Семинар
7-р бүлэг: 1 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 24–26


7-р бүлэг: 1 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 24–26

Оршил

1830 оны зун гэхэд бошиглогч Иосеф Смит болон Сүмийн гишүүдийн эсрэг мөрдлөг хавчлага хурцдаж эхлэв. Энэхүү хүнд хэцүү цагт Их Эзэн Иосеф Смит, Эмма Смит хоёр болон Сүмийн бусад удирдагчийг Сургаал ба Гэрээ 24-т агуулагдсан илчлэлтээр дамжуулан зааварлан хүчирхэгжүүлжээ.

Сургаал ба Гэрээ 24

Иосеф Смит, Оливер Каудери хоёр дуудлагынхаа талаар зөвлөгөө хүлээн авчээ.

Танд тулгарч байсан хамгийн хүнд хэцүү өдөр, долоо хоногоо бод. Та тулгарсан саад бэрхшээлээ хэрхэн шийдвэрлэсэн бэ?

Бошиглогч Иосеф Смит амьдралдаа олон хүнд хэцүү цаг үеийг туулсан. Ийм нэгэн үе 1830 оны зун тохиожээ. 1830 оны 6-р сард Иосеф Смит хэдэн нөхдийн хамт баптисм хүртэх сонирхолтой хүмүүс рүү очихоор Нью-Йоркийн Колесвилл рүү явжээ. (Ням гарагт) буюу дараагийн өдөр нь болох баптисмд бэлтгэж, голд далан босгосон боловч шөнө дунд дайсагнасан танхай этгээдүүд даланг устгасан байлаа.

Ням гаргийн өглөө эрт даланг дахин барьж, Эмма Смитийг оролцуулан 13 хүнд баптисм хүртээжээ. Баптисмын ёслол дууссаны дараа 50 гаруй танхай этгээд гэгээнтнүүд рүү дайрч, айлган сүрдүүлжээ.

Тэр орой гэгээнтнүүд тухайн өглөө баптисм хүртсэн хүмүүсийг гишүүнээр батлахаар цугларсан боловч гишүүний баталгааны ёслол болохоос өмнө Иосефыг “Мормоны Номын тухай номлосноор улс оронд үймээн самуун дэгдээхэд хүргэсэн” хэргээр баривчилжээ (Иосеф Смит, History of the Church, 1:88-т).

Иосеф баривчлагдан явах замдаа түүнийг дагуулж явсан нэгэн өрөвч сэтгэлтэй цагдаагийн тусламжтайгаар танхай этгээдүүдээс зугтав. Иосеф шүүхийн өмнө зогсож, заргаасаа мултарсан даруйдаа дахин өөр нэгэн мужийн цагдаад баривчлагджээ. Тэр орой нь Иосефыг “хэдэн эр байж болох бүх аргаар түүнийг зодож жанчин, тохуурхан доромжилсон” байна (Иосеф Смит, History of the Church, 1:91-т). Маргааш өглөө нь Иосеф дахин шүүхийн заргаас чөлөөлөгдөж, гэр рүүгээ явах зуураа өөр хэсэг дээрэмчдээс зугтжээ.

Иосеф Смит, Оливер Каудери хоёр Колесвиллд баптисм хүртсэн гишүүдтэй уулзахаар дахин нэг оролдлого хийсэн боловч тэднийг ирсний дараахан танхай этгээдүүд хүрч иржээ. Иосеф, Оливер хоёр зугтахаас өөр аргагүй болж, тэр орой дээрэмчдээс арай ядан зугтаж амжсан аж.

Иосеф тэрхүү хүнд цаг үеийн тухай “Дайснуудын уур хилэн заналхийлж байсан хэдий ч бидэнд маш их тайтгарал ирж байсан ба бидний итгэлийг хүчирхэгжүүлж, зүрх сэтгэлийг маань баясгасан олон зүйл тохиолдож байлаа” гэж хэлжээ (Иосеф Смит, History of the Church, 1:86–97, 101-т).

Сургаал ба Гэрээ 24-р хэсгийн оршлыг уншаад, Сургаал ба Гэрээ 24–26 дахь илчлэлтийн зорилгыг олж мэд.

  1. Дараах хоёр дасгалыг хоёуланг нь судрын тэмдэглэл дээрээ гүйцээж хий.

    1. Судар судлах тэмдэглэлдээ хоёр багана гарга. Эхний баганын гарчгийг Хүч чадал ба эр зориг; хоёр дахь гарчгийг Зааварчлах гэж нэрлэ. Сургаал ба Гэрээ 24:1–12-ыг судлаад, Иосеф, Оливер хоёрыг хүчирхэгжүүлэн урамшуулж эсвэл зааварчилсан хэллэгүүдийг зохих багананд жагсааж бич.

    2. Нэг баганаас таны хувьд утга учиртай нэг хэллэгийг сонго. Их Эзэнээс ирсэн энэхүү тодорхой урамшуулсан эсвэл зааварчилсан хэллэг нь хэрхэн зовлон бэрхшээлтэй тулгарсан хэн нэгэнд тус болох талаар хоёр юм уу гурван өгүүлбэр бич.

Их Эзэний урамшуулан зааварчилсан томоохон мэдэгдлийг Сургаал ба Гэрээ 24:8-аас олж болно. Энэ шүлгэнд заасан зарчмыг өөрийн үгээр бич.

Зовлон зүдгүүр гэдэг нь өвдөлт, уйтгар гуниг, зовлон шаналлын шалтгаан эсвэл нөхцөл байдал юм. “Зовлон зүдгүүрүүдэд тэвчээртэй байгтун” мөн “тэдгээрийг тэсвэрлэ” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Зовлон зүдгүүртээ тэвчээртэй байж, тэсвэрлэх нь хэцүү ч Их Эзэн зовлон зүдгүүрийн үед бидэнтэй хамт байна хэмээн амласан.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Та нар хэзээ хэн нэгнийг зовлонтой үедээ тэвчээртэй байж, итгэлтэй хэвээрээ үлдэж байгааг харсан бэ?

    2. Их Эзэн өөртэй нь байсан талаар тэр хүн танд юу хэлсэн бэ эсвэл хамт байгааг нь та хэрхэн олж харсан бэ?

    3. Их Эзэн хүнд хэцүү үед хамт байна гэдэгт итгэлтэй байх нь хүнд хэцүү зүйлийг хийхэд таныг хэрхэн урамшуулан зоригжуулж байсан бэ?

Сургаал ба Гэрээ 24:13–19-д Их Эзэн бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёрт хэрхэн дуудлагаа хийх мөн тэднийг хүлээн аваагүй, эсэргүүцсэн хүмүүст юу тохиолдох талаар нэмэлт зааварчилгаа өгсөн байна.

Сургаал ба Гэрээ 25

Эмма Смит гэр бүл болон Сүмийн үүрэг хариуцлагынхаа талаар зөвлөгөө хүлээн авав

Өмнө нь дурдаж байсанчлан, Эмма Смит 1830 оны 6-р сард Нью-Йоркийн Колесвиллд бүлэг хүмүүстэй хамт баптисм хүртсэн ч танхай этгээдүүдийн хадлагаас болж 8-р сарын эхэн хүртэл гишүүнээр батлуулж чадаагүй байв (Иосеф Смит, History of the Church, 1:106, 108-ыг үзнэ үү). Эммагийн баптисм болон гишүүний баталгааны хоорондох хугацаанд бошиглогч Иосеф Сургаал ба Гэрээ 25 дахь илчлэлтийг хүлээн авчээ. Энэ илчлэлтээр Их Эзэн амьдралынхаа туршид олон зовлон амсаж, асар их золиослол гаргасан Эммад тайтгарал болон зааварчилгаа өгсөн байна.

Зураг
Эмма Хейл Смит

Сургаал ба Гэрээ 25-ыг унш. Дараа нь түүний амьдралын талаарх дараах мэдээллийг уншиж байхдаа энэ илчлэлтээр Эммад өгсөн тайтгарал болон зааварчилгааг бод.

Эмма Хейл Смит баян чинээлэг гэрт өсч том болсон боловч гэрлэснийхээ дараа ихэнхдээ маш ядуу нөхцөл байдалд амьдарч байсан. Тэр орчуулгын эхэн үед Иосефыг алтан яльсуудыг орчуулж байхад бичээчээр ажиллаж байв. Хэдийгээр Эмма ширээн дээр маалинган даавуугаар хучсан ялтсуудыг харж байсан ч хэзээ ч даавууг нь сөхөн харж байгаагүй байна.

Иосеф, Эмма хоёрын эхний гурван хүүхэд төрснийхөө дараахан нас барсан аж. Амьдралынхаа туршид тэр өөрийн төрүүлсэн тав, өргөмөл нэг хүүхдээ алдсан байна. Түүнээс гадна, тэр нөхөртэйгөө хамт тогтмол мөрдлөг хавчлагад өртдөг байжээ. Гэрлэснийхээ дараа Иосеф, Эмма хоёр танхай этгээдүүдээс болж үргэлж хүчээр гэр орноо орхин явдаг байв. Эммагийн гэрт хүч хэрэглэн орж ирэн, тэр байнга гэрээсээ нүүж бусдын гэрт амьдарч, тэдний сайхан сэтгэлд тулгуурлан түр зуур хоргодох газар олдог байсан ба эцэст нь хайрт Иосефыг нь ч түүнээс салгаж, алсан байлаа.

  1. Их Эзэн Эммад “миний сүмд байх … сүмийн ариун дууллууд[ын] … түүвэр хий” хэмээн хэлсэн (С ба Г 25:11). Сургаал ба Гэрээ 25:12-ыг уншаад, судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. “Зүрх сэтгэлийн дуу” гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ?

    2. Хэрхэн “зөв шударгыг үйлдэгчдийн дуу” нь залбиралтай адилхан байж болох вэ?

    3. Дараах үгсийг унш.

      “Хөгжим та нарын амьдралыг баяжуулдаг. Энэ нь та нарыг Тэнгэрлэг Эцэгтээ ойртоход сайнаар нөлөөлж чаддаг. Хөгжим та нарын оюун санаа, сүнслэг байдал болон зан авирт хүчтэй нөлөө үзүүлдэг.

      Сонсох хөгжмөө болгоомжтой сонго. Хөгжим сонсох үедээ ямар мэдрэмж төрж байгааг анхаар. Зарим дуу хөгжим маш муу зүйлүүдийг илэрхийлсэн байдаг. Ёс суртахуунгүй байдал болон хүчирхийллийг магтсан үгстэй, хүчтэй чанга дуутай хөгжмийг бүү сонс. Бүдүүлэг, доромжилсон үгтэй эсвэл сатаныг сурталчилсан дуу хөгжмийг сонсож болохгүй. Ийм дуу хөгжим таны сүнслэг мэдрэмжийг бууруулдаг.” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], 22).

      Өөрийгөө зохистой дуу хөгжмөөр хүрээлүүлэхийн тулд та юу хийж чадах вэ?

  2. Сургаал ба Гэрээ 25:16-д цэдэглэгдсэнээр, энэ илчлэлтээр Эмма Смитэд өгсөн зөвлөгөө, амлалт нь бидний хүн нэг бүрд мөн адил хамаатай. Судар судлах тэмдэглэлдээ дараах даалгавруудыг хий.

    1. Сургаал ба Гэрээ 25-аас уншсан зүйл дээрээ үндэслэн, Эммад өгсөн зөвлөгөөнөөс хамгийн багадаа дөрвөн зарчмыг бич. (Жишээлбэл, Хэрэв бид зарлигуудыг үргэлж сахих юм бол зөв шударга ёсны титмийг хүлээн авах болно [15-р шүлэг]. Энэ нь Бурханы хаант улсын алдар сууг хүлээн авахын бэлгэ тэмдэг юм.)

    2. Жагсаалтад орсон зарчмуудаас танд хамааралтай гэсэн нэг зарчмыг сонгоод, үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохоо бич.

Их Эзэн Эммаг “сонгогдсон хатагтай” хэмээн хэлсэн (С ба Г 25:3). Бошиглогч Иосеф Смит хожим нь “сонгогдсон гэдэг нь тодорхой ажлыг хийхээр сонгогдсон” гэсэн утгатай хэмээн заасан (History of the Church, 4:552-т). Сургаал ба Гэрээ 25-ыг дахин уншаад, Эмма юу хийхээр сонгогдсон (сонгогдсон, дуудагдсан) мөн юу хийхээр “томилогдсон” (эрх өгөгдсөн) гэдгийг олж мэд (С ба Г 25:7).

Бараг 12 жилийн дараа ерөнхийлөгч Жон Тейлор, бошиглогч Иосеф Смитийн удирдлага доор Эммаг Сүмийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчөөр томилсон юм. Тэр үеийг дурсан санахдаа ерөнхийлөгч Тейлор: “Тэр цуглааны үеэр бошиглогч Эмма Смитийг сонгогдсон хатагтай хэмээн дуудсан. Энэ нь түүнийг тодорхой ажлыг хийлгэхээр дуудсан бөгөөд түүний талаарх илчлэлт [С ба Г 25] ийнхүү биеллээ олсон юм. Түүнийг Халамжийн нийгэмлэгийг удирдуулахаар сонгож, судруудыг ухуулахаар томилсон байлаа. Иосеф ахын хүсэлтээр би түүний томилгоог хийсэн юм. … Эмма эгч судруудыг ухуулахаар мөн Халамжийн нийгэмлэгийг удирдахаар сонгогдсон юм” (Discourse by President John Taylor,” Deseret News, 1881 оны 5-р сарын 9, 83).

Зураг
Люси Мак Смит

Иосеф Смитийн ээж Люси Мак Смит өөрийн бэр Эммагийн талаар ийнхүү хэлжээ. “Хэзээ ч туулж байгаагүй бүхэл төрлийн зовлон зүдгүүр, уй гашууг сараас сард, жилээс жилд гуйвшгүй зориг, хичээл зүтгэл, тэвчээрээр туулсан түүн шиг эмэгтэйг би амьдралдаа хэзээ ч хараагүй. Тэрээр өөр ямар ч эмэгтэй дийлэн гарах тодорхой бус байдлын гүн далайд шидэгдэж, хавчлага дарамтын шуургыг сөрөн зогсож, хүн төрөлхтөн хийгээд чөтгөрийн уур хилэнг давж гарсан юм” (History of Joseph Smith by His Mother, Прэстон Ниблий [1958], 190–191).

  1. Сургаал ба Гэрээ 25 болон Люси Мак Смитийн мэдэгдэлд дурдсан Эмма Смитийн зарим зан чанар байдгийг мэдэх нэг эмэгтэйд хүндэлж, талархаж явдгаа илэрхийлсэн богино зурвас судрын тэмдэглэл дээрээ бич. Зурвасынхаа нэг хувийг уг эмэгтэйд өгөх талаар бодож үз.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—С ба Г 25:13

Сургаал ба Гэрээ 25:13 нь төгс эзэмших судрын хэсэг юм. Та дараа нь үүнийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэж болно. “Гэрээнүүдээ итгэлтэйгээр сахих” гэдэг хэллэг нь Бурхантай хийсэн гэрээгээ биелүүлж, зууран барих гэсэн утгатай. Та энэ тодорхойлолтыг шүлгийн хажууд судрынхаа захад бичиж болно.

  1. Сургаал ба Гэрээ 25:13 нь таны хувьд ямар утга агуулгатай болохыг судрын тэмдэглэл дээрээ бич.

Их Эзэний хийсэн гэрээнүүдээ итгэлтэйгээр сахигтун гэсэн зарлигийг санахын тулд Сургаал ба Гэрээ 25:13–3-т буй үгсийг карт эсвэл цаасан дээр бич. Цаасаа хэдэн өдрийн туршид биедээ авч явж, үгсийн тухай бодож, чээжлэхийг хичээ. Та энэ шүлгийг чээжилснийхээ дараа утгыг нь найздаа эсвэл гэр бүлийн гишүүндээ чээжээр уншиж өгөөд, тайлбарлаж болно.

Сургаал ба Гэрээ 26

Их Эзэн Иосеф Смит, Оливер Каудери, Жон Витмер нарт зааварчилгаа өгөв

Сургаал ба Гэрээ 26:1-д Их Эзэн Иосеф Смит, Оливер Каудери, Жон Витмер нарт тэдний хийх сүнслэг болон бие махбодын хөдөлмөрийн талаар зааварчилгаа өгдөг. Их Эзэн Сүмийн удирдлагын талаар чухал зарчмыг тэдэнд заажээ.

Өөр шашин шүтлэгтэй найз тань Сүмийн олон албанд хүмүүсийг томилж байсан цуглаанд (тойрог, салбар, гадасны чуулган) хамт суусан байна гэж төсөөлөн бод. Сүмийн янз бүрийн албанд дэмжин батлах зан үйлийг та найздаа хэрхэн тайлбарлах вэ?

Сургаал ба Гэрээ 26:2-ыг уншаад, дэмжин батлах зан үйлтэй холбоотой хэллэгийг олж мэд. Та бүх зүйл сүмийн нийтийн дэмжлэгээр хийгдэнэ гэсэн зарчмыг тэмдэглэж болно.

“Нийтийн дэмжлэг” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?

“Нийтийн дэмжлэг” гэдэг нь Сүмийн гишүүдийн үйлчлэхээр дуудагдсан хүмүүсийг мөн гишүүдийн дэмжлэг хэрэгтэй Сүмийн бусад шийдвэрийг дэмжих зан үйлийг хэлж байгаа юм. Үүнийгээ гол төлөв баруун гараа өргөж харуулдаг.

Нийтийн дэмжлэг, саналаар дэмжих хоёр хоорондоо ялгаатай. Их Эзэний хаант улсад Их Эзэн томилсон удирдагчдадаа сүнслэгээр нөлөөлдөг бөгөөд удирдагч хариуд нь Түүний итгэмжлэн хүлээлгэсэн эрх мэдлээр шийдвэр гаргадаг. Дараа нь удирдагчид Их Эзэнээс тусламж эрэлхийлэн шийдвэрийг баталгаажуулдаг. Баруун гараа өргөснөөр гишүүд саналаа өгч байгаа биш, харин тухайн шийдвэртэй санал нэгтэй байгаагаа (санал нийлэхгүй байгаагаа) илэрхийлж байгаа хэрэг.

Зураг
Ариун ёслолын цуглаан дээр дэмжин батлах

Түүнээс гадна, гишүүд баруун гараа өргөн санал нэгтэй байгаагаа илэрхийлснээр холбогдох хүнийг дэмжих хүсэлтэй байгаагаа мөн адил илэрхийлж байгаа хэрэг. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Дэмжих үйл явц нь ёс төдий гараа өргөхөөс хавьгүй чухал юм. Энэ бол сонгогдсон хүмүүсийг урамшуулж, дэмжиж, туслах амлалт юм” гэж заасан (“This Work Is Concerned with People,” Ensign, 1995 оны 5-р сар, 51).

Танай тойрог, салбарт дуудагдаж, танд үйлчлэхээр дэмжин батлагдсан хүнийг дэмжинэ гэсэн үүргээ биелүүлэхийн тулд та юуг илүү сайн хийхээ бодож үз.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 24-26-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: