Ирээд, Намайг дага
Хавсралт В: Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх толилуулгын зааварчилгаа—Хүүхдийн хэсэгт зориулав


“Хавсралт В: Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх толилуулгын зааварчилгаа—Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Хавсралт В,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Дуулж буй хүүхдүүд

Хавсралт В

Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх толилуулгын зааварчилгаа—Хүүхдийн хэсэгт зориулав

Ариун нандин дуунууд нь хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө, Есүс Христийн сайн мэдээний суурь үнэний тухай мэдэж авахад туслах хүчирхэг хэрэгсэл юм. Хүүхдүүдийг сайн мэдээний зарчмуудын тухай дуулах үед Ариун Сүнс тэдгээрийн үнэнийг гэрчилнэ. Дууны үгс, аялгуу нь хүүхдүүдийн оюун санаа, зүрх сэтгэлд амьдралынх нь турш хоногшин үлдэх болно.

Та дуу хөгжмөөр дамжуулан сайн мэдээг заахад бэлтгэхдээ Сүнсний тусламжийг эрэлхийл. Дуулж буй үнэнийхээ талаар гэрчлэлээ хуваалц. Дуу хөгжим тэдний гэртээ болон Хүүхдийн хэсгийн ангиуддаа суралцаж буй зүйл болон олж авч буй туршлагатай хэрхэн уялдаж байгааг олж харахад хүүхдүүдэд тусал.

Ариун ёслолын цуглаан дээр үзүүлэх толилуулгын удирдамж

Ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх толилуулгыг ерөнхийдөө жил бүрийн дөрөвдүгээр улиралд бишопын удирдлаган доор явуулдаг. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн мөн хөгжмийн удирдагч, Хүүхдийн хэсгийг хариуцдаг бишопын зөвлөхүүд толилуулгыг төлөвлөхөөр хамтран ажилладаг.

Толилуулгаар хүүхдүүдэд гэр бүлийнхэнтэйгээ хамт Сургаал ба Гэрээнээс гэртээ болон Хүүхдийн хэсэгт сурсан зүйлээ, түүнчлэн жилийн турш дуулсан Хүүхдийн хэсгийн дуунуудаа толилуулах боломжийг олгох ёстой. Толилуулгыг төлөвлөхдөө, цугларагсдын анхаарлыг Аврагчид болон Түүний сургаалд төвлөрүүлэхэд туслах арга замын талаар бод.

Цөөн хүүхэдтэй нэгжүүд гэр бүлийнхэн нь хүүхдүүдтэйгээ хамт оролцож болох арга замуудын талаар бодож болно. Бишопын зөвлөлийн нэг гишүүн товч үг хэлж, цуглааныг хааж болно.

Толилуулгыг бэлтгэх явцдаа дараах удирдамжийг сана. Үүнд:

  • Давтахдаа Хүүхдийн хэсгийн ангийн юм уу гэр бүлийн цагаас хэт их цаг авах ёсгүй.

  • Үзүүлэнгийн материал, хувцас өмсгөл, медиа толилуулга зэргийг ариун ёслолын цуглаанд ашиглах нь зохисгүй.

Gospel Library-аас Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь гарын авлагын 12.2.1.2-ыг үзнэ үү.

Дуулж буй хүүхдүүд

Дууны цагийн зааварчилгаа

5 минут (Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл): Нээлтийн залбирал, судар эсвэл итгэлийн тунхаг ба нэг хүн үг хэлэх

20 минут (хөгжмийн удирдагч): Дууны цаг

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл ба хөгжмийн удирдагч сар бүр хүүхдүүдийн ангидаа болон гэртээ суралцаж байгаа зарчмуудыг бататгах дуунуудыг сонгоно. Эдгээр зарчмыг бататгах дуунуудын жагсаалтыг энэхүү удирдамжид хавсаргав.

Хүүхдүүдэд дуу заахдаа тухайн дуунуудын зааж буй сургаалын зарчим, түүхүүдийн талаар юу мэдэж авснаа хуваалцахыг тэднээс хүс. Хүүхдүүдийг дуунуудад өгүүлж буй үнэний талаар бодол санаа, мэдрэмжээ хуваалцахад урь.

Хүүхдийн дууны ном нь Хүүхдийн хэсгийн дуу хөгжмийн үндсэн эх сурвалж юм. Сүмийн дууллын ном дээрх дууллууд болон Найз сэтгүүл дээрх дуунууд мөн тохиромжтой. Хүүхдийн хэсэгт бусад дуу хөгжим ашиглахад бишопын зөвлөлийн зөвшөөрөл шаардлагатай (Ерөнхий гарын авлагын 12.3.4-ийг үзнэ үү).

Дууны цагийн дуу хөгжим

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

Сургаалыг заахад дуу хөгжим ашиглах

Дууны цаг нь хүүхдүүдэд сайн мэдээний үнэнээс суралцахад туслах зорилготой. Сүмийн дууллууд болон Хүүхдийн хэсгийн дуунуудад байгаа сайн мэдээний зарчмуудыг заах арга замуудыг төлөвлөхөд танд дараах санаа тусална.

Холбогдох судруудыг унш. Хүүхдийн дууны ном ба дууллын ном дахь олон дуунд холбогдох судруудын эшлэлүүдийг жагсаасан байдаг. Эдгээр хэсгийг уншихад нь хүүхдүүдэд тусалж, уг судрууд дуунуудтай хэрхэн холбогдож байгааг ярилц. Мөн та самбар дээр хэд хэдэн судрын эшлэл бичээд, эшлэл бүрийг дуу, дууны бадагтай тохируулахад хүүхдүүдийг урьж болно.

Хоосон зайг нөх. Самбар дээр дууны үгийг бичихдээ хэд хэдэн гол үгийг орхиж бич. Дараа нь хүүхдүүдээс уг дууг дуулахдаа хоосон зайд тохирох үгсийг анхаарч сонсохыг хүс. Тэднийг хоосон зайг бөглөх үед дутуу байсан үгсээс сайн мэдээний ямар зарчмууд мэдэж авсан талаар ярилц.

Дуулж буй хүүхдүүд

Гэрчил. Хүүхдийн хэсгийн дуун дээр байдаг сайн мэдээний үнэний тухай гэрчлэлээ хүүхдүүдтэй товчхон хуваалц. Дуулах нь гэрчлэлээ хуваалцаж Сүнсийг мэдрэх нэг арга зам гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Гэрч болон зогс. Хүүхдүүдийг ээлжлэн босоод, дуулж байгаа дуунаасаа юу мэдэж авснаа эсвэл уг дуун дээр гардаг үнэний талаар төрж буй мэдрэмжээ хуваалцахад урь. Уг дууг дуулж байхдаа юу мэдэрч байгааг нь хүүхдүүдээс асууж, Ариун Сүнсний нөлөөг ялган танихад тусал.

Зураг ашигла. Дуунд гарч буй чухал үг, хэллэгүүдтэй холбоотой зургийг олоход эсвэл бүтээхэд туслахыг тэднээс хүс. Зургууд тухайн дуутай хэрхэн холбогдож байгааг мөн уг дуу юу зааж байгааг хуваалцахад тэднийг урь. Тухайлбал: Хэрэв та “Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Хүүхдийн дууны ном, 46) дууг зааж байгаа бол дууны чухал үгсийг дүрсэлсэн зургуудыг өрөөгөөр байрлуулж болно (тэнгэр элч нар, цас, од гэх мэт). Хүүхдүүдээс зургуудыг цуглуулаад, хамт дуулахдаа тэдгээр үгийг зөв дарааллаар дээш өргөхийг хүс.

Үзүүлэнт хичээл заа. Та дууны тухай ярилцахад урамшуулахын тулд үзүүлэн ашиглаж болно. Жишээлбэл: “Бяцхан горхи урсаж байна” (Хүүхдийн дууны ном, 116–117) дууг дуулах үедээ та хүүхдүүдэд голын урсгал, өвс, бороо, цэцэгсийн зургийг харуулж болно. Энэ нь багахан үйлчлэл хүртэл бусдыг чухал байдлаар адисалж болдог тухай ярилцахад хүргэж болох юм.

Хувийн туршлагаа хуваалцахад урь. Хүүхдүүдэд тухайн дуунд зааж байгаа зарчмуудыг тэдгээрийн талаарх өөрсдийн туршлагатай холбоход тусал. Жишээлбэл: “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) дууг дуулахын өмнө та хүүхдүүдээс ариун сүм харсан бол гараа өргөхийг хүсэж болно. Хүүхдүүдээс дуулж байхдаа ариун сүмийг хараад юу мэдэрсэн талаараа бодохыг хүс.

Aсуулт тавь. Дуу дуулах үед асууж болох олон асуулт бий. Жишээлбэл: Та дууны бадаг бүрээс юу ойлгосныг нь хүүхдүүдээс асууж болно. Мөн тухайн дуунд хариулт нь байж болох асуултуудыг бодож олохыг тэднээс хүсэж болно. Энэ нь дуунд зааж буй үнэнүүдийн тухай ярилцахад хөтөлж болох юм.

Энгийн гарын хөдөлгөөн ашигла. Дууны үг, захиасыг санахад туслах гарын энгийн хөдөлгөөн бодож олохыг хүүхдүүдээс хүс. Жишээлбэл: “Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой” (Хүүхдийн дууны ном, 66) дууг дуулахдаа судруудыг эрэлхийлэх талаар дуулж байвал нүд рүүгээ заах, эргэцүүлэх талаар дуулах үедээ толгой руугаа заах, залбирлын талаар дуулах үедээ хоёр гараа хавсрахад хүүхдүүдийг урь.