Семинар
4-р бүлэг: 3 дахь өдөр, Иосеф Смит—Түүх 1:68–75; Сургаал ба Гэрээ 13


4-р бүлэг: 3 дахь өдөр

Иосеф Смит—Түүх 1:68–75; Сургаал ба Гэрээ 13

Оршил

Мормоны Номын ялтсуудаас амилсан Есүс Христ нифайчуудын дунд тохинуулсан талаарх хэсгийг орчуулах явцад (3 Нифай 11–28), бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёрт баптисмын тухай асуулт гарч ирсэн аж. Тэд Их Эзэнээс энэхүү чухал асуудлын талаар асууж лавлахаар Пеннсильванийн Хармони дахь Иосефын фермийн дэргэдэх ойд очжээ. Тэднийг залбирч байх үед тэнгэр элч тэдэнд үзэгдсэн байна. Тэрээр тэдэнд Аароны санваар хүртээсэн бөгөөд хажууд байх Сасквиеханна голд бие биедээ баптисм хүртээх заавар өгчээ. Иосеф, Оливер хоёрын баптисмын дараа тэнгэр элч тэднийг бие биедээ Аароны санваар хүртээхийг зааварласан байна. Иосеф эхлээд гараа Оливерын толгой дээр тавьж, түүнийг Аароны санваарт томилов. Дараа нь Оливер Иосефыг мөн адил томилсон аж.

Иосеф Смит—Түүх 1:68–72; Сургаал ба Гэрээ 13

Иохан Баптист Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Аароны санваар хүртээв

  1. Дараах асуултуудад судруудыг харалгүйгээр сайн бодож, судрын тэмдэглэл дээрээ хариулж бич.

    1. Аароны санваарыг хэдэн оны хэдэн сарын хэдэнд сэргээсэн бэ?

    2. Аароны санваарыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт сэргээсэн тэнгэр элчийн нэр хэн бэ?

    3. Иосеф, Оливер хоёрт Аароны санваарыг олгохын тулд уг тэнгэр элч юу хийсэн бэ?

    4. Иосеф Смит, Оливер Каудери хоёрыг Аароны санваар хүлээн авсны дараа тэнгэр элч тэдэнд юу гэж хэлсэн бэ?

Иосеф Смит—Түүх 1:68–72-ыг уншаад, хариултаа шалга. Та “Санваарыг гар тавилтаар олгодог” гэсэн сургаалыг Иосеф Смит—Түүх 1:68-ын хажууд бичиж болно. Үүнд цэдэглэгдсэнээр, амилсан Иохан Баптист өөрийн биеэр Аароны санваарыг Иосеф Смит ба Оливер Каудери хоёрт өгсөн байна.

Иосеф Смит—Түүх 1:68-ыг эргэн хараад, Иосеф Оливер хоёрыг ямар зүйл баптисм хүртэж, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авах талаар Их Эзэнээс асуухад хүргэснийг олж мэд. Иосеф Смит—Түүх 1:69-д Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Иохан Баптистын хэлсэн үг байдаг.

Аароны санваарын сэргээлт маш чухал тул эдгээр үгийг төгс эзэмших судар болох Сургаал ба Гэрээний 13-р хэсэгт оруулсан байна. Дараа нь олоход хялбар болгох үүднээс бусдаас өөрөөр тэмдэглэж болно.

Зураг
Хаалга ба түлхүүрүүд

Хаалганы үүрэг, зорилго юу вэ?

Түлхүүр нь хаалганы гүйцэтгэдэг үүрэгтэй ямар холбоотой вэ?

Их Эзэн түлхүүрийг мөнхийн боломж, адислалуудыг нээж өгдөг санваарын эрх мэдлийг төлөөлдөг бэлгэ тэмдэг болгон хэрэглэдэг. Сургаал ба Гэрээ 13-ыг уншаад, Аароны санваартай холбоотой түлхүүрүүдийг олж мэд. Олсныхоо дараа түлхүүрүүдийг судар дээрээ тэмдэглэж ав.

  1. Дараах жагсаалтыг судрын тэмдэглэл дээрээ Сургаал ба Гэрээ 13-т дурдсан гурван түлхүүрээр нөхөж бич. Тухайлбал:

    Аароны санваарын атгадаг түлхүүрүүд:

    1)

    2)

    3)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс Аароны санваарын түлхүүрүүд болон уг түлхүүрүүдээс Сүмийн гишүүдэд ирэх боломжтой адислалуудыг тайлбарласан. Тэрээр:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Аароны санваар нь ‘тэнгэр элчүүдийн тохинууллын’ болон ‘наманчлалын сайн мэдээний мөн нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын’ түлхүүрүүдийг атгадаг гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Үүний утга учрыг баптисмын ёслол ба ариун ёслолоос мэдэж болно. Баптисм нь нүглүүдийн ангижралын тулд, харин ариун ёслол нь баптисмын гэрээнүүд болон адислалуудыг шинэчлэхийн тул хийгддэг. Аль алиных нь өмнө наманчлал хийгдсэн байх ёстой. …

Баптисм хүртсэний дараа [бидний] хэн ч огт нүгэл үйлдэлгүйгээр амьдрахгүй. Бид баптисм хүртсэнийхээ дараа ч гэсэн цэвэрших үйл явцыг үргэлжлүүлэхгүй бол бүгд сүнслэг зүйлсээс холдох юм. …

Бидэнд гэм нүглүүдээ наманчилж мөн харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр Их Эзэнд ирж, ариун ёслолоос хүртэхийг зарлигладаг. Бид энэ арга замаар баптисмын гэрээгээ шинэчилбэл Их Эзэн бидний баптисмын ариусгагч нөлөөг шинэчилдэг. …

Бид үүнд Аароны санваар ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг үнэлэхийн аргагүй. Нүглүүдийн ангижралтай холбоотой энэ бүх амин чухал алхмуудыг баптисмын аврах ёслол болон ариун ёслолын шинэчлэгч ёслолоор дамжуулан хийж гүйцэтгэдэг. Энэ хоёр ёслолыг хоёуланг нь наманчлалын сайн мэдээний мөн нүглүүдийн ангижралын болон усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг атгадаг бишопын зөвлөлийн удирдлага доор Аароны санваартнууд хийж гүйцэтгэдэг” (“The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, 1998 оны 11-р сар, 37–38).

Аароны санваарын түлхүүрүүд нь хэрхэн Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад бидэнд тусалдаг талаар бодож үз. Ахлагч Өүксийн хэлснээр, тойрог бүрд сайн мэдээний наманчлалын болон баптисмын түлхүүрүүдийг хэн удирддаг вэ?

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли бидэнд тохинуулагч тэнгэр элчүүдийн түлхүүрийг дараах маягаар тайлбарласан.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Урт удаан насалж, олон жилийн арвин их туршлагатай Сүмийн ерөнхийлөгч, Вилфорд Вүдрафф Аароны санваартан хөвгүүдэд хандан: ‘Хэрэв хүн дуудлагаа эрхэмлэн биелүүлдэг л бол прист эсвэл төлөөлөгч аль нь ч байх нь хамаагүй гэдгийг би та нарыг мэдээсэй хэмээн хүсэж байна. Прист нь тэнгэр элчүүдийн тохинууллын түлхүүрүүдийг атгадаг’ хэмээн хэлсэн. ‘Би амьдралдаа төлөөлөгч, дал эсвэл ахлагч байсан ч Их Эзэний хамгаалалтыг Пристийн албанд байхдаа хамгийн ихээр авч байсан.’ (Millennial Star, 53:629.)

Үүнийг бодоод үз, хүндэт ах нар аа. Та нарын атгадаг санваар тэнгэр элчүүдийн тохинууллын түлхүүрүүдийг атгадаг. Миний ойлголтоор, хэрэв та нар зохистой амьдарвал өөрсдийг тань удирдаж, хамгаалж мөн адислах тэнгэрлэг биесийн хүчийг хүлээн авах мөн эдлэх эрх та нарт байгаа. Энэ гайхамшигт адислалыг хүлээн авахыг хүсэхгүй хөвгүүн байна гэж үү?” (“The Priesthood of Aaron,” Ensign, 1982 оны 11-р сар, 45).

Ахлагч Өүкс тэнгэр элчүүдийн тохинууллын түлхүүрийн талаар нэмж ийнхүү дүрсэлжээ.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Залуу Аароны санваартан байхдаа би өөрийгөө тэнгэр элч харна гэж боддоггүй байсан ба ийм үзэгдэл үзэх нь Аароны санваартай ямар холбоотой болох талаар гайхдаг байсан.

Гэхдээ тэнгэр элчүүдийн тохинуулал нь үл харагдах байдлаар ирж болно. Тэнгэр элчүүдийн захиас дуу хоолойгоор, эсвэл оюун санаанд ирэх бодол эсвэл мэдрэмжээр ч ирж болно. …

Ерөнхийдөө, сүнслэг нөхөрлөлийн болон харилцааны адислалуудыг цэвэр ариун хүмүүс л хүртэх боломжтой. … Иймээс, Аароны санваарыг атгагчид нь ариун ёслолыг зохистойгоор хүртдэг Сүмийн бүх гишүүнд Сүнсний нөхөрлөл болон тэнгэр элчүүдийн тохинууллыг хүлээн авах үүд хаалгыг нээж өгдөг” (“The Aaronic Priesthood and the Sacrament,” 39).

Зураг
ариун ёслолыг бэлтгэн, адисалж, түгээх нь
  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Аароны санваарын хүчийн талаарх ойлголт нь энэ ням гаргийн ариун ёслолыг бэлтгэн, адисалж, түгээх эсвэл хүртэж байхад төрөх бодол, хийх үйлдэлд тань хэрхэн нөлөөлж болох вэ?

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 13:1

  1. Сургаал ба Гэрээ 13:1-ийг судрын тэмдэглэл дээрээ бич. Энэ шүлгийг чээжээр хэл. Дараа нь шүлгийн зарим хэсгийг хааж байгаад дахин чээжээр хэл. Шүлгийн хэсгүүдийг ахиулан хааж, бүрэн чээжилтлээ чангаар давтан хэл.

Иосеф Смит—Түүх 1:73–75

Иосеф Смит, Оливер Каудери хоёр баптисм хүртсэнийхээ дараа агуу адислалуудыг авав

Иосеф Смит, Оливер Каудери хоёрыг баптисм хүртсэний дараа Их Эзэн тэр хоёрын дээр агуу адислалуудыг юүлсэн юм. Иoсеф Смит—Түүх 1:73–74-ийг унш. Та Иосеф, Оливер хоёрт тохиолдсон явдлыг дүрсэлсэн үг, хэллэгүүдийг тэмдэглэж болно.

Ариун Сүнсний бэлгийг олгодог Мелкизедек санваарын хүч Иосеф, Оливер хоёрт хараахан өгөгдөөгүй байсан ч тэд Ариун Сүнсний хүчийг мэдэрч, таньсан (Иосеф Смит—Түүх 1:70; мөн Bible Dictionary эсвэл Судруудын удирдамж, “Ариун Сүнс”-ийг үзнэ үү).

Иосеф Смит—Түүх 1:74-т дүрсэлсэн Иосеф, Оливер хоёрт тохиолдсон үйл явдал дээр үндэслэн дараах зарчмыг гүйцээн бич. Ариун Сүнс бидэнд болон судруудыг ойлгоход тусалдаг.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудын талаар бодлоо бич. Тухайлбал:

    1. Судруудыг ойлгохын тулд бидэнд яагаад Ариун Сүнс хэрэгтэй гэж та нар бодож байна вэ?

    2. Судруудын “жинхэнэ утга хийгээд зорилго”-ыг ойлгоход Ариун Сүнс тусалж байна гэдгийг та хэзээ мэдэрч байсан бэ?

    3. Судруудыг судлахдаа Ариун Сүнсний тусламжийг урихын тулд та юу хийж болох вэ?

    4. Ариун ёслолоос хүртэн баптисмын гэрээнүүдээ шинэчлэх нь судруудыг ойлгох чадварт тань хэрхэн нөлөөлдөг вэ?

Энэ хичээлийг дуусгахдаа Иосеф Смит—Түүхийн төгсгөлд байдаг Аароны санваарын сэргээлтийг тойрсон үйл явдлуудын талаарх Оливер Каудерийн тайлбарыг унш. Та уншиж байхдаа нүдэнд тань туссан үг хэллэгүүдийг тэмдэглэж болно. Та Оливерын тайлбараас юу мэдэж сурч болох вэ?

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Иосеф Смит—Түүх 1:68–75 болон Сургаал ба Гэрээ 13-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: