2010–2019
Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс
2018 оны 4-р сар


Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс

Урт хугацааны дараа эдгээр өчүүхэн мэт санагдах зүйл нь агуу зүйлсийг авчирна гэдгийг бидэнд сануулж байх хэрэгтэй.

I.

Хайрт ах, эгч нар аа, би та нартай л адил энэ цаг мөчийн захиас, хөгжим, мэдрэмжээр хөглөгдөж, гэгээрэн, урам зориг авлаа. Би энэ цаг мөчид та бүхний өмнөөс бид бүгдэд хүч чадлын үр нөлөөг авчирсан Их Эзэний зэмсэг болсон ах, эгч нартаа талархлаа илэрхийлж байна.

Христийн амилсны баярын ням гаргийн өдөр энд сууж байгаа хүмүүст хандан үг хэлэх гэж байгаадаа би баяртай байна. Бид өнөөдөр бусад Христэд итгэгчтэй хамт Их Эзэн Есүс Христийн Амилалтыг тэмдэглэж байгаа билээ. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд Есүс Христийн бодит Амилалт нь бидний итгэлийн тулгуур юм.

Бид Библи, Мормоны Ном хоёр дээрх Есүс Христийн Амилалтын бодит түүхийн аль алинд итгэдэг учраас үүнтэй адилхан олон амилалт энэ дэлхий дээр амьдарч байсан бүх мөнх бус хүмүүнд тохиолдоно гэсэн судрын олон сургаалд ч мөн адил итгэдэг. Энэ амилалт нь бидэнд төлөөлөгч Паулын нэрлэснээр “амьд найдвар[ыг]” (1 Петр 1:3) өгдөг. Тэрхүү “амьд найдвар” нь үхэл бол бидний амьдралын төгсгөл биш, харин Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхдүүдийнхээ авралд зориулсан нигүүлсэнгүй төлөвлөгөөний дагуу зайлшгүй хийгдэх шаардлагатай алхам гэсэн итгэл үнэмшил юм. Тэрхүү төлөвлөгөөний дагуу мөнх бус амьдралаас үхэшгүй байдал руу шилжих шаардлагатай. Тэрхүү шилжилтийн төвд энэхүү Христийн амилсны баяраар тэмдэглэж байгаа бидний Их Эзэн, Аврагчийн Амилалтын ачаар үхлийн нар жаргаж, өглөөний нар мандсан явдал байдаг билээ.

II.

Элиза Р.Снөүгийн бичсэн дууллын дараах үгсийг бид ийн дуулал болгон дуулдаг.

Эл авралын төлөвлөгөө

Агуу төгс төгөлдөр.

Ивээл, хайр, энэрэл нь хамтдаа

Бүгд эгшиг хөг нийлнэ!1

Бид тэрхүү бурханлаг загвар, хөгийг гүйцэлдүүлэхийн тулд энэхүү чуулгантай адил цуглаануудад цугларан, нэг нэгэндээ зааж, урамшуулан дэмждэг.

Энэ өглөө надад Мормоны Номд цэдэгдлэгдсэн Алмагийн хүү Хиламандаа заасан зүйлийг хэлэх үгэндээ ашиглах нь зүйтэй гэсэн бодол төрсөн. Тэрээр “өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг” (Алмa 37:6) хэмээн заасан.

Есүс Христийн сайн мэдээ бидэнд олон өчүүхэн бөгөөд энгийн зүйлийг заадаг. Урт хугацааны дараа эдгээр өчүүхэн мэт санагдах зүйл нь агуу зүйлсийг авчирна гэдгийг бидэнд сануулж байх хэрэгтэй. Тэргүүн Зөвлөл болон бусад хүндэт багш нар энэ сэдвээр олон үг хэлсэн байдаг. Энэхүү сэдэв маш чухал тул би энэ талаар дахин нэг удаа үг хэлэх хэрэгтэй гэж мэдэрлээ.

Өглөөгүүр явж байгаад харсан нэг зүйл өчүүхэн хийгээд энгийн зүйлс цаг хугацааны явцад хэрхэн хүчтэй байж болохыг надад сануулсан юм. Энэ бол миний авсан зураг. Явган хүний өргөн бөгөөд бат бөх бетонон зам хагарсан байна. Энэ нь том, хүчтэй түлхэлтийн үр дүн байсан болов уу? Үгүй ээ. Ийнхүү хагарсан нь хажуугийн модны үндэсний нэгэн жижиг салаа бага багаар түрж урган, гарч ирснээс болсон байлаа. Харин энэ бол өөр гудамжинд харсан үүнтэй адил жишээ юм.

Зураг
Явган хүний замд хагарал гарсан байгаа нь
Зураг
Өөр нэг хагарал

Эдгээр хүнд бетонон замыг хагалсан зүйлийн түлхэлтийн хүчийг өдөр өдрөөр, бүр сар сараар хэмжих боломжгүй хэтэрхий бага ч хэсэг цаг хугацааны явцад үзүүлэх нөлөө нь гайхалтай хүчтэй байсан билээ.

Үүнтэй адил судрууд болон амьд бошиглогчдын заадаг өчүүхэн бөгөөд энгийн зүйлс цаг хугацааны явцад хүчтэй нөлөө үзүүлдэг. Бидэнд заасанчлан, судраас суралцах үйл явцыг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг хэмээн тооцно уу. Эсвэл итгэлтэй хожмын үеийн гэгээнтний хувьд хувийн болон өвдөг сөгдөн хийх гэр бүлийн залбирлыг тогтмол хийх ёстой зүйл гэж үзнэ үү. Түүнчлэн, өсвөр үеийнхэнд зориулсан семинар болон залуучуудад зориулсан институтэд суух талаар бодож үз. Хэдийгээр эдгээр зүйл нь өчүүхэн бөгөөд энгийн мэт байж болох ч цаг хугацааны явцад хүчтэй сүнслэг түлхэц, өсөлт болох юм. Учир нь ерөнхийлөгч Айрингийн тайлбарласнаар эдгээр өчүүхэн бөгөөд энгийн зүйл бүр биднийг гэгээрүүлж, үнэн рүү хөтөлдөг Ариун Сүнсний нөхөрлөлийг урин авчирдаг.

Сүнслэг түлхэц, өсөлтийн өөр нэгэн эх сурвалж бол бүр өчүүхэн мэт санагдаж болох гэм нүглээ үргэлж наманчлах явдал юм. Өөрөө өөрийгөө үнэлж дүгнэх нь бидэнд хэрхэн алдсанаа болон хэрхэн сайжруулж болохоо олж харахад тусалж болно. Ийм наманчлалыг долоо хоног тутам ариун ёслолоос хүртэхээсээ өмнө хийсэн байх ёстой. Энэ үйл явцад бодож үзэх ёстой сэдвүүдийг “Have I Done Any Good?” дуулалд өгсөн байдаг.

Өнөөдөр би дэлхийд ямар нэгэн сайн юм хийв үү?

Тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслав уу?

Уйтгар гунигт автсан хэн нэгнийг би хөгжөөж, хэн нэгнийг баярлуулав уу?

Хэрэв үгүй бол би үүргээ биелүүлээгүй хэрэг.

Миний ачаар хэн нэгний

ачаа дарамт өнөөдөр хөнгөрсөн үү?

Өвчтэй болон зовж зүдэрсэн хүмүүст зохих ёсоор тусалсан уу?

Өөрөө би сайхан сэтгэл гарган туслав уу?2

Мэдээж, эдгээр нь өчүүхэн зүйл ч Алмагийн өөрийн хүү Хиламанд “Мөн Их Эзэн Бурхан өөрийн агуу хийгээд мөнхийн зорилгуудыг тохиолдуулах аргаар ажилладаг; мөн маш өчүүхэн аргаар Их Эзэн … олон бодгалийн авралыг авчирдаг” (Алма 37:7) хэмээн заасан зүйлийн сайн жишээ юм.

Ерөнхийлөгч Стивэн С.Вилрайт Хавай дахь Бригам Янгийн Их Сургуульд үг хэлэхдээ Алмагийн заасан зүйлийн талаар дараах сүнслэг тайлбарыг өгчээ. “Биднийг итгэлээ хөгжүүлэн, өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг дагах үед өдөр тутмын жижигхэн гайхамшигт зүйлсээр, харин цаг хугацааны явцад агуу гайхамшигт ажлаар адисалдаг Их Эзэний дагадаг загварыг Алма хүүдээ нотолсон юм.”3

Ахлагч Ховард В.Хантэр “бид дэлхийнхний агуу зүйлстэй холбож ойлгодог зүйлсийн оронд ихэвчлэн өдөр тутмын үүрэг даалгавраа гүйцэтгэснээр … бусдын амьдралд хамгийн агуу эерэг нөлөөг үзүүлдэг”4 хэмээн заасан.

Энэхүү зарчмын талаарх нэгэн үнэмшилтэй шашны бус сургаалыг Индиана мужийн сенатор Дан Көүтс “Хүмүүний амьдралыг, бүр улс орныг хүртэл өөрчлөх тэрхүү ганц агуу шийдвэрийг гаргахад хийгддэг ганцхан бэлтгэл ажил бол хувь хүний ганцаараа хэдэн зуун, бүр хэдэн мянган удаа өөрөө ч мэдэлгүй хийсэн, хэн болохыг нь тодорхойлсон, ач холбогдолгүй мэт санагдсан шийдвэрүүд байдаг юм”5 хэмээн өгсөн байдаг.

Тэдгээр “ач холбогдолгүй мэт” ганцаараа гаргасан шийдвэрт цаг заваа хэрхэн ашигладаг, зурагтаар болон интернэтээр юу үздэг, юу уншдаг мөн ажил дээрээ болон гэртээ байхдаа өөрсдийгөө ямар уран зураг, дуу хөгжмөөр хүрээлүүлдэг, ямар зугаа цэнгэл эрэлхийлдэг зэргээс гадна үнэнч шударга байх амлалтаа хэрхэн хэрэгжүүлдэг гэх мэт ордог. Өөр нэгэн өчүүхэн бөгөөд энгийн мэт зүйл бол бусадтай харилцахдаа эелдэг боловсон бөгөөд урам зоригтой байх явдал юм.

Эдгээр хүсүүштэй, өчүүхэн бөгөөд энгийн зүйлийг тогтмол, байнга хийж заншихгүй бол тэдгээрийн аль нь ч биднийг өргөхгүй. Ерөнхийлөгч Бригам Янг “Бидний амьдрал өчүүхэн бөгөөд энгийн нөхцөл байдлуудаас бүрддэг бөгөөд тэдгээрийг нэгтгэх юм бол нэгэн том зүйл болж, хамтдаа эрэгтэй, эмэгтэй хүний бүхэл бүтэн амьдралыг нэгтгэн дүгнэдэг”6 хэмээн хэлсэн.

Биднийг хэвлэл мэдээллийн нөлөөлөл, соёлын доройтол хүрээлж байгаа бөгөөд хэрэв тэдгээрийг үргэлж сөрөн зогсож байхгүй бол бидний үнэт зүйлсийг уруудуулах болно. Харин бид мөнхийн зорилгодоо хүрэхээр дээшээ явахын тулд үргэлж сэлүүрдэж байх ёстой. Хэрэв бид сэлүүрдэж байгаа багийн нэг хэсэг болон хамт сэлүүрдэж байгаа бол энэ нь тус болно. Энэ жишээг цааш үргэлжлүүлэн ярья. Урсгал маш хүчтэй байгаа тул хэрэв бид байнга урагш явах гэж хичээхгүй мөн сэлүүрдэхээ боливол биднийг урсгал доошоо, хүсээгүй газар руу аваачих нь гарцаагүй.

Асар том үр дүн дагуулсан өчүүхэн мэт үйл явдлын талаар дурдсаныхаа дараа Нифай “Мөн бид тийн өчүүхэн арга замаар Их Эзэн агуу үйл хэргүүдийг тохиох болгож чадахыг харав” (1 Нифай 16:29) хэмээн бичсэн. Хуучин Гэрээнд үүний талаарх мартагдашгүй жишээ өгөгдсөн байдаг. Уг номоос бид израильчууд хэрхэн галт могойнуудад баригдсан талаар уншиж болно. Олон хүн тэдэнд хазуулан үхсэн (Тооллого 21:6-г үзнэ үү). Мосе могойг зайлуулахаар залбирахдаа “галт могой хийж, түүнийг шургаагны оройд байрлуулагтун” гэсэн сүнслэг өдөөлт хүлээн авчээ. “Хэрвээ хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал, тэр хүн хүрэл могойг хараад амьдарч байлаа” (9-р шүлэг). Ийм жижигхэн зүйл ийм гайхамшигтай үр дүнд хүргэсэн билээ! Тийм ээ, Их Эзэнийг эсэргүүцсэн хүмүүст энэ жишээг зааж байхдаа Нифайн тайлбарлан хэлсэн шиг Их Эзэн тэднийг эдгээх энгийн арга замыг бэлдсээр байхад “уг замын энгийн байдал эсвэл үүний амархны учир тэдгээрээс эрсэдсэн нь олон байв” (1 Нифай 17:41).

Тэрхүү жишээ, сургамж өгөх арга зам энгийн эсвэл зарлигласан үүрэг даалгавар амархан байх нь зөв шударга хүсэл эрмэлзэлдээ хүрэхэд чухал бус гэж байгаа юм биш ээ.

Үүнтэй адил, бага ч гэсэн дуулгаваргүй үйлдэл хийх эсвэл зөв шударга үйлийг өчүүхэн ч гэлээ дагахгүй байх нь биднийг зайлсхийхийг сэрэмжлүүлсэн үр дагавар руу доош чирэх болно. Мэргэн ухааны үг үүний жишээг харуулдаг. Үүний адил, нэг тамхи, нэг балга согтууруулах ундаа эсвэл нэг тун хар тамхины биед үзүүлэх нөлөөг хэмжих боломжгүй. Гэхдээ хэсэг хугацааны дараа үзүүлэх нөлөө нь их бөгөөд буцах боломжгүй билээ. Модны үндэс бага багаар түрж тэлсээр явган замыг хагалсан гэдгийг сана. Нэг л зүйл тодорхой байдаг. Хар тамхи гэх мэт бие махбодыг хордуулдаг эсвэл порнографыг харуулсан материал зэрэг бодол санааг маань доройтуулдаг аливаа донтуулагч зүйлсээс анхнаасаа, бүр нэг удаа ч атугай хүртэхгүй байх юм бол аймшигт үр дагавраас нь бүрэн зайлсхийх боломжтой.

Олон жилийн өмнө ахлагч М.Рассэлл Баллард Ерөнхий чуулганы оролцогчдод “өчүүхэн бөгөөд энгийн зүйлс хэрхэн хүмүүсийн авралд хөнөөлтэй байж болохыг” тайлбарласан. Тэрээр “Нарийхан мяндас эхлээд ээрсэн утас, дараа нь сүлжсэн утас, эцэст нь олс болдгийн адил эдгээр өчүүхэн зүйлс нийлснээр таслах боломжгүй бат бөх болдог. Өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийн сүнслэг байдлыг хөгжүүлдэг хүчийг үргэлж санаж явбал зохино. Үүний зэрэгцээ, Сатан өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг урмыг маань хугалж, биднийг зовлон шаналалд унагахын тулд ашиглана гэдгийг мөн адил санах ёстой”7 хэмээн заасан.

Ерөнхийлөгч Вийлрайт үүнтэй адил сэрэмжлүүлгийг Хавай дахь БЯИС-ийн сонсогчдод өгсөн. “Өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг хийхгүй бол итгэл суларч, гайхамшгууд байхаа больж, Их Эзэн болон Түүний хаант улс өөд өсөн хөгжих явц эхлээд зогсонги болж, дараа нь Бурханы хаант улсын оронд материаллаг эд зүйлс, дэлхийн нэр төрийг эрэлхийлэх болсноор нуран унадаг.”8

Бидний сүнслэг өсөлт хөгжилд хор хөнөөлтэй байж болох хуримтлагдсан сөрөг үр дагавраас хамгаалахын тулд бид өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийн сүнслэг загварыг дагах ёстой. Ахлагч Дэвид А.Бэднар БЯИС-ийн эмэгтэйчүүдийн чуулган дээр “Бид шаардагдахаас илүү их ус цутгаж, цацаж байхын оронд бага багаар хөрсөнд ус дуслуулан бороожуулах арга барилаас энэхүү сүнслэг загварын мөн чанар, ач холбогдлын талаар олон зүйлийг сурч болно” хэмээн энэ зарчмыг тайлбарласан байна.

Тэрээр “Тогтмол дуслуулан гоожуулах үед ус газрын гүнд шингэж, хөрсний чийгшилтийн өндөр түвшин ургамлын ургах нөхцөлийг тохиромжтой болгож өгдөг. Үүнтэй адил, хэрэв та бид анхаарлаа төвлөрүүлэн сүнслэг тэжээлийг дусал дуслаар тогтмол хүлээн авах юм бол сайн мэдээний үндэс бидний бодгальд гүн гүнзгий нэвтрэн орж, бат бөх байрлалаа олон бэхжих бөгөөд ер бусын, амтат үр жимсийг өгөх болно” гэх нэмэлт тайлбарыг хийлээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс агуу зүйлсийг тохиолгон авчирдаг сүнслэг загвар нь Их Эзэн Есүс Христ болон Түүний сайн мэдээн дэх тогтвортой бөгөөд тууштай байдал, улам бүр гүнзгийрэх сүсэг бишрэл, илүү бүрэн дүүрэн хөрвөлтийг бий болгодог”9 гэж хэлжээ.

Бошиглогч Иосеф Смит энэхүү зарчмыг одоо Сургаал ба Гэрээнд орсон дараах үгсээр заасан. “Хүмүүн тэдгээрийг жижиг зүйлүүд хэмээн бүү тооцог; учир нь эдгээр зүйлүүдээс хамаарах, гэгээнтнүүдэд холбогдох … их зүйл тэнд буй.” (С ба Г 123:15)

Сүмийг Миссурид зохион байгуулах гэсэн эхэн үеийн оролдлоготой холбоотой Их Эзэн “бүх зүйл тэдний цаг үед тохиохоор ирэх ёстой” (С ба Г 64:32) учраас тэвчээртэй бай хэмээн зөвлөсөн. Дараа нь Тэрээр “Иймийн тул, сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь та нар агуу ажлын суурийг тавьж байна. Агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг” (С ба Г 64:33) гэсэн энэхүү агуу сургамжийг өгсөн билээ.

Бид бүгдээрээ ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний “гэрээт зам дээр” 10 урагш явах урилгыг дагах хүсэлтэй гэдэгт би итгэдэг. Бид Есүс Христийн сайн мэдээний болон Түүний Сүмийн удирдагчдын заасан “өчүүхэн зүйлсийг” тогтмол дагах үед бидний хийхээр амласан амлалт хүчирхэгждэг юм. Би Христийг гэрчлэн, Түүний гэрээт замаар явахыг эрэлхийлдэг бүх хүмүүний дээр Түүний адислалыг урин авчирч байна. Есүс Христийн нэрээр гэрчилж байна. Амен.

Эшлэлүүд

  1. “Хайр, билиг агуу их,” Сүмийн дуулал ба хүүхдийн дуу, дугаар 19.

  2. “Have I Done Any Good?” Hymns, no. 223).

  3. Steven C. Wheelwright, “The Power of Small and Simple Things” (Brigham Young University–Hawaii devotional, Aug. 31, 2007), 2, devotional.byuh.edu.

  4. Teachings of Presidents of the Church: Howard W. Hunter(2015), 165.

  5. Dan Coats, “America’s Youth: A Crisis of Character,” Imprimis, vol. 20, no. 9 (Sept. 1991), 4; see also Elder Wilford Andersen in his column in the Mesa Tribune, May 1996.

  6. Brigham Young, discourse in Ogden Tabernacle, July 19, 1877, as reported in “Discourse,” Deseret News, Oct. 17, 1877, 578.

  7. M. Russell Ballard, “Small and Simple Things,” Ensign, May 1990, 7, 8.

  8. Steven C. Wheelwright, “The Power of Small and Simple Things,” 3.

  9. David A. Bednar, “By Small and Simple Things Are Great Things Brought to Pass” (Brigham Young University Women’s Conference, Apr. 29, 2011), womensconference.byu.edu.

  10. Russell M. Nelson, “As We Go Forward Together,” Liahona, Apr. 2018, 7.