Семинар
25-р бүлэг: 1 дэх өдөр, Сүм Умард Миссури рүү нүүв


25-р бүлэг: 1 дэх өдөр

Сүм Умард Миссури рүү нүүв

Оршил

1837 болон 1838 онд бошиглогч Иосеф Смит Сүмийн бусад удирдагчтай хамт Сүмийг маш хүнд хэцүү цаг үеүдэд удирдсан юм. Сүмийн зарим нэр хүндтэй удирдагч болон Огайогийн Көртланд дахь гэгээнтнүүдийн 10-15 хувь нь санхүүгийн хямрал, сувдаг сэтгэл, бие биенээсээ алдаа эрэх хийгээд мөрдлөг хавчлагаас болж Сүмээс урвасан юм. Огайо дахь итгэлтэй гэгээнтнүүд Умард Миссури дэх хүмүүстэй нэгдэх аяллаа эхлүүлэв. 1839 оны эхээр гэгээнтнүүд уг хотыг орхин явахаар албадуулагдах хүртэл Фар Вест нь Сүмийн удирдах газар байсан юм. Энэ хичээл нь танд түүхэн үйл явдлыг судалж ойлгоход туслах ба тухайн цаг үед хүлээн авсан илчлэлтүүдийн талаар гүн ойлголт өгөх болно.

Огайогийн Көртланд дахь зовлон бэрхшээл ба урвалт

Дараах асуултыг тунгаан бод. Саад тотгор ба зовлон бэрхшээл нь итгэлээ хүчирхэгжүүлэхэд тань тусалдаг уу эсвэл итгэлээ алдахад хүргэдэг үү?

1837 болон 1838 оны зовлон бэрхшээл нь олон гэгээнтнийг уг асуулттай нүүр тулахад хүргэжээ. Зарим зовлон бэрхшээл Сүмийн гаднах мөрдлөг хавчлагаас ирдэг байсан ч ихэнх нь Сүм доторх зөрчилдөөний үр дагавар байсан юм. Энэ хичээлийг судалж байхдаа зовлон бэрхшээлд хандаж буй бидний хандлага хэрхэн Есүс Христэд итгэх итгэлийг маань хүчирхэгжүүлж эсвэл сулруулдгийг тунгаан бод.

Зураг
газрын зураг, Миссуригээс Огайо руу

Огайогийн Көртландыг Умард Миссури дэх газруудын байрлалтай харьцуулахад

Дараах түүхэн товч дүгнэлтийг уншиж байхдаа дүрслэгдсэн үйл явдлуудаас ямар зарчмуудыг сурч болохоо бодож үз.

1837 онд Огайогийн Көртланд дахь гэгээнтнүүд зарим санхүүгийн асуудалтай тулгарав. Гэгээнтнүүдэд санхүүгийн тал дээр бие даасан байхад нь туслахын тулд бошиглогч Иосеф Смит Сүмийн бусад удирдагчийн хамт Көртландын Аюулгүй байдлын нийгэмлэг нэртэй, банк маягийн компани байгуулжээ. Тэр үед газар авсан санхүүгийн хямралаас болж улс даяар олон банк дампуурсан юм. Көртландын Аюулгүй байдлын нийгэмлэг мөн адил 1837 оны намар дампуурчээ. Банкинд хөрөнгө оруулсан 200 хөрөнгө оруулагч бараг бүхнээ алдсан ба тэднээс Иосеф Смит хамгийн их хохирлыг амссан байна. Көртландын Аюулгүй байдлын нийгэмлэг нь Сүмээс санхүүждэггүй байсан ч зарим гэгээнтэн үүнийг Сүмийн банк эсвэл Бошиглогчийн банк гэж үздэг байсан бөгөөд санхүүгийн асуудлууддаа Иосефыг буруутгаж байв. Зарим нь бүр түүнийг унасан бошиглогч гэж нэрлэсэн юм. Гэхдээ, мөнгөө алдсан маш олон хүн банкны дампуурлаас үл хамааран итгэлтэй байж, бошиглогчид үнэнч хэвээр үлдсэн. (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл, [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2003], 171–173-ыг үзнэ үү.)

Урвалт болон бие биеэ буруутгах хандлага гэгээнтнүүдийн дунд өргөн тархсан байлаа. Сүмийн удирдагчдыг оролцуулан Сүмийн зарим гишүүн Иосеф Смитийг эсэргүүцэж, шинэ бошиглогчийг томилохоор уулзсан үйл явдлыг Бригам Янг ийнхүү дүрсэлжээ. “Мормоны Номын гэрчүүд, Арван хоёрын зарим нь, Сүмийн бусад эрх мэдэлтэнтэй хамт ариун сүмийн дээд давхарт хуралдсан юм. Тэд хэрхэн бошиглогч Иосефыг буулгаж, Давид Витмерийг Сүмийн ерөнхийлөгчөөр томилж болох талаар хэлэлцсэн. … Би босч зогсоод, шулуухан мөн итгэлтэйгээр Иосеф бол бошиглогч мөн, би үүнийг мэдэж байна мөн тэд өөрсдийнхөө хүссэнээр түүнийг гүтгэж, гоочилж болох ч Бурханы бошиглогчийнх нь томилгоог устгаж чадахгүй, харин тэд зөвхөн өөрсдийнхөө эрх мэдлийг алдаж, бошиглогчтой болон Бурхантай өөрсдийг холбосон холбоог таслан, өөрсдийгөө там руу живүүлэх болно гэж хэлсэн юм” (Manuscript History of Brigham Young, 1801–1844, Элдэн Жэй Ватсоны хэвлэл, [1968], 15–16).

Зураг
Ерөнхийлөгч Бригам Янг
  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Бид эдгээр түүхэн үйл явдлаас юу сурч болох вэ?

    2. Та бие биенээ буруутгах энэхүү хүнд хэцүү цаг үед бошиглогчид үнэнч үлдэхийн тулд юу хийх байсан бэ? Зовлон бэрхшээлийг итгэлтэй тэвчих нь Есүс Христэд итгэх таны итгэлийг хэзээ хүчирхэгжүүлж байсан бэ?

    3. Бошиглогчийг дагах нь ямар арга замаар таны сүнслэг хамгаалалт болсон бэ?

1838 оны 6-р сард дөрвөн төлөөлөгч, Мормоны Номын гурван гэрч, Тэргүүн Зөвлөлийн нэг гишүүн зэргийг оролцуулсан 200-аас 300 урвагч Сүмийг орхисон юм (Church History in the Fulness of Times,177-г үзнэ үү). Хэдий тийм ч, ихэнх гишүүн Бригам Янгийн адилаар энэхүү шалгуурын үеийг итгэлтэйгээр давж гарчээ. Тэд Их Эзэнээр хүчирхэгжүүлэгдэж, гэрчлэлүүддээ үнэнч үлдсэн билээ. Урвалтын энэ цаг үед Сүмийг орхисон хүмүүсийн цөөн хэд нь хожим нь эргэн ирж, Их Эзэний Сүмд эргэн нэгдэх хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Тэдний дунд Оливер Каудери, Мартин Харрис, Лук Жонсон, Фредерик Г.Виллямс нар байв.

Көртланд дахь тэр хэцүү цаг үед цөөн хэдэн урвагч нийлж, Иосеф Смитийг алах оролдлого хийсэн байна. Сүмээс урвасан ч Лук Жонсон хуйвалдааны талаар бошиглогчид хэлэх хангалттай үнэнч шударга байсан юм. Иосеф Смит, Сидней Ригдон хоёр 1838 оны 1-р сард Көртландаас явжээ. Тэд хэдэн өдөр мөрдөгдсөн боловч Их Эзэн тэднийг хамгаалсан юм. Тэд гэр бүлийнхээ хамт 1838 оны 3-р сард Миссуригийн Фар Вестэд иржээ.

Умард Миссури

Энэ хичээлийн эхэнд байгаа газрын зураг дээрх Миссури мужийг хар. Гэгээнтнүүд 1833 онд Миссуригийн Жаксон гүнлэгээс явахаар албадуулсны дараа зэргэлдээ гүнлэгийн иргэд тэднийг түр хугацаанд байрлана гэсэн бодолтой хүлээн авч, түр зуурын тусламж үзүүлжээ. Гэгээнтнүүдийг тэнд бараг 3 жил амьдарсны дараа уугуул иргэд нь тэднээс гүнлэгийг орхихыг шаардаж эхлэв.

Дараах түүхэн дүгнэлтийг уншиж байхдаа дүрслэгдсэн үйл явдлуудаас ямар зарчмыг сурч болохоо бодож үз.

1837 онд Миссуригийн гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёр зөвлөх Жон Витмер, Виллям В.Фелпс нар Сүмийн мөнгөн санг умард Миссури дэх Фар Вест хэмээх газарт газар худалдан авахад зориулжээ. Тэд ирж буй гэгээнтнүүдэд газруудыг хэсэгчлэн зарж, дундаас нь бага зэрэг ашиг олж, олсон ашгаа өөрсдөө авчээ. Гэсэн хэдий ч, Миссури дэх дээд зөвлөл тэднийг уучилж, өөр хүмүүсийг газрыг хуваарилуулахаар томилов. Гэвч Жон, Виллям хоёр газрын борлуулалтаас ашиг олохыг эрэлхийлсээр л байлаа. 1838 онд дээд зөвлөл тэднийг гишүүнчлэлээс хасав. (Church History in the Fulness of Times, 183–185-ыг үзнэ үү.)

Иосеф Смит хурлын шийдвэрийг дэмжсэнээс болж Виллям гомдсон байна. 1838 оны 11-р сард тэр бошиглогчийн эсрэг бичгээр өгөх гэрчийн мэдүүлэгт гарын үсэг зуржээ. Гэрчийн мэдүүлэг нь Иосефыг бусдын хамт баривчлагдаж, өвлийн турш Либерти шоронд байхад нь нөлөөлжээ.

Иосеф Смит болон түүнтэй хамт байсан хүмүүс шоронгийн харгис хэрцгий байдлаас төдийгүй, гэгээнтнүүд янз бүрийн байдлаар гэр орноосоо хөөгдөж, хүчирхийлэлд өртөж байгааг сонссоноос болж маш их зовж байлаа. Миссуригийн дээрэмчид мужийн удирдагчдад мэдэгдэлгүйгээр Жакоб Хаун хэмээх хүний эзэмшдэг тээрмийн үйлдвэрийг сүйтгэж, 17 хүнийг хөнөөжээ.

Виллям В.Фелпс өөрийн үйлдлүүдийн улмаас сүнсээрээ маш их зовсон ба Иосефоос уучлал хүссэн захидал бичжээ. Бошиглогч Иосеф Смит:

Зураг
Иосеф Смит

“Бид таны зан авираас болж маш их зовсон нь үнэн юм. Та бидний эсрэг босох үед бид мөнх бус хүмүүнд хүртэхэд хангалттай их гашуун аяганаас бялхтал хүртлээ.

Гэсэн хэдий ч, бид гашуун аяганаас хүртэж, Эцэгийн таалал гүйцэлдсэн ба бид амьд байгаадаа Их Эзэнд талархаж байна.

Таны эрж буй өршөөл үнэн мөн наманчлал тань чин сэтгэлийнх гэдэгт итгэж байгаа болохоор танд нөхөрлөлийн баруун гараа сунгаж, эргэн ирж буй үрэлгэн хүүг хүлээн авч байгаадаа би баяртай байх болно.

Нааш ир, хайрт ах минь, дайн дууслаа. Эхэнд найзууд байсан, эцэст нь дахин найз боллоо” (History of the Church, 4:163–164) гэж хариу бичжээ.

Зураг
Гараар бичсэн захидал

Бошиглогч Иосеф Смитийн Виллям В.Фелпст бичсэн захидлын хэсэг

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Яагаад өөрийг тань хуурч, зовлонд унагасан найзыгаа уучлахад хэцүү байдаг вэ?

    2. Иосеф Смитийн жишээнээс бид ямар зарчим сурч болох вэ? (Уг зарчим нь Сургаал ба Гэрээ 64:9–11 дэх төгс эзэмших судрын хэсгийг танд сануулж магадгүй. Энэ хэсэг Иосеф Смит болон Виллям В.Фелпсийн хооронд болсон үйл явдалтай хэрхэн холбогддогийг мэдэхийн тулд үүнийг тоймлон үзэж болно.)

    3. Бид энэ түүхээс өөр ямар зүйлийг сурч болох вэ?

  2. Эдгээр хоёр түүхэн товч дүгнэлтээс олж тогтоосон зарчмуудаасаа нэгийг сонго. Та хэзээ үүний жишээг өөрийнхөө амьдралд эсвэл өөрийнхөө мэддэг хэн нэгний амьдралд харснаа судрын тэмдэглэл дээрээ бич.

Гэгээнтнүүдийг Умард Миссуригээс хөөгдөхөд хүргэсэн үйл явдлууд

Та өөр хэн нэгэнд Сүмийн талаар сөрөг сэтгэгдэл үлдээх сонголтыг хийсэн Сүмийн гишүүнийг харж байсан уу? Таны үйлдэл хэрхэн бусдын Сүмийн талаарх сэтгэгдэлд нөлөөлснийг бодож болно.

Бидний үйлдэл эсвэл үгс хэрхэн Сүмд нөлөөлж буйг бодох нь яагаад чухал вэ?

1838 онд Сүмийн зарим гишүүний үг болон үйлдэл Миссуригийн оршин суугчдад хожмын үеийн гэгээнтнүүдийн талаар сөрөг мэдрэмж төрүүлжээ. Та дараах түүхэн товч дүгнэлтийг уншихдаа Сүм болон Сүмийн гишүүдийг зовоосон гэгээнтнүүдийн хэлсэн үгс, хийсэн үйлдлүүдийг олж мэд. Олсон зүйлээ тэмдэглэх талаар бодож үз.

1837 болон 1838 онд Миссуригийн Фар Вестэд гэгээнтнүүдийн дунд амьдарч байсан зарим үнэнч бус, дургүйцсэн мөн гишүүнчлэлээс хасагдсан гишүүд Сүмийн болон удирдагчдын эсрэг шүүхэд зарга үүсгэж, дарамт учруулж эхэлсэн байна. Эдгээр тэрслэгчээс болж зарим гэгээнтний тэвчээр алдагджээ. 1838 оны 6-р сард Сидней Ригдон “Давсны сургаал” гэдгээр нь мэдэх болсон хатуухан үгийг хэлжээ. Тэрээр Матай 5:13-ыг эш татаж, хэрэв давс амтаа алдвал юунд ч хэрэггүй болдог бөгөөд хөл доор дэвслэгдэх болно гэж хэлэхдээ Сүмийг орхисон хүмүүсийг гэгээнтнүүдийн дундаас явах ёстой гэсэн санааг илэрхийлжээ. Мөн үүнээс гадна Сүмийн 84 гишүүн урвагчдаас гүнлэгийг орхихыг шаардсан баримтанд гарын үсэг зуржээ. Хоёр долоо хоногийн дараа, 7-р сарын 4-нд Сидней үг хэлэхдээ гэгээнтнүүд “устгалд хүргэх дайн” болсон ч хамаагүй өөрсдийгөө хамгаалах болно гэж амлажээ. Хэдийгээр энэ хоёр үг нь “амар амгаланг уриал” (С ба Г 105:38) гэх Их Эзэний заавартай зөрчилдсөн ч хоёулаа хэвлэгдэж, хожмын үеийн гэгээнтэн бус хүмүүсийг ихэд түгшээсэн байна. (Church History in the Fulness of Times, 191–192-ыг үзнэ үү.)

1838 оны 8-р сарын 6-нд хэсэг бүлэг гэгээнтэн Миссуригийн Галлатинд сонгуульд оролцохыг оролдсон боловч Миссуригийн зарим иргэд тэдэн рүү дайрчээ. Гэгээнтнүүд тэднийг эсэргүүцсэн бөгөөд хоёр талаас хэд хэдэн хүн гэмтсэн ажээ. Уг хэрэг илүү ширүүн зөрчилдөөн, аюул заналхийллийг өдөөж, Миссури дэх гэгээнтнүүд болон тэдний хөршүүдийн хоорондын үл ойлголцлыг нэмэгдүүлжээ. (Journals, Volume 1: 1832–1839,The Joseph Smith Papers тэмдэглэлийн цуглуулгын 1-р боть, [2008], 298–301-ийг үзнэ үү.)

Тэр үед Сампсон Авард хэмээх хөрвөгч Данчууд хэмээн нэрлэгдэх танхайрагчдын бүлэгт өөртэй нь нэгдэн байгуулалцсан хүмүүст нууц тангараг танилцуулжээ. Авард тэдэнд Миссуригийн иргэдийг дээрэмдэн тонохыг зааварласан ба үүнийгээ Бурханы хаант улсыг байгуулахад тусалж байгаа хэрэг гэж хэлсэн байна.

Авард уг удирдамж нь Тэргүүн Зөвлөлөөс ирсэн гэдэгт өөрийнхөө дагагчдыг итгүүлж чаджээ. Хожим нь үнэн илчлэгдэж, Авард Сүмээс хөөгдсөн юм. Авардын үйлдэл Сүмийн нэр хүндэд маш том сэв суулгаж, бошиглогчийг Либерти шоронд хоригдоход хүргэсэн юм.

1838 оны 10-р сард Сүмийн гишүүд болон Миссуригийн орон нутгийн цэргийнхний хооронд мөргөлдөөн гарав. Уг мөргөлдөөний талаар хэт дөвийлгөсөн мэдээлэл мужийн захирагч Боггсын сонорт хүрч, тэрээр: “Ард түмний сайн сайхны төлөө шаардлагатай бол мормончуудыг дайсан гэж үзэж, мужаас хөөж гаргах хэрэгтэй эсвэл устгах ёстой” хэмээх тушаал буулгажээ (History of the Church, 3:175). Удалгүй гэгээнтнүүдийг хамгаалахаар гарсан цэргүүдээс тав дахин их цэрэг Фар Вест хотыг бүсэлсэн байна. Бошиглогч Иосеф Смит Сүмийн бусад удирдагчийн хамт Либерти шоронд өвлийн турш хоригджээ. Үлдсэн гэгээнтнүүд мужаас зугтахаас өөр аргагүйд хүрэв. (Church History in the Fulness of Times, 199–200, 204208-ыг үзнэ үү.)

Зураг
Бүхээгтэй гар тэрэгнүүд

Гэгээнтнүүд Миссуригийн Фар Вестээс зугтахаас өөр аргагүйд хүрэв.

Энэхүү цаг үеэс бидний олж тогтоож болох нэг зарчим бол бидний үйлдэл болон үг бусдын Есүс Христийн Сүмийн талаарх үзэл бодолд нөлөөлдөг явдал юм.

Сүмийн эхэн үеийн зарим гишүүдийн үйлдэл Миссуригийн иргэдэд Сүмийн талаарх сөрөг ойлголтыг төрүүлсэн гэдгийг мэдэх нь яагаад бидэнд чухал гэж бодож байна вэ?

Бидний буруу сонголтууд бусдад Сүмийн талаар сөрөг ойлголттой болоход нөлөөлдөг боловч бид үг, үйлдлээрээ тэдэнд Сүмийн талаар эерэг сэтгэгдэлтэй болоход нь мөн адил тусалж чадна.

  1. Хэн нэгний үг эсвэл үйлдэл бусдад Сүмийн талаар эерэг сэтгэгдэлтэй болоход нь нөлөөлж байсныг харснаа судрын тэмдэглэл дээрээ бич.

Ирэх долоо хоногийн турш Есүс Христийн Сүмийг эергээр төлөөлөх арга замуудыг эрэлхийл. Та үүнийг хийснээр Их Эзэн таныг адислах болно.

Сүмийн түүхэн дэх энэ цаг үеэс бид зовлон бэрхшээлд эргэлзэхийн оронд итгэлээр хандахыг сонгох юм бол бидний гэрчлэл хүчирхэгжих болно гэсэн нэг чухал зарчмыг сурч болно.

  1. Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Би өнөөдөр сурсан сургаал болон зарчмуудынхаа ачаар юуг өөрөөр хийх вэ?

  2. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би “Сүм Умард Миссури рүү нүүсэн нь” хичээлийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: