Семинар
19-р бүлэг: 1 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 88:1–40


19-р бүлэг: 1 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 88:1–40

Оршил

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Сургаал ба Гэрээ 88 бол “Сүмд өгөгдсөн хамгийн чухал илчлэлтүүдийн нэг бөгөөд энэ тухай хэлэлцэхэд хэдэн арван долоо хоног шаардагдана” хэмээн хэлсэн (Church History and Modern Revelation, 2-р боть, [1953 он], 1:366). Энэ бол Сургаал ба Гэрээ 88-ыг судлах гурван хичээлийн эхнийх нь юм. Бошиглогч Иосеф Смит энэхүү илчлэлтийг 3 өдрийн турш буюу 1832 оны 12-р сарын 27–28 мөн 1833 оны 1-р сарын 3-нд хүлээн авчээ. Энэ хичээлээр судлах илчлэлтийн нэг хэсэг нь Христийн гэрлийн тухай Их Эзэний сургаал, Түүний хаант улсууд, тэндхийн оршин суугчдын захирагддаг хуулиудын тайлбар орно.

Сургаал ба Гэрээ 88:1–13

Их Эзэн Өөрийгөө бүх зүйлд байдаг гэрэл хэмээн тунхаглав

Та амьдралдаа хийж байсан сонголтынхоо талаар Их Эзэний хүслийг мэдэхээр залбирч байсан уу? Чуулган дээр байсан дээд пристүүд Их Эзэний тааллыг мэдэхээр тус тусдаа, чанга дуугаар залбирсны дараа бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 88-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авав. Сургаал ба Гэрээ 88:1–2-ыг уншаад, Их Эзэний үйлчлэгчид Түүний тааллыг мэдэхээр эрэлхийлэхэд Түүнд болон тэнгэр элчүүдэд ямар сэтгэгдэл төрдөг талаар Тэрээр юу гэж хэлснийг олж мэд.

Сургаал ба Гэрээ 88:3–5-д эдгээр ахыг Тайтгаруулагч мөн Амлалтын Ариун Сүнс хэмээн нэрлэгддэг Ариун Сүнсээр дамжуулан мөнх амьдралын баталгааг хүлээн авах болно хэмээн Их Эзэн заасан.

Их Эзэн түүнчлэн гэрлийн ач холбогдлын талаар заав. Та хав харанхуйд байж үзсэн үү? Хав харанхуйд байсан тохиолдол тань таныг гэрлээр адислагдсандаа талархахад хэрхэн тусалсан бэ? Есүс Христийн сайн мэдээнд гэрэл юуг төлөөлдөг вэ?

Сургаал ба Гэрээ 88:6–13-ыг уншаад, гэрлийн эх үүсвэрийн талаар Их Эзэний заасан зүйлийг олж мэд.

7-р шүлэгт гарсан үнэн “гэрэлтдэг” гэдгийг дурдахад ямар үг хэллэг ашигласан бэ?

12-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бүх гэрэл хаанаас ирдэг вэ?

Эдгээр шүлэг Христийн гэрлээр дамжуулан Бурхан бүх зүйлд гэрэл болон амьдрал өгдөг гэдгийг заадаг. Та судрынхаа захад энэ тодорхойлолтыг бичиж болно. Христийн гэрэл бол бүх дэлхий оршин суугчдынхаа хамт захирагддаг хууль бөгөөд энэ нь бидний ойлголтыг “амьдруулдаг.”Амьдруулдаг гэдэг нь амь оруулах гэсэн үг юм. Та энэ тодорхойлолтыг судар дээрээ бичиж болно.

“Христийн Гэрэл бол … бүх хүний амьдралд сайнаар нөлөөлдөг нөлөө юм (Иохан 1:9; С ба Г 93:2-ыг үзнэ үү). Сударт Христийн Гэрлийг зарим үед Их Эзэний Сүнс, Бурханы Сүнс, Христийн Сүнс эсвэл Амьдралын Гэрэл хэмээн нэрлэх нь бий.

Христийн гэрлийг Ариун Сүнстэй андуурах ёсгүй. Энэ нь Ариун Сүнстэй адил хүмүүн биет биш юм. Энэ нь хүмүүсийг үнэн сайн мэдээг олж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахад нь чиглүүлдэг нөлөөлөл юм (Иохан 12:46; Алма 26:14–15-ыг үзнэ үү).

Ухамсар бол биднийг сайн мууг ялгах боломжийг олгодог Христийн гэрлийн илрэл. Бошиглогч Мормон: ‘Христийн Сүнс нь хүн бүрд тэрбээр сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд өгөгдсөн байдаг, иймийн тул, би та нарт дүгнэх аргыг үзүүлье; учир нь Христэд итгүүлэхээр ятгахыг, мөн сайныг хийхийг урьдаг юм болгон нь, Христийн хүч болон бэлгээр илгээгдсэн байдаг; иймийн тул та нар энэ нь Бурханаас гэдгийг төгс мэдлэгээр мэдэж болно. … Мөн эдүгээ, ах дүүс минь, түүгээр дүгнэж болох, Христийн гэрэл болох тэрхүү гэрлийг та нар мэдэх учир, буруугаар дүгнэхгүй байхаа мэдэгтүн; учир нь та нар шүүх тэрхүү шүүлтээрээ түүнчлэн шүүгдэх болно’ (Моронай 7:16, 18)” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004 он], 217).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр Христийн гэрэл, Ариун Сүнс хоёрын хоорондын ялгаа, харилцан нөлөөллийн талаар тайлбарласан.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Газар бүрд хүн болгонд Христийн Сүнс байдаг, хэдийгээр Ариун Сүнс хэнд ч очиж болох ч Ариун Сүнсний бэлгийг ‘сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар’ (Итгэлийн тунхаг 1:3), ‘нүглүүдийн ангижралын төлөөх усанд умбуулах баптисм, [мөн] Ариун Сүнсний бэлгийн төлөөх гар тавилтаар’ (Итгэлийн тунхаг 1:4) өгдөг. Үүнийг Христийн Сүнсний адил цаанаас зүгээр өгдөггүй. Энэхүү бэлгийг эрх мэдэл бүхий хүн хүртээх ёстой (Итгэлийн тунхаг 1:5-ыг үзнэ үү).

Бидэнд уулзаж танилцдаг бодгаль бүрийн дотор оршдог Христийн гэрлийг тэтгэн дэмжиж, Ариун Сүнс зочилж болох байдалд бодгалиудыг авчрах үүрэг даалгаврыг хүлээлгэн өгсөн. Тэгвэл цаг хугацаа нь болоход тэд энэ Сүмийн гишүүн бүрд хүртээдэг Ариун Сүнсний бэлгийг ёслолоор дамжуулан хүлээн авч болно.

Хүмүүн Ариун Сүнсний тэрхүү бэлгийг хүлээн авч, тэдэнд аль хэдийн байгаа Христийн гэрэлтэй хамт хөгжүүлэх юм бол сайн мэдээний бүрэн байдал тэдний ойлголтод нээгдэх болно. Тэр ч байтугай Ариун Сүнс Христийн гэрлээр дамжуулан ажилладаг.

Христийн гэрэл бол нарны гэрэл мэт түгээмэл юм. Хүний амьдрал хаана байна тэнд Христийн Сүнс байдаг. Аливаа амьд бодгаль бүр үүнийг эзэмшдэг. Энэ нь сайн гэсэн бүхний ивээн тэтгэгч юм. Мөн энэ нь хүн төрөлхтнийг адисалж, тэдэнд туслах бүхний өдөөгч юм. Энэ нь өөрөө сайн үйлийг тэтгэгч юм” гэж заасан (“The Light of Christ,” Ensign, 2005 оны 4-р сар, 13).

  1. Судрын тэмдэглэл дээрээ, Христийн гэрэл таныг хэрхэн өдөр бүр адисалдаг тухай бодохын тулд дараах асуултуудаас хоёр юм уу түүнээс олонд нь хариулж бич. Тухайлбал:

    1. Бид Сургаал ба Гэрээ 88:7–10-аас нарны гэрэл гэх мэт бүхий л бодит гэрэл бол Христийн гэрлийн хэсэг юм гэдгийг мэдэж авдаг. Бодит гэрэл таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?

    2. Амьдруулдаг эсвэл амьдруулсан гэсэн үгс нь амьдруулах буюу амь оруулах гэсэн утгатай. Бид Сургаал ба Гэрээ 88:11-ээс Христийн гэрэл бол бидний ойлголтыг амьдруулдаг буюу амь оруулдаг арга хэрэгсэл гэдгийг мэдэж авдаг. Та хэзээ таны суралцахуй эсвэл ойлголт амь орж байсныг мэдэрсэн бэ?

    3. Бид Сургаал ба Гэрээ 88:12–13-аас Христийн гэрэл амьтан, ургамал хэмээн бүх зүйлд, тэр ч байтугай бидэнд амьдрал өгдөг гэдгийг мэдэж авдаг. Эргэн тойронд тань байх амьд зүйл таныг хэрхэн адисалж байсан бэ?

    4. Түүнчлэн Сургаал ба Гэрээ 88:13-аас Христийн гэрэл бол бүх зүйл захирагддаг хууль гэдгийг мэдэж авдаг. Энэ хуульд таталцлын хүч зэрэг физикийн хуулиуд мөн сүнслэг хуулиуд болоод тушаалууд ордог. Заримдаа ухамсар гэж нэрлэгддэг Христийн гэрлээр дамжуулан бидний хүн нэг бүр буруу зөвийг ялган таньдаг. Танд физикийн болон сүнслэг хуулиуд хэрхэн өдөр бүр нөлөөлдөг вэ?

  2. Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Бурхан таны амьдралд анзаарагдам болон үл анзаарагдам арга замаар нөлөөлж байсны төлөө таны мэдэж авсан үнэнүүд хэрхэн талархахад тусалж болох вэ? Энэ нь таны өдөр тутмын амьдрал, ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаарх бодол санаагаа бас бич.

Сургаал ба Гэрээ 88:14–40

Их Эзэн алдар суугийн хаант улс болгонд холбогдох хууль байдаг хэмээн тайлбарлав

Таныг бээлий өмсөх үед гар тань бээлийг амилуулдаг буюу амь оруулдаг. Хэрэв та авралын төлөвлөгөөний талаар хэн нэгэнд зааж байхдаа төрөх үедээ авдаг бие махбодио бээлийгээр төлөөлүүлсэн бол гар тань юуг төлөөлж байгаа вэ?

Зураг
бээлий өмссөн гар

Сургаал ба Гэрээ 88:15-ыг уншаад, сүнс болон бие махбод нэгдэхийг Их Эзэн юу гэж нэрлэснийг олж мэд.

Та сүнс хийгээд бие нь хүмүүний бодгаль бөлгөө гэсэн сургаалыг тэмдэглэж болно.

  1. Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Бие махбодод маань нөлөөлдөг зүйлс бидний сүнсэнд хэрхэн нөлөөлөх вэ? Үүний зарим жишээ юу вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах мэдэгдэл бидний бие махбод болон сүнсний хоорондын холбоог тайлбарлахад тусалдаг.

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Биеийн эрүүл мэнд нь сүнсэнд нөлөөлдөг гэдэгт маргах хэрэггүй, эс бөгөөс Их Эзэн Мэргэн ухааны үгийг хэзээ ч илчлэхгүй байсан. Бидний бие махбодод нөлөөлдөг зүйл сүнсэнд нөлөөлөх учир Бурхан түр зуурын тушаал хэзээ ч өгч байгаагүй.

… Нүгэл нь доройтуулдаг. Энэ нь бодгальд төдийгүй бие махбодод мөн адил нөлөөлдөг. Судруудад зөв шударга хүмүүст өгөгддөг бие махбодын хүчний тухай жишээ дүүрэн байдаг. Нөгөө талаар, наманчлаагүй нүгэл эрч хүчийг сарниулж, сэтгэл санаа, бие махбодыг аль алиныг нь өвчлүүлдэг” (“In His Steps,” Ensign, 1988 оны 9-р сар, 5).

Судрын зарим шүлэгт бодгаль гэдэг үгийг бидний сүнсэн биеийг төлөөлүүлэн хэрэглэдэг (жишээг Алма 40:15–23-аас үзнэ үү).

  1. Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Өөрийн бие махбод, сүнс хоёрын хоорондох холбоог ойлгох нь хэрхэн таныг зөв шийдвэр гаргахад туслах вэ?

Зураг
Өрөөсөн бээлий

Гар мөн бээлийгээр үзүүлж болох зарим нэмэлт сургаал болон зарчмуудын тухай бодож үз. Гараа бээлийнээс гаргаж байна гэж төсөөлөн бод. Энэ үйлдэл юуг төлөөлж болох вэ? Үхэхэд бодгальд буюу сүнс болон бие махбодод юу тохиолдож болох вэ?

Бээлийг тайлж, буцааж өмсөх нь юуг төлөөлж болох вэ? Амилалтаар бодгальд юу тохиолддог вэ?

Сургаал ба Гэрээ 88:14, 16–17-г уншаад, Их Эзэн Амилалтыг хэрхэн дүрсэлснийг олж мэд.

Эдгээр шүлгээр заасан дараах сургаалыг гүйцээж бич. Есүс Христ бидний бодгальд боломжийг олгосон.

17-р шүлгээс бид Есүс Христ бидний бодгалийг гэтэлгэсэн гэдгийг уншсаныхаа дараа ядуус хийгээд доройчууд дэлхийг өвлөх болно гэдгийг мэдэж авдаг. Сургаал ба Гэрээ 88:18–20-ийг уншаад, селестиел хаант улс болж, гэтэлгэгдсэн бодгалиуд түүнийг өвлөхөөс өмнө үүнд юу тохиолдохыг олж мэд.

19-р шүлэгт цэдэглэгдсэнээр, ариусгагдсан дэлхий дээр хэн орших вэ? Дараах асуултыг асуусан хүнд та юу гэж хариулах байснаа тунгаан бод. Би селестиел хаант улсад амьдарч, Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд очих шаардлагыг хангахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Дэлхий ариусгагдсаныхаа дараа алдар сууг хүлээн авахтай яг адилаар бидний бие махбод өөрчлөгдөн, амилалтаар алдар сууг хүлээн авах болно. Гэхдээ бүх хүн алдар суугийн ижил зэргийг хүлээн авахгүй.

Сургаал ба Гэрээ 88:21–24-ийг уншаад, амилалтаар хүлээн авах алдар суугийн зэргийг юу тодорхойлдгийг олж тогтоо.

Сургаал ба Гэрээ 88:25–33-ыг судалж байхдаа, 21–24-р шүлэгт амилалтаар бид сахидаг хуулийнхаа дагуу алдар сууг хүлээн авах болно хэмээн заасан сургаалыг батлах үг, хэллэгүүдийг олж мэд.

28-р шүлэгт “селестиел сүнснийх” болох хүмүүсийг хэлсэн. Тэдгээр нь селестиел хаант улсын хуулийн дагуу амьдардаг хүмүүс юм. Бид Сургаал ба Гэрээ 76-аас селестиел хаант улсын хуульд сайн мэдээний гэрээнүүдийг хийх болон сахих ордог гэдгийг мэддэг (С ба Г 76:50–53, 69–70-ыг үзнэ үү). Энэ дэлхий дээр селестиел хуулиар амьдарч байсан хүмүүс амилалтаар селестиел биеийг хүлээн авна. Энэ дэлхий дээр террестиел эсвэл телестиел хуулийг сахидаг хүн сахисан хуулийнхаа дагуу доод алдар суугийн биеийг хүлээн авах болно.

Яагаад Бурханы хуулиуд биднийг адисалдаг шалтгааныг ойлгохын тулд замын хөдөлгөөний дүрмийг сахиснаар ирэх ашиг тусын талаар бод. Нөгөө талаар, замын хөдөлгөөний дүрмийг дагахгүй байх нь ямар үр дагавартай вэ?

Сургаал ба Гэрээ 88:34–35-ыг уншаад, Бурханы хуулиудын дагуу амьдрахаас татгалзахын үр дагавар юу байж болохыг олж мэд.

  1. Сургаал ба Гэрээ 88:40-ийг уншаад, селестиел хаант улсад орох хүмүүст байх шинж чанаруудыг олж тогтоо. Тэгээд дараах асуултад хариулаад, судрын тэмдэглэл дээрээ дараах даалгаврыг гүйцээж хий. Тухайлбал:

    1. Та эдгээр шинж чанарыг хөгжүүлэх буюу хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болох вэ?

    2. Тодорхойлсон шинж чанаруудаасаа нэгийг сонгоод, үүнийгээ амьдрал дээр хөгжүүлэх буюу хүчирхэгжүүлэх хувийн зорилгоо бич.

Таныг уг зорилгодоо хүрч, Есүс Христийн хуулиудын дагуу амьдрах үед Түүний гэрэл амьдралыг тань дүүргэх болно.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 88:1–40-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: