Семинар
24-р бүлэг: Нэг дэх өдөр, Сургаал ба Гэрээ 109


24-р бүлэг: Нэг дэх өдөр

Сургаал ба Гэрээ 109

Оршил

Гэгээнтнүүд Көртланд ариун сүмийг дуусгахын тулд бараг гурван жил хөдөлмөрлөжээ. Тэднийг барьж дууссаны дараа, Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд ариун сүмийн онцгойлон адислалт дээр хэлэх залбирлыг илчилсэн юм. 1836 оны 3-р сарын 27-нд бошиглогч уг залбирлыг онцгойлон адислах ёслолын нэг хэсэг болгон уншсан байна. Тэрээр Их Эзэнээс уг ариун сүмийг хүлээн авч мөн үүний тухайд амласан амлалтуудаа бас тэнд шүтэн бишрэх хүмүүсийг хамгаалж адисална гэсэн амлалтаа биелүүлэхийг хүсжээ. Тэрээр Миссури дэх Жаксон гүнлэгт дарамтлагдаж байгаа гэгээнтнүүдийн төлөө болон тэднийг дарамтлагчдын төлөө залбирсан. Түүнчлэн дэлхий даяарх хүмүүс, ялангуяа тараагдсан Израилийнхан болон сайн мэдээний бүрэн дүүрэн байдалд хөрвүүлэгдэхийн төлөө залбирав.

Сургаал ба Гэрээ 109:1–23

Иосеф Смит Их Эзэнээс Көртланд ариун сүмийг хүлээн авч мөн тэнд шүтэн бишрэх хүмүүсийг адислахыг гуйв

Эдгээр ариун сүм бүгд хаана байдгийг та мэдэх үү? Ариун сүм бүрийн зургийг байршилтай нь тааруул. (Хариултууд нь энэ хичээлийн төгсгөлд байгаа.)

  1. Зураг
    Солт Лэйк ариун сүм

  1. Хонконг, Хятад

  1. Зураг
    Хятадын Хонконг ариун сүм

  1. Юта муж, Солт Лэйк хот

  1. Зураг
    Гондурасын Тэгусигалпа ариун сүм

  1. Сан Пауло, Бразил

  1. Зураг
    Бразилийн Сан Пауло ариун сүм

  1. Көртланд, Огайо

  1. Зураг
    Көртланд ариун сүм

  1. Тэгусигалпа, Гондурас

  1. Дараах асуултыг судрын тэмдэглэл дээрээ бич. Хожмын үеийн гэгээнтнүүд яагаад ариун сүмийг барьдаг вэ? Энэ асуултын цөөн хэдэн хариултыг бич. Хичээл дээрээ хожим нь хариулт нэмэх зай үлдээ.

Та Сургаал ба Гэрээ 109-ийг судалснаар уг асуултын хариултыг олох ба үүнд Огайогийн Көртландын ариун сүмийн онцгойлон адислах ёслол дээр бошиглогч Иосеф Смитийн хэлсэн залбирал агуулагддаг.

Гэгээнтнүүд Көртландын ариун сүмийг барихаар бараг гурван жил хөдөлмөрлөж, золиосолсныхоо эцэст, хэрвээ Түүний зарлигуудыг дагах юм бол, “үүнийг барих хүчтэй” байх болно хэмээсэн Их Эзэний амлалтын биелэлтийг харав (С ба Г 95:11). 1836 оны 3-р сарын 27-нд Сүмийн гишүүд ариун сүмийн онцгойлон адислах ёслолд оролцсон бөгөөд бошиглогч Иосеф Смит онцгойлон адислах залбирлыг хэлэв. Бараг 1000 хүн энэ онцгойлон адислах ёслолд оролцжээ. Илүү олон хүн оролцохыг хүссэн боловч уг байранд багтахгүй байв. Бошиглогч тэднийг өөр нэг байранд цуглаанд оролцуулахаар төлөвлөсөн бөгөөд тэдэнд зориулан хэдэн өдрийн дараа онцгойлон адислах ёслолыг давтан хийжээ.

Та ариун сүмийг онцгойлон адислах ёслолд оролцож байсан уу? Көртландын ариун сүмийн онцгойлон адислах ёслолд оролцож байна хэмээн төсөөлөн бод. Энэ бол эрт дээр үеэс хойш баригдсан анхны ариун сүм байсан. Та энэ өдрийг урт удаан хугацааны турш хүсэн хүлээсэн байв. Найрал дууныхан нээлтийн дуу дууллаа. Дараа нь, Тэргүүн Зөвлөлийн зөвлөх Сидней Ригдон үг хэлэв. Түр зуур завсарласны дараа танд Сүмийн удирдагчдыг дэмжин батлах боломж олдлоо. Харин дараа нь бошиглогч Иосеф Смит босч зогсоод, онцгойлон адислах залбирлыг уншив.

Сургаал ба Гэрээ 109:1–4-ийг уншаад, гэгээнтнүүдийн ариун сүм барих болсон эхний шалтгааныг ол. Өнөөдөр ч бас, Сүмийн эхний өдрүүдийн адил, Их Эзэн бидэнд ариун сүмийг барихыг зарлигладаг.

Сургаал ба Гэрээ 109:5-ыг уншаад, гэгээнтнүүдийн ариун сүм барихын тулд гаргасан золиослолыг дүрсэлсэн үгсийг ол. Та олсон мэдсэнээ тэмдэглэж болно.

Зураг
Барилгын шаттай Көртландын ариун сүм

1833 оны 6-р сараас 1836 оны 3 сар хүртэл Сүмийн гишүүд Их Эзэний өргөөг барихад туслахын тулд цаг хугацаа, мөнгө, эд хөрөнгөө золиосолжээ. Эрэгтэйчүүд барилгын ажил дээр сайн дураараа хөдөлмөрлөсөн. Эмэгтэйчүүд хувцас оёж, хоноглох байр гарган өгдөг байсан бөгөөд ихэнх эрэгтэй нь Сионы Хуарантай Миссурид болж буй асуудалд туслахаар явсан үед зарим эмэгтэй ариун сүм дээр үргэлжлүүлэн ажилласаар байв. Жон Таннер болон Виенна Жак зэрэг зарим хожмын үеийн гэгээнтэн ариун сүмийг барихад зориулж эд хөрөнгөнийхөө ихэнхийг тасалж өгсөн юм.

Барилгын ажил ахих явцад гэгээнтнүүд ариун сүмийн гадна талын ханыг барихад тоосгоноос өөр зүйл хэрэгтэй болохыг ойлгожээ. Чулууны дархан Артемус Миллет гэгч гадна талын хананы ажлыг бул чулуугаар барих арга барилыг ашиглан дуусгах чадвартай гэсэн санал ирсэн байна. Харин Артемус Канадад амьдардаг байсан бөгөөд Сүмийн гишүүн биш байв. Иосеф Смит Бригам Янгийг Канад руу явуулж, Артемуст зааж, баптисм хүртээхийг бас ариун сүмийн барилгын ажилд туслуулахаар түүнийг Көртландад авчруулахаар дуудсан аж. Дараа нь бошиглогч “Бас түүнийг мянган доллар авчир гэж хэлээрэй” гэжээ (М.Рассэлл Баллард, “What Came from Kirtland” [Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт, 1994 оны 11-р сарын 6], 8–9; speeches.byu.edu-аас эш татав). Бригам дуулгавартай дагав. Артемус баптисм хүртэхээр болж, ариун сүм барихад туслахаар их золиослол гарган Канад дахь гэрээ орхин ирсэн юм.

Зураг
барилгын бүдүүвч зураг

Көртландын ариун сүмийн доод давхрын бүдүүвч зураг

Ариун сүмийн барилгын зардал ойролцоогоор 60000 доллар байсан нь—тэр цаг үед, ялангуяа гэгээнтнүүдийн ядуу хоосон байдлыг харгалзах юм бол энэ нь маш их хэмжээний мөнгө байсан юм.

  1. Ариун сүмийг барихаар гэгээнтнүүдийн гаргасан золиослолын юу нь танд гайхалтай санагддаг вэ? Сургаал ба Гэрээ 109:5-ыг дахин уншаад, ариун сүмийг барихын тулд гэгээнтнүүд яагаад маш их зүйлийг золиослоход бэлэн байсныг тайлбарласан, ариун сүмийн тухай үнэнийг олж мэд. Уг үнэнийг судрын тэмдэглэл дээрээ бич.

Их Эзэн “өөрийнхөө хүмүүст өөрийгөө үзүүлэх” болно гэдэг нь юу гэсэн үг болох талаар бод (С ба Г 109:5). Үзүүлэх гэдэг үг нь илчлэх эсвэл мэдүүлэх гэсэн утгатай юм. Зарим хүн дээр Тэр биеэрээ ирсэн аж. Ариун сүмд зохистойгоор орох бүх хүнд Тэрээр Ариун Сүнсний нөлөөгөөр Өөрийгөө илчилдэг бөгөөд тэнд заагддаг сургаалууд бидэнд Түүнийг мэдэхэд тусалдаг. Их Эзэн Өөрийгөө хүмүүстээ ариун сүмээс өөр газар бас харуулж болох ч, зохистой хүмүүст Түүний нөлөөг үргэлж мэдэрч болох газар нь ариун сүмүүд юм.

Сургаал ба Гэрээ 109:12–13-ыг уншаад, Их Эзэн Өөрийгөө ариун сүм дотор харуулж болохыг ойлгоход тань туслах үгсийг ол. Таны хувьд ач холбогдолтой үгсийг тэмдэглэх талаар бодож үз.

  1. Та ариун сүмд Их Эзэнтэй ойр байгаагаа мэдэрч байсан үеэ судрын тэмдэглэл дээрээ бич. Хэрвээ та ариун сүмд хараахан ороогүй бол, ариун сүмд орох боломж олдох үед ямар мэдрэмжийг мэдрэхийг хүсэж байгаагаа бич.

Ариун сүмд Их Эзэнтэй ойрхон байгаагаа мэдрэх нь таны ариун сүмийн гаднах амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар тунгаан бод. Дараа нь Сургаал ба Гэрээ 109:14–23-ыг судлаад, ариун сүмд шүтэн бишрэх хүмүүст амлагдсан нэмэлт адислалуудыг олж мэд. Та олж мэдсэнээ тэмдэглэж болно.

Бидний Сургаал ба Гэрээ 109:22–23-аас сурч болох нэг үнэн бол ариун сүмийн адислалуудыг хүлээн авах нь биднийг Их Эзэнд үйлчлэхэд Түүний тусламж болон хүч чадлаар зэвсэглэдэг явдал юм. Бид яагаад ариун сүмийг барьдаг талаарх жагсаалтандаа та үүнийг нэмж болно.

“[Бурханы] сүр хүчээр зэвсэглэх” (C ба Г 109:22) гэдэг нь ямар утгатай үг гэж та бодож байна вэ? Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлиний дараах мэдэгдлийг бодож үзээд, ариун сүмд шүтэн биширснээр танд ирж болох нэгэн төрлийн хүч чадлыг олж тогтоо. “Их Эзэний өргөөнд Сүмийн итгэлтэй гишүүд [С ба Г 95:8] уруу таталтыг сөрөх, гэрээгээ хүндэтгэх, Их Эзэний зарлигуудыг дагах, сайн мэдээний гэрчлэлийг гэр бүл, найзууд болон гишүүддээ зоригтой гэрчлэх ‘тэнгэрийн хүчний’ хишгийг хүртдэг’” (“Cultivating Divine Attributes,”Ensign, 1998 оны 11-р сар, 27).

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Ийм төрлийн хүч чадал танд болон гэр бүлд тань хэрхэн адислал болж болох вэ?

    2. Энэ нь хэрхэн номлогчдод адислал болох вэ?

Сургаал ба Гэрээ 109:24–34

Ариун сүмд шүтэн биширдэг хүмүүсийг хамгаалж мөн адислахыг Иосеф Смит Их Эзэнээс залбиран гуйв

Нийвий ба сэлэмний дараах зургийг хар. Нийвий нь тоосго эсвэл чулууны хооронд барилгын зуурмагийг тавихад хэрэглэдэг багаж юм. Эдгээр багаж хэрэгслийн аль аль нь ариун сүмийг барихад хэрхэн хэрэглэгдэж болох вэ?

Зураг
Нийвий ба сэлэм

Көртландын ариун сүмийн барилгын ажлын үеэр дээрэмчид ариун сүмийн ханыг нураана хэмээн сүрдүүлсэн байна. Ерөнхийлөгч Бригам Янг “хана барьж байсан хүмүүс өөрсдийгөө дээрэмчдээс хамгаалахын тулд нэг гартаа сэлэм барьж, чулуугаа тавих зуураа нөгөө гартаа нийвийгээ барин барилгын зуурмагийг тавьж байв” хэмээн ярьжээ (Discourses of Brigham Young, Жон А.Витцөү [1954], 415). Заримдаа ариун сүмийн барилгын ажилд өдрийн цагаар ажилласан эрчүүд шөнөөр бас манах хэрэгтэй болдог байв.

Сургаал ба Гэрээ 109:24–28-ыг уншаад, бошиглогч Иосеф Смитийн Их Эзэнээс гуйсан хамгаалалт ямар төрлийн хамгаалалт байсныг олж мэд.

24-р шүлэгт “нэр алдрыг хүндтэйгээр хадгалж мөн зогсдог” гэсэн үгс байгааг анхаар. Энэ нь ариун сүмд Их Эзэнийг шүтэн бишрэхэд зохистой байх мөн тэнд хийгддэг гэрээндээ үнэнч байх шаардлагыг хэлж байгаа юм.

Сургаал ба Гэрээ 109:24–28-аас уншсан зүйл дээрээ үндэслэн дараах зарчмыг гүйцээ. Хэрвээ бид зохистой байж мөн ариун сүмд Их Эзэнийг шүтэн бишрэх аваас, болно. (Та энэ өгүүлбэрийг олон байдлаар гүйцээж бичиж болно. Жишээлбэл, ариун сүмд шүтэн бишрэхийн нэг адислал нь “[бидний] эсрэг бий болсон зэр зэвсэг амжилтанд хүрэхгүй байхыг” та харж болно [С ба Г 109:25]. Бид яагаад ариун сүмийг барьдаг шалтгааны жагсаалтандаа энэ болон бусад зарчмыг нэмж бичиж болно.)

Сургаал ба Гэрээ 109:29–34-өөс бошиглогч Иосеф Смит гэгээнтнүүдийн талаар худал үгс тараадаг хүмүүсийг ичгүүрт байдалд оруулж, Сүмийн гишүүдэд босоод, Их Эзэний ажлыг хийх боломжийг олгооч хэмээн залбирсан талаар уншдаг.

Сургаал ба Гэрээ 109:35–67

Иосеф Смит Сүмийн удирдагчид, Миссури дэх гэгээнтнүүд, гэгээнтнүүдийг дарлагчид мөн дэлхий дээрх улс үндэстнүүд номлогчдыг сонсохын төлөө залбирав

Гэгээнтнүүд Көртландын ариун сүмийг барьсны хариуд тэдэнд амлагдсан алдар суу, хүчийн хишгийг хүлээн авахыг хүсэн хүлээж байв. Сургаал ба Гэрээ 109:35–46-д бошиглогч Иосеф Смит Их Эзэнээс ариун сүмийг Өөрийн алдар суугаар дүүргэж мөн сайн мэдээг тунхаглахад шаардагдах хүч чадал болон гэрчлэлээр Өөрийн үйлчлэгчдийг хангахыг гуйв.

Зураг
Көртландын ариун сүм дэх тэнгэр элчүүд

1836 оны 3-р сарын 27-ны орой ариун сүмийг онцгойлон адисалсны дараа, санваарын чуулгууд ариун сүмд уулзжээ. Бошиглогч Иосеф Смит “тэдэнд бошиглолын сүнсний талаар заавруудыг өгч, цуглаан дээр хүмүүсийг үг хэлэхийг урьсан. …

Жорж А.Смит ах босоод, бошиглож эхэлсэн ба энэ үед хүчтэйгээр шуурах салхи мэт чимээ ариун сүмийг дүүргэн мөн цугларсан олон үл харагдах хүчээр удирдагдан бүгдээрээ нэгэн зэрэг босов; олон хүн хэлүүдээр ярьж мөн бошиглож эхэлсэн; бусад нь сүр жавхлант үзэгдлүүдийг үзсэн; мөн би ариун сүм тэнгэр элчүүдээр дүүрсэн байхыг харсан ба үүний талаар цугларагсдад тунхагласан юм. Ойр орчимд байсан хүмүүс (ер бусын чимээг сонсож, ариун сүм дээр галан багана шиг хурц гэрэл тогтсон байхыг хараад) гүйлдэн ирж, юу болоод байгааг гайхан харж байлаа” гэж ярьжээ (History of the Church, 2:428-д). Шинэ Гэрээнд, Есүс Христийн амилсны дараахан цугларсан итгэлтэй гэгээнтнүүдийн дунд үүнтэй адил явдал тохиосон талаар цэдэглэгдсэн байдаг. Пентекостын өдөр гэж олонтоо нэрлэгдэх тэр үйл явдал Үйлс 2-т цэдэглэгджээ. Та Сургаал ба Гэрээ 109:36–37-г, Үйлс 2:2–3-тай харьцуулж болно.

Сургаал ба Гэрээ 109:47–67-оос бид Иосеф Смит, Миссури дэх гэр орноосоо хөөгдсөн гэгээнтнүүдийн төлөө мөн тэднийг дарангуйлагчдын төлөө залбирсан хэмээн уншдаг. Тэр түүнчлэн сайн мэдээг номлохоор ариун сүмээс урагшлан одох үйлчлэгчдийг хүлээн авч болохын тулд дэлхий дээрх хүмүүсийн зүрх сэтгэлийг зөөллөхийг Их Эзэнээс гуйн залбирсан.

Сургаал ба Гэрээ 109:68–80

Бошиглогч Сүмийн төлөө мөн Их Эзэн ариун сүмийн онцгойлон адислалыг хүлээн авахын төлөө залбирав

Сургаал ба Гэрээ 109:68–69, 71–73, 78–80-аас бошиглогчийн онцгойлон адислах залбиралдаа гуйсан нэмэлт хүсэлтийг хайж ол.

  1. Судрын тэмдэглэл дээрээ эдгээр шүлэгт цэдэглэгдсэн бошиглогчийн зарим гуйлтыг жагсаан бич. Дараа нь та залбиралдаа иймэрхүү гуйлт оруулах нь ямар үр ашигтай болох талаар бодлоо бич.

Хэрвээ танд Сүмийн дууллын ном байгаа бол “Бурханы Сүнс” дууг гарга (Сүмийн дуулал х.28). Көртландын ариун сүмийн онцгойлон адислах ёслол дээр, онцгойлон адислах залбирлын дараа энэ дууллыг дуулсан (дууллын доорх тэмдэглэлийг үз). Энэ дууллыг өнөөдөр ч ариун сүмийн онцгойлон адислах ёслолууд дээр дуулсаар байгаа билээ. Энэ дууллыг сонсож, дуулж эсвэл үгсийг нь унш.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 109-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: