Семинар
30-р бүлэг: 2 дахь өдөр, Наувуг орхисон нь; Айоваг туулсан аялал; Сургаал ба Гэрээ 136:1–18


30-р бүлэг: 2 дахь өдөр

Наувуг орхисон нь; Айоваг туулсан аялал; Сургаал ба Гэрээ 136:1–18

Оршил

Бошиглогч Иосеф Смитийн амийг бүрэлгэсний дараа Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Бригам Янгийн удирдлаган доор Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга Сүмийг удирдаж, Их Эзэний ажлыг үргэлжлүүлсэн. Тэд гэгээнтнүүдийг Науву дахь ариун сүмээ барьж дуусган, баруун зүг рүү нүүхээр бэлтгэхэд нь урамшуулж байв.

Гэгээнтнүүд ариун сүмийн адислал хүлээн авахын тулд шаргуу ажиллав

Үр дүн нь үнэ цэнтэй байх болно гэдгийг мэдэж байсан учраас ямар нэгэн хэцүү зүйл хийж байсан үеэ бод.

Бошиглогч Иосеф Смитийн үхлийн дараа удирдамжаар хүлээн авсан гэгээнтнүүдийн хийх ёстой хүнд даалгавруудын нэг нь Наувугийн ариун сүмийг барьж дуусгах байв. Наувугийн ариун сүмийг барихад гэгээнтнүүдээс агуу их золиослол шаардагдав. Та дараах догол мөрийг уншиж байхдаа Науву дахь хамгийн анхны ариун сүмийг барихад гэгээнтнүүдийн хийсэн золиослолуудын доогуур зур.

1844 оны 10-р сарын ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Бригам Янг гэгээнтнүүдийг ариун сүм барихад аравны нэг болон өргөлүүдээ төлөхийг хүсэв. Үүний хариуд Халамжийн нийгэмлэгийн гишүүн эгч нар барилгын материал хангамжид зориулан долоо хоног бүр зоос хандивлаж байв. Олон эрэгтэй ажлын арван өдрөөсөө нэг өдөр нь ариун сүм дээр ажиллан, аравны нэгээ төлж байв. Бусад нь байгаа зүйлийнхээ аравны нэгээс илүү их зүйлийг өгч байв. Жозеф Торонто Бригам Янгад алтаар 2500 доллар өгсөн бөгөөд Бурханы хаант улсыг барихын тулд өөрт байгаа бүхнээ өгөхийг хүсэж байгаагаа хэлжээ.

Зураг
Наувугийн ариун сүм

Наувугийн анхны ариун сүм

Гэгээнтнүүд ариун сүм барихын тулд яагаад ийм их золиослол хийх хүсэлтэй байсан гэж та бодож байна вэ?

Гэгээнтнүүд хэдийгээр Наувугийн ариун сүмийг барихын тулд золиослол хийж байсан ч хавчлага дарамт ариун сүмийг барих ажлын явцад хүндрэл учруулж байв. Сүмийн дайснууд бошиглогч Иосеф Смит алагдсан учир Сүм нурна гэж бодож байв. Харин Сүмийн гишүүд итгэлтэй хэвээр үлдэж, Сүм өсөж хөгжсөөр байсан ба Сүмийн дайснуудын гэгээнтнүүдийг Иллинойгоос хөөж гаргах оролдлогууд эрчимжиж байв.

Та дараах догол мөрүүдийг уншиж байхдаа Сүмийн дайснууд Сүмийг устгахаар юу хийснийг олж мэд.

1844 оны 9-р сард Иосеф, Хайрум Смит хоёрыг хөнөөх аллагад оролцсон хурандаа Лэви Виллиамс хожмын үеийн гэгээнтнүүдийг Иллинойгоос хөөж гаргахаар томоохон хэмжээний цэргийн компанит ажил зохион байгуулав. Энэ нь “Ханкүк Гүнлэг дэх чонын агуу ан” хэмээн олны танил болсон байв (Дэвид Э.Миллэр ба Дэлла С.Миллэр, Nauvoo: The City of Joseph [1974], 186) Үүнийг сонссон Иллинойн захирагч Томас Форд улсын цэргийн генерал Жонн Хардиныг энх тайвныг сахиулахаар гүнлэг рүү илгээв.

Нэг жилийн дараа 1845 оны 9-р сард, хурандаа Виллямс 300-аад эрээс бүрдсэн танхайрагчдын бүлгийг удирдан алслагдсан бүс нутагт амьдардаг, хамгаалалтгүй байсан хожмын үеийн гэгээнтнүүдийн суурин руу дайрч, тэдний гэр орон, фермийн аж ахуй, тээрмүүд мөн нуруулдсан өвсийг шатаажээ. 9-р сарын дундуур ерөнхийлөгч Бригам Янг тэдгээр гэгээнтнийг аврах сайн дурынхныг элсүүлэхийг хүссэн. Алслагдсан бүс нутагт амьдардаг гэгээнтнүүдийг Наувуд аюулгүй авчрахын тулд Науву дахь гэгээнтнүүд 134 морин тэрэг бэлтгэжээ.

Эдгээр халдлага дайралт нь ариун сүм дэх ажлыг үргэлжлүүлэхэд хэрхэн түвэгтэй болгосон бэ?

Иллинойн олон оршин суугч хожмын үеийн гэгээнтнүүдтэй хамт байх нь иргэний дайн үүсгэж болзошгүй гэж айж байлаа. Тэд өөрсдийнх нь мужийг орхин явахыг гэгээнтнүүдээс хүсэж байв. 1845 оны 9-р сарын 24-нд Сүм ирэх хавраас нүүж явах болно хэмээх амлалтыг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаас өгөв.

Иллинойг орхин явах нь яагаад хэцүү шийдвэр байсныг тунгаан бод. Мөн Наувуг орхин явах шийдвэр нь ариун сүмийг барьж дуусгах гэгээнтнүүдийн хүчин чармайлтад хэрхэн нөлөөлж болох байсныг тунгаан бод.

Гэгээнтнүүд Иллинойг орхиж явах ёстой гэдгээ мэдэж байсан ч Наувугийн ариун сүмийг үргэлжлүүлэн барьсаар байв.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Гэгээнтнүүд явах гэж байгаагаа мэдэж байсан ч яагаад ариун сүм дээр үргэлжлүүлэн ажиллаж байсан гэж та бодож байна вэ?

Тэр үед өргөмжлөлд шаардлагатай ариун сүмийн ёслолууд нь Сүмийн нийт гишүүдэд хараахан боломжтой болоогүй байжээ. 1841 онд өгсөн илчлэлтээрээ Их Эзэн хэрэв гэгээнтнүүд Наувугийн ариун сүмийг баривал эдгээр аврах ёслолыг хүлээн авах боломжтой болно гэж амласан байв (С ба Г 124:22–442-ыг үзнэ үү).

Ариун сүмийн ёслолууд нь Тэнгэрлэг Эцэгийн дэргэд мөнхөд хамт амьдрахад гэгээнтнүүдийг бэлтгэж бас тэдний гэр бүлүүдийг мөнхөд хамтад нь лацдан холбож чадна гэдэгт эдгээр гэгээнтэн итгэж байсан. Ариун сүмийг барихын тулд гэгээнтнүүдийн даван туулсан золиослол болон бэрхшээлүүдийн талаарх энэ түүхүүд нь бидэнд дараах үнэнийг заадаг. Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах нь биднээс бүхий л зөв шударга хичээл зүтгэл болон золиослолыг шаарддаг.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахын төлөө шаргуу ажиллах бас золиослол хийх нь яагаад хүсүүштэй бөгөөд үнэ цэнтэй гэж та бодож байна вэ?

    2. Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахын тулд та юу хийх хэрэгтэй вэ?

Ариун сүмийн адислалуудыг хүлээн авахын тулд хийхээ болих хэрэгтэй эсвэл хийж эхлэх хэрэгтэй байгаа ямар нэгэн зүйл байгаа эсэхийг тунгаан бод.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

Ерөнхийлөгч Томас С.Монсон ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахын тулд орчин үеийн зарим гэгээнтний хийсэн золиослолуудыг дүрсэлж хэлсэн. “Хамгийн ойр, Бразилын Сан Пауло дахь ариун сүмд очихын тулд Манаусаас [Бразил] ойролцоогоор 4000 километр замыг Амазоны ширэнгэн ойн дундуур туулсан зуу гаруй гишүүний тухай би олон жилийн өмнө уншиж байсан. Эдгээр итгэлтэй гэгээнтэн дөрвөн өдрийн турш Амазон мөрнөөр болон энэ мөрний зам харгуйгүй салаагаар усан онгоцоор аялжээ. Усаар аялсан энэ аяллын дараа тэд бартаатай замаар өлөн зэлмүүн, тухтай унтаж амрах зайгүй, автобусанд шахцалдан, дахиад гурван өдрийн аяныг хийсэн ажээ. Долоон өдөр, долоон шөнийн турш аялсны эцэст тэд гүйцэтгэх ёслолууд нь мөнхийн утга учиртай Сан Паулогийн ариун сүмд иржээ. Мэдээж тэдний гэртээ буцах аян ирсэн шигээ хүнд хэцүү байлаа. Гэвч, тэд ариун сүмийн ёслолууд болон адислалуудыг хүлээн авсан аж. Хэдийгээр түрийвч нь хоосорсон ч тэд ариун сүмийн сүнсээр дүүрэн, хүлээн авсан адислалуудынхаа төлөө талархалтай байсан юм” (“Ариун Сүм—дэлхийн гэрэлт цамхаг,” Ensign, 2011 оны 5-р сар, 91 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95).

Таныг ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахаар бэлтгэх үед эдгээр гэгээнтний үлгэр жишээ танд хэрхэн сүнслэгээр нөлөөлж чадах вэ?

Дараах догол мөрүүдийг уншаад, ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахын тулд Наувугийн гэгээнтнүүдийн гаргасан зөв шударга хүчин чармайлтуудын доогуур зурж тэмдэглэ.

Сүмийн удирдагчид ёслолын ажлыг аль болох эрт эхлүүлэхийн тулд Наувугийн ариун сүмийн өрөөнүүдийг бэлэн болох үед тэдгээр өрөөг онцгойлон адисалж байлаа. Ариун сүмийн дээвэр 1845 оны 11-р сарын 30-нд ёслолын ажилд зориулагдан онцгойлон адислагдсан. Гэгээнтнүүд 12-р сарын 10-ны орой хувийн хишгээ хүлээн авч эхэлсэн бөгөөд хувийн хишгийн ёслолын хэсгүүд 12-р сарын 11-ний өглөөний 3 цаг хүртэл үргэлжилсэн билээ.

Зураг
Ерөнхийлөгч Бригам Янг

Ерөнхийлөгч Бригам Янг Иллинойн Наувугаас хөөгдөхөөсөө өмнө гэгээнтнүүдийг ариун сүмийн ёслолуудаар хангахын тулд эцэлт цуцалтгүй хөдөлмөрлөжээ.

1845 оны төгсгөл гэхэд мянга гаруй гишүүн ариун сүмийн ёслолуудыг хүлээн аваад байв. Ерөнхийлөгч Бригам Янг (1801–77): “Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах гэсэн гэгээнтнүүдийн хүсэл тэмүүлэл ер бусын их байсан учир бас тэднийг адислах гэсэн бидний хүсэл үлэмж их байснаас бибээр Ариун сүм дэх Их Эзэний ажилд өөрийгөө бүрэн зориулж, өдөржин шөнөжин ажиллан, хоногт дунджаар дөрвөөс илүүгүй цаг унтан, долоо хоногт гэртээ нэг л удаа харьдаг байлаа” (History of the Church, 7:567-д) хэмээн тэмдэглэсэн байна. Өглөө болоход ариун сүмийн ажлыг хойшлуулалгүй үргэлжлүүлэхийн тулд Сүмийн олон гишүүн орой бүр ариун сүмийн хувцас угааж хувь нэмрээ оруулж байлаа.

1846 оны 2-р сарын 3-нд ерөнхийлөгч Янг маргааш нь Наувугаас явах баруун зүгийн аяллын сүүлийн бэлтгэлээ базаахаар ариун сүмээс гарчээ. Гэвч цугласан олон хувийн хишгээ хүртэхээр цугларсан байсан бөгөөд тэр тэднийг өрөвдөн хайрлаж, үйлчлэхээр эргэн иржээ. Энэ нь түүний явах гэж байсныг хоёр долоо хоногоор хойшлуулав. Ариун сүмийн бүртгэлээр 5615 гэгээнтэн баруун зүг рүү явахаасаа өмнө хувийн хишгээ хүртсэн байв. (Church History in the Fulness of Times Student Manual, 22 дахь хэвлэл, [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2003], 303–4-ийг үзнэ үү.)

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.

    1. Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахын тулд гэгээнтнүүдийн гаргасан хүчин чармайлтуудын юу нь таны сэтгэлийг хөдөлгөсөн бэ?

    2. Бид ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахын тулд ямар хичээл зүтгэл, золиослол хийх хэрэгтэй вэ?

Гэгээнтнүүд Наувугаас явав

Гэгээнтнүүд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авсныхаа дараа 1846 оны 2-р сард Наувугаас явж эхэлсэн. Гэхдээ Сүмийн бүх гишүүн гэгээнтнүүдийн үндсэн хэсэгтэй хамт явсангүй. Цөөн тооны гишүүд тэр үед явахад бэлтгэгдээгүй байсан ба зарим нь үлдэхээр сонгосон байв.

Наувуд үлдэхээр сонгосон олон гэгээнтэнд хавчлага дарамт олонтоо тохиолдсоор байв. 1846 оны 9-р сард гэгээнтнүүдийн үндсэн хэсгийг яваад 7 сар болсны дараа 6 их буугаар зэвсэглэсэн 800-аад хүн Науву руу дайрахаар бэлтгэж байлаа. Үлдсэн гэгээнтнүүд болон зарим шинэ иргэн нийлээд ойролцоогоор 150 дайчин эр хотоо хамгаалахаар бэлтгэв.

Хэдэн өдөр тулалдсаны дараа гэгээнтнүүдийг хүчээр буулгаж аваад хотыг нэн даруй орхин гарахыг тушаав. Танхайрагчид хот руу дайран орж, гэр орныг дээрэмдээд, ариун сүмийг эвдэн сүйтгэжээ. Хангалттай хурдан зугтах боломжгүй байсан зарим гэгээнтэн зодуулж, зарим нь Миссиссиппи голд шидүүлэв. Гэгээнтнүүд Наувугаас зугтаасныхаа дараа голын баруун эрэг дагуу дүрвэгсдийн хуаран байгуулсан байна. Ихэнх хүнд өөрсдийгөө хангах хэмжээний хоол хүнс болон шаардлагатай зүйлс байхгүй байв.

Сүмийн удирдагчид зовж буй гэгээнтнүүддээ туслахаар Айовагийн хүнд бэрх газар нутаг руу аврах багийнхныг буцаан илгээсэн.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Хэрэв та эдгээр зовж шаналж буй гэгээнтэнд туслахын тулд эргэж явахаар дуудагдсан бол танд ямар санагдах байсан бэ?

Ерөнхийлөгч Бригам Янгийн аврах бүлэгт явах даалгавар хүлээн авсан эрэгтэйчүүдэд өгсөн дараах захиасыг унш.

Зураг
Ерөнхийлөгч Бригам Янг

“Их Эзэний өргөөнд хийсэн гэрээний тань гал, дөл нь унтраагдашгүй мэт … [орхин явж чадах] хүн бүрийг олтлоо эрж хайн … зүрх сэтгэлд тань дүрэлзэн асч, олсон түүнийг хөл дээрээ босож … урагш одон Наувуд байгаа ядуусыг авчрах хүртэл бодгальд нь галнаасаа хуваалцаарай. …

… Энэ бол үйлдэл хийх өдөр юм” (Journal History of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 1846 оны 9-р сарын 28, 5–6, Солт Лэйк Сити, Сүмийн Түүхийн Номын Сан).

Бригам Янгийн энэхүү мэдэгдэл Их Эзэн биднээс хийсэн гэрээнүүдийнхээ дагуу амьдрахыг шаарддаг гэдгийг бидэнд заадаг.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Та гэрээнүүдээ дагахын тулд ямар золиослол хийсэн бэ?

    2. Та хийсэн гэрээнүүдийнхээ дагуу амьдарснаар ямар ямар адислал хүлээн авч байсан бэ?

Гэгээнтнүүд Айоваг туулан өнгөрч, Винтер Квортерст удирдах төв байгуулав

Гэгээнтнүүдийн үндсэн хэсэг 1846 оны 2-р сард Наувуг орхин явж эхлэхдээ Айова мужийг туулан, баруун зүг тийш аялсан байна. “Наувуг орхих нь гэгээнтнүүдийн хувьд итгэлээ харуулах явдал байв. Тэд хаашаа явж байгаагаа эсвэл оршин суух газраа хэзээ хүрэхээ тодорхой мэдэхгүй орхиж явсан юм. Тэд зөвхөн дайснууд нь тэднийг удахгүй Иллинойгоос хөөнө гэдгийг бас тэдний удирдагчид Роки Маунтэнст хаа нэгтээ хоргодох газар олох илчлэлт хүлээн авсан гэдгийг л мэдэж байлаа. (Church History in the Fulness of Times Student Manual, 309).

Та Орсон болон Катерина Спэнсэрийн дараах түүхийг уншиж байхдаа тэдний итгэлийн үлгэр жишээнүүдийг олж мэд.

“[Катерина] Наувуг орхин явсныхаа дараа үүсэн бий болсон хүнд хүчир дарамтаас болж эрүүл мэнд нь доройтож байв. Шаналсан нөхөр нь эхнэрийнхээ эцэг эхээс гэгээнтнүүдийг байнгын оршин суух газар олтол түүнийг гэртээ хүлээн авахыг гуйн, захидал бичжээ. Тэд ‘тэр шашин шүтлэгээ үгүйсгэж, итгэлээ орхих юм бол гэртээ эргэж ирж болно, тэгэхээс нааш хэзээ ч үгүй’ гэж хариулжээ.

Захиаг түүнд уншиж өгөхөд, тэрээр нөхрөө Библиэ авчраад, Рутын номын 1-р бүлгийн 16, 17-р шүлгүүдийг уншихыг хүсжээ. ‘Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан’” (Memoirs of John R. Young: Utah Pioneer 1847 [1920], 17–18). Катерина Спэнсэр үүний дараа удалгүй нас барсан.

Гэгээнтнүүд аялж байхдаа илүү хүнд хүчир бэрхшээлүүдтэй учирч байв. Их бороошиж, хангамж дутагдалтай байснаас болж гэгээнтнүүд 300 бээр газрыг аялан, Айоваг туулахдаа 4 сарыг зарцуулсан байна. Сүмийн удирдагчид энэ урт удаан үргэлжилсэн үйл явцыг авч үзээд, 1847 оны хавар хүртэл Роки Маунтэнс руу баруун зүгт хийх аяллаа үргэлжлүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Тэд өвөлдөө тэндээ суурьшихыг гэгээнтнүүдэд зөвлөв. Хамгийн том суурин газруудын нэг болох Винтер Квортерс нь Миссури мөрний баруун талд Небраска мужид байрлаж байв.

Зураг
Винтэр Квортэрс

Винтер Квортерсын түр байрлах байршил

Сургаал ба Гэрээ 136:1-18

Их Эзэн гэгээнтнүүдийг өөрсдийгөө зохион байгуулж мөн баруун зүг рүү хийх аяллаа үргэлжлүүлэн хийхэд бэлтгэхийг зөвлөв.

Ерөнхийлөгч Бригам Янг Сургаал ба Гэрээ 136-д цэдэглэгдсэн энэ илчлэлтийг 1847 оны 1-р сард Винтер Квортерст хүлээн авчээ.

Та Сургаал ба Гэрээ 136:1-8-ыг судлах үедээ гэгээнтнүүд хэрхэн өөрсдийгөө зохион байгуулж мөн баруун зүгт хийх аялалдаа үргэлжлүүлэн бэлтгэх талаар Их Эзэний өгсөн зөвлөгөөг анхаар.

Та энэ бүлгийн хичээл дээрх баруун зүг рүү хийсэн аяллын талаар илүү их зүйлийг багштайгаа хамт олж мэдэх болно.

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Наувуг орхисон нь; Айова руу хийсэн аялал болон Сургаал ба Гэрээ 136:1–18-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: