2010–2019
Би Бурханы хүүхэд үү?
2018 оны 4-р сар


Би Бурханы хүүхэд үү?

Бид өөрсдийнхөө тэнгэрлэг мөн чанарыг ойлгох хүчийг хэрхэн ашиглаж чадах вэ? Энэ нь Бурхан Тэнгэрлэг Эцэгээ эрэлхийлэхээс эхэлдэг.

Саяхан би хайртай ээжийнхээ хамт хуучин явдаг байсан, чулуун сүмийн байранд очсон юм. Би олон арван жилийн өмнө явдаг байсан Хүүхдийн хэсгийн ангиас сонсдож байгаа бяцхан хүүхдүүдийн дуу хоолойнд татагдан, араар нь явж ороод, удирдагчдыг нь энэ жилийн “Би Бурханы хүүхэд”1 гэдэг сэдвийг зааж буйг ажиглав. Дээр үед тэсвэр тэвчээр, хайраар дүүрэн багш нар маань дууны цагийн үеэр эгнээний захад сууж буй энэ хөдөлгөөнтэй бяцхан хүүг “үнэхээр Бурханы хүүхэд юм байх даа? Тэгээд хэн түүнийг явуулсан юм бол?”2 гэж байгаа юм шиг над руу байсхийгээд л хардаг байсныг би санаад, дотроо инээмсэглэв.

“Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг … бидний сүнстэй хамт гэрчилдэг”3 тэрхүү Ариун Сүнсэнд хүн нэг бүр зүрх сэтгэлээ нээхийг би урьж байна.

Ерөнхийлөгч Боид К.Пакэрын “Чи бол Бурханы хүүхэд.Тэр бол чиний сүнсний Эцэг. Чи сүнсээрээ Тэнгэрийн Хааны дээд язгуурт хүүхэд. Уг үнэнийг ой ухаандаа тогтоож ав, бүү март. Мөнх бус энэ амьдралд хэдэн өвөг дээдсийн удамтай байсан ч гэсэн, аль үндэстэн ястныг төлөөлдөг гэдгээс үл хамааран, сүнсний угийн бичиг чинь нэг л мөрөнд багтана. Чи бол Бурханы хүүхэд!”4 хэмээн хэлсэн үгс энгийн бөгөөд үнэ цэнтэй юм.

Бригам Янг “Та… Эцэгээ харах үедээ удаан хугацаанд танил байсан нэгнийг харах болно, Тэр таныг мутраа дэлгэн, тосон авах болно, тэгэхэд та Түүнд тэврүүлж, Түүнийг үнсэх болно”5 хэмээн дүрслэн өгүүлжээ.

Тэнгэрлэг мөн чанарын эсрэг дэгдсэн Агуу их дайн

Мосе Их Эзэнтэй нүүр тулан ярилцаж байхдаа өөрийн тэнгэрлэг өвийн тухай мэдэж авсан. Энэ явдлын дараа Мосегийн мөн чанарыг мушгин гуйвуулахын тулд хорон нарийн санаагаар “Сатан түүнийг сорихоор ирж,” “Мосе, хүний хүү, намайг шүтэгтүн гэв. Тэгээд … Мосе Сатан уруу харж мөн хэлэв: Чи хэн бэ? Учрыг болгоогтун, …Бурханы хүү байна би” гэж хэлсэн.6

Тэнгэрлэг мөн чанарын талаарх энэ агуу дайн нь, Сатан бидний Бурханд итгэх итгэл болон Бурхантай харилцах харилцааг устгах зорилгоор илүү хөнөөлт зэвсгийг гаргаж ирсээр байгаа тул улам даамжирсаар байна. Талархууштай нь, бид өөрсдийнхөө бодит мөн чанарын талаарх тодорхой алсын хараа, ойлголтоор бүр анхнаасаа адислагдсан юм. “Тэгээд Бурхан - Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё”7 хэмээн айлдсан ба амьд бошиглогчид “[Хүн] бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь бөгөөд хүн бүр бурханлиг шинж чанар, хувь тавилантай юм”8 хэмээн тунхагладаг.

Эдгээр үнэнийг эргэлзээгүйгээр9 мэдэж авах нь бидэнд өөрсдийн бүх төрлийн зүдгүүр, бэрхшээл, зовлонг туулахад тусалдаг.10 “Бид [хувийн асуудалтай байгаа] хэн нэгэнд хэрхэн тусалж чадах вэ?” гэж асуухад Бурханы төлөөлөгч “Тэдэнд өөрсдийнх нь мөн чанар болон зорилгынх нь тухай сурга”11 гэж заасан.

“Надад байгаа хамгийн хүчтэй мэдлэг”

Эдгээр хүчтэй үнэн нь өсвөр насны хүүхэд байхдаа зам тээврийн ноцтой осол гаргасан миний найз Жэнийн12 амьдралыг өөрчилж чадсан юм. Түүний бэртэл хүнд байсан хэдий ч нөгөө жолооч эмэгтэй нь амь насаа алдсан байсан тул тэр өгүүлшгүй их шаналж байв. “Хэн нэгэн ээжийгээ алдсан, энэ нь бүгд миний буруугаас болсон” гэж тэр хэлдэг байлаа. Хэдхэн хоногийн өмнө босож зогсоод, “Бид Тэнгэрлэг Эцэгийн хайртай охид бөгөөд Тэр бидэнд хайртай”13 гэж уншиж байсан тэрээр одоо “Тэр надад яаж хайртай байж чадах юм бэ?” гэж асууж байв.

“Бие махбодын өвчин зовуурь алга болсон боловч би сэтгэл санааны болон сүнслэг шарх маань хэзээ ч эдгэрэхгүй байх гэж бодож байсан” гэж тэр хэлсэн юм.

Жэн тэсэж үлдэхийн тулд сэтгэлийн мэдрэмжээ гүн нууж, хоосон хөндий, хөшүүн нэгэн болж хувирав. Нэг жилийн дараа тэр ослынхоо тухай ярих чадвартай болсон бөгөөд сүнслэгээр өдөөгдсөн нэгэн зөвлөх түүнийг өдөр бүр “Би Бурханы хүүхэд” гэдэг үгсийг бичиж, 10 удаа хэлж байхыг урьсан байна.

Тэр “эдгээр үгийг бичих нь амархан байсан ч би ингэж хэлж чадахгүй байсан. … Энэ дэндүү бодит болгож байсан, харин би Бурхан намайг Өөрийнхөө хүүхэд байлгахыг хүсэж байгаа гэдэгт итгэхгүй байсан. Би эвхрэн хэвтээд уйлдаг байлаа” хэмээн дурсан ярьсан юм.

Нэлээд хэдэн сарын дараа, эцэст нь Жэн энэ даалгаврыг өдөр бүр бүрэн биелүүлэх чадвартай болжээ. Тэрээр “Би Бурханаас гуйж мөн өөрийнхөө сэтгэлийг уудлан ярьдаг байсан. … Тэгээд би энэ үгсэд итгэж эхэлсэн юм” гэж ярив. Энэхүү итгэл нь түүний шархалсан сүнсийг эдгээж эхлэх боломжийг Аврагчид олгосон байна. Мормоны Ном түүнд Аврагчийн Цагаатгалаас ирэх тайтгаруулалт болоод зоригийг авчирч өгсөн.14

“Христ миний шаналал, уй гашуу, гэмшлийг мэдэрсэн. Би Бурханы цэвэр хайрыг мэдэрсэн бөгөөд ийм хүчтэй зүйлийг би өмнө нь мэдэрч байгаагүй! Би Бурханы хүүхэд гэдгээ мэдэж байгаа маань надад байгаа хамгийн хүчтэй мэдлэг юм!” гэж Жэн өгүүлжээ.

Бурхан Тэнгэрлэг Эцэгээ мэдэхээр эрэлхийлэх нь

Бид өөрсдийнхөө тэнгэрлэг мөн чанарыг ойлгох хүчийг хэрхэн ашиглаж чадах вэ? Энэ нь Бурхан Тэнгэрлэг Эцэгээ эрэлхийлэхээс эхэлдэг.15 Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бурханы хүүхдийг Түүний талаар болон Түүний Хайрт Хүүгийнх нь талаар илүү ихийг мэдэхийг эрэлхийлэх үед гайхамшигтай зүйл тохиолддог”16 хэмээн гэрчилсэн.

Аврагчийн талаар мэдэж авч мөн Түүнийг дагах нь бидэнд Эцэгээ мэдэж авахад туслах болно. “[Өөрийн Эцэгийн] мөн чанарын бодит илрэл …”17 болсон Есүс “Эцэгээс хийж харуулсныг нь Хүү хийхээс Хүү юуг ч Өөрөөсөө хийдэггүй”18 гэж сургасан. Христийн үг, үйлс бүр нь Бурханы жинхэнэ мөн чанар ба бидний Түүнтэй харьцах харилцааг харуулдаг.19 Ахлагч Жэффри Р.Холланд “Бүх нүх сүвээс нь цус гарч, өвдөж шаналсны улмаас орь дуу тавихдаа ч Тэрээр үргэлж эрэлхийлж, тэмүүлдэг байсан Түүнийг буюу Өөрийн Эцэгийг эрж хайж байсан. Тэр ‘Абба’ буюу ‘Аав аа’ хэмээн уйлсан” гэж заасан юм.20

Есүс Гетсеманид байхдаа Өөрийнхөө Эцэгийг хичээнгүйлэн хайсны адил залуу Иосеф Смит Ариун ойн цоорхойд Бурханыг залбиран хайсан. Иосеф “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас гуйг”21 гэснийг уншаад, залбирахаар явсан билээ.

Тэрээр “Би … өвдөг сөгдөн суугаад, зүрх сэтгэлийнхээ хүслүүдийг Бурханд өргөж эхлэв. …

Би … өөрийнхөө чанх орой дээр … гэрлэн багана … харлаа. …

… Гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—[Иосеф,] Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг Сонс!22 гэж бичжээ.

Бид Аврагчийн болон бошиглогч Иосефын үлгэр жишээг дагаж, Бурханыг хичээнгүйлэн хайхдаа Жэнтэй адил маш бодитойгоор Тэнгэрлэг Эцэг биднийг нэрээр маань мэддэг бөгөөд бид Түүний хүүхдүүд гэдгийг ойлгох болно.

“Нүглийг эсэргүүцэж чадах үр удмыг”23 өсгөхийг хичээх явцдаа ажилдаа дарагдан, живж байгаа мэт мэдрэмжийг мэдэрдэг залуу ээж нарт хэлэхэд, Бурханы төлөвлөгөөнд та бүгд гол дүрийг эзэлж байгаа гэдгээ хэзээ ч битгий дутуу үнэлээрэй. Сэтгэлийн дарамт ихтэй үед, тухайлбал, бага балчир хүүхдийнхээ араас хөөцөлдөж байхад тань болон гал тогооны өрөөнөөс гарч ирж байгаа хиншүүний үнэрээр сэтгэлээ зориулан хийж байсан оройн хоол нь шатаалт тахил болчихоод байгааг мэдэх үед Бурхан та бүгдийн хамгийн хүнд, хэцүү өдрүүдийг ариусган адисалдаг гэдгийг мэдэж аваарай.24 “Би чамтай хамт, чи битгий ай!”25 хэмээн Тэр тайтгаруулдаг. Жой Д.Жонс эгчийн “Хүүхдүүд маань өөрсдийнхөө тэнгэрлэг мөн чанарыг ойлгох эрхтэй”26 хэмээн хэлсэн итгэл найдварыг биелүүлэх ажилд тань бид та бүгдийг хүндэлдэг.

Би Бурханыг болон Түүний Хайрт Хүүг эрэлхийлэхэд хүн бүрийг урьж байна. “Мормоны Номоос өөр хаана ч эдгээр үнэнийг илүү тодорхой, илүү хүчтэй заадаггүй”27 хэмээн ерөнхийлөгч Нэлсон хэлсэн. Хуудсыг нь нээгээд, Бурхан “[бидний] сайн сайхан болон аз жаргалын төлөө бүх зүйлийг”28 хийдэг гэдгийг болон Тэрээр “нигүүлсэл, ач ивээлээр дүүрэн, уурлахдаа удаан, удаан тэвчиж тэсвэрлэдэг, сайн сайхан бүхнийг агуулсан байдаг”29 гэдгийг мөн “[Түүнд] бүгд адил”30 гэдгийг сурч аваарай. Хэрэв та гомдсон, алдагдсан, айсан, сэтгэл гонсойсон, гунигласан, өлссөн эсвэл амьдралын бэрхшээл дунд ганцаараа орхигдсон31 мэт санагдаж байгаа бол Мормоны Номоо нээгээрэй, тэгвэл та “Бурхан хэзээ ч биднийг орхихгүй. Тэр хэзээ ч орхиогүй бөгөөд хэзээ ч орхихгүй. Тэр ингэж чадахгүй. [Ингэх нь] Түүний шинж чанарт байдаггүй”32 гэдгийг мэдэж авах болно.

Эцэгийг мэдэж авах нь бүх зүйлийг өөрчилдөг бөгөөд ялангуяа, Түүний зөөлөн Сүнс бидний үнэн мөн чанарыг болон Түүний мэлмийд агуу үнэ цэнтэй гэдгийг батлахад зүрх сэтгэл маань өөрчлөгддөг.33 Бид Түүнээс залбиран гуйж, судраас судалж, дуулгавартай хичээж чармайснаар Түүнийг эрэлхийлэх үед Бурхан бидэнтэй хамт гэрээт замаар маань алхдаг.

Бурханы мөн чанарын эрхэм байдал—Миний гэрчлэл

Би эцгүүдйинхээ Бурханд,34 “Би бүхнийг чадагч Бурханд”35 хайртай бөгөөд Тэр биднийг уй гашууд автсан үед хамт уйлдаг, шударга бус байдлыг маань тэсвэр тэвчээртэйгээр зэмлэдэг мөн биднийг “[Түүнийг] мэдэхийн тулд бүх нүглүүдээ орхихоор”36 эрэлхийлэхэд баярладаг. “Өнчидийн эцэг нь”37 мөн ганцаардсан нэгний хамтрагч нь байдаг Түүнийг би шүтэн биширдэг. Би Бурханыг, Өөрийнхөө Эцэгийг мэддэг болсон гэдгээ талархан гэрчилж байна мөн Түүний төгс төгөлдөр байдал, шинж чанарууд ба “Түүний мөн чанарын Эрхэмсэг байдлыг”38 гэрчилж байна.

Мөн бидний хүн нэг бүр “Цорын ганц Бурхан [Түүнийг] болон [Түүний] илгээсэн Есүс Христийг”40 таньж мэдэхийн тулд ирж буй Бурханы хүүхдийн хувьд “төрснөөр олгогдсон язгуурт эрхээ”39 бодитоор нь ойлгож, хүндлээсэй хэмээн би үнэн сэтгэлээсээ Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен