлийн тохинуулал

Одоо бүгдээрээ Их Эзэн Есүс Христ санваарыг нь атгадаг хүмүүсээс юу хүсэн хүлээдэг мөн бид хэрхэн Түүнд бодгалиудыг авчрах ёстой талаар бодож үзэцгээе.

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит “Сүм төгс зохион байгуулагдсан гэж хэлсэн байдаг нь үнэн юм. Ганц асуудал нь юу вэ гэвэл, эдгээр байгууллага өөрсдөд нь өгөгдсөн үүрэг даалгаврыг бүрэн дүүрэн ухамсарлахгүй байгаад оршино. Тэд өөрсдөд нь тавигдсан шаардлагуудыг бүрэн дүүрэн ухамсарласан үедээ л үүрэг даалгавраа илүү үнэнчээр гүйцэтгэж, Их Эзэний ажил дэлхий дээр илүү хүчирхэг, нөлөө бүхий болох болно”1 гэж заажээ.

Ерөнхийлөгч Смит мөн

“Ариун санваарын хэд хэдэн алба, дэг жаягтай холбоотой … Бурханаас өгсөн хүндэтгэлийн нэр цолуудыг хүмүүний өгсөн хэргэм цол мэтээр ашиглах юм уу үзэх ёсгүй бөгөөд тэдгээр нь гоёл чимэг, хүч ноёрхлын илэрхийлэл төдий зүйл биш, харин үйлчилнэ гэж ам тангараг өргөсөн Эзэнийхээ ажилд даруухнаар үйлчлэх томилгоо юм. …

… Бид бодгалиудын авралын төлөө хөдөлмөрлөж байгаа бөгөөд үүнийг бидэнд итгэл хүлээлгэн өгсөн хамгийн агуу үүрэг гэж бодох ёстой. Тиймээс бид Бурханы хайр, хүмүүний аврал, дэлхий дээрх Бурханы хаант улсын ялалтын төлөө шаардлагатай бол бүх зүйлээ золиослох хүсэлтэй байх ёстой”2 гэж сануулжээ.

III. Санваарын албад

Их Эзэний Сүмд Мелкизедек санваарын албад нь өөр өөр үүрэг хариуцлагатай. Сургаал ба Гэрээнд дээд пристүүдийг “алс хол тараагдсан өөр өөр гадаснуудад ажиллагч ерөнхийлөгчид буюу үйлчлэгчид” (С ба Г 124:134) гэж дурдсан байдаг. Мөн ахлагчдыг “сүмд байнгын тохинуулагчид” (С ба Г 124:137) гэсэн байдаг. Эдгээр үүрэг тус бүрийн талаар зарим өөр сургаалаас хуваалцъя.

Дээд прист сүнслэг зүйлүүдийг тохинуулахаар ажиллаж, үйлчилдэг (С ба Г 107:10, 12-ыг үзнэ үү). Мөн ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн зааснаар “Хүн дээд пристээр томилогдохын хэрээр настай хийгээд залуу хүмүүсийн аль алиных нь өмнө үлгэрлэн дуурайх үлгэр жишээ нь болж, зааж зааварлахаас илүү үлгэр жишээгээрээ зөв шударга багшийн байр суурин дээр өөрийгөө тавьж, насны өндөрлөгөөс олж авсан туршлагаараа залуучуудад тус дэм болсноор хувь хүнийхээ хувьд амьдарч буй нийгэмдээ хүч нэмэрлэх хэрэгтэй гэдгээ мэдрэх ёстой.”3

Ахлагчийн үүрэг хариуцлагын талаар Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки “Ахлагч нь Их Эзэн Есүс Христийн тохинуулагч юм. … Тэр Эзэнийхээ ажлыг гүйцэлдүүлж, Эзэнээ төлөөлснөөр … хөршүүддээ тохинуулах үүрэгтэй. Тэр бол Их Эзэний итгэмжлэгч билээ”4 хэмээн заасан.

Ахлагч Макконки санваартан бол “зүгээр л нэг ахлагч” гэсэн үзлийг буруушаажээ. “Сүм дэх бүх ахлагч Сүмийн ерөнхийлөгчийн адил санваарыг атгадаг … ” гэж тэр хэлсэн. “Ахлагч гэж хэн бэ? Тэр бол Сайн Хоньчны хонины хотонд үйлчилж буй хоньчин юм.”5

Сайн Хоньчны хонины хотонд тохинуулах энэ чухал үүргийн хувьд Мелкизедек санваар дахь дээд прист болон ахлагч гэсэн хоёр албаны хооронд ямар нэгэн ялгаа байхгүй. Сургаал ба Гэрээний нэгэн агуу хэсэг болох 107-д Их Эзэн “Мелкизедек санваарын дэг жаягийн дагуу дээд пристүүд ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор сүнсний зүйлүүдийн тохинуулалд өөрсдийнхөө албан тушаалд, мөн тэрчлэн ахлагч [буюу Аароны санваарын аль ч албад] ажиллах эрхтэй байдаг” (С ба Г 107:10 мөн 12-р шүлгийг үзнэ үү) хэмээн тунхагласан.

Бүх санваартны хувьд хамгийн чухал зарчим бол Мормоны Номын бошиглогч Иаковын заасан зарчим юм. Тэрээр дүү Иосефынхоо хамт санваартан, багш нар болж ариулан адислагдсаныхаа дараа “Мөн бид Их Эзэнд өөрсдийн албан тушаалд хичээнгүйлэн зүтгэх, үүрэг хариуцлагыг өөрсдийн дээр авч, хэрэв бид тэдэнд бүх чадлаараа хичээнгүйлэн Бурханы үгийг заагаагүй аваас хүмүүний нүглийг толгой дээрээ хүлээх буюу” (Иаков 1:19) гэж тунхаглажээ.

Ах нар аа, санваартны хувьд хүлээдэг үүргээ бид нухацтай авч үзэх хэрэгтэй. Бусад байгууллага захиасаа бусдад хүргэн, өөр бусад үүргээ биелүүлэхдээ дэлхийнхний гүйцэтгэлийн жишгийг хангалттай гэж үзэж болно. Гэвч Бурханы санваарыг атгадаг бидэнд, бүр Бурханы селестиел хаант улсын хаалгыг захирдаг тэнгэрлэг хүч бий. Бидэнд мөн Сургаал ба Гэрээний илчлэгдсэн оршил дээр Их Эзэний тодорхойлсон зорилго, үүрэг хариуцлага бий. Бид дэлхийд ийн тунхаглах ёстой.

“Харин хүн болгон Их Эзэн Бурханы, бүр дэлхийн Аврагчийн нэрээр ярьж болохын тулд юм;

Тэрхүү итгэл бас дэлхий дээр өсч болохын тулд юм;

Тэрхүү миний үүрдийн гэрээ үндэслэгдэн бий болж болохын тулд юм;

Миний сайн мэдээний бүрэн байдал сул доройчууд хийгээд эгэл борчуудаар дэлхийн хязгааруудад тунхаглагдаж болохын тулд бөлгөө” (С ба Г 1:20–23-ыг үзнэ үү).

Бид энэхүү тэнгэрлэг үүргээ биелүүлэхийн тулд санваарын дуудлага, үүрэг хариуцлагаа итгэлтэйгээр “эрхэмлэн биелүүлэх” ёстой (С ба Г 84:33-ыг үзнэ үү). Ахлагч Харолд Б.Лий санваараа эрхэмлэх гэдэг нь юу гэсэн утгатай үг болохыг тайлбарласан. Тэрээр “Хүн санваартан болохдоо Их Эзэний төлөөлөгч болдог. Тэрээр дуудлагаа Их Эзэний захиас даалгавар хэмээн бодох ёстой. Энэ нь санваарын үүргээ эрхэмлэн биелүүлж байна гэсэн үг юм”6 гэжээ.

Тиймээс, ах нар аа, хэрэв Их Эзэн үйлчлэгчдээрээ дамжуулан хийж байсан зүйлээ буюу охид, хөвгүүдийнх нь нэгэнд туслахыг Өөрийн биеэр та нараас хүссэн бол та нар туслах байсан уу? Хэрэв туслах байсан бол та нар амласан тусламжинд нь найдан, “Түүний захиа даалгаврыг” төлөөлөгчийнх нь хувьд гүйцэтгэх байсан уу?

Ахлагч Лий санваараа эрхэмлэх талаар өөр нэгэн сургаалыг заасан. “Та нар томруулдаг шилээр ямар нэгэн зүйлийг харахад энэ нь уг зүйлийг энгийн нүдээр харснаас илүү том болгон харагдуулдаг. Энэ бол томруулдаг шил юм. Харин одоо … хэрэв хэн нэгэн санваарын үүргээ томруулдаг шилээр харах буюу эрхэмлэн биелүүлбэл энэ нь анх бодож байснаас нь хавьгүй том, бусдын бодож байснаас илүү чухал зүйл болно. Харин энэ бол санваарын үүргээ эрхэмлэн биелүүлэх арга зам билээ.”7

Санваарын үүргээ эрхэмлэн биелүүлдэг санваартны нэгэн жишээг энд хуваалцъя. Би энэ түүхийг Айдахо дахь гадасны чуулган дээр надтай хамт оролцсон ахлагч Жэффри Д.Эриксоноос сонссон юм. Жэффри гэрлэсэн залуухан ахлагч байхдаа ядуу тарчиг амьдарч байсан учраас коллежийнхоо сүүлийн жилийг дуусгаж чадахгүй юм байна хэмээн бодож, сургуулиа орхин, нэгэн таатай ажлын саналыг хүлээн авахаар шийджээ. Хэдэн өдрийн дараа ахлагчдын чуулгын ерөнхийлөгч нь түүний гэрт ирэв. “Чи миний атгадаг санваарын түлхүүрүүдийн ач холбогдлыг ойлгож байна уу?” гэж ахлагчдын чуулгын ерөнхийлөгч асуужээ. Жэффрийг тийм гэж хэлэхэд, тэрээр коллежоо орхих гэж байгааг чинь дуулсны дараа Их Эзэн намайг хэдэн шөнө унтуулахгүй зовоон, дараах захиасыг Жэффрид дамжуул гэж хэлсэн гэжээ. “Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн тань хувьд би чамд коллежоо орхихгүй байхыг зөвлөж байна. Энэ бол Их Эзэнээс чамд өгсөн захиас” гэж тэр хэлсэн аж. Жэффри ч сургуульдаа үлджээ. Олон жилийн дараа амжилттай бизнесмен болсон байхад нь би түүнтэй уулзсан бөгөөд түүнийг санваартнуудад хандан “Тэр [зөвлөгөө] миний амьдралд томоохон өөрчлөлт авчирсан” гэж хэлэхийг сонссон юм.

Нэгэн санваартан санваараа болон дуудлагаа эрхэмлэн авч үзсэн учраас Бурханы өөр нэгэн хүүгийн амьдралд “томоохон өөрчлөлтийг” авчирчээ.

IV. Гэр бүл дэх санваар

Энэ мөчийг хүртэл би Сүм дэх санваарын үүргийн талаар ярилаа. Одоо би гэр бүл дэх санваарын талаар яръя. Би эхлээд түлхүүрүүдийн талаар ярих гэсэн юм. Санваарын эрх мэдлийг гагцхүү тэрхүү үүрэг хариуцлагад хамаарагдах түлхүүрүүдийг атгадаг нэгний удирдамжин доор ашиглаж болно гэсэн зарчим нь Сүмд чухал ч энэ нь гэр бүл дэх санваарын эрх мэдэлтэй холбоогүй.8 Санваартан эцэг хүн атгадаг санваарынхаа эрх мэдлээр гэр бүлээ тэргүүлдэг. Тэр гэр бүлийнхэндээ зөвлөж, гэр бүлийн цуглаан зохион байгуулж, эхнэр, хүүхдүүддээ санваарын адислал өгөн, гэр бүлийн гишүүддээ мөн бусдад эрүүл мэндийн адислал өгөхдөө санваарын түлхүүрийн удирдамж, зөвшөөрлийг авах шаардлагагүй.

Зураг
Гэр бүлээрээ суралцаж байгаа нь

Хэрэв эцгүүд гэр бүл дотроо санваарын үүргээ эрхэмлэн биелүүлбэл энэ нь Сүмийн үйл хэргээс гадна тэдний цаашид хийх бусад зүйлд ч мөн адил түлхэц болж өгнө. Мелкизедек санваар атгадаг эцгүүд гэр бүлийнхэндээ адислал өгөх санваарын хүчтэй байхын тулд зарлигуудыг сахих ёстой. Мөн эцгүүд хайраар дүүрэн гэр бүлийн харилцааг үүсгэх ёстой. Тэгснээр гэр бүлийн гишүүд нь тэднээс адислал хүсэх болно. Түүнээс гадна эцэг эхчүүд гэр бүл дотроо санваарын адислалыг илүү их авдаг байх хэрэгтэй.

Зураг
Санваарын адислал:

Гэр бүлийн тунхагт зааснаар эцгүүд эхнэрүүдтэйгээ үүргээ “эн тэнцүү”9 хувааж биелүүлдэг байвал зохино. Эцгүүд ээ, санваарын эрх мэдлийн хүч, нөлөөгөө ашиглах боломж та нарт гарч ирэх үед “сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар” (С ба Г 121:41) ашиглаарай. Санваарын эрхийг ашиглахад тавигддаг энэхүү өндөр жишиг гэр бүлд онцгой чухал байдаг. Ерөнхийлөгч Харолд Б.Лий Сүмийн ерөнхийлөгч болсныхоо дараахан дараах амлалтыг өгсөн. Тэрээр “Танай гэрт хямрал, хүнд өвчин эсвэл чухал шийдвэр гаргах мөч ирэх үед таны атгадаг санваар хамгийн гайхамшигтай үйлчлэх болно. … Бүхнийг Чадагчийн хүч буюу санваарын хүчинд Их Эзэний хүслээр гайхамшгуудыг гүйцэтгэх хүч оршдог. Гэхдээ бид энэ санваарыг ашиглахын тулд зохистой байх ёстой. Энэ зарчмыг ойлгож чадахгүй бол энэхүү агуу санваарыг атгаснаар ирэх адислалыг хүлээн авч чадахгүй”10 гэжээ.

Хайрт ах нар минь ээ, атгаж буй ариун санваарын үүргээ эрхэмлэн биелүүлэх нь Их Эзэний ажилд хийгээд гэр бүл, Сүмийн дуудлагад тань нэн чухал билээ.

Би санваарын Эзэн болох Түүний талаар гэрчилж байна. Түүний цагаатгагч зовлон шаналал, золиослол, амилалтаар дамжуулан бүх эрэгтэй, эмэгтэй хүн үхэшгүй байдлын баталгаа, мөнх амьдралын боломжийг хүлээн авсан. Бидний хүн нэг бүр Бурхан Мөнхийн Эцэгийнхээ энэ агуу ажилд өөрсдийн хийх хэсгийг үнэнчээр, хичээнгүйлэн гүйцэтгэх ёстой. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998), 343.

  2. Teachings: Joseph F. Smith, 340, 343.

  3. Joseph F. Smith, Gospel Doctrine, 5th ed. (1939), 182.

  4. Bruce R. McConkie, “Only an Elder,” Ensign, June 1975, 66; emphasis in original not preserved.

  5. Bruce R. McConkie, “Only an Elder,” 66; emphasis in original not preserved.

  6. Teachings of Presidents of the Church: Harold B. Lee (2000), 93.

  7. (Teachings of Harold B. Lee, эмхэтгэсэн Клайд Ж. Виллямс [1996], 499).

  8. Dallin H. Oaks, “Priesthood Authority in the Family and the Church,” Liahona, Nov. 2005, 24–27-г үзнэ үү.

  9. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Liahona, 2017 оны 5-р сар, 145-ыг үзнэ үү.

  10. Teachings: Harold B. Lee, 97.