Семинар
17-р бүлэг: 3 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 81


17-р бүлэг: 3 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 81

Оршил

1832 оны 3-р сарын 8-нд Их Эзэн Жесси Гаус, Сидней Ригдон хоёрыг Иосеф Смитийн зөвлөхөөр үйлчлүүлэхээр дуудав. Үүнээс хойш нэг долоо хоногийн дараа, 1832 оны 3-р сарын 15-нд Их Эзэн Сургаал ба Гэрээ 81-д цэдэглэгдсэн илчлэлтийг өгчээ. Тэрээр энэхүү илчлэлтдээ Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүдийн үүргийг тайлбарласан бөгөөд Жесси Гауст эцсээ хүртэл итгэлтэй байвал мөнх амьдралыг өгнө хэмээн амласан байна. Жесси Гаус итгэлтэй хэвээр үлдээгүй ба Их Эзэн Тэргүүн Зөвлөлийн зөвлөхөөр үйлчлэх дуудлагыг хожим нь энэ илчлэлтэд нэрийг нь хавсаргасан Фредерик Г.Виллямст шилжүүлжээ.

Сургаал ба Гэрээ 81

Их Эзэн Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүдийн үүргийг тайлбарлав

Их Эзэн яагаад бидэнд Сүмийн дуудлагыг өгдөг вэ? Дуудлагаа итгэлтэй биелүүлснээр ямар адислалуудыг хүлээн авах вэ? Хэрэв хэн нэгэн нь дуудлагаа үнэнчээр биелүүлэхгүй бол юу болох вэ? Хэдийгээр Сүмийн удирдагч аль нэгэн гишүүнд тодорхой албан тушаалд үйлчлэх дуудлага өгөх сүнслэг удирдамж хүлээн авдаг ч энэ нь дуудлагыг хүлээн авч буй хувь хүн хэрхэн итгэлээр хариулахаас шалтгаалдаг.

Сургаал ба Гэрээ 81-ийн оршлыг уншаад, дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөлд (Тэргүүн Зөвлөл) зөвлөхөөр үйлчлэхээр хэн эхлээд дуудагдсаныг мөн түүнд юу тохиолдсоныг олж мэд.

Жесси Гаус дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөлд (Тэргүүн Зөвлөл) зөвлөхөөр үйлчлэхээр 1832 оны 3-р сард дуудагдсан. 6 сарын дараа буюу 1832 оны 8-р сарын 1-нд тэрээр Зебедее Колтрины хамт номлолд үйлчлэхээр явжээ. Жесси эхнэртээ очоод сэргээгдсэн Сүмийн үнэн гэдгийг түүнд итгүүлэхийг хичээсэн боловч эхнэр нь Сүмд нэгдэхээс татгалзсан аж. Удалгүй Жессигийн номлолын хамтрагч Зебедее хүндээр өвдөж, Огайогийн Көртландад буцах шаардлагатай болов. Ганцаар үлдсэн Жесси номлолоо дуусгаагүй бөгөөд Сүмд итгэлтэй хэвээр ч үлдээгүй аж. Түүнийг 1832 оны 12-р сард гишүүнчлэлээс хассан байна.

Сургаал ба Гэрээ 81-ийн оршилд цэдэглэгдсэнээр, Их Эзэн Жессигийн оронд хэнийг дуудсан бэ?

Та энэ хэсгийн оршилд өгүүлсэн “Уг илчлэлт … Тэргүүн Зөвлөлийн албан ёсны зохион байгуулалт өөд хийсэн алхам хэмээн тооцогдох ёстой” гэснийг тэмдэглэж болно. Их Эзэн Өөрийн Сүмийн зохион байгуулалтын талаар бүхэлд нь нэг дор бошиглогчид илчлээгүй. Харин Тэрээр шаардлага гарч ирсэн тохиолдолд мөн гэгээнтнүүдийг хүлээн авахад бэлэн болсон үед нь зохион байгуулалтын өөр өөр хэсгийг илчилж байв. 1832 оны 3-р сард Их Эзэн дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөлийг зохион байгуулах цаг болсныг илчилсэн.

Сургаал ба Гэрээ 81-д цэдэглэгдсэн илчлэлтээр Их Эзэн Тэргүүн Зөвлөлийн нэг чухал үүргийг тайлбарлав. Сургаал ба Гэрээ 81:1–2-ыг уншаад, Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөл дэлхий дээрх Бурханы хаант улсын түлхүүрүүдийг атгадаг гэдгийг зааж буй үгсийг тэмдэглэ.

Санваарын түлхүүрүүд нь Сүмийг тэргүүлэх, санваарын хүчийг хэрхэн ашиглахыг удирдан чиглүүлдэг эрх мэдэл гэдгийг сана. Хожим нь, Тэргүүн Зөвлөл зохион байгуулагддаг. Хаант улсын түлхүүрүүдийг Сүмийн ерөнхийлөгчийн тэргүүлдэг Тэргүүн Зөвлөл үргэлж атгадаг.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит хаант улсын түлхүүрүүд өнөө үед Тэргүүн Зөвлөлд юу хийх боломжийг олгодог талаар ийнхүү өгүүлсэн. Тэрээр: “Эдгээр түлхүүр нь ерөнхийлөгчийн зөвлөлийн эрх, дэлхий дээрх Их Эзэний бүх үйл хэргийг чиглүүлэх, удирдах хүч мөн эрх мэдэл юм. Тэдгээрийг атгадаг хүмүүс бусад бүх хүний санваарт үйлчлэх байдлыг удирдах, хянах эрх мэдэлтэй байдаг” хэмээн тайлбарлажээ (“Eternal Keys and the Right to Preside,”Ensign, 1972 оны 7-р сар, 87).

Зураг
Тэргүүн Зөвлөл

2013 он, Тэргүүн Зөвлөл

Тэргүүн Зөвлөлийн Сүмийг удирдан чиглүүлдэг нэг арга бол сургаалаараа дамжуулан удирдах явдал юм.

  1. Судрын тэмдэглэл дээрээ Тэргүүн Зөвлөлийн сургаалаар адислагдсан нэг жишээг бич.

Сургаал ба Гэрээ 81:3-ыг уншаад, Фредерик Г.Виллямст Тэргүүн Зөвлөлийн зөвлөхийн хувиар юу хийх ёстой хэмээн Их Эзэн хэлснийг олж мэд.

  1. Судрын тэмдэглэл дээрээ Тэргүүн Зөвлөлийн зөвлөх гэсэн гарчиг тавь. Гарчгийн доор 3-р шүлгээс олж мэдсэн үүрэг хариуцлагуудыг жагсаан бич. Түүнээс гадна, ерөнхийлөгчдөө “зөвлөхөд … итгэлтэй” байх нь зөвлөхийн хувьд ямар утга учиртай гэж бодож байгаагаа бич.

Зөвлөхийн хувьд ерөнхийлөгчдөө “зөвлөхөд … итгэлтэй байх” гэдгийг илүү сайн ойлгохын тулд зөвлөх нь ерөнхийлөгчтэйгөө хэрхэн зөвлөлдвөл зохих талаар ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн юу заасныг бод.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“[Зөвлөх] нь ерөнхийлөгчийн туслах юм.

Туслах учраас, зөвлөх бол ерөнхийлөгч биш юм. Тэрээр өөртөө үүрэг хариуцлага хүлээн авахгүй бөгөөд ерөнхийлөгчөөсөө түрүүлж хөдлөхгүй.

Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр зөвлөх бүр ерөнхийлөгчийн зөвлөлийн өмнө тулгарч байгаа бүхий л асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ. Гэхдээ, ерөнхийлөгч шийдвэр гаргах давуу эрхтэй байх бөгөөд тухайн шийдвэрийг дэмжих нь зөвлөхүүдийн үүрэг болно. Ийнхүү тэдний өмнө нь гаргасан санаанаас хамааралгүй ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр тэдний шийдвэр болдог” (“In … Counsellors There Is Safety,” Ensign, 1990 оны 11-р сар, 49).

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Зөвлөхийн үүргийг ойлгох нь Сүмийн аль ч ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж буй зөвлөхөд хэрхэн тусалж болох вэ?

    2. Ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхүүд яагаад ерөнхийлөгчийг дэмжиж, хүчирхэгжүүлэх ёстой вэ?

    3. Хэрэв танд ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэх боломж гарвал та үр дүнтэй үйлчлэхийн тулд юу хийж болох вэ?

Их Эзэн Фредерик Г.Виллямсийг дуудлагадаа итгэлтэй хэвээр байвал өгөх хүчирхэг амлалтыг амласан. Сургаал ба Гэрээ 81:4-ийг уншаад, тэрхүү амлалтыг олж мэд.

Энэ хэсгийн “Өөрийн Их Эзэн болох түүний алдар сууд тус нэмэрлэх болно” гэсэн хэллэг нь бид дуудлагадаа итгэлтэй байснаар хүмүүсийг Их Эзэнийг эрхэмлэн дээдэлж, шүтэн бишрэхэд хөтөлж чадна гэсэн утгатай юм. Энэхүү амлалт бидэнд ч бас хамаатай. Та судрынхаа захад дараах зарчмыг бичиж болно. Хэрэв бид дуудлагадаа итгэлтэй байвал бусдад илүү сайныг үйлдэж, Их Эзэний алдар сууд нэмэрлэж чадна.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сүмийн дуудлагадаа үнэнчээр үйлчлэх нь хэрхэн бидэнд бусдад сайн зүйл хийхэд туслах вэ?

    2. Гишүүд дуудлагадаа итгэлтэй байснаар бусдын төлөө сайн зүйл хийж байхыг та хэзээ харсан бэ? Олж мэдсэн зүйлээ бич.

    3. Та Сүмийн дуудлагадаа үнэнчээр үйлчилснээр хэрхэн Их Эзэний алдар сууд нэмэр болох вэ?

Сургаал ба Гэрээ 81:5-ыг уншаад, Их Эзэний Фредерик Г.Виллямст өгсөн нэмэлт зөвлөгөөг олж мэд.

5-р шүлэгт Их Эзэний Фредерик Г.Виллямст өгсөн зөвлөгөөн дээр үндэслэн, бид Сүмийн дуудлагууддаа үнэнч байх буюу Сүмийн итгэлтэй гишүүд байх талаар юу сурч болох вэ?

Зураг
Ахлагч Марвин Ж.Аштон

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Марвин Ж.Аштоны хэлсэн дараах үг Их Эзэний зөвлөгөөг ойлгоход тань тусална. Тэрээр: “Сургаал ба Гэрээ 81:5-д Их Эзэн Фредерик Г.Виллямсаас сул доройчуудыг хүчирхэгжүүлэн (‘сул доройчуудад тусал’), ядарсан болон гутарсан хүмүүсийг урамшуулан дэмжиж (‘доош унжсан гарнуудыг өргөгтүн’) мөн сул дорой өвдөгнүүдэд зориг, хүч өгөхийг‘(‘сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгогтун’) шавдуулсан хэмээн ойлгож болно” (“Strengthen the Feeble Knees,”Ensign 1991 оны 11-р сар, 70).

Зураг
Тэргэнцэртэй эмэгтэй нэгэн залуу эмэгтэйн хамт
  1. Судрын тэмдэглэл дээрээ таныг хэн нэгэн өргөн дэмжсэн эсвэл хүчирхэгжүүлсэн тохиолдлоосоо бич. Та “сул доройчуудад тусалж, доош унжсан гарнуудыг өргөж мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгогтун” гэснийг хийж болох гурван зүйлээ жагсаан бич. Жагсааж бичсэн зүйлсээсээ энэ долоо хоногт нэгийг хийж, хэн нэгэнд туслах зорилго тавь.

Сургаал ба Гэрээ 81:6–7-г уншаад, Их Эзэний Фредерик Г.Виллямст эцсээ хүртэл итгэлтэй байвал өгнө хэмээн амласан адислалуудыг олж мэд.

Энэхүү амлалт танд ч бас хамаатай. Хэрэв та дуудлагадаа үнэнч байж, эргэн тойрныхоо хүмүүст туслан, Их Эзэнд итгэлтэй байвал Их Эзэний адислалуудыг мөн адил хүлээн авч чадна.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 81-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: