2010–2019
Дал дахин долоон удаа
2018 оны 4-р сар


Дал дахин долоон удаа

Тээглэх чулуу, алдаа дутагдлаар дүүрэн амьдралын дунд бид бүгдээрээ хоёр дахь боломж гарахад талархдаг.

Алдаа дутагдал бол амьдралд бодит байдаг юм. Мянга мянган, магадгүй бүр сая алдаа гаргахгүйгээр төгөлдөр хуур чадварлаг тоглож сурах нь үндсэндээ боломжгүй юм. Гадаад хэл сурахад хэдэн мянган, магадгүй сая алдаа гаргаж, ичгэвтэр байдалд ч орж байдаг. Бүр дэлхийн хамгийн агуу тамирчин ч алдаа гаргахаа болино гэж байдаггүй.

“Амжилт гэдэг нь бүтэлгүйтэлгүй байна гэсэн үг биш, харин бүтэлгүйтлээс бүтэлгүйтэл рүү урам зоригоо алдахгүй явахыг хэлнэ”1 хэмээн хэлсэн үг байдаг.

Томас Эдисон гэрлийн лампыг зохион бүтээсэн тухайгаа ярихдаа “Би 1000 удаа бүтэлгүйтээгүй. Гэрлийн ламп нь 1000 алхамтай бүтээл байсан юм”2 хэмээн зориуд цохон хэлжээ. Чарлэс Ф.Кэттэринг бүтэлгүйтлийг “ололт амжилтад хүрэх зам руу чиглүүлдэг тэмдэг”3 гэж нэрлэсэн. Бидний гаргадаг алдаа бүр тээглэх чулуу болгоныг амжилтад хүрэх шат болгодог мэргэн ухааны сургамж байгаасай.

Нифайн гуйвшгүй итгэл нэг удаагийн бүтэлгүйтлээс дараагийнх руу нь явж, эцэс сүүлд нь гуулин ялтсуудыг олж авах хүртэл нь тусалсан. Мосе 10 удаа оролдлого хийсний эцэст израильчуудыг Египетээс амжилттай гаргасан.

Бид Нифай, Мосе хоёр хоёулаа Их Эзэний зараалд байсан юм бол Их Эзэн яагаад хөндлөнгөөс оролцолгүй, анхны оролдлогоороо амжилт олоход нь туслаагүй юм бол? Тэрээр амжилтад хүрэх оролдлого нь бүтэлгүйтэж, олон саад бэрхшээлтэй учрахыг яагаад тэдэнд болон бидэнд зөвшөөрдөг юм бэ? хэмээн асууж боддог байж болох юм. Энэхүү асуултын олон чухал хариултын заримыг доор дурдъя.

  • Нэгдүгээрт, Их Эзэн “эдгээр бүх зүйл [бидэнд] туршлага суулгах болно, мөн [бидний] сайн сайхны төлөө байх болно”4 гэдгийг мэддэг.

  • Хоёрдугаарт, “сайн сайхны үнэ цэнийг мэдэж болохын тулд [бидэнд] гашууныг амс[уулдаг].”5

  • Гуравдугаарт, “тулалдаан бол ЭЗЭНийх”6 бөгөөд зөвхөн Түүний ач ивээлээр бид Түүний ажлыг гүйцэлдүүлж, Түүнтэй адилхан болж чадна гэдгийг баталдаг.7

  • Дөрөвдүгээрт, сөрөг тал8 болон “зовлонгийн зуухан дотроос”9 л биш бол өөр бусдаар цэвэршүүлэгдэж чадахааргүй Христийн олон зан чанарыг олж авах, хөгжүүлэхэд бидэнд тусалдаг.

Иймээс, тээглэх чулуу, алдаа дутагдлаар дүүрэн амьдрал дунд бид бүгдээрээ хоёр дахь боломж гарахад талархдаг.

1970 онд би Бригам Янгийн Их Сургуулийн нэгдүгээр курсийн шинэхэн оюутан байхдаа гайхалтай профессор Жэй Баллифийн заадаг физикийн үндэс хэмээх хичээлд бүртгүүлсэн юм. Хичээлийн бүлэг бүрийг үзэж дууссаныхаа дараа тэр шалгалт авдаг байв. Хэрэв оюутан С дүн аваад, дүнгээ ахиулах хүсэлтэй байвал яг ижил материал хамруулж өөрчилсөн шалгалт дахин өгөхийг профессор Баллиф зөвшөөрдөг байлаа. Хэрэв оюутан хоёр дахь удаагаа өгөхдөө В дүн аваад, бас л санаанд нь хүрэхгүй байвал гурав дахь, дөрөв дэх удаагаа гээд дахин дахин шалгалт өгөх боломжтой байсан юм. Олон удаагийн хоёр дахь боломж олгосноор тэр надад хичээлдээ амжилт гаргаж, А дүн авахад тусалсан.

Зураг
Профессор Жэй Баллиф

Тэрээр оюутнууддаа бүтэлгүйтлийг гай зовлон биш, заавар хэмээн ойлгож, бүтэлгүйтэхээс айхгүй, харин үүнээс суралцахыг хичээсээр байхыг урамшуулан дэмжиж, зоригжуулдаг ер бусын ухаалаг багш байсан.

Би саяхан буюу түүний физикийн хичээлийг авснаас хойш 47 жилийн дараа энэ агуу хүнтэй утсаар ярьсан юм. Би түүнээс яагаад оюутнуудад дүнгээ сайжруулах хязгааргүй олон боломж олгож байсан тухай асуухад тэр “Би оюутнуудтай нэг тал баймаар байсан юм” гэж хариулж билээ.

Бид алдаа дутагдал буюу оюуны бүтэлгүйтлийн дараах хоёр дахь боломжоос урам авч, талархахдаа гэм нүгэл буюу зүрх сэтгэлийн бүтэлгүйтлийг даван гарах хоёр дахь боломжийг бидэнд олгодог Аврагчийн ач ивээлд гайхширдаг.

Хэн ч Аврагчаас илүүтэйгээр бидний талд байдаггүй. Тэрээр бидэнд Түүний шалгалтыг өгөх болон дахин дахин өгсөөр байх боломжийг олгодог. Түүнтэй адилхан болоход бидний эгэл хүнтэйгээ өдөр бүр тэмцэх буюу дур хүслээ хянах, тэвчээр, уучлалд суралцах, залхуурлаа даван гарах, хайхрамжгүй байдлын нүглээс зайлсхийх зэрэг тэмцэлд тоолж баршгүй олон удаагийн хоёр дахь боломж шаардагдана. Хэрэв алдаа гаргах нь хүний эгэл зан юм бол бидний зан чанар эгэл хүнийх биш, бурханлаг болох хүртэл бид хэдэн удаа бүтэлгүйтэх юм бол? Мянган удаа юу? Бүр сая дахин уу?

Аврагч нарийн бөгөөд шулуун зам эсэргүүцэл, уруу таталтаар өдөр бүр дүүрэн байдаг гэдгийг мэддэг учраас мөнх бус туршилтаа амжилттай даван гарахад маань шаардлагатай бүхий л боломжийг олгох хэмжээлшгүй төлөөсийг төлсөн юм. Түүний бидэнд тохиолдохыг зөвшөөрдөг эсэргүүцэл заримдаа давж дийлэхээргүй санагддаг боловч Аврагч биднийг итгэл найдваргүй үлдээдэггүй.

Биднийг амьдралын сорилт бэрхшээлтэй нүүр тулах үед найдварыг маань хүчирхэг хэвээр байлгахад Их Эзэний ач ивээл хэзээд ч үргэлж бэлэн байж байдаг. Түүний ач ивээл бол “тусламж буюу хүч чадлын бурханлаг арга барил, … чадах бүхнээ хийсний үр дүнд мөнх амьдрал, өргөмжлөлийн зам дээр итгэлтэй зогсох боломжийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд олгодог хүч юм.”10 Тэрээр сүнслэгээр урамшуулж, ачааг нь хөнгөлж, хүчирхэгжүүлж, чөлөөлж, хамгаалж, өөрөөр хэлбэл нарийн бөгөөд шулуун замаар бүдэрч явахад нь хүртэл “өөрийн хүмүүсийг халамжлахдаа” ач ивээл, хайрын мэлмийгээрээ биднийг аяллын маань турш харж байдаг.11

Наманчлал бол бүтэлгүйтлээс бүтэлгүйтэл рүү урам зоригоо алдалгүй явах боломжийг бидэнд олгодог, байнга боломжтой байдаг Бурханы бэлэг юм. Наманчлал нь биднийг бүтэлгүйтсэн үед хэрэгжүүлэх Түүний нөөц төлөвлөгөө биш. Харин наманчлал бол биднийг алдаа гаргана гэдгийг мэдэж байсан Түүний төлөвлөгөө мөн. Энэ бол наманчлалын сайн мэдээ бөгөөд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний ажигласнаар “Энэ нь насан туршийн хөтөлбөр байх болно.”12

Энэхүү наманчлалын насан туршийн хөтөлбөрт ариун ёслол нь Их Эзэний өршөөлийг үргэлжид хүртэх боломжоор хангадаг Түүний томилсон арга зам болдог. Хэрэв бид түүнээс харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр хүртвэл гэрээний замаар бүтэлгүйтлээс бүтэлгүйтэл рүү өсөж хөгжих үед маань Тэр бидэнд долоо хоног бүр өршөөл үзүүлэх болно. Учир нь “тэдний нүглүүдийг үл харгалзан, миний дотор тэднийг өрөвдөх сэтгэлээр дүүрдэг билээ.”13

Гэвч Тэр хэдэн удаа биднийг өршөөх вэ? Түүний тэвчээр хэр удаан үргэлжлэх вэ?Нэг удаа Петр Аврагчаас “Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа түүнийг уучлах вэ? Долоон удаа юу?”14 гэж асуужээ.

Зураг
Петр ба Есүс

Петр долоо гэдэг нь дэндүү олон удаагийн тэнэглэлийг уучлахыг онцлоход хангалттай их тоо бөгөөд сайхан сэтгэлд хязгаар байх хэрэгтэй гэж бодсон байх. Үнэн хэрэгтээ, Аврагч хариуд нь Петрт хандан, тоолох хэрэггүй, уучлалд хязгаар тогтоож болохгүй гэдгийг хэлсэн.

“Есүс айлдсан нь—Би чамд долоон удаа гэж хэлэхгүй. Харин дал дахин долоон удаа гэж хэлье.”15

Аврагч 490 гэсэн дээд хязгаар тогтоогоогүй нь ойлгомжтой. Хэрэв тийм бол ариун ёслолоос хүртэх хязгаар нь 490 байна гэсэн үг бөгөөд 491 дэх удаад нь тэнгэрлэг аудитор хориглож, “Уучлаарай, таны наманчлалын картны хязгаар дууссан байна. Энэ мөчөөс эхлэн та өөрөө өөрийгөө даах болно” хэмээнэ.

Их Эзэн дал дахин долоон удаа гэсэн тоог Өөрийн хязгааргүй Цагаатгал, дуусашгүй хайр, хэмжээлшгүй ач ивээлтэй зүйрлэн ашигласан. “Тийм ээ, мөн миний хүмүүс наманчлах болгонд би тэднийг миний эсрэг алдаануудад нь өршөөх болно.”16

Гэхдээ энэ нь ариун ёслол бол нүгэл үйлдэх эрхийн бичиг болдог гэсэн үг биш юм. Энэ нь Моронайн номонд “Харин тэд үнэн сэтгэлээсээ наманчилж мөн өршөөлийг эрэлхийлэх болгондоо, тэд өршөөгддөг байлаа”17 гэсэн хэллэгийг оруулсны нэг шалтгаан ажээ.

Үнэн сэтгэлээсээ гэдэг нь жинхэнэ хичээл зүтгэл, бодит өөрчлөлтийг илэрхийлдэг. “Өөрчлөлт” гэдэг нь Судруудын удирдамжинд наманчлал гэдгийг тодорхойлохдоо ашигласан гол үг бөгөөд “Бурханд, өөртөө болон ерөнхийдөө амьдралд хандах шинэ хандлагыг авчирдаг оюун санаа хийгээд зүрх сэтгэлийн өөрчлөлт”18 гэсэн байдаг. Тийм өөрчлөлт нь сүнслэг өсөлтийн үр дүн юм. Тиймээс, бидний амжилт бүтэлгүйтлээс бүтэлгүйтэл рүү яваагүй, харин урам зоригоо алдалгүй бүтэлгүйтлээс бүтэлгүйтэл рүү өсөж яваа хэрэг.

Өөрчлөлтийн талаар бодож байхдаа “Өөрчлөгддөггүй зүйлс нь хэвээрээ л байж байдаг” гэсэн энгийн ойлголтыг эргэцүүлэн бод. Энэхүү энгийн үнэн нь таны оюуны чадамжийг дорд үзэх гэсэн хэрэг биш, харин энэ нь “Бид өөрчлөгдөхгүй байгаа бол өсөж хөгжихгүй байна гэсэн үг юм”19 хэмээн нэмж хэлсэн ерөнхийлөгч Боид К.Пакэрын мэргэн ухаан юм.

Аврагч шиг болох хүртлээ бид өсөж хөгжихөө хойшлуулахыг хүсдэггүй учраас20 унах алдах бүрдээ өөрсдийн сул доройгоос үл хамааран үргэлжлүүлэн өсөж хөгжих хүсэлтэйгээр босдог байх хэрэгтэй. Тэрээр бидний сул дорой байдалд “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор Миний хүч бүрэн төгс болно”21 хэмээн биднийг тайвшруулдаг.

Цагийг хурдасган хийсэн бичлэг эсвэл өсөлтийн хүснэгт бидний зөвхөн бие махбодын өсөлтийг харуулах боломжтой. Үүний адил, бидний сүнслэг байдлын өсөлт хөгжил цаг хугацааг буцаан гүйлгэх дурангаар хараагүй л бол ихэвчлэн үл мэдэгдэхүйц байдаг. Ахиц дэвшлээ олж харах, “найдварын төгс гэрэлтэйгээр … Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх”22 урам зориг авахын тулд тэрхүү дурангаар үе үе өөрийгөө дүгнэн харж байх нь ухаалаг хэрэг болно.

Би Өөрсдийнх нь оршихуйд эргэн очих аялалд тоолж баршгүй олон хоёр дахь боломжийг бидэнд өгдөг Тэнгэрлэг Эцэг, эхийн болон Аврагчийн өгөөмөр хайр, тэсвэр тэвчээрт үргэлжид талархаж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Энэхүү эшлэл нь Абрахам Линкольн болон Винстон Черчилл зэрэг өөр өөр зохиогчдын үг юм.

  2. Thomas Edison, in Zorian Rotenberg, “To Succeed, You Must Fail, and Fail More,” Nov. 13, 2013, insightsquared.com.

  3. Charles F. Kettering, in Thomas Alvin Boyd, Charles F. Kettering: A Biography (1957), 40. Энэхүү эшлэлийг С.Л.Луисийнх хэмээн үзэх нь олонтоо.

  4. Сургаал ба Гэрээ 122:7 Аврагч хүртэл “зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан (Еврей 5:8). Эдгээр шүлэг нь бидний хүрээлэн буй орчин эсвэл тааламжгүй нөхцөл байдлаас шалтгаалсан гай зовлон, шаналлыг илэрхийлж байгаа ч бидний гаргадаг алдаанууд нь бид тэдгээрээс сургамж авбал бидний сайн сайхны төлөө байдаг.

  5. Moсе 6:55.

  6. 1 Самуел 17:47; мөн 1 Нифай 3:29-ийг үзнэ үү.

  7. Иаков 4:7-г үзнэ үү.

  8. 2 Нифай 2:11-ийг үзнэ үү.

  9. Исаиа 48:10; 1 Нифай 20:10.

  10. Судруудын Удирдамж, “Ач ивээл”; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.emphasis added.

  11. Алма 7:12.

  12. Russell M. Nelson, in Dallin H. Oaks and Neil L. Andersen, “Repentance” (address given at the seminar for new mission presidents, June 26, 2015), 11.

  13. Сургаал ба Гэрээ 101:9.

  14. Maтай 18:21.

  15. Maтай 18:22.

  16. Moзая 26:30; онцлон тэмдэгэлэлт нэмэгдсэн.

  17. Moронай 6:8; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  18. Судруудын Удирдамж, “Наманчлал, наманчлах,” scriptures.lds.org.

  19. Boyd K. Packer (Kingsland Georgia Stake conference, Aug. 1997).

  20. 3 Нифай 27:27-г үзнэ үү.

  21. 2 Коринт 12:9; мөн Eфер 12:27-г үзнэ үү.

  22. 2 Нифай 31:20.