2010–2019
Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгах нь
2018 оны 4-р сар


Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгах нь

Танд өгөөмрөөр илгээгддэг Сүнсний дуу хоолойг сонсоосой хэмээн би бүх зүрх сэтгэлээрээ залбирч байна.

Хайрт ах, эгч нар аа, би Их Эзэний Хүндэтгэлийн өдөр, Түүний амилсны баяраар Түүний Сүмийн Ерөнхий чуулган дээр та нарт хандан үг хэлэх боломжтой байгаадаа баяртай байна. Бидний Гэтэлгэгч байхаар дэлхийд сайн дураараа ирсэн Хайрт Хүүгийнх нь төлөө би Тэнгэрлэг Эцэгт талархаж байна. Тэр бидний нүглийг цагаатгаж мөн Амилалтаар амилсан гэдгийг нь мэддэгтээ би баяртай байдаг. Түүний Цагаатгалын ачаар би хэзээ нэгэн өдөр амилуулагдаж, хайраар дүүрэн гэр бүлтэйгээ мөнхөд амьдрах болно гэдгийг өдөр бүр мэдэж байхаар адислагдсан билээ.

Би эдгээрийг бидний мэдэж авч чадах цорын ганц арга замаар мэдэж авдаг. Ариун Сүнс миний оюун бодол, сэтгэл зүрхэнд тэдгээр нь үнэн гэдгийг зөвхөн ганц удаа ч биш, харин олонтоо хэлж байсан юм. Надад ийм байнгын тайтгарал хэрэгтэй байдаг. Бид бүгдэд эмгэнэлт явдал тохиолддог бөгөөд тэр үед бидэнд Сүнсний баталгаа хэрэгтэй байдаг. Би нэг өдөр эмнэлэгт аавынхаа хажууд зогсож байхдаа үүнийг мэдэрсэн. Миний ээж хэдэнтээ дутуу амьсгалаад, амьсгаа авахаа болихыг нь бид хоёр харж байлаа. Биднийг түүний царай руу харахад өвчин зовиураасаа ангижирсандаа тэр инээмсэглэсэн юм. Хэдэн хором нам гүм байсны дараа аав маань эхлээд дуугарч, “Бяцхан охин гэр рүүгээ явлаа даа” гэж хэлж билээ.

Тэр үүнийг аяархан хэлсэн. Тэр тайван амгалан байх шиг санагдсан. Тэр өөрийн үнэн гэж мэдэж байсан зүйлийг хэлж байв. Тэр чимээгүйхэн ээжийн маань хувийн эд юмсыг цуглуулж эхэлсэн бөгөөд ээжид маань олон өдрийн турш тусалж байсан эмч, сувилагчдад талархлаа илэрхийлэхээр эмнэлгийн коридор руу гарч билээ.

Аавыг минь тэр өдөр хийх ёстой зүйлээ мэдрэх, мэдэх мөн хийх үед түүнтэй Ариун Сүнс хамт байсан юм. Тэрээр олны адил “тэд түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгаж болохын тулд” (С ба Г 20:79) гэсэн гайхамшигтай амлалтыг авсан байлаа.

Өнөөдөр би та нарын Ариун Сүнсийг хүлээн авах хүсэл, чадвар нэмэгдэнэ гэж найдаж байна. Тэр бол Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн гэдгийг санагтун. Эцэг, Хүү хоёр бол амилсан биес юм. Ариун Сүнс бол сүнсэн хүн. (С ба Г 130:22-ыг үзнэ үү.) Зүрх сэтгэл, оюун ухаандаа Түүнийг хүлээн авах, халуун дотноор угтан авах эсэх нь таны сонголт.

Бидний тэрхүү тэнгэрлэг адислалыг хүлээж авч чадах нөхцөлүүдийг долоо хоног тутам яригддаг үгсээр тодорхой хэлдэг боловч үүнийг бид зүрх сэтгэл, оюун ухаандаа байнга ухаардаггүй байж болох юм. Бид Сүнсийг өөрсдөдөө байлгахын тулд Аврагчийг “үргэлж санаж,” “түүний зарлигуудыг дагах” (С ба Г 20:77) ёстой.

Жилийн энэ улирал нь Аврагчийн золиослолыг мөн амилсан биетэйгээр хадан булшнаас гарсныг нь дурсан санахад бидэнд тусалдаг. Бидний дундаас олон хүн тэдгээр үйл явдлыг харуулсан дүр зургийг оюун ухаандаа төсөөлдөг. Нэг удаа би эхнэртэйгээ Иерусалим дахь хадан булшны гадна зогсож байлаа. Энэ хадан булш нь цовдлуулсан Аврагч амилж, амьд Бурхан болон гарч ирсэн хадан булш гэж олон хүн итгэдэг.

Тэр өдрийн эелдэг хөтөч гараараа дохин, “Ирээд, хоосон булшийг үз” гэж бидэнд хэлсэн.

Бид дотогшоо бөхийн ороод, ханын дагуу чулуун хавтан байгааг харсан. Гэхдээ бидний тэр өдөр харсантай адил өөр нэгэн бодит дүр зураг миний оюун бодолд орж ирсэн юм. Энэ нь хадан булшин дээр, төлөөлөгчдийн ард үлдсэн Мариагийн дүр зураг байсан. Ариун Сүнс үүнийг надад өөрөө тэнд байгаа мэт оюун санаандаа харж мөн сонсох боломжийг олгосон билээ.

“Харин Мариа булшны гадаа зогсоод уйлж байлаа. Тэр уйлсан чигээрээ булш уруу тонгойн харахад,

цагаан хувцастай хоёр тэнгэр элч Есүсийн цогцсыг тавьсан газарт нэг нь толгойн тэнд, нөгөө нь хөлөн талд нь сууж байв.

Тэд түүнд—Эмэгтэй, чи юунд уйлна вэ? гэсэнд тэр—Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй гэв.

Тэр ингэж хэлээд эргэхдээ Есүсийн зогсож байхыг харсан боловч тэр нь Есүс байсныг таньсангүй.

Есүс түүнд—Эмэгтэй, чи юунд уйлна вэ? Чи хэнийг хайна вэ? гэж асуув. Түүнийг цэцэрлэгч байна гэж бодоод тэр Түүнд, Эзэнтэн, хэрэв та Түүнийг авсан бол хаана тавьснаа надад хэлнэ үү? Би Түүнийг авах гэсэн юм гэв.

Гэтэл Есүс Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр Рабуни! (Багш гэсэн утгатай) гэжээ.

Есүс—Би дээшээ Эцэгтээ хараахан очоогүй байгаа тул Надад гар бүү хүр. Харин Миний ах дүү нар уруу очиж, тэдэнд ‘Би Миний Эцэг ба та нарын Эцэгт, Миний Бурхан ба та нарын Бурханд очно гэдгийг хэл’ гэлээ” (Иохан 20:11–17).

Мариа хадан булшинд байхдаа мөн өөр хоёр шавь нь Еммау орох зам дээр амилсан Аврагчийг Иерусалимд айлчилж байгаа зочин гэж бодон, хамтдаа алхахдаа мэдэрсэн зүйлийн өчүүхэн хэсгийг ч болов мэдрэх боломж надад олдоосой гэж би залбирч байсан.

“Тэд Түүнийг ятган-Бидэнтэй хамт байгаач: Хэдийн нар хэвийж, орой болж байна гэж хэлэхэд нь Есүс тэдэнтэй байхаар болж, гэрт оров.

Тэгээд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж, талх авч, ерөөгөөд хувааж, тэдэнд өгөв.

Тэдний нүд нээгдэж, тэд Түүнийг танив. Есүс нүдэнд нь харагдахгүй алга болжээ.

Тэд нэг нэгэндээ—Замд Тэр бидэнтэй ярилцаж, судрыг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань бидний дотор шатаж байсан бус уу? гэв” (Лук 24:29–32).

Эдгээр үгийн зарим нь миний 70 гаруй жилийн өмнө оролцсон нэгэн ариун ёслолын цуглаан дээр давтагдаж билээ. Тэр үед ариун ёслолын цуглаанууд орой болдог байсан. Гадаа харанхуй болсон байв. Цугласан хүмүүс эдгээр танил үгсийг дуулсан. Би энэ дууг өмнө нь олон удаа сонссон байв. Гэхдээ яг тэр орой ямар мэдрэмж төрснийг би мартдаггүй. Энэ нь намайг Аврагчтай илүү ойр болгодог юм. Намайг үгсийг нь давтан хэлбэл энэ мэдрэмж дахиад бид бүгдэд ирж магадгүй.

Энэ үдэш надтай хамт байгаач.

Өдөр дуусаж, өнгөрч байна;

Оройн сүүдэр унаж байна;

Шөнө болох гэж байна.

Зүрх сэтгэлд минь тавтай морилж,

Гэрт минь хамт байгаач.

Энэ үдэш надтай хамт байгаач.

Таныг өнөөдөр надтай алхан,

Намайг тантай ярих үед

Миний зүрх шатаж байлаа.

Үнэнч үгс бодгалийг дүүргэж

Намайг таны дэргэд байлгав.

Өө, Аврагч минь та энэ үдэш

Надтай хамт байгаач, гуйя.

Өө, Аврагч минь та энэ үдэш

Надтай хамт байгаач, гуйя.1

Ариун Сүнс бидний зүрх сэтгэлд нөлөөлж, үнэнийг үргэлжлүүлэн нотолсон талаарх дурсамж нь болсон үйл явдлын тухай дурсамжаас илүү эрхэм нандин байдаг. Сүнсний намуухан дуу хоолойг дагалдан ирдэг мэдрэмжээ санах нь өөрсдийн нүдээр үзэх эсвэл хэлэгдсэн болон уншсан үгсийг санахаас илүү үнэ цэнтэй юм. Би Еммау руу явж байсан аялагчидтай адил, зүрх сэтгэлдээ зөөлнөөр шатахыг мэдэрч байсан нь ховор. Илүү олон тохиолдолд энэ нь гэрлийн мөн чимээгүй баталгааны мэдрэмж байдаг.

Бидэнд Ариун Сүнсийг хамтрагчаараа байлгах үнэлж баршгүй амлалт мөн тэрхүү бэлгийг хэрхэн өөрийн болгох үнэн зөв удирдамж бий. Их Эзэний эрх мэдэл бүхий үйлчлэгчид бидний толгой дээр гараа тавиад, “Ариун Сүнсийг хүлээн авна уу” гэдэг үгсийг хэлдэг. Тэр мөчид та бидэнд Түүнийг бидэн рүү илгээнэ гэсэн баталгаа ирдэг. Гэхдээ бид Сүнсний тохинууллыг хүлээн авахаар зүрх сэтгэлээ бүхий л амьдралынхаа турш нээлттэй байлгахыг сонгох үүрэгтэй.

Бошиглогч Иосеф Смитийн туршлагууд бидэнд удирдамж өгдөг. Тэр өөрийнх нь эрдэм мэдлэг явах ёстой замаа мэдэхэд нь хангалттай биш гэсэн шийдвэр гаргаснаар өөрийн тохинууллыг эхлүүлэн, үргэлжлүүлсэн юм. Тэр Бурханы өмнө даруу байхыг сонгосон.

Дараа нь Иосеф Бурханаас асуухаар шийдэж, Бурханыг хариулах болно гэж итгэн залбирсан. Түүнийг залуу хөвгүүн байхад хариулт нь ирсэн билээ. Бурхан Өөрийн Сүмийг хэрхэн зохион байгуулахыг хүсч байсныг мэдэх хэрэгтэй байхад нь тэдгээр захиас түүнд ирсэн. Ариун Сүнс түүнийг амьдралынх нь туршид тайтгаруулж мөн чиглүүлж байлаа.

Тэр хүнд хэцүү үед ч сүнслэг өдөөлтүүдийг дуулгавартай дагадаг байсан. Жишээлбэл, тэрээр өөрт нь хамгийн хэрэгтэй байсан үед Арван хоёрыг Англи улс руу илгээх заавар хүлээн авч, тэднийг явуулсан.

Гэгээнтнүүд хүнд хэцүү байдлаар дарамтлуулж байх үед тэр шоронд байсан бөгөөд Сүнснээс зүгшрүүлэлт, тайтгарлыг хүлээн авсан. Мөн тэрээр амь насаа алдах аюултай тулгарснаа мэдэж байсан ч Картейж орох замаар дуулгавартай явав.

Бошиглогч Иосеф бидэнд Ариун Сүнсээр дамжуулан байнгын сүнслэг удирдамж, тайтгарлыг хэрхэн хүлээн авах талаарх жишээг үзүүлсэн юм.

Түүний хийсэн эхний сонголт бол Бурханы өмнө даруу байх явдал байлаа.

Хоёр дахь нь Их Эзэн Есүс Христэд итгэлтэйгээр залбирах явдал байсан.

Гурав дахь нь яг таг дуулгавартай дагах явдал байв. Дуулгавартай байх гэдэг нь хурдан хийхийг хэлж байж болно. Энэ нь бэлтгэхийг ч хэлж байж болно. Эсвэл энэ нь илүү нэмэлт өдөөлт авах хүртлээ тэвчээртэй хүлээхийг хэлж байж болно.

Дөрөв дэх нь бусдын хэрэгцээ, зүрх сэтгэлийг мэдэхийн төлөө мөн Их Эзэний өмнөөс тэдэнд хэрхэн туслахаа мэдэхийн төлөө залбирах явдал байсан юм. Иосеф шоронд байхдаа, зовж зүдэрч байгаа гэгээнтнүүдийн төлөө залбирсан. Бурханы бошиглогчдыг сүнслэг өдөөлт хүсэн залбираад, заавар хүлээн авч, түүнийхээ дагуу үйлдэхийг нь харах боломжууд надад олдож байлаа.

Тэднийг хайрлаж, үйлчилдэг хүмүүсийнхээ төлөө олонтоо залбирч байхыг би харж байсан. Тэдний бусдын төлөөх санаа зовнил сүнслэг өдөөлтүүдийг хүлээн авахад зүрх сэтгэлийг нь нээж өгдөг мэт санагддаг. Энэ нь та нарын хувьд ч үнэн байж болно.

Сүнслэг өдөөлтүүд нь Их Эзэний өмнөөс бусдад тохинуулахад бидэнд тусалдаг. Та нар надтай адил үүнийг харж байсан. “Тойрогтоо хэн нэгэнд тусламж хэрэгтэй байна гэж сонсоод, туслахаар очих бүрд танай эхнэр түрүүлээд оччихсон байдаг. Эхнэр чинь өөрийнх нь амьдрал хэцүү үед ч гэсэн яаж тэгж чаддаг юм бэ?” гэж манай бишоп надад нэг удаа хэлж билээ.

Миний эхнэр Их Эзэний хаант улсын бүх агуу тохинуулагчтай адил. Агуу тохинуулагчид хоёр зүйлийг хийдэг мэт надад санагддаг. Тэд Ариун Сүнсийг өөрсдийн байнгын хамтрагчаар байлгаж чаддаг. Мөн тэд Христийн цэвэр хайр болох энэрлийн бэлгийг хүртэх эрхтэй байдаг. Тэд Их Эзэнийг хайрлах хайрын үүднээс үйлчлэхдээ эдгээр бэлгийг ашигласнаар уг бэлгүүд нь тэдэнд өсөн нэмэгддэг.

Залбирал, сүнслэг өдөөлт, Их Эзэний хайрын бидний үйлчлэлд хамтран ажилладаг арга зам нь миний хувьд дараах үгсээр бүрэн илэрхийлэгддэг.

“Хэрэв та нар Миний нэрээр юуг ч Надаас гуйвал, Би түүнийг чинь хийнэ.

Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь.

Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна.

Тэр бол үнэний Сүнс мөн бөгөөд Түүнийг харахгүй, мэдэхгүйгээсээ болж, ертөнц Түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар Түүнийг мэднэ. Яагаад гэвэл Тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор байна.

Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.

Хэсэг хугацааны дараа ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Яагаад гэвэл Би амьд байна. Та нар ч амьд байна.

Би Өөрийн Эцэг дотор, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно.

Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ” (Иохан 14:14–21).

Эцэг таныг төдийгүй, таны сэтгэлийг мөн таны эргэн тойрон дахь хүн бүрийн сүнслэг болон зуурдын хэрэгцээг яг энэ мөчид мэддэг гэсэн хувийн гэрчлэлээ би хуваалцаж байна. Ариун Сүнсний бэлэгтэй, уг адислалыг гуйдаг, үүнийг авахуйц зохистой байхыг эрэлхийлдэг бүх хүнд Эцэг, Хүү хоёр Ариун Сүнсийг илгээж байгаа гэдгийг би гэрчилж байна. Эцэг, Хүү, Ариун Сүнсний хэн нь ч бидний амьдралд Өөрсдийгөө хүчлэн оруулдаггүй. Бид сонгох эрх чөлөөтэй. Их Эзэн бүгдэд хандан

“Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.

Би ялж, Эцэгийнхээ хамт Түүний сэнтийд заларсны адил Надтай хамт Миний сэнтийд залрахыг ялагчид соёрхоно.

Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун” (Илчлэлт 3:20–22) хэмээн хэлсэн.

Танд өгөөмрөөр илгээгддэг Сүнсний дуу хоолойг сонсоосой хэмээн би бүх зүрх сэтгэлээрээ залбирч байна. Та Түүнийг хүлээн авахаар зүрх сэтгэлээ үргэлж нээлттэй байлгаасай гэж би залбирч байна. Та үнэн хүсэлтэйгээр, Есүс Христэд итгэх итгэлтэйгээр сүнслэг өдөөлтийг гуйх юм бол үүнийг Их Эзэний арга замаар, Түүний цагт хүлээн авах болно. Бурхан залуу Иосеф Смитийн төлөө үүнийг хийсэн. Тэр өнөөдөр манай амьд бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний төлөө үүнийг хийдэг. Бурхан таныг Өөрийнхөө өмнөөс бусад хүүхдэдээ үйлчлүүлэхээр тэдний зам дээр байрлуулсан юм. Би үүнийг зөвхөн өөрийн нүдээр хараад зогсохгүй, Сүнс зүрх сэтгэлд минь илүү хүчтэй шивнэсэн болохоор мэддэг юм.

Би дэлхий дээрх болон сүнсний дэлхий дээрх Бурханы бүх хүүхдийг хайрладаг Эцэгийн болон Түүний Хайрт Хүүгийн хайрыг мэдэрч байсан. Би Ариун Сүнсний тайтгарал, зааврыг мэдэрч байсан. Та нарт Сүнсийг хамтрагчаараа байлгахын баяр баясгалан байгаасай хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэл

  1. “Abide with Me; ’Tis Eventide,” Hymns, no. 165.