Семинар
17-р бүлэг: 4 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 82–83


17-р бүлэг: 4 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 82–83

Оршил

Сургаал ба Гэрээ 82-т цэдэглэгдсэн илчлэлтийг 1832 оны 4-р сарын 26-ны өдөр Миссуригийн Жаксон гүнлэг, Индепенденс дэх Сүмийн дээд санваартнууд болон ахлагчдын зөвлөлийн хурлын үеэр хүлээн авчээ. Их Эзэн энэхүү илчлэлтдээ ах нарын зөрчлийг өршөөсөн бөгөөд цаашид нүгэл үйлдэхгүй байхыг сэрэмжлүүлсэн байна. Түүнчлэн Их Эзэн Миссури дэх тэдгээр ахад Сионы үйл ажиллагааг материаллаг талаас нь хэрхэн зохицуулахыг зааварлажээ. Дөрвөн өдрийн дараа бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 83-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авав. Энэ илчлэлтэд Их Эзэн Сүмийн удирдагчдад бэлэвсэн эмэгтэйчүүд болон өнчин хүүхдүүдийг хэрхэн халамжлах заавар өгчээ.

Сургаал ба Гэрээ 82:1–7

Их Эзэн Өөрөөс нь ихийг хүлээн авсан хүмүүст сэрэмжлүүлэв

Та гэр бүлийнхээ хэн нэгэнтэй эсвэл найзтайгаа санал зөрсөн ч асуудал тань яваандаа шийдэгдэж байсан үеэ сана. Энэ зөрчлөө шийдвэрлэсний дараа танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Хэдэн сарын туршид Огайод байсан Сидней Ригдон, Миссурид байсан бишоп Эдвард Партриж нарын хооронд таагүй харьцаа үүсжээ. 1832 оны 4-р сард, бошиглогч Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч Их Эзэний “Сионд байгаа гэгээнтнүүдтэй зөвлөлд сууг” (Сургаал ба Гэрээ 78:9) гэсэн зарлигийг дуулгавартай дагаж Миссури рүү аялав. Тэднийг хүрэлцэн ирмэгц Сүмийн дээд санваартнууд, ахлагчдын зөвлөл хуралджээ. Зөвлөлийн үдээс өмнөх болон хойших хуралдааны хооронд, Сидней Ригдон, Эдвард Партриж хоёр хоорондын зөрчлөө шийдвэрлэсэн байна. Сургаал ба Гэрээ 82-т цэдэглэгдсэн илчлэлтийг үдээс хойших хуралдааны үеэр хүлээн авчээ.

Сургаал ба Гэрээ 82:1-ийг уншаад, Их Эзэний Сидней Ригдон, Эдвард Партриж хоёрт зөрчлөө шийдвэрлэх талаар юу гэж хэлснийг олж мэд.

1-р шүлгээс сурсан зүйл дээрээ үндэслээд, бусдыг уучлах, Их Эзэний өршөөлийг хүлээн авах хоёрын хоорондын харилцааг дүрсэлсэн дараах зарчмыг гүйцээж бич. нь нүглийнхээ өршөөлийг Их Эзэнээс хүлээн авахын салшгүй нэгэн хэсэг юм. (С ба Г 64:9–11-тэй харьцуул.)

Хэдийгээр, Их Эзэн тэр үед өршөөсөн ч гэлээ тэдэнд бас сэрэмжлүүлэг өгсөн. Сургаал ба Гэрээ 82:2-ыг уншаад, Их Эзэний эдгээр гэгээнтэнд өгсөн зөвлөгөөг олж мэд.

Сүмийн гишүүдийг Огайогоос Миссури рүү нүүн шилжиж үед, тэдний дундаас олон хүн Сүмийн удирдагчдын зөвлөгөөг дагаагүй бөгөөд зарим нь өргөлийн хуулийн дагуу амьдрахаас татгалзжээ. Үүний улмаас, Сүмийн гишүүдийн зарим нь атаа жөтөө, шунал, хүлээсэн үүрэгтээ хайхрамжгүй хандах гэх мэт гэмтэй болов.

Сургаал ба Гэрээ 82:3–4-ийг уншаад, яагаад нүглээ үргэлжлүүлэн хийсээр байгаа хүмүүс дээр Их Эзэн шүүлт ирүүлэхийг олж мэд.

  1. Судрын тэмдэглэл дээрээ, Сургаал ба Гэрээ 82:3-т заасан Их Эзэний зарчмыг бич. Дараа нь дараах асуултад хариул. Их Эзэнээс их нь өгөгдсөн тэднээс яагаад их нь шаардагдана гэж бодож байна вэ?

  2. Судрын тэмдэглэл дээрээ, Их Эзэнээс хүлээн авсан аль болох олон адислалаа хоёр минутын дотор жагсаан бич. Сүмийн гишүүний хувьд хүлээн авсан адислалуудаасаа оруулж бич. Дараа нь бичсэн адислалуудаасаа нэгийг сонгоод, дараах асуултуудад хариул. Тухайлбал:

    1. Энэ адислалаараа Их Эзэн танаас юуг хийгээсэй хэмээн хүсэж хүлээж байна гэж та бодож байна вэ? (Жишээлбэл: Хэрэв та сайн мэдээний үнэнийг мэдсэнээр амьдрал тань адислагдсан гэдгээ мэдэж байгаа бол тэдгээр үнэнээ бусадтай хуваалцахыг танаас хүсэн хүлээж байж болно.)

    2. Танаас хүсэн хүлээж буй зүйлийг хийхийн тулд та юуг хийж эхлэх вэ?

Сургаал ба Гэрээ 82:5–6-д Их Эзэн Сатаны нөлөө болон хүч газар дэлхий дээр нэмэгдэж байгааг гэгээнтнүүдэд сэрэмжлүүлсэн. Сургаал ба Гэрээ 82:7-г уншаад, Их Эзэний Сүмийн гишүүдэд өгсөн гэм нүглийн тухай нэмэлт сэрэмжлүүлгийг олж мэд. Хэрэв бид наманчилсныхаа дараа дахин нүгэл үйлдвэл өмнөх нүглүүд нь эргэж ирэх учраас нүглээс бүрэн ангижрах нь чухал гэдгийг энэхүү шүлгээс мэдэж авдаг.

  1. Судрын тэмдэглэл дээрээ, яагаад бид Их Эзэний өршөөлийг эрэлхийлснийхээ дараа санаатайгаар нүгэл үйлдэх юм бол бидний урьдын нүгэл эргэж ирдэг талаар өөрийн бодлыг бич.

Сургаал ба Гэрээ 82:8–24

Их Эзэн Сүмийн үйл ажиллагааны материаллаг талыг зохицуулах зорилгоор пүүс үүсгэн байгуулахыг есөн хүнд зарлиг болгов

Таны мэддэг хэн нэгэнд эсвэл танд Бурхан амлалтаа биелүүлдэг гэдэгт итгэх хэрэг гарч байсан нөхцөл байдлынхаа тухай бод. Миссури дэх дээд санваартан, ахлагчдын зөвлөлийн үеэр Их Эзэн Өөрийнх нь зарлигийг дагадаг хүмүүст баттай амлалт өгсөн байна. Сургаал ба Гэрээ 82-ыг үргэлжлүүлэн судалж байхдаа, дээр дурдсан таны бодолтой адил нөхцөл байдалд орсон хүнд үүнийг батлах зарчмыг олж мэд.

Сургаал ба Гэрээ 82:8–9-ийг уншаад, Их Эзэн зөвлөлийн үеэр гэгээнтнүүдэд өгнө гэж хэлсэн зүйлийг олж мэд. Тэдэнд энэхүү шинэ зарлигийг өгөх болсон Их Эзэний шалтгааныг та тэмдэглэж болно. Эдгээр шалтгаан нь Их Эзэний бидэнд өгсөн зарлиг бүрд хэрхэн хамаатай байж болох талаар тунгаан бод.

  1. Сургаал ба Гэрээ 82:10-ыг (төгс эзэмших судрын хэсэг) уншаад, Их Эзэний зарлигуудыг дагахаар хүчин чармайлт гаргах үед бидэнд итгэл найдвар өгөх зарчмыг олж мэд. (Та дараа нь үүнийг амархан олохын тулд тусгайлан тэмдэглэж болно.) Дараах даалгавруудыг судрын тэмдэглэл дээрээ хий. Тухайлбал:

    1. Дараах зарчмыг гүйцээж бич. Хэрэв бид Их Эзэнийг дагавал, Тэрээр … .

    2. Энэ зарчмыг үнэн гэдгийг үзүүлсэн тохиолдлынхоо талаар тунгаан бодоод, дараа нь уг тохиолдлоосоо нэгийг бич.

Та Сургаал ба Гэрээ 78-аас сурч мэдсэнээр, Их Эзэн Огайогийн Көртланд дахь Сүмийн удирдагчдад Нэгдсэн пүүс хэмээн нэрлэгдсэн Сүмийн бизнесийн хоршоо буюу пүүсийг үүсгэн байгуулахыг зарлиг болгосон. Пүүсийн үйл ажиллагаанаас олсон мөнгийг ядуусыг халамжлан, Сүмийн бусад хэрэгцээг санхүүжүүлэхэд ашиглах ёстой байсан юм. Сургаал ба Гэрээ 82:11, 15–17-д цэдэглэгдсэнээр, Их Эзэн Миссури дэх Сүмийн удирдагчдад Нэгдсэн пүүст гэрээгээр нэгдэхийг зарлиглажээ.

Сургаал ба Гэрээ 82:12-ыг уншаад, Нэгдсэн пүүсийн зорилго юу байсныг олж мэд. Уншиж байхдаа, Сүмийн гишүүдийн материаллаг хэрэгцээнд туслах нь бишопын үүргүүдийн нэг гэдгийг санах нь тустай байж болно.

Зураг
Ширээнийхээ ард суугаа бишоп

Сургаал ба Гэрээ 82:14, 18–19-ийг уншаад, яагаад Эзэн Сүмийн удирдагчдад Нэгдсэн пүүсийг зохион байгуулахыг зарлигласныг тайлбарласан үг, хэллэгүүдийг олж мэд. Та олсон үг, хэллэгээ тэмдэглэж болно.

Сургаал ба Гэрээ 82:20–24-т цэдэглэгдсэнээр, Их Эзэн Сүмийн удирдагчдыг Нэгдсэн пүүсийн гишүүд болох гэрээндээ итгэлтэй байхыг сэрэмжлүүлснээр энэхүү илчлэлтээ төгсгөсөн.

Зураг
төгс эзэмших судрын тэмдэг
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 82:10

Сургаал ба Гэрээ 82:10 нь төгс эзэмших судрын хэсэг юм. Энэ хэсгийг хэд хэдэн удаа давтан уншаад чээжлэхийг хичээ. Энэ хэсгийг чээжилснийхээ дараа, гэр бүлийнхээ нэг гишүүн эсвэл найздаа чээжээр хэлээд, биднийг Их Эзэний хүссэн зүйлийг хийх үед тэрээр өгсөн амлалтаа биелүүлдэг гэдгийг танд баталсан тохиолдлоосоо хуваалц.

  1. Судрын тэмдэглэл дээрээ, гэр бүлийн нэг гишүүнтэйгээ эсвэл найзтайгаа хуваалцсан зүйлээ бич.

Сургаал ба Гэрээ 83

Их Эзэн бэлэвсэн эмэгтэйчүүд болон өнчин хүүхдүүдийг хэрхэн халамжлах талаар илчлэв

Сургаал ба Гэрээ 82-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авснаас хойш дөрөв хоногийн дараа, бошиглогч Иосеф Смит гэгээнтнүүдийн материаллаг хэрэгцээг цаашид хэрхэн хангах талаар илчлэлт хүлээн авав. Сургаал ба Гэрээ 83:1-ийг уншаад, энэхүү илчлэлтээр хэний хэрэгцээг дурдсан болохыг олж мэд.

Энэ хэсгийг ойлгохын тулд, олон гэгээнтэн өргөлийн хуулийн дагуу амьдарч байсан бөгөөд Сүмээс “өв хөрөнгө” буюу өмч хүлээн авсан байсан гэдгийг санах хэрэгтэй. Энэхүү илчлэлтдээ Их Эзэн нөхрөө эсвэл эцгээ алдах юм бол гэр бүлийн өв хөрөнгийг хэрхэхийг илчилсэн.

Сургаал ба Гэрээ 83:2–3-ыг уншаад, нөхрөө алдсан эмэгтэйчүүдийг халамжлах талаар Их Эзэний өгсөн зааврыг олж мэд. (Тэр үед ихэнх эмэгтэй материаллаг байдлын хувьд нөхрөөсөө хамааралтай байсан гэдгийг ойлгох нь тустай байж болно. “Сүмд нөхөрлөлтэй байх” гэдэг нь эхнэрийг тэжээгчээ алдахад Сүм хэрэгцээг нь хангах ёстой гэсэн утгатай.) Дараа нь Сургаал ба Гэрээ 83:4–6-г уншаад, Сүм өнчин хүүхдүүд, бэлэвсэн эмэгтэйчүүдийг хэрхэн халамжлах ёстойг олж мэд.

Зураг
Будаж буй шар хантаазтай залуу эмэгтэйчүүд
  1. Судрын тэмдэглэл дээрээ, Сургаал ба Гэрээ 83-т Их Эзэн бэлэвсэн эмэгтэйчүүд, өнчин хүүхдүүд болон ядууст хэрхэн ханддаг талаар юу заасныг бич.

  2. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 82–83-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: