Семинар
Үндсэн сургаалууд


Үндсэн сургаалууд

Үндсэн сургаалуудыг институт, семинарын аль алинд заах ёстой. Багш нар суралцагчдадаа сайн мэдээний эдгээр үндсэн сургаалыг таньж мэдэн, ойлгож, итгэж мөн тайлбарлаж, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах ёстой. Үүнийг хийх нь суралцагчдад гэрчлэлээ хүчирхэгжүүлж, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаарх үнэлэмжээ өсгөхөд тусалж чадна. Эдгээр сургаалаас суралцах нь суралцагчдыг эдгээр чухал үнэнийг бусдад заахад илүү сайн бэлтгэгдсэн байхад тусалдаг.

Шашны институт, семинар нь төгс эзэмших 100 судрын хэсгийн ихэнхийг суралцагчдын үндсэн сургаалын ойлголтыг дэмжихийн тулд сонгосон. Энэ хэсэгт жагсаасан ихэнх тайлбар нь төгс эзэмших судрын хэсгүүдтэй хамааралтай. Эдгээрийг үндсэн сургаалуудтай хэрхэн холбогддогийг харуулахын тулд оруулсан болно.

1. Бурхан Тэргүүтэн

Бурхан Тэргүүтэн бол тусдаа гурван бие. Энэ бол Бурхан Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христ, Ариун Сүнс гурав юм (Иосеф Смит—Түүх 1:15–20-ийг үзнэ үү). Эцэг, Хүү хоёр мэдрэгдэх яс, махан биетэй бол Ариун Сүнс нь сүнсэн хүн (С ба Г 130:22–23-ыг үзнэ үү). Тэд зорилго, сургаалын хувьд нэг билээ. Тэд Тэнгэрлэг Эцэгийн бурханлаг авралын төлөвлөгөөг тохиолгон авчрахад төгс эв нэгдэлтэй байдаг.

Бурхан Эцэг

Бурхан Эцэг бол ертөнцийн Дээд Захирагч мөн. Тэр бол сүнснүүдийн маань Эцэг (Еврей 12:9-ийг үзнэ үү). Тэрбээр төгс бөгөөд бүхнийг чаддаг, бүхнийг мэддэг. Тэрээр түүнчлэн төгс нигүүлсэл, нинжин сэтгэл хийгээд энэрлийн Бурхан юм.

Есүс Христ

Есүс Христ бол сүнсээр төрсөн Эцэгийн Ууган Хүү, махан биеэр төрсөн Эцэгийн Төрсөн Ганц билээ. Тэр бол Хуучин Гэрээний Иехова, Шинэ Гэрээний Мессиа мөн.

Есүс Христ нүгэлгүй амьдралаар амьдарсан бөгөөд бүх хүн төрөлхтний нүглийг цагаатгахын төлөө төгс Цагаатгал хийсэн (Aлмa 7:11–13-ыг үзнэ үү). Түүний амьдрал бол бүх хүн төрөлхтөн хэрхэн амьдрахын төгс үлгэр жишээ мөн (Иохан 14:6; 3 Нифай 12:48-ыг үзнэ үү). Тэрээр дэлхий дээр амилсан анхны хүн билээ (1 Коринт 15:20–22-ыг үзнэ үү). Есүс Христ хүч, алдар суундаа дахин ирж, мянган жилийн турш дэлхий дээр хаанчлах болно.

Бүх залбирал, адислал, санваарын ёслол Есүс Христийн нэрээр хийгдэх ёстой (3 Нифай 18:15, 20–21-ийг үзнэ үү).

Холбогдох эшлэлүүд: Хиламан 5:12; C ба Г 19:23; C ба Г 76:22–24

Ариун Сүнс

Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн. Тэр бол мах хийгээд ясан биегүй сүнсэн хүн юм. Түүнийг ихэвчлэн Сүнс, Ариун Сүнс, Бурханы Сүнс, Их Эзэний Сүнс, Тайтгаруулагч хэмээн нэрлэдэг.

Ариун Сүнс Эцэг, Хүү хоёрын тухай гэрчилж, бүх зүйлийн үнэнийг илчлэн мөн наманчилж, баптисм хүртсэн хүмүүсийг ариусгадаг (Moронай 10:4–5-ыг үзнэ үү).

Холбогдох эшлэлүүд: Галат 5:22–23; C ба Г 8:2–3

2. Авралын төлөвлөгөө

Мөнх бус оршихуйн өмнөх амьдралд Тэнгэрлэг Эцэг бидэнд Өөртэй нь адилхан болж, үхэшгүй байдал, мөнх амьдрал олж авах боломжийг олгосон төлөвлөгөөг танилцуулсан юм (Moсe 1:39-ийг үзнэ үү). Судрууд энэ төлөвлөгөөг авралын төлөвлөгөө, аз жаргалын агуу төлөвлөгөө, гэтэлгэлийн төлөвлөгөө, нигүүлслийн төлөвлөгөө хэмээн нэрлэдэг.

Авралын төлөвлөгөөнд Бүтээлт, Уналт, Есүс Христийн Цагаатгал, түүнчлэн сайн мэдээний бүх хууль, ёслол, сургаал багтдаг. Ёс суртахууны сонгох эрх буюу өөрсдийнхөө төлөө сонгож, үйлдэх чадвар нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд нэн чухал (2 Нифай 2:27-г үзнэ үү). Бид энэ төлөвлөгөөний ачаар Цагаатгалаар дамжуулан төгс болж, бүрэн дүүрэн баяр баяслыг хүлээн авч, Бурханы оршихуйд үүрд мөнх амьдарч чадна (3 Нифай 12:48-ыг үзнэ үү). Гэр бүлийн харилцаа мөнхөд үргэлжилж чадна.

Холбогдох эшлэлүүд: Иохан 17:3; C ба Г 58:27

Мөнх бус байдлын өмнөх амьдрал

Бид дэлхий дээр төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгийнхээ дэргэд Түүний сүнсэн хүүхдүүдийн хувиар амьдарч байсан билээ (Aбрахам 3:22–23-ыг үзнэ үү). Бид энэхүү мөнх бус байдлын өмнөх оршихуйд Тэнгэрлэг Эцэгийн бусад хүүхэдтэй хамт тэнгэрт болсон зөвлөгөөнд оролцсон. Уг зөвлөгөөн дээр Тэнгэрлэг Эцэг Өөрийн төлөвлөгөөг танилцуулж, мөнх бус байдлын өмнөх амьдралд байсан Есүс Христ Аврагч болохоор гэрээ хийсэн билээ.

Бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагахаар сонгох эрхээ ашигласан. Бид дэлхийд ирэхээр бэлтгэгдсэн бөгөөд энд өсөж хөгжих ёстой байлаа.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагасан хүмүүст дэлхий дээр ирж, мөнх бус амьдралдаа туршлага хуримтлуулан, өсөж хөгжих, улмаар мөнх амьдралд хүрэх боломжийг олгосон юм. Бурханы өөр нэгэн сүнсэн хүү Люсифер авралын төлөвлөгөөг эсэргүүцэн бослого гаргасан. Тэрээр Сатан болж, дагалдагчдынхаа хамт тэнгэрээс хөөгдсөнөөр бие махбодтой болох, мөнх бус амьдралын туршлага олж авах боломжгүй болсон.

Холбогдох эшлэл: Иеремиа 1:4–5

Бүтээлт

Есүс Христ Эцэгийн удирдлагаар тэнгэр, газрыг бүтээсэн. Дэлхий оргүй хоосноос бүтээгдээгүй. Үүнийг оршин байсан материас зохион байгуулжээ. Есүс Христ тоо томшгүй олон дэлхийг бүтээсэн (C ба Г 76:22–24-ийг үзнэ үү).

Дэлхийг бүтээх нь Бурханы төлөвлөгөөнд зайлшгүй чухал байв. Дэлхий бол бие махбодтой болж, соригдон, бурханлаг зан төлөвийг хөгжүүлэх газар юм.

Бид дэлхийн нөөц баялгуудыг зөв эргэцүүлж, талархаж, ухаалгаар ашиглах ёстой (C ба Г 78:19-ийг үзнэ үү).

Адам бол дэлхий дээр бүтээгдсэн анхны хүн. Бурхан Адам, Ева хоёрыг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Бүх хүн төрөлхтөн—эрэгтэй мөн эмэгтэй—бүгд Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн (Эхлэл 1:26–27-г үзнэ үү).

Уналт

Едений цэцэрлэгт сайн, мууг ялган таних мэдлэгийн модны жимснээс идэхгүй байхыг Бурхан Адам, Ева хоёрт зарлиг болгожээ. Энэ модны жимснээс идвэл сүнсний болон биеийн үхэл ирэх ёстой байв. Сүнсний үхэл нь Бурханаас тусгаарлагдах явдал юм. Биеийн үхэл нь мөнх бус биеэс сүнс салах үйл явц мөн. Адам, Ева хоёр Бурханы зарлигийг зөрчсөн учраас Түүний оршихуйгаас хөөгдөж, мөнх бус болсон. Адам, Ева хоёрын зөрчил болон үүнээс үүдэлтэй өөрчлөлтүүд, түүний дотор сүнсний болон биеийн үхлийг Уналт гэж нэрлэдэг.

Уналтын үр дүнд Адам, Ева хоёр болон тэдний үр удам баяр баясгалан, уй гашууг биеэрээ туулж, сайн, мууг ялган таньдаг болж, үр хүүхдүүдтэй болсон (2 Нифай 2:25-ыг үзнэ үү). Бид Адам, Ева хоёрын үр удам болохын хувьд мөнх бус амьдралд унах нөхцөл байдлыг өвлөн авсан. Бид Их Эзэний оршихуйгаас тусгаарлагдаж, бие махбодын үхлийг даван туулах хэрэгтэй болсон. Бид мөн амьдралын зовлон бэрхшээлтэй тулгарч, дайсанд уруу татагдан соригддог. (Мозая 3:19-ийг үзнэ үү.)

Уналт бол Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний салшгүй хэсэг мөн. Уналт нь урагш ахисан, доош унасан хоёр талтай. Уналт бие махбодын болон сүнсний үхлийг бий болгосноос гадна дэлхий дээр төрж, сурч, өсөж хөгжих боломжийг бидэнд олгосон билээ.

Мөнх бус амьдрал

Мөнх бус амьдрал нь мөнх амьдралд бэлтгэж, Их Эзэний бидэнд зарлигласан бүх зүйлийг хийхийн тулд сонгох эрхээ ашиглана гэдгээ батлахад суралцах цаг хугацаа болдог. Бид энэхүү мөнх бус амьдралынхаа турш бусдыг хайрлаж, тэдэнд үйлчлэх хэрэгтэй (Moзая 2:17; Moронай 7:45, 47–48-ыг үзнэ үү).

Мөнх бус байдалд бидний сүнс бие махбодтой нэгдэн нийлж, бидэнд өмнөх дэлхийн амьдралд боломжгүй байсан арга замаар өсөж хөгжих боломжуудыг олгодог. Бидний бие махбод авралын төлөвлөгөөний чухал хэсэг бөгөөд бид Тэнгэрлэг Эцэгийнхээ өгсөн энэ бэлэгт хүндэтгэлтэй хандах ёстой (1 Коринт 6:19–20-ийг үзнэ үү).

Холбогдох эшлэлүүд: Иошуа 24:15; Maтай 22:36–39; 2 Нифай 28:7–9; Aлмa 41:10; C ба Г 58:27

Үхлийн дараах амьдрал

Нас барсны дараа бидний сүнс сүнсний дэлхийд очиж, амилагдахыг хүлээнэ. Зөв шударга хүмүүсийн сүнс диваажин хэмээн нэрлэгддэг аз жаргалын байдалд хүлээн авагдах болно. Итгэлтэй хүмүүсээс олон нь сүнсний шоронд байгаа тэдгээрт номлох болно.

Сүнсний шорон бол үнэнийг мэдэлгүй нас барсан мөн мөнх бус амьдралдаа дуулгаваргүй байсан хүмүүст зориулсан мөнх бус амьдралын дараах түр орших газар юм. Тэнд сүнснүүдэд сайн мэдээг заадаг ба тэд наманчилж, ариун сүмүүдэд өөрсдийнх нь төлөө гүйцэтгэсэн авралын ёслолуудыг хүлээн зөвшөөрөх боломжтой байдаг (1 Петр 4:6-г үзнэ үү). Сайн мэдээг хүлээн авсан хүмүүс амилалт хүртэл диваажинд амьдрах болно.

Амилалт бол бидний сүнс төгс төгөлдөр мах, ясан биетэйгээ дахин нэгдэх үйл явц мөн (Лук 24:36–39-ийг үзнэ үү). Амилалтын дараа сүнс, бие хоёр хэзээ ч дахин салахгүй бөгөөд үхэшгүй болно. Есүс Христ үхлийг ялсан учраас дэлхий дээр төрсөн хүн бүр амилуулагдана (1 Коринт 15:20–22-ыг үзнэ үү). Зөв шударга хүмүүс ёс бусчуудаас өмнө амилуулагдаж, анхны амилалтаар босож ирнэ.

Амилалтын дараа Шүүлт болох болно. Есүс Христ хүн бүрийн хүлээн авах мөнхийн алдар сууг тодорхойлохын тулд тэднийг шүүнэ. Энэхүү шүүлт нь Бурханы зарлигуудад дуулгавартай байсан эсэхэд үндэслэгдэх юм (Илчлэлт 20:12–13; Moзая 4:30-ийг үзнэ үү).

Алдар суугийн гурван хаант улс бий (1 Коринт 15:40–42-ыг үзнэ үү). Эдгээрийн хамгийн дээдэх нь селестиел хаант улс. Есүсийг гэрчлэхдээ зоригтой, сайн мэдээний зарчмуудад дуулгавартай байсан хүмүүс селестиел хаант улсад Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христийн оршихуйд амьдрах болно (С ба Г 131:1–4-ийг үзнэ үү).

Алдар суугийн гурван хаант улсын хоёр дахь нь террестриел хаант улс юм. Есүсийг гэрчлэхдээ зоригтой биш байсан дэлхийн шударга эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэ хаант улсад очих болно.

Телестиел хаант улс бол алдар суугийн гурван хаант улсын хамгийн доодох нь юм. Энэ хаант улсыг өвлөн авсан хүмүүс өөрсдийн мөнх бус амьдралын турш зөв шударгаас илүүтэй, ёсон бусыг сонгогчид байх болно. Энэ хүмүүс сүнсний шоронгоос гэтэлгэгдсэний дараа өөрсдийн алдар сууг хүлээн авна.

Холбогдох эшлэл: Иохан 17:3

3. Есүс Христийн Цагаатгал

Цагаатгах гэдэг нь нүглийн шийтгэлийг өөр дээрээ авснаар наманчлагч нүгэлтнээс нүглийн үр дагаврыг шилжүүлэн авч, Бурхантай дахин эвлэрэх боломжийг түүнд олгох явдал мөн. Есүс Христ бол бүх хүн төрөлхтний төлөө төгс Цагаатгал хийж чадах цорын ганц хүн байв. Түүний Цагаатгалд хүн төрөлхтний нүглийн улмаас Гетсеманийн цэцэрлэгт зовсон зовлон шаналал, урсгасан цус, загалмай дээрх тарчлал, үхэл, булшнаасаа амилсан зэрэг нь багтдаг (Лук 24:36–39; C ба Г 19:16–19-ийг үзнэ үү). Аврагч Өөрийгөө нүглээс ангид байлгаж, үхлийг ялах хүчтэй байсан учраас Цагаатгалыг гүйцэлдүүлэх боломжтой байсан юм. Тэрээр үхэх биеийг мөнх бус эхээсээ өвлөн авсан бол амиа эргүүлэн олж авах чадварыг үхэшгүй Эцэгээсээ өвлөн авчээ.

Аврагчийн цагаатгагч золиослолоор боломжтой болсон ач ивээлээр бүх хүн амилуулагдаж, мөнх байдлыг хүлээн авах болно. Есүс Христийн Цагаатгал нь түүнчлэн бидэнд мөнх амьдралыг хүлээн авах боломж олгодог (Moронай 7:41-ийг үзнэ үү). Бид энэ бэлгийг хүлээн авахын тулд Есүс Христэд итгэлтэй байж, нүглээ наманчлан, баптисм хүртэх мөн Ариун Сүнсний бэлэг хүлээн авч, итгэлтэйгээр эцсээ хүртэл тэвчих зэргийг багтаадаг Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах хэрэгтэй (Иохан 3:5-ыг үзнэ үү).

Есүс Христ зөвхөн бидний гэм нүглээс болж зовж шаналсан бус, харин Цагаатгалын нэг хэсэг болгон өвдөлт, өвчин эмгэг, бүх хүний сул дорой байдлыг Өөр дээрээ авсан (Aлмa 7:11–13-ыг үзнэ үү). Тэрээр Өөрөө зовлон амссан учраас бидний зовлонг ойлгодог. Түүний ач ивээл буюу боломж олгогч хүч нь бидэнд өөрсдийн ачааг үүрч, дангаараа хийж чадахгүй зүйлсийг гүйцэлдүүлэх хүчийг өгдөг (Maтай 11:28–30; Филиппой 4:13; Ифер 12:27-г үзнэ үү).

Холбогдох эшлэлүүд: Иохан 3:5; Үйлс 3:19–21

Есүс Христэд итгэх итгэл

Итгэл бол “үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах” явдал билээ (Aлмa 32:21; мөн Ифер 12:6-г үзнэ үү). Энэ нь Бурханы бэлэг юм.

Итгэл нь хүнийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Христэд төвлөрөх ёстой. Есүс Христэд итгэлтэй байна гэдэг нь Түүнд болон Түүний хязгааргүй Цагаатгал, хүч, хайранд бүрэн итгэж, найдах ёстой гэсэн үг юм. Энэ нь Түүний сургаалд итгэж, бүгдийг ойлгохгүй байсан ч Тэр мэднэ гэдэгт итгэхийг хэлнэ (Сургаалт үгс 3:5–6; C ба Г 6:36-г үзнэ үү).

Итгэл нь идэвхгүй сүсэг бишрэлээр биш, харин бидний амьдралын хэв маягаар илэрдэг (Иаков 2:17–18-ыг үзнэ үү). Бид залбирч, судруудаас судлан, Бурханы зарлигуудад дуулгавартай байснаар итгэлээ хөгжүүлж чадна.

Хожмын үеийн гэгээнтнүүд бас Бурхан Эцэг, Ариун Сүнс, санваарын хүч болон сэргээгдсэн сайн мэдээний бусад чухал хэсэгт итгэдэг. Итгэл нь сүнс болон бие махбодыг эдгээж, үргэлж урагш хөтөлж, тулгарсан бэрхшээл, уруу таталтыг даван туулах хүч чадалтай байхад бидэнд тусалдаг (2 Нифай 31:19–20-ийг үзнэ үү). Их Эзэн бидний итгэлийн дагуу амьдралд маань хүчирхэг гайхамшгуудыг үйлдэх болно.

Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан хувь хүн үйлдсэн нүглээсээ ангижирч, эцэстээ Бурханы оршихуйд амьдрах боломжтой болно.

Холбогдох эшлэлүүд: Maтай 11:28–30

Наманчлал

Наманчлал бол Бурханыг болон өөрсдийгөө бас дэлхийг шинээр харах боломжийг бидэнд олгодог оюун санаа, зүрх сэтгэлийн өөрчлөлт юм. Энэ нь нүглээ орхиж, өршөөл хүсэн Бурханд хандахыг хэлнэ. Наманчлал нь Бурханыг хайрлах хайр, Түүний зарлигуудыг дуулгавартай дагах чин сэтгэлийн хүслээр өдөөгддөг.

Нүгэл биднийг бузарлаж, Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд эргэж очин, дэргэд нь амьдрахад зохисгүй болгодог. Тэнгэр дэх Эцэг маань Есүс Христийн Цагаатгалаар нүглээсээ өршөөгдөж болох цорын ганц арга замаар хангадаг билээ (Исаиа 1:18-ыг үзнэ үү).

Нүгэл үйлдсэнийхээ төлөө харамсах, Тэнгэрлэг Эцэгтээ мөн шаардлагатай бол бусад хүнд нүглээ гэмшин хүлээх, нүглээ орхих, үйлдсэн нүглийнхээ улмаас бусдад учруулсан хохирлыг аль болох бүрэн нөхөн төлөхийг хичээх, Бурханы зарлигуудад дуулгавартай амьдрах зэрэг нь наманчлалд багтана (С ба Г 58:42–43-ыг үзнэ үү).

Холбогдох эшлэлүүд: Исаиа 53:3–5; Иохан 14:6; 2 Нифай 25:23, 26; C ба Г 18:10–11; C ба Г 19:23; C ба Г 76:40–41

4. Эрин үе, Урвалт ба Сэргээлт

Эрин үе

Эрин үе бол Их Эзэн Өөрийн сайн мэдээний сургаал, ёслолууд болон санваарыг илчилдэг цаг үе юм. Энэ бол Их Эзэнд дэлхий дээр ариун санваартай, сайн мэдээг түгээх бурханлаг итгэмжлэл хүлээсэн, ёслолуудыг гүйцэтгэх доод тал нь нэг үйлчлэгч газар дэлхий дээр байгаа цаг үе юм. Өнөө үед бид хамгийн сүүлийн эрин үе—Иосеф Смитийн сайн мэдээний илчлэлтээр эхэлсэн цаг хугацааны бүрэн байдлын эрин үед амьдарч байна.

Өмнөх эрин үеүд нь Адам, Енох, Ноа, Абрахам, Мосе түүнчлэн Есүс Христийн эрин үе байлаа. Түүнээс гадна нифайчууд, жаредчуудын эрин үе болох бусад эрин үе бас байсан. Авралын төлөвлөгөө болон Есүс Христийн сайн мэдээг эрин үе болгонд илчилж, заасаар иржээ.

Урвалт

Хүмүүс сайн мэдээний зарчмуудаас нүүр буруулж, санваарын түлхүүргүй болох үедээ урвалтын байдалд ордог.

Ерөнхий урвалтын үеүд дэлхийн түүхийн туршид тохиосоор ирсэн билээ. Нэг жишээ нь Аврагч Өөрийнхөө Сүмийг зохион байгуулсны дараа тохиосон Их урвалт юм. (2 Tесалоник 2:1–3). Аврагчийн төлөөлөгчдийг нас барсны дараа сайн мэдээний зарчмуудыг гуйвуулан, Сүмийн зохион байгуулалт болон санваарын ёслолуудад эрх мэдэлгүй өөрчлөлтүүд хийгдсэн. Энэхүү өргөн цар хүрээтэй ёс бус зүйлүүдийн улмаас Их Эзэн санваарын эрх мэдэл, түлхүүрүүдийг дэлхийгээс татан авсан юм.

Их урвалтын үед хүмүүст амьд бошиглогчдоос ирсэн бурханлаг удирдамж байсангүй. Олон сүм байгуулагдсан боловч Ариун Сүнсний бэлэг өгөх, санваарын бусад ёслолыг гүйцэтгэх эрх мэдэл тэдэнд байгаагүй. Ариун судруудын зарим хэсгийг мушгин гуйвуулан, алга болж, Бурханы тухай үнэн мэдлэг хүмүүст байхгүй болсон байлаа.

Тэнгэрлэг Эцэг Хайрт Хүүтэйгээ Иосеф Смит дээр хүрч ирэн, сайн мэдээний бүрэн байдлыг сэргээхээр эхлүүлэх хүртэл энэ урвалт үргэлжилсэн юм.

Сэргээлт

Сэргээлтээр Бурхан дэлхий дээрх хүүхдүүдийнхээ дунд Өөрийн сайн мэдээний үнэн ба ёслолуудыг сэргээсэн (Үйлс 3:19–21-ийг үзнэ үү).

Их Эзэн Сэргээлтэд бэлтгэхийн тулд Дахин сэргэлт хэмээн түүхэнд нэрлэгдсэн цаг үед хүнлэг шударга хүмүүсийг өсгөн бэлдсэн юм. Тэд шашны сургаал, зан үйл, зохион байгуулалтыг Аврагчийн үндэслэн байгуулсан арга хэлбэрт буцааж оруулахыг оролдож байлаа. Гэвч тэдэнд санваар, сайн мэдээний бүрэн байдлын аль нь ч байсангүй.

1820 онд Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр залбирлынх нь хариуд Иосеф Смит дээр хүрч ирснээр Сэргээлт эхэлсэн юм (Иосеф Смит—Түүх 1:15–20-ийг үзнэ үү). Сэргээлтийн зарим гол үйл явдалд Мормоны Номыг орчуулж, Аароны болон Мелкизедек санваарыг сэргээн, 1830 оны 4-р сарын 6-нд Сүмийг зохион байгуулсан явдал орно.

1829 оны 5-р сарын 15-нд Иохан Баптист Аароны санваарыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт сэргээв. 1829 онд төлөөлөгч Петр, Иаков, Иохан гурав Мелкизедек санваар болон хаант улсын түлхүүрүүдийг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт өгч сэргээжээ.

Сайн мэдээний бүрэн байдал сэргээгдэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм “бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” (С ба Г 1:30) болов. Сүм яваандаа бүх дэлхийг дүүргэх бөгөөд мөнхөд байх болно.

Холбогдох эшлэлүүд: Исаиа 29:13–14; Eзекиел 37:15–17; Ефес 4:11–14; Иаков 1:5–6

5. Бошиглогчид ба илчлэлт

Бошиглогч бол Түүнийг төлөөлөн ярихын тулд Бурханаар дуудагдсан хүн юм (Aмос 3:7-г үзнэ үү). Бошиглогчид Есүс Христийн тухай гэрчилж, Түүний сайн мэдээг заадаг. Тэд Бурханы хүсэл, үнэн мөн чанарыг тодорхой болгодог. Тэд нүглийг буруушаан, үр дагавруудаас сэрэмжлүүлдэг. Тэд цагаас цагт ирээдүйн үйл явдлуудыг бошиглодог (C ба Г 1:37–38-ыг үзнэ үү). Бошиглогчдын олон сургаал судруудад бий. Бид бошиглогчдын үгсийг судалснаар үнэнд суралцаж, удирдамж хүлээн авдаг (2 Нифай 32:3-ыг үзнэ үү).

Бид Сүмийн ерөнхийлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгч мөн Сүмийг бүхэлд нь удирдах илчлэлт хүлээн авдаг дэлхий дээрх цорын ганц хүн хэмээн дэмжин баталдаг. Бид бас Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүдийг болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжин баталдаг билээ.

Илчлэлт нь Бурханы хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа юм. Их Эзэн Сүмд Өөрийн тааллыг илчлэхдээ бошиглогчоороо дамжуулан ярьдаг. Ариун Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд хэмээх судрууд нь эртний болон хожмын үеийн бошиглогчдоор дамжуулан өгсөн илчлэлтүүдийг багтаадаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч нь өнөөдөр дэлхий дээр байгаа Бурханы бошиглогч мөн.

Хувь хүмүүс онцгой хэрэгцээ, үүрэг хариуцлага, асуултууддаа болон гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд туслах илчлэлтийг хүлээн авч чадна. Сүмийн удирдагч, гишүүдэд ирдэг ихэнх илчлэлт Ариун Сүнсний өдөөлт ба бодол санаагаар дамжин ирдэг. Ариун Сүнс бидний оюун санаа, зүрх сэтгэлд намуун, зөөлөн дуу хоолойгоор ярьдаг (C ба Г 8:2–3-ыг үзнэ үү). Илчлэлт нь мөн үзэгдэл, зүүд, тэнгэр элчийн айлчлалаар ирдэг.

Холбогдох эшлэлүүд: Дуулал 119:105; Ефес 4:11–14; 2 Tимот 3:15–17; Иаков 1:5–6; Moронай 10:4–5

6. Санваар ба санваарын түлхүүрүүд

Санваар нь Бурханы мөнхийн эрх мэдэл, хүч юм. Бурхан санваараар дамжуулан тэнгэр, газрыг бүтээсэн бөгөөд тэдгээрийг удирддаг. Тэрбээр энэ хүчээр дамжуулан Өөрийн хүүхдүүдийг гэтэлгэн, өргөмжилж, “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчирдаг” (Moсe 1:39).

Бурхан Сүмийн зохистой эрэгтэй гишүүдэд санваарын эрх мэдлийг өгдөг ба тэгснээр тэд Түүний хүүхдүүдийн авралын төлөө Түүний нэрээр үйлдэж чаддаг. Санваарын түлхүүрүүд нь ерөнхийлөгчийн зөвлөлийн эрхүүд эсвэл дэлхий дээр Бурханы хаант улсыг удирдан, чиглүүлэхийн тулд Бурханы хүмүүнд өгсөн хүч юм (Maтай 16:15–19-ийг үзнэ үү). Эдгээр түлхүүрээр дамжуулан санваартнууд сайн мэдээг номлож, авралын ёслолуудыг удирдах эрхтэй байдаг. Сүмд үйлчилдэг бүх хүн санваарын түлхүүрүүдийг атгасан нэгний удирдамжаар дуудагддаг. Ингэснээр тэд үйлчлэхэд шаардлагатай хүчийг хүлээн авч, дуудлагуудынхаа үүрэг хариуцлагыг биелүүлэх эрхтэй болно гэсэн үг юм.

Холбогдох эшлэлүүд: C ба Г 121:36, 41–42

Аароны санваар

Аароны санваарыг бэлтгэл санваар хэмээн нэрлэх нь олонтоо. Аароны санваарын албан тушаалууд нь дикон, багш, прист болон бишоп юм. Өнөө үед Сүмийн зохистой эрэгтэй гишүүд 12 наснаасаа эхлэн Аароны санваар хүлээн авч болно.

Аароны санваар нь “тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд наманчлалын сайн мэдээний мөн … баптисмын түлхүүрүүдийг атгадаг” (С ба Г 13:1).

Мелкизедек санваар

Мелкизедек санваар нь илүү дээд буюу агуу санваар бөгөөд сүнслэг зүйлүүдэд үйлчилдэг (C ба Г 107:8-ыг үзнэ үү). Энэхүү дээд санваарыг Адамд өгсөн бөгөөд Их Эзэн Өөрийн сайн мэдээг илчлэх бүрд дэлхий дээр байсаар байгаа билээ.

Мелкизедек санваарыг анх “Бурханы Хүүгийн жаягийн нэрээр Ариун санваар” (С ба Г 107:3) хэмээн нэрлэдэг байжээ. Хожим нь үүнийг бошиглогч Абрахамын үед амьдарч байсан агуу дээд санваартны нэрээр Мелкизедек санваар хэмээн нэрлэх болсон байна.

Мелкизедек санваарын албад нь ахлагч, дээд прист, патриарх, Дал, төлөөлөгч юм. Мелкизедек санваартнуудын ерөнхийлөгч нь Сүмийн ерөнхийлөгч байдаг.

Холбогдох эшлэл: Eфес 4:11–14

7. Ёслолууд ба гэрээнүүд

Ёслолууд

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх аливаа ёслол нь ариун нандин, сүнслэг утга учрыг агуулсан албан ёсны үйлдэл юм. Бурхан сүнсний үнэнүүдийг заахын тулд ёслол бүрийг бий болгожээ. Авралын ёслолуудыг санваарын эрх мэдэл, түлхүүрүүдийг атгадаг хүмүүсийн удирдлагаар гүйцэтгэдэг. Зарим ёслол өргөмжлөлд зайлшгүй чухал бөгөөд авралын ёслолууд хэмээн нэрлэгддэг.

Сайн мэдээний хамгийн анхны авралын ёслол нь эрх мэдэлтэй нэгнээр усанд умбуулан хүртэх баптисм юм. Баптисм нь хувь хүний хувьд Сүмийн гишүүн болж, селестиел хаант улсад ороход зайлшгүй чухал зүйл мөн (Иохан 3:5-ыг үзнэ үү).

Баптисм гэдэг үг нь грек үгнээс гаралтай бөгөөд шумбах, умбах гэсэн утгатай. Усанд умбуулах нь тухайн хүний нүгэлт амьдралын төгсгөл түүнчлэн Бурханд болон Түүний хүүхдүүдэд бие сэтгэл бүхнээ зориулан үйлчлэх сүнслэг амьдралд дахин төрж буйн бэлгэдэл юм. Энэ нь бас үхэл, амилалтын бэлгэдэл мөн.

Хэн нэгэн хүнийг баптисм хүртсэний дараа нэг эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан толгой дээр нь гараа тавьж, Сүмийн гишүүнээр баталдаг. Гишүүний баталгаа гэж нэрлэдэг энэхүү ёслолын нэг хэсэг нь Ариун Сүнсний бэлэг хүртээх ёслол юм.

Ариун Сүнсний бэлэг нь Ариун Сүнсний нөлөөнөөс ялгаатай. Хүн баптисм хүртэхээсээ өмнө Ариун Сүнсний нөлөөг үе үе мэдэрч чадах бөгөөд энэхүү нөлөөгөөр дамжуулан үнэний тухай гэрчлэлтэй болж болно (Moронай 10:4–5-ыг үзнэ үү). Хүн Ариун Сүнсний бэлэг хүлээн авсныхаа дараа зарлигуудыг дагавал Ариун Сүнсийг байнгын хамтрагчаа болгох эрхтэй болдог.

Бусад авралын ёслолд Мелкизедек санваарын томилгоо (эрэгтэйчүүдийн хувьд), ариун сүмийн хишиг, гэрлэлтийн лацдан холболт багтдаг (C ба Г 131:1–4-ийг үзнэ үү). Санваарын бүх авралын ёслолыг гэрээнүүд дагалддаг. Ариун сүмд эдгээр авралын ёслолыг нас барагсдын төлөө бас төлөөлөн гүйцэтгэж болно. Төлөөлөн хийх ёслолууд нь зөвхөн нас барсан хүн сүнсний дэлхийд тэдгээрийг хүлээн авч, холбогдох гэрээнүүдийг сахиснаар хүчин төгөлдөр болдог.

Өвчтөнийг адислах, хүүхдийг нэрлэж, адислах зэрэг бусад ёслол нь бидний сүнслэг өсөлт хөгжилд чухал ач холбогдолтой.

Холбогдох эшлэл: Үйлс 2:36–38

Гэрээнүүд

Гэрээ бол Бурхан, хүн хоёрын хоорондох ариун нандин тохиролцоо юм. Бурхан гэрээний нөхцөлүүдийг өгдөг. Харин бид Бурханы биднээс хийхийг хүсдэг зүйлсийг хийхээр зөвшөөрдөг. Бидний дуулгавартай байдлын хариуд Бурхан тодорхой адислал амладаг билээ (C ба Г 82:10-ыг үзнэ үү).

Санваарын бүх авралын ёслолыг гэрээнүүд дагалддаг. Бид баптисм хүртсэнээр Их Эзэнтэй гэрээ хийдэг бөгөөд ариун ёслолоос хүртсэнээр эдгээр гэрээгээ шинэчилдэг. Мелкизедек санваар хүлээн авсан ах нар санваарын тангараг ба гэрээнд ордог. Бид илүү олон гэрээг ариун сүмд хийдэг.

Холбогдох эшлэлүүд: Eгипетээс гарсан нь 19:5–6; Дуулал 24:3–4; 2 Нифай 31:19–20; C ба Г 25:13

8. Гэрлэлт ба гэр бүл

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлтийг Бурхан заяасан бөгөөд гэр бүл нь Түүний аврал, аз жаргалын төлөвлөгөөний төв мөн. Их Эзэн Есүс Христийн сургаалд үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно.

Түүнчлэн үр удмаа үлдээх энэхүү ариун нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэж, эхнэр, нөхөр болсон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой. Эцэг эхчүүдийн үүрэг бол өсөж үржин, дэлхийг дүүргэх, хүүхдүүдээ хайр ба зөв шударга байдалд өсгөн хүмүүжүүлэх мөн хүүхдүүдийнхээ биеийн болон сүнслэг хэрэгцээг хангах явдал юм.

Эхнэр, нөхөр хоёр бие биеэ хайрлан халамжлах албан ёсны үүрэг хариуцлага хүлээнэ. Эцэг нь өрх гэрээ энэрэл хайр, зөв шударгаар тэргүүлэн, ахуй амьдралын хэрэгцээт зүйлсээр хангаж, гэр бүлээ хамгаалах үүрэгтэй. Эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм. Эцэг эхчүүд энэхүү нандин үүргээ биелүүлэхдээ харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой.

Аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу гэр бүлийн харилцаа холбоогоо насан эцэслэснийхээ дараа ч гэсэн үргэлжлүүлэх боломжтой. Гэр бүлүүд үүсэж, лацдан холбуулж, үүрд мөнхөд өргөмжлүүлэхийн тулд дэлхий бүтээгдэж, сайн мэдээ илчлэгдсэн юм. (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign, 2010 оны 11-р сар, 129-өөс авав; мөн LDS.org/topics/family-proclamation-ийг үзнэ үү.)

Холбогдох эшлэлүүд: Эхлэл 2:24; Дуулал 127:3; Maлахи 4:5–6; C ба Г 131:1–4

9. Зарлигууд

Бурханаас хүн төрөлхтөнд өгсөн хууль, шаардлагуудыг зарлигууд гэдэг. Бид зарлигуудыг нь дагаснаараа Бурханыг хайрладгаа харуулдаг (Иохан 14:15-ыг үзнэ үү). Зарлигуудыг дагаснаар Их Эзэнээс адислал хүртдэг (C ба Г 82:10–21-ийг үзнэ үү).

Хамгийн чухал хоёр зарлиг бол “бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Удаах нь хөршөө өөрийн адил хайрла” юм (Матай 22:36–39).

Арван зарлиг бол сайн мэдээний чухал хэсэг бөгөөд бидний өргөмжлөлд шаардлагатай мөнхийн зарчмууд болно (Египетээс гарсан нь 20:3–17-г үзнэ үү). Их Эзэн эрт дээр үед эдгээр зарлигийг Мосед илчилсэн бөгөөд хожмын үеийн илчлэлтүүдэд дахин давтсан байдаг.

Бусад зарлигт өдөр бүр залбирах (2 Нифай 32:8–9-ийг үзнэ үү), бусдад сайн мэдээг заах (Maтай 28:19–20-ийг үзнэ үү), ариун явдлын хуулийг дагах (C ба Г 46:33-ыг үзнэ үү), аравны нэгээ төлөх (Maлахи 3:8–10-ыг үзнэ үү), мацаг барих (Исаиа 58:6–7-г үзнэ үү), бусдыг уучлах (C ба Г 64:9–11-ийг үзнэ үү), талархлын сүнстэй байх (C ба Г 78:19-ийг үзнэ үү), мэргэн ухааны үгийг дагах (C ба Г 89:18–21-ийг үзнэ үү) зэрэг нь багтдаг.

Холбогдох эшлэлүүд: Эхлэл 39:9; Исаиа 58:13–14; 1 Нифай 3:7; Moзая 4:30; Aлмa 37:35; Aлмa 39:9; C ба Г 18:15–16; C ба Г 88:124

Энэ сэдвээр илүү их мэдээллийг lds.org руу орж, Gospel Library, Gospel Topics; эсвэл Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт товхимлоос үзнэ үү (2004).

Зураг
Судар уншиж буй хөвгүүн