Семинар
22-р бүлэг: Хоёр дахь өдөр, Сургаал ба Гэрээ 103


22-р бүлэг: Хоёр дахь өдөр

Сургаал ба Гэрээ 103

Оршил

1834 оны 2-р сарын 24-нд болсон Көртландын дээд зөвлөлийн цуглаан дээр Парлей П.Пратт, Лайман Вайт хоёр Миссури дэх гэгээнтнүүд хэрхэн Жаксон гүнлэг дэх эдлэн газрынхаа эзэмшлийг сэргээж мөн материаллаг тусламж авч болох талаар зөвлөлөөс удирдамж авахыг хүсжээ. Тэр өдөр бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 103-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан ба Их Эзэн үүнд Сионы нутаг гэтэлгэгдэх болно хэмээн амласан юм. Их Эзэн, Сүмийн гишүүдийг нөөц баялаг болон Миссури дэх гэгээнтнүүдэд туслах хүмүүсийг цуглуулахыг зааварлав. Энэ бүлэг нь Сионы хуаран нэрээр олонд танил болсон билээ.

Зураг
Сионы хуаран

Сионы Хуаран Миссурид ирэв

Сургаал ба Гэрээ 103:1–21

Сион гэтэлгэгдэх болно хэмээн Их Эзэн амлав

Өнөөдөр зөв шударга хүмүүст ямар дайснууд байдаг вэ?

Их Эзэний дайснууд хэрхэн таны сүнслэг өсөлтөд болон Сүмийн хөгжилд саад учруулахыг эрэлхийлж байгааг бод. Та Сургаал ба Гэрээ 103-аас суралцахдаа, тийм дайснуудыг ялан дийлэхэд тань туслах сургаал болон зарчмуудыг хайж ол.

Энэ хичээлийн оршилд тайлбарласнаар, Их Эзэн Миссури дэх гэгээнтнүүдэд хэрхэн туслах талаарх асуултын хариу болгож бошиглогч Иосеф Смитэд нэгэн илчлэлтийг өгчээ. Уг илчлэлтийн эхэнд, Их Эзэн яагаад Миссури дэх гэгээнтнүүдийг мөрдөн хавчихыг дайснууддаа зөвшөөрснийг тайлбарласан юм. Сургаал ба Гэрээ 103:1–4-ийг уншин, яагаад Их Эзэн Өөрийн хүмүүст тийм аймшигт зүйлс тохиолдохыг зөвшөөрсөн шалтгааныг хайж ол.

Гэгээнтнүүдийг мөрдөн хавчиж байгаа хүмүүсийг Өөрийн дайснууд хэмээн Их Эзэн нэрлэсэн нь яагаад чухал болохыг тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 103:5–7-г уншаад, дараах асуултын хариултыг хай. Хэрвээ гэгээнтнүүд “яг энэ цагаас эхлэн” Их Эзэний зөвлөгөөг дагаж эхлэх юм бол, ямар адислалуудыг хүлээж авах вэ? (Та хариултыг олохдоо тэмдэглэж болно. Дийлэх гэдэг нь өрсөлдөгчөөсөө хүчтэй эсвэл ялах гэсэн утгатай болохыг анхаар.)

Эдгээр шүлэг нь дэлхийнхний нөлөөг ялан дийлэхээр хичээх үедээ хэрэгжүүлж болох дараах зарчмыг заадаг. Бид Их Эзэний зөвлөгөөг дагаж эхлэх үед дэлхийнхнийг дийлэх хүч чадлыг хүлээн авч эхэлдэг.

Сургаал ба Гэрээ 103:8–10-ыг уншаад, хэрвээ гэгээнтнүүд Түүний үгийг дагахгүй бол юу тохиох болно хэмээн Их Эзэн сэрэмжлүүлснийг олж мэд.

Эдгээр шүлэгт, хэрвээ бид Түүний зарлигуудыг дагахгүй бол юу болох талаар Их Эзэн ямар зарчмыг заасан бэ? Дараах “хэрвээ–тэгвэл” нөхцөлт өгүүлбэрийг гүйцээ. Хэрвээ бид Их Эзэний зарлигуудыг зөрчвөл .

Сургаал ба Гэрээ 103:9-ийг дахин унш. Та хэрхэн “дэлхийн гэрэл” байж чадах вэ? Та хэрхэн “аврагч” байж чадах вэ?

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Бидний энэ үед Их Эзэний дайснууд Сүмийн гишүүдийг ялан дийлэхийг эрэлхийлдэг ямар жишээнүүд байдаг вэ?

    2. Их Эзэнд дуулгаваргүй эсвэл хагас дутуу дуулгавартай байдаг хүн Их Эзэний дайснуудыг ялж дийлэхгүй байж болох ямар шалтгаан байна гэж та бодож байна вэ?

    3. Их Эзэний үгсийг дуулгавартай дагахыг хичээснээр Их Эзэний дайсныг ялж байсан хүнийг та харж байсан уу? (Жишээлбэл, донтолтоосоо салсан эсвэл дэлхийнхний маягаар амьдарч байгаад одоо сайн мэдээний дагуу амьдардаг болсон хүн байж болох юм.)

  2. Та Их Эзэний зөвлөгөөг илүү анхааралтай сонсохын тулд “яг энэ цагаас эхлэн” (С ба Г 103:5) хийж эхлэх боломжтой нэг зүйлээ судрын тэмдэглэл дээрээ бич. Та үүнийг хэрхэн хийх төлөвлөгөөгөө бич.

Хэдийгээр бид Их Эзэний үгсийг бүгдийг нь төгс дуулгавартай дагаж чадахгүй байж болох ч хэрвээ та Түүнийг дуулгавартай дагахыг хичээх юм бол мөн дагаж чадаагүй үедээ чин сэтгэлээсээ наманчилж, Түүний Цагаатгалаар дамжуулан өршөөл эрэлхийлэх юм бол Тэрээр Өөрийн дайснуудыг ялан дийлэхэд тань туслах болно гэдгийг сана.

Сургаал ба Гэрээ 103:11–21-ээс гэгээнтнүүдийн зовлон бэрхшээлийн дараа Сион Түүний хүчээр гэтэлгэгдэх болно гэсэн Их Эзэний амлалтыг бид уншдаг. Гэхдээ гэгээнтнүүд өөрсдийн өвийг бохирлох аваас тэдгээр нь тэднээс авагдах болно хэмээн Их Эзэн сэрэмжлүүлэв. Тэрээр бошиглогч Иосеф Смитийг Мосегийн адил хүмүүсээ удирдах хүн хэмээн хэлжээ (C ба Г 103:16, 21; мөн C ба Г 28:2-ыг үзнэ үү). Энэ харьцуулалт нь Сүмийн ерөнхийлөгч бүрийн хувьд үнэн юм (C ба Г 107:91-ийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 103:22–40

Сионы нутаг хэрхэн гэтэлгэгдэхийг Их Эзэн илчлэв

Сургаал ба Гэрээ 103:22–23-ыг унш. Эдгээр шүлэг нь 1834 оны үеийн Сүмийн удирдагчдад зориулсан Их Эзэний заавруудыг агуулдаг. Тэрээр тэдэнд Миссури дэх Сионы нутаг руу явах мөн тэндхийн гэгээнтнүүдэд туслах нэгэн бүлгийг байгуулахыг зарлигласан. Сүмийн удирдагчдын хамтад нь цуглуулсан, бошиглогч Иосеф Смитийн удирдах тэрхүү бүлэг хүнийг Сионы Хуаран гэж нэрлэх болжээ (хуаран гэдэг нь их цэргийг нэрлэх өөр нэг үг юм). Сионы Хуарангийн гишүүд хоёр үндсэн зорилготой байв. Нэгдүгээрт, тэд Миссури дэх гэгээнтнүүдэд мөнгө аваачиж өгөх ёстой байв. Эдгээр мөнгөөр тэд гэгээнтнүүдэд тусламж үзүүлэн, гэр орноо буцааж авах боломжийг олгох байсан юм. Тэд бас эдгээр мөнгийг нэмэлт газар худалдаж авахад ашиглах байв. Хоёрдугаарт, Миссуригийн захирагч Даниел Данклиний зөвшөөрснөөр, Миссури мужийн цэргүүд хамгаалалтан доор гэгээнтнүүдийг Жаксон гүнлэгт буцааж авчирсны дараа, тэнд Сионы Хуаран дэг журам болон энх амгаланг хадгалахад туслахаар үлдэх ёстой байв.

Хибэр С.Кимбалл Сионы Хуаранд нэгдэх дуудлагыг итгэлтэйгээр хүлээн авсан ах нарын нэг байсан. Хожим нь тэр Тэргүүн Зөвлөлийн гишүүнээр үйлчилсэн билээ. Тэрээр Сионы Хуарантай хамт явсан сэтгэгдлийнхээ талаар иинхүү бичжээ. “Бид 5-р сарын 5-нд гарсан бөгөөд миний хувьд үнэхээр хэцүү өглөө байлаа. Намайг болон бусад ах нарыг устгаж, уг нутгаас зайлуулахыг хүссэн дайснууд Миссурид бас уг нутагт биднийг сүрдүүлж байсан болохоор би эхнэр, хүүхдүүд болон найзуудаа дахин харна гэсэн бодолгүйгээр тэдэнтэй салах ёс гүйцэтгэв” ( “Extract from the Journal of Heber C. Kimball,” Times and Seasons, 1845 оны 1-р сарын 15, 771; мөн Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл, [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2003], 143).

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Хэрэв тэр үед амьдарч байсан бол та гэгээнтнүүдэд туслахаар Жаксон гүнлэг рүү явахад бэлэн байх байсан гэж бодож байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?

    2. Сионы Хуаранд нэгдсэнээр тэд гэр бүлээ мөн үүрэг хариуцлагаа ардаа орхин, хатуу ширүүн нөхцөлд 900 миль (1450 км) орчим газар алхан, аюул ослоор дүүрэн нөхцөл байдлын дунд орох байв. Сургаал ба Гэрээ 103:20-ийг унш. Энэ шүлэг дэх амлалт сайн дураараа нэгдэх шийдвэрт тань хэрхэн нөлөөлж болох вэ?

Сургаал ба Гэрээ 103:27–28-ыг уншаад, Сионы Хуаранд элсэх хүмүүст Их Эзэн юу гэж хэлснийг олж мэд. Та дараах үнэнийг заасан үгсийг тэмдэглэж болно. Есүс Христийн шавь нар Түүний төлөө өөрсдийн амийг өгөхөд бэлэн байдаг.

Сионы Хуарангийн гэгээнтнүүдийн хувьд амь насаа алдах магадлал өндөр байв. Үүний адил аюул танд тохиолдохгүй байж болох ч энэ үнэн нь танд ч бас хамаатай.

Зураг
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст, Их Эзэний төлөө өөрсдийн амьдралыг өгөх талаар өөр нэгэн ойлголтыг бидэнд өгсөн. Тэрээр: “Бидний ихэнхийн хувьд, … Сүмийн төлөө үхэх шаардлага гарахгүй ч үүний төлөө амьдрах нь шаардагддаг юм. Олон хүний хувьд Христэд итгэгчийн амьдралаар өдөр бүр амьдрах нь амь насаа алдахаас ч хэцүү байж болох юм” гэжээ (“Discipleship,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 22).

  1. Дараах үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэ. Тухайлбал:

    1. Ерөнхийлөгч Фаустын хэлсэн үгсийг гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа хуваалцаж, дараах асуултыг тавь. Их Эзэний төлөө амьдрах нь Түүний төлөө үхэхээс яагаад илүү хэцүү байж болно гэж та бодож байна вэ?

    2. Судрын тэмдэглэл дээрээ хэнээс энэ асуултыг асууснаа болон түүний хариултыг бич. Ерөнхийлөгч Фаустын хэлсэн үг болон асуултын талаарх өөрийн бодол сэтгэгдлийг нэмж бич.

Сургаал ба Гэрээ 103:30–34-ийг уншаад, Их Эзэн Сионы Хуаранд хэдэн хүнийг сайн дураараа элсэхийг хүссэнийг олж мэд.

Их Эзэн хэдэн сайн дураараа элсэгчийг хүссэн бэ?

Их Эзэний шаардсан тооны доод хязгаар хэд байсан бэ?

Зураг
Сионы Хуаран

Сионы Хуаран

Сүмийн удирдагчид Миссури дэх гэгээнтнүүдийн нөхцөл байдлыг ярилцсан дээд зөвлөлийн цуглааны төгсгөлд бошиглогч Иосеф Смит өөрөө Сионыг гэтэлгэхээр явна гэдгээ зарлажээ. Тэнд байсан хүмүүсээс ойролцоогоор 30, 40 нь сайн дураараа нэгдсэн байна. Дараа нь Их Эзэн 8 хүнийг Сүмийн цуглаануудаар явж, Сионы Хуаранд элсэх сайн дурынхныг олон, Миссури дэх гэгээнтнүүдэд зориулж мөнгө, хоол хүнсний зүйлс цуглуулахаар явахад томилов (С ба Г 103:37–40-ийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 103:35–36-г уншаад, Сионыг гэтэлгэх үйлсэд амжилттай байхын тулд гэгээнтнүүд юу хийх хэрэгтэй байсныг олж тогтоо. Их Эзэний ажлыг хийж гүйцэтгэхдээ бид хэрхэн амжилттай байж болох талаар Түүний 36-р шүлэгт заасан үнэнийг тэмдэглэж болно.

Чөтгөр таны сүнслэг хөгжил дэвшилд хэрхэн саад болохыг эрэлхийлдэг талаар эргэцүүлэн бод. Их Эзэнийг дагах хичээл зүтгэлийг тань эсэргүүцэж үйлчилж буй ямар нэгэн нүгэл, уруу таталт эсвэл саад байна уу? Судрын тэмдэглэл дээрээсээ 2-р үйл ажиллагаан дахь хариултаа эргэн хар. Хариулт тань хичээнгүй, итгэлтэй байж мөн итгэлээр залбирахтай хэрхэн холбогдож байна вэ? Иосеф Смитийн үеийн гэгээнтнүүдийн адил танд ч бас Их Эзэний дайснуудыг ялахын тулд итгэлээр залбирснаар мөн Түүний үгсийг итгэлтэйгээр, хичээнгүйлэн дагаснаар Их Эзэний зорилгыг биелүүлэх чадвар байгаа гэдгийг санаарай.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 103-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: