Семинар
1-р бүлэг: 1 дэх өдөр, Авралын төлөвлөгөө


1-р бүлэг: 1 дэх өдөр

Авралын төлөвлөгөө

Оршил

Бурхан бидэнд яагаад зарим зүйлийг хий, зарим зүйлийг хийж болохгүй хэмээн зарлигласан юм бол гэж та өмнө нь бодож байсан уу? Аз жаргалын төлөвлөгөө хэмээн заримдаа нэрлэгддэг Тэнгэрлэг Эцэгийн биднийг аврах энэ төлөвлөгөөний тойм нь бидэнд өгсөн Түүний зарлигуудын зорилгыг илүү сайн ойлгоход туслах болно. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр хэлэхдээ: “Аз жаргалын төлөвлөгөөний тухай мэдлэг зөвхөн загвар хэлбэрээр ч байсан залуучуудын маань оюунд ‘яагаад’ гэдгийн хариултыг өгөх чадвартай байдаг” гэжээ. (“The Great Plan of Happiness” [СБС-ийн багш нарт хандан хэлсэн үг, 1993 оны 8-р сарын 10], 3, si.lds.org).

Энэ хичээл авралын төлөвлөгөөний тоймыг танилцуулах болно. Уг хичээл Есүс Христийн Цагаатгал дээр төвлөрөх бөгөөд энэ нь Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын зааснаар “агуу хийгээд мөнхийн авралын төлөвлөгөөний үндсэн баримт, гол суурь, цөм сургаал нь юм” (“Missionary Work and the Atonement,”Ensign, 2001 оны 3-р сар, 8).

Бидний аз жаргалын төлөө хийгдсэн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө

Бурхан авралын төлөвлөгөөнийхөө зорилгыг уулан дээр Мосетэй нүүр тулан ярилцаж байхдаа илчилсэн байдаг. Мосе 1:39-ийг уншаад, Бурхан зорилго нь юу байсан хэмээн илчилснийг олж мэд.

Та “үхэшгүй байдал” хийгээд “мөнх амьдрал” хоёрын ялгааг мэдэх үү? Үхэшгүй байдал гэдэг нь амилсан байдлаараа үүрд амьдрахыг хэлдэг. Есүс Христийн Цагаатгалын ачаар, энэ дэлхийд ирэн, бие махбод хүлээн авсан хүн бүр энэ бэлгийг хүртэх боломжтой юм. Харин мөнх амьдрал, өргөмжлөл гэдэг нь Бурханы оршихуйд гэр бүлээрээ мөнхөд амьдрахыг хэлдэг. Энэхүү бэлгийг мөн л Цагаатгалаар дамжин авах боломжтой болсон ч, зөвхөн шаардлагыг хангасан хүмүүс л хүртэх боломжтой юм.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки тайлбарлахдаа: “Сударт хэлснээр, мөнх амьдрал гэдэг нь Мөнхийн Эцэгийн маань амьдарч байгаа тийм хэлбэрийн амьдралыг нэрлэсэн нэр юм. … Бурханы амьдрал бол мөнх амьдрал; мөнх амьдрал бол Бурханы амьдрал гэдэг нь ижил утгатай хэллэгүүд юм’ гэжээ. (Мormon Doctrine, 2 дахь хэвлэл, [1966], 237)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин заахдаа:

Зураг
Ахлагч Жозеф Б.Вөртлин

‘Үхэшгүй байдал гэдэг нь тоон үзүүлэлтийн асуудал юм. Мөнх амьдрал бол чанарын үзүүлэлт.…

Мөнх амьдрал бол оршихуйн хамгийн дээд хэлбэр юм. Бурханы сүнсэн хүүхдүүдийн хувьд та бид бол энэ үнэлж баршгүй баялгийг өвлөгчид, алдар суут ирээдүйг болон ач ивээлийг хүлээн авагчид билээ.

Хэрэв үхэшгүй байдал нь Бурханы ажил юм бол мөнх амьдрал нь Бурханы алдар суу мөн” гэж заажээ (“What Is the Difference between Immortality and Eternal Life?” New Era, 2006 оны 11-р сар, 8).

Мөнх амьдрал гэдэг нь Бурханы оршихуйд амьдран, Түүнтэй бие махбод болон зан чанараараа адил болж, Түүний эзэмшдэг бүх зүйлийг, мөнхийн гэр бүлийг ч мөн хүлээн авах боломжтой болно гэсэн үг юм.

Мосе 1:39-өөс Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөтэй холбоотой суралцсан зүйлсээ доорх сургаалын хэллэгийг гүйцээн бичихэд ашигла. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний зорилго нь бидний хувьд хүлээн авах явдал юм.

Бид өмнөх дэлхийн амьдралдаа Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд сүнсэн хэлбэртэй амьдарч байсан. Тэнд байхдаа бид Түүний бидэнд өгсөн аз жаргалын төлөвлөгөөний талаар суралцсан ба үүнийг дагахын хэрээр зорилгоо биелүүлэхэд нь туслах боломжтой болсон юм. (С ба Г 138:55–56; Абрахам 3:22–28-ыг үзнэ үү.)

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Таны ойлголтоор, бид өмнөх дэлхийн амьдралдаа Тэнгэрлэг Эцэгээсээ хэр ялгаатай байсан бэ?

    2. Тэнгэрлэг Эцэг Өөртэй нь адил болоход туслахын тулд бидэнд юу танилцуулж бас хэрэгжүүлсэн бэ?

  2. Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөө биднийг Түүний оршихуйгаас салан явж, дэлхийн амьдралын туршлагыг олж авахыг шаарддаг. Энэ дэлхий дээрх бидний амьдралыг мөнх бус байдал хэмээн ихэнхдээ нэрлэдэг. Бид яагаад Бурханы оршихуйг орхин явах шаардлагатай байсан мөн энэхүү мөнх бус байдал нь бидэнд Түүнтэй адил болоход хэрхэн тусалж болох талаар тунгаан бод. Бодож байгаа зүйлээ судрын тэмдэглэл дээрээ бич.

Дэлхий дээрх бидний мөнх бус амьдралын талаар ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл: “Бурхан бидэнд төлөвлөгөө өгсөн. Тэрээр биднийг дэлхий рүү бие махбод хүлээн авч, туршлага болон өсөлт хөгжилтийг олж авахуулахаар илгээсэн” гэж хэлжээ (The Teachings of Spencer W. Kimball, хянан тохиолдуулсан Эдвард В.Кимбалл, 1982, 25; тодотгол нэмэгдсэн). Бие махбод хүлээн авч, дэлхий дээр туршлага хуримтлуулах нь биднийг Тэнгэрлэг Эцэгтэй адил болоход хэрхэн тусалдаг вэ? Мөнх амьдралыг хүлээн авч Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болоход уруу таталт, өвчин шаналал, зовлон зүдгүүр болон мөнх бус амьдралын бусад бэрхшээл ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Мөнх бус амьдралд бидэнд тулгардаг хамгийн хэцүү саад бол нүгэл юм. Нүгэл нь биднийг Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болж, Түүнтэй хамт амьдрахаар эргэн очиход саад болдог (С ба Г 20:18–20; Мосе 6:57-г үзнэ үү). Нүгэл биднийг зөвхөн цэвэр бус болгоод зогсохгүй энэ нь Бурханы шинж чанарын эсрэг зүйл юм. Бид нүгэл үйлдэхийн хамт Тэнгэрлэг Эцэгтэй адилхан болох гэсэн зорилгодоо хүрэх гэж үргэлжлүүлэн чармайх боломжгүй (Алма 41:10–11-ийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 76:40–42-ыг уншаад, Тэнгэрлэг Эцэг нүглийг даван туулах арга замыг хэрхэн өгдгийг тэмдэглэ.

Зураг
Гетсеманийн цэцэрлэгт залбирч буй Есүс
Зураг
Цовдлолт

Есүс Христ бүх хүн төрөлхтний нүглийн төлөө зовж шаналан цовдлуулсан гэдэг үнэн нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний гол сургаал бөгөөд Түүний хүүхдүүдэд бүгдэд нь найдвар өгдөг. Аврагчийн золиослол нь танд ямар ач холбогдолтой болох талаар хэсэг хугацаанд бод.

Есүс Христ бидний нүглийн төлөөсийг төлснөөр биднийг хувийн хариуцлагаас маань чөлөөлсөн гэсэн үг биш юм. Сургаал ба Гэрээ 18:22–23; 25:13, 15-ыг уншаад, Цагаатгалын ариусгагч хүчийг хүлээн авч, Тэнгэрлэг Эцэгтэй буцаж очин амьдрахын тулд биднийг юу хийх ёстой гэж байгааг олж мэд. Та олж мэдсэнээ тэмдэглэж болно.

  1. Сургаал ба Гэрээ 18:22–23; 25:13, 15-д цэдэглэгдсэнээр Есүс Христэд ирж, Түүний цагаатгагч золиослолын адислалуудыг хүлээн авахын тулд бид юу хийх ёстой вэ? Хариултаа судрын тэмдэглэл дээрээ бич.

Хэрвээ бид сайн мэдээний зарчмууд болон ёслолуудад дуулгавартай байх юм бол Есүс Христийн Цагаатгал хийгээд ач ивээлээр нүглийг даван гарч чадна (Моронай 10:32–33-ыг үзнэ үү). Цагаатгал хийгдсэн учраас бид баптисмын гэрээгээ сахин биелүүлж, наманчилснаар нүглээсээ өршөөгдөн, мөнх амьдралын зам руу хөтлөгч Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авах боломжтой болно.

Нүглээс гадна бидэнд мөнх амьдралыг хүлээн авахын тулд даван гарах өөр нэгэн саад байдаг. Алма 12:24-ийг уншаад, уг саадыг тодорхойл.

Биднийг үхэхэд бидний сүнс бие махбодоос маань салдаг. Хэрвээ бидний сүнс бие махбодоос маань мөнхөд салах юм бол бид Бурхантай адилхан болох ямар ч боломжгүй байх байсан. Бид яс, махан бие махбодгүйгээр Бурхантай адилхан болж чадахгүй (С ба Г 93:33–34; 130:22-ыг үзнэ үү).

Aлма 11:42–45-ыг уншаад, үхэл хэмээх бидний бие махбод хийгээд сүнсний салалтыг хэрхэн даван гарч болохыг тодорхойл.

Зураг
Мариа ба амилсан Их Эзэн
  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Яагаад Есүс Христийн амилалт хүн бүрийн хувьд сайн мэдээ вэ?

    2. Амилалтын найдвар танд хэрхэн баяр баясгаланг авчирдаг вэ?

Дээр өгүүлсэнчлэн, үхэшгүй байдал нь Есүс Христийн Цагаатгалын бэлэг бөгөөд хүн бүр үүнийг мөнх бус амьдралын туршид сайн, муу байснаас үл хамааран хүлээн авах боломжтой юм (Алма 11:42–45; С ба Г 138:14–17-г үзнэ үү). Есүс Христийн Амилалтын ачаар бүх хүн амилуулагдан, үүрд амьдрах боломжтой болсон. Гэхдээ мөнх амьдрал зөвхөн Түүний сайн мэдээний дагуу дуулгавартай амьдарсан хүмүүст өгөгдсөн бэлэг юм (С ба Г 14:7-г үзнэ үү).

Зураг
авралын төлөвлөгөөний тойм зураг
  1. Та судрын тэмдэглэл дээрээ бидний аз жаргалд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар юу олж мэдсэнээ товчлон бичнэ үү. Мөн энэ олж мэдсэн зүйлээ гэр бүл, найз нөхдөдөө биечлэн заах цаг гаргана уу. Та үүнийг тайлбарлахын тулд дагалдах тойм зургийг самбар дээр зурж болно. Тэмдэглэл дээр бичсэн зүйлээ багштайгаа хуваалцахад бэлэн бай.

Энэ хичээл танд Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний зөвхөн товч тоймыг танилцуулах болно. Та энэ жил Сургаал ба Гэрээ судраас судалж байхдаа авралын төлөвлөгөөтэй холбоотой өөр олон шинэ зүйлийг суралцах болно. Мөн энэ төлөвлөгөөний талаар илүү ихийг судалж байхдаа Тэнгэрлэг Эцэг таны төлөө юу хийснийг харж, Тэнгэрлэг Эцэгийн санал болгодог адислалуудыг бүрэн дүүрэн хүлээн авахын тулд та юу хийх ёстой талаар хэлэх Сүнсний шивнээг сонсох мэдрэмжтэй бай.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрх өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би “Авралын төлөвлөгөө” хичээлийг судалж, (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: